Categories
мэдээ нийгэм

Компьютерийн сургалтыг амжилттай төгссөн залуучууд сертификатаа гардан авлаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний программын сургалтыг 22 хүн амжилттай төгсөж, өнөөдөр сертфикатаа гардан авлаа.

Төгсөлтийн үеэр нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хөгжлийн төлөөх гэгээн мөрөөдөлтэй, зөв зорилготой залуучуудыг дэмжиж, хандлагыг эерэг болгох чиглэлээр ажиллаж байна. Төгсөгчдөд амжилт хүсье.” гэж хэлэв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран, компьютерийн үндсэн хэрэглээний сургалтаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг залуучуудад үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Төгсөгчдийг инкубатор төвд хамруулан бойжуулж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдсэн боловсон хүчин хангах чиглэлээр ажиллаж байна.

Сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ болон 9712-5557 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зорчигч тээж явсан автобус шатжээ

Зураг

Нийтийн тээврийн үйлчилгээний “Зүүн салаа-МУБИС” 48 дугаартай автобус өчигдөр 5 дахь эргэлтээ хийж төв замын хөдөлгөөнд оролцож байхдаа Гэсэр сүм тойрох үедээ хойд хэсэгт огцом гал гарч шатсан байна.
Автобус ийнхүү нэг бус удаа шатсан тохиолдол гарч байна. Галын шалтгааныг НОБГ-ын галын шинжээчид тогтооно. НОБГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад “Галын дуудлага өчигдөр 17:47 минутын үед ирсэн. Гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай арга хэмжээ авч галыг унтраасан. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хариу нь 14 хоногийн дараа гарна” гэв. Автобусанд гал гарах үед зорчигчдыг түргэн буулгасан тул гэмтэл бэртэл болсонгүй. Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн газарт бүртгэлтэй 1200 гаруй автобусны 80 хувиас дээш нь 8-аас дээш жилийн насжилттай гэдгийг мэдээлсээр байгаа. 12 жилийн насжилттай автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасдаг байна. Тиймээс автобусны элэгдэл-насжилтын талаар хаана хаанаа анхаарах цаг болсныг өчигдрийн автобусны шаталт харууллаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Индра: Усны судал, ундарга дайрах учраас нүхэн гарц барих ямар ч боломжгүй

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ хавар эхлүүлэх бүтээн байгуулалтын ажил болох Замын цагдаагийн гүүрэн гарцын талаар дараах тодруулгыг авлаа.

-Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Энэ онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарцын ажил. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний томоохон ажлын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарцын ажил юм. Гүүрний барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Энэ нь 96 тулгуур том багана, 3 рамптай, олон улсын стандартад нийцсэн олон түвшинт гүүр юм. Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэндээ гүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулцханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр баригдана. Уг гүүрний бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх байсныг ерөнхий гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцсоны үндсэнд хүн хүч техник хэрэгслийг нэмэгдүүснээр 1.6 жил болгож график төлөвлөгөөг баталсан. Нарны замын урд хорооллын хөдөлгөөн зохион байгуулалтыг гүүрний барилгын ажилтай холбоотойгоор босоо тэнхлэгийн замуудын 7 байршилд орц гарц нэмэх гол гудамж замуудыг хооронд нь холбох ажлуудыг хийж байна. Одоо байгаа уулзвар нь зүүн тийш Нарантуул худалдааны төвийн уулзвар баруун тийш Энхтайвны гүүр, хойшоо Гадаад харилцааны яам, урагшаа Хоме плаза хүртэл түгжирдэг. Төмөрзамтай уг автозам нь нэг түвшинд огтлолцдог байсны улмаас осол аваар гарах, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл маш их гардаг. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг хийснээр дээрх асуудлууд бүрэн шийдэгдэх болно.
-Уг гүүрэн гарцыг өндөр үнээр хийж байхаар нүхэн гарцыг хэд дахин хямд үнээр хийх боломжтой гэсэн яриа яваад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа ойлголт төрүүлэхээр мэдээ явж, иргэдэд буруу ойлголт төрүүлж буй хэрэг юм.

Замын цагдаагийн уулзварт нүхэн гарц барих ямарч боломжгүй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт нүхэн гарц гаргах зураг, ТЭЗҮ ч байхгүй. Мөн нарны замын урдуур Туул коллектор, төв магистрал шугам явж байдаг.

Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн уулзварын урдах төмөр зам доогуур төв магистрал шугам болон усны судал явж байгаа гэсэн үг.
-Та үүнийгээ тодруулж тайлбарлахгүй юу?
-Сөрөг урсгалаар 4 эгнээ зам бүхий нүхэн гарц хийж, түүгээр нийтийн тээвэр, том оврын автомашин зорчуулахын тулд 7-10 м газар ухаж байж сая нэг нүхэн гарцыг хийх боломж бүрдэнэ. Гэтэл тус газарт маш том усны судал, ундарга байдаг. Ийм учраас нүхэн гарц хийх нь ямар ч боломжгүй зүйл юм. Нөгөөтэйгүүр нүхэн гарцын замын дагуу налууг алсаас хийх ёстой байдаг.

Алсаас хийхээр төлөвлөх юм бол урагшаа Дүнжингарав болон Оддын хотхоныг нурааж байж хийгдэх боломжтой гэсэн үг. Тиймээс ийм боломжгүй зүйлийн талаар боломжтой мэтээр худлаа ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж болохгүй.

-Гүүрэн гарцын зургийн ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Замын цагдаагийн гүүрэн гарцын зургийн ажил 2012 онд буюу өмнөх засгийн үед хийгдсэн байдаг. Энэ зургийн дагуу бид бүхэн инженерийн шугам сүлжээ бусад ажлыг тодруулж ирэх сарын 1-нээс эхний ажлуудаа хийхээр төлөвлөөд байна.
-Бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбоотойгоор зам хаахаар ярьж байгаа. Та энэ талаар тодруулна уу?
-Зүүн дөрвөн замын бүтээн байгуулалт, Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээс гадна нийслэлд инженерийн шугам сүлжээний ажлууд төвийн бүсэд нэлээн хийгдэнэ. Тиймээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Үүнийг мэргэжлийн байгууллагынхан хамтран ярилцаж энэ зуны бүтээн байгуулалтын явцад хөдөлгөөний эрчим нэмэгдэх юм байна гэж үзээд “автомашины дугаарын тэгш сондгойгоор хязгаарлая” гэсэн саналыг иргэдийн дунд явуулсан байгаа. Зарим иргэн хязгаарлалтыг буруу ойлгон эсэргүүцээд байх шиг байна. Хязгаарлалт Бага, Их тойруу буюу хотын төв хэсгээр мөрдөгдөж, бусад хэсэгт үйлчлэхгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт зөвхөн бүтээн байгуулалтын барилгын ажилүргэлжлэх хугацаанд явагдана гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны хорооллын дундах газрууд эзэнтэй болно

Хотын дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нэмэгдсэн юм.

Тухайлбал, дээрх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захирамж гаргаж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу бидний нэрлэж заншсанаар Дөчин мянгатын 13 дугаар байрны дэргэдэх олон жил маргаантай байсан нийтийн эзэмшлийн талбайг /2245 м2/ “Дөчин мянгат 13” Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлж, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих зориулалтаар ашиглах эрхийг баталгаажуулсан нь тухайн орон сууцны оршин суугч, иргэдийн талархалыг хүлээсэн үйл ажиллагаа болж байсан.

Гэвч нийслэлийн ихэнх орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, эсхүл орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт аж ахуйн зориулалтаар газар олгосноос үүдэн оршин суугчдад зориулан ногоон байгууламж, тоглоомын талбай барьж, тохижуулах боломж хязгаарлагдмал байна.

Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийт 1018 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж байна. Эдгээр холбоодоос дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь өнөөг хүртэл тухайн орон сууцны байшингийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг баталгаажуулж аваагүй байна.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, зөрчлийг арилгах, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх ажлыг зохион байгуулах “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” 1 сарын аяныг эхлүүлснээ зарлалаа.

“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяны гол зорилго нь орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах бөгөөд тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэнэ гэдгийг Хотын дарга онцолж байсан юм. Мөн тэрээр энэхүү арга хэмжээнд нийслэлийн оршин суугч, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга дээрх аяны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоодод ашиглуулахаар шийдвэрлэсэн орон сууцны орчны газруудад тохижилтын төлөвлөлт хийж батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад, орон сууцны орчны газар ашиглалттай холбогдон гарсан зөрчлийг арилгах ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Мөн газрын эрхийн бүртгэлийн иж бүрэн байдлыг хангах зорилгоор уг аяныг зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд дараахь зарчмыг баримталж ажиллана:

-Орчны газрын эрхийг олгох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, санал авах;

-Газар ашиглалтыг зөрчлийг арилгах;

-Сууц өмчлөгчдийн холбоодод тохижилт хийх, гэрээний үүрэг биелүүлэх шаардлага тавих;

-Нийтийн гаражуудын ашиглалтыг сайжруулах санал боловсруулах;

-Орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгогдсон тохиолдолд уг асуудал тус бүрийг судалж, зөрчлийг арилгах зэрэг болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Хүчээ нэгтгэж байж том төслүүдээ хөдөлгөнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл баримтлал, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар танилцуулж,

– Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийг реформ

– Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шудрага ёсыг сахиулах засаглалын реформ

– Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур юм гэдгийг онцоллоо. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол хүний хувьд хавар цаг нь өвлийг өнтэй давсан баяр, сайн эхлэл, бүтээлч үйлсийн эхэн байдаг. Үүнтэй адил Монголын эдийн засагт ч урин хавар ирлээ.

Эдийн засаг сэргэж байна. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувь болж буурч байсан бол 2017 онд 5.1 хувь болж өслөө.

Төсвийн алдагдал буурч төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг 2 дахин буурууллаа. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ний 18.0 хувьтай тэнцэж байсан. 2017 онд ДНБ-ний 9.5 хувь байхаар батлагдсан боловч урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувьтай гарч төсвийн суурь үзүүлэлт эрс сайжирлаа.

Гадаад худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлсний үр дүнд валютын орох урсгал 2017 оны сүүлийн 2 сард 583 сая ам доллараар нэмэгдэж төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарлаа.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж байгаагийн илэрхийлэл юм.

Зээлжих зэрэглэлийн шат ахиснаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн ерөнхий чадамж сайжирч цаашдын чиг хандлага тогтвортой байна гэдгийг олон улсад харууллаа.

Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч ам.долларын ханшийг тогтворжуулж, буулгалаа. Төгрөгт итгэх итгэл сэргэснээр Монголбанк бодлогын хүүгээ буулгаж 10 хувь, заавал байлгах нөөцийн шаардлагаа ч бууруулж эдийн засаг тэлэх, хөгжих нөхцөлийг бүрдүүллээ.

Өрийн удирдлагыг сайжруулж Чингис бондын эхний хугацаатай өрийг бүрэн төллөө.

Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсанаас хойш Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн хэмжээг 1.4 их наяд төгрөг, ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 120.0 тэрбум төгрөгөөр буурууллаа.

Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг эрдэс, түүхий эдийн үнэ 2017 оноос тогтворжиж, цаашид зарим бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна.

Хэдийгээр эдийн засагт эерэг сайн үр дүн гарч байгаа боловч өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох шаардлагатай байна. Том төслүүдээ эхлүүлэх тал дээр нэгдсэн ойлголцолд ч хүрээгүй явна. Монгол Улс нутаг дэвсгэр, баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг орон. Нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ 3 хүний нэг нь ядуу амьдарч байна.

1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас өрийн гүнзгий хямралд нэрвэгдлээ. Хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагт санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж аюулгүй байдал, хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

Иргэдийн дунд сонгосон замдаа эргэлзэх, ардчилал, зах зээлийн үнэлэмж буурч, үгүйсгэх, буруутгах үзэгдэл нийгэмд тархаж байна.

Өнгөрсөн хугацаанд бидний гол алдаа юу байсныг эргэцүүлж үзвэл бидэнд сайтар төлөвлөсөн, нэгдмэл зорилт бүхий төлөвлөгөө байсангүй! Хамгийн гол нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх сэтгэл зүрх, нэгдмэл зориг эрмэлзлэл огт байсангүй.

Иймд манай Засгийн газар нэгэнт хэлэлцэгдэн батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн зам” хөтөлбөр гэх зэрэг бодлого, зорилт хөтөлбөрийг ахин дахин шүүж, нэгтгэх, уялдуулан нэгдмэл зорилго, шийдэл бүхий хөгжлийн төлөвлөгөө болгон боловсрууллаа. Бас 2030 он хүртэлх дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай ч нийцүүллээ. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтыг олон улсын стандарт индексүүдэд тулгуурлан тодорхойллоо.

Үүнийгээ бид ”Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хэмээн тунхаглаж, та бүхэнд танилцуулж байна. ЭДИЙН ЗАСГИЙН ТҮШИГ ТУЛГУУР НЬ САЙН ТӨЛӨВЛӨЛТ, САЙН ТӨЛӨВЛӨЛТ НЬ ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ ЮМ.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл баримтлал ба төлөвлөлт

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь бүхэлдээ бол 3 зорилт, 9 бүлэг, 27 шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсыг 2018-2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн суурь баримт бичиг бөгөөд 2015 онд батлагдсан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулсан юм.

“Шинэ зүйл гэдэг нь сайтар мартагдсан хуучин зүйл байдаг” гэх хэлц үг бий. Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөгөө тооцоотой 1958-1990 оны бүтээн байгуулалттай, 1990 оноос хойших 28 жилийн эдийн засгийн дүр зургийг 32 жилтэй харьцуулбал өөр дүр зураг харагдаж байна.

Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх найман таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тэр үед Эрдэнэт, Дархан, төмөр зам, хөдөө аж ахуй, атар газар эзэмшиж, ноос ноолуурын үйлдвэр зэрэг олон салбарт том бүтээн байгуулалтууд хэрэгжсэн байна. Үүнийг эргээд харахаар төлөвлөгөөтэй, зорилттойгоор зүтгэл шаардаж, хариуцлага нэхэж, тооцож байсан үе юм. Энэ үед Монгол Улс орчин цагийн хөгжилд ойртсон, иргэншсэн улс болон төлөвшсөн билээ.

Энэ бол хуучныг санагалзаж байгаа хэрэг биш. Дэлхийн эдийн засгийн бодлого тодорхойлогчид энэ зуунд Ази тивд эдийн засгийн үсрэнгүй өсөлт, дэвшил гарна гэдгийг хэлсээр байгаа. БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Хонгконг, Тайвань тогтвортой хөгжлийн бодлого, нэгдсэн төлөвлөлт зохион байгуулалтаар хурдацтай хөгжсөн. Бид энэ туршлага, загвараар хөгжиж Азийн шинэ хөгжлийн төв болж хөгжих боломжтой гэж үзэж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталсан.

Манай Засгийн газрын зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгон, өрсөлдөх чадвараа эрс дээшлүүлж, цаашдын үсрэнгүй хөгжлийн суурийг бэлтгэж үүнийгээ шударга ёс, сахилга хариуцлагатай, төрийн тогтолцоогоо бэхжүүлж, улмаар хуримтлагдсан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж, иргэдээ ажлын байраар бүрэн хангаж, амьдралын түвшинг нь эрс сайжруулахад оршино. Өөрөөр хэлбэл:

– Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн реформ

– Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах засаглалын реформ

– Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур юм.

Нэгдмэл төлөвлөлт бол “Гурван тулгуурт бодлого”-ын суурь юм. Хөгжлийн 162 бодлого, хөтөлбөр, баримт бичгийг шүүж, цэгцэлж нэгтгэсэн гэдгээрээ үнэ цэнэтэй, бодитой төлөвлөгөө болж байна. Салбар хоорондын уялдаа холбоог хангахад онцгой анхаарснаар нэгдмэл байдал хангагдаж, хөрөнгө хүчээ үр ашигтай зарцуулж, хүрэх амжилт тодорхой болно.

Сахилга, хариуцлага бол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын амин сүнс юм. Төлөвлөгөө гаргаж, зорилт дэвшүүлсэн бол түүнийг бүрэн хариуцах эздийг тохоон томилж, үүрэг, хариуцлагыг шаардах ёстой. Албан тушаалтнууд тавигдсан зорилтыг хариуцлага, сахилга баттайгаар гүйцэтгэж чадвал шагнал, урамшууллаа хүртэн, эс чадваас хариуцлагаа хүлээдэг зарчмыг нэвтрүүлж байж л хөгжил ирнэ

Одоо манай Засгийн газраас хэрэгжүүлэх “Гурван тулгуурт бодлого” багцалж дурдъя!

1. Эдийн засгийн реформ.

Эдийн засгийн реформ татварын реформоор эхэлж байна. УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулинд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бус ойлгомжгүй заалтуудыг цэгцлэх, татварын албыг чадавхжуулахын тулд энэ өөрчлөлтийг хэрэгжүүлж байна. Ганц жишээ дурдахад, 50 сая төгрөгөөс бага жилийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд орлогынхоо 1 хувьтай тэнцэх хэмжээгээр татвар төлж, санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгохоор хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан.

Ер нь Татварын гурван хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх болно.

Уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий, тогтворгүй эдийн засгаа олон тулгуурт эдийн засаг болгон хувиргах бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлнэ.

Үүний тулд байгаа нөөц, боломждоо тулгуурлан:

· Хүнсний экспорт, хөдөө аж ахуй;

· Аялал жуулчлал;

· Аж үйлдвэр, дэд бүтэц

гэсэн салбарыг хөгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлнэ.

Стратегийн ордуудаа ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар орлогоо эрс нэмэгдүүлж, “Ирээдүйн өв” сан, “Баялгийн сан”-гуудад хуримтлал үүсгэн, бий болсон хөрөнгөнөөс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг салбарт эн тэргүүнд хөрөнгө оруулах шаардлагатай байна.

Хоёр. Засаглалын реформ.

Засаглалын реформын хүрээнд эн тэргүүнд дараах шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж байна.

· ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

· ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ

· ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахыг зорьж байна.

Иргэд төр, засгаас шударга ёс, хариуцлагын тогтолцоог хатуу нэхэж шаардах болсон. Энэ шаардлага, хүлээлтэд нийцүүлж хууль, шүүх засаглалыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэн.

Хууль хэрэгждэггүй, тунхаг төдий байх юм бол дотоод гадаадгүй хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй болж, нийгмийн бүтээлч хэсэг цөхрөн дайждаг жамтай. Монгол Улс авлига, хээл хахуультай тууштай тэмцэж байж л гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зээлжих зэрэглэл гэх мэт бусад үзүүлэлтээ өөд татна. Ингэж байж л гадаад нэр хүнд өснө.

Төрийн албаны шинэчлэлийг нь “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн албыг төлөвшүүлэх” гэсэн гурван чиглэлээр хийхээр бэлтгэж байна.

Төрийн албаны шинэчлэлийн үр дүнд төрийн хяналт, шалгалт сайжран, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай, тогтвортой засаглалын зарчим тууштай хэрэгжих болно. Үүний зэрэгцээ санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдалгүй болгох, Төрийн албаны хариуцлагын тухай хууль боловсруулан хэрэгжүүлж, төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчилнэ.

Гурав. Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ.

Нийгмийн бодлогын шинэчлэлээр баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль, “Монгол хүний хөгжлийн хөтөлбөр”, “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Манай Засгийн газар энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлээ сонсож, хамтарч ажиллана. Хөгжлийн бодлого, татвар, нийгмийн даатгал, авилга, хүнд суртал, тэгш бус харилцааг зохицуулах зорилготой Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулан ажиллаж байна.

Манай нийгмийн тулгамдсан асуудал болох “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр” удахгүй хэрэгжиж эхэлнэ.

Баялгийн шударга хуваарилалт нь нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх хамгийн зөв гарц гэж бид үзнэ. Ядуурлыг арилгаж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд юуны өмнө ядуурлыг хяналтдаа авах ёстой. 250 мянгад хүрээд байгаа ядуу өрхийг мэдээллийн цахим сүлжээнд бүрэн бүртгэж оруулахаар ажиллаж байна.

Ядуурлыг бүртгэж чадвал хянаж чадна. Бүртгэл, судалгаандаа үндэслэн ядуурлыг шалтгаанаар нь ангилж, ангилал бүрт таарах хэрэгслүүдийг ажиллуулна. Заримд нь ажлын байр хэрэгтэй байгаа бол, нөгөө хэсэг нь мэргэжилтэй болох шаардлагатай байгаа. Үнэхээр халамж шаардлагатай хэсэг ч бий. Тэр бүхэнд тохирсон арга хэрэгслүүдийг ашиглан орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авахаар Засгийн газар ажиллаж байна.

Засгийн газрын хөтөлбөрүүд, салбарын төлөвлөлт зэрэгт ядуурлыг бууруулахтай холбоотой зорилтуудыг заавал оруулж, аж ахуйн нэгжүүдийг нйигмийн хариуцлагынхаа хүрээнд ядуу өрхүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гаргахыг уриалж, шаардах болно.

Эцэст нь хэлэхэд: Шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгаа тогтвортой хөгжүүлэн, иргэдийнхээ амьдралын түвшинг эрс сайжруулахад манай Засгийн газрын ойрын хугацааны бодлого, зорилго чиглэж байна.

Энэ хүрээнд:

· “Утаагүй Улаанбаатар-2020” төсөл

· “Шинэ хөдөө” төсөл

· “ХАА-н үйлдвэрлэл технологийн парк” төсөл;

· Газрын тос боловсруулах үйлдвэр, түүний дэд бүтцийн төсөл

· Төв цэвэрлэх байгууламжийн төсөл

· Усыг дахин ашиглах төсөл

· Хог хаягдлыг дахин боловсруулах төсөл;

· Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл;

· Тээвэр, логистик, дэд бүтцийн багц төслүүд;

· Эрчим хүчний багц төслүүд;

· Таван толгойн төсөл, түүний дэд бүтцийн багц төслийг хэрэгжүүжлнэ.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Нэг хүнд 132 мянган ам.доллар ногдохоор баялаг “Оюутолгой”-д байна

МАХН, МҮАН, ИЗНН болон Ногоон намын удирдлагууд Оюу толгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцууллаа. Энэ үеэр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг бид танилцуулж байна. “Оюутолгой” компани нөөцөө шинэчлэн тогтоосон байна. Өнөөдрийн ханшаар зэс 289.3 тэрбум ам.долларын үнэд хүрэхээр байна. 97.6 тэрбум ам.долларын алт, зургаан тэрбум ам.долларын мөнгө, 5.1 тэрбум ам.долларын молебдин гэж тооцохоор байна. Энэ мөнгийг нэгтгээд монголын хүн амын тоонд хуваавал нэг хүнд 132 мянган ам.доллар ногдохоор баялаг энд байна. Монгол Улс өөрийн 34 хувийг гадаадын компаниас зээлсэн. “Оюутолгой”-н гэрээнээс борлуулалтын хувь орж ирэхгүй байгаа төдийгүй алтаа Монголбанкинд тушаахгүй байгаа зэрэг олон асуудлыг энд дурьдаж болно. Монголын тал өнөөдөр баялгаа шавхагдан дуустал захиран зарцуулах эрхгүй болсон.

Ногоон намын дарга О.Бум-Ялагч, “Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон хэмээн эсэргүүцэж байсныг санаж байгаа байх. Хамгийн эмзэглэж байсан асуудал бол усны нөөцийн асуудал юм. Байгаль орчны үнэлгээ хийгээгүй. Арав дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах юм бэ гэдэг асуудалд өнөөдрийг хүртэл тайлбар өгөөгүй. Байгаль орчны үнэлгээний дагуу усны нөөцөө тодорхой болгооч. Тодорхой болгох хүртэл үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Оюутолгойн гэрээг ийм муу гэрээ хийж болохгүй гэж би байр сууриа илэрхийлж байсан. С.Баяр, С.Баярцогт нарт би хэлж байсан. Харамсалтай нь зүтгэсээр байгаад энэ гэрээг байгуулж байсан. “Оюутолгой”-д 400 тэрбум ам.доллараар хэмжигдэх баялаг байна. Монголд ямар ч ашиггүй гэрээ болсон. Монголын газар нутагт байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа өөрсдөө өртэй болчихсон. Үндсэн Хуулийн 6.1-ийг зөрчсөн. Үүнийг УИХ санаатайгаар хуйвалдаж өөрсдийнхөө хувийг 34 хувь байна гэж луйврын гэрээ байгуулах суурийг нь тавьж өгсөн байгаа юм. УИХ Засгийн газартайгаа хуйвалдаж Монгол ашиггүй гэрээний хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлж өгсөн. Дубайн гэрээ гээд 2037 он буюу ногдол ашгийн гэрээг 27-29 жилийн дараа авахаар болчихоод байна.

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “2009 оны 9 сарын 7-ны өдөр “Оюутолгой”-н гэрээг байгуулж байсан ажлын хэсэгт 34 заалт бүхий шаардлага хүргүүлж байсан. Өнөөдөр нэг ч заалтыг биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл энэ гэрээтэй холбоотой маргаан гардаг. Маргаан гарах бүрт монголд ашиггүй шийдвэр гаргадаг. Арваад жилийн дараа харахад энэ гэрээ бол хөрөнгө оруулалтын гэрэээ биш байж. Рио Тинто хөрөнгөө оруулаад 34, 66 хувиараа хамтраад ажиллая гэсэн биш мөнгө олж өгөх, зээл олж авах гэрээ болж хувирчээ” гэв. Иймд Оюутолгойн гэрээг эргэн харах, цаашлаад цуцлах хүртэл арга хэмжээг авах шаардлагатай хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Утаагүй, дугаарын хязгаарлалтгүй Улаанбаатар хот болох бодлогыг танилцуулав

bayarhuu

Монгол Улсын Эдийн засгийн чуулган “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орглогч П.Баярхүүгийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 46.2% нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65.8%-ийг бүтээж, их дээд сургуулийн 95.8%, аж ахуйн нэгжийн 67.0% байрлан, автомашины 68.2% зорчин, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна. Гэвч төвлөрлийг даган нийслэлд агаар, орчны бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт зэрэг тулгамдсан асуудлууд бий болсоор байна.

Хотын хүн амын 56 орчим хувь буюу 216,021 өрх гэр хороололд, 43.3% буюу 164,807 өрх орон сууцад амьдарч байна. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гэр хорооллын 216 мянга гаруй өрх, 3000 халаалтын зуух 80 хувийг, тээврийн хэрэгсэл 10 хувийг, дулааны цахилгаан станц 6 хувийг, бусад эх үүсвэр 4 хувийг тус тус үүсгэж байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүнд:

-Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон;

-Шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд түр зогсоосон;

-Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг баталсан;

-04.01 өдрөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт MNS5216;2016 стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг хориглосон;

-Агаарын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан;

-Улаанбаатар худалдааны танхимтай хамтран Ногоон сан ТББ байгуулсан;

-Агаар цэвэршүүлэгч, амны хаалт, бүх төрлийн цахилгаан халаагуурыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн;

-Түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон;

-Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс байгуулсан байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 55 хороо, 2-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 26 хороо багтаж байна. Дээрх бүсүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа газруудад халаалтын зуух хэрэглэхийг хориглох, дотоодын агаарын чанарыг сайжруулах ажлыг цэцэрлэг, сургуулиудад үе шаттай хэрэгжүүлж, өвлийн улиралд иргэддээ амны хаалт тараах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.Харин 3-р бүсийн 8 хороо, 4-р бүсийн 49 хороонд ямар ч тохиолдолд түүхий нүүрс түлэхийг хориглосон.

-ГЭР ХОРООЛЛЫГ ТӨВИЙН, ДУНДЫН, ЗАХЫН ГЭСЭН ГУРВАН БҮСЭЭР ХӨГЖҮҮЛНЭ-

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсээр хөгжүүлнэ.

Төвийн бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 23.9 хувь буюу 2317 га газрыг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой бүсэд орон сууцны хороолол, үйлчилгээний өндөр давхрын барилга, байгууламж барина.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийтдээ 24 байршилд 1473 нэгж талбарын 90 орчим га газрыг чөлөөлөн, дэд бүтцийн ажилд 104.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 5093 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Төвийн бүсэд 2018 онд нийслэлийн төсвөөс 10.1 тэрбум төгрөгийг зарцуулж инженерийн дэд бүтцийг барина.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлуудыг БНХАУ-ын Засгийн газрын 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй бүсэд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлнэ. 2017-2020 хүртэл нийт 50 “Дэд бүтцийн төв”- ийг барихаар төлөвлөж 2017 онд “Дэд бүтцийн төв” барих бэлтгэл ажлыг ханган техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 5 байршилд ажлын зураг төсөв хийсэн.

Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлээс 3 байршилд дэд бүтцийн төв байгуулна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их нягтралтай хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд “Дэд бүтцийн төв” барина.

Захын бүсийн гэр хороолол нь 4402.5га буюу 47.3 хувийн гэр хорооллын хэсэгт үе шаттайгаар бие даасан инженерийн шугам сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний хангамжид холбоно.

-ЯАРМАГ” ХОТЫН ШИНЭ ТӨВИЙГ БАЙГУУЛНА-

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлнэ.

Төлөвлөлтийн бүс нь өөрийн засаг захиргаа, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий хотын чанартай 2 төв, дүүргийн чанартай 6 дэд төвтэй байна. Үүнд: Хотын чанартай төвд “Их тойруу” болон Яармаг хотын төв, Дүүргийн чанартай дэд төвд Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ хот, Гурвалжин, Амгалан дэд төвүүд багтана.

Улаанбаатар хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор “Яармаг” хотын шинэ төвийг байгуулна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн бүртгэгдсэн байна. Хотын захиргааг Яармагт шилжүүлснээр хотын төвийн төвлөрөл буурах юм. Нийслэлийн төсвөөс 2018 онд эхний ээлжийн 1.6 тэрбум төгрөгийг төлөвлөсөн.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна.

2017 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 8.7 км урт ариутгах татуургын шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр 318 га газарт 7220 өрхийн 28533 иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдана.

Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-аар батлуулсан.

Хотын төвлөрлийг сааруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсийг ажлын байр, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хамт төлөвлөсөн.

Улаанбаатар хотод Ханын материал орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв, Морингийн даваа, Био-сонгино болон Улиастай ам зэрэг 7 байршилд шинэ суурьшлын бүс, түрээсийн орон сууцыг цогцоор нь хөгжүүлснээр 10,556 айлын орон сууц ашиглалтад орно.

Нийслэлийн агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд амьдардаг орон сууцгүй, 0.04 га–аас багагүй газартай иргэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцнаас нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаар дамжуулан орон сууцны урьдчилгаа 30 хувийг газраараа солин зээлд хамрагдах боломжийг бүрдүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилтийг Нийслэлийн орон сууцны сангаас 63 иргэнд олгож, нийслэлийн газрын санг 3.8 га-аар нэмэгдүүлсэн.

-ГОЛ БОЛОН ТУСЛАХ ГУДАМЖ ЗАМУУДЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМУУДЫГ ШИНЭЭР БАРИНА-

Нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан, авто замын сүлжээний гол болон туслах гудамж замууд болон тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барина.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 13.1 км авто замыг шинээр барьж, 2.2 км авто замыг өргөтгөн шинэчилж, Зүүн 4 замын гүүрэн гарцын барилгын ажлыг эхлүүлнэ. Тухайлбал: Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганцхудаг, Цагаан даваа чиглэлийн 3.0 км авто замыг барьж, туслах гудамж замууд болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барьж шинэчилнэ.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м гүүр болон Сонсголонгийн 289.4 у/м гүүр шинээр барих төсөл” зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

-ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ОРУУЛСНААР ЗОРЧИХ ОРЧИН САЙЖИРЧ, ХӨДӨЛГӨӨНИЙ ХУРД НЭМЭГДЭЖ, ТҮГЖРЭЛ БУУРНА-

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж, Улаанбаатар хотын хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусыг явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих орчин сайжирч, хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам дунд, том оврын 1,000 орчим тээврийн хэрэгслээр 620.0 мянган иргэдийг тээвэрлэн үйлчилж байна.

Нийтийн тээврийн их багтаамжийн автобуснаас 2017-2021 онуудад нийт 620 автобус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнээс хасагдана. Тиймээс жил бүр 200 CNG хөдөлгүүртэй автобусаар парк шинэчлэлт хийх шаардлагатай байна.

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 937 автобус 1 өдөрт 80.0 мянган литр дизель түлш шатааж, агаарт 400 кг PM ялгаруулдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд CNG автобусаар парк шинэчлэлт хийснээр автобуснаас ялгарч буй бохирдуулагч бодис буурна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлт, ялангуяа CNG автобусаар хийхээр БНСУ, Европын сэргээн босголт, хөгжлийн банканд хандаад байна.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци “Нийслэлийн нийтийн тээвэрт байгалийн хий нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр БНСУ-ын “Үжин Ар Ди Си” компанитай хамтран “Улаанбаатар байгалийн хий” ХХК компанийг байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​НИТХ-ын ээлжит бус III хуралдаан эхэллээ

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС III ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ зурган илэрцүүд

НИТХ-ын ээлжит бус III хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд эхэллээ. Хуралдаанд 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 31 төлөөлөгч хүрэлцэн иржээ. Хурлын ирц 69 хувь болж хуралдаан үргэлжлэхээр боллоо. Өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар:

-НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны I улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсох,

-Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэх,

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулгыг сонсох,

-НИТХ-ын бүтцийг өөрчлөх, “Хуралдааны дэг”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх,

-Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцуулж, төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлыг баталж, хэлэлцэхээр тогтов.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр Төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, хүлээлгэж өгөв.

Энэ төлөвлөгөө нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын энэ чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын анхны нэгдсэн төлөвлөгөө юм байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ҮАБЗ-д улирал тутам танилцуулж ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхэд үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн салбарт Беларусь улстай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Вовк Виталий Михайловичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимирович, Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн харилцааны ерөнхий газрын зөвлөх Павловский Павел Викторович, Гадаад хэргийн яамны Ази, Австрали, Африк, Латин Америкийн ерөнхий газрын Ази, Африк, Номхон далайн улсуудын газрын ахлах зөвлөх Ожигало Ольга Владимировна, “МАЗ” ХХК-ийн Зүүн өмнөд Азийн орнууд руу автотехникийг нийлүүлэх хэлтсийн дарга Ивашко Валерий Ярославович болон бусад албаныхан оролцов. Тус албаныхан нийтийн тээврийн салбар тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуй буюу хот тойрсон эрчимжсэн аж ахуйг сайжруулах, хот тохижилтын тоног төхөөрөмж, лифтны үйлдвэр бий болгох зэрэг асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.

Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Вовк Виталий Михайлович “Манай улсын зүгээс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Бид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтарч ажиллахаас гадна танай хотод лифтны үйлдвэр бий болгох, хот тохижилтын техник тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэхдээ таатай байх болно. Мөн манай улсын засгийн газрын зүгээс 50 сая еврогийн тусламж үзүүлэх болсон талаар дуулгахад таатай байна. Энэ хүрээнд хоёр тал олон салбарт өргөн хүрээнд хамтарч ажиллах бүрэн боломжтой” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид бүхэн таны саналыг маш таатайгаар хүлээн авч байна. Улаанбаатар хотод танай улсын “МАЗ” ХХК-ийн үйлдвэрлэсэн 20 автобус үйлчилгээнд явдаг. Эдгээр нь ямар нэгэн эвдрэл гэмтэл, асуудалгүй одоог болтол үйлчилгээнд явж байгаа. Тиймээс нийтийн тээврийн салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна. Нийслэл хотод энэ салбарыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Лифт ашиглалтын асуудал Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлын нэг. Хуучны байруудад лифт ашиглах нь маш эрсдэлтэй болсон. Олон жилийн эдэлгээнээс үүдэн хуучирч, ашиглалтын шаардлага хангахаа больсон. Тиймээс шинэчлэх ажлыг шат дараалан хийж байна. Одоогоор урд хөршөөс үнэтэй лифт оруулж ирж ашиглаж байна. Иймд найдвартай, боломжийн өртөг бүхий бага хэмжээний лифтны үйлдвэртэй болох талд хамтарч ажиллахад таатай байх болно. Хөдөө аж ахуйн салбарын хувьд Улаанбаатар хотын сүүний аж ахуй , хот тойрсон эрчимжсэн аж ахуйг сайжруулах талд хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй. Дээрх салбарт Бүгд Найрамдах Беларусь улстай хамтарч ажиллахад таатай байх болно. Хоёр улсын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж тус улстай хамтарч ажиллах төсөл хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтэд анхаархаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.