Categories
мэдээ улс-төр

2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд дараах зарчмуудыг баримтлан 2018 оны төсвийн төслийг боловсруулжээ.

Үүнд:

Төсвийн орлогын чиглэлээр

1. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасны дагуу татварын 2 дахь шатны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ.

2. Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан бааз суурийг нэмэгдүүлнэ.

Төсвийн зарлагын чиглэлээр

1. Төсвийн урсгал зардлыг тооцоолохдоо ОУВС-тай тохирсон зарлагын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах, инфляц, валютын ханшны өөрчлөлтөөс нэмэгдэх бараа үйлчилгээний зардлыг төсөвт тусгахаар заасан байна.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн төслийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь болохоор байгаа юм байна.

2018 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ ДНБ-ий 9.5 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай бөгөөд төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьд хүргэн бууруулж, төсвийн тэнцлийг тусгай шаардлагаас ДНБ-ийн 0.9 хувиар сайжруулахаар байна хэмээн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *