Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаан гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат танилцуулга хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, УИХ-аас баталсан мал аж ахуйн салбарын суурь хуулиуд болох Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 2017 оны 12 дугаар сарын 21-нд хуулиудын хэрэгжилтийг хангах, шилжилтийн үеийн ажлыг шуурхай зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг хоёр хуулийг дагалдан гарах эрх зүйн актын жагсаалт, боловсруулах хугацаа, хариуцах байгууллага, бүтцийн нэгжийг тодорхойлсон. Үүнд: Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэр бүхий 3 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлал, төсөл, Засгийн газрын шийдвэрийн 7 төсөл боловсруулан, хэлэлцүүлэх, захиргааны 7 актын төсөл боловсруулж, батлах, захиргааны хэм хэмжээ тогтоох 26 актын төсөл боловсруулж, батлах, бүртгүүлэх, 3 стандарт шинээр болон шинэчлэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд, нэр бүхий 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлал, төсөл Засгийн газрын шийдвэрийн 14 төсөл боловсруулан, хэлэлцүүлэх, захиргааны болон захиргааны хэм хэмжээ тогтоох 108 актын төсөл боловсруулж, батлах, бүртгүүлэх, 2 стандарт шинээр боловсруулж, батлуулахаар байна. Хуульд заасан дээрх захиргааны хэм хэмжээний актуудыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор боловсруулж дуусгахаар төлөвлөж, Ажлын хэсгийн гишүүд хуваарилан авч, ажиллаж эхлээд байгаагаа онцлов.

Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 11 бүлэг үйл ажиллагааны чиглэлээр 86 арга хэмжээг хэрэгжүүлэхээр байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 6 бүлэг үйл ажиллагааны чиглэлээр 145 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд сум, дүүргийн, аймаг, нийслэлийн, улсын түвшинд тус тус хийгдэнэ. Үүнд: Агентлаг хоёр салж, Мал эмнэлгийн алба нь агентлагийн статустай, босоо тогтолцоогоор ажиллах бол Үржлийн алба нь яамны бүтцэд ирнэ. Аймагт Хүнс, хөдөө аж ахуйн газраас мөн Мал эмнэлгийн асуудал хариуцсан бүтцийн нэгж бие даан гарна. Суманд Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэр өөрчлөгдөж Хөдөө аж ахуйн тасаг болж, чиг үүргийн дагуу ажиллах бөгөөд мал эмнэлгийн тасаг босоо тогтолцооны дагуу байгуулагдан ажиллана. Энэ ажлын хүрээнд бид орон нутгаас мэргэжилтнүүдийн судалгаа, орон нутгийн байгууллагын эд хөрөнгө, түүний ашиглалтын талаарх судалгааг авч байна. Судалгааны дүгнэлтэд үндэслэн бүтэц, зохион байгуулалтын зураглал, тооцоо, эрх зүйн шийдвэрийн төслүүд гарна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэрбээр, Хуулийг олон нийт, малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжид таниулах, сурталчлах, сургалт, семинар зохион байгуулах ажлыг бүсчлэн болон аймгаар, ажлын төрөл, чиг үүргээр гэх мэтээр хуваарилан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, орон нутагт ажиллах байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн хамгийн гол анхаарч байгаа зүйл бол мал аж ахуйн үйлдвэрлэл явагдаж байгаа анхан шатны нэгж буюу суманд төрийн болоод хувийн хэвшлийн мэргэжлийн нэгжийг зөв зохион байгуулах, тэдэнд үйл ажиллагаагаа явуулах боломж, чадавхийн асуудлыг шийдвэрлэх явдал юм гэж байлаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тусгагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд төсөвлөгдсөн өвөлжилт хүндэрсэн үед өвс, тэжээл импортолоход зориулсан 40 тэрбум төгрөгийн арга хэмжээний явц, үр дүнгийн талаар илүүтэй тодруулсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хариултдаа, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 34 аж ахуйн нэгж дөрвөн боомтоор өвс, тэжээл оруулж ирэх ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогоор нийт тэжээлийн 15 хувийг оруулж ирсэн бөгөөд өчигдрөөс ажил эрчимжсэн гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ цаашдаа өвс тэжээл бэлтгэхэд дотооддын үйлдвэрлээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва энэ асуудалд тооцоо судалгааг сайн хийж, өвс, тэжээл малчдын хотхонд хямд өртгөөр нийлүүлэгдэж байгаа эсэх, эргэн төлөлтөд онцгой анхаарах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун цаашид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аж ахуйн ажилтай хутгалдах бус бодлогын яам байхад анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Үргэлжлүүлэн Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон учир Дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатыг томилох саналыг Байнгын хорооноос дэвшүүлэв. Дэд хорооны даргыг батлах санал хураалтын үед хуралдаанд оролцсон гишүүдийн зарим нь Засгийн газрын хуралдаан болон гадны төлөөлөгчдийн уулзалтад оролцсон тул хуралдааныг түр хойшлуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Татвар нэмж, бизнес эрхлэгчдийг багалзуурдчихлаа

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Энэ олон төрлийн татвар нэмэгдсэнээр ямар сөрөг үр дагавар бий болох вэ?

-Засгийн газар ажлаа авсан цагаасаа л эдийн засгаа эрүүлжүүлэхийн эсрэг бодлого гаргаад байна. Бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ хамгаалах, иргэдийн орлого, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх талаар нийгэмд амь оруулах арга хэмжээ авах ёстой. Тэгэхээр одоо татвар нэмээд бизнес эрхлэгчдийг багалзуурдчихлаа. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурч байна. Бизнес хумигдахаар цалин, орлого, ажлын байр буурахад шууд нөлөөлж эхэлсэн. Нөгөө талд олон компани үүд хаалгаа барьж, татвар төлөгчдийн тоо цөөрнө гэсэн үг. Өнөөдөр татвар нэмэгдэхээр амиа тээж яваа компаниуд давхар баланстай, давхар цалинтай болно. Далд эдийн засаг жинхэнэ гаарч, аюултай үзэгдэл рүүгээ орж байна. Мөн банкны ипотекийн зээл явахгүй. Өрийн дарамт хортой үр дагавартай болж ирлээ. Компаниуд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсноор нийгэмд ямар ч сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй.

-Бизнесийн орчныг сайжруулахын тулд эрх баригчдын зүгээс ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байна?

-Засгийн газар АН-ын бүлгээс тавьсан шаардлагыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр сарын сүүлчээр ОУВС-гийнхан манай улсад ирэх юм билээ. Энэ үеэр татвар нэмсэн шийдвэрүүдээ, тэтгэврийн насыг уртасгасан асуудлуудаа болиулж, бизнесийнхээ орчинг сайжруулах замаар үргүй зардлуудаа танах ёстой. Ажил хийж байгаа хүмүүсээ татвараар дарамтлаад, гудамжинд гаргаж байхын оронд эрх баригчид өөрсдийнхөө асар их зардлыг хасах шаардлагатай. Энэ зардлаа танах замаар төсвөө улам эрүүлжүүлээд хөрөнгө оруулалтынхаа нөхцөлийг сайжруулах боломжтой.

-Татварын уян хатан бодлого явуулсны үр дүнд эдийн засаг нь эерэг үзүүлэлттэй гарсан орнууд цөөнгүй бий. Тэдгээрийн туршлагаас авч болно биз дээ?

-Дэлхийг хар л даа. Өнөөдөр олон орон татварынхаа тал дээр хөнгөлөлттэй бодлого явуулж байна. АНУ гэхэд татвараа бууруулж эхэлсэн. Үүний үр дүнд тус улсын гадна байсан нэг триллион гаруй ам.доллар буцаад орж ирж байх жишээтэй. Төрийн зөв бодлого ингэж үр дүнгээ өгдөг байх нь. Тус улсад өнөөдөр түүхэнд байгаагүйгээр ажилгүйдлийн түвшин буурч байна. Хүмүүсийн орлого шууд нэмэгдэж байгаа. Харин манай улс эсэргээрээ.

Өнөөдөр Монгол Улсад бизнес эрхлээд, ажилтай орлоготой байна гэдэг бол гавьяа шагнал. Гэтэл үүнийг нь татвар нэмж дарамтлан урмыг нь хугалж болохгүй. Мэргэжил боловсролоо дээшлүүлж, гадаад, дотоодод сураад, ажил хөдөлмөрийн чадвартай, 500-600 ам.долларын цалин авдаг болоод ирэнгүүт нь том сүх далайж байгаад цавчиж байна. Хэрээс хэтэрсэн төрийн дарангуйлал хүмүүсийг ирээдүйдээ итгэх, итгэлгүй болгож эхэллээ.

-Онцгой албан татвар нэмэгдсэн тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Архи, тамхины татвар нэмэгдлээ гээд нэг талаар их сайхан сонсогдоод байгаа байх. Үгүй шүү дээ. Цаана нь дандаа сөрөг, луйврын, хулгайн, конторбандын хэрэг нэмэгдэнэ. Шагийн архи гэдэг шиг чанаргүй бүтээгдэхүүн олширно. Хүмүүс дахиад архинд хорддог байдал бий болох нь. Нийгэмдээ сөрөг үр дагавар дагуулсан ийм л буруу бодлогыг эрх баригчид явуулаад байна. Малчид, бизнес эрхлэгч, ажил хөдөлмөр эрхлэгчдийн цалин орлогыг татвараар дарамталж болохгүй. Тэтгэврийг нэмэхгүйгээр насыг нь сунгаад хүмүүсийн цөхрөнг нь барах ёсгүй. Ингэж байж Монголын нийгэм зөв явна. Үнэндээ төр засаг өнөөдөр энэ бүх татварын дарамтыг үүсгэхгүйгээр байгалийн асар их баялагтаа тулгуурлаад орлого бий болгож, ард түмнээ тэтгээд явах бололцоотой. Үүнийг л хийж чадахгүй юм бол ард түмэн төр засгийг солих ёстой. Чаддаг хүмүүсийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Хэрэв эрх баригчид улс орноо удирдаж чадна гэж гарч ирсэн л юм бол ард түмнээ дарамтлахгүйгээр асуудлыг шийдээд ухаан бодлоо уралдуулаад явах ёстой шүү дээ. Гэтэл төсөв концес, үргүй зардал, албан тушаал, 60 тэрбумынх нь асуудал хэвээрээ. ОУВС-гийн өмнө ард түмнээ дарамтлаад эдийн засгаа сөхрүүлэх бодлого хэрэгжүүлчихлээ. Үүнийгээ засч, ойлгооч ээ. Эдийн засгийн бүх түүх, онолыг хар л даа. Ийм хүндрэлтэй үед аль болох олон хүнийг хөдөлгөж, эрх чөлөөг нь өгч дэмжиж хямралаас гардаг. Гэтэл байгааг нь дээрээс нь нухаад дэвслээд унахаар нийгэм чинь задарч, ямар ч үйлдэл хийхэд бэлэн байдалд орно шүү дээ. Татварын нэмэгдлийг эсэргүүцэж, Эрдэнэтээс эхэлсэн жагсаал цуглаан цаашлаад бүх аймаг, Улаанбаатар хотод өрнөвөл Үндэсний аюулгүй байдалд хүртэл нөлөөлнө.

-ОУВС-тай байгуулсан гэрээг өөрчлөх боломжтой юу?

-ОУВС-гийн удирдлагууд байнга мэдээлэл хийж байгаа. Тэд “Бид зөвхөн үзүүлэлтүүд, эрүүл шаардлага тавьж байна. Энэ бүх шийдвэрүүд танай Засгийн газрынх. Заавал ингэ, тэг, тэгэхгүй бол болохгүй гэсэн юм байхгүй” гэдэг. Гэтэл эрх баригчид татвар нэмсэн асуудлаа ард түмэнд ОУВС-гийн шаардлага мэтээр буруу ойлголт өгөөд байдаг. Уг нь элдэв үргүй зардлаа танаад, албан тушаалаа цомхотгоод, хувийн сектороо дэмжээд, ирж байгаа аливаа хөрөнгө оруулалтаараа банкныхаа хүүг бууруулахад чиглүүлээд, бизнесийн идэвхжлийг сайжруулаад, ажлын байр нэмэгдүүлээд, татвараа бууруулаад явчих юм бол өнөөдөр нийгэмд сайхан уур амьсгал үүснэ. Гэтэл шатахууны үнэ өсөнгүүт бүх барааны үнэ дагалаа. Ажлын байр хумигдангуут үр дүнд юу ч бий болж магадгүй гэдгийг Засгийн газар санах ёстой.

-Хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлснээ тайлбарлахдаа дэлхийн жишгийг дагаж, өндөр цалингаас татвар ногдуулж байна гэж байсан?

-Дэлхийн жишиг ярих юм бол Германд юм уу Голландад амьдарч байсан бол нэг өөр хэрэг. Монгол Улс байгаа бүх үзүүлэлтээрээ тусдаа жишиг. Монголыг хэнтэй ч жишиж болохгүй. Бид өөрсдийнхөө өвчнийг анагаахад зориулсан эмийг бий болгох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Ч.Хурц: Геологич хүн улс орныхоо хөгжлийн 20-30 жилийн ирээдүйг урьдчилж хардаг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц шинэ оны өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан билээ. Түүнтэй ярилцлаа.


-Хөдөлмөрийн баатар болсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Үнэхээр том шагнал. Хийсэн, бүтээсэн юмтай хүнийг үнэлж чаддаг төр засагтай болсонд баярлаж байна. Гар утас, фэйсбүүкээр холбогдож байгаа улсууд “Нүдээ олсон шагнал боллоо. Манай Ерөнхийлөгч хүний хөдөлмөр, хийсэн бүтээснийг үнэлэх чадвартай юм байна” гэж Ерөнхийлөгчид давхар баяр хүргэж байна. Үнэхээр сайхан байна.

-Үнэхээр ч тийм шүү. Нүдээ олсон шагнал боллоо доо?

-Хийсэн бүтээснийхээ төлөө энэ шагналыг авлаа гэж ойлгож байгаа. Гэхдээ миний хийх бүтээх ажил дуусаагүй. Дуусах яагаа ч үгүй. Өнөөдөр би хэдийгээр ная хүрч байгаа ч гэсэн бүтээе, хийе гэсэн санаа минь хэвээрээ байгаа. Биеллээ бүрэн дүүрэн олоогүй байгаа. Миний бие Геологи, уул уурхайн сайд, дарга, УИХ-ын байнгын хорооны дарга гэх ажлуудыг хийж гүйцэтгээд гавьяаны амралтдаа суусан ч өнөөдрийг хүртэл зүгээр суусангүй. Монгол орны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр тулгуурлаж Монгол орны эрдэс баялгийн салбар дахь Монгол төрийн бодлого гэдэг асуудлыг 21 хуудас боловсруулж хийсэн. Ингэхдээ ганцаараа хийгээгүй. Үүн дээр Монголын геологи, ашигт малтмалыг мэддэг эрдэмтэн, профессор, багш нар, уул уурхайн аж үйлдвэрээ мэддэг эрдэмтэн гээд нийт 11 эрдэмтэн “Монгол төрийн бодлого” материалыг боловсруулж олон хүнд тараалаа. Уг нь монгол орны эрдэс баялгийн салбарын төрийн бодлого гэдэг бол үнэхээр том асуудал. Миний бие сайн чадварлаг багш нар намайг шахаж шаардаж, тулгаж юм заасанд нь үнэхээр баярлаж явдаг юм. Жишээлбэл би тавдугаар курст байхдаа нэг шалгалтыг гурав өгч, дөрөв дэх дээрээ онц дүн авч байлаа.

-Та Москвад сурсан байх аа?

-Москвагийн геологи хайгуулын дээд сургууль. Одоо Москвагийн Геологи хайгуулын академи болсон байна билээ (Энэ үеэр түүний гар утас дуугарч хүмүүс баяр хүргэсээр байлаа. сурв)

-Одоо ч баяр хүргэсэн дуудлага танд ирсээр байна шүү?

-Гар утас зай завсаргүй дуугарч хүмүүс баяр хүргэж байна. Өнөөдөр ч гэсэн хүмүүс залгаж үргэлжлээд л яриад байна. Үнэхээр ард түмэн маань хүлээж байсан юм байна. Би тийм хүндэтгэлтэй, тийм их юм хийсэн хүн гэдгээ мэдээгүй юм. Одоо л мэдэрч байна. Нээрээ би чинь Эрдэнэтийг байгуулалцчихсан, Цагаан суваргыг анх нээсэн, Эрдэнэтийг барьж байгуулах ажлыг хурдавчлах арга хэмжээг бүгдийг зохион байгуулсан. Ю.Цэдэнбал даргыгаа хүртэл хүнд байдалд оруулж явсан хөөн (хүн).

-Тэр тухайгаа дурсвал?

-1968 оны наймдугаар сарын сүүлчээр Ю.Цэдэнбал даргыг зөвхөн комиссартай нь хамт Л.И.Брежнев дарга Москвад дуудаж ярилцжээ. Ю.Цэдэнбал дарга “Манайд ганцхан Эрдэнэт биш Цагаан суварга гэж орд бий. Геологич Ч.Хурцыгаа юу мэддэгээ ярь гэчихсэн юм. Энэ бол Цагаан суваргын тухай яриа юм шүү, наадах чинь” гэхэд нь Л.И.Брежнев “Даанч тийм байлгүй дээ. Бидэнтэй хамтарсан үйлдвэр бариагүй байж Японтой хамтарсан үйлдвэр барихдаа яадаг юм” гэсэн гэдэг. Ийм асуудал хүртэл тэр үед яригдаж байсан юм.

Ер нь эх орныхоо эрдэс баялгийн талаар би өөрийнхөө дурсамжийг бичихдээ нэг зүйлийг бичсэн л дээ. Санаа зөв бол заяа зөв гэж. Хүн сайн санааны үндсэн дээр юманд хандах ёстой. Намайг хойно сургуулиа төгсөөд ирэхэд Монгол оронд түшиглээд ажиллачих ганц ч олигтой орд газар байсангүй. 1961 онд оюутан, 21 настай хүү байхдаа оролцож нээсэн Толгойтын орд газар улс оронд маань анхны алт олборлох драг гэх хоёр давхар байшин шиг, ус, нууранд хөвсөн, шороогоо өөрөө ухаад өөрөө алтаа ялгадаг ийм байгууламжийг байгуулах үндсийг тавьж “Монгол-Орос цветмет” гэдэг компани анх байгуулагдаж байлаа.

Тэгэхдээ аливаа юманд сайн ч юм бий, муу ч юм бий. Тэгээд энэ үйлдвэр 1973 онд анхныхаа алтыг Монгол Улсад нийлүүлж эхэлсэн. Алт гэж юу байдгийг тэр үед харсан даа. Тэр үеийн гурилтай шөлний саванд хийсэн алтыг Пэлжээ гуай өргөх гэсэн чинь даахгүй байсан. Пэлжээ гуай бяртай хүн л дээ. Шөлний ганцхан тавганд хийсэн алт 10 кг-ын жинтэй байсан ш дээ. Гэх мэтчилэнгээр эхэлсэн. Тэгээд Эрдэнэтийн бүтээн байгуулалт явагдлаа. Тавантолгойн хайгуул хийгдээд улс орноо өнөөдөр тэжээж эхэллээ. “Цайрт минерал” гэж компани ажиллаж байгаа, Хятадын. Төмөртийн овооны цайрын 1.2 сая тоннын нөөцтэй ордын хайгуулыг нь хийлгээд нөөцийг нь ашиглалтад оруулахад бэлдлээ. Толгойтын алтнаас гадна 1975 онд Их-Алтатын хайгуулын ажил эрчимжиж, 1967 оноос хойш хийсэн ажлаар хоёр дахь драгийн полигон нээгдэж байлаа. Энэ мэтчилэнгээр тэр үед бодож санаж байсан юмнуудаа хэрэгжүүлэхийн тулд геологич нөхдөө их ч шахдаг байлаа даа. Хайгуул хийх аргачлалыг нь өөрөө сонгодог, зөвлөдөг. Тайланг нь хүлээж авдаг. Нөөцийг нь баталгаажуулдаг байлаа. Би тэр үед асар их олон тайлан, төслийг бүгдийг нь баталгаажуулж гарын үсгээ зурдаг байв.

-Дээхнэ үеийн ном зохиол, кинонд геологич гэх дүр түгээмэл байдаг. Тэр үед ард түмэн геологич хүмүүсийг ихэд хүндэлж, тэд ч нийгэмд хүндтэй байр суурийг эзэлдэг байж. Харин одоо өөр болжээ?

-Үгүй дээ. Геологи гэдэг чинь өөрөө аргачлал болгон нь биеэ даасан шинжлэх ухаан. Ер нь геологич хүн улс орныхоо хөгжлийн ирээдүйг 20-30 жилийн хугацаатай хардаг юм. 20-30 жилийн цаана ийм юм болох нь ээ гэдгийг хардаг тийм чадалтай. Яагаад вэ гэхээр геологич хүн уул уурхайгаа мэднэ, металлургаа мэднэ, хайлуулах ба химийн аж үйлдвэрээ бүхэлд нь мэднэ. Юуны төлөө би ямар ордыг нээх гэж яваа билээ гэж өөрийгөө мэддэг. Ийм үйлдвэр баривал хэдэн жил ашиглах вэ гэж бодно.

Дарханы 100 мянган тонн гангийн үйлдвэр бий боллоо. Энэ үйлдвэрийг 50-100 жил ашиглахын тулд дор хаяж миллиард тонн төмрийн хүдрийн нөөц батлагдсан байх ёстой. Тэгж байж 100 жилийн нөөцтэй үйлдвэр байж сая улс орны хөгжлийн тулгуур болно. Тэгвэл Тавантолгойн 200 жилийн нөөцтэй ийм орд дээр Оюутолгойн хэрэглэж байгаа Вахтын систем гэсэн энэ аргаар явдаггүй юм.Оюутолгой өнөөдрийн батлагдсан 43 сая тонн зэстэй. Батлагдсан тоо шүү. Үүн дээр нь нэмээд 60-аад сая тоннын нөөцтэй болох гэж байна. Ийм орд дэлхийд байхгүй ээ. Дэлхийн нэг номерын ордоо хүнд өгчихөөд өөрөө гуйлгачин царайлаад сууж байгаа бидний байдал юунаас эхтэй вэ гэхээр геологийн шинжлэх ухаан, геологичдоо ажилгүй болгосон төр засгийн муу үр дагаврын нөлөө.

Монголын геологичдын бүтээл зөвхөн ашигт малтмалын орд газрын нөөцөөр сая геологи гэдэг шинжлэх ухааны ач гавьяа гардаг юм. Тэгэхээр өнөөдөр бид хайгуулын ажил зохион байгуулахад энэ үйлдвэр жилдээ ямар хүчин чадалтайгаар хэдий хугацаанд ажиллах вэ гэдгийг боддог. Тухайлбал, Эрдэнэтийн овоог 16 сая тонноор ашиглахад 40 жил ашиглах нөөц байна гэж байсан. Одоо 40 дэх жилдээ хүрэх гэж байна. Гэтэл Эрдэнэтийн овооны 1240 метрийн гүнээс доошоогоо 950 метрийн гүн хүртэл өнөөдөр зэсийн хүдэр дээр ч үргэлжилж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Эрдэнэт дахиад 60 жилийн нөөцтэй байна гэсэн үг. Энэ бол зөвхөн Эрдэнэтийн овооны карьер, түүний үргэлжлэл хэсэг. Эрдэнэтийн районы эргэн эргэн тойронд дахиад дөрвөн орд байгаа. Энэ дөрвөн орд байгаа тохиолдолд Эрдэнэтийн үйлдвэр 100 жил ажиллана. Эрдэнэтийн үйлдвэрийг бид барихдаа Эрдэнэтийн нөөц нь дууссан тохиолдолд энэ хот, энэ ард түмэн яаж амьдрах вэ гэдгийг хүртэл бодсон. Хивс, хүнс үйлдвэр, гурил, мах боловсруулах үйлдвэрүүд нь манлайлагч үйлдвэрүүдээ дагаад хөгждөг.

-Геологичид энэ бүхнийг тооцоолдог байх нь. Үйлдвэр, хот байгуулалт гээд…?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр гээд ярьж байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд эхлээд манлайлагч үйлдвэрээ бариад тэрнийгээ дагаж хөгждөг юм. Үйлдвэрээс гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд нь хоорондоо уялддаг. Нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн нь нөгөө үйлдвэрийнхээ түүхий эд, материал болж байх ёстой. Өөрөөр хэлбэл, Дорнод бүс нутагт Монголын хөгжлийн гол тулгуур хүч нь цайр, хар тугалга, мөнгө, алт, кадми, хүхэр гэсэн найман нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргах ийм үйлдвэр байх болно.

Нэг ийм үйлдвэртэй болсон тохиолдолд тэр үйлдвэрээ 100 наслуулахын тулд геологичид нөөцөө баталгаажуулдаг юм. Ингэж манлайлах үйлдвэр нь бусдыгаа чирдэг номтой. Тэгэхээр Дорнодод ийм үйлдвэрээ барина гэхэд хамгийн түрүүнд усан хангамжийн асуудлыг шийднэ. Саяхан Дорнодын хөгжлийн тухай асуудлаар арав гаруй хүнтэй бригадыг дагуулж явлаа. Тэнд усан сан барих газраа тогтлоо. Хот байж болох районоо тогтоолоо. Энэ хотод ямар ямар үйлдвэр босох ёстой вэ гэж ярилцаад найман нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг баяжуулах, металлургийн үйлдвэр байх нь ээ. Түүний зэрэгцээ газрын тос боловсруулах бага хүчин чадлаар Дорнодын бүс нутгаа хангах тийм үйлдвэр барих хэрэгтэй болно. Түүний зэрэгцээ говийн бүс нутагт Оюутолгой, Тавантолгой нэгэнт бий болчихсон, Цагаан суваргын орд маань ашиглалтад орох гэж байгаа ийм нөхцөл байдалд Дорнод бүс нутгийн тэр их өвс, байгалийн эдийн засгийн потенциал болсон тэжээлийг Өмнөговь, Дорноговьд вагоноор хүргэх тийм ажлыг бид хийх ёстой.

-Улс орныг тэгэхээр бүсчилсэн хөгжлөөр хөгжүүлэх нь зөв гарц гэж үзэж байна уу даа, та?

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж бий. Тэрнийгээ хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөхгүй байна. Ер нь төр засгийн удирдлагын гол юм нь үйлдвэржүүлэх асуудал. Өнөөдөр Монгол баяжмал үйлдвэрээр баяжаад явна гэвэл энэ нэн гоомой асуудал. Химийн аж үйлдвэр, металлургийн аж үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр бий. Нэг үйлдвэр гэдэг чинь өөрөө арван хэдэн цехтэй, нэг цехээс гаргаж байгаа бүтээгдэхүүн нь нөгөө үйлдвэрийнхээ түүхий эд нь болж байх ёстой. Тэжээлийн үйлдвэр бий болгоно гээд Хөвсгөлийн фосфороо ашигла. Хөвсгөлийн фосфорыг ашиглаж болохгүй гэж ярьж болохгүй. Хөвсгөл аймгийнхан Монгол Улсын иргэн. Монгол Улсын хөгжлийн төлөө нэг аймгийнхан “Би тэгэхгүй ээ” гээд гэдийгээд суудаг ийм ёсон байдаггүй юм. Нэгдсэн төртэй, нэгдсэн улсын нэгдсэн бодлогоор улс орон хөгждөг болохоос биш бүс нутаг, аймаг орон нутаг гэсэн хязгаарлалт байж болохгүй.

Ер нь Монгол орны ашигт малтмал, байгалийн баялаг бол зөвхөн Монгол орны тусын тулд гэж бид бодож болохгүй. Бид Төв ба Зүүн өмнөд Азийн тухай бодох ёстой. Өнөөдөр бордооны аж үйлдвэр байгуулахгүйгээр олон зуу, мянган жил ашигласан Хятад, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудын газар тариалангийн гол зүйл болох хүнсний бүтээгдэхүүнүүд эцсийн эцэст тэжээгч нь болсон бордоогүйгээр явахаа байлаа.

Миний энд яриад байгаа бүхэн ямар нэгэн техник эдийн засгийн үндэслэлтэй. Нөөц нь ингэж баталгаажна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй ийм юмыг би ярьж байгаа юм. Тэрнээс биш ийм болоосой гэж үлгэр ярьж суугаа хүн биш. Улс орныхоо хөгжлийг зөвхөн өөрийнхөө орны тусын тулд бодвол манайд үйлдвэр хөгжихгүй. Бидний үйлдвэржих бодлогыг гадны улсууд дэмжихгүй.

-Мэдээжийн хэрэг. Томоохон үйлдвэрүүдтэй болох талаар ярилцдаг ч яагаад ч юм тэр нь бүтдэггүй нь үүнтэй ч холбоотой байдаг байх даа?

-Аль болох баяжмал, дутуу боловсорсон бүтээгдэхүүн авахыг бодно. Нэмүү өртөг шингэчихсэн, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх тийм бүтээгдэхүүнийг монголчууд үйлдвэрлээсэй гэсэн ганц ч гадны хүн байхгүй. Тийм учраас үүнийг чинь чадах хэмжээний шинжлэх ухааны потенциал Монголд бүрэн байна. Өнөөдөр хамгийн өндөр боловсролтой эрдэмтэн мэргэдээ 60 нас хүрсэн нэрийн дор тэтгэвэрт гаргадаг. Эх орныхоо хөгжлийн төлөө тэр хүмүүсийн уншсан ном, дуулсан үг, үзсэн юмыг бодит ажил болгох эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа хүчийг нэгтгэх цаг нь болсон. Ингэхгүйгээр бүтэхгүй байна.

Монгол Улсын ирээдүйг шинжлэх ухаан авч явна. Шинжлэх ухааныг шинжлэх ухааныг судалсан хүмүүсээр хийлгэдэг болохоос биш УИХ-ын гишүүд хийдэггүй юм.

Бодлогын яамд гэдэг энэ тогтолцоо бүтэц байж болохгүй. Бодлого боловсруулчихаад түүнийгээ хэрэгжүүлэхгүй нэг сайд ирээд л шинэ бодлого, засаг өөрчлөгдөхөөр л дахиад өөр бодлого ярьдаг. Ийм эрүүл бус үйл ажиллагаа байж болохгүй ээ. Одоо бодлогоо хэрэгжүүлэгч, бүтээлч яамтай байж төрт ёс тогтоно. Үүнийг бүтээхийн тулд ард түмэн зүтгэх ёстой. Үүний тулд ард түмэн нь шударга үйл хийх, бүтээн байгуулалт хийх шаардлагыг төр засагтаа тавих ёстой. Солонгосын ард түмэн анх “Хьюндай” үйлдвэрийг байгуулж байхад америкчууд яаж эсэргүүцэж байлаа. Тэгэхэд тэр Пак Гын Хэгийн аав, генерал Пак Жөн Хи хэдий харгис хэрцгий хүн байсан ч гэсэн уг үйлдвэрийг байгуулсан. Уг үйлдвэрийг бариад эхэлтэл метал төмөр дутсан. Төмөртэй болохын тулд өөрийн оронд байхгүй түүхий эдээр маш том металлургийн комбинат байгуулсан. Энэ комбинатын үйлдвэрийг бариад эхэлтэл төмөр нь илүү гарсан. Илүү гарсан төмрөөрөө олон улсын хэмжээнд усан онгоцны үйлдвэр байгуулсан. Энэ олон үйлдвэрүүдээ хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны технологийг өөрөөр хэлбэл электроникийн үйлдвэр хөгжихөөс өөр аргагүй болсон. Ингээд “Samsung” үйлдвэр бий болсон. Энэ бүхнийг, үйлдвэрүүдийг төр нь дэмждэг болохоос биш манайх шиг төр нь булаацалддаггүй юм аа. Өнөөдөр Монгол яагаад ийм байдалд хүрэв гэхээр өөрөө мэдэхгүй, өрөөлийн хийснийг булааж авах ийм бодлого явлаа. Бид хувьчлал нэрийн дор социализмын үед бүтээсэн бүхнээ нураалаа. Хамаг тоног төхөөрөмж үйлдвэрээ гадагшаа төмрийн хогонд өглөө.

Одоо монголчуудын ирээдүйн хөгжил бол боловсруулах үйлдвэрийн чиглэлд байна. Миний бие 1980 оны зургадугаар сарын 25, 26-нд Монголын баруун аймгуудад ямар үйлдвэр, ямар ашигт малтмалын хайгуул хийх вэ гэдэг саналаа бэлтгэхийн тулд Ховдын геологийн хайгуулын экспедицийг байгуулахаар явж байлаа. Тэр үед үзсэн 64 цэгээс хоёрхон цэг нь Монгол Улсад хамгийн том орд үүсэх нөхцөлийг үүсгэсэн. Түүнээс хойш энэ 25 жилд Монголын геологичид өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээр баруун аймгуудын ирэх 30 жилийн хөгжлийн хөтөлбөрийг гаргах үндэслэл нь бүрдчихээд байна.

-Хэзээнээс хэрэгжүүлэх бол?

-Энэ хөтөлбөрийг одооноос хэрэгжүүлэхгүй бол оройтно. Бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг цаг хугацаатай уралдах асуудал байдаг юм. Цаг хугацаатай уралдахын тулд хаана, юу хийх вэ гэдгээ мэдэх ёстой. Зорилготой байх ёстой. Тэр зорилгоо тойрсон үйл ажиллагаа явуулдаг юм.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравжамц: Одоогоор хоёр тамирчин өвлийн олимпийн наадамд оролцох эрх аваад байна

Улирч буй он Монголын спортын салбарынхны хувьд ээлтэй жил байж олимпийн төрлийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 14 медаль хүртэж дээд амжилт тогтоосон. Бид энэ талаар Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцтай ярилцлаа.


-2017 онд Монголын тамирчид олимпийн төрлийн спортын ДАШТ-үүдээс нийт 14 медаль хүртэж өндөр амжилт үзүүлжээ. Өмнө найман медаль хүртэж байсан нь хамгийн өндөрт тооцогдож байсан шүү дээ. Медалийн ургац арвин хураалаа даа?

-Өнгөрсөн онд үндэсний шигшээ багийн тамирчид маань олимпийн төрлийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт 14 медаль хүртэж дээд амжилт тогтоолоо. Өмнө нь 2015 онд найман медаль хүртсэн нь оргил амжилт байлаа шүү дээ. Спортын хувьд медалийн ургац арвин хураасан үнэхээр ээлтэй сайхан жил байлаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аварга болж тус бүрийн жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн өндөр амжилт гаргалаа.

-Бид хүндийг өргөлтийн ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн нь онцлох амжилтуудын нэг байсан болов уу?

-Хүндийг өргөлт бол өөрөө их олон жилийн түүхтэй спорт л доо. Бид медальд хамгийн ойртож байсан нь тавдугаар байрт л шалгарч байсан. Харин өнгөрсөн онд М.Анхцэцэг анхны медалийг эх орондоо авчирлаа. Үүнээс ч өндөр амжилт үзүүлж медалийн өнгө хувиргах боломж өндөр байсан. Харамсалтай нь М.Анхцэцэгийн маань бэртэл сэдэрч огцом өргөлтөөс татгалзсан. Энэ ч зөв шийдвэр гэж бид харж байгаа. Цаашдаа амжилтаа ахиулж алт, мөнгөн медаль хүртэнэ гэдэгт нь итгэлтэй байгаа. Гэхдээ манай тамирчны гол зорилго бол 2020 оны Токиогийн олимпод амжилт үзүүлэх шүү дээ.

-Монголын тамирчид ганцаарчилсан спорт болох чөлөөт бөх, жүдо бөх, буудлага, боксын төрлөөр л өндөр амжилт үзүүлж тив дэлхийн хэмжээнд өрсөлддөг байсан бол өнгөрсөн онд сагсан бөмбөгийн залуус маань Азийн аварга боллоо?

-Тийм ээ. 3х3-ын сагсан бөмбөгийн залуус маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж өндөр амжилт үзүүллээ. Шинээр олимпийн төрөлд багтсан спортод ийм өндөр амжилт үзүүлсэнд нь баяртай байгаа. Дээрээс нь хоккей болон бендигийн шигшээ багийнхан маань сайн амжилт үзүүлсэн. Иймээс энэ жилийг үндэсний болон багийн спортыг дэмжих жил болгосон.

-Энэ цаг үед Монголын сагсан бөмбөгийн тамирчид болон сонирхогчдын санааг зовоож байгаа асуудал нь шигшээ багийг олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тэмцээнд оролцох эрхийг нь хасах асуудал яригдах болсон. Энэ асуудал ямар шатанд явж байгаа вэ?

-Монголын сагсан бөмбөгт өнөөдөр үнэхээр хүнд асуудал тулгараад байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын үндэсний олимпийн хороо руу “Танай сагсан бөмбөгийн холбоо хуваагдаад байна. Яаралтай зөвшилцөлд хүрч шийдвэрээ гарга” гэсэн санамж бичиг явуулсан. Одоогоор нөхцөл байдал ямар байгааг би яг сайн мэдэхгүй байна. Монголд бол Монголын сагсан бөмбөгийн холбоог хууль бусаар ихэрлүүлсэн асуудал гарсан. Энэ асуудал хууль, шүүхийн хүрээнд шийдэгдээд явж байгаа. Албан ёсны шүүхийн шийдвэр гарахад тайлбар хийнэ дээ.

-Шинэ оны эхний томоохон тэмцээн бол Пёнчаны өвлийн олимпийн наадам. Энэ удаагийн олимпод манайхаас одоогийн байдлаар хэдэн тамирчин оролцох болзол биелүүлээд байна вэ?

-Өвлийн олимпийн хувьд цагаан хуудас болон нэмэлт эрхээр оролцох боломжгүй. Зөвхөн норматив биелүүлж байж л эрхээ авдаг учир шалгуур өндөртэй байдаг. Бидний хувьд өнгөрсөн онд энэ олимпийн наадмыг тохиолдуулаад өвлийн спортын тамирчдаа их дэмжиж оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцуулсан. Өнөөдрийн байдлаар цанын хоёр тамирчин олимпийн эрхээ халааслаад байна. Харамсалтай нь тэшүүрийн багийнхан маань цагийн хувьд муугүй амжилт үзүүлсэн ч эрхээ хараахан авч амжсангүй. Нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад манай биатлоны шигшээ багийнхан маань одоо Европ тивд зохиогдох олимпийн эрх олгох хоёр тэмцээнээс нэг эрх авах боломж бүрэн нээлттэй байгаа. Дээрээс нь пара цанын тамирчин Ганболд маань эрхээ аваад ОХУ-ын шигшээ багийн тамирчидтай бэлтгэлээ базааж байна. Энэ залуудаа их найдвар тавьж байна даа.

-Он гараад дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнүүд эхэлжээ. Хүндийг өргөлтийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үүнээс шалгарсан тамирчдаас шалтгаалж шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?

-Оны эхэнд бид улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээ хийгээд шалгарсан тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд явуулдаг. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2020 оны олимпод оролцож амжилт гаргах боломжтой тамирчдыг хайж сонгон шалгаруулж буйгаараа онцлогтой.

-Энэ онд манай улс олон улсын ямар тэмцээнүүдийг хүлээж авахаар төлөвлөж байна вэ. Бэлтгэл ажлуудын тухайд?

-2017 онд бид Засгийн газрын тогтоолоор найман тэмцээн хүлээн авч амжилттай зохион байгуулсан. Энэ онд бид 11 тэмцээн хүлээн авахаар болж эхнээсээ бэлтгэл ажилдаа ороод явж байна даа.

-Шигшээ баг 19 төрөл байдаг. БТСГ-ын тухайд анх удаагаа багийн спортыг дэмжиж шигшээ багт бүртгэж авсан нь анхаарлыг татаж байна?

-Багийн спортыг дэмжиж хөгжүүлэх нь чухал л даа. Багийн спорт нийт иргэдийн нэг нэгнийхээ төлөө сэтгэлтэйгээр хамтарч ажиллах сэтгэл зүйг хар багаас нь суулгаж өгдөг. Урьд нь бол манайд багийн спортын албан ёсны шигшээ багт ерөөсөө байгаагүй. Өнгөрсөн жил сагсан бөмбөгийн шигшээ багийг анх удаагаа багийн спортод бүртгэсэн. Харамсалтай нь санхүүгийн хүндрэлээс шалтгаалж олон тамирчдыг шигшээд дуудаж чадаагүй. Харин энэ жилээс шигшээ багт илүү олон тамирчинг урих зорилготой байгаа. Удахгүй бид өвлийн спортыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Пёнчаны олимпийг өнгөрөөгөөд хөтөлбөрөө эхнээс нь ул суурьтай, системтэйгээр бэлдээд явахгүй бол хаягдсан байна.Бид олон жил яригдаж байгаа өвлийн спортын ордонг Засгийн газраар хэлэлцүүлж 2020 оноос өмнө бариулахаар шаргуу ажиллаж байгаа.

-2020 оны Токиогийн олимпийн мөчлөг дундаа орж байна. Манай тамирчид энэ олимпийн наадамд хэрхэн бэлдэж байна вэ?

-Олимпийн мөчлөгийн эхний жилийн амжилт суурь болж өгдөг сайн талтай. Цаашдаа үүнийгээ бататгаад, ахиулаад явах нь чухал. Бид олимпийн наадмын бэлтгэлжилтийн хүрээнд Японы зарим нэг мужуудтай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Энэ ажлын үр дүнд манай тамирчид хамтарсан бэлтгэл хийгээд эхэлчихсэн явж байгаа. Үүнээс гадна манай багийн хамт олон спортын анагаах ухаан дээр анхаарч тамирчдыг бэртэл гэмтлээс ангид байлгах, бэртсэн тохиолдолд хурдан эмчлэхийн тулд сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг саяхан оруулж ирсэн. Спортыг эрдэм шинжилгээ, анагаах ухаангүйгээр хөгжүүлнэ гэж байхгүй. 2020 оны олимпод бидний тавьж буй зорилго бол 2008 оны амжилтыг ахиулахад оршиж байгаа. Энэ зорилгодоо хүрнэ ч гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Өнгөрсөн олимпийн наадамд Монголын хэд хэдэн тамирчин сэтгэл зүйн бэлтгэл дутуугаас шалтгаалж нэмэлт цагт болон барилдааны цагийн төгсгөлд ялагдаж байгаа нь ажиглагдсан. Үүнээс үзэхэд шигшээ багт спортын сэтгэл зүйч дутагдаад байх шиг?

-Манай багт спортын сэтгэл зүйч үнэхээр дутагдалтай байгаа. Шигшээ багт доктор Ш.Долгороос өөр сэтгэл зүйч одоогоор байхгүй байгаа. Энэ төрлийн мэргэжилтнүүд манайд ховор тул эхний ээлжинд мэргэжилтнүүдээ бэлтгэх хэрэгтэй. Үүнээс гадна тамирчдаас сэтгэл зүйн тест авдаг тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх шаардлагатай. Өнгөрсөн олимпийн өмнө бид шигшээ багийн нийт тамирчдад сэтгэлзүйн сургалтууд явуулсан. Гэхдээ тамирчин бүртэй сэтгэл зүйч тулж ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг нь олимпийн дараа харагдаж байсан.

-Саяхан та Куба улсад ажилласан. Энэ талаар?

-Куба улсад боксын залуучуудын шигшээ багаа дасгалжуулагчтай болгож, боксын нэгдүгээр шигшээ багаа тэдний нэгдүгээр багтай хамтарсан бэлтгэл хийлгэх санал тавьсныг уриалгахан хүлээж авсан. Дэлхийд боксын хөгжлөөр тэргүүлэгч тамирчидтай хамтарсан бэлтгэл хийснээр манай тамирчдын амжилт ахина гэдэгт итгэлтэй байгаа. Дээрээс нь эмэгтэй волейболын төрөлд ахлах дасгалжуулагч урьж ажиллуулах үүд хаалга нээлттэй болсон.

-2018 онд Биеийн тамир спортын газар ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?

-Ирэх оны ажлын төлөвлөгөөгөө манайх өнөөдөр баталж гаргана. Саяхан батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана даа. Үүнээс гадна спортын салбарт гаргасан амжилтаа бууруулахгүйгээр ахиулахыг хичээнэ. Дээрээс нь дан ганц тамирчдад анхаараад зогсохгүй нийтийн бие бялдрын хөгжил рүү чиглэсэн ажил явуулна. Ирэх жил 6-60 насны бүх иргэдийнхээ бие бялдрын нормативыг тогтоохоор ажиллаж байна. Жишээ нь 24 настай залуу ямар ямар дасгал хийж байх ёстой вэ гэх мэт норматив тогтоож иргэдийнхээ бие бялдрын боловсролд анхаарна даа.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Сангийн яам, БСШУСЯ-ны ТНБ-ийн даргыг шалгаруулна

Шинэ танхимын сандал ширээ тойрсон томилгоо мөддөө цэгцрэх янзгүй.

Төсвөөс хамгийн их мөнгө авдаг, гол хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах хүсэлтийг Засгийн газар Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ.

Тодруулбал, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг ирэх хоёрдугаар сарын 5-нд хийхээр болоод байна. Сонгон шалгаруулалтад шаардлагад нийцсэн хэн ч бүртгүүлж, өрсөлдөх боломжтой гэж Төрийн албаны зөвлөл тодотгосон ч ихэвчлэн урьдаас бэлтгэсэн захиалагчтай байх тохиолдол олонтаа.

Төрийн нарийн бичгийн дарга нарт ямар шалгуур тавьж байгааг одоо тодруулъя.

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ ШААРДЛАГА

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд, магистр болон түүнээс дээш

Доктор (PhD)

Мэргэжил

Санхүүч, эдийн засагч, байгалийн ухааны салбарын мэргэжил

Мэргэшил

Төрийн санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх

Төрийн сангийн удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Төрийн захиргааны төв байгууллагад төсөв санхүүгийн чиглэлээр 10 болон түүнээс дээш жил, удирдах ажил, албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх

– Удирдан зохион байгуулах туршлагатай байх

Ур чадвар

хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх;

аливаа шийдвэр гаргахад эрхэлсэн сайдад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

хуулийн төсөл, шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;

удирдан зохион байгуулах чадвартай байх;

компьютерийн өргөн хэрэглээний програм, нээлттэй эхийн системийг ашиглах, дотоод, гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх чадвартай байх;

НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх;

төсвийн нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах мэдлэг чадвартай байх;

улсын эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, шинэтгэлийг хөгжүүлэх, салбарын хэмжээнд зохион байгуулах мэдлэг, ур чадвартай байх.

Багаар ажиллах, хамт олныг удирдан чиглүүлэх, өөрчлөлтийг манлайлах, үр дүнд чиглэн ажиллах, мэдээллийн технологи, сүлжээний үйл ажиллагааг удирдах, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх, НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх

Тусгай шаардлага

Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих,

ашиг сонирхолын зөрчилгүй байх,

Төрийн болон алба, хувь хүний нууцыг чанд хадгалах

Эрхэлсэн ажил, албан тушаалдаа хариуцлага хүлээх, үр дүнтэй ажиллах чадвартай байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2018/0105/1.htm линкээр үзэх боломжтой.

БСШУСЯ-ны ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ ШААРДЛАГА

v

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд, магистр болон түүнээс дээш

Доктор (PhD)

Мэргэжил

Багш, эрх зүйч

Мэргэшил

Нийгмийн ухаан, эдийн засаг, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэшсэн байх

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн, төрийн бодлогын чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

Төрийн албанд болон удирдах ажил, албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх

Боловсролын салбарт 5-аас доошгүй ажил ажилласан

Ур чадвар

  • хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх;
  • аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд эрхэлсэн сайдад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх;
  • хуулийн төсөл, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;
  • удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • компьютерийн өргөн хэрэглээний програм, нээлттэй эхийн системийг ашиглах, дотоод, гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх чадвартай байх;
  • НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх;
  • боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортыг хөгжүүлэх төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах мэдлэг чадвартай байх;
  • боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын өөрчлөлт, шинэтгэлийг хөгжүүлэх, салбарын хэмжээнд зохион байгуулах мэдлэг, ур чадвартай байх.

Багаар ажиллах, хамт олныг удирдан чиглүүлэх, өөрчлөлтийг манлайлах, үр дүнд чиглэн ажиллах, мэдээллийн технологи, сүлжээний үйл ажиллагааг удирдах, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх, НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх

Тусгай шаардлага

  • Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих,
  • ашиг сонирхолын зөрчилгүй байх,
  • Төрийн болон алба, хувь хүний нууцыг чанд хадгалах,
  • Эрхэлсэн ажил, албан тушаалдаа хариуцлага хүлээх, үр дүнтэй ажиллах чадвартай байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2018/0105/2.htm линкээр орж үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Цэнддоо Сайн Монгол хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы Пүрэв гарагийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Баримт, үйл явдал” нүүрт Г.Номуундарь охины хэрэгт холбогдсон этгээдүүд оргон зайлсан байж болзошгүй гэв хэмээн ярьсан байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Ханиад томууны хүндрэлийн 66 хувь нь утаанаас үүдэлтэй байна хэмээн “Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Өдрийн сурвалжлага” буланд Гадаад паспортын сунгалтыг зогсоосон нь Иргэний бүртгэлийн газрын ачааллыг эрс нэмэгдүүлжээ хэмээн өгүүлснийг хүлээн авч үзээрэй.

Эрдэнэтийн хувьцаа ямар үнэтэй вэ хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлсэн байна.

Нийтлэлч Цэнддоо “Баримт үзэл бодол” нүүрт Сайн Монгол хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Багш” нүүрт “Гэгээ” гадаад хэлний төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш Д.Болдбаатар: Сурагчдынхаа сэтгэлийг тогтоохоос хичээлээ эхэлдэг.

Монгол Улсынсоёлын гавьяатзүтгэлтэн , Р.Нямдорж: “Дэндүү өндөрт нисэж явсан бүргэд учраас зөв л газардчихвал” гэж Ама дүүдээ хэлсэн хэмээн Өөрөөс нь буланд хэвлэгдсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Энэ тухай” нүүрт Улаанбаатар Эмпати дунд сургуулийн технологийн багш П.Алексэй: Монгол хүн сансарт ниссэний бэлэг тэмдэг сансрын хөлгийг бид бүтээж байлаа хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатны нээлтийн хурал энэ сарын 8-нд боллоо. Хурлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Суурин төлөөлөгч Даниел Пассон нар нээж үг хэлэв. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтөд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьсан бол төслийн нэгдүгээр шатны үр дүнг баруун аймгийн төслийн менежер асан Анна Клейншрот, хоёрдугаар шатны төлөвлөсөн ажлуудыг төслийн захирал Дэвид Ханкок нар тус тус танилцууллаа. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, НҮБХХ-ийн барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ төсөл, GIZ байгууллагын “NEXUS” төсөл, Удирдлагын Академи, МУИС-ийн Нийтийн удирдлагын сургууль, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм.

Хурлаар PIE2 төслийн хоёр үндсэн үйл ажиллагаа болох сайн засаглал-төсвийн хөрөнгө оруулалт, төрийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох болон барилгын дулаалгын технологийг нийгмийн салбаруудад нэвтрүүлэх чиглэлээр өргөтгөсөн хэлэлцүүлэг болов. Өргөтгөсөн хэлэлцүүлэгт холбогдох салбарын мэргэжилтнүүд, төслийн багийн төлөөлөл, шийдвэр гаргагчид, иргэд идэвхитэй оролцож нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, эрчим хүчний тарифын бодлогын орчинд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гарц хайв.

2018 онд төслийн хүрээнд 2-5 барилгын засварын ажлыг Монгол улсын барилгын стандартад бүрэн нийцүүлэн дулаалах бөгөөд хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмблэх шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын журам боловсруулах, нийслэлийн мэргэжилтнүүдийн хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Төслийн хоёрдугаар шатанд (2018-2021) нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдалтай 20-25 барилгыг засварлан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн орчныг сайжруулах юм. Төслийн нийт төсөв 4 сая шв.фанк ба 2018 онд нийслэлийн төсвөөс төслийн барилгын засварын төсөвт 1 тэрбум төгрөг нэмэлтээр хуваарилжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт үйлдвэр” компанийг хувьцаат компани болгож, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгийн сувилагч нар мэргэжлийн үнэмлэхээ авлаа

Өрхийн эмнэлгийн сувилагч нар мэргэжлийн үнэмлэхээ авлаа

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр тус дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 15 сувилагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан билээ.

Уг сургалтын хүрээнд “Өрхийн сувилахуй” буюу өрхийн сувилагч мэргэжлээр мэргэшин суралцсан сувилагч нар энэ сарын 9-нд мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн төвийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс цаашид бусад дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сувилагч нарыг “Өрхийн сувилахуй”-н чиглэлээр мэргэшүүлж, хүн ардад сувилахуйн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьж ажиллаж байгаа юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр болов

Зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Хуралдаан 13 цагаас эхэлсэн бөгөөд нийт 12 асуудал хэлэлцэхээр товлоод буй. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай” асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийг Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгон, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ хүрээнд олон улсын аудит оруулах, үнэлгээг хийх гэх мэт 10 гаруй ажил хийгдэх аж. Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх юм.