Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төвтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зарласан.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд нийслэлийн дүүрэг бүрээс шилдэг таван бүтээлийг шалгаруулан ирүүлсэн юм.

Эдгээр шилдэг 45 бүтээлээс “Шинэ Монгол” сургуулийн 11-3 ангийн сурагч Б.Энэрэлийн бүтээл шилдгээр шалгарч, уралдааны тэргүүн байрыг эзэллээ. Харин хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 19 дүгээр 11дүгээр ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ, гуравдугаар байрт Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн 12-1 ангийн сурагч А.Маралмаа шалгарсан бол тусгай байрыг мөн л 125 дугаар сургуулийн 12-2 ангийн сурагч Б.Билигдэмбэрэл эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын үндэсний урлагийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

СУИС-ийн хамтын ажиллагаатай БНСУ-ын Урлагийн Үндэсний Их Сургуулиас /KNUA- Korean National University of Arts/ жил бүр зарладаг AMFEK буюу Art Major Faculty ‘Explore K-Arts’(hereafter, AMFEK) тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна.
Энэ тэтгэлэг нь мэргэжлийн уран бүтээлч, судлаач, урлагийг боловсрол олгогч зэргээр дамжуулан Соёл, урлагийн сүлжээ, хамтын ажиллагааг сурталчилах зорилготой. Оюутнууд мөн бусад улсын олон соёлын төрөл зүйлээс суралцах, өөрсдийн соёлыг сурталчилах боломжийг олгодог.

Хамрагдах салбар:

  • Хөгжим
  • Бүжиг
  • Дүрслэх урлаг
  • Драм, Кино/телевиз/мультимедиа
  • Солонгос үндэсний урлаг

Хамрагдах бүс нутаг: Ази, Африка, Латин Америкийн улсууд

Хугацаа: 2018 оны VI-XI сар

Шаардлага: Англи хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх

Тэтгэлэг: Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд онгоцны зардал, байр, сарын 900,000 воны тэтгэлэг зэргийг AMFEK хөтөлбөрөөс хариуцах болно.

Материал авах сүүлийн хугацаа ирэх сарын 20 хүртэл үргэлжилэх ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://eng.karts.ac.kr:8090/?MID=htmlContent&IDX=376 сайтнаас авна уу

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Гарын үсгээ дамладаг төрийн албан хаагчдад зовж зүдэрч олсон мөнгөө тушаах дур сонирхол хэнд ч байхгүй

Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ жил форумыг гурав болон тавдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өнөөдөр болсон форум нь эхний шат буюу Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг байсан бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор Татварын хуулийн шинэчлэл, агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуй зэрэг салбар хуралдаанаар үргэлжилж үдээс хойш Их танхимд хаалтын нэгдсэн хуралдаанаа хийв.

Монголын эдийн засгийн форумын “Хүчээ нэгтгэе” уриатай Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож хаалтын үг хэллээ.

ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

“Бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид цугласан хаврын “Хүчээ нэгтгэе” гэсэн чуулганд оролцож байгаа та бүхэнд энэ оройн мэнд хүргэе.

Би өөрийгөө хувийн хэвшил болоод төрийнхний аль, алийг нь төлөөлөх эрхтэй хүн гэж боддог. 1990 онд Монгол Улс чөлөөт зах зээлд шилжих үед хэдхэн тооны бизнес эрхлэгчдийн нэгээр нэрлэгдэж, тухайн үеийн эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Өнөөдөр Төрийн тэргүүний хувиар чуулганд оролцож, үг хэлж байгаадаа баяртай байна. Та бүхэнд дахин оройн мэнд хүргэе.

Өнөөдөр Монголын эдийн засгийн форумын хүрээнд Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлого болон Татварын хуулийн шинэчлэлийнхээ талаар хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцүүлэг хийж байгааг миний зүгээс талархан дэмжиж, цаг гарган оролцож байна.

Хавар болж, бүтээн байгуулалт өрнөж, их ажил ундрах цагт Засгийн газар өөрийн бодлого, хөтөлбөр, зорилтоо тайлбарлаж таниулах нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад дохио өгөх, чиг баримжаа олгох ач холбогдолтой байдаг. Тийм болохоор хаврын хэлэлцүүлгийг уламжлал болгон явуулж байгаасай гэж давхар хүсэх байна.

Манай улсын эдийн засгийн бүтэц олон үзүүлэлтээрээ эрүүл бус байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ байдлаас яаж гарах вэ гэж бид сүүлийн 10, 20 жил ярьж хэлэлцэж байгаа ч санаанд хүрэхээр үр дүн гарахгүй байгаа. Наад захын жишээ нь, төрийн албан хаагчдын тоо 189 мянгад хүрчээ. Намайг хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Засгийн газрын гишүүн байхад энэ тоо 140 мянга гэгддэг байсан юм. Гэтэл хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн нийгмийн даатгал төлж байгаа бүртгэлээс баримжаалбал 200 мянган хүн бизнест оролцож, тэндээс амьжиргаагаа залгуулж байна. Юу гэх гээд байна гэхээр татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг төрийн албаныхны тоо баялаг бүтээгчидтэйгээ бараг тэнцүү байна гэдэг нь эдийн засгийн хувьд яав ч эрүүл зүйл биш ээ. Төрийн мөнгө гэж байдаггүй, татварын мөнгө гэж байдаг. 200 орчим мянган хүн татвар төлөөд тэр мөнгөөр нь 189 мянган хүн төрд ажиллаж байна. Энэ бол эрүүл биш. Ядаж 2:1 харьцаатай байж эдийн засаг эрүүлжмээр санагдах юм.

Зарим модераторууд “Төрийн албан хаагчдыг чадваржуулъя” гэж байна. Үнэхээр чадваржуулбал, төрийн албан хаагчдын тоог 90 мянга хүртэл бууруулах бодит бололцоо бий. Ийм болгохын тулд Засгийн газар зоригтой алхам хийх ёстой. Сонгуулийн дүнгээс шалтгаалж, эсвэл хамаатан саднаараа төрийн албанд ажиллаад байвал энэ тоо ирээдүйд 250 мянгад хүрэх вий. Дахиад хэлэхэд, намайг Монгол Улсын сайдаар ажиллаж байхад төрийн албан хаагчдын тоо 140 мянга байсан бол одоо 189 мянга болсон байна шүү.

Төрийн алба данхайж, төрөөс хамааралтай орлогоор амь зуугчид, тэдний гэр бүлийнхэн нийлээд хүн амын гуравны нэг шахуу болох нь. Тэгэхээр бизнес хийх, баялаг бүтээх хүний тоо бас тэр хэмжээнээс хэтрэхгүй байна гэж харж байна. Энэ бол төр бизнесийг хумьж, дарамталж, боомилж байгаагийн маш том дохио. Яаралтай иргэдийнхээ бизнес эрхлэх эрх чөлөөг тэлж, боломж бүхнээрээ дэмжих хэрэгтэй байна. Залуучууд бизнес эрхлэх, чадвараараа илүү сайхан амьдрах хүсэл тэмүүллийн оронд төрд шигдэж, хэн нэг даргын далбаан доор амьдрахаа илүүд үзэх болсон гэдэг бол бидний хамгийн том эмгэнэл шүү.

Өнөөдөр өглөө хэлэлцүүлэг дээр эдийн засагч Ч.Хашчулуун ядуурал 29,6 хувьтай байна гэж мэдээлж байхыг харсан. Энэ нь улсын дундаж үзүүлэлт юм. Хөдөөд ядуурал аль хэдийнээ 35 хувиас давсан. Би 18 аймаг, нийслэлийн дүүргүүдээр иргэдтэй уулзалт хийж явахад хөдөөд бизнес бүрэн зогссон, олигарх бүлэглэл, цөөнхийн хяналтад бүх лиценз, ашиг орлоготой бизнес орж, орон нутгийнхан ажлын байр ч үгүй, цалин орлого ч үгүй болсныг хэлж байна. Түрүүнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хөдөөд 180 мянган ажилгүй хүн байна гэж хэлсэн нь үнэн шүү. Хөдөөд төрийн албанд ажиллаж байгаа хүн л цалинтай, тогтмол орлоготой болж, бусад нь бизнес эрхлэх ямар ч боломжгүй байгаад онцгой анхаарах хэрэгтэй шүү.

Засгийн газар Татварын багц хуулийн өөрчлөлтийг өнөөдөр дахин танилцуулж байна. Миний бодоход татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн хамаг боломжийг хааж, Монголын баялагт бүрэн хяналтаа тогтоочихоод байгаа клептокраси тогтолцоог халах чиглэлд дорвитой шийдлүүд гаргах хэрэгтэй байна. Клептокраси гэдэг нь 1800-гаад оны үед гарч байсан үг хэллэг. Биднийхээр бол цөөхөн гэр бүл төрийг, бизнесийг хамт атгахыг хэлж байгаа. Бидний хүчээ нэгтгэх гол чиглэлийн нэг энэ яалт ч үгүй мөн. Цөөнхийн хүлээснээс чөлөөлбөл бизнест том үүд хаалга нээгдэнэ. Засгийн газрын үндсэн үүрэг нь бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, хөрөнгө оруулалтыг жижиг том гэж ялгалгүй дэмжих юм. Гэтэл клептократ цөөнх хамаг ашиг орлоготой бизнесийг хамж, хяначихаад, гадаадын хөрөнгө оруулалтыг хүртэл өөрсөдтэй нь тохиролцохгүй бол боож хаадаг тогтолцоо хэвээр байсан цагт төр мянган хурал, хэлэлцүүлэг хийгээд татварын бодлогоо шинэчлээд ч үр дүнд хүрэхгүй. Би энэ асуудлыг мөн тендертэй холбоотой ярьж байгаа. Цөөхөн тооны хэдхэн компани тендер авдаг. Тендерын босго 10 тэрбум төгрөг гэхээр энэ хэмжээний орлоготой хэдэн компани байгаа билээ, тендерт оролцох ямар ч боломжгүй байна.

Төр бизнес эрхлэгчдийг цөөнхийн хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаалж, шударга ёсыг тууштай сахиулах, тэгш боломж олгох юм бол бизнес сэхээд, босоод л ирнэ. Төрийн өмчийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах тухай энэ хэлэлцүүлэг дээр нилээд яригдаж байна. Энэ бол хамгийн оновчтой аргуудын нэг нь. Олон нийтийн удирдлагад шилжинэ гэдэг компанийн засаглалын хамгийн зохист хэлбэр мөн. Үүнийг бид үе шаттайгаар хийх хэрэгтэй. Цөөнхийн хяналтаас бизнесийг салгах үндсэн арга зам бол энэ байж болох юм. Санхүүгийн зах зээл, капитал маркетийг энэ мэт бодлогоор дэмжиж хөгжүүлэх шаардлага тулгараад байгааг соргогоор хараасай гэж хүсэж байна. Одоо санхүүгийн зах зээл дээрх нийт активын 95 хувь нь арилжааны банкуудад ногдож байгааг өөрчилж олон улсын жишигт ойртуулахын тулд Хөрөнгийн биржийн арилжааг илүүтэй дэмжих шаардлага үүсчээ. Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Хөрөнгийн биржийн ажил нэлээд ахицтай яригдаж байсан бол одоо зогссон. Хөрөнгийн биржээр дамжуулж бид маш олон хөрөнгийн эх үүсвэр, хувьчлалыг иргэдэд хүргэх боломжтой. Харамсалтай нь, биржийн асуудал бодлогод тусгагдаагүй байна.

Өнөөдрийн Монголын хамгийн том дайсан, хөгжлийн садаа нь төрийн албан хаагчдын шударга бус байдал, авлига хээл хахууль болоод байгаа юм. Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулахгүйгээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй, бизнес ч олигтой цэцэглэхгүй. Мэдээж, тэнд авлига, хээл хахууль байгаа бол хэн ч тэнд хөрөнгө оруулахгүй. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийг цагдаа, сэргийлэхийнхэн байнга дарамталдаг. Энэ асуудлыг бүгд л ярьдаг, далд сэдэв болсон. Татвар төлөгчдөө дарамталж байж, цэцэглэн хөгжилтийн тухай ярина гэж хэзээ ч байхгүй. Олон бизнесмен энэ талаар гомдол гаргадаг.

Гарын үсгээ дамладаг төрийн албан хаагчдад зовж зүдэрч олсон мөнгөө тушаах дур сонирхол мэдээж хэнд ч байхгүй. Хэр удаан тэгж ажиллах юм бэ? Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, мэргэжлийн холбоодыг шалгаруулалтад зонхилох үүрэгтэй оролцдог болгомоор байна. Өнөөдрийн тухайд гэвэл тендерийг яам шалгаруулдаг буюу сайд мэддэг, Төрийн нарийн бичгийн дарга нар үүнд нь оролцдог. Энэ хэлбэрийг л болиулах хэрэгтэй. Мэргэжлийн холбоодод тендерийг өгөх хэрэгтэй. Харин мэргэжлийн холбоод нэг удирдлагатай болох хэрэгтэй. Өнөөдөр яамд тодорхой бусаар тендер зарлаад өөрийнхөө танил тал, намын нөхдүүдэд өгдөг. Иймэрхүү нэг жилийн настай тендерт ажлын байр хадгалагдах ямар ч нөхцөл байхгүй. Мэргэжлийн холбоод салбарынхаа тендер шалгаруулалтад хүчтэй оролцдог болохын тулд намын харьяаллаас ангид удирдлагатай болох ч шаардлагатай.

Мөн Монголын нэр хүндийг гадаад талдаа өргөх, бэхжүүлэх Үндэсний брэндчлэлийн ажлыг хийх, өрнүүлэх гэхээр тулгарч байгаа гол бэрхшээл нь дотоодод авлига, хуулийн засаглал сул байгаа байдал болоод байгаа юм. Гаднынхан та нар дотоод асуудлаа цэгцлэхгүй бол ямар ч хөрөнгө оруулагч итгэхгүй, ямар ч жуулчин танай улсыг баяртайгаар зорихгүй гэдэг. Дүр эсгэсэн бус жинхэнээрээ сайн засаглал бүхий улс болсон цагт л гадаад имиж, нэр хүнд, Үндэсний брэнд чинь тодорхой болж тогтох болно гэсэн зөвлөгөөг өгч байгаа. Тийм болохоор бид жинхэнээсээ сайн засагталтай улс болохын төлөө хүчээ нэгтгэхээс өөр зам байхгүй болжээ.

Хүчээ нэгтгэнэ гэдэг нь бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн, төрийнхөн миний шүүмжлэлийг хүлээж аваад хүчээ нэгтгээрэй гэсэн үг шүү.

Бизнест элдэв зөвшөөрөл олгох, хянах ажлыг хүний хүчин зүйлийн хамаарлыг багасгасан, цахим засаглалаар хэрэгжүүлдэг болох тал дээр Засгийн газар онцгой анхаарч, яаралтай шийдэл олж хэрэгжүүлэх нь чухал тулгамдсан асуудлын нэг болоод байна. Татварын тайлангаа биечлэн өгөх, газрын татвар болон бусад асуудлаар заавал байцаагчтай уулзаад байх шаардлагагүй, техник технологийн боломж нөхцөл бүрдчихсэн цаг шүү дээ. ТҮЦ машин гэдэг шиг шийдлүүд нь хүнд суртлыг арилгаж, төрийн дарамтыг сулруулах сайн шийдэл. Ийм загвараар төр, бизнесийн харилцаа, тайлан бүртгэл, хяналтыг хэрэгжүүлээсэй гэж хүсэх байна. Хүн хүнтэйгээ харилцах боломжийг асар бага байлгаж чадвал хүнд суртал, авлига хумигддаг сайн туршлагаас бид хойш суух шаардлагагүй. Хүний хүчин зүйлд найдвал төрийн алба авлигын голомт болон хувирдаг гэдгийг тэргүүлэх хөгжилд хүрсэн орнуудын туршлага хэлж байна.

Салбар хуралдаанууд дээр яригдаж байгаа санаануудад хошуу нэмэрлэхэд Аялал жуулчлалын талаар Төрөөс баримтлах бодлого өдий хүртэл боловсрогдоогүй, хэлэлцэгдээгүй байгаа нь салбарын хөгжлийн стратегийг харанхуй, таамаг хэлбэрээр төлөвлөхөд хүргэж байгаа хүчин зүйл гэж би харж байна. Аялал жуулчлалыг дорвитой нэмэгдүүлэх бодлого, стратеги байхгүйгээс түүх, уламжлал, зан үйл гэсэн төдийхнөөр үлэмж тооны жуулчин татахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Монголын байгаа боломжид тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэвэл олигтой эргэлт үүсэхгүй. Байж болох боломжид тулгаж аялал жуулчлалаа хөгжүүлэх талаар санаа тавимаар санагдаж байгаагаа илэрхийлье.

Өнөөдөр Монгол орон шиг арвин түүхтэй, үзүүлж харуулах зүйлтэй улс ховор байх. Харамсалтай нь, бид түүх соёлоо, байгалийн сайхнаа харуулж чаддаггүй. Зөвхөн манай бүсийг тойроод 3-4 цаг явах хооронд нийтдээ хагас тэрбум жуулчин жил бүр явж байгаа. Бид өөрсдийн хүлээж авдаг жуулчдын тоог хэлэхэд үнэхээр ичмээр тоо байдаг. Зөвхөн Өвөр Монгол өнөөдөр жилдээ 10 гаруй сая жуулчин авдаг. Чингисийн Монголыг тэднээр төсөөлж байна. Сингапур гэхэд алгын чинээ газар 17 сая жуулчин авч, гурав дахь нисэх онгоцны буудлаа барьж байна. Өөрийн түүхгүй улс аялал жуулчлалыг тэгж өндөр хөгжүүлж байхад бид өнөөдөр ямар түүхтэй билээ? Энэ тал дээр онцгой анхаармаар байна.

Мөн Хөдөө аж ахуйн салбарыг чуулганы үеэр олон ярьж байна. Асар том салбар маань өнөөдөр ямар байдалтай байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Би хоёр жил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа олон судалгаа хийсэн. Тухайн үед манай хөдөө аж ахуйгаас 10 сая ширхэг арьс, шир гардаг байсан. Одоо 15 сая болсон. Бүгдийг нь түүхийгээр нь гаргадаг. Энэ асуудлаар бид Европын холбоо, испаничуудтай нийлээд 10 сая ширхэг арьс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болчихсон байгаа. Ийм бэлэн зүйлийг аваад ажиллахгүй, дахиад эхнээс нь “А”-гаас нь хийх гээд байна шүү.

Өнөөдөр манай улсын ноолууран бүтээгдэхүүн Европ болон Япон руу татваргүй орж байгаа. АНУ-ын Конгресст ноолуур болон оёдлын салбарын бүтээгдэхүүнийг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хэрвээ энэ амжилттай хэрэгжих юм бол бид 30-40 мянган ажлын байрыг бий болгох боломж бүрдэнэ. Уул, уурхайгаас илүү хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалын салбарт онцгойлон анхаарахыг Засгийн газраас хүсч байна.

Мөн би агаарын бохирдол, утаатай холбоотой асуудлыг байнга ярьж байгаа. Энэ удаад эрх биш зуухнаас утаа гардаг юм байна гэдгийг хүмүүс ойлгосон байх. Асар их хохирлоор буюу 147 тэрбум төгрөг, 100 орчим сая ам.доллар зарцуулж байж энэ хохирлыг ойлгож байгаа. Намайг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дуудаж ирээд утаанаас салах боломжийг судалж, ажил хийх үүрэг өгсөн. Үүргийн дагуу ажиллаад дагуул хотын зураг, төслийг гаргасан. Түүнийгээ Засгийн газарт хүлээлгээд өгчихсөн байгаа. Мөн Засаг захиргааныхаа нэгжийг нүүлгэх ёстой. Газрын наймаачдад хамаг юмаа атгуулчихсан. Хот барих гэж байгаа газар дээр нь хэдэн хүн очоод газрыг нь авчихсан. Ийм арчаагүй байх юм бол энэ ченжүүд, мэдээлэлд ойр байж байгаад газар, лиценз авдаг энэ наймаагаар хөлжсөн ченжүүдэд бид дарагдаад, дарлагдаад байх юм бол Монгол Улс хөгжихгүй.

Товчхондоо хэлэхэд, хувийн хэвшлийнхнийгээ дэмжиж, бизнесийг задалсан төрийн бодлого байсан цагт ажилгүйдэл, ядуурлаас гарч, биднийг гаднынхан болоод ард түмэн тооно гэдгийг хэлмээр байна.

Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж, төрийн албан хаагчдын орон тоог цөөлж, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого гаргах хэрэгтэй. Банкны хүүн дээр зоригтой алхам хийх ёстой. Бид 21 дүгээр зуунд арилжааны хүүгээр аж ахуй эрхэлдэг. Энэ бол боломжгүй зүйл шүү. Монгол Улс 30 орчим тэрбум ам.долларын өрөнд орсон. Иргэд малчны, цалингийн зээлтэй. Энэ дотор ч гэсэн зээлгүй аж ахуйн нэгжүүд байхгүй байх. Маш хүнд үед би Төрийн тэргүүн боллоо. У.Хүрэлсүх ч гэсэн хүнд үед Засгийн газрын тэргүүн боллоо. Одоо хүчээ нэгтгэн хамтраад зоригтой хөдлөхөөс өөр аргагүй болсон” гэв.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгийн үед нийслэлд дараах 110 байршилд түр цугларна

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулна.Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт та бүхэн дараах түр цугларах цэгүүдэд шилжин байршиж дадлага сургуульд идэвхитэй оролцохыг уриалж байна. Нийслэлийн хэмжээнд түр цугларах нийт 110 талбайн мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.









Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Беларусийн Аж үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.03.28) Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М. Вовкийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Беларусь хоёр улс эдийн засаг, улс төрийн уламжлалт харилцаатай бөгөөд худалдаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол гээд олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд харилцан илэрхийлэв. Беларусийн сайд В.М.Вовк “Манай улс Монгол Улсаас экологийн цэвэр бүтээгдэхүүн болох малын ноос, арьс худалдан авахыг сонирхдог. Беларусь улс дотооддоо үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжөөр хөдөө аж ахуйн салбараа бүрэн хангаснаар жилд 5 тэрбум гаруй долларын бүтээгдэхүүнийг экспортолж байна. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн салбарт Беларусийн техник технологийг нэвтрүүлэх боломжтой” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Беларусийн Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк нар түүнчлэн Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт шаардлагатай байгаа техник хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийн талаар санал солилцлоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг

disappointment зурган илэрцүүд

“Гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг” гэж бялдаржуулах төвийн багш найз маань ярьсан юм. Түүний ажигласнаар жингийн илүүдэлтэй хүмүүс гоолиг сайхан биетэй болох гэж хэт их шунаснаас улам л бүдүүрээд байдаг гэнэ. Учир нь тийм хүмүүс хоолоо ч үнэн сэтгэлээсээ дурлаж идэж чадахаа больдог ажээ. “Ийм их хоол идчихлээ. Одоо нэмж таргална даа” гэх юм уу “Яах гэж энэ хоолыг идэв ээ” гэх зэрэг санаа зовоосон бодлууд таныг улам стрестүүлж, үүнээсээ үүдэн хүссэн, хүсээгүй жин нэмж эхэлдэг байна. Харин хоолоо аз жаргалтайгаар үнэн сэтгэлээсээ таашаан идэж байгаа хүмүүст хоол нь эрч хүч, сэтгэл ханамж өгч байдаг болохоор таргалалтын шалтгаан болох нь бага ажээ. Мэдээж хоолны илчлэг, хэдэн цагт идэж байгаа зэрэг нь хамаатай боловч таргалалтын шалтгааны жин дарах хувь нь тухайн хүний санаа зоволт.

Мөн турахаар фитнесст явж байгаа хүмүүс хийж байгаа дасгалуудаа ял мэт боддог нь бие махбодид нь сөргөөр нөлөөлдөг байна. “Яаж дасгал хийнэ ээ, цаг нь хурдан дуусаасай” гэж зүрхшээн бодож байгаа хүн жин хаядаггүй, хаясан ч эргээд амархан нэмдэг гэлээ. Тиймээс алив зүйлийг хийхдээ ял мэт санаж байгаа бол үр дүн гарахгүй гэсэн үг. Харин хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, түүнээс аз жаргалыг мэдэрч чадаж байвал үр дүн нь нүдэн дээр мэдэгдээд ирдэг байна. “Гоё байх, гоо үзэсгэлэн төгс амьдарна гэдэг бол нэг, хоёр сар фитнесст хичээллээд болчихдог юм биш, насан туршийн зөв дадлын үр дүн юм шүү” гэдгийг тэр багш бусдад байнга сануулдаг.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хосбаяр: Надад таван автомашин, жил бүр орж ирдэг 268 сая төгрөг, дөрвөн байр байхгүй. Миний ХОМ-ийн задаргааг харах хэрэгтэй

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нийт шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяртай ярилцлаа.


-Шүүгчдийн ХОМ олон нийтэд ил болсон. Үүнтэй холбоотойгоор таныг хамгийн “баян” шүүгчээр тодорхойлоод байгаа. Та өөрийн мэдүүлсэн хөрөнгийнхөө талаар тайлбар өгөхгүй юу?

-Өнгөрсөн жил би хамгийн “ядуу” шүүгчээр тодорч байсан бол энэ жил хамгийн “баян” шүүгч гэх нэртэй боллоо. Юуны өмнө төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлэг олон нийтэд ил байх нь хууль ёсных. Гэвч тэрхүү мэдүүлсэн хөрөнгийг зөв тайлж, олон нийтэд тайлбарлана гэдэг их чухал. Харин миний хөрөнгийн талаар олон нийтэд ташаа тайлбарласан. Тийм болохоор энэ асуудлаар тодорхой зөв ойлголт өгье гэж бодсон юм.

Зөвхөн минийх ч биш хэд хэдэн шүүгчийн эрх ашгийг хөндсөн учир тэдгээр шүүгчтэй хамтарч олон нийтэд энэ асуудлыг тайлбарлах байх гэж бодоод хэсэг чимээгүй байлаа. Гэтэл гадуур буруу мэдээлэл яваад байгаа учир үүнд тайлбар өгөх ёстой гэж хувьдаа бодлоо. Ерөөсөө алдаа гарчихаад байгаа юм. Тэгэхээр үүнийг залруулахгүй бол болохгүй ээ.

-Таны өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт үү?

-Тийм. Энэ хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг чинь санхүүгийн баримт бичиг шүү дээ. Тийм учраас үүнийг зөв уншиж сурах ёстой юм байна л даа. Гэтэл энэхүү баримт бичгийг хүн бүр зөв уншиж чадахгүйтэй холбоотойгоор зарим шүүгчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэгэхээр орлого гэж юу юм бэ. Энэ бол ашиг гэж ойлгож болохгүй. Орлого гэдэг бол миний дансаар дамжиж буй мөнгө болгон орлого болчихоод байгаа юм. Жишээлбэл, зуун сая төгрөгийн үнэтэй байртай шүүгч байлаа гэж бодъё. Энэ байраа жоохон томруулъя гэж бодоход банкнаас зээл авна. Ингээд өөрийнхөө байрыг зуун саяаар зараад, үүн дээрээ банкнаас авсан тавин сая төгрөгийнхөө зээлийг нэмээд зуун тавин сая төгрөг болж байгаа юм. Улмаар зуун тавин сая төгрөгөөр шинэ байр авлаа. Тэгэхээр хуучин байраа зуун сая төгрөгөөр зарлаа гэхэд миний дансанд зуун сая төгрөгийн орлого орж ирнэ. Дээр нь банкнаас зээлсэн тавин сая төгрөг миний данс руу орох болохоор нийлээд зуун тавин сая төгрөгийн орлого орж ирсэн гэсэн үг. Мөн зуун тавин саяаар шинэ байр авсан учир бараг 300 сая төгрөгийн орлого гэж уншигдахаар байгаа юм. Тэгэхээр тэрхүү хөрөнгө орлогын мэдүүлэгт орлого гэсэн багана дотор 300 сая төгрөг гэж бичигдэхээр байгаа юм. Үүнийг би ч сайн ойлголгүй явж. Тэгэхээр Ч.Хосбаяр гэх шүүгчийн орлого ийм хэмжээнд байжээ гэж Шүүхийн ерөнхий зөвлөл ерөнхий базсан хэлбэрээр олон нийтэд ил гаргасан. Тэгэхээр олон нийт намайг 300 сая төгрөгийн жилийн орлоготой гэж ойлгохоор байгаа юм. Гэтэл тийм биш. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тэрхүү 300 сая төгрөгийн орлого гэдгийн цаад задаргааг мөн гаргах ёстой. Гэтэл нийт шүүгчдийн орлогын задаргааг гаргах нь хэцүү, хууль бус байж мэдэх. Тэгэхээр яах уу. Олон нийтэд их хөрөнгө гэж харагдсан нэр нь гараад байгаа цөөн хэдэн шүүгчдийн эд хөрөнгийн задаргааг ил болгочихмоор байгаа юм. Тэгвэл их ойлгомжтой болно. Учир нь миний хөрөнгийн задаргаа руу оръё л доо. Тухайлбал намайг дөрвөн байртай, таван машинтай, 268 сая төгрөгийн орлого олсон гэсэн гурван асуудлыг яриад байгаа. Тийм болохоор Ч.Хосбаяр шүүгч хамгийн “баян”-аар тодорчихсон. Гэтэл миний өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг хараад зөв уншиж чаддаг хүн бол өөрөөр ойлгоно. Юу гэхээр 268 сая төгрөгийн орлогыг уншихдаа 200 саяын байр зарж. Харин 68 сая төгрөг нь орлого. Үүний 43 сая төгрөг нь цалин. Цалингийнх нь 25 сая төгрөг нь энэ шүүгчийн эхнэрийнх нь жилийн орлого гэж ойлгоно. Тэгэхээр дээрх 200 сая төгрөгийг Ч.Хосбаяр шүүгчийн жилийн орлого гэж ойлгох учиргүй юм. Энэ хүн байраа зарж, банкнаас зээл авч. Энэ бүх мөнгө нь өөрийнх нь дансаар ордог болохоор орлого гэж мэдүүлэх учиртай юм байна гэж ойлгох нь зөв юм.

-Гэтэл олон нийт Ч.Хосбаяр гэх шүүгчийн жилийн тогтмол орлого нь 268 сая төгрөг гэж ойлгоод байгаа шүү дээ…

-Үүнийг хүмүүс ашиг гэж хараад байгаа. Гэтэл 200 сая төгрөгийн байртай байж байгаад түүнийгээ зарж, 200 сая төгрөгтэй болсон. Харин байр байхгүй. Зүгээр л 200 сая төгрөгтэй болсон юм. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгийг хэн яаж уншихаас хамаараад тухайн хүний хөрөнгө янз янз гардаг юм байна. Өнгөрсөн жил намайг 660 сая төгрөгийн өртэй, хамгийн “ядуу” шүүгч гэж шалгаруулчихсан байсан. Өнөөдөр би 200 сая төгрөгийг нь төлчихсөн болохоор 400 сая төгрөгийн өртэй л байж байна.

-Таны орлого бол ийм юм байж. Гол нь хөрөнгийн задаргааг харах ёстой гэж ойлголоо. Тэгвэл таны мэдүүлсэн таван автомашин ямар учиртай юм бэ?

-Машин дээр би ингэсэн юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгдээ “Land rover”-ийн “Range rover” маркийн автомашин нэг гэж бичсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Land rov­er” компанийн үйлдвэрлэсэн “Range rover” маркийн машин л гэсэн үг шүү дээ. Гэтэл гадуур хоёр автомашин гэж ойлгож. Тэгэхээр надад “Land rover” гэдэг машин байхгүй. Ингээд нөгөө таваас чинь нэг нь хасагдчихлаа, тийм үү.

-За, тэглээ…

-Хамгийн тансаг хоёр машинтай гэж гадуур яриад байгаа болохоор би үүнийг тайлбарлаж байгаа юм. Миний мэдүүлсэн тэрхүү “Range rov­er” гэх автомашин бол гурван сая төгрөгөөр үнэлэгдсэн 1988 оны тэрэг юм. Үүнийг миний хөрөнгө орлогын мэдүүлэг зөв уншиж чаддаг хүн шууд мэднэ. 1988 оны машин шүү дээ. Энэ машины гэрчилгээ нь надад бий. Энэхүү машин Монголд 1996 онд орж ирсэн юм. Би энэ машиныг 2001 он хүртэл унсан уу даа. Тухайн үед би төрийн албанд ажилладаггүй байлаа. Ийм машин ч ховор байсан байх. Ингээд унаад явж байтал машины маань мотор нь цохьчихсон. Янзлуулъя гэхээр манайд сэлбэг нь олдохгүй болохоор нь айлын хашаанд аваачаад орхисон. Сүүлд дүүгээсээ миний нөгөө мотор нь цохьчихсон машин яасан бэ гэсэн чинь төмрийн сэлбэгэнд өгсөн гэнэ лээ.

-Тэгээд байхгүй болчихсон автомашиныг яагаад хөрөнгө орлогын мэдүүлэгдээ бичсэн юм бэ. Хасуулчихаж болоогүй юм уу?

-Хасуулж болохгүй байгаа юм. Учир нь тэр автомашин 2000 оны эхээр мотор нь цохьчихоор нь янзалж чадалгүй айлын хашаанд хаялаа гэж хэллээ шүү дээ. Тийм болохоор нэгэнт унахгүй байгаа машины татварыг нь төлөөгүй юм. Ингэж явсаар өдийг хүрсэн л дээ. Өөрөөр хэлбэл 18 жил замын хураамж төлөөгүй, угаасаа явахгүй байсан машин. Тийм болохоор Замын цагдаагаас хасаж өгөхгүй байгаа юм. Хасуулъя гээд очихоор ийм, ийм татвар төлөх ёстой гэдэг. Ийм асуудал байгаа болохоор л миний нэр дээр өдийг хүртэл яваад байгаа хэрэг шүү дээ. Нэгэнт миний нэр дээр байгаа учир хөрөнгө орлогодоо мэдүүлэхээс өөр аргагүй болчихож байгаа юм. Миний мэдүүлснийг зөв уншдаг хүн харвал энэ машин гурван сая төгрөгөөр үнэлэгдсэн, 1988 оны автомашин байна гээд л харчихна. За ингээд байхгүй хоёр машин хасагдчихлаа.

-Одоо гурван автомашины асуудал байна уу?

-Тийм ээ. Энэ гурван машин бас ийм учиртай. Миний эхнэр бид хоёр нэг, нэг автомашинтай. Би “Land-70”-тай, эхнэр маань “High lander” гэдэг машинтай. Харин тэр “Nissan murаno” маркийн автомашин нь миний эхнэрийн компанийн машин. Компанийн ажилчид ажилдаа унадаг л машин байхгүй юу. Эхнэр бид хоёрын машин хоёулаа лизингийх. Гэтэл намайг тансаг зэрэглэлийн таван автомашинтай гээд буруу ойлгочихоод байна. Миний өгсөн мэдүүлгийг нарийн унших хэрэгтэй байгаа юм л даа. Ороод уншихад бүгд л бичээстэй байгаа.

-Тэгвэл дөрвөн байрныхаа учрыг тайлбарлахгүй юу?

-Үүнийг би товчхон хэлье. Надад нэг байр байгаа. Миний амьдарч байгаа байр. Нөгөөх нь зуслангийн байшин. Үүнийг мэдүүлгээс харвал 25 сая төгрөгөөр үнэлэгдчихсэн байгаа. Гэтэл зун л амьдардаг 40 метр квадрат талбайтай жижигхэн байшинг орон сууц гэж яриад байгаа. Ерөнхий утгаараа ингэж үзэх ёстой л байх. Гурав дахь орон сууц гэдэг нь надад Гачууртад нэг хашаа байшин байдаг юм. Бас жижигхэн, 22 метр, квадрат. Би нохой тэжээх хоббитой. Түүнийгээ тэнд байлгадаг юм. Харин дөрөв дэх нь гучин жил амьдарч, гурван хүүхдээ төрүүлж, өсгөсөн Оросын өмчийн 17 дугаар хорооллын угсармал байр бий. Одоо тэнд манай дүү нар амьдарч байгаа. Энэ байрыг ч би хөрөнгө орлогын мэдүүлэгдээ бичдэг. Миний одоо амьдарч байгаа байр 300 сая төгрөгийн байрцаанд байгаа. Ер нь өөрийн гэсэн хөрөнгөтэй ч болж амжаагүй байгаа юм. Шуудхан хэлэхэд надад гадуур яригдаад байгаа шиг тансаг зэрэглэлийн таван автомашин, жил бүр орж ирдэг 268 сая төгрөг, дөрвөн байр байхгүй. Миний ХОМ-ийн задаргааг харах хэрэгтэй. Тэгэхээр нийт шүүгчдийн хөрөнгийн мэдүүлгийг ингэж задаргаагаар нь тайлбарлаж, гаргана гэхэд хэцүү л дээ. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс маргаан дагуулаад байгаа тэр хорь орчим шүүгчийн мэдүүлгийг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэчих хэрэгтэй юм болов уу л гэж бодоод байгаа юм. Ер нь Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага ХОМ-ийн мэргэжилтэн биш. Мэргэжилтэн нь Авлигалтай тэмцэх газар шүү дээ. Тийм болохоор мэргэжлийн байгууллага нь ХОМ-ийг задлаж, олон нийтэд тайлбарлах нь зөв. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарлаж, шүүгчийн хөрөнгөөр байр эзлүүлээгүй гэдэг нь ойлгомжтой. Харин ямар хүмүүс, ямар тоог нь аваад тэр шүүгч баян, тэр нь өртэй гэж гаргаад байгааг би ойлгохгүй байна. Үүний учрыг олох ёстой. Магадгүй намайг янз бүрийн хэргийг шийдэж байсан болохоор зориуд ингэж мушгисан мэдээлэл гадуур цацсан байж болошгүй гэж бий хардаж байгаа. Гэхдээ би ямар нэгэн хэвлэл мэдээлэлд ч юм уу зориуд миний хөрөнгө орлогын мушгисан хүнд гомдсон зүйл бол байхгүй. Эцэстээ ХОМ-ийг мэргэжлийн хүн л уншиж, олон нийтэд мэдээлэл ёстой байж дээ л гэж бодож байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид санхүүгийн баримт уншиж чаддагүй юм байна гэж ойлгоод байгаа юм.

-Төрийн албан хаагчдын хамгийн өндөр цалинг шүүгчид авдаг. Тэр утгаараа банкнаас зээл авсан шүүгчид их байна…

-Нэг үеэ бодвол шүүгчдийн цалин нэмэгдсэн нь үнэн л дээ. Хуучин бол шүүгчид айлын өрөө түрээсэлдэг, гэрт амьдардаг байлаа. Гэхдээ өөр боллоо гээд бид хөрөнгөжөөгүй. Бид зүгээр зээлээ төлж чаддаг л болсон. Тийм болохоор зээл авах сонирхолтой байдаг. Шүүгчид цалингаа хурааж байгаад автомашин авах ч гэдэг юм уу, эсвэл орон сууц худалдаж авах боломжгүй шүү дээ. Тэгэхээр зээл авч энэ бүгдийг худалдаж авахаас өөр аргагүй юм.

-Саяхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар телевизэд ярилцлага өгөхдөө зарим шүүгчдийг хууль бусаар хөрөнгөжсөн байдаг, авлигал авдаг гэх утгатай зүйл ярьсан. Гишүүний ярьсан шиг тийм шүүгч бий юу?

-Байна уу, үгүй юу гэдгийг харуулахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийт шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгосон шүү дээ. Тэр дотор дансандаа сая ам.долларын хөрөнгөтэй шүүгч гарч ирсэнгүй л дээ. Тэгэхээр Х.Нямбаатар гишүүн яг юу ярих гэснийг би сайн ойлгоогүй. Зүгээр шүүх засаглалд шинэчлэл хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм болов уу даа. Мөн шүүгч нарт сахилга бат, дэг хэрэгтэй гэх гэсэн үү, мэдэхгүй. Эрхэм гишүүн яг миний эсрэг юм ярьж хэлээгүй болохоор надад хэлэх юм алга.

-Шүүгч хүний гол бүтээгдэхүүн нь шийдвэр гаргах гэдэг. Таны өнгөрсөн хугацаанд гаргасан бүтээгдэхүүн хэр чанартай байсан гэж бодож байна?

-Би өнгөрсөн хугацаанд аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хараат бусаар ажиллаж чадсан гэж боддог. Миний гаргасан шийдвэрүүдийг маш хууль бус болчихлоо гээд гомдол гаргасан, эсэргүүцэж жагсан тохиолдол нэг ч байхгүй. Шүүгч хүн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг болохоор бүхнийг хуулийн хүрээнд зөв л гаргах ёстой. Тийм болохоор би зөв шийдвэр гаргасан гэдэгтээ итгэл төгс байгаа.


Categories
мэдээ нийгэм

3-р сарын 29-нд болох үйл явдлууд

09.00 цагт Монгол, Японы төвд “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн болно. Утас: 88209963
10.00 цагт ХНХЯ-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын уулзалт болно.

10.30 цагт Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны /Хонхор/ иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага, сургууль болно. Утас: 99007969, 99107367

10.30 цагт МЗХ-нд “Боловсрол төвтэй улс төр” хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Нээлттэй Нийгэм Форумд Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу орон нутагт сонсгол зохион байгуулах талаар Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Дорнод аймгийн удирдлагууд туршлага солилцох уулзалт зохион байгуулна.

11.00 цагт “Чингис” зочид буудалд “Чингис Хаан” бүрэн хэмжээний монгол хүүхэлдэйн киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос барилгын арматурын эрэлт, нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баянзүрх дүүргийн АН-ын дотоод сонгуулийн үр дүнгийн талаар Эрүүл ардчилал хөдөлгөөн, Шинэчлэлийн хороо, Ардчиллын анхдагчдын салбар зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Японы бизнесийн амжилтын нууц” уулзалт болно.

15.00 цагт “Live conference center”-т энэ сарын 31-нд болох “Дахин тэвчихгүй” хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилго бүхий тайван жагсаалын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

15.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах төсөл₮-ийн нээлт болно. Утас: 9900-2058 9900-0788

16.00 цагт Улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана.

Categories
мэдээ улс-төр

ЭЛЧИН САЙД Ё.ОТГОНБАЯР АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТРАМПАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Зураг

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэрийг 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Итгэмжлэх жуух бичгээ 2018 оны гуравдугаар сарын 23 буюу өнгөрөгч баасан гарагт гардаж авсан юм. Элчин сайд Ё.Отгонбаяр томилогдох үеэрээ АНУ-тай эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа улам өргөжүүлэх, визгүй зорчих бэлтгэлийг хангаж ажиллахаа илэрхийлж байсан. Мөн тэрбээр хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Багмид: Нефть импортлогчид нэгдэж чадвал томоохон нэг үйлдвэр элбэг барьчихна даа

Монголын анхны нефть боловсруулалтын инженер, доктор, профессор Цагаанхүүгийн Багмидыг урьж ярилцлаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр саяхан энгэрээ мялаасан Ц.Багмид гуай нефтийн үйлдвэрийн талаар иж бүрэн судалсан, социализмын үед Монголын анхны нефтийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан хүн билээ.


-Та Монголын анхны нефтийн үйлдвэр болох Зүүнбаянд ажиллаж байсан тухайгаа ярихгүй юу?

-Монголоос ЗХУ-ын Москва хотын Губкины нэрэмжит Нефтийн дээд сургуульд очиж суралцсан анхны дөрвөн хүний нэг байлаа. 1960 онд сургуулиа төгсөж ирээд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Би эхлээд хоёр сар орчим оператороор ажиллаад ерөнхий инженер болж 27 насандаа үйлдвэрийн дарга болсон. Уг нефтийн үйлдвэр 200 гаруй ажилтантай байсан. Улсад Налайхын дараа ордог том үйлдвэр байлаа. Тухайн үед Зүүнбаянд нефтийн үйлдвэрийг Монголын тал мэдэлдээ авчихсан байсан юм. Уг нь 1949 онд Зүүнбаянгийн үйлдвэрийг Оросын Засгийн газар байгуулсан юм. Нефть олборлодог, боловсруулдаг, хайгуул хийдэг гурван хэсэгтэй үйлдвэр байсныг 1957 онд оросууд манайд үнэгүй шилжүүлсэн юм. Мөн Сайншандад нефтийн баазтай байлаа. Энэ нефтийн үйлдвэр хаагдах болсон шалтгаан нь түүхий эд нь байхгүй болсон. Мөн газар дороос гардаг газрын тосны ил харагдах нөөц ч багассан. Зүүнбаянд тэр үед тогтоогдсон нөөц нь хоёр сая тонн байсан. Түүнээс бид 600 мянган тонныг нь аваад шууд ундарч гарч ирэхгүй болсноос цаашаагаа авч чадаагүй. Тухайн үед өнөөгийнх шиг техник технологи ч байсангүй.

-Тухайн үед манай улс нефтиэ боловсруулаад, шатахуунаа үйлдвэрлэдэг байсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бид газрын гүнээс нефтиэ аваад, гурван дамжлагаар боловсруулаад, бензин, дизель түлш, мазот, кокс гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байсан. Коксыг нүүрсний оронд түлдэг байлаа. Нүүрсийг бодвол 4-5 дахин илчлэгтэй түлш шүү дээ. Тухайн үедээ Дорноговь аймгийн хэмжээнд л түлшинд ашиглаж байсан. Мазутыг нь нэгдүгээр цахилгаан станцад хэрэглэдэг байлаа. Бензин, дизелиэр говийн хэдэн аймгийг хангадаг байсан үйлдвэр юм. 1962 оны үед бол Монгол Улсын шатахууны 30 орчим хувийг хангаж байсан. Ийм л хүчин чадалтай үйлдвэр байсан. Тухайн үйлдвэр 1950 онд ашиглалтад орсон гэж үзвэл 15-20 жилийн дараа тоног төхөөрөмжийг нь солих ёстой байсан. Шинэчлэл хийх асуудлыг 1968 онд Л.И.Брежнев манай улсад айлчлах үеэр ярьсан юм билээ. Л.И.Брежнев “Танайх үүнийг шинэчлээд хэрэггүй. Манай Ангарскт дэх үйлдвэр танай жилийн хэрэгцээг долоо хоногийн дотор л гаргана. Эндээс танайхыг хангаж өгнө” гэсэн зөвлөмж өгсөн шиг байгаа юм. Бид өөрсдөө шинэчлэх боломж байгаагүй тэгээд үйлдвэр хаагдсан.

-Манай улс нефтийн үйлдвэртэй болохоор олон жил яригдаж буй ч үйлдвэрээ барьж чадаагүй л байна. Нефтийн үйлдвэр барих санал санаачилга улсын хэмжээнд нийт хичнээн удаа яригдаж байсан бэ?

-Ерөнхий сайд асан Д.Содном гуай 1979 онд үйлдвэр байгуулах талаар санаачилга гаргаж, техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж Орос руу захидал бичиж байсан ч дэмжигдээгүй. 1990 оноос хойш хайгуул хөгжиж эхэлсэн. Миний хувьд 1994, 1995 оноос хойш яригдаж байсан бараг бүх төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлтэй нь танилцаж заримд нь шинжээч хийж байлаа. 50 мянган тоннын бага хэмжээний үйлдвэрийн 10-аад төсөл бий. 1998 онд “Оюуны ундраа” компани Налайхад нэг сая 500 мянган тонны үйлдвэр барья гэсэн төслийг хийсэн нь боломжийн гайгүй төсөл байсан. Хөрөнгө оруулалт нь бүрэн хэмжээгээр хятадынх байсан болохоор дэмжигдээгүй гэж ойлгосон. Жижиг үйлдвэрүүдээс нэрлэвэл “Сүмбэр ойл” компани Зүүнбаянд жилийн 50 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулах гэж нэг хэсэг явсан. Багануурт гэхэд одоогийн УИХ-ын дарга М.Энхболд шав тавьж байна л гэсэн. Багахангайд бас шав тавьсан гэх мэтчилэнгээр шав тавьсан газар бол олон байдаг. 2000 оны сүүлээр “Сод Монгол” компани Сайншандад үйлдвэр барина гэсэн. Энэ бүхнээс хамгийн гайгүй боловсруулсан төсөл нь 2000 онд “Алтан Дорнод” компанийн захирал Паушокийн 61-ийн гарам дээрх Рашаантад үйлдвэр барих төсөл. Орос талаас ч тэр манай талаас ч тэр энэ төслийг дэмжээгүй. Дараачийн яригдсан төсөл Дархан-Уул аймаг дахь үйлдвэр. 2008 онд “Тоёото” компанийн инженерээр техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэсэн. Бараг зураг төсөл нь бэлэн болчихсон. Гол асуудал нь хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэрийн түүхий эд нь заавал өөрийн улсын түүхий эд байх ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтоол гарчихсан байсан. Хэрвээ импортын түүхий эд хэрэглэх болвол гаднаас оруулж ирж байгаа шиг ялгаагүй импортоос хамааралтай хэвээрээ байна гэж үзсэн учраас дэмжигдээгүй. Дараа нь Аж үйлдвэрийн яам байгуулагдаж Бор-Өндөрт үйлдвэр барихаар техникийн үндэслэлийг хийж шав тавьсан. Одоо тэгээд Засгийн газар солигдоод Дорноговьд Энэтхэгийн зээл тусламжаар үйлдвэр барина гэж байх шиг байна.

-Хамгийн сүүлд шийдэгдсэн байгаа Дорноговь аймагт нефтийн үйлдвэр барих болсон төслийг та хэр сайн төсөл гэж харж байна вэ?

-Ерөнхийдөө бололцоотой газар. Гэвч аймгийн төвөөс 20 км зайтай газарт заавал хийх хэрэг байсан ч юм бил үү. Манай улс газрын тосоо Дорнодоос авч таарна. Тэгэхийн тулд 600 км газарт шугам зайлшгүй татна. Дорнодын талд газрын тос олборлож буй “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн нефть нэмэх 23 градуст царцдаг. Ийм газрын тосыг хоолойгоор шахахын тулд тусгай технологи хийх ёстой ч өртөг өндөрсөнө. Тамсагаас олборлож байгаа тосны 24 орчим хувийг л Монголын тал авах мэдэлтэй. Цаад үлдсэн 76 орчим хувь нь Хятадын Засгийн газар эсвэл хятадын компанийн мэдлийнх гэсэн үг. Тийм учраас газрын тосыг манай хүссэн хэмжээгээр өгөх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Энэ нь улсын бодлоготой холбоотой асуудал. Үйлдвэр байгуулсан нөхцөлд эхний ээлжинд манай талд өгнө гэж гэрээнд туссан заалт бас бий. Эхний ээлжинд өгнө гэдэгт ямар хугацаанд ямар хэмжээгээр гэсэн тодорхой тоо хэмжээ заагаагүй. Тамсагийнхан тэндээс тосыг дэлхийн зах зээлийн үнээр өгнө гэж байгаа. Дэлхийн зах зээлийн үнээр царцамтгай тос заавал авах нь хэрэгтэй ч юм уу. Хэрэв Оросоос түүхий эдийг авах болвол Ангарскаас л зөөнө. Энэ нь мөн оросын бодлоготой холбоотой болно. Тийм учраас бид үйлдвэр барихдаа улсын хэмжээнд бие даасан бодлого гаргаад явна гэвэл учир дутагдалтай. Тал талын ашиг сонирхлуудыг нэгтгэж хоёр том хөрштэйгөө бодлогоо уялдуулахгүй бол бид дангаараа шийдээд явбал нэг өдөр л ажил зогсоно. Ер нь боловсруулах үйлдвэрийн 84 хувь нь түүхий тосны үнэ шингэсэн байдаг гэж үздэг. 100 ам.доллар гэж үзвэл 84 доллар нь түүхий тосны үнэ байх нь. Тэгээд 84 ам.доллараар газрын тосыг дэлхийн зах зээлийн үнээр авчихаад дараа нь учиргүй хямдхан бензин үйлдвэрлэнэ гэдэг бас эргэлзээтэй.

-Манай улсад одоо нэмж газрын тосны нөөц илрэх болов уу?

-Дорнодын Тамсагаас өөр Зүүнбаянд 70 мянган тонныг олборлож байна. Тамсагийнх жилдээ нэг сая 500 мянган тоннын нөөцтэйгөөр олборлож байгаа. Үүнээс өөр газрын тос олборлож байгаа газар байхгүй. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай 1996 онд дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан тэр цагаас хойш 20 гаруй жил өнгөрсөн ч нэмж нөөц олоогүй л байна. Одоогоор нийт 20 гаруй газарт газрын тос байж болзошгүй гэж ихэвчлэн гадны хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил хийгдэж байна. Үнэхээр газрын тос байхгүй бол гадаадын компаниуд орж ирнэ гэж байхгүй. Байгаа нөөцийг илрүүлэхэд тодорхой хугацаа шаардагдаж байна. Дуулдаж байгаагаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд хятадын нэг компанийн эзэмшлийн талбайд нефть илэрсэн гэж дуулдсан. Илэрнэ гэдэг чинь байж ч магадгүй байхгүй ч байж мэднэ гэсэн үг. Дорнод аймагт бас илрэл гарсан л гэсэн. Манай улсад газрын тос Арабынх шиг ч юм уу хэт том орд илрэхгүй гэж геологичид үздэг.

-Нефтийн үйлдвэр барих гэсээр байтал дэлхий нийтэд орлуулах дэвшилтэт технологи гараад ирсэн. Манай Монголын нөхцөлд тухайлбал, байгалийн хийг ашиглах, нөөц байх бололцоотой юу?

-Манайд байгалийн хий байхгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ бол геологичдийн мэдэх асуудал л даа. Байгалийн хий байгаа тохиолдолд ашиглахад болно л доо. Гэхдээ хий чинь бас зохих хэмжээгээр боловсруулагддаг эд. Миний бичсэн “Шатахуун орлуулах алтернатив түлш” нэртэй нэг ном бий. Байгалийн хий, нүүрснээс шингэн түлш гаргах нүүрсний метан гэж бий. Дулаан орнуудад спирт хэрэглэж шатахуун гаргаж байна. Бразильд бидний уудаг спиртэд шатахууныг холиод хэрэглэдэг. Манай нөхцөлд газар тариалангийн ургац тогтвортой биш болохоор спиртээр орлуулах нь тохиромжгүй. Харин нүүрсээр шатахуун үйлдвэрлэх боломжтой. Их олон техник эдийн засгийн үндэслэлийг манайхан гаргасан байсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шатахууны үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэлийг хятадын компаниуд хийсэн байна. Жижиг, том маш олон төсөл байдаг ч одоогоор хэрэгжсэн юм байхгүй байна даа. Ер нь эрдэмтдийн үзэж байгаагаар 2050, 2060 оны үед шатахууныг орлуулсан түлшээр хийнэ. Устөрөгчийг хэрэглэнэ гэж үздэг. Одоо устөрөгчөөр явдаг автомашиныг түрүүчээсээ хийгээд эхэллээ.

-Манайх улс нефтийн үйлдвэртэй болоогүй шалтгааныг хоёр улсын бодлого болон манай улстөрчдийн хамаарлаас үүдэлтэй гэж бас үздэг. Өнгөрсөн хугацаанд үйлдвэртэй болох боломж үнэхээр байгаагүй хэрэг үү?

-Хардалт хэлж байх шиг байна. Манайх нефтийн үйлдвэртэй болчихвол гадны хамаарал багасна л даа. Валютын мөнгөн урсгал дотооддоо шингэнэ. Нефтийн үйлдвэрээ барьчихвал бид дотроо тодорхой зохицуулалтыг хийж болно. Хэрэглэгч нарт хямдхан гаргах уу, тухайн үйлдвэрт татаасыг нь өгөх үү, төсөвт импортоос орж ирдэг татварыг хэрхэх вэ гэх мэт зохицуулалтыг хийж болно. Хэрвээ нефтийн үйлдвэрээ барьчихвал хайгуулын ажил маш их идэвхжинэ. Манайхан үйлдвэр барьснаар ажлын байр нэмэгдэнэ гэж яриад байгаатай би санал нийлдэггүй. Миний үзэж байгаагаар үйлдвэрт үндсэн 300 гаруй хүн л ажиллана. Нефтийн үйлдвэр ихэнх нь автомат тохируулгатай учраас ажлын байр ихээр гардаггүй. Манай улсад олон жижиг үйлдвэр хэрэггүй дээ. Жижиг үйлдвэрээс чанартай бүтээгдэхүүн гардаггүй. Евро стандартад хүрдэггүй. Нефтийн үйлдвэр барих нь огт ашиггүй байна гэж байхгүй. Заавал ашигтай байх нь мэдээж. Уг нь нефть импортлогч нар бүгдээрээ нийлж нэгдвэл томоохон нэг үйлдвэр элбэг барьж байгуулчихна даа. Нэгдэх сонирхол байдаггүй шиг байгаа юм.

-Манай улсын нутаг дэвсгэрийн хоёр ч газар газрын тос олборлон гаргаж байгаа хэрнээ гадны компаниудад эрх мэдлийг өгчихсөн байгаа. Одоо нефтийн үйлдвэртэй болох тухай яригдаад эхлэхээр манайх дотоодоосоо дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авах нөхцөлтэй тулж байна. Та энэхүү гэрээг Монголын талд хэр үр дүнтэй болсон гэж үздэг вэ?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гадны компанид ихээхэн эрх мэдлийг өгчихсөн нь үнэн. Тухайн үед гадны хөрөнгө оруулалтад дэмжлэг хөнгөлөлт үзүүлэх ид сонирхолтой байсан үе. Уг нь бол Дорнодын Тамсаг дээр рояалти татварыг авах ёстой байсан. Өмнөх хуулинд рояалти татвар авна гэсэн заалт байсан. Манай гэрээ байгуулсан нөхдүүд мэдлэг, мэдээлэл дутуу байсан учраас рояалти татварыг аваагүй, шууд зардлөө нөхнө утгаар гэрээг хийсэн. Дорнодын гэрээ 1997 оноос эхлээд 2031 онд дуусгавар болно. Тэр үед Тамсагийн нөөц эрс буурна. Үнэндээ манай төр засгийн эрхмүүд үндэснийхээ мэргэжилтнүүдийг үгийг дуулахгүй гадны нэг нөхөр үг хэлбэл тэрийг нь дагаж хуйлрах байдал одоо хүртэл хэвээрээ байна. Одоо Дорноговь аймагт баригдах үйлдвэрийг заавал төмөр замаас 20 км зайтайгаар хийх шаардлага байсан гэж үү. Гурван км зайтай хийж болох байсан. Говь нутагт хаана ч тэгш тал олдоно. 20 км-ийг нөхөх авто зам, төмөр зам гээд л наад зах нь 200, 300 тэрбум төгрөг бас шаардагдах байх. Үүний цаана яг ямар ашиг сонирхол яваад байгааг нь хэлж мэдэхгүй юм. Зарим нь ундны усанд ойрхон хийхгүй гэж үзсэн гэсэн тайлбарыг хэлэх л байх. Олон км зам дэд бүтэц барьснаас ганц усны турба тавих нь өртөг хамаагүй хямд тусна. Манайхан хаана үйлдвэр барих вэ гэдгээ бараг сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг шиг бололтой юм. Эсвэл Монголын талаас гарах мөнгөнөөс шомбодох гэж зориуд өртөг өндөртэй байхаар болгодог ч юм уу хэн мэдэхэв.

-Та өнгөрсөн хугацаанд хаана ажиллаж байв. Эрдэмтэн, судлаач таны туршлага, мэдлэгийг залуучууд ашиглая, хамтран ажиллая гэх саналыг тавьж байв уу?

-Би Монголын анхны нефтийн үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад дараа нь Төлөвлөгөөний комисст ажилласан. Хангамжийн хороонд ажиллалаа. Эрхүүд худалдааны төлөөлөгч, яамны харьяа газрын эрдэм шинжилгээний захирлаар ажилласан. 1990 оноос хойш НИК ХК-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш ШУТИС-д багш, зөвлөх багшаар ажиллалаа. Мэргэжлийн чиглэлийн 10 гаруй ном гаргалаа. Өнгөрсөн хугацаанд миний үгийг дуулахаар ирж байсан хүн байхгүй ээ. Би Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзах хүсэлт гаргаад уулзаж чадаагүй. Ерөнхий сайд Сү.Батболдтой уулзах гээд бас чадаагүй. Яахав анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай хааяа уулзаж санал зөвлөлдөх юм даа. Намайг үйлдвэрийн дарга байхад Д.Очирбат Шарын голд ерөнхий инженерээр ирж байсан хуучны танилууд л даа. Одоо харж байх нь ээ Ашигт малтмал, газрын тосны газар гэх мэт мэргэжлийн яамд газруудад яг мэргэжлийн улсууд маш их цөөрсөн байна. Бараг байхгүй ч гэж хэлж болохоор. Байсан мэргэжлийн хүмүүсээ засаг солигдохоор халаад хөөгөөд явуулчихсан. Манайх шиг жижиг зах зээлтэй улсын хувьд нефтийн салбарын харьяа бүх газрууд нь хоорондоо маш уялдаа холбоотой ажиллаж чадвал гараас арай дөнгүүр ажил гарчихаар.