Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

ЗурагУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хууль тогтоолын төслүүдээс гадна Гадаад бодлогын асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийхээр болсныг танилцуулсан. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдын мэдээллийг хаалттай горимоор сонсох саналтай байгаагаа хэлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд хариуцлагагүй хандаж байна. Чуулган 10 цагтаа эхлэхгүй байна. Дөчин минут хүлээсний дараа хуралдаан эхэлж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдэв.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд, “Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэлтэй холбогдуулж асуулт авч тайлбар авах болно. УИХ-ын дэгээрээ л чуулган явж байна. Тиймээс хаалттай горимоор хуралдах шаардлагагүй” гэсэн хариу тайлбар хийсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлыг баталж, эхний асуудлаа хэлэлцэж эхлэв.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулах талаар хэлэлцэв. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас тус төвийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байгуулахаар болсон талаар Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдсанаар ажил олгогч, иргэд, ААН-үүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 952391 хүн байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.1 хувьтай байна. “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас шинээр бий болсон ажлын байрны тоог 30 мянга, байнгын ажлын байраар хангагдсан иргэний тоог 20 мянга, түр болон цагийн ажлын байраар хангагдсан иргэний тоог 15 мянга болгож хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүнийгээ дагаад ажилгүйдлийн түвшин 8.1-6 хувь хүртэл буурна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг танилцууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйлчилгээний төрөл:

Үйлчилгээний төрөл

Тайлбар

Ажил хайгч иргэнийг бүртгэх,

ажил олгогчдын мэдээллийг хүргэх

– Өөрийн биеэр ирж бүртгүүлэх, үйлчилгээ авах

– Цахим буюу бүртгэлийн программын холбоосоор

– Утасны аппликейшн суулгаж, бүртгүүлэх

Ажил олгогчийн ажлын байрны захиалга авах

– ААНБ ирж өгөх

– Цахим буюу бүртгэлийн программын холбоосоор

– Утсаар, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр

Ажлын байранд зуучлах

– Job matching / ажлын байрны тохироц /

– Байнгын ажлын байр бүртгэл, захиалга, зуучлал,

– Түр, улирлын ажлын байр

– Цагийн ажлын байр Хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтарч ажиллана.

– судалгаа буюу эргэх холбоо бий болгох

– Шинээр төгсөгчдийг дадлагажуулах ААНБ-д зуучлах

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх

– Ажил хайгч иргэдэд

– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд /бэрхшээлийг харгалзах /

– Их дээд сургууль, коллеж, МСҮТ суралцагчид, төгсөгчид

– Ерөнхий боловсролын сурагчид бага, дунд ахлах анги

– Сургуулийн өмнөх боловсролын суралцагчид /Боловсролын байгуулагатай хамтрах/

– Бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр өгөх /Сэтгэл зүйчтэй хамтрах /

– МУ-д эрэлттэй мэргэжил ба мэргэшил, Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллэр хангах

– Анкет, өргөдөл CV бичих, Ажлын ярилцлагад бэлтгэх

Сургалт

1. Хувь хүний хөгжил, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх нөлөөллийн багц сургалт

Сургалтын багш нарыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд дараах заалтыг тусгана:

– Сургалтанд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамж, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан урамшуулал олгоно. Хангалтгүй тохиолдолд гэрээг цуцална.

– Сургалтын багш нартай программаар холбогдож, сургалтын ирц, явц, үр дүнгийн мэдээллийг бүртгэнэ.

2. Аж ахуй эрхлэлт, чадамжид суурилсан сургалт

– Газар тариалан эрхлэлтийн вакуумжсан сургалт /Агропаркийн талбайд /

– Өвөл, зуны хүлэмж, нарийн ногоо тариалах сургалт

3. Мэргэжлийн ур чадвар олгох, давтан мэргэшүүлэх сургалт

4. Үйлдвэрлэл дээрх сургалт

5. ХАБЭА-н сургалт

Ажил олгогчийг дэмжих

– ХЭДТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан жижиг зээлийн санхүүгийн дэмжлэг

– ХЭДТХ-ийн 13 дугаар зүйлийн дагуу олгох ажил олгогчийн дэмжлэг

– Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдэд хөнгөлөлттэй зээл

– Бизнес инкубацийн үйлчилгээ

– Иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, хөхүүлэн дэмжиж, борлуулахад нь чиглэсэн үйл ажиллагаа

– Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сул чөлөөтэй ажлын байр болон шинэ ажлын байраа бүртгүүлж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангасан Нийслэлийн “Шилдэг Ажил олгогч” шалгаруулж, урамшуулах журам боловсруулан батлуулна.

– Ажил олгогч бүр бизнесийн түншлэл бий болгох, төр болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын түншлэлийг нэвтрүүлэн ажиллана.

Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

– Гадаадад сурч, ажиллаж байгаа болон буцан ирэгсдийг бүртгэл, мэдээллийн сан үүсгэх

– Игэдийн дадлага, туршлага, ажиллаж байсан салбарын шинэ санаа, технологийг нийслэл хотод нутагшуулах, гарааны бизнес, Start up дэмжлэг

Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

– Ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүртгэлжүүлэх, онцлог тус бүрээр сан

– Иргэдийн онцлогт тохирсон зохистой хөдөлмөр эрхлэлт

– Газар тариалан эрхлэх вакумжсан сургалтын орчин бүрдүүлж, сургалт зохион байгуулна.

– Өвөл, зуны загвар хүлэмж байгуулж, нарийн ногоо тариалах арга ажиллагааны сургалтыг

– Газар тариалангийн чиглэлээр олон улсын туршлага судлах, эх орондоо нутагшуулах арга хэмжээг

Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа

– Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны чиглэлээр ангилсан бүртгэл, сан

– Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тодорхой бүлгүүдэд үе шаттай нөлөөллийн сургалтууд

– “Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг албажуулах төсөл” боловсруулна.

Сэтгэл зүйн зөвлөгөө

– Хувь хүний зан ааш, чиг хандлагыг тодорхойлох сорил, нөөц боломжийг нээхэд туслах

– Ажилгүйдлээс үүдэлтэй сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд туслах

– Хамт олны уур амьсгал, эерэг хандлагыг бий болгох, ажлын бүтээмж дээшлүүлэхэд туслах

– Ажил, мэргэжлийн стрессийг даван туулахад туслах

– Ажил, амьдралын баланс, тэнцвэртэй байдлыг бий болгоход туслах г.м

Хуулийн зөвлөгөө

– Хөдөлмөрийн тухай хууль,

– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль,

– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,

– Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль,

– Гадаад оронд хөдөлмөр эрхлэх талаар зөвлөгөө авах

– Мэргэжлийн боловсрол сургалтын тухай

– Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай

– Ажлын байр, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, бүртгэх талаар мэдээлэл авах

– Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, эрх ашгаа хэрхэн хамгаалах

– Хамтын гэрээ байгуулах болон маргааныг хэрхэн шийдвэрлэх г.м

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх

– Хөдөлмөрийн яамнаас батлагдсан хөтөлбөрийн мэдээлэл

– Хөтөлбөрт хэрхэн хамрагдах арга зам, зааварчилгаа

– Санхүүгийн дэмжлэг, жижиг зээлд хэрхэн хамрагдах, үе шатууд

– Мэргэжлийн болон давтан сургалтын эрх бүхий байгууллагуудын мэдээлэл, Сургалтын төрөл чиглэл

– МСҮТ-ийн үйл ажиллагаа болон бэлтгэдэг мэргэжлийн талаарх мэдээлэл

Хүүхэд түр саатуулах үйлчилгээ

– Төвийн ямар нэгэн үйлчилгээнд хамрагдах хугацаандаа хүүхэд түр саатуулах үйлчилгээг авч болно.

– Хүүхэд асрагч нь тусгай зөвшөөрөлтэй, туршлагатай ажилтан байна.

– Ариун цэврийн өрөөнд хүүхдийн живх солих зориулалтын тавиур, ХБИ-д зориулсан суултуур байршуулсан байна.

Дохионы хэлмэрчийн үйлчилгээ

– Хэл, ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэд дохионы хэлмэрчийн тусламж авах

Уулзалт, сургалтын танхим
ашиглах үйлчилгээ

– Ажил олгогч, ажил хайгч нарт уулзалт, ярилцлага хийх, сонгон шалгаруулалт зохион байгуулах боломж

Дундын оффис ашиглах үйлчилгээ

– Гарааны бизнес эхлүүлж буй хүмүүст үнэ төлбөргүй компьютер, интернет, суурин утас, принтер, скайнер, канон хуваарийн дагуу ашиглах боломж

Төрөлжсөн мэдээллийн стенд дэлгэц

– Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл

– Төвийн үйлчилгээний мэдээлэл

– Сургалтуудын төрөл, хуваарь

– Ажлын байрны зар

Categories
мэдээ цаг-үе

Ц.Нямдорж: Үхэл сэхлийн төлөөх чимээгүй дайн явагдаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.


-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГбаривчилсан гэдэг мэдээлэл цацагдсан. Үнэн үү. Ямар шалтгаанаар түүнийг саатуулсан юм бол?

-Баривчилсан нь үнэн. АТГ-аас хийж байгаа ажил. Өчигдөр (уржигдар) орой тийм ажиллагаа хийсэн гэж надад хэлсэн шүү. Албан ёсоор надад ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна.

-Чуулганы хуралдаанаар давхар иргэншлийн асуудал хөндөгдсөн. Энэ тухай байр сууриа илэрхийлээч?

-Хэний тухай яриа байгаа нь мэдэгдэхгүй байна. Юу бодож байгааг нь тархин дотор нь оролтой биш яаж мэддэг юм. Ийм ийм хүмүүсийн тухайд давхар иргэншил байгаа учраас үүнийг шалгаж өгнө үү гээд нэрийг нь өгчихвөл гадаад улсад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан ажиллагаа хийх боломжтой. Дээр бид учир нь олдохгүй болохоор алган дээр шүлсээ дусааж байгаад гараараа цохиход шүлс хаашаа үсэрсэн тийшээ явдаг байсан. Тэгж таалтай нь биш яаж мэдэх юм.

Давхар иргэншилтэй холбоотой асуудал үүсдэг газар нь Казахстан. Манай иргэд тийшээ гараад явчихдаг. Очингуут нь өөрийнхөө харьяат болгочихдог. Казахстаны иргэн болсон бол тэндээс өөрийн харьяат болгосон шийдвэрийг нь аваад Монголын харьяатаас гаргах замаар шийдэж ирсэн. Давхар иргэншлийн асуудал казах дээр л гараад байдаг юм. Хуучин Засгийн газар, хуучин Их хурлын гишүүд гэхээр 80 гаруй хүн бий. Шинэ Засгийн газар, Их хурлын гишүүд гэхээр дахиад 80 гаруй хүн байгаа. Энэ хүмүүсээс О.Баасанхүү хэнийг нь яриад байгаа юм. Бүү мэд. Шүлс дусаалтай нь биш яах юм. Нямдорж Авсрийн иргэн болсон бол тэнд байгаа Элчин сайдын яамаараа дамжуулан давхар иргэншилтэй болсон уу, үгүй юу судлаад өг гэхэд Элчин сайдын яам ажиллана. Нэр ус байхгүй тохиолдолд болохгүй байгаа юм.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өөр улсын иргэн болсон гэх мэдээлэл гараад байна. Танд мэдээлэл байна уу?

-Албан ёсоор яригдсан юм байхгүй. Банк, Эрдэнэтийн 49 хувийг тойрсон ил далд тэмцэл бүтэн жил явж байна. Хүн ядарвал ядармаар түвшинд хүрсэн. Шалгах зүйл их байгаа ч хуулийн байгууллага нь хөдөлдөггүй.

-Тэгэхээр Банкны тухай хуулийг хаалттай хэлэлцэх шаардлага байна гэсэн үг үү?

-Байна аа. Яагаад гэхээр үүнийг тойрсон ярианууд их гарч эдийн засагт чичиргээ үүсгэх аюул байгаа учраас би тийм санал гаргаад байгаа юм.

-С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудал яг юу болсон юм бол. Уг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шүү дээ?

-Төрийн болон албаны нууцын тухай хууль саяхан батлагдаж, есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хуучин хоёр хууль байсан юм. 1996 онд батлагдсан Р.Гончигдоржийн гарын үсэгтэй Төрийн нууцын тухай хууль, 2004 оны Д.Бямбадоржийн гарын үсэгтэй Төрийн нууцын жагсаалт батлах тухай гээд бие даасан хууль байсныг нэгтгээд Төрийн болон албаны нууцын тухай хууль болгон батлагдсан. Хуучин хуулиар төрийн нууцаас гаргах саналыг Засгийн газар оруулж ирэн Их хурлаар хэлэлцдэг дэгтэй байсан юм. Шинэ хуулиар Засгийн газар нууцаас гаргадаг хууль эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Засгийн газар дээр хэлэлцэж байгаад зарим зүйлийг тодруулах шаардлага гарсан тул дахин хэлэлцэж байж шийдэхээр тогтсон. Санаа зовох юм байхгүй. Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэр гараагүй болохоор шийдвэр гарахгүй юм байна гэж ойлгосон байж магадгүй. Ойрын үед шийдвэр гарнаа.

Үүн дотор хоёр хэсэг асуудал байгаа юм. Шүүхээр шийдвэрлэгдсэн 15 мянга орчим хуудастай гурван хүн шийтгүүлсэн хэрэг байна. Нөгөөх нь захиалагчийг хайж байна гээд салгачихсан хоёр тусдаа асуудал байгаа юм. Одоо гурван хүний шийтгүүлсэн хавтаст хэргийг нууцаас гаргая гэж байгаа.

-С.Зоригийн хэргийг ил болгоход ТЕГ-ын дарга Д.Гэрэл Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой юу. Дэд дарга нь орж байсан?

-Нэг л зүйл хэлье. Энэ хэргийг ил болгоход асар их саад учирч байна. Тун түвэгтэй байгаа. ТЕГын газрын саналыг аваад би санал оруулсан. Дахиж ярихаар тогтсон. Үүнийг ил болгочих юм бол алдаа завхрал ил гарчих вий, өмгөөлөгч юм яриад эхэлчих вий гэдгээс үхтлээ айж, амь тавин элдэв арга саам хэрэглэж байна шүү дээ. Монголчууд “Алах малын үсийг ав, алах хүний үгийг сонс” гэдэг. Ядаж өмгөөлөгчийн үгийг сонсох хэрэгтэй. Энэ хэргийг ил болгочихоод “Хэргийг бид ингэж илрүүлсэн юм. Ийм баримтаар нотлогдож байгаа” гээд үнэнээ хэлчихвэл ард түмэн бухимдаад, би ч бухимдаад байх шаардлагагүй. Юунаас нь айгаад байгаа юм бэ. Нэгэнт тэр хүмүүс тус бүртээ 20 гаруй жилийн ял авчихлаа. Ард түмэн үнэнийг нь мэдэж байх хэрэгтэй. Ердөө хүн амины хэргээр шийтгүүлсэн шүү дээ. Хуулийнхан өөрсдөө санаачилга гаргаад ард түмний хардлага сэрдлэгийг тайлах ёстой.

Одоо болохоор хэргийг ил болгохгүй талаар хууль ёсны болон хууль бус бүх аргыг хэрэглэж байна. Бүх сүлжээг ашиглаж байна. Энэ тал дээр миний байр суурь өөрчлөгдөхгүй.

ТЕГын дэд дарга нь зарим зүйл дээр улаан цайм өөдөөс харчихаад худлаа хэлж байна лээ. Ингэж л явж байгаа. Гэхдээ болох байлгүй дээ. Юм алхам алхамаар урагшилж байна. “Санаж явбал бүтнэ. Сажилж явбал хүрнэ” гэдэг байх аа. Үнэнийг хэлэхэд одоохондоо сажилж байна.

-С.Зоригийн хэргийн захиалагчийг 14 хоногийн дотор зарлана гэж зарим гишүүд хэлж байсан. Энэ юу болов?

-14 хоногийн дотор хэргийн захиалагчийг зарлана гэж хэлээгүй. Захиалагч гэж байдаг юм бол ил гарга. Тогтоочихсон юм бол битгий нуу. Хамгийн ноцтой нь “захиалгаар хүн алсан” гээд тэр гурван хүнийг шийтгэчихсэн байхгүй юу. Гэтэл захиалагчийг нуугаад байнаа даа. Тагнуулынхан эсвэл шийтгүүлсэн гурван хүн нууж байгаа. Энэ асуудлаар би хуулийнхантай ил далд нэлээд удаан ярьсан. 2016 оны Их хурлын сонгууль явагдаж байхад “Үнэхээр захиалгаар хүн алсан юм бол захиалагчийг нь хамтад нь явуул. Юуг нь нуугаад байгаа юм” гэхэд “Сонгуульд нөлөөлчих гээд байна” гээд худлаа хэлсэн. Сонгууль дууссаны дараа “Наадахаа одоо хамтад нь явуулаач” гэхэд “Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлчих гээд гэсэн. Ерөнхийлөгчийн сонгууль болоод дууслаа. Одоо зарлах болов уу гэтэл байдаггүй дээ. Гэтэл “Одоо захиалагчийг зарлах юм бол хүмүүс хэлмэгдэнэ” гэж нэг хүн үг хэлэв ээ. Энэ юу болж байгаа юм. Ийм учир битүүлэг зүйлс их байгаа тул шийтгүүлсэн хүмүүсийн асуудал ил болох ёстой.

-Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар захиалагчтай холбоотой 74 хуудас материалыг нууцаас гаргахгүй гээд ярьсан юм биш үү?

-Хэн ингэж яриад байгаа юм. Захиалагчийг хайх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд нууцлах зүйл байж магадгүй. Тэр нарийн зүйлсийг мэдэхгүй. Миний ярьж байгаа зүйл гэхээр хүнд ял өгсөн зүйлээ ил болго гэж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч долоо хоногт цаазын ялыг сэргээх тухай албан бичгийг танд илгээсэн гэсэн. Таны байр суурь ямар байгаа бол?

-Надад албан бичиг ирсэн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид ийм байр суурь байгаа бол өөрөө хуулиа санаачлах ёстой. Хоёрдугаарт, надад албан бичиг л ирсэн. Албан бичгийнх нь дагуу ажлын хэсэг байгуулаад оролдоод үздэг юм бил үү гэж бодож байна. Хэрэв Засгийн газартай албан ёстой харилцах гэж байгаа бол Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гарын үсэгтэй шийдвэр гарах ёстой. Тэр нь надад ирээгүй. Тиймээс жаахан эргэлзээнд орчихоод байж байна л даа.

Ер нь цаазын ялыг халах нь цагаа олоогүй гэдэг Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нэг байдаг. Ноднин Эрүүгийн хуулийг батлах гэж байхад хуульч гишүүдтэй хамт бараг хуульчдын бослого гаргаж байсан. Уур нь хүрэхээр хүмүүсийг гэртээ унтаж байхад нь дөрөв таваар нь шатаагаад алчихдаг. Наана чинь зөвхөн хүн амины хэргийн асуудал ч байгаа юм биш. Супер цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний дунд байгаа цөөн амтай улсын хувьд тусгаар тогтнолын асуудал Эрүүгийн хуулинд байдаг байхгүй юу. Эрүүгийн хуулийн хил хязгаар гэж байдаг. Энэ Эрүүгийн хууль Монголын нутаг дээр үйлчилдэг. Монголын нутгаас гараад бид байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх байхгүй. Төрийн тусгаар тогтнол гэдэг чинь ийм жижиг зүйлээс эхэлдэг. Энэ жижиг хэрнээ маш том зүйлийг зохицуулдаг цорын ганц хууль нь Эрүүгийн хууль түүнийг дагаж гарсан байцаан шийтгэх хууль байдаг.

Би ажил аваад нэг сар болж байна л даа. Өдөр бүр батлагдсан хуулиуд чинь болохгүй байна гэдэг түмэн гомдол тал талаас ирж байна. Ерөнхийлөгчийн надад ирүүлсэн санал бол болохгүй байгаа түмэн асуудлын ердөө ганц нь.

-Тодорхой хэргүүд дээр цаазын ялыг сэргээх санал танд байгаа юу?

-Хүн амины хэрэг гэсэн байр суурь байдаг. Хүн амины хэргээс гадна төрийн зүтгэлтний амь насанд халдаж Монголын тусгаар байдалд халдсан бол гэдгээр 2002 оны хууль хязгаарлагдсан.

-БНСУ-д суух Элчин сайдад нэр өргөн баригдаад буй Б.Хурцыг Нийтийн сонсголд оруулах асуудал юу болсон бэ?

-Ажлын хэсэгт орсон Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ж.Батзандан нар гадаад явсан гэнэ. Тэд ирэх долоо хоногт ирээд ярих байлгүй дээ.

-УИХ-ын Дэгийн тухай хуулиараа Нийтийн сонсголыг хууль бус гээд байгаа. УИХ-аас Элчин сайдыг томилдоггүй Ерөнхийлөгч нэр томилдог гээд байна л даа…

-Элчин сайдыг томилох санал хураалт явагддаг байх аа. Олонхийн саналаар томилдог байх аа. Олонхийн санал авч чадахгүй бол өөр хүний нэр оруулж ирэх хуультай байх аа. Тиймээс дахиад булзааруулж байгаа юм. Өөр юу ч биш.

-Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Засгийн газарт саналаа өгөх процесс хэрхэн явагдах бол?

-Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг нь хуралдаад саналаа оруулах байх. Шийдвэрийн төсөл боловсруулах төгсгөлийн шат руугаа орж байгаа. Маш түвэгтэй нөхцөлд ажиллаж байна шүү дээ. Би томилогдохдоо “Асар их дайралт ирнэ. Гүтгэлэг их дагна. Би дуртай биш байна. Улсын эрх ашгийг бодож энэ саналыг хүлээж авсан” гэж хэлсэн дээ. Үхэл сэхлийн төлөөх чимээгүй дайн явагдаж байна. Цусгүй дайн гэж ярьдаг биз.

Э.ЭНХБОЛД

Categories
гадаад мэдээ

Японы эзэн хааны гэр бүлийн хурал эхэллээ

japan khan

Өнөөдөр Японы эзэн хааны тооллоор Хэйсэйгийн 29 оны 12 дугаар сарын нэгний өдөр. Ирэх жил одооны эзэн хаан Акихитогийн Хэйсэй тоолол дуусгавар болохтой холбогдуулан гэр бүлийн хурал яг одоо явагдах гэж байна.

Хуралд японы ёрөнхий сайд Шинзо Абэ оролцох аж. Шёовагийн 64 р он (1989 он)-д дуусч Акихито эзэн хааны Хэйсэй тоолол тухайн оноос эхэлжээ. Эзэн хааны гэр бүл, төрөл төрөгсөд цугларсан уг хурлаар дараагийн эзэн хаан, түүний тооллыг тодорхойлох учиртай ажээ. Эзэн хаан Акихитогийн Хэйсэй тооллын онуудад тухайлбал 1989 оноос өнөөдрийг хүртэл нийт 19 Ерөнхий сайд солигдож ажиллажээ. Уг хурал ойролцоогоор нэг цаг 30 минут үргэлжлэх бололтой.

Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүх: Яндангийн, ядуурлын, хариуцлагагүйн, сэтгэл байхгүйн гээд олон утаа нийлчихээд байна

Баянгол дүүрэг XI хороо, Хувьсгалчдын гудамж иргэн Адьяасүрэнгийн гэрийн гадаа. 2017.11.30ны 18.51 цаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр нийслэлийн хамгийн их утаатай дөрвөн цэгт ажиллалаа. Эхлээд Дэнжийн-1000 дахь 39 дүгээр сургуульд очлоо. Сургуулийн нэгдүгээр давхарт агаарын чанарын мэдээллийн дэлгэц суурилуулжээ. Сурагч, багш нь уг дэлгэцийг харж утаа хэр зэрэг байгааг, аюултай түвшинд хүрч байгаа эсэхийг хараад мэдчих боломжтой бөгөөд хэт их утаатай гэвэл амны хаалт зүүх зэргээр өөрийгөө утааны хороос хамгаалах боломжийг өгдөг юм байна. Мөн энэ сургуулийн зарим ангид агаар цэвэршүүлэгч тавьжээ. Өмнө нь энэ сургууль халаалтдаа 24-25 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо төвийн шугам сүлжээнд холбогдсоноор 3-4 сая төгрөг зарцуулдаг болжээ. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Энэ сургууль 1700 хүүхэдтэй. Өмнө нь халаалт дулааны асуудал маш хүнд байсан. Өнөө жил тэрийг нь шийдэж чадсан ч цэвэр усыг нь шийдэж чадаагүй байгаа” гэж байлаа. Одоогоор энэ сургуулийн таван ангид агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байршуулаад байгаа аж. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд 1300 өрөөнд уг төхөөрөмжийг байршуулаад байгаа юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Бага ангиудад уг төхөөрөмжийг суурилуулж байсан бол одоо дунд ангиудад суурилуулахаар ажлаа эхэлж байгаа” гэв. Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг уг ажил нь Д.Сарангэрэл сайд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар зөвлөмж гаргаад түүнийгээ Засгийн газарт хүргүүлж энэ оны нэгдүгээр сарын 3-нд тогтоол гаргасан тухай яриад эл тогтоолын хүрээнд энэ агаар шүүгчүүдийг байршуулах, агаарын бохирдлыг бууруулах бүс тогтоох зэрэг олон ажил эхэлснийг дурдаж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүүхдүүдэд агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах сургалтуудыг та нар сайн зохион байгуулж байх хэрэгтэй. Би боддог юм, энэ агаарын бохирдол яндангийн утаа, ядуурлын утаа, хариуцлагагүйн утаа, сэтгэл байхгүйн утаа гээд олон утаа нийлчихэж байгаа юм.

Заримдаа сэтгэл гаргах хэрэгтэй. Хүн болгон өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ч анхаарах хэрэгтэй. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ тохиолдолд аль аль талдаа анхаарах хэрэгтэй байна. Энэ утаатай тэмцэх нь бүх нийтийн асуудал байж байж бид тэмцэнэ шүү дээ. Би ч гэсэн асуудалтай. Надад үр хүүхдүүд байна. Би бас утаатай орчинд амьдардаг. “Чингис” зочид буудлын тэр хавьд чинь жинхэнэ утаа буудаг шүү дээ. Би тэндээ амьдарсаар л байгаа. 10 гаруй жил тэндээ утаан дунд амьдарч байна. Байрнуудын дунд утаа буучихдаг. Өглөө, орой гарахад маш их утаатай тийм хүнд газар тэнд байдаг юм. Тийм учраас утааны зовлонг сайн мэдэрдэг. Энэ бол бидний амьдралын зовлон. Үүнийг давж гарахын тулд төр засаг нь анхаарах хэрэгтэй. Зохион байгуулалт сайн байх хэрэгтэй, хөрөнгө мөнгөө зохицуулах хэрэгтэй. Дээр нь хүн болгоны хүчин чармайлт, хүн болгоны сэтгэл хэрэгтэй байна. Гал түлж байгаа айл өөрсдийгөө бодох хэрэгтэй ш дээ. Би хаймар түлэх үү, зуух руугаа пүүз хийж түлэх үү, дугуйны олгой хаймар түлэх үү, хортой бодис шатаах уу, моторын ашигласан масло шатаах уу гэдэг нь тэр хүний асуудал. Зуух руугаа тийм зүйлийг хийж байна гэдэг чинь Монголынхоо эсрэг ажиллаж байна гэсэн үг. Үр хүүхдийнхээ эсрэг ажиллаж байна гэсэн үг. Хүн төрөлхтний эсрэг ажиллаж байна гэсэн үг байхгүй юу. Ард түмнийхээ эсрэг хорт бодисыг цацаж байна, нэг ёсондоо ард түмнийг хордуулах ажиллагааг би өөрөө зохион байгуулж байна шүү гэдгээ хүн бүхэн дотроо бодох хэрэгтэй. Тийм учраас утааны эсрэг ажил гэдэг бол хэдийгээр хөрөнгө мөнгөтэй холбоотойн зэрэгцээ сэтгэл санааны асар том асуудал юм. Сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хүн болгон утаатай тэмцэхийн тулд дотроо нэгийг бодож “Би чинь үр хүүхэд, улс үндэстнээ бодох ёстой шүү. Ард түмнийхээ генийг бодох ёстой шүү. Бяцхан үр хүүхдийнхээ агаарыг бохирдуулж болохгүй шүү” гэж бодож чадвал хүн арай ч тэгж зуух руугаа элдэв янзын юм хийгээд шатаагаад суухгүй байх гэж би боддог юм. Тийм ухамсар манай нийт ард иргэдэд байх ёстой. Үүнийг хэдүүлээ тал талаас нь ойлгуулах хэрэгтэй, сурталчлах ёстой, бүх нийтийн үйл хэрэг болгох ёстой. Тэгж байж бид утааг тэмцэж дийлж гарна уу гэхээс биш зөвхөн Монгол Улсын төр мөнгө гаргаад энэ асуудлыг шийднэ гэвэл өнөөдрийн байдлаар тун боломжгүй. Гэхдээ бид тодорхой түвшинд бүхий л боломжоо дайчилж ажиллаж байна шүү дээ” гээд энэ бүхнийг сургуулийн сурагчид, тэдний эцэг эхчүүдэд сайн ярьж тайлбарлаж ойлгуулж өгч байгаарай гэж хичээлийн эрхлэгчид нь захисан юм.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд “Улаанбаатар хотын утааг 100 хувь гэж бодох юм бол 80 гэр хороолол, уурын зуухны утаа. Галлагаатай, яндантай утаа гаргаж байгаа газрууд дийлэнхийг нь эзэлж байна. 10 хувийг нь автомашины утаа, зургаан хувь нь цахилгаан станцуудын утаа, үлдсэн хувь нь бусад утаа эзэлж байна. Ингэхээр бидний хамгийн ихээр анхаарал тавьж байгаа зүйл бол гэр хороолол, уурын зуухны асуудал байхгүй юу. 3000 мянган уурын зуух байна. Дээр нь 220 мянган өрх гэр байна. Эд нар нийлээд жилд 1.2 сая тонн нүүрс шатааж байгаа. Бидний зорилго бол энэ уурын зуухуудыг буулгах, төвлөрсөн системд холбох, дээр нь гэр хорооллуудыг цахилгаанд холбох, хороолол хорооллоор нь дулаанд холбож өгөх гэх зэргээр аль болох гал түлэхгүй, нүүрс шатаахгүй байхаар асуудлаа шийдэх тэр нөхцөл боломжийг төрөөс бий болгож өгөх нь төрийн ажил. Энэ бүхэнд иргэд, аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө санаачилгатай оролцох ёстой. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс нийтдээ төсвөөс 147 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Мөн дээрээс нь 60 сая ам.долларыг гадны зээл тусламж, хандив мөнгө цуглуулж зарсан. Мэдээж үүний тодорхой хэмжээний ач тус нь гарсан байж таарна. Зарим нэг нь үр дүнгүй зарагдсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас бид цаашдаа нэг зорилт тавих ёстой. Ерөөсөө утаатай тэмцэхийн тулд эрчим хүчийг ашиглах ёстой, гэр хорооллыг барилгажуулах ёстой, дэд бүтцийг нь сайжруулах ёстой. Ингэж том түвшинд энэ ажлыг хийх ёстой. Хамгийн гол нь иргэдийн минь ухамсар сайн байх ёстой” гэж яриад адаглаж л айлууд гэрээ сайхан дулаалаад дадчих ёстой гээд дээр үед аав ээжтэйгээ нийлээд гэрээ алимны цаасан хайрцаг, боодлын бор цаасаар хэрхэн дулаалж өнтэй өвөлждөг байсан тухайгаа сонирхуулсан юм.

“Манай сургуульд суурилуулсан агаар шүүгч цэвэршүүлэгч нь маш нарийн тоосонцоруудыг бүрэн шүүдэг гэсэн. Мөн хүхрийн давхар ислийг зохих хэмжээнд барьдаг төхөөрөмж гэсэн. Уг төхөөрөмжүүдийг тавиад сар орчим болж байна. Өмнө нь ангийн агаар исэлдсэн юм шиг байдаг байсан. Одоо тийм агаар гарвал энэ төхөөрөмж нь шүүгээд агаарыг цэвэршүүлдэг юм билээ” гэж 39 дүгээр сургуулийн Сургалтын менежер Н.Түмэнжаргал ярив.

Тус сургуулиас гараад Баянгол дүүргийн XI хороо буюу МҮОНРТээс нэлээд хойшоогоо байрладаг Хувьсгалчдын гудамжинд очлоо. Тус хорооны оршин суугч Р.Адьяасүрэнгийнх байшингаа дулаалснаар дулаан алдагдал байхгүй болсон байна. Эднийх өмнө нь гурван машин нүүрсээр нэг өвлийг бардаг байсан бол одоо сэрүү унаснаас хойш нэг машин нүүрс авсан нь дуусаагүй байгаа аж. Ер нь байшингаа зориулалтын материалаар дулаалахад маш их үр дүнтэй юм байна гэдгийг гэрийн эзэн хэлж байлаа. Харин гэрийн эзэгтэй “Манайх шиг ингэж 30 хувиа өөрөө гаргаад үлдсэнийг нь төрөөсөө гаргуулаад гэрээ дулаалъя гэсэн айлууд зөндөө байна. Харамсалтай нь дулаалгын материалынхаа 30 хувийг гаргачих айл алга. Цалингийн, банкны олон төрлийн зээлийн хажуугаар дахин зээл авах боломж алга гэх айлууд их байна. Тийм болохоор 30 хувиа бүрдүүлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлж олон айлыг дулааны асуудлаа шийдэхэд нь тусална уу” гэж Ерөнхий сайдад хүсэлт тавьж байлаа. Энэ үеэр ШУТИСийн багш нарын төлөөлөл дулааны алдагдлыг хэмждэг багажаар Р.Адьяасүрэнгийн байшингийн булан, хана, тааз зэргээр дулаан хэр алдагдаж байгааг шалгаж үзүүлэв. Дулаалахаас өмнө болон дараахь байдлыг Ерөнхий сайдад зургаар харуулж байлаа. Тэднийхээс гараад зэргэлдээх айлаар нь орсон юм. Тухайн айл гэрээ дулаалж амжаагүй учир өдөрт олон удаа нүүрс түлдэг гэж ярьж байлаа.

Агаарын чанарын явуулын станцын үйл ажиллагаатай танилцав.

Ерөнхий сайдын дараагийн очсон газар бол Баянхошууны 38 дугаар цэцэрлэг. БОАЖЯ-ны санхүүжилтээр тус цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийдсэн бөгөөд “Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр агаар цэвэршүүлэгчүүдийг байршуулсан байна. Ерөнхий сайд энэ үеэр цэцэрлэг, сургууль, яслиудыг даруй ийм агаар цэвэршүүлэгчээр тоноглох нь зүйтэй гээд эцэг эхчүүдэд хандан өөрсдөө ч, үр хүүдүүддээ ч маск зүүлгэж байхыг уриалсан юм. Үүний дараа Баянхошууны Зүүн салааны орчимд байрладаг агаарын бохирдол хамгийн өндөр цэгийн Харуулын станцын үйл ажиллагаатай нь танилцсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр та бид Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой газруудтай газар дээр нь ирж танилцлаа. Сургууль, цэцэрлэг, гэрээ дулаалсан айл, дулаалаагүй айлаар орлоо. Агаарын чанарын хяналтын харуулын байран дээр нь ирчихээд байна. Улаанбаатар хотод ийм харуулын байр 11 байдаг. Хотын агаарт мониторинг хийж олон нийтэд цацдаг станц, хяналтын төв дээр бид ирлээ. Улаанбаатар хотын агаарын хүндрэлтэй байдал ингээд үүсч эхлэх нь. Жилдээ бид таван сарын турш утаатай ноцолддог. Өнөөдөр ингээд явж байхад гэр хорооллын утааг багасгахад хамгийн чухал нэг асуудал байна. Энэ бол айлууд өөрсдийнхөө гэр орныг маш сайн дулаалах хэрэгтэй. (Ханиалгав). Жишээ нь ингээд ярихад хоолой хүндэрч эхэлж байна шүү дээ. Маш их утаатай байна. Гэрээ сайн дулаалсан айлын дулаан алдагдал 50 хувиар багасч байна. Нэг үгээр яндангаас гарах утаагаа 50 хувиар багасгаж байна гэсэн үг. Ингээд Монголын 220 мянган айл утаагаа багасгаж чадвал Улаанбаатарын утаа 50 хувиар буурна. 113 уурын зуухыг буулгана. Яндангүй болно. Төвлөрсөн эрчим хүчинд холбоно. Монгол Улсын Засгийн газраас энэ ажлыг хийхэд 23 тэрбум төгрөг зарж байгаа. Дээрээс нь 23 мянган айлыг эрчим хүчээр хангаж байгаа. Ингэж жил ирэх тусам утаанаас салах ажлуудыг хийж байгаа юм. Гэхдээ утаанаасаа салж чадахгүй байна. Ард иргэд маань эрүүл мэнд, үр хүүхдээ утаанаас хамгаалахын тулд маскийг байнга зүүх ёстой болж байна. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн зүүхийг зөвлөж буй маск. Энэ маск нь агаарын бохирдлоос 70-90 хувиар хамгаалдаг (Утаанаас хамгаалах маскийг зүүж үзүүлэв.сурв). Иймээс энэ маскийг өөрсдөдөө, үр хүүхдэдээ, гэр бүлдээ авч зүүж ашиглах ёстой. Гудамжинд явах, задгай талбайд явж байхдаа зүүх ёстой. Энэ бол таны амь насанд сөргөөр нөлөөлж байгаа агаарын бохирдлыг 7090 хувиар багасгаж байна гэдгийг бүгд мэдэрч, маскийг хэрэглэх болж байна.Улаанбаатар хотод байгаа бүх сургууль, цэцэрлэг, анги танхимд нийт хичнээн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэгтэй байна вэ гэдгийг тооцож гаргана. Үүнд хэдий хэрийн хөрөнгө мөнгө хэрэгтэй вэ, бидэнд боломж нөхцөл байна уу гэдгийг тооцоолно. Хэрвээ бүх сургууль, цэцэрлэгт энэ төхөөрөмжийг байршуулж чадвал анги танхим дотор нь агаарын бохирдлоос хамгаалж чадна. Үүнийг шийдэх нь зүйтэй. Утаа бол улсын минь бүх иргэдийн аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал учраас ард түмнээрээ утааны эсрэг тулалдаанд орцгооё гэж уриалж байна. Утаа бол бидний дайсан юм. Эхний ээлжинд маскаа зүүцгээе” гэж уриаллаа.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд үргэлжлүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, М.Билэгт, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм.

Төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав.

Хууль санаачлагчид Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг ил тод, тодорхой болгох, Монголбанкны үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөжээ.

Хуулийн төсөлд мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хяналт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгасан байна хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан. Мөн Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох, Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыг нэмэгдүүлэх, хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх асуудлыг тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.

Хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосноос хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоовол цаашид инфляцид эерэгээр нөлөөлнө, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төсөл батлагдсанаар Төв банкны бие даасан хараат бус байдал нэмэгдэж, мөнгөний бодлого болон санхүүгийн салбар тогтвортой байх боломж бүрдэнэ, Монголбанкнаас Засгийн газарт зээл олгодог, санхүүгийн хууль бус үйл ажиллагаанд оролцдог байсан алдааг давтахгүй байх эрх зүйн орчин бий болно гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, М.Билэгт, Л.Оюун-Эрдэнэ, З.Нарантуяа, О.Батнасан нар асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд, Мөнгөний бодлогын зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй байх, зээлийн хүүг бууруулахын тулд Төв банк ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тодруулсан.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Мөнгөний бодлогын зөвлөл нь шинэ бүтэц бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дэргэд үйл ажиллагаа явуулж, бодлогын шинжтэй шийдвэрүүдийг гарган ажилах юм байна. Өмнөх жилүүдэд гарсан бодлогын алдааг давтахгүйн тулд Төв банкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчмыг оруулж ирж байгаа гээд энэ нь бодлогын томоохон шийдвэрүүдийг хамтаар хэлэлцэн шийдвэрлэдэг олон улсын жишиг хэмээн тодотгосон. Тус зөвлөл долоон гишүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга нь Монголбанкны ерөнхийлөгч байх аж

Банкны зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсгийг Монголбанкинд байгуулан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэгт төрийн байгууллагуудын болон эрдэмтдийн төлөөлөл багтаж байгаа бөгөөд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний олон хувилбарыг судалж байгаа хэмээн Ажлын хэсэг тайлбарласан. Түүнчлэн олон улсын байгууллагуудтай зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар хамтран ажиллахаар ярилцаж байгаа гэлээ. Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүүг бодитой бууруулах боломжтой болно хэмээн үзэж байгаа хэмээсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, А.Сүхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Байнгын хорооноос гаргасан тогтоолын хэрэгжилтийн бодит байдалтай танилцлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулан өнөөдөр (2017.11.30) Улаанбаатар хотод агаарын бохирдол хамгийн өндөр байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим газруудад холбогдох албан тушаалтнууд ажиллав.

Өргөдлийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр нэн даруй авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тогтоон 01 тоот тогтоол гаргаж, Засгийн газар болон Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсэн бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн бодит байдалтай танилцахаар ийнхүү ажилласан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнууд эхлээд Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд очлоо.

Тус сургуулийг төвийн шугам сүлжээнд холбон төвлөрсөн халаалттайболгосон, агаарын чанарыг мэдээлэх самбар, зарим анги танхимд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тавьсныг холбогдох албан тушаалтнууд танилцуулав. Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй ангиар ороход сургуулийн захирал агаарын бохирдлын хор нөлөөнөөс сурагчдыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай сургуулийн таван ангид агаар дахь хорт бодисыг шүүж, цэвэрлэдэг төхөөрөмж сар орчмын өмнө авч өгсөн. Бусад ангиудад нэмж тавих шаардлагатай байна” хэмээв.

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон улсын байгууллагуудын хандив тусламж болон салбарын яам, Улаанбаатар хотын төсвөөс хөрөнгө мөнгө гарган агаарын бохирдол өндөр бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөөнд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тавихаар ажиллаж байгаагаа хэлсэн.

Дараа нь агаарын чанарын шинжилгээ хийх зориулалттай явуулын станцад сургуулийн гаднах орчны агаарын чанарт үзлэг хийн Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд Улаанбаатар хотын албан тушаалтнууд танилцуулсан юм.

Үүний дараа “Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр байшингаа дулаалж, дулаан алдагдлаа бууруулсан айлуудын нэг Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны өрх Р.Адъяасүрэнгийнд очлоо. Гэрийн эзэгтэй “Хоногт хоёр удаа нам даралтын зуухаар байшингаа галладаг, гаднаас орж ирэхэд тогтмол 14 хэмийн дулаантай байгаа. Шөнийн тарифыг тэглэснээр цахилгааны мөнгө хэмнэж байна. Өмнөх жилүүдэд жилд гурван портерь машин нүүрс түлдэг байсан бол энэ жилийн хувьд нэг портерь нүүрс аваад одоо бага талыг нь түлсэн” хэмээн ярилаа.

Р.Адъяасүрэнгийнд байх үеэр албаны хүмүүс “Айл өрхүүд дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамрагдвал шаардлагатай зардлын 30 хувийг өөрсдөө гаргаж, үлдсэнийг нь төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилтээр шийдэж байгаа, цаашид төсөлд хамрагдах айлуудын тоог нэмэгдүүлнэ” хэмээн мэдээлэл өгөв. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр, сууцаа сайн дулаалснаар дулаан алдагдлыг 50 хүртэл хувиар бууруулж, тэр хэмжээгээр агаарын бохирдол, утааг 50 хувь бууруулах боломжтой болно гэдгийг онцлон хэлсэн юм.

Дараа нь Р.Адъяасүрэнгийн хөршийнх буюу дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамрагдаагүй айлаар орж харьцуулан танилцах үеэр холбогдох албан тушаалтнууд “Байшингийн буланд хэмжилт хийхэд хасах 1 градус байна. Гэр хорооллын 220 мянган өрх айл бүгд дулаан алдагдлаа бууруулснаар агаарын бохирдолтой тэмцэхэд маш өндөр үр дүн үзүүлнэ” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Үргэлжлүүлэн дулаан, халаалтаа цахилгаанаар шийдсэн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хорооны 38 дугаар цэцэрлэгт очив. Тус цэцэрлэг уурын зуухаар халдаг байсан ч жилийн өмнөөс цахилгаанаар халаалтаа шийдсэнээр дотоод орчныхоо агаарын бохирдлыг бууруулсан төдийгүй халаалтын зардлаа хэмнэсэн үр дүн гарсан хэмээн эрхлэгч нь ярилаа.

Үүний дараа Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байгуулсан агаарын бохирдлыг хэмждэг Агаарын чанарын хяналтын харуулын байранд очсон. Агаарын бохирдол хамгийн өндөр орчны агаарын чанарыг хэмжиж, бодит байдлыг мэдээлдэг уг станцад байх үеэр “Агаарын бохирдол маш их үзүүлэлттэй гарч байна” хэмээсэн.

Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Байнгын хорооны утааг бууруулах тодорхой арга хэмжээ авах, ажил хийх зөвлөмж болон 01 тоот тогтоол хэрэгжсэн үү гэдгийг бодит байдалд үзэж танилцаад ерөнхийдөө 30 хувьтай байна гэж дүгнэлээ. Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр утааг бууруулах, утааны хор хохирлоос хүүхдүүдийг хамгаалах ажлыг хийсэн байна. Гэвч салбарын яам болон Улаанбаатар хотын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн бага байна. Тиймээс цаашид утаатай тэмцэх ажлын бүх зардлыг нэг цонхны бодлогоор шийдэж, захиран зарцуулдаг болох хэрэгтэй. Энэ талаар Ерөнхий сайдад саналаа хэллээ.

Өргөдлийн байнгын хорооны 01 тоот тогтоолд уурын зуухуудыг буулгаж, байгууллагуудыг төвийн халаалтад холбох чиглэл өгсөн. Өнгөрсөн хугацаанд 45 уурын зуухыг буулгасан, одоо 68 уурын зуухыг буулгана гэж байна. Цаашид утааг бууруулахад тодорхой үр дүн гартал ажиллана. Хэрэгжилт цаг хугацааны хувьд удаашралтай байна” хэмээв.

Өнөөдөр ийнхүү ажиллахдаа Өргөдлийн байнгын хорооноос гаргасан 18 заалт бүхий 01 тоот тогтоолын таван заалтын хэрэгжилттэй түлхүү танилцаж буй талаараа Байнгын хорооны ажилтнууд мэдээлэв.

Тухайлбал, утааны хязгаарлалтын бүсийг тодорхойлж, бүсийн айл өрхийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэн, бүс бүрт утаа бууруулах оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүйтний улиралд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнэ тарифыг 100 хувь хөнгөлөх, шугам сүлжээний аюулгүй, найдвартай байдлыг хангах, агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмж, маск, тарифт тоолуураар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхүүдийг хангах ажлыг төрөөс дэмжих, зохион байгуулах, энэ ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих, нүүрсний боловсруулалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, хийн хэрэглээг нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, утааны хор хохирлоос болж эрүүл мэнд нь хохирч байгаа иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах гэсэн заалтуудын хэрэгжилттэй танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд баялаг бүтээгч болгон төлөвшүүлэхийг эрмэлзэх болсонтой би санал нэг байдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа хэлэхдээ “Энэ удаагийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг “Бүх нийтэд зориулсан тогтвортой, уян хатан нийгмийг бий болгохын төлөө өөрчлөлт хийе” гэсэн уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын чуулганаар батлуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж, цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтигй хангаж ажиллахад холбогдох салбарын яамд болон төрийн байгуулагуудад тодорхой асуудлын хүрээнд чиглэл өгөх зорилго тавин ажиллаж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт мэдээлэл хийхээр ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ, БХБЯ, ЗТХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-уудын нийт 80 гаруй төлөөлөгч оролцож байна” гэлээ.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

“Тулгамдсан асуудлуудыг цаашдаа хэрхэн шийдвэрлэх, Ерөнхийлөгчтэй яаж хамтарч ажиллах вэ гэсэн тодорхой шийдлүүд гаргахаар олон чиглэлээр салбар салбарын нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучуудыг сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн бүхий л үйлчилгээ, үйл ажиллагаанд хамруулах боломж нөхцөлийг бүрдүүлж, оролцоог хангах тал дээр та бүхэнтэй хамтран ажиллахыг миний зүгээс чухалчлан үзэж байгаа. Тийм учраас энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн нийгмийн халамж, асрамж хүртэгч гэж ойлгох ойлголт дэлхий даяар өөрчлөгдөж, тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх замаар нийгэмд баялаг бүтээгч болгон төлөвшүүлэхийг эрмэлзэх болсонтой би бас санал нэг байдаг юм.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сард УИХ-ын чуулганаар батлуулсан нь ахиц дэвшил гэж үздэг. Энэ хуулийн хэрэгжилт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах болон эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй баг болж хамтран ажиллах нь үр дүн гаргах алхам болов уу гэсэн бодолтой байна.

Статистикаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын 4 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн ядуурлын түвшин бусад өрхөөс 2 дахин их, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 хувь нь ажилгүй, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагдаагүй, бичиг үсэг мэдэхгүй, 3-5 насны насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн сэтгэл зовоосон статистик тоо байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад иргэдээс харьцангуй доогуур амьжиргааны түвшинд амьдарч байгааг дээрх тоонууд бас харуулж байгаа хэрэг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрахад ээлтэй нөхцөл, орчныг бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах талаар Засгийн газарт тодорхой чиглэл өгөхөөр бэлтгэж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг шийдэж буй бүс нутгийн улсуудын туршлагатай танилцах, шийдлүүдийг сонсох зорилгоор 2019 онд Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх IV их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт зохион байгуулахаар санаачилга гарган ажиллах болно.

Та бүхэнд хэдхэн өдрийн дараа болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийн мэндийг урьдчилан хүргээд, та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгтээ найдаж байна.

Өнөөдөр Монгол Улсын нөхцөл байдал, гадаад өр урьд хожид байгаагүй их болсон. Улс орны өр ихсэх тусам ядуурал, ажилгүйдэл ихсэх сөрөг буюу зөрүү пропорциональ хандлага харагдаж байгаа юм.

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд байтугай хөгжлийн бэрхшээлгүй иргэд ядуу зүдүү болсон байна. Ядуу иргэдийн орлого сарын 146 мянган төгрөг гэсэн дүн гарсан байна. Энэ нь нийт ядуу иргэдийн 66 хувь байна. Улс орон өрийн дарамт, ядуурал, ажилгүйдлээс гарах юм бол хүн амын 4 хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч эерэг нөлөө үзүүлнэ гэсэн бодолтой байдаг.

Энэ хэлэлцүүлгээр та бүхэн үзэл санаагаа илэрхийлж, нэгдсэн бодлогод хүрэх шийдвэр гараасай гэж хүсч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон холбоод байдаг. Ингэж хүч сарниснаас бодлого нэгтгэгдэхгүй байгаа юм. Бодлогоо нэгтгэж, дороо салбаруудаа гаргаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн нэг бодлоготой болоод, салбар салбар дээрээ зохион байгуулалттай болоод ирвэл шийдвэрлэх асуудлаа нэг бодлого, нэг чиглэлээр явуулахад дөхөм болно.

Хэлэлцүүлгийн үр дүнд та бүхэн нэгдсэн бодлоготой, нэг бодлогод зангидагдаж орж ирээсэй гэж хүсье. Баярлалаа” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗТХЯ-ны газрын дарга зэрэг хүмүүс илтгэл хэлэлцүүлж, оролцогчид асуулт хариулт өрнүүллээ.

Илтгэлүүдийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийлэхдээ“Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч санаачилж хийж байгаа боловч Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа хэлэлцэж зөвшилцөөд хийж байгаа юм. Энд 4 яамны Төрийн нарийн бичгийн дарга ирсэн байна. Бидний энэ ажил Засгийн газраар орж яригдана. Ерөнхийлөгч, Засгийн газрын байр суурь нэг байгаа гэж ойлгоорой.

Хөдөлмөрийн хуульд байгууллагын ажилтан 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэж заасан байдаг. Гэвч хэрэгждэггүй. Иймээс үүнийг хэрэгжүүлдэг болох талаар тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барья гэж бодож байгаа. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд торгодог байя. Хуульд заасан 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байгууллагад сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 нугалсан торгууль тогтоогоод, тэр торгуулийн төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан санд оруулдаг байя. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Түүнийг 3 нугалаад 720 мянган төгрөгөөр тухайн байгууллагыг торгож, сар бүр санд оруулдаг байя. Өнөөдөр нийт хүн амын 4 хувь буюу 3 сая хүнээр тооцоход 120 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Энэ 120 мянган хүн нэгдэх бодлого явуулах хэрэгтэй. Нэг санаа, зоригтой байя.

Нэгдэх юм бол УИХ-д хууль оруулаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сан байгуулаад, түүндээ саяын ярьсан торгуулийг оруулъя. БСШУСЯ-ны хувьд сая илтгэл дотор 1500 ширхэг номыг 25 сая төгрөгөөр хэвлэсэн гэж гарлаа. Тэр бол алтан үсэгтэй ном биш байх. Би үүнд эргэлзэж байна. Завшдаг байдал ингэж илэрч байна. Төсөв дээрээ хяналт тавьдаг болъё. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нэг болоод яамдын төсвийг хянадаг өөрсдийн хяналтын схемийг гаргаж ирмээр байна.

Өнөөдөр Монгол Улсад дайнтай орноос илүүтэйгээр, жилдээ 1000 гаруй хүн автын ослоор нас барж байна. Үүнийг 3 нугалсантай тэнцүү хүн тахир дутуу болж байна. Жил бүр 70 мянга орчим хүн халтирч унаж бэртэж байна. Үүнээс 20 мянга нь группэд орж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийм золгүй ослоор нэмэгдээд байна. Улаанбаатарт явган хүний замыг халтирдаг материалаар тавьж байна. Тэр хүмүүстэй харицлага тооцох хэрэгтэй. 20 мянга бол 3 сая хүнтэй улсад их тоо.

БХБЯ-ны хувьд хотын захиргаатай хамтраад 100 айлын орон сууц барьж байгаа компаниуд орон сууцныхаа 1-2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өртгөөр нь, хүүгүйгээр моргейжид оруулж өгөөч. Тулгамдсан асуудлын шийдэл гэж энэ. Бид өнөөдөр тулгамдсан асуудлаа мэдэж байна, шийдлээ мэдэхгүй байна. Ийм маягаар эмч, багш, бага ангийн багш, цагдаа нарыг орон сууцжуулах боломж бий.

ЗТХЯ-ны газрын дарга нэлээд боломжийн ажлууд ярилаа. Хамгийн гол ажил ЗТХЯ-нд байдаг. Нийтийн тээврийн асуудал байна. Намайг ЗТБХБ-ын сайд байхад олон албан газрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай болгосон. Ийм ажлуудыг эрчимжүүл. Шинээр байгуулагдаж байгаа бүх аж ахуйн нэгжид үүнийг хуульчилж оруул. Замын гарцууд дээр дуутай дохиотой бол. Дээр хэлсэн торгуулийн мөнгийг үүнд зориул.

Би “Баянгол” зочид буудлын захирлаар ажиллаж байхдаа нийтийн хоолон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүн ажиллуулж байсан. Төмс арилгадаг, аяга таваг угаадаг суугаа ажлууд хийлгэж байсан. Жирийн хүмүүс шиг 8 цаг ажиллуулахгүй. Болдог байсан.

БСШУСЯ-ны хувьд хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлж, жирийн иргэдтэй ижил хөл нийлүүлж алхахын тулд олимп, дэлхий аваргын тэмцээнд амжилт гаргаж байгаа иргэдээрээ уриалга гаргаж, тэднээр үлгэр дуурайлал үзүүлж бахархдаг ажлыг БСШУСЯ хийгээсэй гэж хүсч байна. Энд жишээ нь, “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав сууж байна. Тэд жирийн иргэдийн адилаар оюун ухааны, спортын ийм амжилтад хүрдэг гэдгийг харуул. Жудо бөхийн холбоо паралимпийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийдэг. Ямар ч асуудал байхгүй. Улсын аваргад хамт ордог. Амжилт гаргасан хүмүүс, баатруудаараа уриа, лоозон болгож болно.

Энэ өргөн бүрэлдэхүүнээрээ саяынх шиг ийм шийдлүүд гаргаад өгөөч. Би иймэрхүү нэлээд олон шийдлүүд гаргасан байгаа. Энд та нарын дуу хоолой хэрэгтэй. Дахиж бид хэлэлцээд УИХ-д юуг өргөн барих вэ гэдгээ ярья. Хөнгөлөлттэй машин, протезийн үйлдвэр дээр протезийн хөнгөлөлт, ялангуяа байнга өсөж бойжиж, протез нь багадаж байдаг хүүхдийн протезийн үнийн хөнгөлөлтийг яах вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийн цэцэрлэг, багш нарын асуудал дутагдалтай байна. Яагаад алслагдсан аймгийн ч юм уу, цөөн багшид хөнгөлөлтэй орон сууцны дэмжлэг үзүүлж болохгүй вэ? Ийм санаанууд бий.

Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй найзуудтай. Тэдний ярьдаг зүйлийг их дэмжиж ажилладаг. Надад энэ талын 100 хувь биш гэхэд 80 хувийн мэдээлэл байдаг учраас шийдэл гаргахад надад ойрхон байдаг. Үүн дэр та бүхэн дуу хоолойгоо нэгтгээрэй. Бид Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Яамдын төлөөлөл энд ирсэн байна. УИХ-аар ороход асуудал дэмжигдэх магадлал өндөр байгаа. Үр дүнтэй шийдэл гаргахыг хүсье” гээд хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв.

Categories
мэдээ улс-төр

Даваагийн КёкшюзанБатбаярыг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв

Related imageМонгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн КёкшюзанБатбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна.

Даваагийн КёкшюзанБатбаярын хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас өнөөдөр чөлөөллөө.

Categories
мэдээ цаг-үе

О.Батнасан: Ард түмний тэвчээрийг барж байгаа юм шиг ажиллаж болохгүй

УИХ-ын гишүүн О.Батнасантай улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН Их хурлаа хийсэн. Шинэ даргаа сонгосон. Танай намын талцал үүгээр эв зүйгээ олсон гэж ойлгож болох уу?

-Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Парламентын засаглалтай улсад хамгийн их нөлөө үзүүлдэг нь улс төрийн хүчин байдаг. Тэр ч утгаараа 2016 онд манай нам 76 суудлаас 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ хүрээнд Засгийн газраа байгуулаад явж байгаа. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж шинээр засгаа байгуулсан. Энэ цаг үетэй давхцан намын 28 дугаар Их хурал боллоо. Намын Их хурал болсноороо Монгол Улсын хөгжлийг түүчээлэх томоохон бодлогыг тодорхойлсон. Түүнчлэн намын эв нэгдлийн хурал болж чадсан. Аливаа улс төрийн хүчин дотор үзэл бодлын зөрүүнээс болж зөрчилдөх зүйл байдаг. Гэхдээ энэ зөрчил нь ард түмний нийтлэг эрх ашгийг умартсан байж болохгүй. 28 дугаар Их хурал эв нэгдлийг хангасан ойлголцолд хүрсэн гэж бодож байгаа. МАН-ын дарга, Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдээ сонгож чадсан. Манай нам зуун дамнасан түүхтэй. Өнөөдрийн тогтолцоогоор ялсан улс төрийн хүчний намын дарга Ерөнхий сайд байдаг. Тэр зарчмаараа явах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хүчтэй байж улс хөгжинө.

-Хүчтэй гэдгийг ямар утгаар хэлэв. Бяр тэнхээтэй байх уу, чанга дуутай олонд таалагдсан үг хэлдэг байх юм уу. Эсвэл бодлого гаргадаг, эв нэгдлийг хангадаг байх юм уу?

-Хүчтэй байна гэдэг нь мэдээж биеийн хүчийг хэлэхгүй. Хүчтэй байна гэдэг бол эв нэгдлийг хангасан, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалсан, улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог байх юм. Засгийн газар ч гэсэн ийм зарчмаар ажилладаг болох хэрэгтэй. Ажилласан шиг ажиллаж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг, хэлсэн үг хийж буй үйлдэлдээ эзэн болдог, зүрх сэтгэл нь түмнийхээ төлөө байх ёстой.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болсны дараа хэлсэн үгнүүд нь энэ чиглэлд итгэл, найдвар төрүүлж байна гэж харж байна. Томоохон төслүүдээ хөдөлгөхдөө ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж явуулах талаар ярьж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн бодлогыг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, хүнсний орон болох гээд томоохон зорилтууд тавьж байгаа.

-Намын хурлын тухайд ийм байж. Сүүлийн үед банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монголбанкинд өгөх хуулийн өөрчлөлтөөс болж нэлээд маргаан гарч байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Банкны тухай хуулийн ажлын хэсэг хуралдаад Их хурлаар хэлэлцүүлж эхэлж байна. Холбогдох байнгын хороод нь хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Юуны өмнө Монголбанк зээл өгдөг банк биш, харин бодлого гаргадаг, тухайлбал төрийн мөнгөний бодлого тодорхойлдог байгууллага байх ёстой гэдэг дээр тодорхой болох хэрэгтэй. Харин банкны зээлийн хүүгийн дээд хязгаарлалтын хувьд Монголбанкны гэхээс илүүтэйгээр арилжааны банкуудын эрх ашгийн асуудал яригдаж байна. Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэж Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд биш, харин хуулийн төслийг дагаж орж ирсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд туссан байгаа.

Арилжааны банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн 80-85 орчим хувь нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа. Өнөөдөр арилжааны банкууд түүгээр бизнес эрхлээд тухайлбал уул уурхайн компани байгуулдаг, барилга барьдаг, Эрдэнэтийн 49 хувийг авах зэрэгт ашиглаад, жинхэнэ харин зээлийн үйл ажиллагаа нь хумигдмал байгаа. Гэтэл эдийн засаг дахь зээлийн эрэлт өөрөө их байгаа, гэтэл зээлийн нийлүүлэлт нь бага болчихоор зээл өөрөө үнэтэй буюу зээлийн хүү өндөр тогтоод байгаа юм.

-Энэ чинь мөнгө хүүлэлт юм биш үү. Олон эдийн засагч тэгж байна…

-Зээлийн хүү гэдэг бол банкнаас зарж буй бараа бүтээгдэхүүний үнэ, энэ нь зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн хүрээнд зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмаар тогтож байх ёстой гэдэг нь бол үнэн. Гэхдээ зээлийн хүү нь үнэхээр зах зээлийн шударга өрсөлдөөнөөс гарч ирж байна уу, эсвэл зах зээл дээр буй монополь бүтэц нь нөлөөлж байна уу гэдэг бас л асуудалтай.

Тухайлбал, тэтгэврийн зээл болон цалингийн зээл байна. Энд бол цэвэр мөнгө хүүлэлт явж байна л гэж би хардаг. Тэтгэврийг нь төр, цалинг нь төсөв өөрсдөө мэдээд банкинд өгчихдөг болохоор зээл авч буй иргэдэд ямар ч сонголт байхгүй, банкны тулгасан хүүг л хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Уг нь эдгээр зээлүүдийн хувьд эргэн төлөлт нь бараг л эрсдэлгүй зээлүүд тул үүнд өндөр хүү тогтоогоод байх ч шаардлагагүй, банк дөрвөн хувийн маржин нэмэхэд л хангалттай гэж бодоход жилийн хүүг 18 хувьд, сарын хүүг 1.5 хувиас хэтрүүлэхгүй байх бүрэн боломжтой.

Тэгэхээр тэр бизнесийн зээлүүдийг зах зээлийн зарчимд нь орхиё гэж бодъё. Харин цалингийн болон тэтгэврийн зээлийн хүүгийн хувьд дээд хязгаарлалт зайлшгүй хийх хэрэгтэй, бүр энэ 2018 онд хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай улсын бүх тэтгэвэр авагчид, төсвийн бүх ажилчид зээлтэй байна. Эдгээрийн зээлийн хүүгийн дарамтыг багасгаж өгөхгүй бол зээлийн өрнөөсөө хэзээ ч гарахгүй болчихлоо. Зээл аваад ашиг орлого олоод байгаа бол өөр хэрэг, эдгээр нь зээл аваад улам л ядуураад байгаад л хамаг учир байна.

-Төвбанкны боловсруулсан хуулинд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн заалт нь байхгүй. Их хурлын гишүүд л оруулчихсан санал юм билээ. Улс төр ороод байна уу гэж хардах хүмүүс байна л даа?

-Аливаа хуулийг гаргахдаа дагаж орж ирсэн хууль гэхээсээ илүү салбарынх нь бодлогыг барьдаг хуулинд оруулах ёстой байдаг. Тухайлбал, Үндсэн хууль бүх хуулиудын эцэг хууль. Эрх мэдлийн хуваарилалттай холбоотой асуудлыг хуульчлахын тулд Үндсэн хуулийн гол концепцийг авч байж хийнэ.

-2018 оны төсөв батлагдсан. Төсвийн өнгийг та хэрхэн тодорхойлох вэ. Гишүүн бүр л тойрог тойрог гээд гүйгээд байсан. Танай тойрогт хэр хэмжээний төсөв хуваарилагдав?

-2017 оны төсөвт гурван ч удаа тодотгол хийгдснээр төсвийн жил дуусч байна. Бид 2017 онд хэмнэлтийн горимд шилжсэн. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар, мөн Сангийн сайд нь маш сайн ажилласан. Бүтээн байгуулалтын ажил бага хийгдсэн ч өмнөх онуудад хийгдсэн ажлуудын санхүүжилтийг 100 хувь олгож байгаа. Энэ чинь өөрөө том хэмжээний хөрөнгө оруулалт. Хэмнэлтийн горимд шилжснээр энэ төсөв төлөвлөсөн хэмжээнээс нэлээд давж биелэх магадлалтай байна. Сүүлийн төсвийн тодотголоор эхний 10 сарын байдлаар 600 гаруй тэрбум төгрөг давсан. Нэгэнт давсан орлого орж ирсэн учраас тодотгол хийх нь зөв. Энэ тодотгол дээр төрийн албан хаагчдын 300 мянган төгрөгийн урамшууллын асуудал орж ирсэн. Дээр нь өвөлжилтийн асуудал яригдаж байгаа.

-Урамшууллын 300 мянгыг та дэмжсэн үү?

-Тухайн үед нь төсвийн тодотголыг батлаад явсан бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймаг, орон нутгийн түвшинд хийчих боломж байсан. Цас орж нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн төсвийн тодотголоо баталснаар өвс, тэжээл татах зэрэг эрт хийгдэх ёстой байсан ажлууд одоо хийгдэж байгаа нь харамсалтай.

Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийг цаад утгаар нь харахад эдийн засагт бага ч гэсэн тэлэлт өгч байгаа юм болов уу гэж бодсон. 300 мянган төгрөг авсан төрийн албан хаагч том зээлээ төлнө гэсэн асуудал байхгүй. Тухайн өрхөд хөрөнгө оруулалт хийлээ гэж ойлгож болно. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд бөөнөөрөө хаалгаа барьж, худалдан авалт алга болсон. Татварын байгууллагууддаа өртэй, өрнөөс өрний хооронд дөнгөн данган явж байна. 300 мянган төгрөгний буюу 55 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосноор ядаж худалдан авах чадварыг сайжруулж байгаа юм. Худалдан авалт сайжирснаар эдийн засгийн эргэлт эрчимждэг. Томоохон аж ахуйн нэгжүүддээ биш юмаа гэхэд жижиг дунд аж ахуй эрхлэгчдэд том нэмэр болно гэж боддог. Төрийн албан хаагч 300 мянган төгрөгийг урамшуулал аваад түүнийгээ хадгаламжинд хийнэ гэж бараг байхгүй дээ. Өмсөх хувцас, идэх хоолондоо зарцуулна. Энэ чинь нэг удаа ч гэсэн эдийн засагт бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс ерөнхий утгаар нь дэмжиж байгаа. Үүнээс цааш нийгэмд сөрөг мессэж дагуулдаг, халамжийн шинж чанартай, мөнгө тараасан ажлуудыг бага хийх хэрэгтэй. Хөгжлийн том төлөвлөгөөгөө гаргах ёстой.

Санхүүгийн асуудалтай зэрэгцээд яваад буй хариуцлагын асуудлаа дээшлүүл. Монголын ард түмэн тэвчээртэй, ухаалаг. Гэхдээ ард түмний тэвчээрийг барж байгаа юм шиг ажиллаж болохгүй. Энэ утгаараа 2018 оны төсөв өргөн цар хүрээг хамарч чадсан. Аймаг орон нутгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Орон нутагт сургууль, цэцэрлэг баригдана гэдэг бол хүүхдүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж байна гэсэн үг. Нөгөө талдаа орон нутгийн ажилгүй иргэд хамрагдан ажлын байртай болдог.

-Та Ховд аймгаас сонгогдсон. Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв ирэх онд танай аймагт баригдана гэв үү. Хөрөнгө нь төсөвт суусан гэж байсан?

-УИХ-ын гишүүн болчихоод анх хөөцөлдсөн ажил биелэлээ олж байна. Монгол, Бельгийн Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрээр Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулах асуудал байсан. Монголын Засгийн газар 2.6 сая евро төлөөд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авах юм. Ямартай ч Монголын талаас төлөх 2.6 сая еврогийн асуудлыг төсөвт суулгаж чадсан. 60 нэр төрлийн тоног төхөөрөмж ирэх юм билээ. 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжээд явна. Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв баригдснаар Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг аймгийн иргэд Улаанбаатарт ирэлгүй Ховд аймагт нарийн мэргэжлийн шинжилгээгээ өгч, эмчлүүлэх боломж нээгдэнэ. Мөн аймгийнхаа хил хамгаалалтыг сайжруулахад нэлээд том хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Аймгийн төв дээр 50 хүүхдийн ортой хүүхдийн эмнэлэг барих төсөв суугдсан. Спорт цогцолбор, соёлын төв гээд олон ажил хийгдэнэ.

-Тантай ойрд ярилцаагүй болохоор сүүлийн үед олны анхаарлыг татсан бүхий л сэдвийг хамарч ярилцахыг хичээж байгаа юм. Та анзаарсан бол цаазын ялыг сэргээх асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Олон улсын ялын бодлого, Монгол Улсын ялын бодлого гэж байх ёстой. Монгол Улс олон улсын гэрээ, пактын дагуу цаазын ялаас татгалзсан. Үнэхээр сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарч байна уу гэвэл тийм. Хүний амьд явах эрх, эрх чөлөөтэй холбоотой олон асуудлууд дээр сэтгэл өвдөж байгаа. Хүний эрхийг хязгаарлана гэдэг бол зүгээр нэг ярьчихдаг юм биш. Өмнө нь манай улс цаазын ялыг хэрэглэж ирсэн ч цаазын ялгүй орон болсноо дэлхийд зарласан. Одоо бол шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар бүх насаар нь хорих ял оноох болсон. Хууль хүчний байгууллагууд хүний эрхтэй холбоотой судалгааг олон талаас нь гаргах ёстой. Чанга хатуу ялын бодлого байлаа гээд гэмт хэрэг буурч байна уу гэдгийг тодорхой болго. Миний хувьд чанга хатуу ял байх нь зөв гэж боддог. Хийсэн хэрэгт нь тохирсон ял оноох нь шударга зарчим. Цаазын ялыг хэрэгжүүлснээр гэмт хэргийн бууралт яаж гарахыг судалгаа шинжилгээний холбогдох байгууллагууд гаргах ёстой. Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээе гэж байгаа юм шиг байна лээ. Хүний язгуур эрхийг зөрчинө гэдэг хэрцгий үйлдэл. Тэр үүднээс Ерөнхийлөгч өөрийн саналаа хэлсэн байх. Олон улсын жишгийг харж асуудлаа шийдэх хэрэгтэй болов уу. Хуулийн төсөл өргөн барих эрх бүхий субьектуудын эрхэнд халдах ёсгүй. Ямар ч хууль өргөн барьж болно. Хамгийн гол нь Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн байх ёстой.

-БНСУ-д Монголыг төлөөлөн суух Элчин сайдад Б.Хурцын нэр орж ирсэн. Үүнтэй холбоотой маргаан үргэлжилж байгаа. Нийтийн сонсгол хийнэ гэсэн одоогоор сураг алга. Та ямар бодолтой яваа бол?

-Төрийн албаны өрөөнд төрийн ажил, хувийн аж ахуйн ажлын өрөөнд хувийн аж ахуй, гэртээ гэр бүлтэйгээ холбоотой асуудлыг ярих ёстой. БНСУ-д Элчин сайдаар суух Б.Хурцын асуудал яригдаж байна. Би энэ хүнийг танихгүй. Таних ч шаардлагагүй. Гэхдээ улсын нууцтай холбоотой, хууль зөрчсөн үйлдэл байгаа бол ярих нь зөв. Нийтийн сонсголыг дэмжиж байгаа. Аливаа албан тушаалтан, иргэнийг сонсолгүйгээр хэлмэгдүүлж байж болно шүү дээ. Нийтийн сонсгол гэдгийг буруутай хүн орж ирээд мэдүүлэг өгдөг асуудал биш. Нийтийн сонсгол хийх эрх нь хуулиар олгогдсон эрхтэй. Нийтийн сонсгол хийвэл асуух асуулт ч байна. Үнэн мөнийг нь олох гэж хичээе. Түүнээс биш хэн гэдэг хүн орж ирэх нь тийм сонин биш.