Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 2018 оны I сарын эхний долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь

Нэг. УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан:

I сарын 02-ны Мягмар гарагт

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-УИХ дахь АН- бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

Хоёр. Ажлын хэсгийн хуралдаан:

I сарын 02-ны Мягмар гарагт

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;
-Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

01 дүгээр сарын 03-ны Лхагва гарагт:

-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
– Улсын Их Хурлын даргын 2017 оны 188 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

Гурав. Байнгын хорооны хуралдаан:

01 дүгээр сарын 03-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
-Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.

Дөрөв. Чуулганы нэгдсэн хуралдаан:

01 дүгээр сарын 04, 05-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

-Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Бусад;
-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:

“Гэр хорооллыг дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар”.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын мэндчилгээ

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.

Цагийн зүү 12-ын тоог голлож, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын зүрх нь болсон Нийслэл хотынхоо нийт иргэддээ баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хотын дарга гэсэн хариуцлагатай албанд томилогдон ажилласанаас хойш яг нэг жил 6 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд засаг даргын мөрийн хөтөлбөрөө батлуулан, хэрэгжүүлж эхэлээд байна. Улиран одож буй 2017 он Нийслэлийн хувьд “Иргэнээ дээдэлсэн” Эрх зүйн шинэтгэлийг хийхийг чармайсан он тоолол байлаа. Саятан хотын хувьд салбар бүрийн хөгжлөөс гадна Улаанбаатар гэсэн их айлын өөдлөх зам, хөгжих жимийн дардан болгохын төлөө Нийслэлийн удирдлагын шинэ баг чармайн ажиллаа.

Үүний үр дүнд шинэ оноо бид өр төлбөргүй хот болон угтаж байгаа баяртай мэдээ дуулгахад таатай байна. Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мод нахиалдаггүй гэсэн үг бий. Тиймээс ч бид аж ахуй нэгж компаниуд болон нийслэлийн төр захиргааны байгууллагын хооронд үүсээд авсан өр авалгыг тэгэлж чадлаа. Түүнчлэн Утаагүй Улаанбаатар болгохын төлөө тууштай ажилласны үр дүнд сүүлийн 26 жилийн түүхэнд байгаагүйгээр анх удаа нийслэл хотод шилжин ирэх хөдөлгөөн болон гарах хөдөлгөөн тэнцэж, яндангийн тоог бид нэмэгдүүлсэнгүй. Засгийн газар, яамдтай, гадны байгууллагатай хамтран ажилласанаар Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд агаар шүүгчээр 100 хувь хангагдах боллоо.

Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй хийснээр Ерөнхий боловсролын 10 сургууль, 13 цэцэрлэг 2017 онд шинээр үүдээ нээж, 10 мянгаар суудлын тоогоо нэмэгдүүллээ. Эмнэлгүүдийн гадна тохижилтонд эрс шинэчлэл хийж, онгоц буух зурвас хийж, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.

Хагас зуун жилийн насжилттай гүүрүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын шанг татаж, авто замын уулзваруудыг өргөтгөлөө гээд 2017 онд Нийслэлчүүд бид хийсэн ажил арвин жил байлаа. Нийслэлийн бүтээн байгуулалт, нийгмийн ажил бүрийн ард иргэн, аж ахуй нэгж, та бүгдийн минь дэмжлэг байдаг учраас хот маань өдрөөс өдөрт өнгөжин жавжаахиж байна.

Ирэх онд хөгжлийн Эрчимтэй хурдаа бид алдахгүй ажиллана. Олон кран ажиллаж, олон хүн ажлын байраар хангагдсан жил болно гэдэгт итгэлтэй байна.

Нийслэлчүүддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт өнөөдрөөс эхлэн нэг сар үргэлжилнэ

Нийслэлийн ЕБС-ийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдыг 2018 оны I сарын 1-ний өдрөөс II сарын 1-нийг хүртэл амраахаар болсон. Харин хөдөө орон нутгийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдыг 2018 оны I сарын 1-нээс I сарын 22-ны өдрийг хүртэл амраах тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаал гарсан юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Анхцэцэгийн багш, шилдэг дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярынд өнжлөө

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно”-наадмын 2017 оны шилдэг дасгалжуулагчаар тодорсон хүндийг өргөлтийн ДАШТ-ийн хүрэл медальт “Алтан охин” хэмээх М.Анхцэцэгийн багш, дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярынд өнжлөө. Өнжих хүсэлтэй байгаагаа хэлэхэд өдөр бүр, өглөө оройгүй бэлтгэлтэй байдаг, бямба гаригийн өдөр 12:00 цагт бэлтгэлээ тарна, үдээс хойш ирээрэй гэв. Биднийг очиход тэрбээр “Ёстой салдаггүй муухай ханиад байна” хэмээн дусал залгуулчихсан том өрөөнийхөө буйдан дээр сууж байна. Түүний бага хүү таван настай Х.Баянмөнх хүүхэлдэйн кино үзэж, аав, ээжийнхээ утсаар тоглоод л жаргалтай нь аргагүй маадгар хэвтэх. “Та нарыг ирэхийн өмнөхөн гэр бүлийнхээ зургийг зурж, ааваараа жаргалтай гэр бүл гэж тайлбар бичүүлээд, ханандаа наачихсан. Баримлын шавраар штанг өргөж байгаа хүн хийгээд, ёлкон дээрээ тавьчихлаа, гарын дүйтэй хүү шүү” гээд аав нь бидэнд хүүгийнхээ бүтээлийг үзүүллээ. Харин гэрийн эзэгтэй Н.Мөнхцэцэг цай хоол, идээ будаа бэлтгэх гээд тун завгүй байв. Ц.Хосбаяр дасгалжуулагч эхээс наймуулаа бөгөөд нэг ах нь Хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар юм байна. “Хасаа ахын маань эхнэр Ч.Долгоржав надад дусал хийж өгөхөөр ирсэн байна. “Гоо-Үжин” гээд нүүрний иогийн төвтэй, хүүхнүүдийг нүүрний иогоор гоё болгодог, энэ чиглэлээр японд сураад ирсэн хүн. Манай генсекийн эхнэр шүү дээ” хэмээн бидэнд танилцуулаад, Доки наашаа суугаад, цай уугаарай хоол идээрэй гэх аж.

Гэрийн эзэгтэйн жигнэсэн буузыг идэнгээ буузны тухай яриа өрнөлөө. Долгоржав “Эдний бууз том, том байдаг юм. Цагаан сарынх нь бууз бүр кофены аяга шиг шүү дээ. Хосоогийн шавь нар гээд хүндийн өргөлтийн шигшээ багийн эмэгтэй тамирчид ирж бууз хийнэ. Тэд нар чинь бүр л том, том бууз хийчихдэг юм” гэв. Хосоо дасгалжуулагч “Манай спортынхон чинь сайн иддэг хүмүүс, бусад айлынх шиг жижиг бууз хийхээр нэг л болдоггүй юм. Тамирчид голдуу ирээд иднэ, бууз том байвал арай барьцтай” гэж байлаа. Хүндийн өргөлтийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярынх ийнхүү хотын төвд байх “Хурд”-ын байранд эгэл даруухан, энгүүн сайхан аж төрдөг ажээ. Эднийх таван хүүхэдтэй бөгөөд ихэнх нь тусдаа гарсан, гадаад, дотоодын их дээд сургуульд сурч, ажиллаж хөдөлмөрлөж буй учир хамгийн бага хүүгээс бусад нь эзгүй байлаа.

Түүний аав Цэнхэржав нь Дорнод аймгийн уугуул бол ээж нь Увс аймгийн гаралтай хүн байжээ. Аав, ээж хоёр нь насаараа “Махкомбинат”-д ажилласан, хөдөлмөрч хүмүүс байсан гэнэ. Аав нь 96 наслаад хоёр жилийн өмнө өөд болсон бол ээж нь 80 гаруй наслаад бурхан болжээ. Аав нь хүүхдүүдээ багаас нь байшин барих, мод бэлтгэх зэрэг бүх л ажил хөдөлмөрт үлгэрлэн сургаж, буруу хийхэд ер зэмлэдэггүй, зөв болгож, зааж сургаад, уйгагүй хөдөлмөрлөх ёстой, хүн залхуу байж болохгүй, зүгээр суух хэрэггүй хэмээх философиор хүмүүжүүлжээ. Тиймдээ ч Хосоо дасгалжуулагч аливааг хүн гуйхгүй, өөрөө хийчих хүсэлтэй, зуслангийнхаа байшинг ч хүртэл өөрөө барьчихсан гэнэ. Мөн аавынх нь хөдөлмөрч байх ёстой гэдэг хүмүүжил тэдний үзэл бодол, үйл хэрэгт нь өвлөгдсөн аж. Тэрбээр “Авьяас дээр хөдөлмөрийг нэмэхэд аварга болно” гэх үг санаанаас гардаггүй. Ямар ч хүнд хоолоо олж идэх ёстой төрөлхийн авьяас байдаг. Гэхдээ авьяастай байлаа гээд олигтой хөдөлмөрлөж, тухайн ажилдаа, спортдоо дурлахгүй бол амжилт олохгүй, цагийн гарз болно. Бэлтгэлээс их хоцордог, спортдоо дурлаагүй хүүхдүүдийг чи хэрэггүй, боль өөр юм хий гээд шуудхан хэлчихдэг юм. Дуртай зүйлдээ л хүн амжилт гаргана, хэн ч байсан маш их хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж байв.

Ингээд “алтан охин” хэмээх М.Анхцэцэгийн тухай яриандаа орлоо. Танай шигшээ багийн охидоос М.Анхцэцэгийн амжилтанд хүрэх хүүхэд байгаа биз дээ. Анхаагийн амжилтын онцлог юунд байна вэ гэхэд Хосоо багш “Манай үндэсний шигшээ багийн охидын дундаж нас 18.7. Анхаа багийнхан дотроо том эгч нь, он гараад 21 хүрнэ. Би охиддоо хэлдэг юм. Та нар Анхаатай яг адилхан, хөл гар бие хаа байна дутах юм юу ч байхгүй, адилхан бэлтгэл хийж байна. Анхаагийн толгой нь л арай илүү ажиллаад байна. Та нар бөндгөрөө л сайн ажиллуул гэж хэлдэг. Мөн сэтгэлзүйгээ бэлдэж, төвлөрч, дотоод сэтгэлээрээ ялж чаддаг байх нь чухал. Дэлхийн аваргын тайзан дээр гарахынх нь өмнө “Анхаа одоо л чи ялах хэрэгтэй. Өргөж чадах юм бол медаль авна. Чадахгүй бол ямар ч нэмэргүй, 15 байр хойшоо ухарна мэдэж байгаа биз” гэхэд нүд нь асаад л ирсэн. Анхаагийн нүд их сонин, асчихдаг, амьтан барьж идэх гэж байгаа чонын нүд шиг болно. Ассан чигээрээ гарсан. Би ч за барих юм байна гэж бодсон, барьсан, хүрэл медалийн болзол хангасан тийм хүчирхэг охин байгаа юм. Багш, шавь хоёр бие биеийнхээ нүдийг хараад л ойлгодог болчихдог юм байна. Ер нь манайд хүндийн өргөлт хөгжиж байна. Маш их ирээдүй бий. Энэ ирээдүйн буухиаг Анхаа маань өнгөллөө. Анхааг дэлхийн аваргаас медаль авснаас хойш энэ спортыг сонирхох хүүхэд залуусын тоо маш ихээр нэмэгдсэн. Тамирчдад илүү их итгэл төрсөн хэмээн ярилаа.

Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчид долоо хоногийн зургаан өдөр өглөө 08.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл бэлтгэлтэй байдаг аж. Өдөр нь завсарлаж, гэртээ ирж цай ундаа уугаад орой дахин бэлтгэлдээ явдаг байна. Амрах ёстой нэг өдрөө багш нь тамирчин охидтойгоо ууланд алхаад өнждөг аж. Томоохон тэмцээнд орж медаль авсан үедээ л хоёр, гурван өдөр амрах завшаан олдоно. Он гараад улсын аварга болох учраас бэлтгэлээ эрчимжүүлчихээд байгаа . Оны эхэнд томоохон тэмцээнүүдээ хийчихвэл ирэх жилдээ олон медаль авч, ургац ихтэй, амжилт арвинтай байдаг гэж бэлгэшээдэг гэнэ.

Ц.Хосбаяр дасгалжуулагч анх хүндийг өргөлтийн спортод орж байсан үеэ дурсахдаа “Манай ах Хасбаатар өөрөө штанг өргөж байсан хүн. 1984 оны нэг л өдөр намайг 10 настай байхад дагуулаад, хүндийн өргөлтөд оруулж байлаа. Ингээд Самбуу багшийнхаа шавь болж байсан юм. Багшийн маань хүү Үенбаатар гэж манай холбооны дэд ерөнхийлөгч залуу бий. Бид хоёр өнөөдрийг хүртэл 34 жил нөхөрлөж, энэ спортдоо үнэнч явна. Анхандаа ч шантрах, буцах үе зөндөө л байсан. 1996 оны олимпод очоод хоёр өвдөгнийхөө шөрмөсийг тасалчихаад сууж байлаа. Тухайн үед за одоо ёстой больё гэж бодож байлаа. Батзориг, Үенбаатар бид нар одоо ярьдаг юм. Бид 90-ээд оны картын барааны үеийн тамирчид. Нөхөд минь тийм хүнд үед том амжилт гаргасан. Манай холбооны шавыг 1956 онд Гунгаа гэж ахмад багш тавьж байсан юм. Ингээд нэгэн жаран өнгөрсөн ч аваагүй байсан дэлхийн медалийг 61 дэх жилд нь буюу хоёр дахь жарны эхний жилдээ М.Анхцэцэг маань авлаа. Цаашид олон залуус медаль авах байх гэж найдаж байна. Монгол хүн дэлхийн аваргаас медаль авч болдог юм байна гэдгийг их олон хүнд харуулсан гэдэг утгаараа, энэ охины амжилт үнэ цэнэтэй юм. Ер нь сүүлийн үеийн охид маш дайчин, хүчирхэг болж байна. Харин эрчүүд л шантарчих гээд байх юм.

Анхцэцэгийг хараад, энэ спортыг сонирхох ойлгох хүмүүс ч олон болсон. Аав, ээж нар нь хадаг бариад охиноо, хүүгээ хүндийн өргөлтийн тамирчин болгоё гэж ирдэг болсон байна. Хүндийн өргөлт бол яг л монгол хүний спорт юм шүү дээ. Хөл, гарны нурууны булчин хөгжүүлж байдаг. Хүндийг өргөнө. Хүндийг өргөхийн тулд хүч хэрэгтэй. Монголын захын нэг хүүхдэд тийм хүч бий.

Ц.Хосбаяр багшаас дараахь зүйлсийг тодрууллаа.

-Таны үеийн тамирчид, одоогийн залуу тамирчдын дунд ялгаа байна уу?

-Ахмад тамирчид биднийг залуу байхад, та нарын үе бидний үеийг гүйцэхгүй юм гэдэг байлаа. Тэрийг би одоо хүүхдүүдэд хэлээд байна. Долгионы саармагжилт, ухаалаг гар утас, технологийн хөгжил зэргээс болоод хүүхэд залуус хөдөлгөөн багатай болсон. Бидний багад уулнаас гулсдаг, ус түлээ модонд явдаг. Эсгий гутал дээр тэшүүр баглаад гулгадаг байсан бол одоо цаг өөр болж. Хөдөлгөөний дутагдлаас болоод зүүн талын гар хөл нь муруйлттай болсон байна. Хүний хөдөлгөөнийг удирдаж байдаг тархи ажиллахгүй болохоор ийм гажиг үүсдэг гэж би ойлгоод байгаа. Спортод орохоор ирж буй хүүхдүүд бүгд муруйлттай байна. Утаа, агаарын бохирдол зэрэг орчны хүнд нөхцөлүүд ч ирээдүйн том, том тамирчид төрөхөд маш их саад болж байна.

-Хүүхдийг хэдэн наснаас нь хүндийн өргөлтөөр хичээллүүлбэл зүгээр вэ?

-Хятадад найм, есөн наснаас нь, европт 11 наснаас нь хичээлүүлж байна. Монголд долоо, найман нас, 18, 20-тойгоос ч эхэлж л байна.

-Хүндийг өргөхөд нас хамаатай юу. Анхаа хэдэн нас хүртлээ өргөх боломжтой вэ?

-Харьцангуй ойлголт. Анхаагийн жинд түрүүлсэн эмэгтэй гэхэд л гурван хүүхэдтэй, 39 настай эмэгтэй шүү дээ. Энэ спортод нас бол тоо. Тамирчин хүний хамгийн том зовлон бэртэл. Анхаад гурван ч олимпийн цикль байна.

-Бяртай байх ёстой юу. Хүндийн өргөлтийн тамирчин болоход юу чухал вэ?

-Энэ бол сэтгэлгээний спорт. Нэг л айдастай гарвал чадахгүй. Өөрөө, өөрийгөө ялдаг спорт. Айдсыг гаргаж хаячихаад ялна. Бөх барилдах, тулааны спорт зэрэг хүнтэй харьцдаг спортын төрөл бол өөр. Нэгдүгээрт сэтгэлзүй. Хоёрт техник, гуравдугаарт хүч хэрэгтэй. Хувь хүний сэтгэлзүй, өөрийгөө авч явах чадвар гээд их юм хэрэгтэй спорт. Намайг залууд манай багш наадах төмөр чинь ээжийг чинь дараад алчихсан гэж бодоорой, тэгээд наад төмрөө ялаарай чи гэж хэлдэг байсан. Манайд спортын сэтгэлзүйч л дутаад байх шиг.

20 настай тамирчин Ц.Хосбаяр

Ц.Хосбаяр дасгалжуулагч энэ спортоосоо хөндийрөөд, ахтайгаа нийлэн уул уурхайд ажиллаж байгаад, хожим 2012 онд эргэн ирсэн байна. Түүний гараас анх улсын цолонд хүрсэн хүн нь Бүрэнбаатар начин аж. Бүрэнбаатарыгаа жоншны хажууд дагуулаад л, бэлтгэлийг нь хийлгэдэг байлаа гэж байв. Мөн тэрбээр ханийнхаа тухай ярихдаа “Миний хань даруухан, дуу цөөтэй хүн. Амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг гэдэг үнэн үг шүү. Тамирчид маань манай хүнийг өндөр ээж гэдэг юм. Надаас илүү л тэдний төлөө санаагаа чилээж, тусалж дэмжиж, хоол цайг нь хүртэл бэлдэнэ дээ” гэж байлаа.

Эднийд маш олон төрлийн архи, вискиний цуглуулга байх ажээ. Ихэнхийг нь шавь нар болон спортынхон нь өгчээ. Тухайлбал, М.Анхцэцэгийн залуучуудын дэлхийн аваргаас ирэхдээ өгсөн виски, Г.Эрхэмбаяр аваргын аварга болдог жилээ өгсөн архи, Н.Түвшинбаяр аварга Азийн аварга болчихоод ирэхдээ бэлэглэсэн, Мөнхзаяа, Сумьяа болон шавь улсын арслан Оюунболдынх нь өгсөн архи гэх мэт байх аж. Хамгийн сүүлд Жаргалбаяр зааны авчирч өгсөн идээний дээж байна гэж байлаа. Мөн Өмнөдмонголын Цагаанзаан аваргын өгсөн монгол бичигтэй архи ч байх жишээний. Цуглуулгын сайн чанарын, ховор нандин архи вискинүүдээ жижиг, том өрөөнийхөө шкап, тавиур бүрээр өрчихжээ.

Мөн түүний шавь Оюунболд арслангийн туг тойрч буй зураг, М.Анхцэцэг Асашёорюү Д.Дагвадорж хоёрын зураг, Түвшинбаяр аварга болон үндэсний бөхийн аваргуудтай авахуулсан зураг, өөрийнх нь улсын рекорд эвдэж байсан, туйвар өргөж буй 20 настай үеийнх нь түүхэн зураг гэх мэт зургууд хүндтэй байрыг эзэлжээ. Мөн түүний залуудаа авч байсан медалиуд болон багийнх нь амжилтыг илтгэх шагнал цомууд, дунд хүү Очирхүүгийнх нь өргөдөг байсан үеийн шагналууд гээд ханаар нь дүүрэн медаль, шагнал урамшууллууд байх ажээ.

Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ч бага хүүхдээ хараад гэртээ байгаа түүний хань Н.Мөнхцэцэгтэй цөөн хором ярилцахад “Спортын хүний гэргий байх анхандаа хэцүү байлаа. Одоо ч бие биеэ ойлгоод, нэгэндээ дассан байна. Нэгэнт л энэ хүн чинь спортдоо дуртай, амьдралынх нь гол зүйл болчихсон тул ойлгохоос өөр аргагүй шүү дээ. Хосоог тэмцээнд явчихсан үед нь үлдсэн тамирчдыг нь би хариуцна. Төр хурахад тамирчдынхаа бэлтгэлийг хийлгээд, хоолыг нь хийж өгөөд л байж байна. Бороотой байсан ч шүхэр бариад суучихдаг, бэлтгэл хийхээр гараад л ирдэг юм гээд намайг заримдаа охид шоолно” гэж байлаа.

Ц.Хосбаяр дасгалжуулагч “Өдрийн сонин”-ы Ж.Пүрэвсүрэн, Ж. Гангаа гэж ах дүү хоёр намайг хүндийн өргөлтийн залуу тамирчин байхад их дэмжинэ. Хааяа 20, 20 мянган төгрөг өгдөг. Түүнд нь би их баярладаг байлаа. 90-ээд оны 20 мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Пүүжий ах надтай адилхан шар юм гээд л намайг өхөөрдөнө. Тэд чинь хүндийн өргөлтийн нэртэй тамирчид шүү дээ. Сайхан хүмүүс байсан” хэмээн дурслаа.

Мөн Аса аварга Д.Дагвадорж, Анхаад маань зөндөө л мөнгө төгрөг өгч тусалж, дэмждэг юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл биднийг дэмждэг. Спортод сэтгэлээ өгсөн хүн. Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарын олон хүн энэ спортод их зүйлийг хийж байна. Сэлэнгийн нутгийн зөвлөл, “Масс” агентлагийн дарга Ч.Даваабаяр гээд тусалж дэмждэг маш олон хүн бий. Би мартчихаад бүгдийг нь нэрлэж чаддаггүй юм. Манай Анхаа бол бүгдийг нь шүлэг шиг уншина шүү дээ гэж байлаа.

Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба спортын мастер цолыг 18 настайдаа, 19 настайдаа ОУХМ цол хүртсэн аж. Монгол Улсын 1993 оны “Шилдэг тамирчин”. Өсвөр үеийн улсын дөрвөн удаагийн аварга, залуучуудын дөрөв, Насанд хүрэгчдийн долоо, спартакиадын нэг удаагийн аварга болжээ. Мөн Монголын хүндийн өргөгчдөөс Азийн анхны аварга цолыг хүртсэн хүн юм байна. Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүсэн, улсдаа нэг номерын тамирчин байсан юм билээ.

Ц.Хосбаяр, шавь М.Анхцэцэг

2012 онд хүндийн өргөлтийн спортод зүтгэж явсан нэгэн үеийн хэдэн залуус болох О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр нар цугларч хайртай спортоо аврахын төлөө хамтран ажиллахаар тохиролцож зүтгэж эхэлсэн юм байна. Тэд Монголын хүндийн өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан ажээ. Мөн холбооны Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр, Ц.Хасбаатар зэрэг олон олон хүний хичээл зүтгэл их гэнэ.

Ц.Хосбаяр Хүндийн өргөлтөөс гадна чөлөөт бөхөөр 73 дугаар сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, 2012 оноос “Хасу мега старс” клубын тамирчидтай, 2015 оноос Үндэсний шигшээ багтай, 2015 оны арванхоёрдугаар сард жүдогийн тамирчидтай ажилласаар иржээ. Үндэсний бөхөөр улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр нарын 18 улсын цолтой бөх, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийг бэлдсэн байна. Тэрбээр энэ спортод оруулсан Т.Самбуу, Б.Гансүх багш нартаа ихэд баярлаж явдаг гэнэ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Баянхошуунд агаарын бохирдол 2414 байна

Шинэ оны эхний өдрийн 12:30 цагийн байдлаар агаарын бохирдол хамгийн өндөр байгаа цэг Баянхошууны орчимд байна. Байх ёстой стандартаас 24 дахин их бохирдолтой байна гэсэн үг юм. Агаарын температур 19,9 градус, салхий хурд 1,5 м/с байна гэж агаарын чанарын харуул мэдээлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Анд минь чи, хаалгыг минь тогшооч

(Уулзалтын дурсамж)

Монголчууд 25 жилийн дараа, 35 жилийн дараа, 40 жилийн дараа цэцэг навч дэлгэрсэн зуны дэлгэр цагаар сурагч насаа дурсаад уулзалдаж байна.

Сүхбаатарын талбайд өдөр болгон дээл өмсөж, цэцэг барьж гангарсан хүмүүс тэврэлдэж уулзана. Зарим нь 8Б, 10А гэсэн хаяг барьсан үзэгдэнэ. Сурагч нас бол амьдралын өглөө, хамгийн аз жаргалтай цаг үе юм. Тэр жаргалтай цаг үедээ очиж, хэсэг инээлдэж, хөгжилтэй дурсамжаа, багш нараа ярьж, хорвоогийн аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөхийг хүснэ. Гэвч он жилүүдийн тоосонд нэлээд нь цаг бусаар хорвоог орхисон байх ажгуу.

Ангийн андууд “Анд минь чи, хаалгыг минь тогшооч”, “Анд минь чи над руу утасдаач” хэмээн бие биедээ хүсэн тэмүүлэх ажээ.

Дархан хотын 10 жилийн III сургуулийн 1981 оны 10А ангийнхан 35 жилийн дараахь уулзалтаа зохиов. Цаг хугацаа аяны шувуудыг угтаж үдэж, гучин таван хавар, намрыг нэгэнт ардаа орхижээ.

Их сургууль дөнгөж төгсөж очоод, тоо физикийн багш хэмээх алдрыг хүртэж, жинс өмслөө хэмээн захирлаас банга хүртэж, хичээлээс хоцорч, эрхлэгчээс сануулга авч, хүүхдүүдтэйгээ бөмбөг тоглон, гитар балбаж, шавь нараасаа ч ялгарахгүй нэг тийм ойворгон сагсуу явсан залуу нас минь Дарханд үлдсэн юм.

Дархан бол залуусын хот байсан. Байшингууд нь эмх цэгцтэй, цэцэрлэг модод, гудамжнууд нь эмх цэгцтэй охид, хүүхнүүд нь өнгөлөг, залуус нь жавхаалаг тийм л хот байлаа. “Залуучууд” театр шинээр ашиглалтад орж, дөнгөж сургуулиа төгссөн бүжигчин залуус ирээд, Сэвжид хэмээх агуу хүний бүжгийн ертөнцийг амилуулан түгээж, “Монгол бүжгийн чуулбар”,“Жалам хар”, “Цыган“ бүжгүүдээр Дарханы залуус амьсгалж байсан цаг үеийг, Дарханы хавар, Дарханы үдшийг, сургуулийн шуугиант танхимыг мөнхөд дурсах учир надад бий хэмээнэ.

“Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд

Үүрийн цагаан цолмон гялбаж

Үйлдвэр уурхайн яндан хүжлэх

Үлгэрийн сайхан хот байдаг юм.

Нарлаг Монголын энэ хотыг

Найрамдлын Дархан гэдэг юмаа” хэмээн хүүхдийн цангинасан хоолойгоор аялгуулж байсан хүүхдүүд одоо нас тогтсон намбалаг хүүхнүүд, эрчүүд болоод:

“Айлчин ирсэн ч нүүр улаймгүй

Аж амьдралын бэл зузаараад

Аливаа юманд хөл алдамгүй

Ажил бүтээлийн бүл суугаад

Нас тогтох сайхан” хэмээн дуулах ажээ.

Эмч багш, хуульч, инженерүүд, тариаланч, тамирчин, бизнесмэн болж, чиг чигийн замаар амьдралын их замаар замнаж, ач зээгээ тойруулсан өнөр өтгөн бүлийн эзэд болцгоожээ. Зарим нь Солонгос улсад ажиллаж амьдраад орон гэрээ төвхнүүлээд ирж байхад, зөрөөд Б.Начиншонхор,Б.Цэцэгжаргал, Д.Наранчимэг, Г.Энхтуяа нарын нөхдүүд амьдралын харгуй зам, мөрийг хөөж харь холын Америк, Солонгос орныг зорьцгоожээ.

Д.Мөнхбат маань тариаланч болж, мал аж ахуй эрхлээд хаа хол Баянхонгорт тохижиж суурьшжээ. Ёс жаяг дээдэлж, ангийнхныгаа ээлжилж зулай дээрээс нь үнэрлэсэн нэг их ахмад хөвүүн, аав мэт аяглах нь хүндэтгэлтэй. Б.Батболор, Я.Оюунцэцэг нар нэртэй эмч, эм зүйч болж чагнуур зүүгээд, энхийн манаанд зогсож байхад Б.Бурмаа, Ц.Одончимэг, Г.Уранчимэг, Ц.Тулга нар инженер болж, хувийн салбарт баялаг бүтээж байна. Л.Саруултуяа маань аэро оношлогоо хийж, төөрөг ч үзэж байх шиг. Н.Сүрэн, М.Түмэндэмбэрэл нар барилгын инженерийн мэргэжил эзэмшээд, харш өргөө сүндэрлүүлж байхад зарим нь нэртэй бизнесмэн болжээ. Зах зээл хэмээх ороо бусгаа цаг дор арилжаа наймаа бизнесийн ертөнцөд дээр дороо орон ихэд үзэлцэж, амжилт гаргаад гялалзаж яваа Д.Одонгоо, Ш.Бат-Ирээдүй нар маань дэлгүүр хоршоо, зочид буудал үйлчилгээ эрхлээд чөлөө зав үгүй байхад Н.Оюунзаяа, Г.Эрдэнэчимэг нар маань нэртэй багш болж, бас төрийн албанд зүтгэж, Б.Цолмон маань компанийн захирал болоод, мэдээллийн технологийн ертөнцөд бужигнуулж байна.

Зарим нь үл ялиг мариалж Ц.Жавзмаа мэтээр зузаарсан байхад зарим нь турж гоолиг болжээ. Д.Эрдэнэбулган маань сагсан бөмбөг хөөсөөр нэлээд туржээ. Багш би ч гэсэн өтөлж, үс бууралтаж шингэрээд овор суусан. Иймээс бие биеэ, ангийн багш манийгаа ч зарим нь таньж ядаж “Энэ хаанахын хүн бэ, хэн бэ?” хэмээн шивнэлдсэнийг ч бас нуух юун. Гучин таван жил бол их хугацаа. Дунд сургуулиа төгсөөд огт уулзалдаагүй нөхдүүд ч анх удаагаа тэврэлдэн уулзаж байлаа. Нина багшийгаа дурсаж, “А” үсэг заасан С.Дуламсүрэн багшдаа мэндчилгээ явуулж, Д.Бадамхорлоо багшийгаа тэвэрч,

“Үзэг барьсан турьхан гарт минь

Үг холбох аргыг заасан

Бага ангийн багшаа баярлалаа

Балчирхан би чинь бичиж сурлаа” хэмээн дуулалдана.

Гарцаагүй дуучин болох ёстой охид М.Ганцэцэг, Н.Энхээ нарыг маань хайртай залуу, нөхрүүд нь “урлаг дэмий” хэмээгээд тэс өөр зүг бизнесийн ертөнц рүү сугадаад оджээ. Нарсан банзаар цахилгаан гитар урлаж, түүндээ ая хамтруулж М.Ганцэцэгээрээ “Миний аз жаргалын дуу”, ”Орь залуу нас”-ыг Дарханы телевизээр ая дуу өргүүлж байсан цагийг эргэн дурслаа.

Нэхий эдлэлийн үйлдвэрийн актлагдсан цахилгаан хөгжмийг сэлбэж босгоод, анги дотроо жижигхэн хамтлаг босгож, эх эцгийн хурлын дараа нижгэр тоглолт үзүүлж, сургуулийн урлагийн үзлэгээр тэргүүлж байсан тэдний сурагч насыг эргэн саналаа.Т.Түмэнбаяр маань алтан гартай засварчин болж, М.Майцэцэг үйлдвэрт ажиллаж, Г.Хүрэлбаатар компанийн захирлын жолоо мушгиж, До.Энхтуяа маань Алтанбулагийн журамт цэргийн музей тайлбарлаж байхад, А.Отгонбаяр маань харуул хамгаалалтын дарга болоод гялалзуулж явна. Д.Уранчимэг маань хуульч прокурор болоод, Зүүнхараад ажиллаж, Ж.Эрдэнэсанаа тэргүүний нягтлан бодогч, санхүүч болсон байхад Омбоолой (Б.Отгонбаяр) маань зочид буудал, зоогийн газрын эзэн болжээ. Тамирчин болох ёстой хөвгүүд маань спортын алдраа тэмдэглэж, шил юм хугасласаар хайран амьдралаа үрсэн дуулдана.З.Доржбаатар, Г.Эрдэнэболд, Ц.Батжаргал, Ц.Энхбат нар маань он цагийн нугачаанд хорвоог орхиж, тэдэндээ эмгэнэл илэрхийлж, хором толгой гудайлгав.

Хөвгүүд, охид маань ач зээгээ, хань ижлээ ярьж, танилцуулж суухад, зарим нь хорвоогийн өнгөнд тохируулж ханиа сольж амжсан байх ажээ. Гэтэл зарим нь амьдралын нугачаанд “один”-оороо амьдралын хүндийг үүрч дүүрч явахад, хажууд нь хангай шиг түшигтэй, ханагар сайхан ангийн эр Ж.Алтаа, Г.Хүрлээ мэт нь ганцаар явахыг үзэхүйеэ хорвоо шударгуу бус, дов сондуул нугачаа ихтэй ажээ. Тэр дов сондуулыг тэгшлээд, учралын хорвоо энэ хавьцаа байж болоогүй юм уу, “Хажууд чинь Хан Хэнтий налайж байхад” хэмээгээд, хүчээр хооронд нь суулгахыг хүсэж, бяцхан найруулга зохиомжилсон ч бүтэлтэй зүйл болоогүйг нуух юун.

Харин хожмоо Ж.Алтангэрэл маань амьдралын ханиа олоод Өмнөд Солонгосыг зорьсон байлаа. Багын ажилсаг, хөдөлмөрч, зүтгэлтэй тэрбээр Солонгост очиж, Солонгос орныг хөгжин цэцэглүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй дуулдана.

Бүгд амьдралын олон салаа замаар орж, чиг чигтээ их замыг туулцгаажээ. Тэгээд дуулж, бүжиглэж, инээлдэж, хөхрөлдөж хэдэн нас нэмснийг би таашгүй. Дундуур ирсэн хорвоог дүүрэн болгоод, дүүрэн ирсэн хорвоог дундуур болгоод буцдаг нь хүний ёсон ажээ. Цаг хугацааны орчилд хүн гээч нь бие биетэйгээ уулзан учирч баяр хөөр, зовлон гунигаа хувааж өнгөрөөх жам учиртай.

“Багш” хэмээх сайхан алдрыг зүрхэнд, сэтгэлд минь гал мэт үргэлж асааж байдаг шавь нартаа зориулж энэхүү бичил тэмдэглэлийг хөтлөв. Та нарыг минь тэнгэр ивээг.

Ангийн багш Гомбын Алтангэрэл

(Монгол Улсын шилдэг зохион бүтээгч,зөвлөх инженер, багш)

Categories
мэдээ цаг-үе

“Алт диллер”-ийн хэргийн эзэд Н.Жаргалсайхан, Д.Сүх-Эрдэнэ нар хаана явна вэ

Монгол Улсын Эрдэнэсийн санг цөлмөж, Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, төр засаг цалингаа ч тавьж чадахгүйдээ тултал дансыг нь улайлгаж байсан эдийн засгийн нэгэн том гэмт хэрэг одоогоос 26 жилийн өмнө гарч байв. Төрийн томоохон албан тушаалтнууд хуйвалдаж, төрийн санг хуу хамсан хэргийг Алт диллерийн хэрэг хэмээн хууль хүчнийхэн нэрлэх болсон билээ. Алт диллерийн гэх 26 жилийн өмнөх хэргийг эдийн засагчид өдгөө “Монгол Улсын Төв банк одоогоос 26 жилийн өмнө буюу тэртээ 1991 онд 100 сая ам.долларын алдагдлыг банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу диллерийн арилжааны үр дүнд хүлээж байсан. Тэрхүү алдагдлын төлбөрт улсын нөөцийн 4.4 тонн алтаар төлбөр хийсэн болохоор түүхэнд алт диллерийн хэрэг хэмээгдэн үлдсэн юм. Энэхүү алт диллерийн луйвар тухайн үеийн хар захын ханшаар есөн тэрбум төгрөг. Энэ бол Монгол Улсын түүхэн дэх анхны аймшигт том луйвар. Чухам энэ үеэс Монголд хариуцлагын засаглал хямарч, эдийн засгийн шимэгчид бий болж эхэлсэн” хэмээн тодотгодог. Харин тухайн үед хэргийг шалгаж байсан хууль хяналтынхан “УИХ-ын гишүүд, Монгол банкны ерөнхийлөгч зэрэг улс төрийн томоохон албан тушаалтнуудын бүлэглэл багтсан Алт диллерийн хэргийг шалгах маш хэцүү байсан. Холбогдох хүмүүс нь гадаад руу зугтаачихсан. Хэргийн буруутнуудыг шалгах гэхээр энд тэндээс дарга нарт нөлөөлж, хэргийг удаашруулж, замхруулах гэсэн маш олон оролдлого хийгдэж байсан. Таван жилийн турш шалгаад олигтой үр дүнд хүргэж чадаагүй юм. Хэргийг шалгаж байсан Тагнуулын ерөнхий газар, цагдаа, прокурорт улстөрчид нөлөөлөөгүй байсан бол буруутнууд торны цаана суух боломж байсан” хэмээн мэдэгдэж байсан билээ.

4.4 ТОНН АЛТНЫ ХЭРЭГ

1992 онд Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаар томилогдов. Засгийн газар бүрдэж, анхны хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллах болов. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАХН-ынхан Ардчилсан холбооны цөөнгүй хүнийг өндөр албан тушаалд томилсон байдаг. Д.Бямбасүрэн ардчилсан хүчнээс Да.Ганболдыг Тэргүүн шадар сайдаар, Д.Дорлигжавыг Шадар сайдаар томилж ажиллуулсан билээ. Үүний дотор Д.Бямбасүрэнгийн Засгийн газар Монгол банкны ерөнхийлөгчөөр эдийн засагч мэргэжилтэй, гадаадад сургууль төгссөн гэх Н.Жаргалсайханыг томилсон юм. Харин дэд ерөнхийлөгчид Сүхбаатар жанжны үр удам гэгдэх Д.Сүх-Эрдэнэ гэх хүнийг тавьсан байдаг. Тэднийг шинэ ажилд томилогдох үед ОХУ руу Эрдэнэсийн сангийн хоёр тонн алтыг аваад ор сураггүй алга болсон гэх хэрэг ид мандаж байсан үе юм. Тухайн үед Тэргүүн шадар сайд Да.Ганболд, Монгол банкны ерөнхийлөгч Н.Жаргалсайхан, Д.Сүх-эрдэнэ нар Монголбанкинд хадгалаатай байсан 4.4 тонн алтыг Лондон руу цэвэршүүлэхээр хил давуулах шийдвэрийг гаргасан байдаг юм. Ингээд Монголбанкны Эрдэнэсийн сангаас 1992 оны нэгэн шөнө алтыг шөнөжин зөөж тусгайлан бэлдсэн онгоцонд ачиж, Лондон руу авч одсон байдаг. Тэд Лондонд алтаа цэвэршүүлэх талаар шийдвэр гаргасан шалтгаанаа “Тухайн үед Эрдэсийн санд хадгалагдаж байсан алтны чанар тааруу байсан. Монголд цэвэршүүлэх боломжгүй байсан болохоор Лондон руу авч яваад цэвэршүүлж, цэвэр шижир алт бий болгох шаардлагатай. Мэдээж цэвэр алт дэлхийн зах зээлд өндөр үнээр зарах боломжтой” гэх утга бүхий шийдвэрийг нууцаар гаргасан байдаг. Ингэж л Монгол Улсын хилээр 4.4 тонн алт гараад ор сураггүй алга болсон түүхтэй. Эргэж нэг ч төгрөг Монголд ирээгүй байдаг юм байна лээ.

ДИЛЛЕРИЙН ХЭРЭГ БА 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ

БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрийн дагуу Улсын төв банкинд “Арбитражийн гүйлгээ хийх эрх”-ийг 1988 онд олгосон байна. Түүнээс хойш Улсын төв банк диллерийн гүйлгээг байнга тогтмол гадны банкуудтай хийж байсан ба гүйлгээний алдагдлыг олон нийтэд зарладаггүй байж. Монголд Улсад 1990 онд ардчилсан тайван хувьсгалын үр дүнд социалист бус зах зээлийн нийгмийг сонгон Монгол Улс шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэн үед ч энэхүү арбитражийн гүйлгээг үргэлжлүүлэн хийж байжээ. Харамсалтай нь, Засгийн эрх барьж байсан ардчилагчид ч энэ талаарх мэдээллийг нууцалж байсан байна. Энэ үед ЗХУ-аас бараг 100 хувьд эдийн засгийн хувьд хараат байсан Монгол Улсад ОХУ-ын зүгээс эдийн засгийн хувьд боох үйл ажиллагаа явуулж байснаар Монголд хүнсний өргөн хэрэглээний бараа болон шатахуун зэрэг амин чухал түүхий эдүүдийн хомсдолд орж, улмаар картанд шилжсэн хүнд үе эхэллээ. Энэ хүнд үед Монголбанкны хэдэн залуу банкны хамаг алтаар диллер гэгч банк хоорондын тоглоомыг тоглож байгаад алдсан байна гэсэн яриа ард түмний дунд гарсан улмаар улмаар тэр үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдан энэ тухай баримтууд ил тод болж эхэлсэн юм. Энэхүү арбитражийн гүйлгээг алдагдалтай хийсэн үйлдлийн үр дүнг Монголбанкны ерөнхийлөгч Н.Жаргалсайхан, Засгийн газрын эдийн засаг, мөнгө санхүү хариуцсан Шадар сайд Да.Ганболд хоёр мэдэж байсан ч арга хэмжээ авалгүй өөгшүүлсний үр дүнд 100 сая ам.долларын алдагдлыг нь тухайн үед Монгол Улс үүрэх хэрэгтэй болсон нь тодорхой болсон юм. Швейцарийн Базель хотноо байдаг Олон Улсын хөгжлийн банкны мэдээгээр 1990 оны гуравдугаар сард Монгол Улс ямар ч зээлгүй байснаа зургадугаар сард 58 сая, есдүгээр сард 100 сая, арванхоёрдугаар сар гэхэд 62 сая долларын зээлтэй болчихжээ. Үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож, улсын 80 сая ам.долларыг тавьж туучихаад барьцаанд нь улсын 4.4 тонн алтыг гадаадад гаргачихсан томоохон хэрэг босч ирэв. Хачирхалтай нь, энэ мэдээллийг О.Чулуунбат хүчний байгууллагад анхлан өгсөн байдаг юм. Энэ асуудлаар 1991 оны аравдугаар сард Засгийн газрын нэгэн хаалттай хуралдаан хийжээ. Зарим сайд “Цаашид ажиллах ёс суртахууны эрх бидэнд байхгүй, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй” гэсэн санал хүртэл гаргажээ. Улмаар Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ч үүнийг зөвшөөрч, эл асуудлыг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахаар тогтжээ. Мөн Улсын сангийн нөөц, арбитражийн гүйлгээний талаарх Засгийн газрын шалгалтын комисс байгуулж, даргаар нь тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилон шалгуулжээ. Энэ шалгалтын дүн эдүгээ мөнөөх улигт төрийн нууц гэгчид орсон бөгөөд тухайн үед А.Базархүү дараахь тоо баримтыг хэлсэн байдаг. Үүнд, Диллерт 80 сая, банкны конторын засварт гурван сая, биржийн төвд 3.6–3.7 сая, Германд урьдчилгаанд дөрвөн сая бүгд нийлээд 90 гаруй сая ам.доллар оргүй алдсаныг тогтоожээ. Энэ нь тухайн үеийн төгрөгийн албан ханшаар 3.6 тэрбум ( тэр үед нэг ам.доллар 40 төгрөг болж байв. Д.Г.). Тэр үеийн хар захын ханшаар есөн тэрбум төгрөг болсныг тооцож гаргасан байдаг. Энэ бол Монгол Улсын түүхэнд анх удаа гарсан хамгийн том луйвар, дээрэм байсан юм. Чухам энэ үеэс Монголд хариуцлага хүлээдэг хүн байхгүй болж, эдийн засгийн хачиг бий болж эхэлсэн юм. Дээр дурдсан тоо болгон их учиртай, тус бүрдээ томоохон гэмт хэргүүдийг илчилдэг юм. Жишээлбэл, Германы урьдчилгаанд төлсөн дөрвөн сая ам.доллар гэдэг тоо өнөөдөр маш даруухан сонсогдож болох. Тэр үед О.Чулуунбат тэргүүтэй зарим нөхөд 50 сая ам.долларын зээл авахаар Германы хэн ч үл мэдэх компанитай тохирчээ. Тэд нь барьцаанд урьдчилгаа дөрвөн сая ам.доллар төлчих гэсэн байна. Үүнийг О.Чулуунбат идэвхийлэн дэмжиж, мөнгөө шилжүүлчихэж. Гэтэл нөгөөх 50 сая нь орж ирдэггүй. Хэрэг нэг биш болсныг мэдэж лавлатал нөгөөх нь хуурамч буюу фиктив байгууллага байсан аж. Ингээд л дөрвөн сая ам.доллар оргүй алга болох жишээтэй. Энэ асуудлыг шалгасан, хөөцөлдсөн, шийдсэн газар өнөө болтол байхгүй. Монгол улсын Ерөнхий прокурор 1993 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан “Алт, диллерийн хэрэг” гэдгийг мөрдөх үүрэг өгч,шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу шалгалт хийсэн боловч энэ талаар авсан арга хэмжээний тухай нийтэд тодорхой ойлголт байдаггүй байна” гэжээ. Ингэж л “Алт, диллерийн хэрэг” хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн байдаг.

ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДСЭН БЭ

Тагнуул, хуулийнхан болоод зарим нэр бүхий хүн 1990-ээд оны үед Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэний гол шалтгаан нь банкны нөөцийн алтыг нэр бүхий хэсэг хүн барьцаалж, диллерийн арилжаанд алдсан явдал. Тэдний цаана томчууд, УИХ-ын гишүүд байсан ч тэднийг ил болгож чадаагүй. Нэр нь ил гарсан хүмүүст ч зохих ял шийтгэлийг нь ногдуулж чадаагүй” гэдэг. Олны өмнө нэр нь ил болсон хүмүүс тэгвэл хэн байв. 1991-1992 оны гол дуулиан шуугианы эзэд төдийгүй Алт диллерийн хэргийн буруутнаар таван хүн тодорч, хоёр нь ял сонсож, хожимдоо тэнсэн болж хувирснаар уг хэрэг шувтарсныг хүн олон санаж буй биз ээ. Монголбанкны Эрдэнэсийн санг цөлмөж, гадаадад арилжсан нөхдөөр Д.Сүх-Эрдэнэ, Г.Хүдэрчулуун, Н.Жаргалсайхан, Д.Саран, Хүрэлбаатар нар нэрлэгддэг. Таван жил гаруй хугацаанд үргэлжилсэн шүүх хурал хэнд ч тохирох ялыг нь үүрүүлээгүйгээр барахгүй Д.Сүх-Эрдэнэ, Н.Жаргалсайхан нар тэр үед Монголоос оргон зайлж, өнөөг хүртэл хуулийн хариуцлага огт хүлээгээгүй билээ. Тухайн үед буюу 1990 оны эхнээс 1992 оны эхэн хүртэл Н.Жаргалсайхан нь Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан юм. Харин Д.Сүх-Эрдэнэ нь түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байдаг. Тэрбээр тухайн цаг үедээ банк санхүүгийн талын мэдлэгтэй цөөн хүний нэгд тооцогдож байсан нэгэн. Гэсэн ч Н.Жаргалсайхан болоод Д.Сүх-Эрдэнэ нар нь улсын 80 сая ам.долларыг банк хоорондын нууцын зэрэглэлд явагддаг диллерт тоглож, алдчихаад Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тэргүүтэй томчуудын итгэл, нэр хүндээр далимдуулан Эрдэнэсийн сангийн 4.4 тонн алтыг гаднын тунгаагуурт цэвэршүүлэх нэрээр хилээр гаргаж, өрөндөө өгсөн хүмүүсийн гол төлөөлөл яах аргагүй хэмээн үздэг.

Н.ЖАРГАЛСАЙХАН, Д.СҮХ-ЭРДЭНЭ НАР ХААНА ЯВНА ВЭ

Хамгийн сонирхолтой нь тэд Монголд үе үе ирж, хэд хоног амарч, зугаалж байгаад явцгаадаг гэх. Н.Жаргалсайхан нь Австралид, Д.Сүх-Эрдэнэ нь Америкт нэлээд чинээлэг амьдардаг гэнэ. Тэдэнд Монголоос хилийн хориг огт тавьж байгаагүй юм гэнэ лээ. Н.Жаргалсайхан нь Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын төрсөн ах нь билээ. Өдгөө эдийн засагчид “Найдансүрэнгийн хоёр хүү XX зууны сүүлч, XXI зууны эхэн үеийн Монголын эдийн засгийг сүйрүүлсэн эдийн засгийн алуурчид. Гаднаас эдийн засагт нөлөөлж болох бүхнийг тэр хоёр өөрсдийнхөө хэмжээнд хангалттай хийсэн” хэмээн ярьдаг нь ч үнэний ортой байж мэдэх юм. XX зууны сүүлч, XXI зууны эхэн үе гэдэг нь тэдний Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан цаг хугацаа юм. Н.Жаргалсайхныг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Н.Золжаргал нь Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар буюу 1991-1996 онд ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл, 1990 оноос өнөөг хүртэлх Монголын эдийн засагт ах, дүү хоёрын гар бие байнга оролцоотой байсан гэсэн үг. Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Монголын эдийн засагт ямар хохирол, сөрөг үр дүн авчирсныг энд дурдах нь илүүц биз ээ.

Н.Жаргалсайхан зуны улиралд Монголдоо гэр бүлээрээ ирж, амарч байгаад эргээд явчихдаг гэсэн. Төрсөн дүү Н.Золжаргал нь өндөр албан тушаал авах бүрт Монголдоо ирдэг гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагад байдаг юм байна лээ. Харин жанжин Д.Сүхбаатарын удам Д.Сүх-Эрдэнэ 3-4 жилд нэг удаа Монголд ирээд сар болоод буцдаг гэсэн. Тэд “Алт диллер”-ийн хэргээс хойш нэг ч удаа төрийн албанд ажиллаж байгаагүй. Хэдэн жил гадаадад зугтаасан. Гол гогцоо энэ хоёр хүнээс цааш хөвөрч Да.Ганболдоос эхлээд тухайн үеийн нэр бүхий томоохон албан тушаалтнууд холбогдох байсан хэрэг ийнхүү замхарсан түүхтэй. Үүний горыг Монголын эгэл жирийн иргэд амсаж, идэх хоол өмсөх хувцасгүй шахам болж, ядуурсан байдаг.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс нэмэгдэх ГУРВАН татвар

АРХИ, ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР:

-2018 оноос 10 хувиар,

-2019 оноос 5 хувиар,

-2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдэнэ.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР:

Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулна. Тус татвараас төсвийн орлого 2018 онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоотой.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ШИМТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ:

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

Categories
мэдээ нийгэм

​Их аварга Асашёорюү​ Д.Дагвадорж найм давжээ

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японы “Абема” онлайн телевизийн “Асашёорюүг даваад 10 сая иэн” нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. Долоон жилийн дараа сүмогийн дэвжээнд гарсан их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэг ч уналгүй найм давав. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байхгүй хүнийг байнгын хорооны даргаар томилсон чуулганы бантан

“Хэрүүлийн бузар шингэчихэж. Хамчунагвогийн сэржим даруй уншуул” гэж лам нар айлддаг. Яг үүн лугаа адил Монгол ардын намын парламентад хэрүүлийн бузар нүүрлэжээ. 2016 оны сонгуулиар ард түмний итгэл хүлээж засгийн эрхийг авсан тэд тангараг өргөснөөсөө хойш талцаж хэрэлдлээ. Энэхүү хэрүүл нь бяртай Засгийн газар байгуулагдах үеэс улам газар авч, улаан цагаандаа гарсан. Ардын намын хоёр засгийнхан хоорондоо хуваагдаад муу муухайгаа дуудалцаж байна. “Хоёр засаг” гэж одоо байгуулагдаад байгаа У.Хүрэлсүхийн засаг, өмнө нь байгуулагдаад огцорсон мэргэжлийн тодотголтой Ж.Эрдэнэбатын засгийг хэлж байна л даа. Үндсэндээ “32:33”-ын бүлэг. Хууль тогтоох дээд байгууллага Монголын парламентад өрнөж буй тэдний хэрүүлийг үзэж, сонсоход Холливудын гэмт хэргийн сэдэл бүхий шоронгийн үйл амьдралыг харуулсан кино үзэж байгаа мэт санагддаг.

Охин хүүхэдтэй хүнд хэлэхэд ичмээр “бөлдөгдөх, бөлдөгдүүлэх, бөлдөг цуглах” гэх үгс дуулдана. Бүлэглэл хоорондын барьцаа, түүгээр дамжиж эрх мэдэл албан тушаалд хүрэх загварчлалыг улстөрчид өөрсдөө “бөлдөгдөх, бөлдөгдүүлэх” гэж нэрлээд байгаа. 30 гэр бүлийн эрх мэдлийн хуваарилалт, гомдол гоншгонол нь “хэдэн бөлдөг цуглуулсан”-аас хамаардаг юм гэсэн. Ийм ичгэвэртэй үгийн зэрэгцээ “хулгайчаа, чамайг ална шүү. Гэр бүлээр чинь устгана. Чи битгий хуцаад байгаарай. Амь насаа алдахаас айхгүй шүү” гэх балмад хэрцгий үгнүүд энгийн нэг хуралдаан дээр хэлэгдэх нь наад захын асуудал. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж хэлж байсан удаатай.

Жишээ болгосон дээрх үгнүүд адал явдалтай, шоронгийн амьдралыг харуулсан гэмт хэргийн кинон дээр л гардаг. Тэгвэл монгол Төрийн ордонд, хууль батлах үедээ төрийн түшээд нь бие биенээ ийн хэлээд орилолдож байна. Ардын намын алдарт хэрүүл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд асан, Их хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын хэрүүлээр эхэлнэ. У.Хүрэлсүх “Мөнхбат аа, муу нусгай минь байрандаа байгаарай. Чи ямар том болчихсон юм бэ. Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан гай болж. Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь би мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь халнаа. Нүүрсний хулгайч минь чамайг байранд чинь тавих болно” гэж Их хурлын өндөрлөгөөс занаж дайрсан. Хариуд нь Ж.Мөнхбат “Битгий солиор, чи Монголын хаан болчихсон юм уу. Чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу” хэмээн цамнасан.

Хэрүүлийн бузрын маш тодорхой жишээ өнгөрөгч долоо хоногийн дөрөв дэх өдрийн чуулган боллоо. “Эрхэм хулгайчид” (өөрсдийнх нь хэлдгээр) энэ өдөр зөвхөн хэрэлдээд зогсохгүй байхгүй хүнийг байнгын хорооны даргаар томилж, жинхэнэ бантанг нь зуурч байгаа харагдсан. Тодруулбал, “Эм Си Эс”-ийн гэх Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар нийт гишүүдийн 90 хувийн саналаар томилов. Гэвч өнөө Л.Элдэв-Очир нь чуулганд ирээгүй. “Хүндэтгэх шалтгаанаар” гэж Их хурлын дарга нь хэлсэн. Тийм атал Д.Тэрбишдагва “Элдэв-Очирыг байнгын хорооны дарга болохыг дэмжиж байгаа, сайн ажиллах хэрэгтэй”, А.Сүхбат “Та бүхэн анкетыг нь харсан байх. Аж ахуйгаа сайн эрхэлдэг, Монголын толгой компаниудын нэгийг удирдаж ирсэн хүн. Хөдөө аж ахуйн салбар, уул уурхайг цогц бодлогоор авч үзэхгүй бол болохгүй байна. Цааш нь ажил болгож явуулъя, Элдэв-Очир гишүүндээ амжилт хүсье” гэв. Ж.Мөнхбат “Энэ байнгын хороо улс орны газар нутаг, аюулгүй байдал, хөдөө аж ахуй гээд маш том салбарыг хариуцаж байгаа. Элдэв-Очир телевизээр хараад сууж байгаа байх гэж найдаж байна. Тийм учраас би асуултаа тавья” гээд хууль бус алт олборлолт, уул уурхайн тухай асуулт тавьсан.

Энэ мэт гишүүд байхгүй хүнээс асуулт асууж, “хариулт” авч, санал бодлоо хэлж, захиас захиж, шүүмжлэл өрнүүлж, эцэстээ эх захгүй хэрэлдэцгээсэн. Б.Пүрэвдорж “Өөрөө байгаль орчин бохирдуулдаг хүн Байгаль орчны байнгын хорооны дарга хийгээд яваад байсан. Одоо ашгүй салж байх шиг байна” гэж Ц.Гарамжавыг хэлсэн нь хэрүүлийн галыг өөр дээрээ дуудлаа. Ц.Гарамжав “Пүрэвдорж үг хэлэх тоолондоо бүдүүлэг үг хэрэглэдэг. Дандаа гутаан доромжилж, ёс зүйгүй аашлах юм. Намайг болоод манай компанийг бүдүүлгээр доромжлох нь УИХ-ын гишүүний хийх ёстой ажил биш гэж бодож байна” гээд цахиртсан хоолойгоор орилсон.

Эл өдрийн чуулганд Ц.Гарамжав, хүн хүн рүү үсчиж цахиртсан хоолойгоор орилж, зүйрлэж хэлэх юм бол айлын гэдсэн дээр цугласан авгай нар сэвстэй гүзээгээр бие биенээ балбадаг шиг муухай харагдсан. Ер нь манай эмэгтэй гишүүд ийм л дүр төрхтэй харагдаад байгаа.

“Тийм л айхтар юм бол Оюу толгой Таван толгойгоо зөв хийчихгүй яасан юм. Дөрөв таван удаа сонгогдсон гээд байгаа. Өнөөдөр улс эх орныхоо аюулгүй байдал газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдчихаад сууж байгаа биз дээ. Үндэснийхээ хэдэн компани руу дайрч давшлаад байгаа чинь зөв юм уу. Тэд ямар буруу юм хийсэн юм. Зээл авснаараа буруутай юм уу. Үүнийгээ ойлго л доо. Хурал болгон дээр сонин юм яриад байх юм. Уул уурхай, нөхөн сэргээлт, эрдэс баялаг гээд шинжлэх ухааны том салбарыг мэдэхгүйгээр дайрч давшлахаа боль” гэж Ц.Гарамжав Б.Бат-Эрдэнийг толгойг нь эргэтэл “эргүү тэнэг”-ээр нь дуудаж загнасан. Тэрээр ийн багтартлаа уурласан нь Б.Бат-Эрдэнийн “Шинэ сонгогдсон гишүүд ёс зүй, хариуцлагатай бай. Ашиг сонирхлын зөрчлөөс хол яв. УИХ-ын гишүүн төрийн бонд зээлээс хол байх ёстой. Байгаль орчны байнгын хорооны даргаар дандаа сэтгэлгүй хувиа хичээсэн хүн томилох юм” гэж хэлсэн үгтэй холбоотой юм. Мөн Д.Сарангэрэл чуулганы танхимд хэрүүл хийх гэж яарч сандарч орж ирнэ лээ. Тэрээр Ж.Мөнхбатын “Ажлаа хийж байгаа хүний ажлыг нь булааж авахын тулд Өсөхбаяр аваргын гэргий Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Нарантуяа шоронд оржээ гэдэг мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан. Энэ бүхнийг зохион байгуулсан хүмүүс Өсөхбаяр аваргын гэргийгээс уучлал гуйх ёстой” гэсний хариуд “Нарантуяаг би ажлаас нь хална, хална” гэж сүрхий гэгч нь даналзсан.

Чуулганы хэрүүл ингээд зогсолгүй Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр бас л айхтар ширүүсч үргэлжилсэн. Уг хуулийн төсөл Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй холбоотой. Гишүүдийн асуултад Эрчим хүчний сайд хариулсан. Асуулт хариулт нь өнөө л жам ёсоороо улаан хэрүүл болж байгаа юм. Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ аварга энэ хэд холбоотой бяруу шиг явсан дотны найз нөхөд. Олон жилийн нөхөрлөлөө хэн хэнгүй хэлцгээж ирсэн. Гэтэл тэд бие биенээ үзэж чадахаа байжээ. Ц.Даваасүрэн нь У.Хүрэлсүхийн засагт орж, нөгөө хоёроосоо нүүр буруулсан аж. Д.Тэрбишдагва Ц.Даваасүрэндээ гомдож яваагаа журмын нөхрийн хувьд хэлэв. “Манай Даваасүрэнд олон шинж чанар байдаг, зарчимтай, хэлсэн ярьсан үгэндээ байдаг. Би сая соёлын гавьяат Цэнджав гуайн “Цэвдэг жаран” гэж номыг уншлаа. Тэнд хоёр Чойбалсан гарч байна. Нэг нь ард түмнээ хэлмэгдүүлсэн Чойбалсан, нөгөөх нь эх орныхоо төлөө амь насаа алдсан Чойбалсан. Түүнтэй адилхан манай Даваасүрэн хоёр Даваасүрэн болоод байна. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалдаг Даваасүрэн, Засгийн газар буюу Хүрэлсүхийг хамгаалдаг Даваасүрэн болоод байна” гэхтэй зэрэгцээд Ц.Даваасүрэн нь дайраад унав.

Хариуд нь Д.Тэрбишдагва “Чи битгий олон юм яриад бай. Чи хоёр нүүр гаргаад байгаа чинь үнэн биз дээ. Тэгэх юм бол чамтай өөрөөр ярина. Чи сайд болонгуутаа шал өөр зүйл яриад унасан” гэж бухимдтал Т.Аюурсайхан хоорондуур нь орж хоёр хөгшнийг улам дэвэргээд авахаа мэдэлгүй яав гэж.

Д.Тэрбишдагва “Аюурсайхан, чи зүгээр дуугүй байж бай. Чи сая сонгогдсон. Чамайг бодохын бол би дөрвөн удаа сонгогдсон. Чам шиг далдганасан бацаантай би юм ярихгүй. Би Даваасүрэнтэй ярьж байна. Юун хов жив, зарчим ярьж байна. Чи биднийг загнадаг хүн биш. Чи хүнийг нас сүүдэр, үр хүүхдээр нь доромжилдог хэн юм. Аюурсайхан гэдэг хүүхдийг урдаа гаргачихаад чи хол явахгүй ээ, Даваасүрээн. Аюурсайхан шиг далдганадаг, юм юманд оролцдог хүүхэд бидэнд хэрэггүй” гээд цамнаж байтал үг хэлэх цаг дууссан. Тэрээр Их хурлын даргаас нэг минут нэмж авч хэрэлдэхийг хүссэн.

Ц.Даваасүрэн нь ганц ч үг газар гээлгүй хариулт өгч, хэрэлдсэн. Ж.Мөнхбат “Та эрчим хүчний сайд болоод салбартаа 20, 30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчнүүдийг хууль бусаар халж, өөрийнхөө танил тал, нутаг усны хүмүүсийг оронд нь томилж байна. Үнэнийг чинь хэлэхээр юундаа урдаас хариу тавиад байгаа юм бэ. Түрүүнд Бат-Эрдэнэ гишүүнийг үг хэлэхэд “чамаас айх юм уу” гээд орилоод байсан. Таныг сайд учраас бид айх л болж таарч байна” гэж хэлээд авна лээ.

Монголын төрд дархлагдсан гэгдээд буй түшээд, насны хувьд тавь хол гарчихсан эрхмүүд ингэж нэгэн рүүгээ ярдаг нохой шиг дайрч давшилж байгаа нь хэцүү харагдах юм. Энэ дунд монгол бөхийн нэгэн цагийг хүчит аварга байна. Бөх хүний баримтлах жудаг ёс, гүндүүгүй монгол эрийн шинж чанар гэдэг нь яачихсан ч хорвоо юм бэ дээ. Монголчуудын үг өнгөрөөж сурах гэж том философи бий юмсан. Энэ их хэрүүл Их хурлын танхимдаа болоод өнгөрдөгсөн бол яая гэхэв.

Гэвч нийгэмд шууд нөлөөлж, ард түмэнд ёс суртахууны асар их хохирол учруулж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хоёр хүн “хуц солиор”-доо хүрч, “ална, тална, шоронд хийнэ” гээд дайрцгаахад бусад нь яах билээ. Сумын иргэдийн хурлын нөхөд Хүрэлсүх, Мөнхбат хоёрыг дуурайж нэгнээ идсэн уусан, нусгай бацаанаар нь дуудна. Аймгийнхан бол бүр яг дуурайж таарна. Монгол төрийн түшээдийн ийн үлгэрлэн байгаагийн үр дүнд олон нийт бие биенээ үзэж чадахаа байсан.

Улаанбаатар хот гэдэг уулзаж суугаад хэрүүл хийдэг улсын цуглуулга болсон. Тэгэхээр галзуу улсын цугларалт шиг харагдах Монголын парламентыг ёс суртахуунтай байлгах хууль шаардлагатай боллоо. Хэлэх хэлэхгүй үг, гаргаж болохгүй үйлдлийг нь нэгд нэгэнгүй хуульчлан зааж өгөх цаг нь болжээ. Эсвэл чуулганы хуралдаан буюу хэрүүлийг телевизээр нь шууд явуулахыг нь хоригломоор байна. Ер нь бол үе үеийн төрд булай байсан уу гэвэл байсан. Социализмын үеийн төр ч булайтай байсан. Ю.Цэдэнбал даргыг өрөөнд нь авгай нь орж загнаад гэдэг ч юм уу, яриа хөөрөө сонсогддог. Харин энэ бүхнээ нууж чаддагтаа Монголын төр ариун мэт харагддаг байсан. Ард түмэндээ харуулах юм гэж байна, харуулахгүй юм гэж бас байна. Монголчууд төрийн сүлд өршөө гэж залбираад тахилаа өргөж ирсэн ард түмэн. Одоо энэ сэвстэй гүзээгээр биенээ балбадаг авгай нар шиг хэрүүлч нөхдийг хараад Монголын төрд ариун юм гэж итгэх, сүслэн залбирна гэхэд үнэндээ хэцүү. Тэгэхээр монгол төр, Монголын төрт ёс алдагдах шинжиндээ орж байна. Төрт ёсгүй улс орон гэж байдаггүйг бид мэднэ. Энэ бол хамгийн том аюул.

Д.БАТБОЛД