Categories
мэдээ нийгэм

Рио Тинто компаниас татварын маргаан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн мэдэгдэлийг хэлэлцэв

Гуравдугаар сарын 26-нд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Рио Тинто компаниас татварын асуудлаар маргаан шийдвэрлүүлэх талаар Засгийн газарт ирүүлсэн мэдэгдэлийн талаар болон Шведийн Стокгольмын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт хандан “Говь Коул энд Энержи” ХХК–ийн хувьцаа эзэмшигчээс гаргасан нэхэмжлэл, мөн зарим аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан байна.
Мөн Ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Газрын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, лиценз, газар эзэмших эрхийн татвар хураамжийн асуудлаар Сангийн яамнаас, “Монгол, Америкийн худалдаа хөрөнгө оруулалтын тухай ил, тод байдлын тухай хэлэлцээр”-тэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл сонсож, холбогдох яамдуудад зөвлөмж хүргүүлэхээр тогтов.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэдэх Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон 3 дугаар сарын 28-нд зохион байгуулах Монголын Эдийн засгийн чуулганы үеэр “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг”-т хэлэлцүүлэх асуудал, хувийн хэвшлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэв.

Хуралдаанаар зөвлөлийн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Зөвлөлийн хурлыг нээж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ:

-“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизмыг байгуулж ажилласан нэг жилийн хугацаанд багагүй ажлууд хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, итгэлийг сэргээх талаар ажиллаж байна.

Зөвлөлд одоогийн байдлаар гадаад, дотоодын байгууллага, хөрөнгө оруулагчдаас 125 санал хүсэлт, өргөдөл, гомдол, Мэдэгдэл ирүүлснийг зөвлөлийн ажлын алба хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Үүнээс гадны хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн 52 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг ажлын алба хүлээн авч шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулагчид эрх ашгаа хамгаалуулахаар шууд Засгийн газрын түвшинд гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлүүлдэг байнгын механизмтай болсон нь үр дүнгээ өгч эхэлж байна. Асуудлаа шийдвэрлүүлсэн бизнес эрхлэгчдээс бичгээр илэрхийлдэг болоод байгааг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ боллоо

Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Эх дэлхийн цаг” арга хэмжээ энэ сарын 24-ний бямба гаригт Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээг дэлхийн 180 гаруй улс орны 8000 гаруй хотууд жил бүрийн гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг ба айл өрх, албан байгууллагууд нэг цагийн турш гэрлээ унтрааж байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж нэгддэг юм.

Арга хэмжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулж нэг цагийн турш гэрлээ унтрааж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдсэн Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчын ажлын алба, түүний харъяа байгууллагууд, Шангри-Ла Улаанбаатар ХХК, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Улаанбаатар хотын банк, Монголын үндэсний музей, Бродвэй сүлжээ ресторан, Голомт банк, Монголын хөрөнгийн бирж, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө, “Блю Скай Эйжиа” ХХК зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

“Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, “Зориг сан”, ”Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран Монгол Улсад 10 дахь жилдээ зохион байгууллаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Энтеровирусын халдвараас сэргийлье

Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн 5 жилийн дундажаас 66 тохиолдлоор их байна. Өвчлөл 2 хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  1. Гарыг сайтар савандаж угаах;
  2. Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
  3. Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
  4. Улиралд тохируулан хувцаслах;
  5. Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
  6. Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
  7. Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
  8. Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
  9. Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
  10. Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом, хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;
  11. Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
  12. Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
  13. Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;
  14. Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлах;
Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарыг тэгш,сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар 2018 онд нийслэлд хэрэгжүүлэх автозам барилгын төслүүд, түгжрэлийг сааруулах бодлого болон боловсролын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад түр хугацаанд буюу ирэх сарын 15-аас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Ажлын хэсгээс хоёр төрлийн санал боловсруулсан байна.

Нэгдүгээрт: дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх юм байна. Ингэхдээ даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраана гэв. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Хоёрдугаарт: Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байна.

Мөн цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэх юм. Энэхүү төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тодотгожээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч болон тус улсын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

Х.Баттулга  В.Путин зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд гал түймэр гарч олон хүний амь нас хохирсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ. Уг эмгэнэлд

“ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИН ТАНАА

Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд түймэр гарсны улмаас олон хүний амь, түүний дотор хүүхдүүдийн амь эрсэдсэнд гүнээ харамсч буйгаа илэрхийлж байна.

Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Оросын ард түмэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

ЕГО ПРЕВОСХОДИТЕЛЬСТВО ГОСПОДИНУ ВЛАДИМИРУ ВЛАДИМИРОВИЧУ ПУТИНУ ПРЕЗИДЕНТУ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ

Искренне соболезную в связи с гибелью большого числа людей, в том числе и детей, при пожаре в торговом центре в г.Кемерово Российской Федерации.

От имени монгольского народа и от себя лично выражаю глубокие соболезнования родным и близким погибших, и российскому народу.

С уважением,

ПРЕЗИДЕНТ МОНГОЛИИ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өнгө өнгийн такси, өөр өөр үнэтэй

Томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээ, хүн тээврийн нэлээд хувийг такси компаниуд нуруун дээрээ үүрч явдаг. Харин манайд таксины компани ашиггүй учир хоосон орон зайг нь хувийн тэрэгтэй хүмүүс нөхөж байна гэдэг. Үдэш орой замын дэргэд гараа өргөхөд ямар ч хамаагүй жижиг тэрэг ирэхээр суучихдаг. Тэр такси биднийг гэрт минь хүргэх эсэхийг мэдэхгүй, тэр талаар юу ч бодоцгоохгүй. (Таксины жолоочийн үйлдсэн гэх гэмт хэргүүд өдөр бүр гардаг) Зорьсон газраа ирлээ гэхэд өөр өөр үнэ хэлнэ. Зарим нь бүр маршрут гаргаад тариф тогтоочихсон байдаг. Бензин, тос үнэртсэн, хир тоостой суудалтай, салж унах гэсэн жижиг тэрэг, тохилог, аятайхан такси хоёр ижилхэн тарифтай. Хувийн тэргэнд суучихаар хүний машинд дайгдаж, гуйж суусан юм шиг, ер нь жолоочийнх нь аясаар. Жолооч нь тамхи татвал дагаж дам тамхидалтад өртөнө. Ярианы сэдвийнх нь дагуу ам дагуулж тэрхэн зуур буу халахгүй бол төлбөр дээр мөнгө нэмж мэдэх.

Жуулчид “Улаанбаатарт такси маш ховор. Зөвхөн тусгай дугаар руу утасдаж дууддаг. Замын хажууд гар өргөхөд ирж зогссон жижиг тэрэгний жолоочид итгэж болохгүй” гэж нэгэндээ зөвлөж “Монгол руу аялал, жуулчлалаар явахаар төлөвлөсөн бол анхаарах 20 зүйл”-ийнхээ эхэнд Улаанбаатарын хувийн таксичдаас болгоомжил гэсэн байна билээ шүү. Такси компаниуд шинээр нээгдэх боломжгүй юм бол энэ халтуурчдаа чиглэл чиглэлээр нь багцалж баг, хоршоо болгож зохион байгуулалтад оруулмаар байна. Хүнээс мөнгийг нь авах гэж байгаа бол үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг нь нэг удаа ч болов хэлээд өгөхсөн. Тэгж байтал сайхан цаг ирж, алаг бөөртэй таксинууд олшрох нь мэдээж.


Categories
мэдээ цаг-үе

​Д.Сумъяабазар: Оюу толгойн төслийг зогсооно гэж мунхаглаж болохгүй

Холбоотой Зураг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Манай уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт орж ирэх хандлага байна уу. Өнгөрсөн долоо хоногт болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үр дүнгийн талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой болж өнгөрсөн энэхүү хуралд нийтдээ гадаад, дотоодын 130 гаруй аж ахуйн нэгж, ТББ, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оролцсон. Монгол Улсын хувьд уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь ихэвчлэн улирлын чанартай байдаг шүү дээ. Энэ үүднээс хуралд ирсэн зочид, төлөөлөгчдөд Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээ мэдээллээр хангахад чиглэсэн. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эрх зүйн орчноо маш тогтвортой байлгах, түүнтэй уялдаад төрийн бодлого нь тогтвортой байх ёстой.Түүнчлэн салбар хоорондын уялдааг хангаж, үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Гадаад, дотоодын төлөөлөгчид Монгол Улсын бодлого үйл ажиллагааны талаарх мэдлэгээ зузаатгаж, ойлголтоо зөв болгож чадсан гэж энэхүү хурлын үр дүнг дүгнэж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгаан нь эрх зүйн орчин таатай бус, ойлгомжгүй гэсэн тайлбар байдаг. Ер нь улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг түгжээд байдаг юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бид өргөн хүрээнд харж үзэх ёстой. Хөрөнгө оруулалтын орчин гэдэг бол урт удаан хугацаандаа тогтвортой байх, үйл ажиллагаагаа жигдлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд оршино. Мөн тухайн улс орондоо тогтвортой үйл ажиллагаа явуулснаар ашиг орлого, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэх, улс орны төсөв санхүү, макро эдийн засгийн түвшнийг сайжруулах зөв зүйтэй үр дагаврыг дагуулдгаараа гадаадын хөрөнгө оруулалт чухал. Бид хөрш зэргэлдээ улс орнуудаа харах ёстой. БНХАУ 1978 оноос гуравдагч хөрш орнуудад нээлттэй бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Тэр цагаас хойш 40 жил гадаадын хөрөнгө оруулалтыг татсан тогтвортой бодлогыг явуулж байна. Гэтэл бид дөрөвхөн жил гадаадын хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгаж чадахгүй байна. Тэгэхээр төрийн бодлого шийдвэр гэдэг бол урт хугацаандаа үр дагавараа авчрах, үр өгөөжөө олон түмэндээ хүртээмжтэй,тэгш байдлаар хүртээх, ажлын байраа хадгалж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох ёстой. Иймд тогтвортой хөрөнгө оруулалт, гаргасан шийдвэртээ хүрдэг хөгжлийн бодлого хэрэгтэй байна. Манай улс 28 жилийн хугацаанд нийтдээ 460 орчим хөгжлийн бодлого гаргасан байдаг. Энэ гаргасан бичиг баримт, бодлогоороо бол манай улс өнөөдөр хөгжилтэй 50 улсын тоонд орчих цаг хугацаа байлаа. Одоо бид хаана байна вэ. Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай байх, тэднийг үйл ажиллагаа явуулахад нь боломжит нөхцөл бүрдүүлэх нь юу юунаас чухал. Гэхдээ хөрөнгө оруулалт гэдэг бол аль нэг талын шахалт тулгалт, хэн нэгэнд ашигтай байдлаар явна гэсэн үг биш. Талууд эрх ашгаа эн тэнцүү байдалд аваачих ёстой. Хэн нэгний турхиралт сонирхлоор биш, алсыг харсан хөрөнгө оруулалтын гэрээгээ хийх хэрэгтэй.

-Таны хувьд энэ салбарыг аваад хагас жилийн нүүр үзэх гэж байна. Өмнө тогтсон алдаатай бодлогуудыг зөв голдрилд нь оруулахын тулд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Хийнэ, бүтээнэ гэдэг сэтгэлээр ажлаа авсан. Одоо ч бодол маань хэвээрээ зүтгэж байна. Ер нь уул уурхайн салбарын алдаатай бодлогыг засна гэдэг бол Засгийн газар, Их хурлын түвшинд хийгдэх ёстой ажил. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь гадагшаа гарч байгаа. Ингээд харахаар Монгол Улсын эдийн засаг яах аргагүй энэ салбараас бүрэн хамааралтай. Энэ хамаарлаас гарахын тулд өөр салбарыг хөгжүүлэх ёстой. Гэхдээ эхлээд энэ салбараа зөв болгож байж, бусад салбараа дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Эдийн засгийн гол тулгуур салбар нь зөв зам дээр гараагүй байхад бусад салбарыг дэмжиж хөгжүүлнэ гэдэг юу л бол. Тэгэхээр уул уурхайн салбарыг маш цэгцтэй, ойлгомжтой, хариуцлагатай, сахилга баттай, ил тод нээлттэй болгохын тулд бүх хүчээ дайчлан УИХ, Засгийн газар хамтдаа ажиллах хэрэгтэй байна.

-Том төслүүдийг яаж хөдөлгөх вэ?

-Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой, ураны төслүүд байна. Мэдээж хамгийн том төсөл нь Таван толгойн орд. Бусад хүрэн нүүрсний ордууд ч байгаа. Манай улсын нүүрсний нөөц ойролцоогоор 130 орчим тэрбум тонн гэсэн таамаг судалгаа байдаг. Одоогоор ТОД байгаа нь Таван толгойн нүүрсний бүлэг орд. Хуучин ЗХУ-ын геологичид, манай улсын геологичдын хамтарсан эрэл хайгуулын судалгаагаар 5.1 тэрбум тонын нөөцийг улсын нөөцийн санд бүртгэж авсан. Хэдэн жилийн өмнө олон улсын мөрдлөгө болгодог JORC стандарт руу хөрвүүлснээр Таван толгойн нүүрсний нөөц ойролцоогоор 7.4 тэрбум тонноор шилжиж бүртгэгдсэн байгаа. Өнөөгийн байдлаар Таван толгойн бүлэг ордоо манай улс иж бүрнээр нь нээж, нөөцөө хараахан бүрэн тогтоож амжаагүй байна. Өнгөрсөн жил Таван толгойн бүлэг ордод хамаарах Бор тээгийн орд дээр нөөц тогтоох хайгуулын ажлын үр дүн эерэг сайн мэдээ гарсан. Энэ нь чанарын хувьд Таван толгойн Зүүн цанхи Баруун цанхиас илүү нүүрс илэрч гарч ирсэн. Геологи хайгуулын ажилдаа Эрдэнэс Таван толгой компани жил бүр 4-5 сая доллар зарцуулдаг. “Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцаа эзэмшигчид нь манай ард иргэд, Монгол Улсын төр. Тиймээс Таван толгойн бүлэг ордыг аль нэгэн улсад юмуу,компанид давуу эрх олгосон байдлаар шийдэж хэрхэвч болохгүй. Иймээс бид одоо байгаа нөхцөлөө улам сайжруулж, хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа худалдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Таван толгойн Зүүн цанхийн орд дээр 2010 оноос хойш манай улстай хамтарч ажиллаж байгаа өмнөд хөршийн аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ.

БНХАУ болон ОХУ-тай бид зөв ойлголцож, худалдааны гэрээ болон тээвэрлэлт, олборлолт, борлуулалт дээрээ нөхцөлөө улам сайжруулаад үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх сонирхолтой байгаа. Баруун цанхийн орд дээрээ олон улсын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн дотоодын биржийн үйл ажиллагаагаа дэмжиж, хуулинд заасны дагуу тодорхой хувийг нь гаргах,түүнчлэн олон улсын санхүүгийн төв болох Нью-Иорк болон Торонто, Лондон, Хонгконгийн хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох ажлуудыг эрчимжүүлж эхлүүлэхийг цаг хугацаа биднээс шаардаж байна. Ингэснээрээ Эрдэнэс Монгол болон түүний охин компаниудын стандарт, компанийн засаглал, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадвартай болно гэж үзэж байна. Бид эхний ээлжинд иргэн бүрт ногдох Эрдэнэс Монголын давуу эрхийн таван сая ширхэг хувьцааг бүртгэх хэрэгтэй. “2031-2032 онд Монгол Улсын иргэн таван сая болохоор статистик гарсан байгаа”. Дараагийн ээлжинд 1072 ширхэг хувьцаа буюу Таван толгойн нийт хувьцааны 14.75 хувийг иргэд эзэмшиж байгаа. Үүнийг баталгаажуулж, бүртгэх ажил хийгдсэн. Эрдэнэс Таван толгойн нийт 15 тэрбум ширхэг хувьцаа болон түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө 11.9 их наяд төгрөг бүртгээд авчихсан байгаа. Салбарын сайдын хувьд Таван толгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр сүйхээтэй, хурдтай, мэдрэмжтэй хандахгүй бол дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ханш биднийг хүлээхгүй. Иймд цаг үеээ овсгоотой ашиглаж, орлогоо нэмэгдүүлэх ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой гэж үзээд төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

-Таван толгойн бүлэг ордын хувьцааг олон улсын санхүүгийн зах зээлд хэдийнээс гаргаж эхлэх вэ?

-Эхний шатанд бэлтгэл ажлыг хангах цаг хугацааны хуанли зургадугаар сарын 30, хоёр дахь бэлтгэл ажлыг хангах цаг хугацааны хуанли есдүгээр сарын 30, гуравдах бэлтгэл ажлыг хангах цаг хугацааны хуанли арваннэгдүгээр сарын 20 гэсэн тодорхой хугацааг зоогоод бэлтгэл ажилдаа орсон. Энэ хугацаандаа бүх ажлуудаа бүрэн амжуулж хийхээр зорьж байна.

-Манай улс далайд гарцгүй. Нүүрсээ гаргах ганц л сувагтай байна. Экспортлох урсгалаа нэмэгдүүлэхийн тулд төмөр зам тавина гэж олон жил ярилаа. Та үүнийг ажил хэрэг болгох уу?

-Таван толгой-Сайншанд, Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам бүрэн утгаараа хэрэгжиж, үйл ажиллагаа нь эдийн засгийн эргэлтэд орох шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн хүчитгэсэн авто зам, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Оюу толгой-Ханги-Мандал зэрэг төмөр зам, авто замын трансуудыг Зам тээвэр хөгжлийн сайдтайгаа ярилцаж, бодлогод нь уяж, хийж хэрэгжүүлэхийг кабинетийн гишүүний хувьд санал болгож байгаа.

-Ерөнхий сайд ирэх сард БНХАУ руу айлчилна. Энэ хүрээнд Таван толгой ямар нэг тохиролцоонд хүрч чадах болов уу?

-Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үедээ Таван толгойн бүлэг ордын төсөл дээр БНХАУ-ын талтай харилцан ашигтай хамтын ажиллагааны тохиролцоонд бүрэн хүрч чадна гэдэгт салбарын сайдын хувьд итгэж байгаа.

-Оюу толгой төслийг зогсооё, татан буулгая гэж ярьцгаах юм?

-Талууд харилцан үүрэг хүлээж, гэрээ байгуулсан. Тиймээс үүргийнхээ хүрээнд үйл ажиллагааныхаа уялдаа холбоог хангаж, төслийн үр ашигтай байдлыг сайжруулах тал дээр хоёр талаас ажлын хэсэг гараад хэлцэл хийн ярилцаж байгаа. Энэ гэрээг цуцлах ёстой гэж мунхагийн чанартай зүйл ярьж болохгүй. Хүний мөнгийг авчихаад ичихгүй ийм юм яриад зогсоно гэдэг бизнесийн соёл бүү хэл, хувь хүний бүдүүлэг алдаа. Мэдээж, эх орныхоо язгуур эрх ашгийг бодож байгаа бол Оюу толгой төслөөс орж ирж байгаа өгөөжийг тооцож, хөрөнгө санхүүг мэдэж байж дуугарах ёстой. Зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэхийг хүн бүр хүсэж байгаа. Оюу толгойн төслөөс хувь ногдсон ашгийг шууд нэг том далайлтаар нэмэгдүүлнэ гэдэг нь бүтэхгүй л болов уу. Рио тинто бизнесийн салбарын хүмүүст байгаа зовлонг нь бид бас ойлгох хэрэгтэй. Оюу толгой төслийг цаашдаа амжилттай хэрэгжүүлье л гэвэл маш сайн нэгдсэн ойлголцолд хүрч цааш явах ёстой. Иймийн тулд Засгийн газар болон хоёр тал ажлын хэсэг гарган талуудын эрх ашгаа эн тэнцүү байдлаар хангахаар ажиллаж байгаа болно.

-Оюу толгойн гэрээг муу болсон гээд л шүүмжлээд байх юм билээ. Таны бодлыг сонсъё?

-Засч залруулах зүйл бол байгаа. Яагаад Оюу толгойн гэрээ нэг талдаа Рио тинтогийн эрх ашиг байх ёстой юм. Энэ төсөл бол Монголын төсөл. Цаашлаад дэлхийн төсөл. Иймийн тулд бидний монголчуудын эрх ашиг бас байх ёстой.

Өнөөдөр бид хүүгийн зардлаа бууруулахаас эхлээд ярилцах асуудлууд нэлээдгүй байгаа. Жишээ нь хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүүний зардлыг бид 6.5 дээр нэмэх нь Libor энэ нь ойролцоогоор 8.4 хувийн хүүг хувьцаа эзэмшигчид болон 34 хувь Монгол Улсын Засгийн газар төлж байгаа. Энэ хүүний зардлаа бид тодорхой хэмжээнд буулгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Цаашлаад Оюу толгой төслийн зардлын хэтрэлтийн асуудал дээр бид ярилцах ёстой. Монгол Улсын хувьцаа эзэмшигчдийн 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд эх оронч байдлаар ажлаа хийгээсэй гэж салбарын сайдын хувьд хүсэж байна. ТУЗ-ийн гишүүд бол Засгийн газар болон ард иргэддээ болж байгаа бодит мэдээ мэдээллээр хангаж зөвд зөөлөн, бурууд ташуур болж ажиллах ёстой, үүрэг хүлээсэн хүмүүс.

-Оюу толгойн төслийг татан буулгалаа гэхэд мэдээж тэд арбитрт хандана. Өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтад зарцуулсан тэр их мөнгийг манай Засгийн газар төлөх болно. Оюу толгойг зогсоолоо гэхэд бодит байдал дээр яг ямар нөхцөл байдал үүсэх үү. Эрсдэлийг нь хэлж өгөөч?

-Төдийгөөс өдий болтол амжилттай хэрэгжиж байгаа дэлхийн хэмжээний томоохон төсөл зогсоно гэдэг юу л бол. Зогсоох сонирхолтой далдын хүч байгааг анзаарч харж байна. Оюу толгой төсөл бол Монголын төсөл шүү.

-Хувьцаа гэснээс Нью-Иорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр Риотинтогийн хувьцаа нэлээд унасан үзүүлэлттэй харагдана лээ. Энэ нь юуг хэлээд байна вэ. Дээрээс нь С.Баярцогтыг авлига авсан гэх асуудал босоод ирэнгүүт ард түмэн ч Оюу толгой төслийн талаар сөрөг ойлголт авах шиг боллоо?

-Оюу толгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш олон улсын санхүүгийн төв болох хөрөнгийн бирж дээр тус компани нь өөрийн хувьцаагаа гаргаж дэлхийн олон нийтэд нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулах, олон улсын стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж юм аа. Энэ том төслийг зогсоох, гацаах, гэрээг өөрчлөх талаар яригдаж байгаа мөч бүр та бидний эзэмшиж байгаа хувьцаанд, хөрөнгөнд, компанийн ашиг алдагдалд шууд нөлөөлдөг. Ийм л дүрэм журамтай. Тийм учраас олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан төслүүдийнхээ талаар ярьж хэлэхдээ тун болгоомжтой хандаж байгаач ээ гэж хэлмээр байна. С.Баярцогтын асуудлаар яригдаж байгаа зүйлүүд дээр хууль хяналтын байгууллагууд үнэн мөнийг нь тогтооно биз ээ. Үнэхээр авлигал авсан бол харамсалтай байна.

-Та Оюу толгойн төслийг явуулах тал дээр дэмжиж ярьдаг. Харин танай дэд сайд эсрэг байр суурьтай байх юм. Нэг яамны хоёр сайд хоёр тийшээ хараад суучихаар юу болох юм бэ?

-Ер нь шударга бус зүйлд Д.Загджав сайд дургүй. Түүнийгээ шууд ямар нэгэн цензургүйгээр хэлчихдэг зантай хүн. С.Баярцогттой холбоотой үүссэн асуудал дээр уурласан юм шиг байна лээ. Түүнээс яамныхаа бодлогын эсрэг бодол тээхгүй байлгүй дээ.

-Таны санаачилсан Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын түвшинд хэрхэн хүлээж авч байна вэ. Миний санахаар хоёр, гурван удаа танилцуулсан байх аа. Ерөнхий сайдтайгаа энэ асуудал дээр ойлголцож чадахгүй байна уу гэж харагдаад байгаа?

-Манай Ерөнхий сайд баялгийн сангийн асуудлыг 100 хувь дэмжиж байгаа. Миний бие ажил авснаас хойш уул уурхайн салбараас олж байгаа орлогыг иргэддээ хэрхэн тэгш хүртээмжтэй байдлаар хүргэх вэ гэдэг талаар бодлого боловсруулж Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүддээ эхний байдлаар танилцуулаад байгаа. Монгол Улсын Засгийн газар нэгдсэн ойлголт, бодлогод хүрсний дараагаар УИХ дахь намуудын бүлэг болон бие даагч нарт тухайлан танилцуулахаар бэлдэж байгаа. Мөн УИХ-д танилцуулах үүрэгтэй. Дэлхийн олон улсууд баялгийн сангийн талаар арвин их туршлага хуримтлуулсан байдаг юм билээ. Амжилттай хэрэгжсэн хэд хэдэн жишээнүүдийг дурдъя.

Норвегийн сан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Норвеги улс нийгэм, эдийн засгийн маш хүнд сорилтуудтай тулгарч, давж гарсан байдаг. Гудамжинд нь иргэн хүн нь өлсөж үхэж байсан тохиолдол маш их байсан. Үүнээс нь болоод нэн ядуу Норвеги улсыг Европын холбоонд аваагүй түүх бий. 1968 онд Норвеги улсад бурхан хишгээ хайрласан гэж өөрсдөө ярьдаг юм билээ. Энэ юу болсон бэ гэвэл хойд тэнгисээсээ хийн арвин их нөөцийг илрүүлсэн. Энэ их баялгаа иргэд олондоо тэгш хүртээмжтэй байдлаар хүргэх гэж 1990-ээд оныг хүрсэн юм билээ. Одоогийн бид бүхний нийгмээрээ амсаж байгаа зовлон тэнд байсан юм билээ. Мөн 1980-аад оны сүүлээр нефтийн арвин их нөөцөө бас илрүүлсэн. Ингээд 1990-1996 он хүртэлх хугацаанд баялгийн сантай болох гэж улстөрийн зовлонгуудыг даван туулсан байдаг. 1996 оноос эхэлсэн баялгийн сан 22 жилийн хугацаанд нэг триллион доллар буюу нэг их наяд ам долларт хүрч дэлхийн номер нэг сан болсон. Жилдээ 22-23 хувийн өгөөжтэйгөөр дэлхийн шилдэг 9000 гаруй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эзэмшдэг санхүүгийн асар том байгууллага болсон байна. 9000 аж ахуйн нэгж дотор дэлхийн номер нэг Ap­ple, Microsoft, Nestle, Ama­zon, Facebook гэх мэтчилэн томоохон компаниуд ордог. Эдгээр компани бүрийн 1-2 хувиас хэтрэхгүйгээр хувьцааг нь худалдаж авдаг менежмент явуулдаг. Мөн дэлхийн улс орнуудын Засгийн газруудын найдвартай бондуудыг худалдаж авдаг. Цэвэр ашиг нь зургаан хувь. Энэ нь мөнгөн дүнгээр 60 тэрбум доллар. Үүнийхээ 50 хувийг Засгийн газар нь авч төсөв санхүү болон нийгэм эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулдаг. Өөрөөр хэлбэл нийт нэг триллион долларын сангийн 30 хувь нь Засгийн газруудын бондод, 65 хувь нь 9000 аж ахуйн нэгжүүдийн хувьцааг худалдаж авахад, үлдсэн таван хувь нь хамгийн өндөр үнэтэй байршил сайтай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авахад зарцуулдаг. Жишээ нь Токио, Сингапур, Абу Даби, Нью-Иорк, Лондонгийн үл хөдлөх. Мөн Казакстаны Самурак-Казына хөгжлийн сан байна.

Казахстаны үндэсний хөгжлийн баялгийн сангийн загвар нь бидэнд илүү ойр гэж би үзэж байгаа. Жишээ нь Казакстаны сан болон бидний хийх гэж байгаа сангаас ялгагдах Норвегийн сангийн ялгаа нь, гол хуримтлалыг бий болгогч хүчин зүйл нь хий, газрын тос. Нэг баррель газрын тосыг олборлохдоо ойролцоогоор долоон ам доллар зарцуулдаг. Зарж, борлуулахдаа 70 доллар (одоогийн Нью-Иоркийн хөрөнгийн биржийн ханшаар) хүргэж 10 дахин ашиг хийдэг. Бидний эрхэлж байгаа уул уурхай бол массын уул уурхай. Бид 28 доллараар нүүрс олборлож, тээвэрлэдэг. Тэгээд 68 доллараар борлуулж 40 долларын ашигтай ажилладаг. Энэ нь манай сайн чанарын коксжих нүүрс. Орлогоо нэмэгдүүлж, баялгийн сандаа хуримтлал бий болгохын тулд нэн тэргүүнд өрсөлдөх чадвар болох дэд бүтэц түүн дундаа төмөр зам, хүчитгэсэн хүнд даацын авто зам, зэс, нүүрс угаах, боловсруулах үйлдвэрүүд, цахилгаан станц, ачих, буулгах цэгүүдийг яаралтай хугацаанд барьж байгуулах ёстой. Ингэж байж бид дэлхийд өрсөлдөх чадвартай уул уурхайтай болно. Баялгийн сантай болно. Казакстаны үндэсний хөгжлийн баялгийн сан нь массын уул уурхайг дэмжсэн нүүрс, зэс, газрын тос, хий, дэд бүтцийн төслүүдийг оруулсан баялгийн сан юм. Энэ нь бидэнд илүү ойр гэж үзэж байна. Норвегийн баялгийн сангийн схем дээр суурилсан Казакстаны үндэсний баялгийн санг ойртуулсан Монголын баялгийн сан босож ирэх ёстой.

-Геологийн хайгуул хийе гэвэл асар их хөрөнгө хэрэгтэй болно байх даа?

-Геологи хайгуул гэдэг бол уул уурхайгаасаа урьтаж 15 жилээр түрүүлж явдаг шинжлэх ухаан юм. Геологийн салбараа бодлого, санхүүгээр дэмжиж байж уул уурхайн салбар босож ирнэ. Геологи хайгуулын зардалд хэзээ эргэж төлөгдөх нь тодорхойгүй эрсдэл өндөртэй маш их хэмжээний хөрөнгө санхүү шаардлагатай байдаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ийм их хэмжээний эрсдэл үүрсэн ажлыг хийнэ гэдэг хэцүү.

-Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ ямар шатандаа явна вэ?

-Нефть боловсруулах үйлдвэртэй болохыг салбарын сайдын хувьд дэмжиж байгаа. ТЭЗҮ нь боловсруулалтын шатандаа яваа. ТЭЗҮ хүлээн авсны дараа тодорхой шийдлүүд гарна.

-Манай улс занар, хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Энэ түүхий эдээс нефть гаргах боломж юу байна вэ?

-Монгол Улс хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Бид хүрэн нүүрсээ аль болох богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр салбарын сайдын хувьд санаачилгатай ажиллаж байгаа. Жишээ нь, Канад улсын Торонто хотноо саяхан болж өнгөрсөн PDAC -2018 уул уурхайн форумд оролцох үедээ АНУ-ын Поларис Ассет компанийн удирдлагуудтай санал солилцож Монгол Улсын хүрэн нүүрсийг ашиглаж, түлш хий гаргах, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг төсөл хэрэгжүүлэх тал дээр ярилцаж санал нэгдэж одоо ажиллаж байна. Тус компанийн удирдлагууд саяхан Монгол Улсад ирээд холбогдох сайд нар, холбогдох орд газрууд дээр очиж ажиллаад сэтгэл ханамжтай байгаа. Энэ төсөл хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Ер нь гадны хөрөнгө оруулалтын банкаар энэ салбарын томоохон төслүүдийг явуулах боломж байгаа гэж харж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хаврын чуулганаар орно. Энэ хууль дээр их нухацтай хандах ёстой. Банкны санхүүгийн хил хязгаар гэдэг бол хүний нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйл биш. Энэ бол хэмжээлшгүй том орон зай. “Дойче”, “GP Morgan”, “Эксим” банкны удирдлагуудтай уулзаж, ярилцаж, хамтын ажиллагаа явуулах, хөрөнгө босгох тал дээр санал солилцсон. Монгол Улсад хэрэгжих гэж байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх томоохон төслүүдийг дэмжиж санхүүгийн болон эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Гагцхүү биднээс хүсэж байгаа зүйл нь хэрэгжих төсөл тов тодорхой байх, мөн хэрэгжүүлэх төсөл дээрээ Монгол Улсын Засгийн газар албан даалгавар өгч тодорхой хугацаа зааж ажиллавал сайн байна гэсэн.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн үйл явдлын товч

09.00 цагт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дэд сайд Б.Энхбаяр, ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

09.30 цагт “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах 5 арга” мэдээлэл, сурталчилгааны долоо хоног эхэллээ. Уг арга хэмжээг ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нар”-ын сургалт СБД-ийн 10 дугаар хороо, 7-р хороолол, Гүн шим сургалтын төвд болно.

09.30 цагт МСҮТ, Политехник коллежид суралцагчдын дунд болдог “Монгол ур чадвар” тэмцээний эхэлнэ. Өнөөдөр мужааны мэргэжлийн шилдгүүдийг тодруулах тэмцээн БГД, 10 дугаар хороололд байрлах Техник технологийн политехник коллежид болно.

09.30 цагт Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ ХНХЯ-нд болно. ХНХЯ, Судалгааны баг, Дэлхийн Банкны төлөөлөл 10.30 цагт хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөх ярилцлага зохион байгуулна.

10.00 цагт БГД-ийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн урд хэсэгт “ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН АГААРЫН ШУГАМЫН ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСТ” зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүүдийн хашааг албадан буулгах ажлыг БГД-ийн Газрын алба, МХЕГ, “ЦДҮС” ТӨХК хамтран зохион байгуулна.

12.00 цагт ХӨСҮТ-ийн хурлын танхимд олон улсын эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал болно.

14.00 цагаас Байгаль орчин, аялал жуулчлал, фирмийн аж ахуйг холбосон төсөл хэрэгжүүлж буйтай танилцах уулзалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.

18.00 цагт Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд Маврикий улсын шигшээ баг зочилж манай улсын “талын хөх чононууд”-тай нөхөрсөг тоглолт хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн үнэтэй алмаас “Ягаан од” 83.2 сая долларын үнэтэй

Катийн зүүж буй энэ бөгжний анхны эзэн нь Диан гүнж

Одоо дэлхий дээр жилд 100 орчим тонн синтетик алмаас үйлдвэрлэж, үйлдвэр болон гоёл чимэглэлд ашиглаж байна. Алмаасны чанарыг 4С гэсэн хэмжигдэхүүнээр үнэлдэг. С-carat буюу жин, С-clarity буюу тунгалаг байдал, C-color буюу өнгө, C-cut буюу зүсэлт гэж.

Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан алмаасуудын нэгдүгээрт, “The Pink Star” алмаас, 83.2 сая ам.доллар. 59.60 каратын энэхүү ягаан алмаас нь одоогоор дэлхийн хамгийн үнэтэй очир эрдэнэ гэгддэг. Хоёрдугаарт, “The Wittelsbach-Graff” алмаас 80 сая ам.доллар. Гүн хөх өнгөтэй уг алмаас нь 31 карат. Гуравдугаарт, “The Graff Vivid Pink” алмаас. 46 сая доллар. Английн тэрбумтан Графф Лауресийн уг алмаасыг 2010 онд 46 сая доллараар худалдан авчээ. Энэхүү ягаан алмаас нь 24.78 карат.

Харин “Кохинур” алмаасыг ямар ч дуудлага худалдаагаар оруулахгүй, ямар ч үнээр авах боломжгүй, үнэлэхийн аргагүй үнэт эрдэнэс гэж үздэг. 105 каратын уг алмаасын нэрийг утгачилбал “Уулсын гэрэл”. Энэтхэгээс гаралтай уг эрдэнэсийн төлөө дундад Азийн орнуудын хаад, ноёд хоорондоо тэмцэлдэж байжээ. Одоо уг алмаас Лондонд буй. Жуулчдын хамгийн ихээр зорьж очиж үздэг гол үзмэрүүдийн нэг нь.

Алмаас ховор учраас үнэтэй гэж ойлгодог. Гэтэл тийм ч ховор биш гэнэ. Харин түүний маш бат бөх чанарыг эвдэж үнэт эдлэл хийх явц нь өөрөө өртөг ихтэй учир тухайн эдлэлийг үнэтэй болгодог аж. Тиймдээ ч дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн, одоо ч үнэт эдлэл сонирхогчдын атаархлыг татдаг алмаасан шигтгээтэй бөгжнүүд очир эрдэнийн үнэ цэнийг улам бататгаж байгаа юм. Алмаасан шигтгээтэй бөгжнүүд олон зууныг элээн, олон эзний гарыг дамжихдаа элдэв түүх, домог яриагаар хачирлагдаж бидний үед иржээ.

Холливудын од Грэйс Келлигийн зүүдэг байсан алмаасан бөгж дэлхийн хамгийн алдартай үнэт чулуунуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Жүжигчин бүсгүйг Монако улсын гүнж болгосон энэхүү сүйн бөгж нь 10.47 карат бөгөөд одоо дөрвөн сая доллараар үнэлэгддэг. Түүний хуримын ёслолыг 30 сая хүн үзсэн байдаг.

Хунтайж Уильяамын гэргий Кэйт Миддлетон гүнжийн зүүж буй 12 каратын сафир чулууг очир эрднээр тойруулан чимсэн бөгжний анхны эзэн нь Диана гүнж байжээ. Уэйлсийн хунтайж Чарьлзын эхнэр Диана гүнжийн сүйн бөгж анх 60 мянган ам.долларын үнэтэй байсан ч эзэн хааны гэр бүлийн хувьд үнэлж болшгүй чухал эрдэнэ болсон тул түүхэн дэх хамгийн нандин эрдэнэсүүдийн тоонд тооцогддог.

Лийрэн хэлбэртэй, шар очир эрдэнийг Өмнөд Африкаас олсон бөгөөд 110.3 карат. “Нарны дусал” нэртэй уг алмаасан бөгж 10.9 сая доллараар зарагджээ. Уг алмаасыг 2010 онд олсон бөгөөд шинжилгээгээр 1-3 тэрбум жилийн настай гэж тооцоолсон байна.

Алдарт жүжигчин Элизабет Тэйлор энэ алмаасан бөгжиндөө маш их хайртай байжээ

Алдарт жүжигчин, сайхан бүсгүй Элизабет Тэйлор алмаасанд дуртай, алмаасан эдлэлийн хорхойтон байсныг урлаг судлаачид мэднэ. Тэрээр үнэт эдлэлийн томоохон цуглуулгатай байжээ. 33 каратын, тунгалаг, өө сэвгүй цагаан алмаасан бөгжиндөө хамгийн их хайртай байсан гэдэг. Нөхөр Ричард Буртон нь түүнд бэлэглэж байжээ.

I Наполеоны илдний бариул дээр, XV Людовик хааны титэм дээр гялалзаж Регентийн очир алмаас

Олон зуун жилийн турш түүхийн элдэв нугачаа, цаг төрийн үймээнийг даван туулж өнөө бидний үед ирсэн алмаасууд бий. Хараал шингэсэн, эзэд нь амиа алддаг, далдын хүчний хорлолтой гэх мэтээр “цоллогдож” ирсэн очир алмаасууд одоо дэлхийн өнцөг булан бүрт музейн үзмэр болон нийтэд дэлгэгдэж байна. Маш ховор хийцтэй, тансаг эрдэнэс учир харсан хүний харааг булааж, атаархах, шунах сэтгэлийг нь хөдөлгөдөг учир нүдний хор орж эздэдээ ээлгүй байсан байх магадлалтай гэж тайлбарладаг юм.

XVII зууны үед Султан хааны мэдэлд ирж байсан “Spoonmaker’s Diamond” алмаас нь 86 каратынх. Хааны угсааны олон эмэгтэйчүүдийн тэргүүн гоёл нь болж байсан энэ эрдэнэс Туркийн Топкап ордны музейд хадгалагдаж байгаа юм байна. Түүхэнд алдаршсан бас нэг алмаас бол “Орлов”-ын алмаас. Дэлхийн хамгийн том таван алмаасын нэг болох уг очир эрдэнэ нь Оросын Их Екатерина хатан хааны гоёл байжээ. Хатан хааны дотны хүн Григорий Орлов алмаасыг хатанд бэлэглэсэн түүхтэй. Тиймээс “Орлов”-ын алмаас гэж нэрлэх болсон бөгөөд Энэтхэгээс гаралтай үнэт чулуу. Орлов үнэт эрдэнэсийг хатан хаанд бэлэглээд хариуд нь сэтгэл зүрхийг нь эзэмдэж, гэргийгээ болгож авна гэж мөрөөддөг байжээ. Мөрөөдөл нь биелээгүйд ганцаардан шаналсаар нас барсан гэдэг.

Одоо Луврт хадгалагдаж байгаа Регентийн очир алмаас нь 410 карат. Энэ алмаас цагтаа I Наполеоны илдний бариул дээр, XV Людовик хааны титэм дээр гялалзаж байж. Энэ мэтээр дэлхийн улс орнуудын түүхэнд алмаас тодорхой хэмжээгээр мөрөө үлдээсэн байдаг. Харин Монголын Эзэнт гүрний үед Чингис хааны цэргүүд дэлхийн талыг эзэлж байсан ч үнэт эрдэнэс, тэр дундаа алмаасанд амиа тавьж, шунаж байгаагүйг түүхээсээ бид мэднэ. Хэрэвзээ Чингис хаан очир эрдэнэ, үнэт эрдэнэст дуртай нэгэн байсан бол одоо бид Чингис хааны алмаасан бөгж, алмаасан шигтгээтэй илд гэх мэтээр ярьж л байх байсан болов уу.

Грэйс Келлигийн зүүдэг байсан энэхүү алмаасан бөгж дэлхийн хамгийн алдартай үнэт чулуунуудын нэг

Гэхдээ хүн төрөлхтөн алмаас гэдэг эрдэнийн чулууны өнгө, тансаг үзэмжид нүд унагадаг ч очир эрдэнийг “Тэнгэрийн чулуу” хэмээн хүндэтгэсээр ирсэн байдаг. Алмаас зүүсэн хүнийг цахилгаан цахидаггүй, гэнэтийн ус үер хамж явдаггүй гэдэг номтой. Тийм ч болохоор Буддын шашинт улс орнууд алмаасыг оройн дээд Очирвааньтай эн зэрэгцүүлэн биширсээр ирсэн байдаг. Манайд ч ялгаагүй энэ үеэс эрдэнэсийн чулууг дээдлэн, өндөр гавьяа байгуулсан хүнд олгодог Монгол Улсын Баатар цолны тэмдгэн дээр таван ширхэг алмаас эрдэнийг таван хошуу хэлбэрээр шигтгэсэн байдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Тунгалаг: Ээжийнхээ мэргэжлийн гоё сайхныг дэргэдээс нь харж мэдэрч сувилагч болохоор сэтгэл шулуудсан

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнуулсан Гуравдугаар эмнэлгийн ахлах сувилагч Өлзийсайханы Тунгалагтай ярилцлаа.


-Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнуулсан танд баяр хүргэе. Өмнө нь сувилагч хүн ийм цол тэмдгээр шагнуулж байсан нь ховор шүү дээ?

-Юуны өмнө намайг энэ өндөр цолд тодорхойлж өгсөн гуравдугаар эмнэлэгийн хамт олондоо их баярлалаа. Эрүүл мэндийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгийг сувилагчид олгож буй хоёр дахь тохиодол нь энэ. Өмнө нь 1989 онд Эх нялхасын төвийн сувилагч Гончигийн Өөдөс гэж хүн гавьяат цолоор шагнуулж байсан. Энэ цагаас хойш 29 жилийн дараа би энэ шагналыг хүртэж байна.

-Эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаалгаж байна вэ. Таны ээж энэ салбарт их олон жил ажилласан гэсэн?

-Эрүүл энхийн манаанд нийт 45 жил ажиллаж гавьяат цол хүртлээ. Миний ээж энэ салбарт 42 жил ажиллаж гавьяаны амралтаа авсан. Ээж бид хоёр сувилахуйн салбарт 87 жил ажилласан юм байна лээ. Би бол ээжийнхээ мэргэжлийг өвлөж удам дагасан сувилагч.

-Сувилагчийн мэргэжил эзэмшихэд ээж тань их нөлөөлсөн байх. Ээжийнхээ талаар сайхан дурсамжаа хуваалцвал?

-Миний ээж хүүхдийн судсыг олохдоо гаргууд сайн тарианы сувилагч байсан л даа. Хүүхэд байхад ээжийг маань ажлаас нь “Хүүхдийн судас олдохоо байна” гээд өглөө, өдөр, шөнө хэдийд ч хамаагүй дуудаад л аваад явчихдаг байсан. Ээжтэйгээ сайхан амраад унтаж байхад шөнө хашааны хаалга давж орж ирээд, хаалганы хатавчаар гараа хийж онгойлгож шүдэнз зурж гэрэл гаргаад л дагуулаад явчихдаг байсан л даа. Би ээжийнхээ ажилладаг аймгийн хүүхдийн больницэд эмчлүүлж байхад хамт байсан хүүхдийн бие их муудаж эмч нар аваад тарианы өрөө рүү орчихсон. Ар гэрийнхэн нь уйлалдаад, эмч сувилагчид нь ч сандарч гүйлдээд одоо бодоход хэцүү дүр зураг нүдэнд харагддаг юм. Бужигнаж буй хүмүүс “ирлээ ирлээ” гээд шуугилдахад нь хаалга руу хартал ээж маань уртаа дээлнийхээ хормой дээр гишгэлсээр тарианы өрөө рүү орж хүүхдийн судсыг нь олж тариа хийснээр хүүхдэд амьдрал бэлэглэж байсан нь одоо хүртэл санаанд тодхон байдаг. Одоогоос 50 орчим жилийн өмнө судас олдог төхөөрөмжүүд манайд нэвтрээгүй, сувилагч л авьяас, мэдрэмжээрээ судсыг нь олж чадвал амь авардаг хүнд үе байсан шүү дээ. Тэр цагт ээжнийхээ мэргэжлийн гоё сайхныг дэргэдээс нь харж, мэдэрч сувилагч болохоор сэтгэл шулуудсан.

-Ажлын гараагаа хэдэн онд хаанаас эхэлж байсан бэ?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн л дээ. 1973 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаас л ажлын гараагаа эхэлсэн. Дараагаар нь 1980 онд армийн төв эмнэлэгт мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар ажилласан. 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл ээлжийн сувилагч, боолтын сувилагч, хагалгааны сувилагч, ахлах сувилагч гээд энэ ажлуудыг 32 жилийн турш хийж ирсэн дээ.

-Энэ мэргэжлийн гоё сайхан нь юунд оршдог бол. Эмчээс илүү сувилагчид өвчтөнүүдтэй илүү гардаж ажилладаг гэдэг шүү дээ?

-Хамгийн энэрэнгүй хариу нэхдэггүй мэргэжил бол сувилагч. Ээжийн минь олж хатгасан тэр судаснаас амь нь аврагдсан олон мянган хүмүүсийн үр хойч эх орны өнцөг булан бүрт л ажиллаж амьдарч байдаг. Энэ хүмүүсийн баярласан талархсан үг сэтгэгдэлд л сувилагч мэргэжлийн гоё сайхан нь оршдог юм даа. Эмч, сувилагч хоёрын ажлыг ялгаж, салгаж ерөөсөө болохгүй. Сувилагчийн ажлын хариуцлага хүний амь насаар хэмжигддэг, алдах эрх байхгүй. Санаатай, санаандгүй жижигхэн л алдаа гаргахад амь нас яригддаг учраас их хариуцлагатай, бас нэр хүндтэй мэргэжил юм.

-Анх та мэс ажилбарт орж хүний амь аварч байсан дурсамжаасаа хуваалцвал?

-1973 онд сургуулиа дөнгөж төгссөн шинэхэн сувилагч очоод ажиллаж байхад нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ирэхэд нь их л өрөвдөж ээж, аавыг нь дагаад уйлаад байж билээ. Гуравхан настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэнгэрт халихад их хүнд тусаж байсан. Дараахан нь манай тасгийн эрхлэгч Бадамсамбуу “Сувилагч хүн өрөвч, уян байх ёстой. Хүний зовлонд дасаж болохгүй хатуу байх хэрэгтэй. Хүн хүнийг дагаж мэлмэрээд байвал чи ажил хийж чадахгүй” гэж хэлж үнэтэй зөвлөгөө өгч байсан даа. Мэс заслын сувилагч болоод хариуцлагатай ажилбарт олон орсон. амжилттай болж эдгэрсэн хүмүүсийн талархлын үг хамгийн сайхан байдаг. Бид чинь үүнээс л ажиллах урам зориг авч явдаг юм шүү дээ.

-Сувилахуйн салбарын хөгжил манай оронд ямар түвшинд байгаа вэ?

-Сувилагч гэдэг маань эмчийн баруун гар, шадар туслагч нь байсан. Өнөөдөр бол бие даасан мэргэжил, бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн. Манай улсын хувьд олон улсын жишигт ойртож байна л гэж би хараад байгаа. Яг харьцуулахад хэддүгээр байранд ордогийг нь мэдэхгүй ч мэдлэг, чадлаараа хол хоцорсон зүйл байхгүй ээ. Сувилагчийн ажлыг нэр муутай, цалин багатай гэж хүмүүс ойлгодог учраас бидний үнэлэмж доогуур байдаг. Гэхдээ зах зээлийн ороо бусгаа үед алдар хүнд, албан тушаал, арилжаа наймаа алийг нь ч бодолгүй тарчиг ядуухан ч, сэтгэлээрээ баян байж түмэн олныхоо төлөө зүтгэдэг нь сувилагч нар юм.

-Өөрийн ажил мэргэжилдээ дурлаж, ажиллана гэдэг аз жаргал байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Би чинь жилдээ нэг ээлжийн амралт авахдаа энэ олон хоногийг ажилдаа очилгүй яаж өнгөрүүлнэ дээ л гэж боддог. Амралт дуусаад ажилдаа орохдоо наадамд явах гэж байгаа юм шиг л сэтгэл хөөрч догдолно шүү дээ. Манай эмнэлгийн хамт олон надад ийм сайхан ажиллах орчинг бүрдүүлж өгөөгүй бол ингэж сэтгэл татагдахгүй болов уу. Биднийг ажиллаж, амьдрахад бүх төрлийн дэмжлэг үзүүлдэг хамт олондоо талархал илэрхийлье.

О.ДАШНЯМ