Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авав

ЗурагУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, “Шинэ үеийн залуус өнөөдөр дэлхий рүү чиглэсэн юм ярьж байна. Гэтэл УИХ-аар давхар дээлний асуудал яриад сууж байгааг хувьдаа дэмжихгүй. Тиймээс Засгийн газар хуулийн төслөө татаж авах хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Энэхүү хуулийн төсөл Үндсэн хууль болон нийт 39 хуультай зөрчилдөж байгаа. Хэрэв хууль батлагдвал наад хуувь чинь цэц дээр очно шүү” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Үндсэн хуулийн өөрчлөлт орж ирээгүй цагт хуулийн төслийг ярих боломжгүй” гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуультайгаа энэхүү хуулийн төсөл хэр нийцсэн юм бол. Аймаг орон нутагт улстөржилт маш их ихэссэн. Тухайн орон нутагт ажиллаж байгаа албан тушаалтнуудад буруу байхгүй. УИХ-аас улстөржих нөхцлийг бүрдүүлсэн хуулиудыг батлаад байгаатай холбоотой. Тиймээс улстөрждөг байдлыг бид арилгах хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Монгол төрийн олсон ололтуудаа нураагаад байж болохгүй. Суманд чадвартай ажилтан байхгүй гэж байгаа бол ажилтнаа чадавхжуулах хэрэгтэй. Суманд хүн амьдрахгүй байгаа бол бүсийн нэмэгдэл олгох нь зүйтэй. Үндсэн зарчмаасаа ухарч, хэсэг бүлэг хүнд зориулсан хууль гаргаад байж болохгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг даргын доор ажилладаг байгууллага биш” гэсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус хуулийн төслөөр завсарлага авч байгаагаа мэдэгдэв.

Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Мах экспортлохын тулд “импортлогч улсаас итгэмжлэл “ авсаны дараагаар квотын зөвшөөрөл олгогдоно

Манай улс 2017 оны 11 нэгдүгээр сарын байдлаар ОХУ-д 480 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 19800 тн адууны мах, Иран, Катар улсад 1200 тн хонь, ямааны мах нийт 21,5 мян.тн мах экспортлон 108 тэр бум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо хэмжээ 5 дахин нэмэгдсэн. Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний хувьд 1880 кг-ийг экспортлоод байна.

ХХААХҮ-ийн яам нь Монгол улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу малын мах экспортлох тоо, хэмжээг заасан квотыг олгон ажиллаж байна. Тус квот нь Монгол улсаас мах экспортлох зөвшөөрөл бус харин Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор тогтоож буй тоо, хэмжээ юм.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл мах экспортлох квот тогтоосон. Тухайлбал 28.9 мянган тн үхрийн мах, 43.6 мянган тн адууны мах харин хонь, ямааны маханд хязгаар тогтоохгүйгээр экспортлохоор болсон.

Мах экспортлох квотын зөвшөөрлийг авснаар аливаа нэг улс оронд мах экспортлох боломжгүй юм. Тодруулбал мах экспортлохын тулд импортлогч улсаас “итгэмжлэл” авсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байх ёстой юм.

Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход дараах үндсэн шаардлагыг зайлшгүй биелүүлсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Экспортлогч болон импортлогч улсууд нь Мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн нөхцөлийг тохирсон байх.
  • Монгол улсаас экспортлох мах, махан бүтээгдэхүүнийг зайлшгүй үйлдвэрийн аргаар боловсруулсан байх.
  • БНХАУ, ОХУ болон БНСВУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох үйлдвэр нь импортлогч улсын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэж, тухайн улсад мах, махан бүтээгдэхүүн импортлох магадлан итгэмжлэл авсан байх.
  • Гуравдагч улс оронд мах махан бүтээгдэхүүн экспортлоход тухайн импортлогч улсын мал эмнэлэг, үржлийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

ОХУ болон БНХАУ-аас экспортлох эрх авсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг ХХААХҮЯ-ны веб сайтын Хүнсний үйлдвэр, Экспорт, импорт хэсэгрүү орж авч болно.

Categories
мэдээ нийгэм

Органик бүтээгдэхүүнийг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг батлав

Органик хүнсний тухай хууль, журам, аргачлал, стандартын талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулах, ач холбогдлыг сурталчлах, олон улсын сайн туршлагыг Монгол улсад нутагшуулах, Органик салбарын хөгжлийн стратеги зорилтуудыг тодорхойлох зорилгоор ХХААХҮЯ-аас Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган” ба “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг 2 дахь жилдээ 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид хамрагдаж, үндсэн илтгэгчээр Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Ноён Лорензо Перис ажиллалаа.

Органик хүнсний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангах, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй.

Өнөөдөр дэлхийн 172 улсад органик үйлдвэрлэл эрхэлж, 2.3 сая фермерүүд 43.7 сая.га талбайд 80 тэрбум америк долларын органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байна. Сүүлийн жилүүдэд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр 20 гаруй хувийн өсөлттэй байна.

Органик хөдөө аж ахуйн салбар хамгийн сайн хөгжсөн улс орны тоонд Австри, Лихтенштейн, Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улсууд багтдаг. АНУ, Герман, Франц улсад органик бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг ба 1 хүнд ногдох органик бүтээгдэхүүний борлуулалтаар Щвейцарь, Дани, Люксембург тэргүүлдэг юм.

Дэлхийн 88 улсад органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдэж, 24 улсад хууль болон стандартууд төслийн шатандаа боловсруулагдаж, олон улсад итгэмжлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн 549 баталгаажуулалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Хуурамч шошготой, баталгаажуулалт хийгдээгүй органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг таслан зогсоож, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлдвэрлэгчдийн дунд шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд баталсан.

“Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний II чуулган” ба “органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтын үр дүнд үйлдвэрлэгчид органик хүнсний баталгаажуулалтын олон улсын туршлагаас суралцаж, өөрөө өөртөө баталгаа олгох схемийн талаар мэдлэг хуримтлуулсан. Мөн “Органик хүнс” Үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах сонирхлоо илэрхийлсэн төлөөлөгчдийн саналыг хэлэлцэн, Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, органик салбарын урианы төслийг чуулганаар хэлэлцэж, төлөөлөгчдийн 100%-ийн саналаар дэмжигдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид тэсрэх бодистой харьцаж ажиллах эрхийн гэрчилгээгээ гардан авлаа

Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Уурхайн судалгаа хөгжлийн төв хамтран “Тэсрэх материалтай харьцаж ажиллах алба хаагчдад тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах эрх олгох “ТМ-17.1” сургалтыг зохион байгуулж, сургалтад оролцогчдод өнөөдөр гэрчилгээг гардууллаа.

Гэрчилгээг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн судалгаа хөгжлийн төвийн захирал Н.Адарсүрэн, дэд профессор, доктор Н.Батболд нар гардуулан өгсөн юм.

Аврагчдын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын аврагч-тэсэлгээчин, тэсрэх бодистой харьцаж ажиллах нийт 40 гаруй алба хаагч хамрагдав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Авто бензин, дизель түлшний үнэ нэмэгдэхэд нийгэмд бухимдал үүсч магадгүй

Уул уурхайн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.


-Засгийн газрын хуралдаанаар нефтийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юу болсон бэ?

-Энэ удаагийн хуралдаанаар авто бензинтэй холбоотой онцгой албан татварыг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Аж ахуйн нэгжүүдтэйгээ ярьж, тодорхой хугацаанд тэднийг нөөцөө хангах үүрэг чиглэл өгсөн. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гараагүй. Дараагийн Засгийн газрын хуралдаанаар авто бензинтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

-Тэгэхээр авто бензины онцгой албан татвар нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Төрийн албан хаагчдад урамшуулал олгох 55 тэрбум төгрөгөөс эхлээд санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Авто бензин, дизель түлшний үнэ нэмэгдэхэд нийгэмд бухимдал үүсч магадгүй. Тиймээс үнэ дээр болгоомжтой хандах ёстой.

-Онцгой албан татвар нэмлээ гэхэд жижиглэнгийн үнэ нэмэгдэх үү. Шатахуун импортлогчид ашгаа бодоод нэмнэ л гэх байх?

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т шатахууны үнийг тодорхой үе шаттай нэмэх заалт байгаа. Засгийн газар үүн дээр уян хатан хандаж, зөв алхам хийх ёстой. Үүн дээр болгоомжтой хандаж байна.

-Засгийн газрын хуралдаанаар Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд нүүрсний тээвэрт зохицуулалт хийхээр болсон. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоосноор нэлээд хэл ам дагуулж байсан. одоо хэвийн ажиллаж эхэлсэн үү?

-Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, албан ёсоор гаалийн хяналтын бүсийг нээсэн. Үйл ажиллагааг нь эхлүүлэхийг холбогдох салбарын сайд нарт нь үүрэг болгосон тогтоолын төсөл гарсан. Гаалийн хяналтын бүсийг дахин байгуулах, тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангах, үйл ажиллагаан дээр нь хяналт тавих, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудыг нь Сангийн яаманд даалгасан.

Зам тээврийн хөгжлийн яам гэхэд зам, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зохицуулах шийдвэр гарсан. БОАЖЯ гэхэд байгаль орчинд ээлтэй тоосжилт, нүүрсний тортог үүсэхээргүй ажиллуулах үүрэг өгсөн. Уул уурхайн яам уурхайн аман дээр нүүрсээ борлуулж, тээвэрлэлт хийж байгаа компаниуд дээр хяналтаа тавьж ажиллана.

-Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг бүр нээчихсэн үү?

-Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл түр хугацаагаар нээж байгаа юм. Энэ хугацаанд 81-90 км үргэлжилж байгаа нүүрс тээвэрлэж буй автомашины цувааг арилгаж хэвийн горимд шилжүүлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллана. 90 км үргэлжилж буй цуваанд орсон нүүрс тээвэрлэж буй авто машинууд дээд тал нь 17 хонож байж хилээр нэвтэрч байгаа. 7600 тээвэр хийж байгаа авто машины 30 гаруй жолооч нь эмэгтэй байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг ашиглахаас өөр сонголт алга.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулж буй компаниудын толгой компани нь ихэвчлэн оффшор бүст хөрөнгөө байршуулсан байдаг. Манайхан болохоор оффшор гэхээр муу муухайн үүр уурхай гэж ойлгоод байх юм. Эдийн засаг амаргүй үед хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал. Хөрөнгө оруулагчдаа үргээх эрсдэл үүсч магадгүй юм…

-Оффшор бүсийг манайхан буруу ойлгоод байгаа юм. Улс төрчдийн мөнгөө нуудаг газар мэт ойлгож, ярьж байна. Уг нь бизнес эрхлэгчдийн хувьд татварын хамгийн таатай нөхцөлийг бий болгож өгч байгаа газар. Панамын оффшор бүс гээд яригдсан. Дараа нь бизнесмэнүүд мөнгөө нуусан гээд шуугив даа. Дэлхийн улс төрийн том эргүүлгэн дунд бид дагаад эргэчихэж байгаа юм. Улс төрчид үнэхээр оффшор бүст мөнгөө нуудаг үгүйг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллага ажиллаад тодорхой болгох байх.

Бизнес эрхлэгчдийн хувьд аль болох бизнесийн болон татварын таатай орчинд үйл ажиллагаагаа явуулахыг хүсдэг. Нэг үгээр хэлбэл төр нь, нийгэм нь тогтвортой нам гүм орчныг сонгохыг хичээдэг. Ийм орчныг бүрдүүлэхийн тулд АНУ, Англи зэрэг хэд хэдэн орон мөнгөний урсгалыг өөрсдөдөө чиглүүлэх зориулалттай гарсан гэж ойлгодог. Манайхны хувьд улс төрчид мөнгөө нуудаг мэтээр ойлгоод байдаг.

Аливаа зүйл хоёр талтай. Нэг хэсэг нь алдаж байхад нөгөө талд нь онож байдаг юм. Алдаатай талыг нь улс төрчид ашиглаад байгааг үгүйсгэхгүй.

-Ялангуяа манайд орж ирж буй уул уурхайн хөрөнгө оруулалтуудын дийлэнх нь оффшор бүст толгой компани нь бүртгэлтэй байдаг. Үүнийг улс төрчдийн оффшор бүст данс эзэмшиж байгаагаас ялгаж салгах хэрэгтэй байх…

-Сая хэлсэн дээ, бизнесийн болон татварын таатай орчныг бүрдүүлэх. Бид Английн хуулиар яваад байгаа. Тэр утгаараа Лондонгийн арбитрын шүүх дээр очдог. Учир нь хөрөнгө оруулалт хийж буй компаниуд манай хууль эрх зүйн орчинд итгэхгүй байгаа юм. Хуулиа өөрчилдөг, өөрчилсөн хуулийнхаа хүрээнд шахаад гаргадаг, улс төр нь тогтворгүй гээд асуудлууд бий. 2012 оны дөрөвдүгээр сард гарсан хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс болж хөрөнгө оруулагчид үргээд байгаа л даа. Одоо болтол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа нь бага байна.

Төр засаг, эрх зүйн орчин нь тогтвортой, бодлого нь оновчтой байж бид гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцөл бий болно. Одоо төр засгаа тогтвортой байлгах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэх ёстой.

-Уул уурхайн компаниуд IPO хийлээ гэхэд аль нэг улсад бүртгүүлж таарна. Оффшор бүст бүртгэлтэй гэж хэлэгдэхгүйн тулд яах ёстой юм бэ?

-Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа гэхэд тэдний хуулинд нийцүүлж явна. Өөрсдийнхөө хуулиар явна гэхээр манай хууль эрх зүйн орчин хүлээн зөвшөөрдөгдөхгүй байгаа. Бид стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэвэл дэлхийн хэмжээний нээлттэй хувьцаат компани байгуулах замаар явна. Өөр сонголт бидэнд байхгүй. Ингэж байж компанийн үйл ажиллагаа сайжирч иргэддээ хүртээмжтэй, хариуцлагатай болно. Удирдаж буй хүмүүс нь өндөр шалгуураар томилогддог болно шүү дээ. Энэ замаар явахын тулд тодорхой үе шат хэрэгтэй.

-Нээлттэй хувьцаат компани болохын тулд оффшор бүст очиж л таарах гээд байна л даа, яах ёстой вэ. Дээр хэлсэнчлэн манайхан оффшор гэхээр л хадны мангаа шиг боддог?

-Хонгконг руу IPO гаргая гэвэл тэнд бүртгэлтэй, АНУ руу гаргая гэвэл АНУ-д бүртгэлтэй болж таарна. Хориглоод байгаа зүйлсийн эсрэг хууль эрх зүйн ямар зөв гарцаар гарах вэ гэдгээ бодох нь чухал.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Япончуудтай хамтран Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэхээр ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийн хамтарсан зохицуулах хорооны дөрөвдүгээр хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Өнөөдрийн хуралд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мүцүми Сато нар болон төслийн багийн гишүүд, ОБЕГ, НОБГ, БХБЯ, БСШУСЯ, НЗДТГ-аас холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцсон юм.

Хурлын нээлтийн ажиллагаанд оролцсон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ: “Энэ төслийн хүрээнд ажлын хэсгийн гишүүд Япон Улсын тэргүүн туршлагаас суралцан өөрийн хөрсөнд буулган газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд төслийн баг анхаарлаа хандуулан ажиллаж, боловсруулах баримт бичгүүдийн агуулга, бүтцийн төслийг бэлтгээд байна. Тухайлбал: гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, гамшгийн мэдээллийн сан ашиглах заавар, гамшгаас хамгаалах чиглэлээр байгууллага хооронд хийх санамж бичиг, цагаан ном, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээ хийх тухай барилгын норм, дүрэм, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах талаар агуулгыг оруулах суралцахуйн удирдамж, олон нийтийг гамшгаас хамгаалах сургалтын төвийн сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж байна” гэлээ.

Өнөөдрийн хамтарсан зохицуулах хорооны дөрөвдүгээр хурлаар төслийн үйл ажиллагааны ерөнхий танилцуулга, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэн ажлын хэсгүүдээс хийж, хэрэгжүүлж буй ажлын явцын талаар танилцуулга хийсэн юм.

Мөн төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан бөгөөд тоног төхөөрөмжийг нийлүүлэх явц болоод орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагатай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай өнөөдөр уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Уулзалт өнөөдөр үүсээд буй зарим нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилготой юм.

Уг уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ, ОБЕГ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ШШГЕГ болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийнд хорджээ

Өчигдөр буюу 11-р сарын 30-ны орой Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордож Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Хордсон ажилчдад эмнэлгийн тусламж үзүүлж, хордлого тайлах эмчилгээг цаг алдалгүй хийж чаджээ. Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа юм байна. ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдож, байдалтай танилцаж мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байгаан аж.


Categories
мэдээ нийгэм

“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна

ЗурагӨнөөдөр Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. 2017 оны 12 дугаар сарын 1-ний энэ өдөр дэлхий дахин эл өдрийг “Эрүүл амьдрах эрх” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Ердөө 1980-аад оны эхээр ХДХВ-ийг олж илрүүлсэн боловч ХДХВ/ ДОХ нь 39 сая гаруй хүний аминд хүрээд байна. Өнөөдөр дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 36.7 сая гаруй хүн амьдарч байгаагийн 2.5 сая гаруй нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.

Харин Монгол Улсад өнөөдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Манай улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор нас барсан таван тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн 99.1 хувь нь бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд гэнэ. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувь нь 25-34 насныхан аж.

ХДХВ-ийн халдвар дамжих зам

· Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
· Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
· ХДХВ-ийн халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр … халдварладаг байна

Илрэх шинж тэмдэг, явц

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж, дархлааг аажмаар сулруулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд мэдэгдэхүйц зовиур илрэхгүй, эрүүл хүн шиг байх боловч бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг байна.

Дархлалын тогтолцоо сулрах тусам тухайн хүн турж эцэж, амархан ядарч сульдаж, янз бүрийн арьсны өвчинд өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед илрэх шинж тэмдгүүд:

· Биеийн жин буурах
· Байнга ядрах
· Шөнө хөлрөх
· Хүзүү, суга, цавины булчирхай томрох
· Амьсгаадах, хий ханиах … г.м.

Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж, ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн 1-2 жилийн дотор нас бардаг байна.

Илрүүлэх арга

ХДХВ-ийн халдварыг цус, шээс, шүлснээс дээж авч шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие гол төлөв 4-8 долоо хоногийн дараа илэрдэг ч зургаан сар хүртэлх хугацаанд илрэхгүй байж болно. Халдвар авсан цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “цонх үе ” гэнэ.

Эмчилгээ

ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг төгс эмчлэх аргыг дэлхий дахин өнөө хэр нь олж чадаагүй байна. Эмчилгээний арга гэвэл энэ вирусийн хөгжлийн хурдыг саармагжуулах, халдвартай хүмүүсийн дархлааг дэмжих төдий л арга байна. Гэхдээ ДОХ-ын үүсгэгч уг вирусээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тогтоогоод байгаа юм.

ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга замууд

· Хосууд бие биедээ үнэнч байх
· Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах,тэвчих
· Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
· Зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх … г.м.

ДОХ нь одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Categories
мэдээ улс-төр

С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлээс хэсэгчлэн гаргалаа

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүн ял шийтгүүлсэн. Уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр гаргалаа. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх болсон.

Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууц хэвээр үлдэж байгаа аж. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм байна. Энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь үйл ажиллагааг чөлөөтэй явуулах бооломжтой болох юм.

Хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх эсэх талаар асуултад “Шуухийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. УДШ-ийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шгатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах боломжтой байдаг. Хоёрдугаарт хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна” гэв.