Энэ оноос эхлэн хамгийн чанартай, 100-гаас доошгүй жилийн баталгаатай, хямд орон сууц, байшин барилгуудыг барьж, их бүтээн байгуулалт хийхээр ажлаа эхлээд буй “Эрэл”-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийн үйл ажиллагааг өчигдөр очиж сурвалжиллаа. Уг үйлдвэрийн байр нь 16 мянган метр квадрат талбайтай, иж бүрэн автоматжсан юм байна. Тухайлбал, цементээ вагоноор ачаад, шууд үйлдвэрийн гадаах агуулахад буулгана, агуулахаас автомат дамжлагаар зөөгдөн үйлдвэрт орно.
Ингээд цементээрээ гадна фасад хийхийн тулд тусгай орц найрлага хэмжээ, өргөн зузаан, өнгө загвар гэх мэт бүх командыг компьютерээр тохируулчихна. Командын дагуу зуурагч машин ажлаа хийж, нэгээс нөгөөд дамжуулна. Хэвэнд оруулна гэх мэтээр дамжлагаар явсаар, өнгөлгөөтэйгээ, ерөөсөө л угсраад, барилга босгоход бэлэн байдлаар фасадууд нь цонхны хэмжээтэйгээ гараад ирдэг юм байна. Дотор хавтанг мөн л ингэж хийнэ. Хаалга цонх, шал бүгдийг нь ийм байдлаар үйлдвэрлээд хэвлээд, гаргачихдаг аж. Шал хана, хаалга, цонх гээд бүгд тусгай хэвтэй, яг л компьютерт өгсөн командын дагуу гардаг гэсэн үг. Хавтангуудын өнгөн хэсэг нь толь шиг гялгар байх аж. Өөрөөр хэлбэл, гар аргаар хийх ажиллагаа ер ордоггүй юм байна. Хэрэв технологийн яльгүй алдаа гарлаа гэхэд уг үйлдвэрийн Герман дахь төвөөс автомат сануулга өгч, хаана, хаана, ямар см, диаметрын ямар алдаа гарсныг хэлээд, тэр дор нь засуулдаг аж. Бүх дамжлага нь маш өндөр стандартын дагуу хийгддэг, хяналттай аж. Бэлэн болсон материалуудыг үйлдвэр доторх төмөр замаар, хавтан зөөх зориулалттай төхөөрөмжүүдээр дамжуулан гадагш нь гаргаад, тэндээсээ шууд ачааны машин, эсхүл вагонд ачаад барилга барих газраа хүргээд л өдөрт нь лего тоглоом шиг угсраад, угсраад барьчихдаг юм байна. Ингээд угсрахынхаа хажуугаар, төвийн шугамтай холбоод, бохир цэврийг нь шийдчихнэ. Нэг өдрийн дотор л сургууль, цэцэрлэг, байшин хаусаа бариулчихаж болох нь. Барилгын компаниуд хэдэн сар, жилээр босгодог хугацаа, мөнгөө хэмнээд, энд захиалга өгөөд, бэлэн бэлдэцүүд хийлгээд авчихаж болох аж. Барилгачдын хийдэг ажлыг бүгдийг нь автомат төхөөрөмж хийдэг болчихжээ гэсэн үг. Мөн айл өрхүүд өөрсдийн хүссэн загвараар, байшин бариулчих боломжтой юм байна. Бариулсныхаа дараа хэдэн ч давхар болгож, өндөрлүүлж, эсвэл өргөтгөж, загвар хэмжээг нь өөрчилж болдог гэнэ. Ийм байдлаар баригдах орон сууц, байшин барилгын нэг метр квадрат нь 800 мянгаас нэг сая төгрөг байх боломжтой гэж байна.
Уг үйлдвэр нь нэг өдөрт 300 ширхэг хавтан гаргах хүчин чадалтай бөгөөд энэ нь сургууль, цэцэрлэгийг цогцоор нь барих эсвэл 12 давхар орон сууц босгох материал гэсэн үг юм байна.
Уг БҮК-ийн үйл ажиллагаатай танилцахаар очиход “Эрэл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбат “Бизнес эрхлэгч хүнд тулгарах бүх л зовлон бэрхшээл, шаналалыг бие сэтгэлээрээ туулж байна” гэсээр угтаж байна. Учир нь хэдэн жилийн турш баригдаад, яг үйлдвэрлэхэд бэлэн болоод, нээлтээ хийгээд, эхний бүтээгдэхүүнүүдээ гаргаад эхэлчихсэн ч төрийн дэмжлэг, зохицуулалт, захиалга өчигдрийн байдлаар ирээгүй байгаа юм байна. Тиймээс түүнээс дараахь зүйлсийг тодрууллаа.
-“Байшин үйлдвэрлэх комбинат 1”-ийн бүтээн байгуулалтууд эхэлчихвэл, гэр хорооллын асуудал шийдэгдээд, агаар хөрсний бохирдлоос бараг салчих болов уу гээд хүлээж байна. Юу нь болохгүй байна. Хэзээнээс байшин, барилгууд босоод жигдрэх вэ?
-Чингис бондоос 14 сая.ам.долларын санхүүжилтээр энэхүү төсөл хэрэгжиж эхлэх болоход манай хот одоо л хөрс, агаарын бохирдлоос салах юм байна гэж итгэсэн. Дээрх асуудлыг шийдэх төгс арга бол барилгажуулалт. 14 сая доллараар босно гэдэг бол байж болох хамгийн бага үнэ. Хуучин үйлдвэрийн суурин дээр тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийсэн учраас ийм бага зардал гарч байгаа юм. Байшин бариад, дэд бүтэц шийдээд цогцоор нь босгосон бол маш их хөрөнгө гарна. Хэдэн жилийн турш тэсч, тэвчиж, зүтгэж хөдөлмөрлөж хичээж байж байшин үйлдвэрлэх комбинатыг ашиглалтанд орууллаа. Нээлтээ хийлээ. Одоо төр засгийн зохицуулалт, дэмжлэг л хэрэгтэй байна.
-Энэ үйлдвэрийн бусад барилгын компаниудаас ялгарах, давуу талууд нь юу юм бэ?
-Өвөл зунгүй үйл ажиллагаа явуулна. Ингэж байж, Улаанбаатар хотын 200 мянган айл өрхийг, агаар, хөрсний бохирдлоос салгах боломжтой. Газар хөдлөлтийн хамгийн өндөр баллд тэсвэртэй. Дулаан алдалтгүй. Бүх тоног төхөөрөмж автомат учраас хамгийн сүүлийн үеийн өндөр технологитой, чанартай. Байж болох хамгийн хямд өртөгтэй. Хятад, Солонгос, Скандиновын орнууд, Америк, Канад хүртэл яг ийм үйлдвэрүүдийг худалдан авч эхэлж байна. Манайд барилгын хууль байдаг ч үйлдвэр нь байхгүй учраас байшин, барилгуудыг ширхэгийн материалаар, тоосгоор өрж байна. Ингэж барьсан барилга газар хөдлөлтөд хамгийн тэсвэргүй, ширхэгийн материал нураад, сахар шиг үйрчихдэг. Ийм эрсдэлтэй барилгууд манайд маш олноор босч байна. Гурван мянган ширхэг тоосго өрөхийн оронд, ганцхан ширхэг цул бетонон хана хийчихэж байгаа юм. Жишээлбэл, нэг өрөө байшин байлаа гэхэд дөрвөн хана, шал, тааз гэсэн зургаан зүйлээс бүрдэнэ гэсэн үг. Мөн 100-гаас доошгүй жилийн насжилттай. Сүүлийн үеийн барилгуудыг босгож буй цемент гэхэд л эрээний үнс, цементтэй хольчихсон зүйл байгаа. Үүнийг энэ үйлдвэр өөрчилнө. Дулаан алдалтгүй гэдгийг тодруулах юм бол өглөө тасалгааны температур 24 хэм байхад халаалтаа хаачихаад орой ирэхэд ихдээ л 23 хэм болж, нэг градусаар буурсан байх юм. Үүнээс гадна манайх карказан барилгыг ч барих бүрэн боломжтой. Үйлдвэрийн хийц эдлэлээр, эх үүсвэр нь мэдэгдэхгүй, хичнээн зуун хүний гараар барьсан барилга, автомат үйлдвэрийн барилга хоёр ер нь тэнгэр, газар шиг зөрүүтэй шүү дээ. Ийм орон сууц, хот тосгоныг өнөөдөр улс орондоо барих хэрэгтэй байна. 1990 оны Бээжин ямар байлаа, 2000 оны Бээжин ямар байв. Гэтэл өнөөдрийн Бээжин ямар болчихов. Үүнээс харах хэрэгтэй. Хот, тосгоны хөгжил зам гүүрийн байдлаар нь тэр улсын хөгжлийг хардаг. 1990 он хүртэл манай хот төлөвлөлтийн бодлого маш сайн явж байсан. Өмнө нь хорооллуудыг уг нь шинжлэх ухааны үндэслэлтэй барьж байгуулж байсан. Тэр үеийн оросын угсармалын шинэчилсэн хамгийн сүүлийн үеийн герман технологийн үйлдвэр л энд бэлэн болчихоод байна.
-Ийм стандартын хамгийн сайн барилгуудыг хаанах барьж байна?
-Зүүн өмнөд Ази, Англичууд, Европчууд, Сингапур барьж байна. Тэднийх шиг өндөр барилга бол Монголд шаардлагагүй. Дөрвөөс, таван давхар байхад л манай нөхцөлд хамгийн тав тухтай орон сууцнууд болно.
-Ард иргэдийн сонирхлыг татаж буй танай гол зүйл нь үнэ юм билээ. Айлууд хэзээ баригдах бол, энэ үйлдвэрээс орон сууц авчихъя гэж байна. Хэзээнээс бариад эхлэх юм бэ?
-Ерөөсөө л төр засгийн тууштай дэмжлэг хэрэгтэй байна. Бид гэнэтхэн, сэтгэлийн хөөрлөөр, Чингис бондоос мөнгө аваад, үйлдвэр барьчихсан юм биш. Төр засгаас бодлогоор дэмжиж эхлүүлсэн ажил. Өнөөгийн Улаанбаатарыг барьж, байгуулсан технологийг шинэчлээд, орчин цагийн угсармал байшин барих гэж байна. Болдогсон бол 10 жилийн дотор гэр хороолол гэдэг зүйлээс салаад, бүгдийг нь агаар, хөрсний бохирдолгүй болгочихмоор байна. Боломж байвал манайх шиг ийм байшин үйлдвэрлэх комбинатууд өөр ч хэд, хэд байгуулагдчих хэрэгтэй байна. Зураг төсөл материал, барилгын ажилчид гэх мэт тус, тусдаа тооцоогүй болохоор үнэ хямд байх боломжтой байгаа юм. Хаана барих уу гэхээсээ шалтгаалаад, ганцхан тээврийн зардлаараа л ялгаатай байна.
-Саяхан танайхыг нээлтээ хийхэд нь төр засгийн тууштай дэмжлэг аваад эхэлчихэж гэж ойлгосон үгүй байж. Уг нь төрийн төлөөллүүд нээлтэд ирчихсэн харагдсан?
-Нээлтээ хийнэ гээд, 76 гишүүн, Засгийн газрын гишүүдэд бүгдэд нь урилга өгсөн. Нийслэлийн иргэдийн хурлын бүх гишүүдэд хүргүүлсэн. Ер нь би өөрөө гараараа урилгуудаа аваачиж өгсөн. Бүгдээрээ ирнэ гэж байсан боловч ирээгүй. Барилга хот байгуулалтын Х.Бадилхан сайд бусдыгаа төлөөлж ирсэн. Тэр өдөр Хурцын томилгоог хэлэлцэж байсан нь чухал асуудал тул завгүй байсан гэж хэлсэн. Хотоос орлогч дарга Баярхүү оролцоод явсан.
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН