Categories
мэдээ цаг-үе

“Сникерс”-ийн шинжилгээ муу гарч байсан тохиолдол байхгүй гэлээ

Сүүлийн жилүүдэд олон улсын хэвлэлээр чихэр, шoколад, ундаа зэрэг амттанууд ихэвчлэн генийн өөрчлөлттэй байдаг гэх мэдээлэл гарах болсон. Саяхан мөн л “Сникерс”, “Киндерт” брэндийн шоколадууд генийн өөрчлөлттэй болох нь тогтоогдсон гэх эрдэмтдийн судалгааны мэдээлэл гадны зарим хэвлэлээр мэдээлэгджээ. Дээрх амттанууд манай улсад худалдаалагддаг хамгийн их борлуулалттай шоколадны тоонд ордог байна. Тиймээс уг бүтээгдэхүүнүүдийг манайхан ямар хяналт шалгалтаар оруулж ирдэг талаар өчигдөр сурвалжиллаа.

Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэмээн сурталчилдаг “Киндер” брэндийн шоколад томоохон зах, худалдааны төвүүдээр элбэг, маш олон төрөл байна. “Киндер”-ийн өндгөн шоколад нь хамгийн их эрэлттэй байдаг гэж худалдагч нар хэлж байна. Харин “Сникерс”-ийн самартай нь хамгийн их зарагддаг бөгөөд автобусны буудлын жижиг ТҮЦ-нээс эхлээд, бүх дэлгүүр худалдааны төв, Улсын их дэлгүүр, Номин супермаркетийн салбаруудаар зарагдаж байна. “Сникерс” зардаггүй дэлгүүр гэж Улаанбаатарт алга. Том жижгээсээ хамаараад, ихэвчлэн 1190-1900 төгрөгийн үнэтэй юм байна. Том чихэр шиг хэмжээтэй олон ширхэгтэй ууталсан “Сникерс” 3500-4500 орчим төгрөг байх аж. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний шошгон дээр GMO гэх тэмдэглэгээ байх ёстой боловч “Сникерс”, “Киндер”-т тийм тэмдэглэгээ байсангүй. Харин сахар, масло, молоко, соль, молочны шоколад гэх мэт олон төрлийн найрлагатай гэж тайлбарлаад, бүтээгдэхүүнд агуулагдах илчлэг, сахар нүүрс ус, өөх тосны найрлагыг нь л бичсэн байх аж. Манай улсад “Сникерс” ОХУ-аас орж ирдэг гэнэ.

“Сникерс” зэргийг хэрхэн шалгаж хилээр оруулдаг тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч Ч.Оюунцэцэгээс тодрууллаа.

-”Сникерс” зэрэг амттанууд генийн өөрчлөлттэй гэх мэдээлэл гарсаар байна. Монголд орж ирж байгаа нь хэр зөрчил дутагдалтай байдаг вэ?

-Энэ бол батлагдсан мэдээлэл биш шүү дээ.

-Хилээр орж ирж буй “Сникерс”, “Киндер”-ийн бүтээгдэхүүн зэргийг хэрхэн шалгаж нэвтрүүлж байна вэ?

-Хилээр орж ирэхэд нь хамгийн эхлээд баримт бичгийн хяналт хийнэ. Амттан үйлдвэрлэсэн тухайн үйлдвэр нь чанарын шаардлага хангасан үйлдвэр мөн байна уу гэдгийг тодруулна. Чанарын гэрчилгээг нь шалгаж, хянадаг гэсэн үг. Мөн тухайн бүтээгдэхүүний шинжилгээнд хамрагдсан эсэхийг хянана. Ингээд дараагаар нь худалдаж байгаа худалдан авч байгаа хоёр талын хоорондын худалдааны гэрээг шалгана. Мөн дараагаар нь хадгалалтын горим, тээвэрлэлтийн горимыг шалгадаг юм. Гүний гааль дээр ирээд задрахаар нь тухайн бүтээгдэхүүний хаяг шошгыг шалгаад зөрчилгүй бол агуулах руу нь нэвтрүүлнэ.

-Орц найрлаганд нь нарийн шинжилгээг хийдэггүй гэсэн үг үү?

-”Сникерс” зэрэг амттан бол дунд зэргийн эрсдэлтэй бүтээдэхүүний ангилалд хамаарна. Тэгэхээр орж ирэх бүрт нь шинжилгээнд хамруулаад байдаггүй. Зургаан сард нэг удаа шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргадаг юм.

-Ийм зөрчил дутагдалтай, генийн өөрчлөлттэй гэх хариу гарч байсан тохиолдол бий юу?

-Зөрчил илэрсэн тохиолдол одоогоор байхгүй. Мөн хаяг шошгон дээрээ генийн өөрчлөлттэй бол бичих ёстой гэж Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан байдаг. Тиймээс хаяг шошгыг нь сайтар шалгадаг. Манайд “Сникерс”-ийн шинжилгээ нь муу гарсан, генийн өөрчлөлттэй байсан гэх дүгнэлт гарч байгаагүй гэлээ.

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэвэл эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй болохыг их эмч О.Солонгоос тодруулахад.

“Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн буюу (GMO – Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар гарган авсан бүтээгдэхүүн гэж байгаа юм. Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй. Ходоодны салст гэмтээж, дархлааг сулруулдаг, бодисын солилцоог устгадаг. Хорт хавдар үүсгэж болзошгүй гэдгийг олон улсын эрдэмтэд судлаад тогтоосон байдаг. Тодруулбал, хоол хүнсээр дамжин хүний биед орж ирсэн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд шингэж хорт хавдар үүсгэх аюултай. Амьтдыг генийн өөрчлөлттэй хүнсээр хооллон судалгаа явуулахад амьтдын дархлааны систем суларч, эрүүл үр төл гаргах чадваргүй болж байсан” гэх Германы хүнс судлаачдын дүгнэлт байдаг. Маш олон төрлийн хүнс импортоор орж ирж байгаа тул тухайн хүн өөрөө л аль болох органик хүнс хэрэглэж байхгүй бол генийн өөрчлөлтгүй гэж итгэхэд хэцүү шүү дээ. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хамгийн аюул дагуулаад байгаа зүйл нь үр удмынх нь эрүүл мэнд генд гажиг үүсгэдэг гэж байгаа” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Шүлхийн сэжиг илэрсэн бүсэд хөл хорио тогтоолоо

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. “22”-ын товчоо орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэн Т-гийн үхрээс шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд одоогийн байдлаар шүлхийн шинж тэмдэг бүхий үхрийг устгалд оруулж, холбогдох арга хэмжээг авч эхлээд байгаа юм байна. Шүлхийн сэжиг илэрсэн бүсэд өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25 хүртэл хөл хорио тогтоожээ. Сонгинохайрхан дүүрэг рүү нөөцөд байсан шүлхийн вакциныг илгээсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын шүүгч дөрвөн орон сууцны нормтой юм болов уу

УИХ-ын гишүүн Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “…..Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан шүү. Хэдхэн жилийн өмнө шүү дээ. Эхнэр, хүүхэд нь нотариат ажиллуулдаг. Нотариатын орлогоос сая.ам доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая байна. Өөрийнх нь дансанд сая.ам доллар байна. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч маш олон байна. Маргааш магадгүй, намайг энийг ярилаа гээд ШЕЗ-өөс мэдэгдэл хийгээд Захиргааны хэргийн шүүхийнхэн хүн гүтгэсэн гэдгээр шалгуулж болно. Ийм тохиолдолд би баримт гаргана” гэж ярьсан билээ. Мөн сая ам.доллартай өнөөх шүүгч нь шалгагдаад эхэлмэгцээ ажлаа өгсөн гэж ирээд л ярьсан. Үнэхээр ч түүний хэлсэн ёсоор болж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг ярилцлагын маргааш нь л УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагад “….Хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах, хэрэв мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол шүүхийн шүүн таслах ажлын нэр хүнд, шүүгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ уг мэдээллийг түгээсэн арга хэлбэрээр уучлал гуй” гэсэн байв. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл энэ бүхний дараа бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгов. Ингээд шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг ил болж, олон нийт энэ талаар шаагиад эхлэх нь тэр.

Хэдэн жилийн өмнө хэл амтайхан баталж байсан шүүгчдийн цалин нэмэгдээд дунджаар гурван сая төгрөг болсон. Шүүх засаглал шударга хараат бус байх, авлига хээл хахуулиас ангид байх ёстой хэмээн амьдралд нь хүрэлцэхүйц боломжийн цалин өгөх хэрэгтэй гэж үзсэнээс ийн УИХ тэдний цалинг нэмж, баталсан билээ. Ажилласан жилийн нэмэгдэл зэрэг ороод зарим шүүгч нь гурван саяас илүү ч авдаг юм байна. Гэвч хөрөнгө орлогын мэдүүлэгт өнөөх хараат бус байдлаа баталгаажуулмаар байна гэж цалингаа нэмүүлсэн шүүгчид чамгүй баян, олон зуун саяын хадгаламжтай, үл хөдлөх хөрөнгө нь нэгээр тогтохгүй нь ойлгомжтой боллоо. Үүний дараа Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичиг илгээв. Х.Нямбаатар гишүүний ярьсан шат шатны шүүгчдийн авдаг авлига гэх тоог дурдаад өөрөөр хэлбэл анхан шатны шүүгч 50 мянган ам.доллар, давж заалдах шатных 100 мянган ам.доллар, хяналтын шатных 200 мянган ам.доллар авдаг ханш тогтоосон байна гэж хэлсэн нь шүүхийг болон шүүгчийн нэр хүндэд халдаж, шийдвэрлэсэн болон шийдвэрлэж буй хэргийн өмнөөс тэднийг гүтгэж, шүүхийн хараат бус байдалд шууд болон шууд бус байдлаар нөлөөлж Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчлөө. …Иймд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн үүргийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зохих баримттай үйлдлийг эрх бүхий байгууллагад уламжлан шалгуулах, цаашид давтагдахгүй байхад анхаарах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг авч энэ талаарх хариуг ирүүлнэ үү” гэжээ. Х.Нямбаатар гишүүн энэ бүхэнд бас л хариу өгөв. Тэрээр “УИХ-ын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаарх хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие нэвтрүүлэгт оролцон олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож, хууль сахиулах байгууллага, Авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.

Шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, тэдний олон байр, Х.Нямбаатар гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхийн хооронд бичиг цаас шидэлцсэн шуугиан өнгөрсөн долоо хоногт яах аргагүй анхаарал татсан. АТГ-т хөрөнгө орлогоо бүх шатны шүүгч мэдүүлдэг ч Дээд шүүхийн шүүгчдийнх олон нийтэд ил болдог. Харин анхан, давж заалдах шатны шүүгчдийнхийг нийтэд ил зарладаггүй байж. Авлигын эсрэг хуулийн 14.2-т зааснаар бусад албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна гэж заасан байдаг. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга “ Шүүгч, прокурорын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарлаад байдаггүй. Шаардлагатай бол ил гаргаж тавьдаг “ гэж ярьсан.

Шүүгчдийн цалин нэг хүнийх дунджаар гурван сая гэвэл жилд гуч гаруй сая төгрөг авч таарах нь. Монголд, төрийн албаныхны авдаг цалинтай харьцуулахад чамгүй өндөр цалин. Мэдээж өөрсдөө бөглөж өгдгийг бодоход худлаа биш байж таарна. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад нь шүүгч нараас нэг байртай хүн ганц нэгхэн л харагдах юм. За тэгээд нэг хүн нөгөө айхтар үнэтэй машинуудыг марк маркаар нь цуглуулсан нь ч байна. Харин ихэнх нь 2-4 байртай гэж мэдүүлсэн байх юм. Энэ мэдүүлгийг нь хараад шүүгчид дөрвөн орон сууцтай байх нормтой юмуу гэж ярьцгааж байна. Угтаа норма гэж хэв хэмжээ гэсэн утгатай орос үг л дээ. Монголчлоод хэрэглэж заншсанаар нь энд бичлээ. Хүнд хортой нөхцөлтэй зарим байгууллага ажилчдадаа тогтсон хугацаанд тогтсон хэмжээний сүү өгдөг. Үүнийг ажилчид нь нормын сүү гэж ярьцгаадаг. Мөн дүрэмт хувцастай байгууллагууд тодорхой хугацаанд ажиллагсдадаа хувцас олгодгийг нормын хувцас гээд хэлээд заншчихсан. Тэрэн шиг шүүгчид маань нормын байртай юм биш биз гэж л тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг харсан хүмүүс уулга алдаад байгаа хэрэг. Ерөнхийдөө шүүгчид дөрвөн байртай байх хэмжээ тогтоочихсон мэт хөрөнгө орлогын мэдүүлгээс нь ойлгогдоод байгаа юм. Яагаад шүүгчид ийм олон байртай байдаг болчихов. Монголд 120 мянган төрийн албан хаагч байдаг. Хэрэв нормтой юм бол тэд ч бас адилхан нормын байр авах ёстой болж таарна.

Монгол хүний онцлог уу, байр их чухал юм байна гэсэн ойлголтоор цуглуулгатай болчихов уу. Эсвэл элдэв нөлөөллөөр байр авахад ямар ч хориглодоггүй хуулийн заалттай хэрэг үү. Авлигад байр авч болдог хуулийн цоорхой байна уу гэж хүртэл бодогдох юм. Эндээс харахад барилга байртай холбоотой хэрэг маргаан их гардаг юм байна гэсэн сэжиг таамаг шууд л төрөөд явчихлаа. Эсвэл барилгын шугам сүлжээ, цахилгаан, аюулгүй байдал гээд гомдол шүүхээр тасардаггүй байх. Оршин суугчид гомдол гаргахаар тухайн барилгын компаниас нь шүүгч авлигад байр авчихдаг юм болов уу. Эс бөгөөс барилгын компани өрсөлдөгчөө шүүхэд өг гэж шүүгч нар захиалдаг хэрэг үү. Энэ олон байрнаас болж элдвийн л хар сэр төрөх юм. Ямартаа ч шүүгчид яалт ч үгүй олон байртай юм байна. Шүүхийнхэнд байр өгдөг ямар нэг асуудал байна. Хуулийн цоорхой юу, их хэмжээний мөнгө банкинд байршуулснаас энэ нь арай хал балгүй байдаг юм болов уу гээд л олон нийт таамаг дэвшүүлсээр байна. Түүнээс биш жилд авдаг 36 сая төгрөгөөр шүүгч тус бүр дөрвөн өрөө байр аваад байна ч гэж юу байхав. Нэг өрөө байр авахад хүрч болох ч хоол унд хувцас, бензин, сургалтын төлбөр ер нь юунд ч зарцуулахгүй бүсээ чангалж байж л нэг өрөө байр авах байх.

Тэгэхээр нэг л учир байна. Хэрэв барилгын компаниуд шүүхээр шийдэгдсэн асуудлаа шийдүүлэх гэж байр өгсөн бол шударгаар хүлээе. Авлигад өгсөн зүйлийг нь буцаагаад авчихдаг болъё. Хэрэг биш юмыг хэрэг болгож байгаад байр авдаг юм биш биз. Үгүй бол шүүгчээр дарамтлуулж тэдэнд байр өгсөн бол өгснийг нь шийтгэхээ болимоор юм. Авлига авсан өгсөн хоёулаа шийтгүүлэхээр яаж авлига илрэх вэ дээ. Авсныг нь шийтгэдэг хуультай болъё. Өгсөн хүн ажлаа хурдан бүтээх гээд арга ядаад өгсөн байж таарна шүү дээ. Түүнээс илүүдээ гарсан юм гэж хаана байхав дээ. Ямар ч байсан Х.Нямбаатар гишүүний ярианаас үүдэлтэй энэ асуудал шалгагдаж, нэг тийш болох биз ээ. Тэр үед шүүгчдийн нормын гэмээр энэ олон байр, их хадгаламж, орлогын учир тайлагдах л учиртай.

Б.ДОНРОВ

Categories
мэдээ нийгэм

Харцага одтой, цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 30, Сугар гариг. Билгийн тооллын 14. Харцага одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6:37 цагт мандан, 19:16 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба гаригийг тахих, хагалгаа хийлгэхэд сайн. Улай гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Мөнхцэцэг “Монгол Улс гурван хөл дээрээ босох нь ээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Гамшгийн дуут дохиог цагдаа, түргэний тэрэгнийхтэй андуурав” өдрийн сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хараарай.

Нэгдүгээр нүүрнээс УИХ-ын гишүүн Л.Болдтой хийсэн ярилцлагыг хүлээн аваарай.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийснийг хоёрдугаар нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд М.Мөнхцэцэгийн “Монгол Улс гурван хөл дээрээ босох нь ээ” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Улс төрийн тавдугаар нүүрэнд “Нийтийн сонсголын тухай хууль батлагдсан ч хэрэгжүүлэх журам нь одоог хүртэл гаргаагүй байна” сурвалжилыг хараарай.

“Ухаалаг утсыг удаан хэрэглэвээс хүзүүний дисктэй болно” мэдээллийг эдийн засаг нүүрнээс уншаарай.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай ярилцжээ. Тэрээр “2020 онд элэгний эмгэггүй орон болохоор ажиллаж байна” гэжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Дуут дохионд албан байгууллагууд нэгдсэн ч гудамжинд явж буй энгийн иргэд цочирсонгүй

Газар хөдлөлтийн гамшгийн үед цуглах байршлыг НИТХ-аар баталж 110 байршлыг зарласан. Өнөөдөр гамшгаас урьдчилан сэргийлэх, зарлан мэдээллэх дохиог өгч тухайн байршилд иргэдэд сургалт сурталчилгаа, заавар зөвөлгөөг өгөх ажил өрнөсөн. Зарлан мэдээллэх дохио дуугарах үеэр иргэд, гамшгийн үед өөрийгөө болон орчин тойрны хүмүүсээ хэрхэн хамгаалан оролцож байгааг сурвалжиллаа.

Энэ үеэр 3-р сургуулийн арын талбайг зорин очиход сургалт дуусч байв.

Сургалтын үед гамшгаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах ангийн 2 гал сөнөөх машин ирсэн байлаа. Ингээд 10-р ангийн гал сөнөөгч ахлах ахлагч С.Ганзоригтой цөөн хэдэн хором ярилцав.

-Урьд урьдны сургалтаас энэ сургалтад онцлог тал бий юу?

-Ер нь бол сургалт бүр адилхан л байдаг нээх онцгой зүйл байхгүй дээ. Харин энэ удаад тусгай байршлууд зарласан. Зарлагдсан газруудаар сургалт зохион байгуулагдсан байгаа.

-Иргэд гамшгийн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ? Ер нь энэ талаар мэдлэг мэдээлэл хэр байх шиг байна?

-Орчин үед техник технологи хөгжөөд мэдээлэл их амархан тардаг болж. Телевиз радио, сонин сэтгүүл, интэрнет орчинд мэдээлэл их тавигдсан. Хүмүүс нэг үеэ бодвол мэдээлэл сайтай болж. Гамшгийн үед хамгийн түрүүнд ойр байгаа ширээний доогуур орж, толгойгоо 2 гараараа барьж суух ёстой. Байгаа газраасаа яарч сандралгүй тайван гарж, аль болох өндөрлөг байшин барилгагүй зэлүүд газрыг зорьвол аюул багатай байдаг.

-Иргэд гамшгаас урьдчилан мэдээллэх сургалтад хэр идэвхтэй оролцож байна? Гадуур яваа хүмүүст цочироо өгч, хамруулж чадаж байна уу?

-Албан байгууллагын ажилчид л ирж оролцож байна. Гадуур яваа хүмүүсийн оролцоо муу байна. Ойр хавьд байгаа бүх орон сууц, барилга байгууламжид байгаа хүмүүс гарч ирж оролцох ёстой ч идэвх муутай байлаа.

Сургалтад оролцсон Сүхбаатар дүүргийн 10-р хорооны ажилтан Ч.Энхцэцэг:

-Сургалт хэдэн цагт эхлэв?

-Сургалт зарласан цаг буюу 16:00 цагтаа эхэлсэн

-Хүмүүс хэр идэвхтэй оролцож байна?

-Хүмүүсийн оролцоо бага байна

-Ойр хавьд байгаа хүмүүс сургалтын үеэр ирж оролцож байна уу?

-Ер нь ховор л ирж байна даа. Хүмүүс гамшгийн үед яах ёстойг сургалтаар мэдээд авчихвал дараа нь өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж, гамшгийн үеийг эрсдэл багатай давах магадлал өндөр. Даанч энэ сургалтад идэвх муутай оролцож байгаа нь эргээд гамшиг болсон үед сөрөг үр дагавартай байж болох талтай.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Шинэ ертөнц бүтээсэн тэрбумтан эрхэм

Бидэнд хуучин байсан бодит ертөнцөөс гадна ухаалаг бас бодит бус мөртлөө бодит цоо шинэ ертөнцийг бий болгож өгсөн Стивен Пол (Стив) Жобс (англ. Steven Paul «Steve» Jobs) 1955 оны хоёрдугаар сарын 24-нд АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод төржээ.Стивийн төрсөн эх, ганц бие аспирант оюутан Жоанна Шибл хүүхдээ тэжээх боломжгүйн улмаас хүүхэдгүй хос Пол, Клара Жобс нарт жаал хүүд сайн боловсрол олгоно гэсэн амлалт аван үрчлүүлжээ. Эхнэр, нөхөр Жобс ч хэлсэн амандаа хүрч Стив 17 настайдаа Портленд хотын Рид коллежид орсон боловч эхний улирал суугаад л тэндээсээ өөрийн хүсэлтээр гарчээ. Тэрээр үүнийгээ сургалтын төлбөрт эцэг эхийнх нь хамаг хурааж хуримтлуулсан мөнгө урсаж, харин Стив өөрөө сургууль түүнд юу өгч байгаа, ер нь сурах хэрэгтэй эсэхийг ойлгохгүй байсан гэдгээр хожим тайлбарлаж байв. Тэрээр миний амьдралдаа гаргасан хамгийн сайн шийдвэр энэ байсан хэмээн нэмж дурссан байдаг. Сургуулиа орхисон Жобс жил хагас хэртэй коллежид чөлөөт сонсолтоор хичээлд суун, “Кола”-ны шил түүж хоолныхоо мөнгийг олж, ангийнхаа хүүхдийн нийтийн байрны шалан дээр хоног төөрүүлдэг байжээ. Дараа нь тэр хэдэн жилийн өмнө Hewlett–Packard компани дээр хийсэн зуны дадлагын ажил дээр танилцсан Стивен Возняктай дахин тааралджээ. Тэр үед л өөрийн бизнестэй болох санаа түүнд төрсөн байна. Тухайн үед Воз, Жобс хоёр хоёулаа 20 нас хүрч байлаа. Тэд өөрсдийн бизнесээ “хөх хайрцаг” гэх алс холд дохио дамжуулах тусгай төхөөрөмж хийснээр эхлүүлсэн байна. “Фирм” нь Жобсын эцэг эхийн гаражид байрлаж байлаа. Техникийн суут ухаантан Возняк, төрмөл бизнесч Жобс бие биенээ маш сайн нөхөж байв. “Хөх хайрцаг”-тайгаа найз нар нэг их удаан зууралдаагүй бөгөөд дараагийн алхам нь худалдахад зориулсан бэлэн компьютер угсрах ажил байсан юм. 1976 онд тэд гарааны 1,3 мянган доллартойгоор “ Аpple Computer” компаниа байгуулав. Компаний эхний том захиалга нь орон нутгийн цахилгаан барааны дэлгүүрт зориулан 50 ширхэг “Apple I” компьютер угсрах ажил байлаа. Харин хагас жилийн дараа Возняк, Жобс хоёр дэлхий дээр бөөнөөр үйлдвэрлэсэн анхны персонал компьютер “Apple II”-оо гаргасан байна. Тэдний бүтээлийг урьдчилан харсан хөрөнгө оруулагчид Apple II-т мөнгө хаяж, 1980 оны сүүл гэхэд компани үндэсний хэмжээндхүрлээ. Жобсын хувийн хөрөнгө 200 сая долларт хүрчээ. Тэр 25 хүрч байлаа. Компьютерийн салбар дахь дараагийн томоохон алхам нь Жобсын өөрөө санаачлан гардан удирдсан “Macintosh” төсөл байв. Хэт дав дув хийсэн тогтворгүй зангаасаа болоод тухайн үеийн компаний гол төсөл “Lis компьютерийг боловсруулах ажлаас тэр зайлуулагдсан байлаа. Жобсын хор шар нь хөдөлж ашиглахад хялбар компьютер зохион бүтээх хүсэл эрмэлзлээр жигүүрлэн залуу инженерүүдийн цомхон багийг бүрдүүлж “Mac”-ийг үйлдвэрлэн танилцуулжээ. Үүнээс удалгүй Жобсыг «Apple»-аас халав. Тэрээр өөрөө гуйж “Pepsi-Colа” компаниас“Apple”-д авчирсан шинэ гүйцэтгэх захирал Жон Скаллитай ааш зангаар таараагүй хэрэг. Захирлуудын зөвлөл Скаллид итгэл үзүүлж Жобс гудамжинд гарчээ. Хожим нь Жобс үүнийг амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахад түлхэц өгсөн үйл явдал болсон хэмээн ярьсан байдаг. Зүгээр сууж чаддаггүй Жобсын олны дунд нэр хүндээ барж, хаашаа ч хамаагүй холхон зугтаах гэсэн хүсэл нь хэдхэн сарын дараа бүхнийг эхнээс нь эхлэх шийдвэрээр солигдсон юм. Дараагийн таван жилд тэр «NeXT», «Pixar» гэсэн хоёр ч компани байгуулж, ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Хожмоо “Pixar” нь дэлхийн хамгийн амжиллтай анимейшн студи болсон билээ. 1996 онд хямралд орсон “NeXT”-ийг “Apple” компани худалдан авчээ. Ийнхүү Стив Жобс дахин захирлуудын зөвлөлд орж, “Apple”-ийн түр (хожим нь байнгын) хэрэг эрхлэх захирал болсон юм. 2001 онд “Apple” анхын “iPod” тоглуулагчаа дэлхий дахинд танилцуулжээ. Ганцхан жилийн дотор түүний худалдаа компаний орологын үндсэн эх үүсвэр болсон билээ. 2006 онд сүлжээний мультимедиа плейер “Apple TV” худалдаанд гарлаа. 2007 оноос iPhone худалдаанд гарч харин 2008 онд Жобс дэлхийн хамгийн нимгэн нөүтбүүк – MacBook Air-аа танилцуулжээ. 2011 оны аравдугаар сарын 5-нд Стив 56 настайдаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас Калифорнидтаалал төгсчээ. Бидэнд өнөөдрийн шинэ ертөнцийг бий болгож өгсөн энэ их хүний хэлсэн үгс нь өнөөдөр ч ач холбогдолоо алдаагүй байна. Тэрээр “Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хүнээс яаж хийснийг нь асуувал тэд үүнийгээ ярихаас нэрэлхэнэ. Учир нь тэдэнд энэ нь гайхуулаад байх сүрхий зүйл биш, хийснийхээ дараа эргээд харахад дэндүү ойлгомжтой амархан зүйл байсан мэт санагддагаас тэр”. “Аливаа боломжийг алдалгүйгээр өөрийгөө дайчлах хамгийн сайн арга бол чи хэзээ ч үхэж болно гэдгээ байнга санаж байх. Ингэсэн тохиолдолд чи элдэв хуурмаг бодлоос салж зөвхөн зүрх сэтгэлээ дагахаас өөр замгүй болно”. “Өөрөө чанарын хэмжүүр бай. Зарим хүмүүс яагаад төгс чанар хэрэгтэйг ойлгодоггүй юм”.“Амьдралын чинь ихэнх хугацааг чиний ажил үйлс эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх. Дуртай ажлаа олоогүй бол тасралтгүй хай. Бүү зогс. Түүнийгээ олсон эсэхийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө”. “Оршуулгын газар дахь хамгийн баян хүний булш байх надад сонин биш. Харин орой орондоо орох бүртээ өдрийн хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун байх нь чухал”.“Хэрвээ чи ямар нэг сайн зүйл бүтээж чадсан бол түүнтэйгээ удаан зууралдалгүй орхиж өөр нэг гайхалтай бүтээл эхлэх хэрэгтэй. Шууд л сайн зүйлийнхээ дараа юу хийхээ бодож ол”.“Apple-ээс халагдсан нь миний амьдралд тохиолдсон хамгийн завшаантай явдал. Амжилтын дарамтнаас салж бүхнийг шинээр эхлэх боломж өгсөн. Ингэснээр миний амьдралын хамгийн бүтээлч он жилүүдийн нэг үе эхэлсэн билээ”. “Тооноос чанар илүү чухал. Хоёр удаа дэд байр эзэлснээс нэг удаа түрүүлэх нь хамаагүй дээр”.“Би 17 настай байхдаа “Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж бодож өнгөрөөвөл хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ” гэсэн сургааль олж уншсан юм. Энэ үг надад гүн сэтгэгдэл төрүүлж тэр цагаас хойш би 33 жил өглөө бүр толинд харангаа “Хэрвээ өнөөдөр миний сүүлчийн өдөр байвал би юу хийж амжуулах ёстой вэ?” гэж өөрөөсөө асуудаг болсон”. “Амжилттай яваа нэгний бусдаас ялгарах гол шинж нь цөхрөлтгүй хичээл зүтгэл гэдгийг би сайн ойлгосон”. “Зогсолтгүй тэмүүлэгч бас суралцагч бай” гэж бидэнд захиж үлдээсэн билээ.

Стивен Пол Жобсын тухай уншиж буй таны компьютерийг тэрээр анх хийж дэлхийг ширээн дээр чинь авчирч өгсөн гавъяатан билээ.Жобс бас өөрийн бүтээсэн цоо шинэ ертөнцийг ухаалаг болгож дэлхийг гар утсаар чинь дамжуулан гарт чинь бариулсан аугаа суутан юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд ойрхон байрладаг төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгжийнхэн дуут дохиогоор төв талбайд цуглан гамшгийн эсрэг сургуулилтад хамрагдав

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай юм. Таван минут үргэлжилсэн эхний дуут дохиогоор Төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албадын алба хаагчид болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдлаа.

Ингэхдээ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм.

Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилтад оролцлоо. Энэ нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой юм.

Сүхбаатарын талбайд ойрхон байрладаг төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгжийнхэн дуут дохиогоор төв талбайд цуглан гамшгийн эсрэг сургуулилтад хамрагдсан юм. Энэ үеэр онцгой байдлын албаныхан гамшгийн нөхцөлд хэрхэн ажиллаж, шуурхай тусламж үзүүлэхийг зөвлөлөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУВС-гийн захирлуудын зөвлөл 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гуравдугаар үнэлгээг хянаж, 30.55 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа.

“Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг тооцоолж байснаас илүү хурдацтай сэргэлээ” хэмээн ОУВС-гийн хэвлэлийн мэдээнд дуржээ.Үүнтэй зэрэгцээд хөтөлбөрийн хүрээнд тохирсон бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээнүүд хойшлогдож, цуцлагдав.Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг дэлхийн түүхий эдийн зах зээлийн өөрчлөлтөд шууд өртөх эрсдэл байгаа учраас эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх нь чухал байна. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн гуравдугаар үнэлгээг 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар, Монгол Улс 20.9598 сая ЗТЭ буюу ойролцоогоор 30.55 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Ингэснээр энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 152.79 сая ам. долларын санхүүжилт олгогдож байна. Хөтөлбөр батлагдсанаас хойшхи хэрэгжилт сайн байлаа. Эдийн засаг төсөөлж байснаас эрчимтэй сэргэж, улмаар 2017 онд ДНБ-ий өсөлт 5.1 хувьд хүрч, төсвийн нийт тэнцэл ДНБ- ий 15 хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирлаа. Бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин таатай байсны үр дүнд эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж чадсан.

Гэсэн хэдий ч бүтцийн шинэчлэлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд тохирсон зарим шинэчлэлийн арга хэмжээ хойшлогдож, өмнөх үнэлгээний үеэр яригдсан төсвийн чиглэлээр хийгдэх ёстой байсан гурван арга хэмжээ цуцлагджээ. Монгол Улсад хэрэгжүүлж буй гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны тавдугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам. долларын санхүүжилт олгогдох юм. ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг нэвтрүүлэх болон тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой юм.

Олон Улсын Валютын Сан Вашингтон хот 20431, АНУ 2 ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийн үнэлгээг хэлэлцсэний дараагаар хурлын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд тус сангийн дэд тэргүүн ноён Мицүхиро Фурусава дараах мэдэгдлийг хийв. Үүнд: “ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөр эерэг үр дүнтэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, гадаад эрэлт өндөр байсан болон эдийн засагт итгэх итгэл сэргэсний үр дүнд эдийн засаг тооцоолж байснаас илүү эрчимтэй сэргэлээ. Төсвийн орлого ихээхэн нэмэгдэж, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарласны үр дүнд төсвийн алдагдал огцом буурч, улсын өрийн цаашдын төлөвийг дорвитой сайжрууллаа. Гадаад санхүүжилтийн өртөг үргэлжлэн буурч, 2018 онд төлөгдөх ёстой байсан бондуудын хугацааг бага хүүтэйгээр сунгаж чадсан. Гадаад валютын нөөц улам нэмэгдэж байна. “Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан. Төсөв, банкны салбарын шинэчлэлүүд зарим талаараа зорилтоосоо хазайж, хугацааны хувьд хоцрогдож байгаа хэдий ч үргэлжлэн хэрэгжиж байна. Төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, уул уурхайн салбараас бүрдүүлдэг төсвийн орлого эрчимтэй нэмэгдсэний үр дүнд төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр багассан нь төсвийн гүйцэтгэлийн үр дүн эрс сайжрах нөхцөлийг бүрдүүлэв.

Нүүрсний экспорт огцом өсч, хөрөнгийн орох урсгал нэмэгдэн, хандивлагчид болон ОУВС-гийн санхүүжилт олгогдсоноор гадаад валютын албан нөөц 2017 онд хоёр дахин гаруй нэмэгдсэн байна. “Эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, эдийн засгийг солонгоруулж, өрсөлдөх чадварыг дэмжих, мөн тэлэлт-агшилтын мөчлөгийг хязгаарлахад дэмжлэг болох бүтцийн шинэчлэлийн том зорилготой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Санхүүгийн салбарт, банкуудын активын чанарын нарийвчилсан үнэлгээний дүн гарч, УИХ-аас хэд хэдэн хуулийг шинээр баталсан бөгөөд үүн дээр үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэн бэхжүүлэх ажил хийгдэж байна. Энэ чиглэлд хийгдэж байгаа шинэчлэлийн эрчимийг хадгалан үлдэх нь шийдвэрлэх ач холбогдолтой юм. Төсвийн чиглэлээр, эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулах том зорилтоо хэрэгжүүлэх тууштай байр суурьтай байгаа бөгөөд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ сүүлийн үеийн орлогын өндөр гүйцэтгэлийг тогтвортой байлгахад анхаарч байна. Энэ чиглэлд ОУВС-гаас үзүүлж байгаа техник туслалцааг түшиглэн татварын удирдлагын чанарыг сайжруулахаар ажиллаж байна. “Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг нь дэлхийн түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлаас шууд хамааралтай байгаа үед энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуу бөгөөд тууштай байр суурьтай байх нь нэн чухал юм. Сэргэж байгаа өсөлт, сайжирч байгаа эдийн засагт итгэх итгэл, өсөн нэмэгдэж байгаа валютын нөөц, буурч байгаа өр, хандивлагчдын даацтай дэмжлэг бүхий хүчирхэг мөчлөгийг тогтвортой хадгалахын тулд хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Диснейн стандартад нийцсэн анимэйшн хүүхэлдэйн кино нээлтээ хийнэ

“Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшин хүүхэлдэйн кино энэ сарын 31-нд нээлтээ хийхээр болжээ. Тус анимэйшн нь Диснэй компанийн стандартуудыг бүрэн хангаж бүтсэнээрээ онцлогтой юм байна. Ocean pictures студийн хамт олон ирээдүй хойч үе, хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт хийх, дэлхийд Монгол Улсыг сурталчилан таниулах томоохон контент болсныг дуулгалаа.

Хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагч Б.Тэнгис ярихдаа:

Бид түүхэн эх сурвалжаас авч, зохиолыг нь өөрсдөө бичээд найруулсан. Монголд орхигдсон салбар бол хүүхдийн контент. Хүүхдүүд дэлхийн форматтай хамгийн сүүлийн үеийн киног үздэг. Үндэсний контентоо хүргэе гэхээр яг тэр түвшинд хийхгүй бол үзэхгүй. Хамгийн дээд түвшинд хийхийн тулд олон жилийн хөдөлмөр зарцуулсан. Нийт 1000 гаруй уран бүтээлчид оролцсон. Одоо үед хүүхэд багачууд анимэйшн их үздэг. Үүнийг дагаад бид дэлхийн шилдэг анимэйшний зэрэглэлээр хийхээр зорьсон. Залуучууд өсвөр үеийнхэн Нууц товчоогоо уншихгүй байна. Үг хэллэгийг ойлгоход хүнд байдаг. Харин бид үг хэллэгийг энгийн хэлбэрт оруулж,ойлгуулахад анхаарч ажилласан. Үүх түүх, ёс заншил, газар шорооны үнэ цэнийг мюзикл дуугаар илэрхийлсэн. Нууц товчооны найман бүлгийн 1146-1206 оны хоорондох үйл явдлыг товчилж хийсэн. Хүүхдийн контент учраас ёс бус үг хэллэг, цус харуулахгүй. Энэ дотор дуу байгаа. Бөртэ хатны дууг Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа нар дуулсан. Тэмүүжингийн дууг Харангын Чулуунбат ах дуулсан. Дэлхийн форматад хүргэх гэж хичээсэн.

Хүүхэлдэйн киног хийхэд хүндрэл хэр байв? Хөрөнгө оруулалтаа хэрхэн босгосон бэ?

Мэдээж хүндрэл их гарсан. Хөрөнгө оруулалтыг босгоход хүнд байсан. Бид анх зураг байхаас нь эхлээд хоёр Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайд, 25 улсын их хурлын гишүүн болоод бизнесмэнүүдтэй уулзан, төслөө танилцуулсан. Чингис хааны тухай ярьдаг бүх л хүн дээр очсон. Гэвч Монгол Чингис хааны өлгий нутаг мөртлөө Чингис хаан дээрээ бүгд өөрөөр ханддаг гэдгийг ойлгож авсан. Гэхдээ сайн санаат олон хүмүүсийн ачаар энэ киногоо дуусгасан. Хонконг, Шанхай, Бээжин, Канны маркетуудаар киногоо авч очсон. Канны ном дээр хэвлэгдсэн. Гадныхан маш ихээр сонирхож байгаа. Хүүхдүүд гадаадын маш олон контентоор дарагдаж байна. Энэ бүхнээр дамжаад гадаадын соёлын дайралт орж ирж байна. Хүссэн хүсээгүй эцэг эхчүүд хүүхдүүддээ үзүүлдэг. Тэгвэл бид монгол хувцастай, уламжлал ёс заншилаа харуулсан контентоор дамжуулж хүргэх юм бол хүүхдийн хөгжилд нөлөөлөх зүйл бол анимэйшн. Дараа дараагийн контентоо хийж эхэлсэн. Энэ удаад түүхэн бус зөвхөн хүүхэд багачуудад зориулсан энгийн гоё контент байгаа. Дэлхий дээр анимэйшн бол 350 тэрбум төгрөгөөр эргэлддэг маш том зах зээл. Дэлхий дахинд монголчууд оюун ухаанаараа хийж чаддаг, бүтээдэг гэдгээ харуулахыг хүссэн. Кино маань англи хятад хэл дээр орчуулагдсан. Өнгөрсөнд байхгүй ирээдүйг бүтээнэ гэдэг хүнд байлаа гэлээ.

Монгол Улсын төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар ярихдаа:

Би түүхийн зөвлөхөөр хамтарч ажилласан. Монгол агуу түүхтэй улс. Монгол шиг түүх бүтээж үлдээсэн ард түмэн дэлхийн түүхэнд ховорхон. Таван хуруунд багтана. Дэлхийн хэмжээнд бүтээгдсэн түүхээ өөрсдөө сурталчилах хэрэгтэй. Мэдэж байх ёстой. Энэ бидэнд дутагддаг. Бид түүхээсээ хөндий байна. Яаж судлах, юу уншихаа мэдэхгүй байна. Түүхийн хичээлийн чанар тааруу байна. Иймэрхүү зүйл яриад олон жил боллоо. Монголчуудад түүхээ сонирхдог,үздэг, түүхэндээ хайртай болоход олон төрлийн ажлууд хэрэгтэй. Энэ дундаа хүүхэлдэйн кино. Манай залуу үеийнхэн өсвөр насныхан түүхээсээ хөндий байна. Нууц товчоогоо уншсан нь цөөхөн байна. Нууц товчоо хүнд ном. Тэр бүр ойлгож уншихад хэцүү. Тайлбар хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүүхдүүдэд зориулсан дэлхийн стандарт хангасан хүүхэлдэйн кино бүтсэн нь гайхамшигтай. Монголчууд түүхээ мэддэг, хайрладаг, хүндэлдэг байх ёстой. Ингэхийн тулд түүхчид судлаачид бид түүхийг нь хэлж байх ёстой. Залуучууд анимэйшныг асар их сонирхож үздэг болсон. Үүнийг үзсэнээр түүхээ сонирхоно, мэддэг болно. Олон хагарал зовлон тэмцэл дунд бутарсан улсыг нэгтгэж Их Монгол улсаа байгуулсан эхнийнайман бүлгийг тоймлож харуулсан. Монгол Улсын боссон сэргэсэн үе. Бид өөрсдийгөө голдог. Хийж чадах эсэхдээ эргэлздэг. Манай залуучууд хөрөнгөө өөрсдөө босгосон. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хүүхэд багачуудад зориулсан томоохон бүтээлүүд гарна хэмээн найдаж байна гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ