Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар 17 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт тогтоох тухай, Шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар, 2018 оныг “Хариуцлагын жил” болгох тухай, Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай, Журам батлах, шагналын хэмжээ тогтоох тухай зэрэг 17 асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

О.Баасанхүү зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. О.Баасанхүү, “Улсын дээд шүүхэд хандан МАХН-ын даргаар нэрээ баталгаажуулахаар өгсөн ч хариу өгөхгүй байна. Шалтгаан нь улс төрийн зорилготой. Энэ хооронд н.Давааням нарын иргэд “О.Баасанхүү эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж олон удаа ярьж, хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол өгсөн. Харин прокурорын байгууллагаас “н.Давааням нарын ирүүлсэн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэдэг хариуг ирүүлсэн. Тагнуулын газраас “О.Баасанхүү нарын Төрийн ордонд хийсэн хурал нь хууль ёсны байсан” гэсэн хариу ирүүлээд байгаа. “АН маргааш жагсаал зохион байгуулах юм байна. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга манай МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад энэ жагсаалд дэмжлэг авах талаар ярьж байгаа юм билээ. Бид энийг баталгаажуулна. Учир нь Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой юм. Н.Энхбаяр жагсаал хийхээр төлөвлөсөн бол энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.31) хуралдаан 10 цаг 30 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа даргалсан.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон. Хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг дурдав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд сарын 1сая 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай иргэд нийт татвар төлөгчдийн хэдэн хувийг эзэлдгийг тодруулахын зэрэгцээ төр нь өндөр орлоготой иргэдээсээ өндөр татвар авч үүнийгээ орлогогүй, бага орлоготой иргэдийнхээ халамж, тэтгэмжид анхаарах ёстой байтал татварын хувь хэмжээг өөрчлөх шаардлага байсан уу гэсэн саналыг хэлсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2016 оны эцсийн байдлаар сарын 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд нь нийт татвар төлөгчдийн найман хувийг эзэлж байсан. Үндэсний статистикийн хорооны 2017 оны гуравдугаар улирлын тайлангаас харахад энэ хэмжээ 11,8 хувьтай байна. Үүнд уул уурхайн салбарын ажилчид, төмөр замчид багтаж байгаа юм. Эдгээр ажилчдын гэр бүл ганц хүний цалингаар амьдардаг, олон хүүхэд тэжээдэг, ипотекийн зээл төлдөг бодит нөхцөл байдал байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд татварын нэг шатлалтай болгосноор тайлангаа гаргахад хялбар болж, татварын системийг энгийн ойлгомжтой байх зарчимд нийцэж байгаа хэмээн хариулав.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Н.Амарзаяа гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ливерпүүл Хадерсфелдын талбайгаас гурван оноо авлаа

Английн премьер лигийн 25 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Английн лигийн 18 удаагийн аварга Ливерпүүл лигийн “шинэ цэрэг” Хадерсфелд тауны талбайд зочилж 3:0-ээр бут ниргэлээ. Энэ өдөр Улаануудаас Герман хагас хамгаалагч Эмре Жан 26 дахь минутанд гоол оруулж тоглолтын салхийг хагалсан бол нэгдүгээр үеийн төгсгөл 45 дахь минутанд Роберто Фирминогийн гоцлон тоглолт амжилттай болж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Харин 78 дахь минутанд “Египт Месси” Мухамед Сала гоолдож энэ тоглолтын цэгийг тавсан юм.
Өмнөх тойрогт Ливерпүүлийг хожоод байсан Суонси сити энэ удаа Арсеналтай тулж 3:1-ээр хожиж шуугиан тарив. Тоглолтын эхний гоолыг 33 дахь минутанд Начо Монреал оруулсан бол үүнээс нэг минутын дараа Суонси ситигээс Самуэл Рэемонд Клукас гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм. Харин шийдвэрлэх хоёрдугаар үеийн 61 дэх минутанд Жордан Аяу гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан бол Самуэл Рэемонд Клукас хоёр дахь гоолоо 86 дахь хоромд оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Ингэснээр Соунси сити 23 дахь оноогоо авч 17 дугаар байрт дэвшлээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

“Амны хөндийн эрүүл мэнд” сургалт зохион байгуулав

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургууль, “Гүүд Нейборс” ОУТББ хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд“ сэдэвт сургалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багшаас бүрдсэн нийт 120 хүн оролцов. Энэхүү сургалтаар сургуулийн бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлага, түүний агуулгыг танилцуулсан.

Сонгогдсон сургуулийн бага ангийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд“ сургалтыг үргэлжлүүлэн сурагч нартаа болон тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм.

Цаашид энэ туршлагаар нийслэлийн бусад сургуулийн багш нарыг сурган, тэднээр дамжуулан бага ангийн хүүхэд, эцэг эхэд түгээн дэлгэрүүлнэ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

А.Сүхбат Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар сонгогджээ

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Сүхбат сонгогджээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, дэд хорооны даргаар хэнийг сонгох тухай хэлэлцээд өнгөрсөн баасан гаригт түүнийг тодруулжээ.

Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Батзориг ажиллаж байгаад Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул ийнхүү шинэ томилгоо хийсэн юм. А.Сүхбат УИХ-ын гишүүн болсноосоо хойш агаар болон хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламжид анхаарал хандуулж, санал тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгааг ангийн нөхөд нь үнэлж, түүнийг сонгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэж жагсана, МАХН мөн жагсаалд нэгдэхээ илэрхийлэв

Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд мөн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар оролцсон юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ярихдаа “Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Ардчилсан намаас эрх баригчдад хэд хэдэн шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Шаардлагын дагуу бодит үйл ажиллагаанууд хийгдээгүй байна.

Бидний зүгээс хариу өгөхгүй бол хоёрдугаар сарын нэгэнд 21 аймаг болон нийслэлд орон даяар жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ хэлсэн. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнүүдээс тавьсан шаардлагыг нийгэмд буруу, ташаа ойлгуулж, иргэдийн тархийг угаах тийш нь эргүүлж эхэллээ. МАН-ын ганц чаддаг зүйл нь ард иргэдийн тархийг угааж, аливаа зүйлсийг харлуулах л даа. Ардчилсан намын бүлгийн гишүүд болон МАХН-аас Ц.Оюунбаатар дарга мөн оролцож байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа сүртэй тавьж, хоёр гурав хоног үргэлжлүүллээ. Сөрөг хүчний зүгээс үүнд нь судалгаа хийж үзлээ. Хийсэн гээд байгаа ажлуудыг нь харахад 30 гаруй хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхлүүлсэн ажлыг өөрсөддөө наасан байна. Мөн өөрсдөө ажил хийсэн болж харагдах гэж хаа хамаагүй юм бүхнийг хамж, хамаатуулсан байгаа юм. Ажлын тайландаа С.Зориг агсны хэргийг илрүүлсэн гэдгээ оруулжээ.

Засгийн газар гэмт хэргийг илрүүлдэг юм уу. Энэ бол хууль хүчний байгууллагын хийдэг ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хэрэг нь илэрсэн юм шүү дээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болгоно гээд 100 хонож байна. Ц.Нямдорж сайд таван удаа Хууль зүйн сайд хийнэ гэдэг ховор хувь тохиол шүү. С.Зоригийн хэргийг илрүүлэх явцын ихэнхи жилд нь энэ хүнд сайд хийжээ.

Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт “Өрийг өрөөр дарахгүй” гэсэн сүржин заалт бий. Гэтэл өнөөдөр өрийг өрөөр дарахыг харин ч нэг хийж, гаршиж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гээд байгаа. Өнөөдөр энэ сангийн хүрээнд ард түмэнд хэрэгтэй ямар хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ гэдэгт тайлбар өгч чадахгүй л байгаа. Ямар бодитой үр дүн аль салбарт гарсан талаар тоймтой мэдээллийг өгөхгүй байсаар өдийг хүрлээ.

ОУВС Оюу Толгойгоос гарч байгаа зэс, хүдрийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас өөр ямар дорвитой шийдвэр гаргав. Энэ бүхэнтэй бид эвлэрэхгүй. Чингис бондын 1.5 тэрбумын зээлийг хэдэн жил ярилаа. Гэтэл өнөөдөр өрийн босго 100 давчихсан явж байгаа. Өрийн босго 58 давахад л чуулганы танхимыг нураачих гэж байсан шүү дээ. Нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй л байна.

Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн. Инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ. Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Бензин, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нэрээр хоёр төрлийн бензиний л татварыг тэглэсэн. Өнөөдөр МАН төр барьж чадах юм уу, чадахгүй бол хариуцлагаа хүлээ гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ: Бид маргаашийн жагсаал цуглаанаар 60 тэрбумын хариуцлага хаачив, энэ бүх буруу гаргасан татварын нэмэгдлээ цуцлахыг шаардана. Шатахууны үнэ өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өссөнд хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг шаардлага тавина. 2012-2016 онд эдийн засаг маш хүнд, гадны хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан үед Ардчилсан намын Засгийн газар улс орноо авч гарч байсан юм. Энэ бол бидний итгэл үнэмшил.

Бид энэ үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн. Дотооддоо бид үйлдвэр эрхлэх боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлж чадсан юм. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд нь ард иргэдээ гадагшаа гарч ажиллаач, гадаадад очоод манайхаас ажиллах хүч аваач гэж ярьж болдог юм уу. Приусны татвар нэмнэ гэснээ буцаасан. Сонгуулийн дараа эргээд нэмчихдэг ийм эргэж буцсан шийдвэр гаргаж болохгүй гэв.

Хэвлэлийн хуралд оролцсон МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар мөн “Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, Засгийн газрын оновчгүй шийдвэрүүд нь ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Энэ бол эрх баригч намын удирдлагууд төрийн албыг 60 тэрбумаар арилжсантай холбоотой. Өнөөдөр ийм учраас МАХН-ын зүгээс маргаашийн тайван жагсаал цуглаанд нэгдэж байна. Мөн УИХ тарах ёстой гэдэг байр суурийг МАХН-аас илэрхийлж байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Э.Амартүвшинг “Оpera awards”-т “сойжээ”

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин “2018 International Opera Awards”-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшжээ. Дэлхийн “Opera Awards” нь ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дүнгээ танилцуулж, улаан хивсний ёслолыг зохион байгуулах аж.

Кино урлагийн “Оскар” наадмын шагналтай дүйцэхүйц дэлхийн дуурийн урлагийн “Opera Awards”-т эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй дуучин Э.Амартүвшинг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуудын санал хүсэлтээр энэхүү шагналд нэр дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрх Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа хийж байна. “Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох эрх Ерөнхийлөгчид бий юү. Энэ нь “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна” хэмээн Цэцэд гомдол гаргажээ. Цэц энэхүү гомдлыг судалж үзээд маргаан үүсгэх нь зүйтэй гэж үзсэн юм. Улмаар дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж байгаа нь энэ. Хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Энх-Амгалан гишүүн оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Манжуурт консулын газар нээж ажиллуулах асуудлыг зөвшилцөв

ЗурагМонгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээж ажиллуулах тухай асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр зөвшилцөв.

Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хийсэн юм. Манай улсын иргэд хамгийн олноор зорчдог БНХАУ-д Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Хөх хотод Ерөнхий консулын газар, Эрээн хотод Консулын газар ажиллаж, тус улсад зорчиж байгаа болон ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, манай улсад зорчих гадаадын иргэдэд виз олгох асуудлыг хариуцдаг.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Хайлаар хот дахь Консулын газрыг өнгөрсөн оны 6 дугаар сард хааж, тус газрын хамаарч байсан ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Эрээн дэх Консулын газрын тойрогт хамруулсан байна. Ингэснээр Эрээн хот дахь Консулын газрын ачаалал улам нэмэгдэх, улмаар тус газраас Дорнод, Дорноговь аймгууд дахь Сүмбэр, Хавирга, Баянхошуу болон Ханги боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай үзүүлэхэд орон зай, цаг хугацаа, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэхээр байгаа аж. Иймээс БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээж ажиллуулах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэний дагуу УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр хэлэлцүүлж буйг Гадаад харилцааны сайд танилцуулав.

Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотын зэрэгцээ Улаанбаатар-Манжуурын чиглэлд Хүннү-Эйр компани долоо хоногт 5 удаа шууд нислэг хийдэг, аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог агаад цаашид улам өсөх хандлагатай байгаа. Мөн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай гэдгийг сайд тодотголоо. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 527 иргэн, 2017 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 170670 иргэн дээрх дөрвөн боомтоор дамжин Манжуур хотод зорчсон байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Манжуурын Консулын газрын тойрогт хамруулбал тус бүс нутагт буй БНХАУ-ын иргэд манай улсад зорчих виз авахаар Эрээн хот хүртэл 1500 км зорчихгүйгээр Манжуураас авах боломжтой болох аж.

Манжуур хотод Консулын газар нээх асуудлыг хятадын талд дипломат шугамаар тавьж, яриа хэлэлцээг эхлүүлжээ. Мөн Консулын газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зохих зардлыг 2018 оны төсөвт тусгаж батлуулжээ.

Улмаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Манжуур хотод Консулын газар байгуулах асуудлыг зөвшилцөхийг дэмжиж, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсон юм.