Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортын сунгалтын үйлчилгээг өнөөдрөөс эхлэн зогсооно

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Гэвч тус байгууллагын 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэв 2017 оны 04 дүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээний хэвийн байдал алдагдахаар байсан.

Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой. Иймд ОӨУБЕГ-ын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсооно. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлээд байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Гадаад хэргийн сайдын 2006 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспортын загвар”-аар ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс гэрээний дагуу бэлдэцийг хүлээн авч, ”Титан Интернейшнл ХХК-иар үндэсний энгийн гадаад паспортын бичилтийг хийлгэж, Монгол Улсын иргэнд гадаадад зорчих эрхийн үйлчилгээг үзүүлдэг. ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэр нь гэрээний дагуу төлбөр хийгдсэнээс хойш 3 сарын хугацаанд үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийг нийлүүлдэг.

Categories
гадаад мэдээ

Иранд 14 хүн амиа алдаад байна

Иран улсад засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш 14 хүн, тэдний дотор нэг цагдаа амиа алджээ. Тус улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо олширч байна хэмээн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Машхад хэмээх хотын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм. Удалгүй улсыг бүхэлд нь хамарсан жагсаал цуглаан болж өргөжиж, сүүлдээ “хүчирхийлэл” болж хувираад байна.
Өнгөрсөн ням гаригт тус улсын гурван хотод жагсагчид болон хүчнийхний хооронд болсон мөргөлдөөний үеэр 11 иргэн амь үрэгдсэн байна. Тэгвэл өчигдөр болсон жагсаалын үеэр нэг цагдааг буудан хөнөөжээ. Аливаа хүчирхийллийг тэвчихийг тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхний аль алинд нь уриалсан хэдий ч эсэргүүцлийн жагсаал зогсох шинжгүй байна. Тус улсын нийслэл Тегеран хотод аюулгүй байдлыг чангатган цагдаа нар гол гол гудамж талбайнуудад хамгаалалтад гараад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй найм давлаа

asaМэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Японы “Абема” онлайн телевизийн “Асашёорюүг даваад 10 сая иэн” нэвтрүүлэгт амжилттай оролцлоо.

Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарсан их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй найм давж, шинэ оны баяр дээр баяр нэмэв. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байсан байна.

Categories
гадаад мэдээ

Сөүлтэй “эвлэрэх” дохиотой, АНУ-д анхааруулгатай Ким Жөн Уны шинэ оны мэндчилгээ

ЗурагӨмнөд Солонгосын Пёнчан хотод удахгүй болох өвлийн олимпийн наадамд манай улс төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байна гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2018 оны нэгдүгээр сарын нэгний энэ өглөө ард иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ хэлжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Кимийн энэ мэдэгдэл нь Сөүлийн хувьд “гэнэтийн бэлэг” байлаа. Учир нь Умард Солонгос Пёнчаны олимпийн наадамд тамирчдаа оролцуулвал “Хоёр Солонгосын харилцаа сайжирч, Солонгосын хойгийн хурцадмал байдал намжиж магадгүй” гэж Сөүл найдаж байгаа юм.

Ким Жөн Ун өнөө өглөө телевизээр мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өмнөд Солонгост болох өвлийн олимпийн наадам бол манай улсын хувьд сайхан боломж юм. Энэ өвлийн олимп амжилттай болно гэж бид найдаж байна. Манай улс энэ олимпод оролцох асуудлаар Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэжээ.

Өмнөд Солонгос нь нийслэл Сөүл хотоосоо зүүн зүгт 180 км зайтай орших Пёнчан хотдоо энэ оны хоёрдугаар сарын 9-25-нд өвлийн олимпийн наадмыг, гуравдугаар сарын 9-18-нд паралимпийг зохион байгуулах юм.

Энэ наадамтай давхцаж байгаа учир жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтуудаа хойшлуулах саналыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д тавиад байгаа билээ.

Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг “өдөөн хатгалга”, “дайны бэлтгэл” гэж Пхеньян үзэж, буруутгасаар ирсэн юм.

Ким Жөн Ун цааш нь ярихдаа “Энэ онд БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Харин Өмнөд Солонгос өвлийн олимп зохион байгуулна. Энэ он бол хоёр Солонгосын хувьд чухал жил” гэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгостой “эвлэрэх” агуулгатай үг хэлсэн хэдий ч АНУ-д “Та нар бидний эсрэг хөдөлж чадахгүй” гэж басамжлан анхааруулжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай улс АНУ-д цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсгүүдтэй болсон. Цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байна. Дарахад хэзээд бэлэн” гэжээ. Мөн тэрбээр “Бид цөмийн гүрэн болох зорилгодоо 2017 онд хүрсэн. Одоо бид цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужинг олноор нь үйлдвэрлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна.

Умард Солонгос өнгөрсөн онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг зөрчин зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийж, 20 удаа баллистик пуужин харвасны гурав нь тив алгасах баллистик пуужин байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Таньд хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл…

Баярын өдрүүдэд иргэд, албан газруудад хоолны хордлогоос сэргийлэх дараах сэрэмжлүүлэг гаргасныг хүргэж байна.

Хоолны хордлого гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.

ХООЛНЫ ХОРДЛОГЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд,

  • Ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах,
  • Дотор муухайрах,
  • Бөөлжих,
  • Гэдэс базлах,
  • Халуурах толгой өвдөх,
  • Ядрах,
  • Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,
  • Ам цангах,
  • Гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

ХЭРЭВ ТА ӨВЧИЛСӨН ШАЛТГААНАА ХҮНСНЭЭС БОЛСОН ГЭЖ ҮЗВЭЛ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВААРАЙ

Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.

Эрүүл мэндийн газарт хандах: Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

ХООЛНЫ ХОРДЛОГООС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, өргүүртэй газраас авах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө, бие зассаны дараа гараа угаах
  • Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ИРГЭД СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ

  • Худалдаа, үйлчилгээ явуулах мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлгэх.
  • Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй, чанар аюулгүй байдалд өөрчлөлт ороогүй /гадны хольцгүй, тунадас үүсээгүй, амт, үнэр өнгө өөрчлөлт өгөөгүй, хий үүсээгүй/ бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх.
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрдүүлж, хөргөх төхөөрөмж, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулгаар хангагдсан байх.
  • Гар угаах нөхцөлийг бүрдүүлэх, гар халдваргүйтгэх санитол, нойтон сальфеткаар хангагдсан байх.
  • Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, хоолны үлдэгдэл, хог хаягдлыг тухай бүрд нь зайлуулах, таглаатай зориулалтын хогийн савыг хэрэглэх
  • Шинээр бэлтгэсэн хоолыг гурваас дээшгүй цаг байлгаж үйлчлүүлэгчдэд борлуулах.
  • Бэлэн болсон хоол, зууш хүнсний бүтээгдэхүүнээс дээж авах хөргөгчийг бэлэн байлгаж, дээжийг +6+8 хэмд хадгалж, 48 цагийн дараа устгаж тэмдэглэл хөтлөх.
Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлгүүд хэвийн ажиллаж байна

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэгээр ахлуулсан баг Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, ЭХЭМҮТ-д 10-15 цагийн хооронд ажиллаж, шинэ жилийн баярын өдрүүдээр хүүхдийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, ачаалалтай газар дээр нь танилцаж, дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт 256 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 71 нь хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасгийн үндсэн ор 65, нэмэлтээр 6 ор дэлгэсэн. Хүний нөөцийн хувьд нэмэлтээр 1 резидент эмч, 1 сувилагч ажиллаж байна. Эрчимт эмчилгээний тасагт 4 хүүхэд эмчлэгдэж байна. Эм, хэрэгслийн хувьд антибиотикийн сонголт дутагдалтай байна. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт нийт 73 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасгийн үндсэн ор 60. Нэмэлтээр 10 ор дэлгэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт хоногт 249 хүүхэд үйлчлүүлсэн. Үндсэн 165 ортой, нийт 189 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр 30 ор дэлгэсэн. Эрчимт эмчилгээний тасагт 9 хүүхэд эмчлэгдэж байна. 12 дугаар сарын 30-нд эмч нар хуваарийн дагуу дуудагдаж ажилласан. Тамифлу эм дууссан байна.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт 190 ортой, 208 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 182 нь хүүхэд байна. Хүүхдийн тасгийн 80 ор хүрэлцэхгүйн улмаас насанд хүрэгчдийн 102 орыг суллан хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж ачааллыг зохицуулсан байна. Мөн эмч нарын өрөөг суллан нэмэлтээр ор дэлгэсэн. 00 өрөө байсныг хэвтэн эмчлүүлэх тасаг болгон засварлан ажиллаж байна. Нэмэлтээр 3 сувилагч ажиллаж байна. Эрчимт эмчилгээний тасагт 2 хүүхэд эмчлэгдэж байгаагийн 1 хүнд хүүхдэд ЭХЭМҮТ-өөс хүүхдийн зөвлөх эмч А.Оюунчимэгийг газар дээр нь зөвлөгөө өгөхөөр шийдвэрлэв.

ЭХЭМҮТ-д яаралтай тусламжийн тасгаар нийт 252 хүүхэд үйлчлүүлж, 37 хүүхэд эмнэлэгт хэвтсэн байна. ЯТТ нь үндсэн 6 ортой, нэмэлтээр 15 ор бэлтгэсэн байна. Нэмэлтээр 8 эмч, 3 сувилагч яаралтай тусламжийн тасагт ажиллаж байна. Эрчимт эмчилгээний тасагт 20 хүүхэд эмчлэгдэж байгаагийн 7 нь хөдөө орон нутгаас ирсэн хүүхэд байна. Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт 40 хүүхэдтэй. Нэмэлтээр 10 ор дэлгэсэн байна.

Хүүхдийн эмнэлгийн ачаалал их хэвээр байгаа хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг сайн ханган ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм

1, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

1, 2-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар

хүйтний эрч чангарахыг анхааруулж байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Дарханы мөнгөн өвөл” нэгдсэн арга хэмжээ боллоо

“ДАРХАНЫ МӨНГӨН ӨВӨЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ САЙХАН БОЛЛООХоёр он солигдох торгон заагт Дарханчууд Найрамдал талбайдаа цугларч баяраа тэмдэглээд олон жилийг үдэж байна. Энэ жилийн тухайд аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран Залуучууд театрын урдах талбайд мөсөн хотхон, мөсөн гулгуурын талбай, үлгэрийн баатруудыг сэдэвчлэн бүтээж Дарханчууддаа бэлэг барьсан.

Улиран одож буй 2017 оны хамгийн сүүлчийн өдөр болох 31-ний 21.00 цагт “Дарханы мөнгөн өвөл” нэгдсэн арга хэмжээний нээлт ёслол төгөлдөр сайхан боллоо. Нээлтийн арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон бусад аймаг орон нутгийн удирдлагууд, албан хаагчид, иргэд оролцлоо.

Дарханчуудынхаа хүүхэд багачуудын төлөөлөл болж, үе тэнгийнхэн дотроосоо 2017 оныг өндрөөс өдөр амжилт бүтээлээр үдэж, Олон улсын болон Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авсан Ц.Орчлон, Э.Одбаяр, М.Удвал, Г.Есөн-Эрдэнэ, Г.Нандинсувд, Б.Бямбасүрэн, Б.Энх-Амар, О.Мөнхсүлд, Д.Анударь, М.Энхсайхан, Д.Удвал нарт өвлийн өвгөн шинэ жилийн бэлэг гардууллаа. Мөн аймаг орно нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бусдыгаа манлайлан оролцсон салбар салбарын зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр Ж.Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Г.Энх-Од, Найрамдлын Дархан тэмдгээр Д.Балжинням, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр У.Баярмаа, А.Отгонбаяр, аймгийн Засаг даргын жуух бичгээр Э.Лхагвадулам нарыг шагнаж баяр дээр нь баяр нэмлээ.

Дарханчуудынхаа мэлмийг мялааж, Мөсөн хотхоныг байгуулсан “Дархан Төмөрлөгийн үйлдвэр”ХК, “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”ХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Дархан ус суваг” ХК, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамт олонд талархал илэрхийлж аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын дарга С.Амарсайхан:Бид бодлого хэрэгжүүлэхдээ иргэдийнхээ оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ

Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.

НИТХ 2017 онд нийслэлийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааны ёс зүй, ил тод байдал, ажлын хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, хот байгуулалт, дэд бүтцийг хурдацтай хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрх иргэд оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах, амьдрах орчныг сайжруулахтай холбоотой олон ажлуудын эхлэлийг тавилаа.

Нийслэлийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого шийдвэрийг хотын өнөөгийн амьдралын бодит нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, нийгмийн захиалгатай уялдуулан эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо, судалгаа, өндөр технологийн шийдэлд үндэслэн тодорхойлж, хэрэгжүүлэх зарчмыг НИТХ цаг ямагт баримтлан ажиллах болно.

Мөн НИТХ угтан золгож буй 2018 онд нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээс эхлээд хотын зам дэд бүтэц, нийтийн тээвэр, цаашлаад нийгмийн салбарын хөгжилтэй холбоотой олон төсөл хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх, дэлхийн хөгжингүй хотуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод буй ухаалаг хот байгуулалт, иргэний хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөлөө.
Бид бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхдээ иргэд оршин суугчид та бүхнийхээ идэвхи санаачлага, хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх болно.

Нийслэлчүүд та бүхэндээ

Улиран одож буй оноо ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр үдэж
Угтан айлчилж буй шинэ жилдээ эрүүл энх байж, амжилт ололтоор арвин, инээд баяслаар бялхаж явахын ерөөл өргөе.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

ФОТО:Нийслэлчүүд шинэ оноо төв талбайд угтлаа