Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунчимэг: Манай уран зохиолын хичээлийн хөтөлбөр ерөөсөө болохгүй байна гэдгийг дор бүрнээ хүлээн зөвшөөрдөг

Өчигдөр МУБИС-ийн НХУС-ийн Утга зохиол судлалын тэнхимээс “Уран зохиолын сургалт: Уламжлал ба өнөөгийн шинэчлэл” нэртэй мэргэжлийн семинар хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг “Уран зохиолын хичээл яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?” сэдвээр илтгэл тавьсан. Хүүхдийн сонгодог зохиол “Эрдэнэсийн сан” цувралыг эрхлэн хэвлүүлсэн түүнтэй ярилцсаныг сонирхуулъя.


-Өнөөдөр уран зохиолын хичээл яагаад чухал болох талаар таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Яагаад гэхээр монголчууд хүн болно гэж ярьдаг. Бид чинь оюуныг маш ихээр эрхэмлэж ирсэн ард түмэн. Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ гэдэг үг ч бий. Хүн сэтгэл оюунаа зөвхөн оюунлаг замаар бүрдүүлдэг юм байна.Товчхондоо ном уншиж байж. Өндөр хөгжилтэй орнуудын жишээнүүдийг харж байхад нэг зүй тогтол байдаг нь анзаарагдсан. Хүүхэд болгон 4-5 настайдаа үлгэр яриулах сонирхолтой байдаг. Яг үүн дээр нь дөрөөлөөд хэрэгтэй мэдээллийг нь өгдөг. Гэтэл манайд зургаа хүртэлх ангид уран зохиолын хичээл хасагдсан. Долдугаар ангийн хүүхдүүдэд уран зохиолын хичээл ороход юм хүлээж авах үе нь аль хэдийнэ өнгөрчихсөн байдаг. Тэр үеийн хүүхдүүд өнөөдөр интернэтээр олон нийтийн сүлжээнд орж, компьютер тоглодог. Манайд монгол хэл, уран зохиолын хичээл хоёр хамт байх ёстой гээд ганцхан цаг ордог. Гэтэл Америкт энэ нь дөрвөн хичээл болж ордог. Уншлагын хичээл нь гэхэд хоёр бөгөөд нэг цаг дээр багш нь өөрөө ном уншиж өгдөг. Уншиж бичүүлж сургахаасаа илүү хэрэгцээтэй мэдээллийг нь өгдөг юм байна. Яагаад гэхээр хүүхдийн хүлээж авах хөрс нь бэлэн болчихсон байдаг нас нь. Ийм туршлага байна. Дөрөв хүртэлх ангийнхан багшаараа уншуулдаг. Бичгийн хоёр, уншлагын хоёр цагтай байх жишээтэй. Энэ бүхэн манай боловсролын тогтолцоонд байхгүй. Зориудаар уу, зориуд бусаар ингэж байгаа эсэхийг би мэдэхгүй байна.

-Та хэдийнээс эхлэн хүүхдийн уран зохиолыг судлах болов?

-Би 2008 оноос хүүхдийн сонгодог зохиолуудыг орчуулж хэвлүүлэх ажлыг эрхэлсэн. Энэ үеэс боловсролын салбартай нэлээд ойртсон. БСШУСЯ-ны хоёр ч сайд, газрын дарга нартай уулзсан. Хүүхдийн ном гэхлээр манайхан нүдээ аниад л гэдийх маягтай болчихдог. Түүн шиг хэрэггүй юм байхгүй гэнэ. Ё.Отгонбаяр гуай Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа комикс ном хийгээд ир гэж хэлж байсан. Тус яаманд газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаяр ч мөн ингэж л хэлдэг байлаа. Надад комикс номын захиалга өгөхөд нь “Та нар эзнээ олохгүй байна” гэж хэлсэн. Энэ чинь зураачдын ажил. Уран зохиолын ном гэдэг бол өөр. Хүүхэд комикс ном уншсанаар нэг бүтэн өгүүлбэр унших боломж байхгүйгээс гадна мэдлэг боловсролд нь дусал ч нэмэр болохгүй. Сүүлд Ц.Оюунгэрэл сайд байхдаа унших номын жагсаалтын 30-аас доошгүй хувь нь комикс ном эзлэх ёстой шүү гэж удирдлаганд нь ажиллаж байсан хүмүүст хэлж байсан гэж би сонссон. С.Алтанхуяг ч Ерөнхий сайд байхдаа комикс номыг хэдэн сая төгрөгөөр ивээн тэтгэж хэвлүүлснийг бид бүгд мэднэ. Өнөөдөр манайд хүүхдийн номд онцын ач холбогдол өгдөггүй гэдэг нь нууц биш.

-Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан хүмүүстэй та уулзаж байсан гэлээ. Хүүхдийн уран зохиолын номын талаар ярихад яг юу гэж хэлдэг вэ?

-Ё.Отгонбаяр гуай бол “Одоо ном уншдаг хүүхэд гэж байхгүй. Наадахаар чинь яахав дээ. Үүний оронд комикс ном хийгээд ир” гэж надад хэлж байсан. Л.Гантөмөрийг сайдын албыг хашиж байхад нь уулзахад “Та бол бичиг үсгийн боловсролгүй хүн юм гэнэ лээ. Гадаад хэл мэддэг байж болно. Орчуулга тань шаардлага хангахгүй байна гэж манай хүмүүс хэлж байна” гэсэн.

-Орчуулга нь шаардлага хангахгүй гэдгийг хэн, ямар шалгуураар шүүж тогтоосон юм бэ?

-Тэрийг мэдэхгүй. Л.Гантөмөрийг сайд байхад нь би өөрийнхөө орчуулж хэвлүүлсэн номноосоо багцыг хүргэж өгсөн. Хүн таван үгээрээ танигдана гэсэн үг байдаг даа. Өөрөө бичиг үсгийн чадвартай хүн таван өгүүлбэр уншаад л байдлыг танина шүү дээ. Үүнд гаднаас шинжээч хайгаад байх шаардлага ч байхгүй. Би өөрийгөө бичиг үсгийн чадваргүй хүн гэж бодохгүй байна. Мэргэжлийн хүрээний хүмүүс намайг сайн мэднэ. Би оюутан байхдаа л Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын бүтээлүүдээс жишээ нь А.Ахматовагийн шүлгүүдийг орчуулсан. Өөрийгөө орчуулагчийн хувьд ч чадваргүй хүн гэж бодохгүй байна.

-Уран зохиолын хичээлийг бага дунд ангийн сургалтын хөтөлбөрт оруулах талаар нэг хэсэг нэлээд яригдсан.

-Энэ бол нэлээд том асуудал юм билээ. Миний хийсэн ажил маань үүнтэй холбоотой учир энэ салбар руу орсон. Хүүхдийн сонгодог зохиолуудыг орчуулахдаа хөгжингүй орнуудын сургалтын хөтөлбөрүүдийг судалсан. Тэдгээр орнууд хүүхдүүддээ юу уншуулдаг талаар маш их зүйл уншсан. Энэ чиглэлээр надаас илүү мэдээлэлтэй хүн байхгүй гэвэл хилсдэхгүй л болов уу. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр сайдаар ажиллаж байхдаа манайх Кембрижийн боловсролын хөтөлбөрт орсон тул орчуулсан бүтээлүүдээс тэнд орсон бол харж үзэж болно гэсэн. Тиймээс ч би Кембрижийн хөтөлбөрт уншигддаг номнуудын жагсаалтыг интернэтээс нэлээд хайж байж олж авсан. Долдугаар ангиас доош буюу бага, дунд ангийнхны унших номын жагсаалтыг олж авсан. Хоёр эгнээгээр 50 гаруй хуудас номын нэрс байсан. Түүнийг Л.Гантөмөрийг сайд байхад аваачиж үзүүлсэн. Кембрижийн боловсролын системээр бол ийм номнууд уншсан байх ёстой юм байна гэдгийг хэлэхэд орчуулаад ир гэсэн. Би түүнийг нь орчуулах явцдаа үүний ард асар том төрийн бодлого байдаг гэдгийг л сайн ойлгосон. Хүүхэд, залуучуудын тархинд юу хийх вэ гэдэг нь төрийн нэн тэргүүнд тавигддаг бодлого гэдгийг олж харсан юм. Номын тендер гээд хэдэн компаниудыг авдаг. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй, энэ бол ашгийн төлөө явж байгаа хэдэн компаниудын шийдэх асуудал биш гэдгийг ч Л.Гантөмөрийг сайд байхад хэлж байлаа. Улс оронд элитүүд гэж бий. Тэр хүмүүсийн үгийг сонсож, Монголын залуу үе юу уншихийг тогтож шийдвэр гаргахыг хүссэн. Харамсалтай нь усанд хаясан чулуу шиг л өнгөрсөн.

Манай орчуулгын багийнхан хэдэн жил бор зүрхээрээ ажиллаж байж ажлаа дуусгасан. Монголын хүүхдүүдэд уншуулах гэж л энэ ажлыг хийсэн шүү дээ. Намайг хэдэн ном орчуулчихаад шахах гээд байна гэж хараад байдаг. Би бизнес хийдэг хүн биш. Эдгээр номны хэвлэлийн эрх ч надад байдаггүй, ашиг сонирхлын зөрчил ч байхгүй. Юм мэдсэн хүний хувьд энэ бүхнийг хараад дуугүй байж үнэхээр чадахгүй нь. Тиймээс мэргэжлийн хүрээнийхэн, дунд, их, дээд сургуулийн багш нар, Сурганы хүрээлэнгийнхэн хоорондоо ярилцахад манай уран зохиолын хичээлийн хөтөлбөр ерөөсөө болохгүй байна гэдгийг дор бүрнээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс өчигдөр болсон “Уран зохиолын сургалт: уламжлал ба өнөөгийн шинэчлэлт” семинарын гол илтгэлийг тавьж өгөөч гэж надад хандсан юм.

-Шинэ Засгийн газар бүрэлдээд удаагүй байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны шинэ сайдад энэ асуудлаар хандсан уу?

-Энэ семинарийн дараа төрийн байгууллагад хүсэлтээ хүргүүлэх байх. Энэ нь надаас үл хамаарах юм. Би бол хувьдаа хүсэлтээ тавина. Сайд Ц.Цогзолмаа хүлээж авах байх гэж найдаж байгаа.

-Та жишээ болгон ОХУ-ын гуравдугаар ангийн уран зохиолын номыг авчирсан байна л даа?

-Оросын Тютчев, Фед гээд томоохон яруу найрагчид байдаг. Би тэдгээрийн бүтээлүүдээс ч орчуулж байсан. Эдгээр агуу яруу найрагчдын бүтээлүүдээс ОХУ-ын ерөнхий боловсролын сургуульд үздэг гуравдугаар ангийн уран зохиолын сурах бичигт оруулсан байгааг та харж байна. Хэрвээ манайд гуравдугаар ангийн хүүхдүүдэд уран зохиолын хичээл ороод, сурах бичигтэй байгаад, түүнд нь ийм бүтээлүүд орсон байсан бол үнэхээр баяр жаргалтай амьдармаар байна.

-Энэ сурах бичгийг харахад үлгэрүүд орсон байна?

-Тиймээ, үлгэрээс гадна сонгодог зохиолуудыг хүртэл оруулсан байгааг та өөрөө харж байна. Яруу найрагч Ф.Тютчевийн бүтээлүүдээс дандаа байгалийн зураглалтай бүтээлүүдийг нь оруулсан байх жишээтэй. Энэ нь хүүхдүүдийг маш их үгийн баялагтай болгоно. Гуравдугаар ангидаа Ф.Тютчевийн шүлгийг уншсан хүүхэд долдугаар ангидаа юу уншихаа ямар ч багшаар заалгахгүй ойлгочихсон байна. БСШУСЯ-наас хичээлээс гадуур унших номнуудын жагсаалтыг гаргасан. Харамсалтай нь тэр нь ажил хэрэг болдоггүй. Хичээлийнхээ цаг заваар хүүхэд ном унших орчин байх ёстой. Яах гэж улсаас байшин барилга бариулаад, багш авчирч хичээл заалгаж байгаа юм бэ. Цөм болсон гол юмаа хичээлийн цаг дээр өгөх ёстой. Тиймээс бага, дунд ангийнхны боловсролын хөтөлбөрт оролцохоос өөр аргагүй байна.

-Ё.Отгонбаяр гуай сайд байхдаа “Өнөөдөр ном уншдаг хүүхэд байхгүй болсон” гэж танд хэлсэн гэсэн. Өндөр хөгжилтэй орнуудад бол хүүхэд залуучууд ном маш их уншдаг нь нийтийн тээвэрт явж байхад ч харагддаг. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд метрогоор хэдэн буудал явахдаа үлгэрийнх нь номыг уншиж өгч байгааг ч зөндөө харсан.

-Монголд ч байна. Зарим газраас надтай холбогдсон. Жишээлбэл 17 дугаар сургуулийн нэгэн анги манай хэвлүүлсэн номнуудыг бүгдийг нь уншсан. Бид ангийн багштай нь холбогдсон. Өнөөдөр тэд 12 дугаар ангид сурч байгаа. Тэдний ангийнхан зан чанар, хүмүүжлийн хувьд сургуульдаа үлгэр жишээ сурагчид гэсэн. Хүүхэд ном уншихгүй байна гэвэл гүтгэлэг. Гагцхүү манай төрийн байгууллагууд, яам тамгын газраас боломжийг нь олгохгүй байна. Бас нэг асуудал байна. Энэ бол ганцхан уран зохиолын хичээл биш. Түүх, газар зүй, нийгэм, иргэний боловсрол зэрэг нь уран зохиолын хичээл, номоор дамжин мэдлэг олгодог. Би саяхан Францын сурах бичгийн талаар мэдээлэл авлаа. Гэтэл тэнд уран зохиолоос илүүтэй түүхийн номнууд сургалтын хөтөлбөрт ордог юм байна. Үндэсний баатар, түүхэнд бахархал болсон хүмүүс байна. Манайх бол баялаг түүхтэй. Гэтэл яагаад түүхийн хичээл дээр Сүбээдэй баатрын тухай ганц өгүүллэг байдаггүй юм бэ? Энэ чинь дэлхийн шилдэг арван жанжны нэгээр зарлагдсан хүн. Яагаад Чингисийн есөн өрлөг, мэргэдүүдийн тухай нэг ч өгүүлбэр байхгүй байна? Ингээд бодохоор дуугүй байхын арга алга. Хүүхдүүд маань ийм сурах бичигтэй байгааг зүгээр хараад сууж чадахгүй нь. Өнөөдөр нийгэм маань ороо бусгаа болчихоод байна.

Дээрээ ч, дороо ч ялгаагүй адгууслаг болчихож. Төрийн ордонд өнөөдөр юу болж байна. Энэ бүхэн чинь нийгмийн тогтолцоо, нийгмийн сэтгэл зүй, уур амьсгалыг харуулаад байна. Бид чинь харанхуй, мунхаг үед амьдарч байгааг л харуулж байгаа хэрэг. Хүн болох төлөвшлийг олж авч чадаагүй байна. Товчхондоо уран зохиолын хичээл, хүнийг хүн болгож байдаг, сайн муу, буян нүгэлийг заагийг хэлж өгч байдаг энэ хичээл байхгүй, ном уншдаггүй болсноос нийгэм нь ийм харгис малаас дор араатан шиг болсны илэрхийлэл. Энэ нь боловсролын асуудалтай шууд холбоотой. Хүүхэд байхдаа уншсан ном нь хүн болж төлөвшихөд шууд нөлөөлдөг. Хүүхдэдээ ямар суурь тавьж өгснөөр ирээдүйгээ харж болно гээд би олон жил ярьж байгаа. Өнөөдрийн байдал бол бидний 26 жилийн дампуурлын үр дүн юм.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Төрийн Департментын сургуульд Монголыг сурталчлав

АНУ-ын Төрийн Департмент нь гадаад улсад ажиллах дипломатуудаа бэлддэг тусгай сургуультай, тэр сургуульд, жишээ нь Монгол Улсад эдийн засгийн атташегаар ажиллах хүн байлаа гэж бодоход эдийн засгийн онолоос гадна монгол хэл соёлыг сурдаг тогтолцоотой билээ. Тус сургуульд өдгөө монгол хэл зааж байгаа багш нар, Монголд очиж ажиллахаар хэл сурч буй дипломатууд, АНУ-ын нийслэлд аж төрдөг монгол уран бүтээлчидтэй хамтран АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан Монголыг сурталчлах цогц арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Цогц гэхийн учир нь Гадаад харилцааны дээд сургуулийн номын санд Монголыг сурталчилсан үзэсгэлэн бүтэн долоо хоног гаргасан, монгол дуу хуур, бүжиг, морин хуурын аялгуу бүхий концерт тоглосон, дипломатуудыг монгол хоолоор дайлсан, монгол бичгээр нэрийг нь бичиж өгсөн зэрэг олон үйл ажиллагааг уялдуулсанд оршино.

НОМЫН САН ДАХЬ МОНГОЛЫН БУЛАН

Төрийн Департментын Гадаад харилцааны дээд сургуулийн номын сангийн нэг хана тэр чигээрээ шилэн цонх юм. Тэнд улс орнууд өөрсдийгөө сурталчилсан үзмэрүүдийг тавьж, кино бичлэг зэргийг үзүүлнэ. 2017 оны арваннэгдүгээр сарын 13-19-ний долоо хоногт уг зайг Монголоор дүүргэв. Тус сургуульд монгол хэл зааж буй Ц.Наранцэцэг, Бадамцэцэг Парк, бидний гурван багш монгол ёс заншил, ахуй амьдрал, соёл урлаг, үүх түүхийн холбогдолтой үзмэр сэлтийг байрлуулснаас гадна повер поинт программаар сонирхолтой тайлбар илтгэл бэлдэж, том дэлгэцээр сонирхуулсан юм. Олон хүн тэнд саатан, Монголын тухай сонирхож, мэддэг нэгнээсээ асуух нь харагдана.

МОРИНХУУР, МОНГОЛ ДУУ, БҮЖИГ

Арваннэгдүгээр сарын 17-ны баасан гарагийн 12 цагаас төрийн Департментын Гадаад харилцааны дээд сургууль дээр монгол урлагийн тоглолт зохион байгууллаа. Бусад хэлний тэнхимүүд иймэрхүү тоглолт мөн зохион байгуулдаг, гэвч Америкт тухайн улсын мэргэжлийн уран бүтээлчид ховор, эс бөгөөс үл танихын учир багш нар өөрсдөө дуу бүжгээ үзүүлдэг юм. Харин Монголыг сурталчилсан тоглолтын нэг гол ялгаа нь манай мэргэжлийн уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөнд оршино. Тухайлбал морин хуурч Урлагбаатарын Хатанболд, дуучин Эрдэнэбатын Саран, бүжигчин Батчулууны Дэлгэрмаа нар Монголын уламжлалт болоод орчин үеийн урлагийг таниулсан бэсрэг тоглолт тавилаа.

МОНГОЛ БИЧИГ, МОНГОЛ УРЛАГ

Концерт болсон танхимыг зураач Дамбын Цолмоны уран бүтээлээр чимэглэсэн юм. Цолмон ч бийр янтайгаа бэлдэн ирж, Америкчуудын нэрийг монгол бичгээр уран сайхан бичиж, уул ус, нар сар зэргээр чимэглэн бэлэглэсэн нь бичиг соёлоо сурталчилсан бас нэгэн сайхан үзүүлэн-хичээл болов. Та нар ийм сайхан бичигтэй байж яагаад орос бичиг хэрэглээд байдаг юм бэ гэж Балба, Иран, Пакистан хэлний багш нар болон хэд хэдэн америк дипломат асуусанд бас яг таг сайхан хариулт өгч чадсангүй. 2025 оноос хойш энэ монгол бичиг маань албан ёсны бичиг болно оо л гэлээ. Хуульд тэгж заасан байгаа байх аа.

МОНГОЛ ХЭЛНИЙ ОЮУТНУУД КОНЦЕРТ ХӨТЛӨВ

Энэ өдрийн тоглолтын бас нэг онцлог үйл нь концертыг монгол хэл сурч буй америк оюутнууд буюу Монгол Улсад очиж ажиллах дипломатчид монгол – англи хэлээр хөтөлсөн явдал болов. Жишээлбэл, Брайн тоглолтыг нээхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аливаа үйл ажиллагааг морин хуурын аялгуугаар эхэлж байхаар болсон билээ. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагаа мөн монгол морин хуурын аялгуугаар эхэлнэ. Түмэн агтын төвөргөөн. Морин хуурч Хатанболд” хэмээсэн бол Жэффри “Дөрвөд бол Монголын нэгэн угсаатан юм. Энэ бүжигт баруун Монголын эмэгтэйчүүдийн өдөр тутмын үйл ажлыг урлагийн хэлээр илэрхийлжээ. Бүжигчин Дэлгэрмаа” гэж зарласан билээ. Роб мөн монгол хэлээр “Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг, Ямар уужуу юм бэ, Монгол хүний сэтгэл… гэж энэ дуунд дуулдаг. Яруу найрагч Түмэнжаргалын шүлэг, хөгжмийн зохиолч Шаравын ая. “Монголын тал нутаг”. Дуучин Саран” хэмээв. Хоёрхон сар сурч байгаа гэхэд монгол хэлээр концерт хөтөлж байна гэдэг бас л нэг амжилт билээ.

МОНГОЛ ХООЛ, ГОЁМСОГ БЯЛУУ

Үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь монгол хоол байсан юм. Монгол хэлний багш нар цуйван, хуушуур, бууз, сүүтэй цай тэргүүтэн хоолыг бэлдсэнээс гадна ааруул, өрөм, аарц, тарагтай үрэл зэргийг амсах хэмжээгээр жижиглэн олонд сонирхуулав. Мөн сургуулийн анхны монгол хэлний багш Г.Бадан, гэргий Амаржаргалын хамт амтат хуушуур, идээ будаагаа барин зочлон ирэв. Вашингтон хотод амьдардаг Пүрэвжавын Сараа гэж бүсгүй захиалгаар уран гоё бялуу хийдэг юм. Сараа энэ үйл ажиллагаанд зориулан АНУ-Монголын дипломат харилцааны 30 жилийн ойн лого бүхий амтат бялуу хийж ирснийг цугласан хүн бүр магтан идэв. Дээд байгууллагаас согтууруулах ундааны зөвшөөрөл авсан тул бас яаж зүгээр байх вэ, Чингис хаан архиараа хүмүүсийг мөн дайлав. Ажлын өдөр байсан боловч Америкийн дипломатчид бас чиг сэтгэл нь хөдлөн, монгол амтыг мэдэрнэ гэсээр хоёр ч шил Чингис хаан архи дуусаж орхисон билээ.

ТӨГСГӨЛ БОЛГОН

Аливаа улсын хэл соёлыг судлах тусам сэтгэл татагддаг хэмээн үздэг хүн билээ, миний бие. Учир нь ямар ч хэл гэдэг нууцлаг агуу ертөнц, учирзүй, үг хэллэгийг нь ойлгох тусам гайхамшигт тэр ертөнцийн түлхүүрийг олох мэт сэтгэгдэл төрдөг. Монгол явах хүмүүст очихоос нь өмнө монгол хэл сайн сургах гээд зүтгээд байдгийн маань гол учир тэр. Энэ талаар зуун жилийн тэртээ Рамстедт хүртэл бичсэн байдаг юм билээ. Монгол дахь Оросын консул Люба монгол хэл, монгол соёлыг огт мэдэхгүй, мэдэхгүйн тул Монголын төлөөнөө санаа сэтгэл тавьдаггүй нэгэн байж. Рамстедт энэ талаар санаа нь зовж явсаар Любагийн оронд очихоор болсон Миллер консулыг харин Петербургт монгол хэл сурч буйд нь ихэд баярлан, Да лам Цэрэнчимэдэд бичсэн захидал нь хадгалагдан үлджээ. Чухам үүний учир харь улсад монгол хэл соёлыг түгээн сурталчилна гэж яваа хэрэг.

Вашингтон дахь “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Улс тунхагласны баярыг Ухнаагийн Хүрэлсүх улс орон даяар тэмдэглэх байлгүй

Намынхаа нэрнээс “хувьсгалт” хэмээх үгийг хусч хаяад “Ардын нам, ардын засаг мандтугай” хэмээн индэр дээрээс чанга дуугаар хэлж, Их хурлын ээлжит сонгуулийн сунгаанд орж байсан хүн бол У.Хүрэлсүх юм. Тэрээр “Манай нам энэ удаагийн сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би үүрнэ” гэж ам тангаргаа өгч байсан. Тэр чинь 2012 оны сонгууль. Ардын нам ялагдаж сөрөг хүчин болсон. Хүрэлсүх хариуцлага хүлээсэн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан тэр өнөөдөр эрх баригч Ардын намынхаа дарга боллоо.

Эгэл жирийн иргэн шууд Ерөнхий сайд болоод, дараа нь намын дарга болж үнэндээ бяртай загнаж байна. Өөрийнхөө байгуулсан засгийг “бяртай засгийн газар” гэж тодорхойлсон нь ч бий. Эрх баригч намын даргыг хамгийн түрүүнд Улс тунхагласны баяр хүлээж байна. Савлхийвэл “Ардын нам, ардын засаг” гэж ярих дуртай Ерөнхий сайд маань ардын намын анхдагч гишүүдийнхээ байгуулсан түүхэн гавьяа, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны ойг ёстой нөгөө “улаан туг”-аа намируулж гэдэг шиг улс орон даяарын баяр болгон тэмдэглэх биз.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа батлан хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэнээр хамжлагат ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан байдаг. Ард иргэдийн сонгох сонгогдох эрх нээлттэй болж, эмэгтэйчүүд, эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх, бүх нийтээр бичиг үсэгт суралцах, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь үндэс чухам л энэ цаг үеэс тавигдаж манай улс орчин цагийн улс болсон түүхтэй. Соёл, шинжлэх ухааны энэ их дэвшил тэндээс улбаалж, НҮБ-д элсэх үүд хаалга нээгдсэн гэдэг. Мөн Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ.

Ардын хувьсгал ялсны дараахан бий болсон энэхүү түүхэн баярыг Ардчилсан нам засгийн эрхэнд гарсны дараа үнэ цэнэ, статусыг нь бууруулж тэмдэглэлт өдрийн хүрээнд авч үзэх болсон. Бүх нийтээр амарч тэмдэглэдгийг болиулж, Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулах, онцгой гавьяа байгуулсан эрхмүүдэд төрийн соёрхол зэрэг өндөр шагнал олгодог байсныг өөрчилсөн. Харин арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн өдөр болгон тэмдэглэж, эл өдөр эрхэм хүндтэй хүмүүст төрийн өндөр цол, одон медаль гардуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл бөхийн барилдаан болж нийтээрээ амарч баярладаг. Ардчилсан намын хэсэг нөхөд Төрийн ордонд гал бадрааж, дээлийнхээ нударгыг урж хаян шатаасан удаа ч бий.

Тэгвэл өнгөрөгч жил Их хурлын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын намын нөхөд, тодруулбал Я.Содбаатар тэргүүтэй Их хурлын гишүүд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан. Үндсэндээ Ардын нам нэртэйгээр сонгуульд орж ялагдал хүлээн Ардчилсан намынханд Улс тунхалагласны баяраа “устгуулах” шахсаныхаа хариуг авч баярыг “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болгон сэргээсэн юм. Чингисийн талбайг буцааж Сүхбаатарын талбай болгон өөрчилж, Сүх жанжныхаа хөшөөнд сүрхий гэгч нь хүндэтгэл үзүүлсэн. Өнгөрөгч жил Улс тунхагласны баяр амралтын өдөр бямба гаригт тохиож байв. Түүнийг Ардын намынхан Засгийн газрынхаа хурлаар хэлэлцэн байж нааш нь татан баасан гаригийг бүх нийтийн амралт болгон тэмдэглэж байсан. Тэгвэл өнөө жил Улс тунхагласны баяр мөн л амралтын өдрөөр буюу ням гаригт тохиож байна. Хэдхэн хоногийн өмнө Эзэн богд Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр” ням гаригт болсон. Бүх нийтээр амарч, эзэн хаанаараа бахархаж, монгол даяар баярлах өдөр маань зүгээр нэг амралтын өдөр болоод л дууссан. Улс тунхагласны баяр бас л ийм маягаар өнгөрөхгүй байлгүй гэж санана.

Хуучин арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдрийг Монголын ард түмэн хэрхэн тэмдэглэж ирснийг бид мэднэ. Цагаан сарын баяр болж байгаа юм шиг таатай сэтгэгдэл төрдөг байлаа. Хөдөө гадааныхан хэдийнэ өвөлжөөндөө буучихсан, хадлан тэжээлээ базаачихсан, халуу дүүгиж сууна. Өнтэй өвлийн эхэн сард намрын их ажлаа нугалсан хүн зон сая л нэг тав тух, аз жаргалыг мэдэрнэ. Айлууд идшээ идчихсэн адууны тарган хятай, үхрийн толгой хавирга чанаж, хотлоороо баяр баясалтай байх ийм л цаг мөчид Улс тунхагласны баяр тохиодог жамтай.

Хэн хүнгүй Монгол эх орон, үүх түүхээрээ бахархаж “Тусгаар тогтнол”, “Чингис” шүлгүүд уншигдаж, дуу хуур цангинаж, тэгээд л бөхийн барилдаанаа хүлээнэ. Улс тунхагласны бөхийн барилдаан яг л сар шинийн барилдаан шиг үзүүштэй сайхан болно. Тэртээ наян дөрвөн онд жаран жилийн ойгоор нь Баянаа аварга түрүүлж, Хадаа аварга үзүүрлэж байсан юм билээ. Ингэж л домогт их аваргууд Улс тунхагласны баярт түрүүлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед өндөр цолтой бөхчүүд төрт ёсныхоо баярыг тоож зодоглохоо байсан нь эмгэнэлтэй. Хамгийн ойрын жишээ гэхэд эзэн хааныхаа Монгол бахархлын өдрийн барилдаанд энэ цагийн аварга, арслан, заанууд бүгд зодоглоогүй. Хятадад болж байгаа “Алтан бүс”-ийн наадамд мөнгө хөөгөөд явчихсан. Төрийн тэргүүнээ үл хүндэтгэсэн тэднийг одоо Хүрэлсүх сайд хуйгаар нь цуглуулах байлгүй.

“Аливаа улсын тусгаар тогтнол үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс Анхдугаар үндсэн хуулиа баталсны ач холбогдол ч тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй. Үндсэн хуулиа баталж, өөрийн гэсэн засаг төртэй болж, Монгол Улсаа дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, эрх чөлөөтэй амьдрахыг л 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан, зохион байгуулсан Богд хаан, Чин ван Ханддорж, Түшээ гүн Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд, Сайн Ноён хан Намнансүрэн зэрэг ноёд түшмэд, 1921 оны Ардын хувьсгалыг гардан хийсэн Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Сүхбаатар нар хүсч мөрөөдөж, үүний төлөө бүгд алтан амиа зориулсан билээ. Анхдугаар Үндсэн хуулинд “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утгаа хадгалан Ардчилсан Үндсэн хуульд оршсоор буй”-г эрдэмтэн судлаачид хэлдэг.

Үндсэндээ 1911, 1921 оны хувьсгал аль аль нь Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх учиртай гэдгийг эрдэмтэн мэргэд хэлсээр ирсэн. Даанч Ардчилсан нам, Ардын нам хоёр нэг нэгээр нь өмчлөөд, түүхчдээ хооронд нь хагаралдуулж улс төр болгоод байдаг болохоос түүхэн гавьяа, үнэ цэнэ нь ижил юм. Эрх чөлөө, тусгаар тогтнол, Монголоороо бахархах төрт ёсны баяр одоогийн байдлаар гурав болоод байгаа. Эхэн үед учир нь ч олддоггүй зовлонтой байлаа. Эзэн Чингисийн мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”, Улс тунхагласны ойн өдөр, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баяр. Гурвуулаа Монгол Улсын хуулийн дагуу нийтээр тэмдэглэх баяр. Өнөө жилийн хувьд сонин байна.

Чингис хааны өдөр нь амралтын өдөр тэгсгээд өнгөрлөө. Ядахад ард түмэнд сэтгэлийн цэнгэл таашаал эдлүүлэх бөхийн барилдаан нь урам хугалсан. Тэгтэл Улс тунхагласных нь ой дахиад бүтэн сайнд таарч байна. Арванхоёрдугаар сарын 29-ний баяр бол тэртэй тэргүй шинэ жилийн уур амьсгалд дарагдаад өнгөрдөг. Тэгэхээр Ардын намын тамгаа аваад хөөр баяр нь дарагдаж амжаагүй байгаа У.Хүрэлсүхийг Улс тунхагласныхаа ойг улс орон даяар “Улаан тугийг мандуулсан, улсын сүрийг бадруулсан” хэмээн сүртэй гэгч нь тэмдэглэх байлгүй гэж “хатгаад” байгаа маань ийм учиртай. Засгийн газраа хуралдуулж бүтэн сайны амралтын өдрийг даваа гаригийнх нь өдөрт шилжүүлж ард түмнээ амраах нь зүйтэй болов уу. “Халуун эх орончид…” гэх тодотголтой “ах нам”-ын дарга Хаянхярваагаас дутахгүй, ард түмнээ нялуун гэгч нь үнсэхээ мартана гэж үү.

Д.БАТБОЛД

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хөвсгөлийн хойд, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, Архангай, Өвөрхангайн өмнөд хэсэг, Орхон аймгийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“У.Хүрэлсүхийг Таван толгой зэрэг том бүтээн байгуулалтаа хөдөлгө гэснээс жорлон тойрч жороол гэж томилоогүй” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр нийслэлийн хамгийн их утаатай дөрвөн цэгт ажилласан юм. Энэ талаар өдрийн сурвалжилга бэлдсэнийг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан эхлэх цагаасаа 40 минут хоцорч эхэлсэн билээ.Үүний талаар улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгдсэн “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив” сурвалжилгаас хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “У.Хүрэлсүхийг Таван толгой зэрэг том бүтээн байгуулалтаа хөдөлгө гэснээс жорлон тойрч жороол гэж томилоогүй” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Ш.Батцэцэгтэй хийсэн ярилцлага улс төрийн дөрөвдүгээр нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Ядууралтай тэмцэх тусам Монголд баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байгаа учир юунд байна” гэжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтсүүд өчигдөр уулзалт хийж, зөвлөлдсөн юм. Үүний тухай үйл явдлын зургаадугаар нүүрэн дэх “Залуучуудад гарааны бизнес эрхлэх боломж байна гэв” сурвалжилгаас үзээрэй.

Сайнаасаа мууг их үзсэн нь улс төрд тэсч үлддэгийн сонгодог жишээ бол Х.Чойбалсан юм. Түүхийн жимээр нүүрнээс “Монголыг бүтээлцсэн эрхмүүд:Х.Чойбалсан” нийтлэлийг хүлээн аваарай.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын хаалтын үйл ажиллагаа уржигдар орой Соёлын төв өргөөнд боллоо. Гоёл, соёл XIII нүүрнээс “Гоёл 2018”-ын шилдгүүдийн талаарх сурвалжилгыг сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ