Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн бэлэг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

Холбоотой Зураг

Мэргэжлийн байгууллагаас хүүхдэд өгөх бэлгийг худалдан авахдаа дараах зүйлд анхаарахыг зөвлөж байна.

Үүнд:

-Бүтээгдэхүүн бүрийн сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлан харж сонгох

-Төрөл бүрийн ундаа, жүүс компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тундас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан байвал худалдан авахгүй байх.

-Үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, орц найрлага зэргийг сайн шалгаж авах.

-Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байх.

Categories
мэдээ нийгэм

Маргааш орой тэнгэрт “Супер” сар мандана

сар зурган илэрцүүд

2018 оны нэгдүгээр сарын 1-ний орой тэнгэрт СУПЕР САР мандана. Дэлхийг сар тэгш хэмтэй бус, зууван замаар тойрдог тул дэлхийд хамгийн их ойртох үед ийм сар үзэгддэг. Шинэ оны эхний сар ердийн үеийнхээсээ 14 хувь том, 30 хувь тод харагдана гэж NASA мэдээлжээ.

Ойрын хугацаанд супер сар дэлхийд 3 удаа харагдаж байгааг мэргэжилтнүүд “Супер сарны гурвал” гэж нэрлээд байна. Гурвалын эхнийх нь 12 дугаар сарын 3-нд үзэгдсэн бол хоёр дахь нь нэгдүгээр сарын 1-нд үзэгдэж, сүүлийнх нь 31-нд харагдах юм.

Харин сүүлийн супер сар буюу 31-ний сар онцгой байхыг NASA сануулж байна. Учир нь энэ орой сар бүтэн хиртэнэ.

Дэлхий энэ удаагийн супер сарыг нарны гэрлээс бүрэн халхлах ажээ. Гэхдээ гэрлийн ойлтоос хамаарч супер сар нь харанхуйлахгүй, харин цусан улаан өнгөтэй харагдах гэнэ.

Ийнхүү 2018 оны эхний сарын эхний ба сүүлийн өдрүүдэд хоёр удаа супер сар дэлхийд харагдах гэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

mi

Дэлгэр Монгол эх орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт, Эрхэм хүндэт монголчууд аа,

Та бүхэндээ угтан золгож буй 2018 оны шинэ жилийн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлье. Сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл бүхэн тань шинэ онд биелэн бүтэхийн өлзийт ерөөлийг иргэн бүхэндээ хамтатган барья.

Монгол түмний цадиг түүхийн нэгэн он улирч байна. Шинэ мөрүүдийг бичин туурвих бас нэгэн тоолол эхэлж байна. 2017 он эдийн засгаа хямралаас гаргах, өрийн дарамтаас улсаа гэтэлгэх, хямралын давалгаанд айл өрх, ард иргэдээ нэрвүүлчихгүй байх амаргүй сорилтыг даван туулахын төлөө хичээн зүтгэсэн он болж Монголын түүхэнд үлдлээ.

Зүтгэл, чармайлтын үр дүн ч гарсан. Төр засгаа дэмжиж, бодлого шийдвэрийг нь хэрэгжүүлж, нэгэн сэтгэлээр нэгдэн нягтарсан ард түмэндээ баярын энэ өдөр талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт иргэд ээ,

2016 оны III улиралд хасах 1.6 хувь, жилийн эцэст дөнгөж 1.0 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 11 сарын байдлаар 5.8 хувь боллоо.

Нэгдсэн төсвийн орлого 2012 оноос жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгөөр тасарч байсан бол 2017 оны дүнгээр 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэх хүлээлттэй байна. Шинээр хүү багатай, урт хугацаатай бонд гаргаж арилжаалсны үр дүнд 2019 он хүртэл зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас ангижирлаа. Гадаад валютын албан нөөц 2.9 тэрбумд хүрч, 2016 оны 9 дүгээр сараас бараг 3.0 дахин нэмэгдээд байна.

УИХ-аас “Хүүхдийн мөнгө”-ийг бүх хүүхдэд, “Насны хишиг”-ийг нийт ахмадууддаа олгох шийдвэр гаргалаа. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх амлалтаа биелүүллээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан. Тэтгэврийг 2018 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэхээр улсын төсөвт 137.4 тэрбум төгрөг тусгалаа.

Товчоор хэлбэл 2017 онд бид тавьсан зорилтоо амжилттай биелүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож, уруудалтаас сэргэлтийг авчирч чадлаа.

2018 он эдийн засгаа бүрэн илааршуулах, цаашдын тогтвортой өсөлтийг хангахад шийдвэрлэх жил байх болно.

Төсвийн алдагдал буурч, төсвийн сахилга бат сайжирч байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж эхэллээ. Манай голлох эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ 2018 онд өсөлттэй буюу өндөр байх хандлагатай байна. Шинэ онд ямар нэг улс төрийн сонгууль болохгүй. Томоохон өр төлбөрийн дарамт ч байхгүй. Тиймээс энэ таатай нөхцөлийг зөв ашиглах нь төр засгийн хийгээд, монгол хүн бүрийн эрхэм зорилго байх ёстой.

Улстөржилт, яах нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдалдаа шинэ онд цэг тавья. Томоохон хөтөлбөр төслөө эдийн засагтаа ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байдлаар урагшлуулъя. Газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбороо барьж эхэлье. Өмнөд хилийн боомт хүрэх 267 км төмөр замаа одоо л ашиглалтад оруулахгүй бол оройтох нь. Хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадвал, монгол хүнээ хөгжүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх зорилтоо бид хангаж чадах болно.

Улс төрийн чөдөр тушаанаас ангид байж, улстөржсөн талцал хуваагдлаа орхиж, эв нэгдлээ эрхэмлэн, нийтээрээ нэгэн зорилгод нэгдэж чадвал бидэнд амжилт ялалт, хөгжил цэцэглэлт ойрхон байгаа.

Тиймээс шинэ оны өдөр бүхэн шинэ ирээдүйд дөтөлсөн зоримог шийдмэг, зөв алхмын өдөр хоногууд байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлж хэлье.

Эрхэм хүндэт монголчууд аа,

Үндэстнээрээ эвлэлдэн нэгдэж, үндэс угсаагаа мандуулан бадрааж, аз жаргалтай, гэгээн гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

2018 он Монгол айл бүрийн хойморт өнгө гэгээ, монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд итгэл тэмүүлэл асааж, хийморь золбоо, баяр жаргал авчрах болтугай.

М.ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын Дарга

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баярыг өвөрмөц тэмдэглэдэг хотууд

зул сарын баяр зурган илэрцүүд

Шинэ жилийн баярыг дэлхий даяар бүх хүн шашин шүтлэг, хэл соёл, яс үндэс харгалзахгүй тэмдэглэдэг. Бид бүгдээрээ л тэр нэгэн онцгой үдшийг хүлээн өөр өөрийн онцлогоор тэмдэглэхийг хичээдэг. Зарим хүмүүс шинэ оноо хэрхэн аз жаргалтай угтана тэр ондоо бүтэн аз жаргалтай байна гэж үздэг. Бас зарим нь гэртээ, гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө тэмдэглэдэг бол өөр хэсэг хүмүүс цанын бааз, үзэсгэлэнт арал, шинэ хотоор аялаж өнгөрүүлдэг байна. Тэгвэл дэлхийн усл орнууд шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэгийг сонирхуулъя.

大晦日 зурган илэрцүүд

Токио

Хэрэв та шинэ жилийг нэлээн эртнээс тэмдэглэж эхлэхийг хүсч байвал Токиод очиход болно. Тэнд 12-р сарын 29-өөс эхлэн шинэ жилийн баярыг тэмдэглэдэг бөгөөд нэгдүгээр сарын 4 хүртэл хамгийн урт баярын өдрүүдийг та харах болно. Гэвч жуулчдад зориулсан ихэнх газрууд хаалттай гэдгийг хэлэх хэрэгтэй. Хотын бүх ресторан баар, шөнийн клубууд хүнээр дүүрч хот тэр чигээрээ салют буудуулж, дуулан бүжиглэж байх мэт сэтгэгдэл төрнө.

Үндэсний хоол Тошикоши Соба зооглож, Жуяа Но Канэ хэмээх дууг дуулах нь Япон маягийн шинэ жил тэмдэглэлт юм. Энэхүү хоолыг урт удаан наслахыг бэлгэдэн урт хэлбэртэй хийж идэхийг эрхэмлэдэг байна. Бүх сүмүүд 108 удаа хонхоо цохиж шинэ оноо угтана. Империаль Палас нэгдүгээр сарын 1-нд олон нийтэд зориулж 2 өдөр үүд хаалгаа нээдэг.

New Year's Day Sydney зурган илэрцүүд

Сидней

Дэлхий дээр хамгийн түрүүнд энэ хотод шинэ жил айлчлан ирдэг. Энд та алдарт тэнгэрт дүрэлзэх галын наадмыг үзэж гайхан бишрэх болно.

Он солигдох мөчийг хүлээсэн сая гаран хүмүүсийн халуун дулаан баярын уур амьсгал эргээр дүүрч, хамгийн гайхалтай эргийн паартинуудаар зочилж болно. Гэхдээ та хагас ханцуйтай цамц богино өмд өмсөхөө мартаж болохгүй. Яагаад гэвэл энд яг энэ үеэр зуны дунд сар байдаг.

New Year's Day London зурган илэрцүүд

Лондон

Та энд ч мөн гайхалтай салют болон гэрлийн наадмыг үзнэ. Хот даяар барилгын дээвэр дээр байрлуулсан мянга мянган бэлтгэл ажлын үр дүнд энэ гайхалтай шоу болдог юм.

Та Вестминистерийн гүүрний ойролцоогоос энэхүү галын наадмыг шөнө дунд Биг Бенийн хонх цохих үеэр сайн харж чадна. Хэрвээ та театрт дурлагч бол Лондонгийн театрууд таныг уйдаахгүй.

New Year's Day Barcelona зурган илэрцүүд

Барселона

Шинэ жилийн баярын Испани хэлбэрийг Noche Vieja гэдэг. Салса бүжгээс эхлээд фламенко, рок хамтлагийн үзүүлбэрүүд, паари бол баярын голлох үйл явдлууд юм.

Шөнө дунд хонх 12 удаа цохих үеэр хүн болгон цохилтын дууны дагуу 12 усан үзэм иддэг. Энэ уламжлал эрт дээр үеэс уламжлан иржээ. Хэрэв та энд нэгдүгээр сарын 5 хүртэл байх бол Cabalgata de los Reyes Magos буюу Гурван Хааны Парад хэмээх баярын жагсаалыг үзнэ.

New Year's Day Paris зурган илэрцүүд

Парис

Энэ хотод та Боннэ Аннии хэмээн олон хүний хэлэхийг сонсоно. Галын наадмууд, клуб ресторануудын хөгжим цэнгээнээс гадна Елисейн талбай дээр тэмдэглэдэг дарсны баяр хамгийн гол үйл явдал юм.

Орой есөн цагаас эхлэх энэ баяр он солигдох мөч хүртэл үргэлжилж хундагатай дарстай хамт та Эйфелийн цамхаг хэрхэн гэрлэн шоу үзүүлэхийг харна.

New Year's Day Venice зурган илэрцүүд

Венец

Ла Феста ди Сан Силвестро буюу хуучин оны хамгийн сүүлийн өдрийн баяр, II Каподанно буюу шинэ оны эхний өдөр тэмдэглэдэг баяр бол Венец маягийн шинэ жилийн баяр юм. Мөн шөнө дундын үнсэлт хамгийн сонирхолтой энэ хотын онцлог юм. Хайртай хосууд шинэ оныг угтаж үнсэлцэх ёстой.

Эндхийн ресторануудад гайхамшигтай Итали хоолнуудаар тавагаа дүүргэн, дарсаар даруулах боломжтой. Шөнө дундаас эхлэх шоунууд нар мандтал үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн цэнгүүний үеэр 18 чиглэлд автобус үйлчилнэ

Шинэ жилийн цэнгүүний үеэр 18 чиглэлд автобус үйлчилнэ

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна. Үүнд:

“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.

Categories
мэдээ цаг-үе

Навагжавын Энхжаргал: Улсын заан Тулгаа бид хоёр улсын аваргын тэмцээнээс олон жил медаль хүртсэн

Говь-Алтай аймгийн насан туршийн боловсролын төвийн багш, ардын боловсролын тэргүүний ажилтан, үндэсний сурын харвааны спортын мастер, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Навагжавын Энхжаргалтай уулзаж хөөрөлдлөө.

-Та аль сургуулийг ямар мэргэжил эзэмшиж төгссөн хүн билээ?

-Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийг Дүрслэх урлаг, шугам зураг, технологийн багш гэсэн гурван ч мэргэжлээр дүүргэсэн. Тэр үед тэнд тийм боловсон хүчин хэрэгтэй гэсэн улсын хэмжээний боловсролын мундаг концепци байж дээ гэж би боддог юм. Биднийг урьдчилсан төгсөлт гэдгээр 1983 онд гуравдугаар курсээс төгсгөсөн. Хичээлийн хөтөлбөрөөр их шахна. Оюутнууд бид шөнийн хоёр гурван цаг хүртэл сууна. Ардын зураач, төрийн шагналт агуу зураач Одон багш бидэнд хичээл орж байлаа. Ардын зураач Гаваа бас бидэнд хичээл орно. ЗХУ-аас Виктор гэж мэргэжилтэн хичээл зааж байлаа. Нэг жил сургуульд багшлуулчихаад төгсгөж байсан. Тиймээс бид юм юмны зах зухтай хүмүүс болсон. Манай сургуульд дугуйлан хичээллэнэ. Тэнд би Монгол Улсын бар зургийн манлай С.Жамц багшийнхаа удирдлагад хулдаасан бар зураг зурдаг байсан. Дээд сургуульд технологийн, шугам зураг, барилгын шугам зураг гээд бүгдийг судалсан. Гончигдорж, Шагдарсүрэн, Мөнхбаяр гээд Монголын толгой багш нараар хичээл заалгасандаа одоо ч баярладаг.

-Та оюутан байхдаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж байсан гэл үү?

-Хичээлийнхээ завсраар хүндийг өргөлтийн спортоор Монгол Улсын анхны гавьяат дасгалжуулагч, Өвөрхангайн уугуул Жигмэддорж багшийн шавь болж штанг өргөж явлаа. Намайг Октябрийн баярын парадан дээр алхаж явахад анх хараад уулзсан юм. Дэлхийн хошой аварга Зэгвийн Ойдов тэр хоёр намайг нэлээд хурцалж чангалж өгсөн. Тэгээд хүнд-хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Би хойтон жил нь хүрэл медаль хүртсэн. Хүнд, хөнгөн жингийн аварга шалгаруулах гэдэг маань 48, 52, 86, 90 килограммын хамгийн доод, дээд жингийн чөлөөт бөхийг хөгжүүлэх тэмцээн юм билээ л дээ. Би уул нь улсын оюутны хоёрдугаар шигшээ буюу дархан аварга Жигжидийн Мөнхбатын дасгалжуулдаг клубт сарын 150 төгрөгийн цалинтай мэргэжлийн тамирчин байсан юм. Намайг багш нар минь Жаргай гэнэ. Мөнхбат аварга бидний жинг өглөө болгон үзнэ. Тэр бол маш том ухаан байж. Эрүүл зөв амьдарч байна уу гэдгийг мэдэхээс гадна ар гэрийн байдлыг ч түүгээрээ судалдаг байж. Жин хэтэрхий хасагдчихсан байвал “Миний хүү өчигдөр яагаад хоолоо идсэнгүй вэ” гэж асуугаад намайг шалгалт өгөх гээд зураг зураад хоол идэж амжаагүйг сонсоод МХЗЭ-ийн Төв хорооны гуанзанд оруулж хоол авч өгч байлаа. Хамгийн гол нь тамирчиндаа баталгаатай хоол өгч байгаа нь тэр л дээ. Тэр үед хоолны газар тийм ч олон байгаагүй. Хүний сэтгэл маш жижигхэн зүйл дээр ч анзаарагддагийн жишээ л дээ. Жигмэддорж багш минь Мөөеө аварга, З.Ойдов багш хоёртой уулзаад хүндийг өргөлт рүү уруу татсан юм.

-Хүндийн өргөлтөөр хэдэн жил “үзэв”?

-1984-1991 он хүртэл арван долоон жил улсын аваргад оролцож алтан медаль гурвыг, мөнгө, хүрэл медалийг бишгүйдээ хүртэж дээ. Хөдөө орон нутгаас улсын аваргад тасралтгүй оролцож медаль авсан хүн гэвэл Говь-Алтайн Энхжаргал, Монгол Улсын заан Тулгаа хоёр шүү дээ. Тулгаа ах үндэсний бөх, самбо, жүдо гээд бөхийн төрлийн спортуудаар их амжилт гаргасан. Олимпийн хорооноос бид хоёрт хүндэтгэл үзүүлж хүлээн авч л байлаа.

-Төгсөөд хаана хуваарилагдав?

-Дөнгөж төгсүүтээ Бигэр суманд хувааригдлаа. Агуу их яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн номоо хүртэл нэрлэж байсан Бурхан Буудай уул байдаг мөн ч сайхан нутаг шүү дээ. Аав, ээжийн маань нутаг Баян-Уул, Жаргалан, Шарга гурван сум чинь засаг захиргааны нэгжээрээ нэг сум байсан юм. Жаргалан сумын Эвлэлийн үүрийн дарга нь манай нагац ах Чуваадорж байлаа. Улсын газарзүйн олимпиадад хэд хэдэн удаа байр эзэлж байсан хүн байлаа. Миний хүргэн ах Базаррагчаа гэж аавын минь оронд аав болсон эмч ах эд нар л ярьж байгаад Бигэрт хуваарилуулахгүй юу. Дараа нь Жаргалан сумандаа багшиллаа. Эндээс олон ч шавь төрүүлсэн дээ. Манай Говь-Алтай аймгийн барилгын чиглэлийн шавь нар олон бий. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн гэж шавь байна.

-Та одоо хаана багшилж байна?

-Аймгийнхаа насан туршийн боловсролын төвд багшаар ажиллаж байна. Нялх балчраас насан өндөр хүмүүст хүртэл сургалт явуулна. Багш хүний бахархал шавь нар нь байдаг. Би гучаад жил багшлахдаа олон шавь төрүүлжээ. Гэхдээ заримдаа хичнээн мундаг хүүхдүүдийг уран зурагт уруу татаж буруу замаар явуулсан байх вий гэсэн нэг айдас байдаг. Бас намайг зориод ирэх байсан хичнээн зураач болох хүүхдүүдийг таниагүй бол гэсэн битүүхэн шаналан байна.

-Та зураачийнхаа хувьд олон үзэсгэлэн гаргаж байв уу?

-Бие даасан үзэсгэлэнгээ аль эрт наяад онд нэг гаргаж байсан. Төгсөөд хоёр жилийн дараа 1988 онд юм даа. Гэхдээ би өөрөө яваагүй, миний хулдаасан бар зургийн бүтээл шалгаран явж байсан. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал, ардын багш Цэрэндорж гэж мундаг хүн байлаа даа. Би тэр хүнтэй нэг өрөөнд хамт сууж үзээгүй ч мөн ч их зүйл сурсан даа. Цэрэндорж гуайн хөдөлмөрч, шаргуу үйл ажиллагаанаас нь суралцсан. Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гэж миний найз агуу хүн байлаа. Хүүхдийн уран бүтээлийн буянгаар бид хоёр уулзаж учран нөхөрлөж явлаа. Жаргалан суманд багшилж байхдаа сурагчдын хулдаасан бар зургийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 1987 он, 1989 онд хоёр ч удаа гаргалаа. Ерэн дөрвөн онд Говь-Алтай аймгийн хүүхдийн урлагийн их наадам болоход бас нэг үзэсгэлэнгээ дэглэсэн. Сүүлд шавь нартайгаа хамтарсан нэг үзэсгэлэн гаргасан. Зохиолоос сэдэвлэсэн дан хулдаасан бар зургийн бүтээлүүд багтсан. Миний шавь Алзахгүйбаатар гэхэд их зохиолч Д.Нацагдоржийн “Од” шүлэгт хийсэн хулдаасан барын бүтээл одоо ч нүдэнд харагддаг юм. Цэрэндорж багш тэр зургийг харуутаа “Галерейдаа авлаа, батламж өгнө” гэж байлаа.

-Шавь нар тань гадаадаас медаль хүртэж байсан байлгүй?

-Манай шавь нарын үзэсгэлэнг харж явсан япон хүн шавь Рагчаагийн Лувсандорж гэдэг хүүхдийн бүтээлийг үзээд арлын оронд урьж байсан. Их гүрнүүдийн бодлого чинь авьяастай хүнийг сүрхий таньдаг юм билээ. Японы гар зургийн уралдаанаас бүтээл нь гранпри шагналыг авчирч байлаа. Хүүхдийн ордны захирал, гавьяат багш Ш.Цог над руу холбооны дууддаг утсаар ярьж баяр хүргэхэд хөл газар хүрэхгүй баярлаж явлаа. Жаргалан сумын сургуулийн захирал Загдрагчаадаа хэлтэл намайг хот руу томилолтоор явуулж шавийн минь шагналыг авахуулж байлаа. Захирал маань намайг орой болгон хоол идэхэд санагддаг том шагналаар шагнаж байлаа.

-За, юугаар шагнадаг билээ?

-Энэ захирал маань их хүнлэг хүн байсан юм. Намайг дөнгөж багшаар очиход сэрүүлэгтэй цаг, халуун сав хоёроор урамшуулж байсан. Нэгдүгээрт миний эрүүл мэндийг, хоёрт намайг цагийн зөв дэглэмтэй байгаасай л гэсэн үүднээс ийм зүйлээр шагнажээ дээ. Тэр шавийг гранпри авахад ёстой нэг бүдүүн иргээр мялаасан. Нас залуу, хүүхэд нялх, хаврын тарчиг цагт бүдүүн эр хонь чинь ёстой нэг өвлийн идэш шиг санагдана биз дээ.

-Та улсын олимпиадад аль хэр амжилт үзүүлж байв?

-Орж байсаан. Хоёр удаа хоёрдугаар байрт, нэг удаа гуравдугаар байрт орж байсан. Намайг гуравдугаар сургуульд захирлаар ажиллаж байхад Бадамсэрээжид гэдэг шавь маань алтан медаль авч байлаа.

-Шинийг санаачилсан олон бүтээл байдаг гэж сонссон юм байна?

-“Өнө-Мөнх” гэж хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэсэн нугалдаг тоглоомонд Оюуны өмчийн газраас патент олгож байсан. “Урлал дасгалын дэвтэр” маань улсад анхлан түүчээлж гарч байлаа. Надад “Урлал дасгалын дэвтэр” хориод бий шүү. Хүн хөдөө хөхөрч, гадаа гандана гэдэг худлаа л юм билээ. Би лааны гэрэлд суугаад сурах бичиг бичиж л байлаа.

-Таны хань бас технологийн багш гэв үү?

-Би ханьтайгаа гучин жил амьдарч байна. Миний ханийг Цэвэгсүрэнгийн Оюунчимэг гэдэг. “Хантайшир эрдэм” цогцолбор сургуульд технологийн багшаар ажиллаж байна. Улсын олимпиадад Говь-Алтай аймгаасаа шалгарч түрүүлж байсан ардын боловсролын тэргүүний ажилтан. Бид хоёр дөрвөн сайхан хүүхэдтэй, маш баян амьдарлаа. Ууган хүү Мөнхдөл маань хүндийг өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер хүн байна. Удаахь охин Мөнхзул маань архитекторч, барилгын зургийн “Өрх” компанид ажиллаж байна. Гуравдахь охин Өнө-Энэрэлт Америкт сэтгэлзүйч эмчээр ажиллаж байгаа. Отгон охин Монгол Улсын өсөх идэр мэргэн, байт сурын харвааны тамирчин хүн. Монгол Улсынхаа нэрийг олон улсын хэмжээнд гаргах болов уу гэж бодож явдаг даа. Одоо БНСУ-ын Бусан хотод Хиймэл дагуулын чиглэлээр магистрт суралцаж байна. Ханийнхаа сэтгэлийг би үгээр илэрхийлж чадахгүй юм.


Categories
мэдээ нийгэм

​“Гэртээ ганцаараа” киноны тухай 14 сонирхолтой баримт

Image result for home alone

“Гэртээ ганцаараа” бол инээдмийн киноны түүхэнд хамгийн өндөр орлого авчирсан бүтээл юм. Жил бүрийн шинэ жилийн баярын суваг болгоноор гардаг ч хэзээ ч уйдамгүй байдаг нь ямар сайн бүтээл болсныг илтгэдэг. Уншигчдадаа энэхүү киноны тухай үзэгчдийн тэр бүр мэддэггүй 14 сонирхолтой баримтыг дэлгэе.

1. Маколей Калкины тоглосон анхны кино болох “Авга ах Бак”-ийн ганц л үзэгдлээс “Гэртээ ганцаараа” киноны ерөнхий санааг авчээ. “Авга ах Бак” кинонд Калкин хаалган дахь шуудангийн завсраар хүүхэд асрагчийг шалгаадаг хэсэг гардаг бол “Гэртээ ганцаараа”-д яг энэ үзэгдлийг хуулбарлан авч, жүжигчин Дэниэл Стернээр орлуулжээ.

2. Дэниэл Стерний нүүрэн дээрх аалзтай хэсгийг авахад тэрбээр үнэндээ хашгираагүй ажээ. Хэрвээ хашгирсан бол аалз үргэж мэдэх байсан тул орилж буй царай гаргаж дараа нь дуу оруулсан байна. Жүжигчний хувьд түүн шиг нүүрэн дээрээ аалз тавиулах хүн ховор бөгөөд энэ хэсгийг бүтээхийн тулд ганц л дубль авчээ.

3. Жүжигчин Жон Кэндигийн тоглосон бүх үзэгдлийн зургийг тасралтгүй 23 цагийн турш нэг хоногт багтаан авчээ.

4. Кевиний ах Баззын найз охины зургийг “царай муутай” болгохын тулд ерөнхий зураачийн хүүд хиймэл үс зүүн эмэгтэй болгон авчээ. Хэрвээ эмэгтэй хүүхдийн зургийг ашиглавал өсвөр насны охидыг доромжилсон хэрэг болно гэж найруулагч үзсэн байна.

5. Хулгайчийг киноны дуугаар айлгадаг үзэгдэлд 1938 онд хийгдсэн “Бузар царайтай сахиусан тэнгэрүүд” хэмээх киноны хэсгийг ашиглах гэсэн боловч хуурцаг зардаг дэлгүүрүүдээр хайгаад огт олдоогүй тул уран бүтээлчид нь зориуд “Гэртээ ганцаараа”-д зориулж “Хүн чанаргүй сахиусан тэнгэрүүд” хэмээх киног хийсэн байна.

6. “Гэртээ ганцаараа” кино 1990 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийснээсээ хойш олон сарын турш дэлгэцнээ гарчээ. Өөрөөр хэлбэл зарим кино театруудаар дараа оныхоо тав, зургаадугаар сар хүртэл гарч 12 долоо хоногийн турш “Box office”-ийг тэргүүлсэн байна. Мөн инээдмийн киноны төрөлдөө хамгийн өндөр буюу 533 сая ам.долларын ашиг олж, Гиннесийн номонд бичигджээ.

7. Кевин том ах Баззынхаа “Playboy” сэтгүүлийн 1989 оны долоодугаар сарын дугаарыг үзэж буй хэсэг гардаг. Тухайн үед сэтгүүлд плэймэйт буюу “Playboy”-ын модель, жүжигчин Эрика Элениакийн зураг нийтлэгдсэн байжээ.

8. Киноны постерийг алдарт зураач Эдвард Мункийн “Хашгираан” хэмээх бүтээлээс сэдэвлэн хийжээ.

9. Кинонд гардаг Маккалистерийн гэр бүлийн Чикаго хотын захад орших байшин нь үнэндээ 1920-иод онд Иллинойс мужийн Виннетка хэмээх газар баригдсан 395 метр кв. талбай бүхий, таван унтлагын өрөөтэй гурван давхар байшин юм байна. Кино гарснаас жилийн дараа 1.5 сая ам.доллараар зарагджээ.

10. Хадаасан дээр гишгэдэг хэсгийг авахад Дэниэл Стерн хөлөө резинэн улавчаар хамгаалжээ.


  1. “Аймшигт” Марли өвөөгийн тухай анх кино зохиолд бичигдээгүй байлаа. Гэвч зураглаач Крис Коламбус сэтгэл хөдөлгөсөн хэсэг оруулах ёстой гэсэн санаа гаргасны үндсэн дээр Кевин болон хөрш өвөө хоёрын дотно яриа өрнүүлдэг үзэгдлийг кинондоо оруулжээ.
  2. “Box Office”-т өндөр амжилт гаргаснаас гадна тус киногоор гурван видео тоглоом, ширээний тоглоом болон энэ сэдвээр нийт дөрвөн кино бүтээжээ. Тодруулбал, 1990 оны “Гэртээ ганцаараа”, 1992 оны “Гэртээ ганцаараа 2:Нью-Йокт төөрсөн нь”, 1997 оны “Гэртээ ганцаараа 3” болон 2002 оны телевизэд зориулсан “Гэртээ ганцаараа 4” кинонууд юм.
  3. Кино зохиол дахь Кевин Маккалистерийн үзэгдлүүдийг продюсер Жон Хьюз зөвхөн Маколэй Калкинд зориулж бичсэн ч найруулагч Крис Колумбус Калкиныг хамгийн тохирох хүүхэд гэдэгт эргэлзээгүй болохын тулд 100 гаруй хөвгүүдийн дунд шалгаруулалт явуулж байжээ.
  4. Кевины зохиосон тулааны төлөвлөгөөг Маколей Калкин өөрөө зуржээ.
Categories
мэдээ нийгэм

Шинэ оны мэнд дэвшүүлэхдээ дараах мэндчилгээнүүдээс сонгоорой

Image result for Шинэ оны мэнд дэвшүүлэхдээ дараах мэндчилгээнүүдээс сонгоорой

Хайртай дотны хүмүүстээ шинэ оны мэнд дэвшүүлэхдээ дараах мэндчилгээнүүдээс сонгоорой.

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
***
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
***
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж

Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2014 он түглээ
***
Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байг
***
Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ
***
Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай
Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
Та хүрч чадна. өөртөө итгээрэй
Танд амжилт хүсьe!
***
Сэвсгэр цагаан цасан дээр
Сэргэлэн цовоо алхалж
Шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй
***
Нандин хүсэл мөрөөдлийн
Биелэл нь таньтай хамт байг
Шинэ жилийн халуун мэндийг хүргэе
***
Жилд ганцхан тохиох
Шинэ жилийн vдэш
Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье
***
Ганцхан чамтай л би бүжиглэмээр
Гайхамшигт шинэ жилийн үдэш
Шинэ оны баярын мэндийг хүргэе
***
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Цасан охин шиг чамдаа
Шинэ жилийн баярын мэндийг хүргэе
***
Халуун үнсэлт мэт
Дарсаа тулгаж
Шинэ оноо угтая
***
Хэзээ ч мартагдашгүй
Шинэ жилийн үдэш
Хайрт чамдаа
Шинэ жилийн баярын мэнд хүргэе
***
Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ
Бид бүхэнд амжилт бататгаж, алдаагаа засах ухаан, хүч өгөх болно
Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе
***
Шинэ бухний эхлэл
шинэ жилээ
шинэ хүн болж угтаарай
***
Уулзсан бүхэндээ
Инээд бэлэглэж
Ирж буй шинэ жилээ
Урамтай золбоотой угтаарай
***
Сэтгэл доторх зовлонгоо умартаж
Шинэ амьдрал эхэлж байна гэж
Сэтгэл дүүрэн инээдээр
Шинэ оноо угтая
***
Танан цагаан цас бударсан
Тансаг сайхан баяр ирлээ
Шинэ жилийн баярын
Шижигнэсэн мэндийг хvргэе
Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай
***
Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм
Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе
***
Хууранд хөг
Хайранд итгэл
Хурмастад нар
Хүмүүнд амжилт хэрэгтэй
Шинэ жилийн мэнд хүргэе
***
Мөнх ногоон гацуураа засаад
Мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая
Шинэ оны баярын мэндийг хүргэе
***
Жаргах нарны туяаг
Жаахан гараараа тоолон
Шинэ оноо хүлээх
Энхрий бяцхан дүүдээ
Шинэ оны мэнд хүргэе
***
Толгой ухаан 2-оор мөнгө хийж
Тоолгүй өнгөрсөн нэгнийг
Эргэн хартал амьдарцгаая
Шинэ оны баярын мэнд хүргэе
***
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!
***
Цалин цагаан цастай
Цагаан сахалт өвөөтэй
Цайлган цасан охидтой
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
***
Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлэх
Шинэ жилийн баяр
Шинэ оны мэнд хvргэе
***
Орчлон дэлхийд
12-р сар онцгой
12-р сараас
31-ний өдөр oнцгой
31-ний өдрөөс
00:00 цаг онцгой
Шинэ оны мэнд хүргэе!
***
Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай
***
Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундагны жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай
***
Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай
Сайхан баярлаарай
***
Шинэ ондоо
Тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
***
Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе
***
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье
***
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
***
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!
***
Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!
***
Он солигдох торгон агшинд
Оргилуун дарс шиг оргилсон сэтгэлд
Аз жаргал авчрах гэж
Юм бүхнийг шинэ болгох гэж
Ертөнцийн бүгдийг ариусгах гэж
Шинэ он хаалгыг чинь тогшлоо…
Үүдээ та нээгээрэй!
Шинэ он мэнд хүргэж байна!
Цонхоо чи нээгээрэй!
Аз жаргал 12 цагт ирнэ.
Шинэ оноо хүлээгээрэй!
Шинэ ондоо ажил тань амжилт, орлогоор дүүрэн,
Амьдрал тань тэгш, дүүрэн байх болтугай!
Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай
***
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2011 он түглээ
Сайхан баярлаарай
***
Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч
Бүтэн жилийн турш тэр бүхнийг хадгалаарай.
Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
***
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэй
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаахан үгсийг хамтад нь бас шивнэлээ …
HAPPY NEW YEAR!!!
***
Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ хайр астал инээ
Сайхан инээд бүхнээрээ
Бүх ертeнцийг гийгүүлж байгаарай.
Happy new year
***
– Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан єнгєрvvлээрэй.
***
– Нандин хvсэл мєрєєдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хvргэе
***
– Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшvvлье. …
***
– Ганцхан чамтай л би бvжиглэмээр гайхамшигт шинэ жилийн vдэш.
Шинэ оны баярын мэндийг хvргэе
***
– Зулзган гацуурын vнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хvргэе.
***
– Халуун vнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая
***
– Хэзээ ч мартагдашгvй шинэ жилийн vдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хvргэе
***
– Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бvхэнд амжилт бататгаж,
алдаагаа засах ухаан, хvч єгєх болно.
Та бvхэндээ шинэ оны баяр мэндийг хvргэе.
***
– Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хvн болж угтаарай
***
– Уулзсан бvхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай
***
– Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж
сэтгэл дvvрэн инээдээр шинэ оноо угтая
***
– Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе
***
– Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ.
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бvтээлээр дvvрэн угтаарай.
***
– Хєнгєн аялгуу сэтгэл гижигднэм . Хvсэл мєрєєдєл ирээдvйг хєглєнєм.
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе
***
– Хууранд хєг, хайранд итгэл, хурмастад нар, хvмvvнд амжилт хэрэгтэй.
Шинэ жилийн мэнд хvргэе
***
– Мєнх ногоон гацуураа засаад мєрєєдєн хvлээсэн шинэ оноо угтая.
Шинэ оны баярын мэндийг хvргэе
***
– Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хvлээх
энхрий бяцхан дvvдээ шинэ оны мэнд хvргэе
***
– Толгой ухаан 2-оор мєнгє хийж, тоолгvй єнгєрсєн нэгнийг эргэн хартал амьдарцгаая.
Шинэ оны баярын мэнд хvргэе
***
– Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хvмvvстэйгээ хамт шинэ оноо угтая!
***
– Цалин цагаан цастай, Цагаан сахалт євєєтэй, Цайлган цасан охидтой,
Шинэ жилийн баярын мэнд хvргэе!
***
– Хvн бvхэн хийсэн бvтээснээ дvгнvvлэх шинэ жилийн баяр. Шинэ оны мэнд хvргэе
– Орчлон дэлхийд 12-р сар онцгой, 12-р сараас 31-ний єдєр oнцгой, 31-ний єдрєєс 00:00 цаг онцгой, Шинэ оны мэнд хvргэе!
***
-Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хєнгєн
Зулзган гацуурын vнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хvргэж аз жаргал хvсэн ерөөе

Categories
мэдээ цаг-үе

Ардын дуунд мөнхөрсөн булга

Булга нь Хойд Америкаас гаралтай бөгөөд суусрын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтдаг юм байна. Монголд Орхон, Сэлэнгийн сав, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр Шишгэд, Тэсийн голын сав дагуу тархсан махчин амьтан. Суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй бөгөөд хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ондатр буюу заарт харх, минж, халиуны адил хагас усны амьдралтай. Усанд сэлэхдээ сайн, цэнгэг устай гол, мөрөн бараадан амьдардаг.

Загас, мэлхий, оготно, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавьж, хавч, зөөлөн биетнээр хооллоно. Эрэгчин булгын биеийн урт 38-58 сантиметр, биеийн жин нь 1.5-4 килограмм бол эмэгчнийх нь 33-49 сантиметр урт, 0.8-2.2 килограмм жинтэй байдаг аж. Үнэг, шилүүс, баавгай, халиу, зарим махчин шувууд булгаар хооллодог. Булга голын эрэг доогуур нүх ухаж үүр хэвтрээ засч амьдарна. Ороо нийллэг нь гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилж дунджаар 2-4 зулзага төрүүлнэ. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниатай, тачир үстэй, 25-35 гр, 10 см урттай байх бөгөөд 30-36 хоногийн дараа нүдээ нээнэ. Хоёр нас хүрээд үржилд ордог. Булга 8-12 жил насалдаг.

Газарзүйн бүсээс хамаарч Хэнтийн булга хар хүрэн, хар, мөнгөлөг сортой халтар хүрэн, Хөвсгөлийнх хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг аж. Булга сахлаг зөөлөн торгомсог үстэй. Толгойн хэсэг их биеэсээ цайвар, зоо нурууныхтайгаа ерөнхийдөө ижил боловч арай цайвар хүрэн. Мөч нь богино, бахим. Өехийдөө шаргалдуу толботой ч хааяа толбогүй байх нь бий.

Булга холимог тэжээлтэй. Улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун нь туулай, бусад жижиг сээр нуруутан амьтдаар хооллох бол өвөл нь цас, хүйтнээс болж жимс жимсгэнээр хооллодог гэнэ. Үен, хотны үеэн, зарим шувууг ч ангуулчлах агаад заримдаа чоно, баавгайн мөрийг дагаж барьсан амьтдынх нь үлдэгдлийг иднэ. Авгалдай, нялцгай биетнээр хооллох дуртай бөгөөд урд савраараа загас барьж иддэг.

Булганы тархац, өсөлтийн өөрчлөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хууль бус агналт. 1910-1920 оны хооронд улсын хэмжээгээр жил бүр 4000-5000 ширхэг булганы арьсыг бэлтгэн нийлүүлж байсан бол аажмаар тэр тоо нь багасч, 1927-1929 он 300-500 болтлоо буурч байжээ. Монгол Улс 1953 оноос булга агнахыг хориглосон бөгөөд 2012 онд ховор амьтнаар бүртгэсэн юм байна.

Булга нь Оросын Уралын нуруунаас Сибирь, Монголын хойд хэсэг, Хятад, Японы Хоккайдо, Польшийн Скандинавын орнуудад тархсан. Орост зэрлэг булгыг агнасан хэвээр байгаа гэнэ. Гэхдээ үслэг эдлэлийн зах зээл дэх булганы арьсны ихэнхийг булга үржүүлгийн фирмээс нийлүүлдэг. Фирмийн үүлдэржүүлсэн булгын зүс нь цагаанаас хар хүртэл олон төрөлтэй. Фирмийн булгыг бяслаг, өндөг, загас, мах, нохойн тэжээл, цацагт хяруулын элгээр тэжээх бөгөөд 3000 булгатай фирм нэг өдөрт хоёр тонн гаруй хоол хүнс зарцуулдаг аж. Нэг булган дээлэнд дунджаар 50-55 булганы арьс ордог.

2-4 сартай булганы үс, сор хамгийн үнэтэйд тооцогддог учир булганууд фирмд нэг нас хүртлээ тэжээгдэнэ гэж байхгүй. Булгыг эхлээд алчихаад дараа нь арьсыг нь хуулахад сор нь уначихдаг учир сорыг нь алдагдуулахгүй гэж цахилгаанаар цохиулж байгаад амьдаар нь арьсыг нь хуулдаг. Ингэж арьсаа хуулуулсан булга 10-15 минут болоод амь тавьдаг гэнэ. Энэ арга нь хүнлэг бус харгис, амьтдын эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг олон нийт эсэргүүцсээр байгаа ч булганы арьсны эрэлт багасаагүй бөгөөд булган дээлний зах зээл ч хумигдахгүй байгаа билээ.

Монголчуудын хувьд булганы арьсаар эрт дээр үеэс гоёж ирсэн ард түмэн. “Монголын нууц товчоо”-нд Ван хан Тоорил Тэмүүжинд хандан

…Булган дахын чинь хариуд

Бутарсан улсыг чинь

Бөөгнөрүүлж өгье

Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсыг чинь хамтатгаж өгье хэмээсэн тухай гардаг. Үүнээс үзвэл манай ихэс дээдэс эрт үеэс л үслэг анд хорхойтой, үнэт арьсан дээл, дахаар өвч бүрхдэг байсан гэдэг нь харагдана. Тэр уламжлал явсаар Их хүрээний гангачуул булган захтай дээл, булган малгай, булган хантааз, булган ханцуйтай дээлээр гоёж байсан нь ардын дуунд ч үлдсэн байдаг билээ.

“Янлин хуар” дуунд “Булган чиг нударгаа шалчийтал уйлав аа” гэж хайртай хүнээ санан харуусан суухдаа булган ханцуйгаа шалчийтал уйлсан тухай гардаг дуу бий. Усны амьтны сор нь барагтай бол буудаггүй арьсаар хийсэн ханцуйгаа шалчийтал уйлсан гэдэг нь хэрхэн гашуудсаныг нь ийнхүү илэрхийлж байгаа юм.

Одоо л бид булган дээл, малгай муухай, амьтны арьсыг нөмрөхөө больцгооё гэж байгаа ч угтаа бол энэ их хахир хүйтэн өвөл, эрс тэс уур амьсгалыг даван гарахад тусалсан илч ихтэй хувцаснуудын нэг нь булган дээл, хантааз, малгай л байсан шүү дээ, бидэнд. Гэхдээ түүхэн цаг хугацаа наашлах тусам, монголчуудын амьдралын хэв маяг суурин руу шилжих болсон үеэс буюу 1880-1940 оны хооронд монголчуудын хувцаслалт, дээлний хэв маягт булганы арьс оруулга маягаар орж ирэх болжээ. Дээлнийхээ зах, ханцуйг булганы арьсаар эмжих болсон байна.

“…Булган чиг нударга нь

Бугуйгаа дагана аа…

…Халиун чиг нударга нь

Ханцуйгаа дагана аа” хэмээн дуулцгаадаг билээ.

Булгыг фирмүүд хайр найргүй нядалж байгаа бичлэг дэлхий даяар тархаж хүмүүсийн жигшлийг төрүүлснээс биш монголчуудын хувьд булганы тоо толгойд өөрчлөлт оруулахгүйгээр, засаг захиргааныхаа зөвшөөрлийн дагуу анчин гэх хүмүүс нь жилд тодорхой тооны булгыг агнадаг байж. Түүнээс биш их хэмжээгээр агнахыг жирийн иргэд нь ч ойшоодоггүй байсан байна.

Харин 1920 оны үед жилд их хэмжээгээр агнаж байсан нь гадны захиалга, тэр дундаа орос ах нарын хийсэн ажил байсан гэдэг. Булганы арьсыг баян, чинээлэг, гангачуул өмсдөг гэхээсээ илүүтэй хувь заяа өндөр, улс орон, нутаг хошуундаа гавьяа байгуулсан хүний өмсгөл, гоёо гэж үздэг байсан бөгөөд хэн нэгнийг шагнах тохиолдол гарвал булган дээл, булган зах бэлэглэж ирсэн нь түүхэнд үлдсэн байдаг юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МИНИЙ ҮЗСЭН ШИНЭ ЖИЛ: Олны танил эрхмүүдийн баярын дурсамж


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД: 1988 ОНД ӨВЛИЙН ӨВГӨН БОЛЖ БАЙЛАА


Related image

Одоогоос 30 жилийн өмнө шинэ жилээр өвлийн өвгөн болж байсан минь сэтгэлд нэн тодхон дурсамж болон үлдэж дээ. Түүнээс хойш дахин өвлийн өвгөн болоогүй. Би 1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөөд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар ажиллаж байв. Тухайн үед Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газар гэж 249 цэг салбартай, 3000 гаруй ажилтантай өнөр өтгөн гэр бүл байлаа. Гэрэл зурагчин, хувцас, гутал засварчин, үсчин, радио, телевизийн засварчин гээд ахуйн үйлчилгээний салбарынхан бүгд хамаарна. 1988 оны арванхоёрдугаар сард одоогийн Урт цагааны “Хоршоолол” спорт хорооны зааланд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын шинэ жил болдог юм. Намайг өвлийн өвгөн бол гээд болгож байсан. Манай байгууллагад эмэгтэй голдуу хүмүүс их ажилладаг байлаа. Оны шилдгээр шалгарсан бүсгүйчүүдэд бэлэг гардуулан, үнсэж байж билээ. Энэ өнөр өтгөн байгууллагын шинэ жилээр өвлийн өвгөн болно гэдэг мэдээж амаргүй байсан. Гэхдээ л хамт олныхоо өмнө өөрийгөө шинээр нээн харуулах боломж байсан байж магадгүй. Тэр үед Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт хамт ажиллаж байсан хүмүүстээ, Монголын ард түмэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.

БСШУС-ын сайд Ц.ЦОГЗОЛМАА: ӨВЛИЙН ӨВГӨНИЙ
БЭЛЭГНИЙ АЛИМ, МАНДАРИНЫ ҮНЭ
Р ҮНЭРТЭХ ШИГ БОЛЖ БАЙНА

Image result for БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

Хүүхэд ахуй цагийн сайхан дурсамжууд шинэ жил буюу ёолктой салшгүй холбоотой байдаг. Ганц би ч гэлтгүй олон хүний сэтгэлийн угт шинэ жилийн баяр үргэлж дурсамж болон үлдсэн байх. Сургуулийнхаа ёолконд орох их дуртай байсан. Онц сурсан хүүхдүүдэд сургуулиас бэлэг өгдөг байлаа. Маш олон жил өвлийн өвгөний бэлэг авч баярладаг байлаа шүү дээ. Мөн аавын ажлын ёолкноос их гоё бэлэг ирнэ. Ирэх жилийн ёолк болтол онц сурч байгаад өвлийн өвгөнөөс дахин бэлэг авна гэж бодож, хичээлдээ шамдан суралцдаг байсан юм. Мэдээж маш олон шинэ жилүүдийн тухай бодол яг одоо орж ирж байгаа ч хүүхэд ахуй цагийн өвгөний зурагтай ууттай бэлэг авдаг байсан цаг өөрийн эрхгүй санагдаж байна.
Намайг багад юм тийм ч элбэг дэлбэг байгаагүй юм даг. Өвлийн өвгөний бэлэгт алим нэг, мандарин нэг байдаг байсан. Маш гоё сэнгэнэсэн үнэртэй, хэдэн өдөртөө тэр үнэр мартагддаггүй байлаа шүү дээ. Энэ тухай ярьж суухад тэр л алим, мандарины үнэр үнэртэх шиг болж байна. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарт амжилттай ажиллаж яваа салбарынхаа хамт олонд, Монголын мянга мянган бяцхан дүү нартаа ирэх ондоо илүү өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ЗАНГАД: СУРГУУЛИАС ӨГДӨГ ДОМБОН ЁОТОНТОЙ БЭЛЭГНИЙ САЙХАН АМТТАЙГ ЯАНА

Image result for Б.ЗАНГАД

Миний хүүхэд ахуй үе буюу 1945-1946 оны шинэ жилийн баяр санагдаж байна. Ховдын арван жилийн сургуулийн нэгдүгээр ангид орж суралцаж байсан үе л дээ. Тэр үед сүлд модны наадам их сүртэй болно. Манай тэнд шилмүүс мод их хол ургана. Аймгийн төвийн ойролцоо байдаггүй байсан юм. Тэгэхээр сүлд модоо юугаар хийх вэ гэхээр бургас манай тэнд их ургана. Бургасныхаа мөчрүүдэд хөвөнг имэрч цас болгоно. Одоо байгаа энэ их гоё ёолкны гэрэл, чимэглэл, тоглоом тэр үед байхгүй шүү дээ. Цаасан дээр өнгийн харандаа юм уу, усан будгаар чоно, баавгай, туулай, таван хошуу малаа зураад хайчлаад тэрүүгээрээ сүлд модоо чимэглэдэг байлаа. Өнгө өнгийн цаасыг холбосон урт гинж хийнэ. Гурав, дөрвөн метр урт гинж хийгээд түүгээрээ сүлд модоо тойруулж чимнэ. Тэр үед шинэ жил ямар ч гоё болдог байсан юм бэ дээ. Багш нар нь ч яасан сайхан сэтгэлтэй байсан юм бэ дээ. Хүүхдүүдээ баярлуулах гэж, бэлгэдэл дэмбэрлийг бодож бүхий л оюун хүчээ зориулдаг байж. Тэр сайхан багш нарыг мартахын аргагүй. 1940-өөд онд Б.Бааст гуайн шүлэг, Б.Дамдинсүрэн гуайн хөгжим “Оны эхний шинэ жил” гэсэн дуу байдаг байлаа. Тэр дуугаа сургуулиараа дуулцгаана. Мандалин хөгжим тоглоно. Бүхий л урлагийн арга хэмжээ мандалинтай л явна. Өвгөн аав туулай, бүжин гээд л ойн амьтдаа дагуулаад ороод ирнэ. Онц сурсан, авьяастай хүүхдүүдэд бэлэг өгнө. 12 хуудастай 20 мөнгөний дэвтэр, үзэг, харандаагаар шагнана шүү дээ. Бүр их авьяастай, хичээл номондоо онцгой амжилт гаргасан хүүхдүүдийг 48 хуудастай зузаан дэвтрээр шагнана. Хүүхдүүд улаан, ногоон, ягаан, шар гээд өнгө өнгийн янз бүрийн уут хийж ирнэ. Дайралдсан, тааралдсан даавууныхаа өөдсөөр л тийм юм хийгээд ирнэ дээ. Тэр уутанд нь сургуулиас гурав гурван пряник (мөөхий), хэдэн домбон ёотон хийж өгнө. Тэр бэлгийг авсан хүүхдүүд их додигор явна шүү дээ, базарваань. Тэр бэлэгний амттайг яана, сайхныг нь яана, тэр үед. 1940-өөд он гэхэд Монголд шинэ жилийг тэмдэглээд эхэлчихсэн, ёолкийг хөдөө гэлтгүй бүгд л мэддэг болчихсон байсан үе юм.

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Т.ГГАЛСАН: ЧОНЫН БАГАА ТАЙЛЖ АЛИАЛАГЧ БОЛООД ТӨГСГӨЛД НЬ ШҮЛГЭЭ УНШДАГ БАЙЛАА ДАА ХӨ

Image result for Т.Галсан

Дэлхий маань олон улс оронтой, тэр олон улс өөр өөрийн цаг тоололтой учир янз бүрийн сарын аль нэг өдөр шинэ жилээ тэмдэглэдэг. Энэ бүхэн олон улсын ойлголцол, гэрээ хэлцэл хийхэд төвөгтэйн учир Григорийн тооллыг голлон шинэ жил тэмдэглэх болж хө. Хүүхэд байхын шинэ жил их сайхан. Сурагчийн ширээнийх нь араас Гэгээрлийн гурван сайд төрсөн Баянхонгор аймгийн Загийн сургууль Григорийн тооллын анхны өдрийг тэдний номоор биш монгол цам майдрын маягтай болгож тэмдэглэж байсан нь надад их сонин санагддаг юм. Яасан бэ гэхээр өвлийн өвгөнийг дагаж арван хоёр жил ирдэг байлаа. Бор нэхий дээл гадагшаа харуулаад өмсчихсөн жоохон хүүхэд “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана би энэ наадамд ирлээ, орж болно уу” гэхэд хүүхдүүд “Эрдэм, эрдэнэ хоёр хэрэгтэй ш дээ, ор оо ор” гээд алгаа ташаад оруулна. Энэ мэтээр хүүхдэд шүлэг цээжлүүлж, монгол тооллыг мэдүүлэхээс гадна төгсгөлд нь “Чамайг даа” киноны чононыхоос урт хоншоор хаалгаар цухуйлгаад “Хүүхдүүд ээ, та нар намайг таньж байна уу. Хөдөө хээрээр нутагтай хөх боохой нь ирлээ. Хөгжөөн наргиантай наадамд нь орж болно уу” гэхээр “Хөөе хулгайч байна. Чи буц. Орж хэрэггүй” гэцгээнэ. Чоно ч “Би хулгай хийдэггүй ш дээ. Зуугаас нэгийг идэж байгаарай гэж энэрэнгүй бурхан айлдсан юм билээ. Зуугаас нэгийг үлдээж байгаарай гэж энэ муу чих буруу дуулсан юм билээ” гэхэд хүүхдүүд “Чи хулгайч төдийгүй худалч юм байна” гэж хөөцгөөнө. Чоно “Будилж хэлсэн бурхны буруу. Буруу сонссон чихний буруу” гэхэд “Хулгайч дээрээ худалч, худалч дээрээ буруугаа хүлээдэггүй” гээд хөөнө. Шинэ жилийн баяр ингэж монгол сайхан наадаан болсон юм. Би тэндээс хөөгдөж гарчихаад хувцсаа солиод эргэж ороод алиалагч болдог, төгсгөлд нь шүлгээ уншдаг байлаа даа хө. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийнд би өвлийн өвгөн болж, Баянхонгорын яруу найрагч дүү нар цасан охид биш цасан хөвгүүд болж очиж байлаа. Өчигдөр манайд өвлийн өвгөн орж ирлээ. “Номын жор” хамтлагийн ахлагч Базарсүрэн хэдэн цасан охин дагуулчихсан ирж бэлэг хайрлалаа. Өдий насанд өвлийн өвгөн орж ирэхэд өвгөн, эмгэн хоёр их баярлаж, би бэлгэ дэмбэрэлийн үгээ хэлж, бэлэг дурсгалаа ч бас тэдэнд гардууллаа. Одоо 31-ний орой отгон хөвүүн Бодьбилгүүнийхээ ууган охиныг оньсголохын учир аа өвлийн өвгөн болж очихоор дээл хувцас, бэлэг сэлт, бэлгэ дэмбэрэлтэй үг юүгээн бэлдэж сууна даа хө, алтаар урс.

МОНГОЛ УЛСЫН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.ГҮРРАГЧАА: СҮЛД МОДНЫ НААДАМ ДУУСАНГУУТ ЧИМЭГЛЭЛҮҮДИЙГ ХУВААЖ АВДАГ НЬ ХӨГЖИЛТЭЙ БАЙЖ БИЛЭЭ

Image result for Ж.ГҮРРАГЧАА

Би далан жил энэ шинэ жил гэдэг сайхан баярыг тэмдэглэж байна. Олон шинэ жилийн баярт оролцож байлаа. Гэхдээ миний сэтгэлд хамгийн их шингэж үлдсэн шинэ жил бол сумын бага сургуульд байхдаа тэмдэглэж байсан сүлд модны наадам байлаа. Сүлд модны наадмыг сумын бага сургуулиуд 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр яаж хийж байсныг мэдэх хүн өнөөдөр цөөн үлджээ. Нэг мод олоод ирнэ. Тэр модыг чимэглэж, гоёх ажлыг хүүхдүүд гараараа л хийнэ. Их урт цаасан гинж хийдэг байлаа. Янз бүрийн өнгийн цаасаар хийнэ. Тэр үед цаас ховор, ялангуяа өнгийн цаас ховор. Бас уудаг цаас гэж байлаа. Бэхээр бичдэг үзэгний үлдсэн мөрийг баалгаж, муухай болгохгүйн тулд уусдаг цаас гэдгийг хэрэглэдэг байсан юм. Оросоор прампушка гэнэ. Прампушка харин олон өнгөтэй. Улаан, ягаан, цэнхэр өнгөтэй. Ийм олон төрлийн өнгийн цаасаар хийсэн гинжээр сургуулийнхаа хамгийн том танхимд сүндэрлүүлсэн сүлд модоо чимнэ. Сумын чухал сүлд модны наадам бол сургуулийнх байдаг. Тийм учраас сүлд модны наадамд сурагчдаас гадна залуус их оролцоно. Хүүхдүүд ойн амьтад болно. Их сайхан тэмдэглэдэг байлаа. Хөдөөний залуус нүдэнд минь харагдаж байна. Урт нударгаа унжуулсан, яргай ташуур барьсан, энгэр заамаа задгайлсан, дээлээ хөөргөөд бүсэлсэн ийм залуус сүлд модны наадамд орно. Дуу дуулна, бүжиглэнэ, концерт үзнэ.
Хэрдээ л авьяасаа үзүүлцгээнэ. Ингээд хамгийн хөгжилтэй нь юу вэ гэхээр сүлд модны наадам дуусангуут чимэглэлүүдийг хувааж авна гэдэг том ажил үлдэнэ. Цаасаар урласан амьтад, цасан ширхгүүдийг гүйж очоод хуваагаад авчихна. Нөгөө том залуучууд чинь хүртэл гүйж байгаа нь одоо ч харагддаг юм. Тэр жилүүдийн сүлд модны наадам сэтгэлд минь тодхон үлджээ.

МОНГОЛ УЛСЫН ЗААН Б.ПҮРЭВСАЙХАН: НУТАГТАА ТЭМДЭГЛЭСЭН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ХАМГИЙН САЙХАН НЬ


Шинэ жилийн баяр их сайхан баяр аа. Миний үзсэн хамгийн сайхан дурсамжтай шинэ жилийн баяр нутагт минь болж өнгөрсөн болов уу. Хүүхэд насны гэгээхэн дурсамжуудыг шинэ жилийн баяр л эргэн сануулдаг гэж боддог. Манай сумын хүүхдүүд өвөлжингөө л урд голынхоо мөсөн дээр гулгаж, тоглож өнгөрөөдөг байлаа. Бидний гулгадаг гол хэрэгсэл нь паарны төмөр. Сургуулийн шинэ жилээр өвлийн өвгөн аав сурагчдад цаасан ууттай бэлэг гардуулан өгдөг. Тэр бэлгэнд алим, мандарин, дөрвөлжин хайрцагтай үзэмтэй үрэл гэх мэтийн амттанууд байдагсан. Ялангуяа алим, мандарины үнэр их гоё. Шинэ жилээр хөлдчихсөн алим мэрж идэх шиг сайхан амттан байдаггүй байлаа шүү. Манай сумынхан арванхоёрдугаар сарын сүүлээр буюу шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө соёлын төв буюу “Улаан заал”-нд цугларч баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ баяр ойртоод ирэхээр сумандаа өнгөрүүлсэн шинэ жилийн баярыг өөрийн эрхгүй санан дурсдаг юм. Ёолк дөхөөд ирэхээр сургуулийн хүүхдүүд ханын сонин гаргаж, сурагч, эцэг эхчүүдэд гайхуулна. Мөн сумын төвийн дэлгүүрүүдийг цагаан, ногоон саагаар дотрыг нь чимэглэж баярын уур амьсгал оруулна. Шинэ жилийн баярыг тэмдэглэх гээд энд тэндгүй л ватум цаасан дээр өнгө өнгийн будаг түрхсэн хүмүүс болдог байв. Одоо шинэ жилийн баяраар эхнэр хүүхдээ баярлуулж, гэр бүлийн аз жаргалыг илүү ихээр мэдэрч өнгөрүүлдэг болсон.

Мөн “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд зодоглож, шинэ оноо эрч хүчээр дүүрэн угтдаг даа. Нутгийнхандаа болоод бөхөө дээдэлдэг ард түмэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Бэлтгэсэн: Э.ЭНХБОЛД Д.ГАНСАРУУЛ Э.МӨНХТҮВШИН Л.БАТЦЭНГЭЛ