Categories
мэдээ нийгэм

“Шүдний цоорол өвчнөөс ангижирсан цэцэрлэг” 8 дахь батламж гардууллаа

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн дэвшүүлсэн “Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот” болох зорилтын хүрээнд Хэрлэн сумын 15-р цэцэрлэгт 2018 оны 1 дүгээр сард шүдний эмч Б.Батцэцэг, С.Наранцэцэг, сувилагч С.Ариунжаргал нар ажиллаж тус цэцэрлэгийн хүүхдүүдийн шүдний цоорол өвчнийг бүрэн эмчилж эрүүлжүүлснээр “Шүдний цоорол өвчнөөс ангижирсан цэцэрлэг” болсон тул батламж олголоо.

“Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот” болох зорилтот ажил нь анх 2015 оны 3 дугаар сард Хан-уул цогцолбор сургууль дээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн кабинетыг Хэрлэн сумын Засаг даргын шууд санаачлага, дэмжлэгтэйгээр шүдний эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр ханган стандартын дагуу тохижуулж, төгсөх ангийн сурагчдын амны хөндийг эрүүлжүүлэх ажил хийгдсэнээр эхэлсэн бөгөөд 2016 оноос Чойбалсан хотын алслагдсан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх зорилгоор Хэрлэн сумын төсвөөс нэмэлтээр зөөврийн бор машин 1-ийг авч өгснөөр 2016 онд 2 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг, 2017 онд 3, 4, 5, 7 дугаар цэцэрлэг, 2018 он гарсаар эхний 1 дүгээр сард 1 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлж, нийт 7 батламж олгосон бол өнөөдөр 8 дахь батламжаа 15 дугаар цэцэрлэгт гардуулан өглөө.

Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн сумын ЗДТГ-аас 2015 онд 25 сая төгрөг, 2016 онд 35 сая, 2017 онд 10 сая, 2018 онд 15 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийг эрүүлжүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна.

Зорилтот ажил эхлэхээс өмнөх үеийн судалгаагаар хүүхдийн амны хөндийн өвчлөлийн тархалт 86%, эрчим 4,5 – 5,0 байсан байна. Одоогоор 1164 хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлж, эрүүл шүдтэй эрүүл хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Categories
мэдээ улс-төр

Аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, хэрэгжүүлэх чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.

Семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв. Тэрээр Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар товч мэдээлэл өглөө.

Семинарын үеэр төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай болон Засгийн газраас боловсруулаад байгаа гурван тулгуурт хөгжлийн бодлогыг танилцуулах юм. Мөн бүх сайд салбарынхаа бодлого, зорилт, орон нутагт анхаарах асуудлын талаар мэдээлж, үүрэг, чиглэл өгнө.

Маргааш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Бензин, шатахуунтай холбоотой үүсч буй нөхцөл байдлын талаар гишүүдийн тавьсан асуулгад Засгийн газар хариулт өглөө. Засгийн газар А-80, АИ-92 бензинийхээ онцгой албан татварыг тэглэсэн. Таны хувьд бензин, шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ямар бодолтой яваа бол. Олны анхаарлыг татах сэдвийн нэг нь энэ болоод байна л даа…

-Засгийн газар онцгой албан татвараа тэглэх хууль эрх зүйн боломжтой. Тиймээс энэ хүрээндээ А-80, АИ-92 зэрэг бензинийхээ онцгой албан татварыг тэглэсэн. Бензин, дизелийн түлшний үнийн зохицуулалт гэдэг үе үеийн Засгийн газрын өмнө тулгардаг хүндхэн асуудлуудын нэг байж ирсэн. Бензиний үнэ нэмэгдэнгүүт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. 2012 онд салбарын дэд сайд нь Үнийн зөвлөл дээрээ бензиний үнийг нэмэх талаар ярьснаас болж үнэ нэмэгдэж үүнийг дагасан улс төр маш их явсан. Бүр бензиний үнэ хүртэл нэмэгдэж байлаа. Тэр утгаараа бензин, дизелийн түлш улс төржих сэдэв огт биш. Гадны орнуудын жишгийг харахад төр нь бензин, дизелийн түлшнийхээ асуудалд хутгалдан ордоггүй. Тиймээс үнийг чөлөөтэй орхиж, зах зээлийн зарчмаар нь явуулдаг. Үнэ тэгж тогтдог. Таван шатахуун түгээх станц байлаа гэхэд тэдний АИ-92-ийн үнэ ижилхэн байх албагүй. Тухайлбал, сүүний үнэ дэлгүүр бүрт өөр өөр байдаг шиг бензин ч гэсэн тийм байх ёстой л доо. Тэгэхгүйгээр төр хэтэрхий их хутгалдаж, бодлогоо барьж чадаагүйн улмаас хутгалдахаас өөр гарц байгаагүй. Бид хувийн компаниудаа буруутгах боломжгүй. Тэд ажлын байр бий болгож, улсад татвараа төлж байна. Манайхан Роснефтьтэйгээ сайн хэлэлцээ хийх ёстой. Цаашид төр хувийн хэвшлийн салбар руу аль болох хутгалдахаа болих хэрэгтэй.

-Дизелийн түлшний үнийг бууруулахгүй байхаар болсон. Энэ нь зөв үү?

-Микро автобус шугаманд явуулж амьжиргаагаа залгуулдаг айлууд цөөнгүй бий. Жижиг дэлгүүр ажиллуулдаг айлууд гэхэд бараагаа дизель түлш хэрэглэдэг машинаар бараагаа татдаг. Хот хооронд явдаг микро, автобусууд бүгд л дизель хөдөлгүүртэй. Тэгэхээр дизель түлш энгийн амьдралтай иргэдтэй шууд холбоотой. Дизель бага иддэг учраас дизель машинтай болъё гэсэн хүмүүс их байдаг. Дизель түлш тансаг хэрэглээ биш. Тэр утгаараа А-80, АИ-92-ийн онцгой албан татварыг тэглэснээр бүх асуудал шийдэгдчихэж байгаа юм биш. Дизель түлшний онцгой албан татварыг тэглэхгүй бол цаашид иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.

Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн гэдэг бол нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад монополь байдал үүсээгүй бол тэр компаниуд чөлөөт өрсөлдөөнд байж болдог. Тухайлбал, тавуулаа тохироод үнээ нэмнэ гэж байхгүй. Энэ тохиолдолд төр Роснефтьтэйгээ тохироогоо хийгээд явах шаардлагатай. Роснефтьтэйгээ тохиролцоогоо сайн хийж чадвал чөлөөт зах зээлийн зарчмаар явуулсан ч үнэ дундаж инфляцитайгаа уялдаад явна.

-Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барина гэдгээ мэдэгдсэн. Ер нь үе үеийн Ерөнхий сайд нар бүгдээрээ нефть боловсруулах үйлдвэр барина гэж мэдэгдэж байсан ч ажил болж чадаагүй. ТЭЗҮ-ээ хийгээгүй байж яаран мэдэгдэл хийлээ гээд байгаа?

-Нефть боловсруулах үйлдвэр барих шиг хэрэгтэй зүйл гэж үгүй. Дотоодоосоо нефтиэ хангаад эхэлбэл жинхэнэ утгаараа чөлөөт зах зээлийн зарчим үйлчилнэ. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын нэг шийдэл. Үүнийг дэмжих ёстой. Тэд харин хэлснээ ажил хэрэг болгох хэрэгтэй.

-Та Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байна. Уг хуулийн төслийг өргөн барьснаар төсөвт ямар өөрчлөлт орох вэ. Төсвийн тухай хуульд ямар нэгэн цоорхой байна гэж харсан учраас хуулийн төсөл өргөн барьж байгаа байх?

-Төсвийн тухай хуульд норм, нормативыг тогтоож өгье гэдэг заалт нэмж байгаа юм. Хуулинд маань үлгэрчилсэн норматив гэж байдаггүй. Харин 1990 оноос өмнө бол байсан. Тухайлбал, 160 хүүхэдтэй цэцэрлэгт 20-25 багш багшилна гэдгийг нь тогтоогоод төсвийг нь тэд байна гээд тогтоочихоор цалин нь боломжийн хэмжээнд байх юм. Хэдхэн жилийн дотор төрийн албан хаагчдын тоо 160 мянга руу дөхчихлөө. Дунд нь төсөв хуваарилаад үүнийг зарцуул гэхээр орон тоогоо нэмээд төсөв нь хүрэхгүй болохоор бага цалин өгдөг. Тиймээс төрийн бүтэц данхайгаад байгаа юм. Нэг Их хурлын гишүүн манай тойрогт нэг сургууль, цэцэрлэг байгуулна гээд санал хураалган дэмжүүлдэг. Гэтэл өнөөх нь зураг, төсөвгүй байх жишээтэй. Зураг төсөв нь гарсан зүйл чинь ямар ямар материалаас эхлээд бүх зүйлийг нь нарийн тооцоолж гаргасан байдаг. Тиймээс бид төсөв дээр норм, нормативаа тогтоож өгье гээд байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг нь норм, нормативаар шийдэгддэг болох ёстой. Хувийн хэвшлийнхэн норм, нормативтэй. Гэтэл төрийн байгууллагад энэ нь алдагдсан. Төсвийн бүх байгууллагад аудит хийвэл хичнээн хэмжээний зөрчил илрэх вэ. АТГ-ынхан шалгалт хийгээд явж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр норм, нормативтай холбоотой.

Хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг барихад тээврийн зардал өндөр гардаг гэдэг. Орон нутагт барилгын компани бий шүү дээ. Яагаад заавал Улаанбаатарт байгаа барилгын компанийг орон нутгийн тендерт оруулдаг юм бэ. Тэднээс болоод аймгийн мөнгө орон нутагтаа үлдэхгүй байна. Тэр хүн нь Улаанбаатартаа ирээд машинаа унаад явж байгаа. Аймагт нь тендерийг нь өгч тэнд нь ажлын байр нэмэгддэг, үйлдвэр, аж ахуйн нэгж нь байгуулагддаг зарчим руу оруулахын тулд норм, нормативыг тусгаж өгье гэсэн юм.

-Төсвийн тухай хуулийн хэдэн зүйл, заалтыг өөрчлөх юм бэ?

-Төсвийн тухай хуулийн 22.2-т шатлалаар, захирагчаар, эдийн засгийн ангилалаар нь хөтөлбөр, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрээр гэж ангилдаг. Гэтэл ангилал нь байгаа мөртлөө төлөвлөлтийн технологи ажил нь байдаггүй. Ямар нэгэн хэмжээ хязгаар байхгүйгээр зарахгүй байдал үүсэх ёстой. Үлгэрчилсэн нормаа гаргачихвал үдийн цайнд ийм ийм зүйл байна гээд БСШУСЯ, Эрүүл мэндийн яам гаргаад өгчих ёстой байхгүй юу. Энэ жишгийн дагуу явчихаар сүүлд нь аудит орохоор бодитой болно. Тэгэхээр энэ хууль хоёрхон зүйл заалт мөртлөө маш сайн зохицуулалт болж өгч чадна. Үүнийг хуулинд хийгээд өгч чадвал ирэх жилийн төсвийн алдагдал бага гарна. Хариуцлагатай болно, тендерийн будилаан багасна. Одоо манайхан их хэмжээний төсвөөр бага юм хийж байна гээд бид үглээд байдаг. Үлгэрчилсэн норматив нь байхгүй юм чинь аргагүй шүү дээ.

-Хэзээнээс хэлэлцүүлж эхлэх бол?

-Хаврын чуулганаар батлагдаж таарах байх. Хууль сурталчилах, хэрэгжүүлэх ажил нь явж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс 2019 оны төсөв энэ хуулийн дагуу хийгдэх ёстой. Миний хувьд норм, нормативын хүрээнд төсвөө цэгцтэй батлах тал дээр анхаарч ажиллах бодолтой байгаа.

-Та мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг салгана гэсэн. Яг ямар зөрчил үүссэн гэж үзээд байгаа юм бэ?

-Улсын бүртгэл, оюуны өмч нийлснээр оюуны өмч нь айлын шоовдор хүүхэд шиг болсон. Нэг үгээр хэлбэл зүгээр л оюуны өмчийг бүртгэдэг газар болж хувирсан. Оюуны өмчийн газар чинь бүртгэлийн газар биш байхгүй юу. Олон улсад оюуны өмчийн байгууллага эдийн засгийн байгууллага байдаг. Учир нь бүртгэгдсэн патентуудаа хөрөнгө болгох, эдийн засгийн эргэлтэнд оруулах, хөрөнгө оруулагчдыг татдаг улс орны уураг тархи нь оюуны өмчийн газар нь байдаг л даа. Оюуны өмч, хөгжил, инновацийн яам хүртэл байгуулагдсан байна, зарим улсад. Бид оюуны өмчийг архивт байгаа материал, патентаар хэмжихгүй. Харин тэнд бүртгэгдсэн патентуудаас хэдэн төгрөгийн эдийн засгийн эргэлт хийгдэв. Зах зээл дээр хэдэн төгрөг болж гарав гэдгээр хэмждэг. Өнөөдөр харин бүртгэгч байгууллага болсон учраас улсын төсөв, эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж чаддаггүй. Төр засгийн зүгээс ч гэсэн оюуны өмчийн байгууллага яахав дээ гэх маягтай хандаж 25-30 хүн байхад хангалттай гэж үздэг. Гэтэл оюуны өмч чинь айлын сайн хүүхэд шиг мөнгө авч ирдэг, орлого нэмэгдүүлдэг байгууллага. Манайхан сайн ажиллуулах гэж байгаа нь энэ гээд бүртгэлтэй нийлүүлээд бүр сөнөөх зам руу нь оруулчихсан. Монгол Улс дэлхийн оюуны өмчийн байгууллагын 20 гаруй гэрээ, конвенцид нэгдсэн. Гэрээгээрээ хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улсад оюуны өмчийн бие даасан байгууллагатай байна гээд заачихсан. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль, патентын тухай хуулиудад бүгдэд нь оюуны өмч нь төрийн захиргааны байгууллагын шийдэх асуудлыг тусгаад өгчихсөн. Тэгэхээр энэ байгууллагыг шоовдорлох хэрэг байхгүй. Тусад нь гаргаад харин ч хөгжүүлж, инновацийн санг авч ирж нийлүүлэх хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагаас оюуны өмчийг, бүртгэлтэй нийлүүлсэн асуудлаар шаардлага тавьсан байна лээ. Оюуны өмч чинь хамгийн гадаад харилцаа сайтай нь. Тиймээс бүртгэлээс оюуны өмчийг салгая гэж байгаа юм. Салгасны дараа хавар оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төслийг өргөн барина. Оюуны өмчийг эргэлтэнд оруулна гэдэг маань орж ирж байгаа патентуудыг банкаар үнэлүүлнэ. Үнэлүүлсэн бол түүнийгээ барьцаанд тавьж 50 хувьд нь зээл авдаг, зээлийн батлан даалт гаргадаг болох ёстой. 500 саяар үнэлүүлсэн патенттай болсон бол манай компани 500 саяын дүрмийн сантай болох ёстой. Үл хөдлөх хөрөнгө байхгүй ч гэсэн патент байхад болно.

Бүх патентыг цэгцэлнэ, дурын хүн патент авахаа болино. Мөнгөөр үнэлнэ. Ингэсэн цагт монгол хүн шинэ санаа олъё, оюун ухаанаа хөгжүүлье, боловсролтой болъё, судалгаа хийвэл мөнгөтэй болно гэдгийг ойлгуулж байж боловсролын систем цаашаа явна. Тэгэхгүйгээр наймааны хандлагаар хандаад байвал хөгжихгүй.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Байж л байвал бараа чинь хаачих вэ дээ, Баттулга Ерөнхийлөгч минь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдтэйгээ уулзаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн дүүргүүдээр ээлжлэн уулзалт зохион байгуулж, өөрийн санаа бодол, хийх ажлаа ярьж, олон түмнийхээ үгийг ч сонсож явна. Эдгээр уулзалтаас тод анзаарагдсан нэг зүйл бол Ерөнхийлөгч маань “УИХ-ыг тараая” гэж байн байн ярих юм. Өмнө ч ингэж ярьдаг байсан. Түүнийг нь бид ойлгохдоо “УИХ-ыг шавдуулах, зөв зарчмаар ажиллуулах арга зам нь юм байх” гэж харж байв. Гэтэл энэ нь ажил хийлгэх арга зам нь биш, УИХ-ыг тараахаар өөрөө идэвхийлж санаачлан, жинхэнээсээ үүнийхээ төлөө зүтгээд байна уу даа гэсэн ойлголт нийгэмд төрж эхэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн бодлого бол түүний л бодлого. Ардчилсан намын бодлого биш. Ерөнхийлөгч хүн намаасаа татгалздаг” гэсэн байна лээ. Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчидтай их ойр байдаг, бараг удирдагч нь ч гэж хэлж болохоор хүн бол нийтлэлч Баатархуяг. Тэрбээр нэгэн нийтлэлдээ “Х.Баттулга бол АН-ын Ерөнхийлөгч биш. Иргэний хөдөлгөөний Ерөнхийлөгч” гэж бичсэн. Нээрэн ч Иргэний хөдөлгөөнүүдийн гаргаж тавих дуртай уриа болох “Хувьсгал хийе”, “УИХ-ыг тараая” гэх мэт яриаг Ерөнхийлөгч маань идэвхтэйгээр сурталчилж эхэллээ.

Монгол Улсын Их Хурал гэдэг маань ямар байгууллага билээ. Энэ бол Монгол төр. Төрийн дээд байгууллага. Үүнийг бүх ард түмэн сонгож бий болгодог. Муу ч байж болно. Сайн ч байж болно. Ямартаа ч бүх ард түмний сонголт, сонгуулийн тусгал нь. Бий болгох гэж бий болгосон Монгол төр. Яагаад ингэж хэлж байна гэхээр 2012-2016 онд төр барьсан АН-д итгэл алдсан хүмүүс МАН-ыг сонговол арай дээр юм уу гээд сонголтоо хийж, одоогийн УИХ бүрэлдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Ийм байгууллагыг татан буулгавал ёстой төрийн дампуурал гэгч нь болох биз. Монгол Улс төргүй болно гэсэн үг. Засгийн газар бол өөр хэрэг. Хэд ч огцорч болно. Засгийн газар бол төр биш. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заасан төрийн дээд эрх бүхий энэ байгууллагыг мөн л Үндсэн хуулиар эрх, үүргийг нь дархалсан Ерөнхийлөгч татан буулгана гэж өөрийн биеэр ярьж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа юм биш биз. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т ” Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн заалт бий ч одоогийн нөхцөлтэй нэг л дүйж өгөхгүй байна.

УИХ-ыг тараах тухай эхний өргөдөл өгөхөд л Үндсэн хуулийг сахиулагч дээд байгууллага болох Үндсэн хуулийн Цэц “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр хэлэлцэхэд бэлэн болох шинжиндээ орж байна. Бодвол албан ёсны баримт бичиг гарахыг нь анаж хүлээсэн хүмүүс байгаа биз. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол энэ үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ажлын алба, Тамгын газар, туслахууд нь даруйхан засч залруулах хэрэгтэй болжээ. Өдийг хүртэл яагаад чимээгүй суугаад байна вэ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийж байгаа уулзалт бүрийн төгсгөлд иргэний хөдөлгөөний гэгдэх хэдэн эмэгтэй, өвгөчүүд л “УИХ-ыг тараах нь туйлын зөв” тухай ярьцгаах юм. Ингэснээр хүн бүр УИХ-ыг тараахыг хүсээд байгаа мэт ойлголтыг Ерөнхийлөгчид төрүүлж байна. Үг хэлэгсдийн дийлэнх нь Иргэний хөдөлгөөний хүмүүс харагдана лээ. Тэднийг ямар үг хэлэхийг Иргэний хөдөлгөөнүүд удирдаад байна уу эсвэл ганц хоёр хүн турхираад байна уу гэдэг нь сонин.

Яг УИХ-ыг тараах дээрээ тулбал ард түмний дийлэнх нь дургүйцнэ. Ард түмний дундах асар хүчтэй хүрээлэл болох сэхээтний давхарга эрс эсэргүүцэх нь тодорхой. Утаанаас өөр дайсангүй улсыг Украйн шиг дайны хөл болгохыг жаахан ч гэсэн юм боддог, мэддэг хүмүүс эрс эсэргүүцнэ. Хаана ч гэсэн үг хэлээд сурчихсан хэлэмгий, доломгой фанатууд бишгүй байдаг. Тэд цөөн л дөө. Гэхдээ тэдний үг төрийн бодлогын хэмжээнд очвол Монгол Улсад аюултай үйл явдал, үзэгдэл болно. Үүнийг монголчууд мэдэхтэйгээ ухаалаг ард түмэн.

Гадаадын төдийгүй дотоодын зөөлөн хүчний бодлогоор монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлэх, бужигнуулах гэсэн зорилготой байж мэдэх үйл явдал сүүлийн үед цөөнгүй өрнөх болсон нь ажиглагдаж байна.Хүний эрхийн байгууллагын томоохон төлөөлөгч хүртэл “төрийн эргэлт хийх ёстой” хэмээн ярьж яваа дуулдах юм. Аажим аажмаар нийгмийг ингэж турхирч байна. Төрийн эргэлт хийлээ гэхэд хэн төрд гарах юм. Монголчууд бид л гарна. Ямар ялгаа байна вэ. Яахав, хэдэн хүн л хоолондоо хүрэх биз. Тэглээ гээд ард олныг яагаад ингэж талцуулж хуваах оролдлого хийгээд эхлэв. Бид жаргалдаа ташуураад цус урсгаж, нэгнийхээ аминд хүрэхдээ тулав уу. Долоон сарын нэгэн гэх аймшигт цуст өдрийг бүгд мартчихсан уу. Таван иргэний амийг авч, хичнээн мянган залуус шоронгийн хаалга татсан өдрийн маргааш гудамж талбай тэр чигээрээ хуягт машин,буутай цэргүүдээр дүүрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, үндэсний телевизээр юу гаргаж, ямар мэдээлэл цацахыг эрх баригчид хянаж, шийдэж байлаа. Тэгэхэд хүний амь эрсдэсний төлөө биш хэдэн зураг шатсны төлөө харамсан уйлах хүмүүс бас гарч ирж л байсан юм даа.

Энэ үйл явдлыг Ерөнхийлөгч Х.Баттулга ч байнга санаж явах ёстой. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “ Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн тодорхой зааж өгчээ. Гэтэл яг энэ заалтын эсрэг зүйл ярьж, уриалаад байгаа нь Үндсэн хуулиа зөрчөөд байгаа хэрэг биш үү. Ийм гаргалгаа, дүгнэлтийг хэн ч өлхөн гаргаад ирнэ. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчсөн бол огцрохоос өөр аргагүй бөгөөд түүнийг өмөөрөх хүн Монголд олдохгүй. Магадгүй, өөрөө зохион байгуулж, хөрөнгө мөнгийг нь гаргаад долдугаар сар хүртэл хуулийн хүрээнд жагсаал цуглаан хийлгэх биз. Навч цэцэг дэлгэрч налайсан долдугаар сард хэн бусдын эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж зогсох вэ. Бүгд л приусээ асааж аваад найр наадам, хамаатан саднаа хэсэх гээд хөдөө гараад алга болно.

АН-ынхан ч гэсэн “бидний бодлого биш” гэж гэдийж суухынхаа оронд Ерөнхийлөгчид зөвлөж, Үндсэн хууль зөрчөөд байгаа мэт үйлдлийг нь намдаах хэрэгтэй байна. Нэг намаас 65-уулаа парламентад сонгогдож, хэт олонхоороо эрх барьж буй энэ үед сөрөг хүчний намаас Ерөнхийлөгч байх нь ард түмэнд хэрэгтэй байна. Байж л байвал бараа нь хаачих вэ гэсэн үг бий. Эрх баригч намыг хууль зөрчсөн шударга бус үйлдэл хийх бүрт нь шүүмжилж, эрх мэдлийнхээ хүрээнд хориг тавих нь Ерөнхийлөгчийн үүрэг. Ингэж л бодож ард түмэн сонгосон. Түүнээс биш төрийг бужигнуулаад аль, тараагаадах гэж сонгоогүй. Эсрэг намынхан үйл явдлыг улам дөгөөж байгаад Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлдгээр дагуулж тонгорох гээд байна уу гэх байдал ажиглагдаж байна. Хууль зөрчих цэгт нь хүртэл ил, далд өөгшүүлж хөөрөгдөж байгаад авч хаях гээд анаж суугаа болохоор алдаа бүү гаргаарай.

Монгол хүйтэн, утаатай. Ард түмэн нь ядуу. Ганц дутуу байгаа нь дайн байлдаан, эмх замбараагүй байдал. Үүнийг бий болговол Монгол чинь үлдэх үү, Ерөнхийлөгч өө.

Categories
мэдээ цаг-үе

​Д.Цэрэнжигмэд: Ипотекийн зээлийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдтэй ярилцлаа.


-Утааны эсрэг Монголын барилгын үндэсний ассоциаци юу хийх вэ?

-Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА)-н гишүүн компаниуд олон хороолол, олон мянган орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Утаанаас гарах цор ганц шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах, их нүүдлийг зогсоох, хөдөө орон нутгаас дуртай хүн нь ирээд уул, овоо, жалга гээд хаа сайгүй гэр барин суухыг болиулах хэрэгтэй.

Гэр хороололд амьдарч буй иргэдийг орон сууцанд оруулснаар дан ганц утаа, агаарын бохирдлоос гадна хөрсний бохирдлыг цуг шийднэ.

Иргэдийг орон сууцжуулахтай холбогдсон асуудлыг иж бүрнээр нь авч үзэж, цогц бодлого шийдвэр, тодорхой хөтөлбөр төлөвлөгөөтэйгөөр удаан хугацааны туршид системтэйгээр тууштай хэрэгжүүлж байж утааны асуудал шийдэгдэх юм. Үүний тулд УИХ, Засгийн газар, Нийслэл, орон нутгийн удирдлагаас орон сууцны хороолол, хотхоны байршил, дэд бүтэц, газрын асуудлыг шийдэж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нэн яаралтай хэрэгжүүлбэл барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллага, барилгачид бид орон сууц, хотхон, хороолол, түүний инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулан утааны асуудлыг шийдэхэд өөрсдийн хөдөлмөр бүтээлээ зориулан идэвхтэй ажиллахад бэлэн байна.

Зах зээлд борлогдоогүй эзнээ хүлээж байгаа 30,000 айлын орон сууцуудыг ипотекийн зээлээр гэр хорооллын айлуудад өгөх, тэнд амьдарч байгаа эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилтнууд зэрэг төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдад цалингаар нь барьцаалан зээл олгох, зээлийн урьдчилгааг төлөх чадваргүй амьжиргааны түвшин доогуур айлуудын газрыг урьдчилгаанд нь тооцож авах санал, санаачилгыг хэрэгжүүлэх, цаашид иргэдийн ипотекийн зээлийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, түүнд олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүдийг чиглүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөт үлдэгдлийн тодорхой хэсгийг ашиглах, ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх шаардлага ч үүсэн гарч байна.

2011 оны хямралын жил энэ удаагийнх шиг зах зээл дээр борлогдоогүй барилгууд их байсан. Үүнийг тухайн үеийн засаг буюу НХХЯам, БХЯамтай хамтарч зах зээл дээр бэлэн байгаа 35м.кв хүртэлх байрыг халамжийн бодлого хэрэгжүүлж ахмад дайчдад үнэгүй өгч байсан. Энэ нь барилгын компаниудыг төр засгаас дэмжиж, хямралаас гарахад нь их хувь нэмэр оруулсан юм. Энэ цаг үед өндөр настан, ахмад дайчид, гавьяаныхаа амралтад байгаа буурлуудад нийгмийн халамжийн бодлогоор зах зээлд байгаа бэлэн байрнуудаас олгох боломжийг судлах хэрэгтэй байгаа. Гэхдээ эдгээр хүмүүс орон сууцаа бусдад шилжүүлж, өөр газар яндан гаргаж, утаа үйлдвэрлэхгүй байх ёстой. Ер нь бол олон улсад төр-хувийн хэвшил хоёр нь хамтран ажиллаж хямралыг давдаг ийм нийтлэг практик бий.

Төр засаг шинээр сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, оффисийн зориулалттай барилга барих шаардлагатай бол эхний ээлжинд тэр товлогдсон цэгт баригдсан эзнээ хүлээж байгаа барилгууд байгаа үгүйг судалж, тэр барилга нь шаардлагад нийцэж байвал авах, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд боломж нь олдвол тэргүүний сайн ажилчдаа дэмжиж байрны урьдчилгааг нь байгууллагаасаа төлж өгөх, үлдэгдлийг нь тухайн ажилтан цалингаасаа төлөөд явах боломжтой. Ингэснээр сайн чадварлаг ажилтнаа өөрийнхөө байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажиллуулдгаараа давуу талтай. Хуучин социализмын үед орон сууцанд ороход нэг байгууллагад 30-40 жил ажиллаад ч боломжгүй зүйл байсан. Энэ цаг үед 1-2 жил ажилласан ч орон сууцтай болох боломж нээгдсэн байна.

-Улаанбаатар хоттой Монголын барилгын үндэсний ассоциаци яаж хамтарч ажилладаг вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд хамтран ажиллаж байна. Хотын удирдлагууд боломжтой бол нийслэл хотын дүүрэг бүхэнд барууны өндөр хөгжилтэй хотуудын жишгээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ёстой. Ингэхийн тулд байршлуудаа тодорхойлж айл өрхүүдтэй тохирч хэд хэдэн гудамжуудыг Улаанбаатар хотын өмчлөлд авах ёстой. Айл өрхүүдтэй тохиролцохдоо МБҮА-ийн гишүүн компаниудын барьсан байрнуудаас тухайн компаниудтай нь тохирч хашааны төлбөрт өгөх боломжтой.

Хотын ерөнхий төлөвлөгөөнд бүх газруудыг барилгажуулах биш зарим хэсэгт цэцэрлэгт хүрээлэнгүүд барих шаардлагатай байна. Жишээлбэл 32-ын тойргийн зүүн тал, Гандан, Троллейбусны эцэс гэх мэт.

Хотыг гэр хорооллын утаанаас гадна олон мянган машины утаа маш ихээр бохирдуулж байгаа. Хотын төв рүү ордог машинууд ялгаатай татвартай байж болох талтай. Хөдөө орон нутаг болон хотын захын дүүргүүдээс орж ирж байгаа машинуудыг тойрог үүсгэж нэгдсэн том зогсоолуудыг олноор барьж эдгээр машинуудыг нэгдсэн зогсоолд байрлуулан тэндээсээ нийтийн унаагаар явдаг боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжин очсон иргэдийг ажлын байраар хангах, газар олгох, малжуулах төслүүдэд хамруулах, ахуй амьдралыг нь дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төр засгаас хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

П.ЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Чой Ин Сон: Ханиад томууг дутуу эмчлүүлбэл хожим нь үе мөчний өвчтэй болно

Үе мөчний өвчнөөр сүүлийн жилүүдэд өвдсөн хүний тоо эрс олширчээ. Энэ өвчний талаар “Миракл” эмнэлгийн эмч, доктор Чой Ин Сонтой ярилцлаа.


-Сүүлийн үед үе мөчний өвчлөл элбэг болсон байна. Үүний шалтгаан юу вэ?

-Үе мөч муудахад олон шалтгаан нөлөөлж байна. Хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл нь хэт хүйтэн болон хуурайшилттай холбоотой юм. Агаар хуурай бол үе мөчний шингэн хатаж, хүйтэн агаар үе мөчид нөлөөлж өвдөлт өгдөг.

Тэд эрт үедээ эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой. Харамсалтай нь зарим нь дандаа залуу явах юм шиг санаж өвчнөө тоохгүй явсаар хүндэрсэн үед нь эмнэлэгт ханддаг. Энэ үед эмчлэхэд цаг, болоод хөрөнгө мөнгө илүү шаардлагатай болно. Дэлхийн эмчилгээний жишигт ийм тохиолдлыг таван жилийн хугацаанд системтэйгээр эмчилдэг. Монголд үе мөчний өвчний үүсэх гол шалтгаан нь хоолойны өвчин болоод байна. Залуучууд хоолой өвдөхөд зөвхөн эм уух юм уу, шээсээрээ зайлаад өвчин нь намдахаар орхичихдог. Энэ хайнга үйлдэл нь хүнийг үе мөчний архаг өвчтэй болгох эрсдэлтэй.

-Үе мөчний өвчинг хэрхэн эмчлэх вэ?

Эхлээд өвчтөний үе мөчний үрэвслийн гол шалтгааныг олоод , зүү болон тан физик эмчилгээг зохих ёсоор хийнэ. Үе мөчний үрэвсэл нь халуунаас болж үрэвссэн бол халууныг буулгаж дарна. Харин хүйтнээс болсон бол зүү болон алтан гулдмайн эмчилгээгээр яс хоорондыг дулаацуулж цусны эргэлтийг сайжруулах эмчилгээг хийнэ. Хуурайшилтаас болсон тохиолдолдолд зүү болон тангийн тусламжтайгаар үений шингэнг хурдан нөхөн төлжүүлэх аргаар эмчилнэ. Нуруу сууж, хазайлт өгч суудлын мэдрэл дарагдаж хөл нь урт богино болсон тохиолдолд нуруу болон аарцгийг тэгшилж өгөхөд тусална.

-Гэрийн нөхцөлд үе мөчний өвчинг намдаах ямар боломж байдаг вэ?

-Өвдөж буй үе мөчиндөө мөсөөр жин тавих нь өвдөлт ,үрэвслийг намдаах сайн талтай. Мөн үе мөчийг тойрсон булчин татвал халуун жин тавьж зогсоох боломжтой. Гэхдээ үе мөчийг хэт удаан хөдөлгөөнгүй байлгах нь хөшөөж хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж болох тул болгоомжтой хандах хэрэгтэй байдаг. Мөн үе мөчиндөө бага ачаалалтай дасгал хийх хэрэгтэй. Гэхдээ үе мөчөө хамгаалахын тулд хүч бага шаардсан алхах, дугуй унах гэх мэт энгийн дасгалууд сайн. Учир нь өндөр ачаалалтай доргилт , цохилттой дасгалууд таны үе мөчөө гэмтээх эрсдлийг нэмэгдүүлж аажимдаа үе мөчний мөгөөрсийг гэмтээх аюултай.

-Хүндэрсэн үе мөчний өвчнийг бүрэн эмчлэх боломжтой юу?

-Эхлээд тухайн хүний биеийн байдал, насны онцлог их нөлөөлнө. Дараа нь үйлчлүүлж буй эмнэлгийнхээ эмчилгээг таслалгүй явсан эсэх нь чухал байдаг. Мэдээж эмчлүүлсний дараа тодорхой хугацаанд эмчийн заавраар гам барих шаардлагатай л даа. Зөв системийн дагуу эмчлүүлээгүй, гам алдагдснаас шалтгаалж өвчин тодорхой хугацааны дараа дахих магадлал өндөртэй. Гэхдээ дахиад эмчилгээ шинээр эхлүүлсэн ч богино хугацаанд засарна.

-Уламжлалаар эмчлэхийн давуу тал онцлог юу вэ?

-Уламжлалт эмчилгээ нь эрчим хүч ашигладаг учраас үе мөчний үрэвслийг харьцангүй амархан эмчилдэг. Уламжлалт эмчилгээний хамгийн чухал зарчмын нэг нь эрчим хүч сайн нэвтэрвэл өвдөхгүй байх боломжтой. Зүү эмчилгээгээр үе мөчүүдэд эрчим хүч өгч, эрчим хүч сайн нэвтэрбэл өвдөлт багасч уламжлалтын тангаар яс хоорондын шингэнг хурдан нөхөн төлжүүлж физик эмчилгээгээр үе болон булчинг зөөллөж, биеийг хурдан тэгшилж өгснөөр үе мөчний архаг үрэвсэлтэй хүнийг ч эмчилдэг.

-Яаж урьдчилан сэргийлэх вэ?

– Санасныг бодвол олон хүмүүс энгийн дасгалыг ч хийдэггүй. Ялангуяа нас ахих тусам хөдөлгөөн багасч байдаг Хамгийн сайн арга бол өдөрт 10 минутын турш хөнгөн дасгал хийж үе мөчөө зөөлнөөр суллаж өгөх юм. Мөн эрт оношлуулах нь чухал бөгөөд хувь хүн биедээ гарч буй өөрчлөлтийг гярхай анзаарч тухай бүрт нь эмнэлэгт хандах нь чухал. Үе мөчний өвчний эхлэл нь ханиад томуу, хоолойны өвчин болдог. Хүйтэн ус, ундаа тогтмол ууж, доороосоо даарснаас болж үүсдэг өвчин. Энэ нь яваандаа үе мөч, зүрхэнд нөлөөлдөг сөрөг үр дагавартай. Иймээс доороосоо дулаан хувцаслаж, ханиад томууг гүйцэд эмчилж байх нь чухал.

-Хүүхдийн хөлд оруулагч үе мөчний өвчлөлтэй болоход нөлөөлдөг гэсэн яриа байдаг. энэ үнэн үү ?

-Хүүхэд анх зогсох үед яс нь эмзэг байдаг учир шууд босож алхах дадлага хийвэл бага зэрэг яс нь хазайлт өгж майжиг хөлтэй болох магадлал өндөр. Энэ нь үе мөчний ачааллыг нэмдэг . Харин хөлд оруулагчыг ашиглаж алхах болон зогсох дадлыг хэвшүүлснээр яс нь бат бэх болсны дараагаар өөрөө алхаж явбал илүү сайн. Өөрөөр хэлбэл хүүхдэд хөлд оруулагч хэрэглэх нь зүйтэй.

О.ДАШНЯМ

Гэрэл зугийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

“У.Хүрэлсүхийн Засгийн газар сайхан хоолны нэр хэлж, бид түүнийг нь савхадсаар 100 хонолоо” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоногийн тайлангийн хэвлэлийн бага хурал өчигдөр Төрийн ордонд болсон билээ. Уг хурлын сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс үзээрэй.

Тухайн нүүрнээс “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой ярилцсаныг уншаарай. Тэрээр “Биднийг говь руу ус татаж, үйлдвэр барих гэсээр байтал хилийн цаана нүүрс угаах үйлдвэрүүд байгуулагджээ” гэжээ.

“Нефть импортлогчид шатахуун хязгаарлаж, иргэдийг бухимдуулсан хэвээр байна” өдрийн сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэрээр өнгөрөгч ням гаригт Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзсан талаар улс төрийн хоёрдугаар нүүрнээс хараарай.

Дээрх нүүрнээс “Шатахууны хомсдолын үед Уул уурхайн сайд Д.Сумьяабазар гадаадад юу хийж явав?” сурвалжилгыг хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “У.Хүрэлсүхийн Засгийн газар сайхан хоолны нэр хэлж, бид түүнийг нь савхадсаар 100 хонолоо” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулганы зохион байгуулагч “Фронтиер Секьюритийз” компанийн гүйцэтгэх захирал М.Игататай хийсэн ярилцлагыг IV нүүрнээс хараарай. Тэрээр “Энэ жил Монголчуудад 2011 оноос хойш олдож байгаа маш том боломж” гэжээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджавын дурсамжийг “Миний үзсэн Цагаан сар” буланд нийтэлснийг XIII нүүрнээс хүлээн аваарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй. Энэ үеэр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Ингэхдээ түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Аркадий Дворковичод илэрхийлжээ.

ОХУ-ын талаас ч энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, хэлэлцээр хийхээр тохиролцлоо. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа учраас талууд яаралтай хэлэлцээрийн ширээнд сууж шатахууны үнэ нэмэхгүй байх, тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар ярилцахаар болсон байна. “Роснефть” компанитай нийлүүлэлтийг бууруулахгүй, үнэ тогтвортой байх чиглэлээр хэлэлцээр хийхээр тохиролцжээ.
Засгийн газраас шатахууны хомсдол үүсч, үнэ нэмсэнтэй холбогдуулан зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Өргөн хэрэглээний буюу иргэдийн олонх нь хэрэглэдэг А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, бусад төрлийн шатахууны онцгой албан татвар болон үнэ нэмснийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Зөвхөн А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэснээр 2018 оны улсын төсөвт орох 68 тэрбум төгрөг дутаж байгаа.Үүнээс болоод улсын төсөвт ч тодотгол хийх нөхцөл байдал үүсч магадгүй болоод байгаа. Иймээс ч эдийн засагчид татвар тэглэсэн нь гал намдаах арга гэж дүгнэж буй. Манай улс нефть бүтээгдэхүүнээ 100 хувь импортолдог.
Тиймээс өнөөгийн хэрэгцээгээ хангахын тулд импортлогч орнуудтай хэлэлцээр хийх, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний нэмэгдэлд өртөхгүй байх боломжийг эрэлхийлэх ёстой. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагуудтай Улаанбаатарт хэлэлцээрийн ширээнд суухаар болжээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үзэсгэлэн дэлгэгдлээ

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Бизнес уулзалтын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Тухайлбал, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, НОСК, Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ зэрэг байгууллагаас бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулан үзэсгэлэн гаргаж, энэ онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулав. Түүнчлэн агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулахаар ирсэн байв.

НОСК-аас Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төслөөр нийт 960 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 га талбайд түрээсийн орон сууцны барилга барихаар зураг төслийг гаргуулаад байгаа аж. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2018 онд гадаадын хөнгөлөлттэй зээл, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан гэсэн таван хөрөнгийн эх үүсвэрээр төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Андрэ Робирсоны бэртэл ОКС-н плэй оффын дүр зургийг өөрчиллөө

Оклахома сити Тандэр багийн хамгаалагч Андрэ Робирсон Дэтройт Пистонс багийн эсрэг тоглолтод гэмтэл авч талбайг орхисон билээ. Тэрээр Рассэл Вэстбрүүкийн дамжуулалтаар довтолгоо хийсэн ч буухдаа өвдөгний шөрмөсөө тасалсан юм. Тус гэмтэл ямар нэгэн контактгүй үед болсон учир хүнд бэртэл байж магадгүй гэсэн дүгнэлт байгаа. Түүний эргэж ирэх хугацааны талаар тодорхой мэдээлэл гараагүй ч энэ улиралд дахин тоглолтод оролцохгүй ажээ.

-УЭСТБРҮҮК, МЕЛО, ПОЛ ЖОРЖ, СТИВЕН АДАМС НАР ТАЛБАЙД АНДРЕ РОБЕРСОНТОЙ ГАРСАН ҮЕД УТГААРАА ХАМГААЛАЛТТАЙ БОЛДОГ-

ОКС-н хамгаалалтын рэйтинг Андрэ Робирсон болон гарааны бусад тоглогчид талбайд байгаа нөхцөлд 96,6 байгаа нь тун эерэг үзүүлэлт. Харин түүний эзгүйд 114,5 болж нэмэгддэг ажээ. Тус багийн хамгаалалт Андрэ Робирсонг байгаа нөхцөлд идэвхждэг. Түүний эзгүйд ОКС тун хэцүү тоглолтуудыг хийх юм. Мөн аваргын төлөөх дайралт нь магадгүй дахин нэг жилээр хойшлохыг үйгүйсгэхгүй билээ.

Б.АМАРТҮВШИН