Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүд 2018 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

“Энэ жил төрийн байгууллагын бүх шатанд сахилга, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай байхыг орон нутгийн удирдлагаас шаардана. Хариуцлагатай байна гэдэг нь иргэддээ элдэв хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилдэг, иргэдээ сонсдог, асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг чадвартай байх гэсэн үг. Засгийн газраас боловсруулсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд хийх ажлыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулах ёстой” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсний шагайн харваачид улсын шилдгүүдээ тодруулна

ЗурагМонголын үндэсний мөсний шагайн холбоо /МҮМШХ/-ноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ сарын 2-4-нд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Монголчуудын уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчилан цаашид хөгжих үндэс, нөхцлийг бий болгох зорилгоор энэ зохион байгуулдаг. Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн төлөөлөл болох 10 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 200 гаруй харваач оролцоно.

Мөсний шагайн харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай юм. Харвааг уламжлалын дагуу усны урсгал дагуу сумаа харвадаг байна. Дашрамд дуулгахад, “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул айлчлан ирж буй Шар нохой жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжин үзэж, сорих боломж гарах юм.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна

Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 118 аж ахуйн нэгж, 199 иргэнийг хамруулан томоохон худалдааны төвүүд, зах, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад явууллаа.

Хяналт шалгалтад хамрагдсан газруудад ажлын байр, үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн горимын мөрдөлт, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, үйлдвэрлэлд хэрэглэж буй болон худалдаалж байгаа түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, сав баглаа боодлын баталгаажилт, гарал үүсэл, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, шошгололт, хадгалалт, тээвэрлэлтийн байдал, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаалт, татан авалтын бүртгэл, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5 аж ахуйн нэгж байгууллагад 4500.0 мянган төгрөгийн, 1 албан тушаалтанд 300.0 мян.төгрөгийн, 13 иргэнд 1800.0 мян.төгрөгийн буюу нийт 19 газарт 6600 мян.төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх журмаар шийдвэрлэсэн байна.

Сар шинийн баяр болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, стандартыг мөрдөж үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, иргэдэд хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой хаяг шошго, баталгаажилттай хэвийн боов, сүү, цагаан идээ, бууз банш худалдан авах, зөв сонголт хийж, зохистой хэрэглэх талаар зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлтийн материалыг ирэх сарын 15-ны хүртэл хүлээн авна

Холбоотой Зураг

ХХОАТ-ын тухай хуулийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.

ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.

Мөн хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.

Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайланг,бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ.

Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авахдаа 2% цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.

Татварын цахим систем e-tax.mta.mn -рүү нэвтэрч ТБ-06/А/, тайлангийн маягт,ТБ-06/б/ тайлангийн мэдээ, “Хувь хүний орлогын албан татвар”-ын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийн хамт бөглөн цахимаар илгээх ба тус бүрийг 2 хувь хэвлэн, бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.

ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авна.

Бүрдүүлэх материалын жагсаалтыг энд дарж үзнэ үү

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-ийн үнэлгээний багтай уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын валютын сангийн өргөтгөсөн /ОУВС/ санхүүжилтийн хөтөлбөрийн бүтцийн жишиг үзүүлэлтийн хүрээнд Татварын ерөнхий газар ба ОУВС хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан болно. Уг санамж бичигт туссан асуудлаар талуудын хооронд 2017 онд хийсэн ажлын гүйцэтгэл, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцэж, харилцан санал солилцсон уулзалт зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад удирдах ажилтан мөн ОУВС-ийн үнэлгээний багийн ахлагч, Ази номхон далайн хэлтсийн дэд дарга Жеф Готлиеб болон ахлах эдийн засагч Уэндэл Даал, ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ноён Нэйл Сакэр, Татварын ерөнхий газарт ажиллаж буй суурин зөвлөх Кэйтлин Күиглэй нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УС, ЧИЙГ БҮХИЙ НАМГАРХАГ ГАЗАР, ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ ОРЧНЫ ТУХАЙ КОНВЕНЦ /РАМСАР/-ИЙГ БАТАЛСАН ХОЁРДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙГ “УС НАМГАРХАГ ГАЗРЫН ДЭЛХИЙ ӨДӨР” БОЛГОН ЖИЛ БҮР ТЭМДЭГЛЭДЭГ УЛАМЖЛАЛ ТОГТСОН.

Энэ жил тус өдрийг “Ус намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ хүрээнд манай төвөөс 2018 оны 2 сарын 2-ны 10 цагт зохион байгуулах “#Хот_суурин_газрын_ус_намгархаг_газрыг_хөгжүүлэх_нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

“ХОТ СУУРИН ГАЗРЫН УС НАМГАРХАГ ГАЗРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УДИРДАМЖ

Нэг. Үндэслэл

Монгол улс “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц” /РАМСАР/-т нэгдэн орсноос хойш жил бүрийн 02 дугаар сарын 02-ны өдрийг “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Дэлхийн ус намгархаг газрын өдөр болон Ус намгархаг газрын тухай талуудын 13 дугаар бага хурлыг /COP13/ олон улсын хэмжээнд “Ус намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Бид энэ ажлын хүрээнд “Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдвийн дор уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хоёр. Зорилго

Сүүлийн жилүүдэд Монгол улсын нийгэм эдийн засгийн цар хүрээ өргөсөж, уул уурхайн хөгжил, хот суурин газрын хүн амын төвлөрөл буюу механик өсөлт эрчимтэй явагдсанаар хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэж хот суурин газрын орчны бохирдол ялангуяа агаар, хөрсний бохирдол нэмэгдэн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ хот суурин газрын ус намгархаг газрын доройтлыг ихээр бий болгож байгааг эрдэмтэдийн судалгаа нотлон харуулж байна.

Иймд хэлэлцүүлгийг хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх арга замыг олж тогтооход гол зорилго оршино.

Гурав. Хэлэлцүүлгийн сэдэв

“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь”

Дөрөв. Ерөнхий зохион байгуулагч:

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

Тав. Хэлэлцүүлгийн хугацаа: 2018 оны 02 сарын 02нд 10:00 – 16:30

Зургаа. Хамрах хүрээ, оролцогч талууд

1. БОАЖЯ
2. НЗДТГ
3. НБОАЖГ
4. УСУГ
5. МУИС
6. ШУТИС
7. ХААИС
8. Ашигт Малтмал, Газарын тосны Газар
9. Газарзүй Геоэкологийн Хүрээлэн
10. НЭМХ
11. Дүүргүүдийн ЗДТГ
12. Туул Голын Сав Газрын Захиргаа
13. ТББ

Долоо. Хэлэлцүүлэг болох газар

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд

Найм. Хэлэлцүүлгээс хүлээгдэж буй үр дүн

  • Улаанбаатар хотын хэмжээнд ус намгархаг газрыг хөгжүүлэх боломжийг тодорхойлох.
  • Олон талт мэдээ, мэдээлэлд тулгуурлан хэрэгцээ шаардлагаа тодорхойлох
  • Байгууллага хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх
  • Хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан төсөл боловсруулах Хэлэлцүүлгийн хөтөлбөр

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүллээ

Өнөөдөр Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн “аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа”, “инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг” хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн үг хэллээ.

IMG_2046Тэрээр Монгол Улсын Засгийн газар “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2009 оны 157 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урьд өмнө судалгаа шинжилгээ хийгдэж байгаагүй 12 аймгийн төвийн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлийн бичил мужлалын зураглал, газар хөдлөлтийн мэдээллийн санг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Одон орон, геофизикийн хүрээлэн 2012 оноос 2017 оны хооронд амжилттай хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн хүлээн авч байгаа “газар хөдлөлийн бичил мужлал”-ын мэдээллийн сан нь хот, суурин газрын нутаг дэвсгэрт барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, засварлах барилгын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулахад шаардагдах газар хөдлөлийн балл, хөрсний оргил хурдатгал, хөрсний зонхилох давтамжийг тодорхойлсон нь гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломж бүрдээд байна” гэв.

IMG_2074Энэхүү ажлын хүрээнд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай нийт 12 аймгийн төвийн газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сан үүссэн ба уг мэдээллийн санг ГЗБГЗЗГ-ын “Үндэсний орон зайн мэдээллийн сан”-д нэвтрүүлж хэрэглээнд гаргахад бэлэн болоод байгаа юм байна.

IMG_2066IMG_2054Мөн “Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 78 дугаар тогтоол, “Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог батлах тухай” Засгийн газрын 25 дугаар тогтоол зэрэг баримт бичгийг үндэслэн хэрэглэгчдийг шугам сүлжээний нэгдсэн мэдээллээр хангах, “Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн нэг бүрдэл болох “Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээлэл”-ийн зарим хэсгийг бүрдүүлэх зорилгоор 2013-2017 онд БХБЯ-аас “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлыг хэрэгжүүлж “Боригтэс”, “Геоценоз” компаниуд 19 аймгийн төвийн суурьшлын бүсийн хэмжээнд газар доорх болон газар дээрх инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн зураглалыг хийж гүйцэтгэн 2017 онд захиалагчид бүрэн хүлээлгэн өглөө. Уг ажлыг хийж гүйцэтгэсэнээр инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээлэл аймгийн төвүүдийн хэмжээнд холбогдох байрзүйн зураглал, тайлан, судалгааны материалуудын хамт бүрдэж, орон нутгийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын төлөвлөлт, мониторингийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн эх үүсвэртэй болж, газар хөдлөлийн гамшиг тохиолдсон үед сэргээн босголтын ажил явуулах төлөвлөгөө боловсруулах, сэргээн босголтын ажил гүйцэтгэхэд баримтлах нарийвчилсан гарын авлага, мэдээллийн сан бүрдсэн нь өндөр ач холбогдолтойг салбарынхан онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэдийг сонгон шалгаруулна

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан шуурхай бүлэгт Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг ажиллаж байна. Өвөрхангай, Баянхонгор, Говь-алтай аймгуудын эрүүл мэндийн байгууллагын нөхцөл байдалтай танилцан, өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдын хүн амд үзүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, хүндрэлийн үеийн яаралтай арга хэмжээний шуурхай байдалд хяналт тавьж, мэдээлэл солилцох, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өглөө. Аймгийн онцгой комисст яаралтай отроор явж байгаа иргэдэд яаралтай тусламжийг шуурхай хүргэх эмч, эмнэлгийн ажилчдын онцгой нөхцөлд ажиллахад дэмжлэг үзүүлэх, анхаарах зөвлөмж өгч ажиллаж байна. Иймд нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн баяр ойртож байгаа энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч, ялангуяа хүнд өвчтөн, төрхийн хяналтанд байгаа эхчүүдэд анхаарлаа хандуулан ажиллах үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Увсын Түргэн сумын малчинтай хурдан морь, унаач хүүхдийн талаар ярилцлаа

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн малчин Ж.Бат-Өлзийнд бууж, ахуй амьдрал, өвөлжилт болон хурдан морь, унаач хүүхдийн талаар хөөрөлдлөө.

-Сайхан өвөлжиж байна уу, мал сүрэг тавтай юу. Хэдэн малтай вэ?

-Тавтай сайхаан. 1000 гаруй малтай.

-Танай үүгээр цас багатай байна шүү дээ.

-Харин тийм. Манай өвөлжөө энэ жил өнөтэй, намраараа шахам. Одоо цас орвол эвгүйтнэ. За бас гуравдугаар сард цас дарчихгүй бол болох нь тэр.

-Цаг одооноос нэлээд тавирах мэдээтэй байгаа. Хоёрдугаар сард 5-7 градус хүртлээ дулаарах урьдчилсан тандалт гарсан нь нэлээд бодитой болов уу. Энэ жил хэдэн мал төллөх вэ?

-500-гаад төл авна даа. Хээл хаясан, хорогдсон юмгүй л байна. Манайх хадлан сайн авсан болохоор харьцангуй гайгүй байна шүү. Хадлан гараагүй сумдад бол өвсөө шувтраад хатуу байгаа сурагтай. Харин аймаг дээр улсаас өвс, тэжээл ирэх дуулдсан нь Та бүхэн авчирч байгаа хэрэг байж л дээ. Одоо яг цаг нь, үүнээс оройтвол дор орчихсон малыг хэчнээн тэжээгээд сэхдэггүй юм.

-Хэдэн хүүхэдтэй вэ, лав энэ хоёр жаал танайх уу?

-Энэ хоёр бага нь, том хоёр маань хичээлдээ орчихсон. Сургуулийн дотуур байранд амьдардаг. Багын дээдхийг долоотойд нь оруулна гээд энэ жил сургууль өнжөөчихсөн байгаа.

-Танайх морь уядаг уу?

-Уяна аа. Аймаг, сумандаа хурдлуулдаг юм.

-Хурдан морь унадаг хүүхэдтэй юү?

-Бий, бий. Манай хүүхдүүд өөрсдөө ч уначихдаг.

-Би сая Шадар сайдын хувьд бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглосон тогтоол боловсруулж Засгийн газраар батлуулсан. Өвлийн уралдааныг хориглоод, хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1 хүртэлх хаврын уралдаанд хурдан морь унах уралдаанч хүүхдийн доод нас 12 байхаар заасан нь хэр санагдаж байна?

-Тэр зөв өө. Хүүхэд бэртэж гэмтэх нь наснаасаа их шалтгаална. 12-той хүүхэд ядаж тэнцвэртэй болчихдог

Categories
мэдээ улс-төр

Иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх семинарт оролцож үг хэллээ. Тэрээр аймаг, нийслэлийн удирдлагуудад ажилдаа, нутаг орондоо эзэн нь байж, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн аймаг, орон нутагт хууль хэрэгжүүлж ажиллах учиртайг тэмдэглэлээ.

Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгана. Ингэж байж төсвийн сахилга бат сайжирна. Эдийн засгийн уналтыг зогсооно. 2018 оны гол зорилго, зарчим энэ байх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Маргааш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.