Categories
мэдээ нийгэм

Монголд улсад 25 мянган гадаад иргэн оршин суудаг

Related imageМонгол Улсад 117 улсын 25 мянга гаруй иргэн оршин сууж байгаа талаар Гадаадын иргэн, харьяатын газар мэдээлжээ. Эдгээр иргэдийн 41 хувийг хөдөлмөр эрхлэх зорилготой оршин суугчид бүрдүүлж байгаа бол гадаад иргэдийн 29 хувь нь гэр бүлийн болон хувийн шалтгаанаар Монгол Улсад амьдарч байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэлэхдээ “Бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгох, виз мэдүүлэх шат дамжлагыг багасгах, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэдийг гарах-орох виз авах шаардлагаас чөлөөлөх асуудлыг олон улсын жишигт нийцүүлэх” шаардлагатай хэмээн онцолсон юм.

Үүнээс гадна 1999 оноос хойш гадаадын иргэнд үрчлүүлсэн монгол хүүхдийн тоо 266 хүрээд байгаа бөгөөд эдгээрээс 80 орчим хувийг АНУ-ын иргэд үрчилж авсан байна. Ихэвчлэн Япон, Итали, Герман, Франц улсын иргэд Монголоос хүүхэд үрчлэн авчээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1900 гаруй цагаач иргэн байгаагаас 700 орчим нь ОХУ, 1200 орчим нь БНХАУ-ын иргэн бий гэдэг статистик үзүүлэлт байдаг аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөдөр дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 5 сар болох гэж байна. Энэ хугацаанд салбар салбарын төлөөлөлтэй уулзалтууд хийж байгаа юм.

Энэ удаа эрдэмтэн та нарынхаа дуу хоолойг сонсож, цаашид хийх ажлаа ярилцъя гэсэн юм. Академич С.Нарангэрэл сая хэллээ. Монгол Улс хүчтэй, зохион байгуулалттай байх үедээ дандаа эрдэмтдийнхээ үгийг сонсож байсан гэлээ.

Өнөөдөр улс орны байдлын талаар босоод ярьцгаахад сайн сайхан зүйл ярихгүй байх. Гадаад өр 26-30 тэрбум ам.долларт хүрлээ. Гэтэл бид гурван саяулахнаа. Газрын болон бусад баялаг өдөр шөнөгүй Монгол Улсын хилээр гарч байна. Энэ мөнгө хаашаа орж байна вэ? Үүн дээр ямар судалгаа байдаг вэ? Байхгүй.

Боловсролын салбарынхантай уулзлаа. Боловсролын салбар хаашаа яваад байна вэ? Хэний боловсрол юм бэ? Монгол хүний онцлогийг боловсролын салбарт тусгах уу, үгүй юү? Мэдэх хүн байдаггүй.

Батлан хамгаалах салбар хаана явна вэ? Батлан хамгаалах салбарын бодлого ямар байх вэ? Яагаад цэргийн албыг нэг жил болгосон бэ? Яагаад оюутан цэрэгтэй болгосон бэ? Бас л байхгүй.

УИХ өнөөдөр мөнгө төлөөд ороод ирдэг бизнесийн, уулзалтын том салбар болсон. Мөнгөтэй л бол УИХ-ын гишүүн болдог. Мөнгөтэй л бол сайд болдог. Энэ мөнгө хаанаас орж ирж байгаа вэ? Энэ мөнгө уул уурхайгаас ордог, Үндсэн хуулийн 6.1-д заасан “Монгол Улсын газрын дорх баялаг болон бусад зүйл ард түмний өмч байна” гэсэн заалт өнөөдөр лиценз нэрээр хэдхэн гэр бүлийн өмч болсон.

Энэ мөнгө эргээд улс төр рүү орж ирээд УИХ, Засгийн газрыг бужигнуулдаг болсон. Намууд дотор тэд өөрсдийн хүмүүсээ суулгаад бодлого хэрэгжүүлдэг болсон. Би яагаад ингэж зоригтой яриад байна вэ гэвэл өнөөдөр УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийн үр дүнд өнөөгийн энэ нөхцөл байдалд хүрсэн гэж ойлгож байгаа. Гаргаж байгаа шийдвэрүүд хэнд ашигтай очиж байна вэ, хэнд ашиггүй байна вэ гэдгийг өнөөдөр бид хэлэлцэж ярих ёстой юм. Үүн дээр эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсоё гэсэн юм. Өнөөдөр хуучирсан арга барилаар яримааргүй байгаа юм. Зоригтой гарч ирээд, зоригтой үг хэлдэг болооч гэж эрдэмтдээсээ хүсмээр байна. Эрдэмтэн, мэргэдээ сонсдог болохын тулд та бүхний нэгдэл хэрэгтэй байгаа юм.

Нийт 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан байна. Үүний зарлага 2017 онд яаж гарсан бэ? Ямар үр дүн гарсан бэ гэсэн дүгнэлт хиймээр байгаа юм. 2018 онд ямар төсөв хийж, юунд зарцуулах гэж байгаа вэ?

Анагаах ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухаан, техникийн ухаан, хөдөө аж ахуйн салбар гээд 5-6 том салбар байна. Энэ дотроос хамгийн их хоцрогдсон салбар бол хүн судлалын ухаан байхгүй болсон. Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан байхгүй болсон. Энэ салбарын эрдэмтдийн дуу хоолойг би л лав сонсолгүй удлаа. Яагаад энэ салбарууд алга болов гэдэг дээр дүгнэлт яримаар байна. 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан гэдэг бол эрдэмтдийнхээ тоотой харьцуулахад бага биш мөнгө. Харин хаашаа энэ мөнгө гараад явав? Ингээд 2018 онд бүгдээрээ зохион байгуулалтад оръё.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр эрдэмтдийнхээ оролцоог хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар ярих гэж байна. Энэ нэрийн дор өнөөдөр та бүхэн нэг шийдэл гаргаасай. Өнөөдөр надад зарлигийн төсөл гардуулна гэлээ. Зарлиг гаргахад яаж хэрэгжүүлэх вэ? Дайн байлдаан, энх цаг, бүтээн байгуулалт, энэ бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгждэг.

Өнөөдөр бид энэ их газрын дорх баялаг, газар дээрх баялагтай мөртлөө яагаад бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй юм бэ? Өнөөдөр бид 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхний япончуудын судалгаа, ноу хау, менежмэнтэд суурилсан “Говь” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг л экспортлож байна. Бас 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр эрдэмтэд, мэргэд, геологичдын судалсан “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг л бид өнөөдөр экспортлож байна. Энэ бүгд дээр эрдэмтэн, мэргэд эхлээд судалгаагаа гаргасан. Одоо ийм зүйл байхгүй.

ХАА-н салбар гэж энэ том салбар өнөөдөр эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсмоор байна. Бид яагаад дэлхийн ноолуурын 30 хувийг бэлтгэдэг мөртлөө бүтээгдэхүүн хийж чаддаггүй юм. Японд ноолууран бүтээгдэхүүн татваргүй оруулах эрхийг хийгээд өгсөн. Яагаад хөгждөггүй юм. Судалгаа хэрэгтэй. Та нарын үг хэрэгтэй. Монголчууд зөвхөн түүхий эдийн бааз болох бодлого 1989, 1990-ээд оны эхээр хөршийн бодлогуудад нөлөөлөөд явчихсан. Үүнийг эрдэмтэд яримаар байна.

Худалдааны хоригийн бодлого цаасан дээр бичигдээгүй ч далд утгаараа өнөөдөр бид худалдааны хоригтой сууж байгаа. Монголоос гардаг бүтээгдэхүүн хоёр хөршид борлогдохдоо 20-45 хувийн татвар төлж гарч байна. Иймэрхүү зүйлээ яримаар байна.

Академич С.Нарангэрэл эрдэмтэд тендэрийн квотод орох тухай ярилаа. Квотод орохын тулд эрдэмтэд тодорч гарч ирэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд зарцуулах 32,8 тэрбум төгрөг бол бага биш мөнгө байна. Тэр мөнгөний зардал, юу хийж бүтээснээ тайлагнамаар байгаа юм.

Өнөөдөр спорт, урлагийнхан тодорхой хэмжээгээр дэмжигдэж байна. Дэлхийд гараад од болж эхэлж байна. Энэ дээр монгол хүний генийг судлах ёстой. Гурван сая монголчууд гадагшаа явахаараа оюуны спортоос яагаад олон медаль авч байна вэ? Спортын төрөлд яагаад өндөр амжилт гаргаж байна гэдгийг судалж тайлбарладаг баймаар байна.

Төмөр замын бодлогыг 2010 онд нэлээд судалгаанд үндэслэж гаргасан. Асуудалтай тулгарсан. 1960-аад онд ЗХУ-ын дарга Н.С.Хрущев “Монгол Улс биднийг дагаж олон жил явлаа. Энэ улсыг бид яаж хөгжүүлэх вэ. Төмөр замаас 500 км-ийн цаана Тавантолгой гэж маш сайн коксжих нүүрсний орд байдаг юм байна. Түүнийг дэлхийн зах зээлийн эргэлтэд оруулъя” гэж ярьж байсан баримт байдаг. Судалж байсан эрдэмтдийн судалгаа байна. Манай эрдэмтэд үүнийг яагаад судалдаггүй юм бэ?

Уул уурхайгаар дагнасан эрдэмтэн мэргэд байдаг байлгүй дээ. Яагаад бид өнөөдөр нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат болчихоод, үүнийгээ эдийн засаг гэж нэрлэдэг юм бэ? Эдийн засаг судалдаг эрдэмтэн мэргэд, гавьяатууд байдаг биз дээ. Дуу хоолойгоо гаргаач гэж л хэлэх гээд байгаа юм.

Хүннүгийн үед бидний дээдэс өөрсдөө зэвсэг, зэв хийдэг байсан. Төмрөөр тогоо, шанагаа хийдэг байсан. Одоо манайхаас төмрийн хүдэр, коксжсон нүүрс гадагш гараад явж байна. Үүнийг нийлүүлээд төмөр, ган хийж яагаад болдоггүй юм бэ? 2200 жилийн өмнө төрт ёсоо байгуулж байсан улс гээд түүхэндээ бичээд, гайхуулаад явдаг улс шүү дээ. Малтлага хийхэд төмрөөр хийж байсан зүйлс гарч ирээд байдаг. Одоо яагаад хийж болдоггүй юм бэ гэдэг дээр эрдэмтэн мэргэд яагаад дуугарч болдоггүй юм бэ? Ийм зүйлийг ярих гэсэн юм.

Анагаах ухааны салбар гэж мартагдсан салбар байна. Өнөөдөр хорт хавдар, ходоод, элэгний хавдраар энэ цөөхөн хүнтэй байж дэлхийд тэргүүлж байна. Авлигаараа дэлхийд тэргүүлж явна. Бүх зүйл дээр эрдэмтэн мэргэдийн үг дутагдаж байна.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай, орлогч Г.Чулуунбаатар гуай зохион байгуулалтаа өөрчлөөч ээ. Анагаах ухаан, хүн судлал, ХАА, техникийн салбараа тусгаарлаад, багууд болгоод, багууд дотор нь уралдаан зарлаач. Спортынхон бол “Бөртэ чоно” гэж тайлангаа хийдэг. Загварынхан “Гоёл” гэж хийдэг. Эрдэмтэд жилийн тайлангаа хийгээд, салбар бүрээс тэргүүлсэн эрдэмтдээ урамшуулах шагнал яагаад гаргаж болдоггүй юм бэ? Хүн бол өдөөгдөж байж хөдөлдөг. ХАА-н салбарын технологийг шинэчлэх дээр хэн юу хийсэн бэ? Хонины ноос, ноолуур хоёрын дундаас ямар бүтээгдэхүүн гаргасан бэ?

Яагаад өнөөдөр заавал монгол хонины ноосыг австрали хонины ноостой хольж байж даавуу хийгээд байна вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл дээр санаачилгатай хандахгүй бол судалгаагаа яаж амьдралд хэрэгжүүлэх вэ?

Шинэ санаачилга гаргалаа гэхэд лаборатори байхгүй. Патентаа олон улсад зарлах юм уу? Дотооддоо хэрэгжүүлэх юм уу? Техникийн салбар дээр олон зүйл ярьж болно. Манайхаас бусад оронд атаархмаар шинэ нээлтүүд гараад байх юм. Энэ дээр бид яагаад юм хийж болдоггүй юм бэ?

Зохион байгуулалтад ороод, удирдлагуудтайгаа ярьж байгаад салбар салбараа аваад явах өөрсдийн хүмүүсийг сонгооч ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг дэмжих гээд цуглуулж байгаа юм. УИХ-ыг та бүхэн мэдэж байгаа. Ямар ч зүйл миний зүгээс оруулахад улс төрийн шалтгаанаар унагах магадлал бараг 99 хувь. Үүн дээр эрдэмтэдтэйгээ хамтарч байж Монгол Улсын өнөөгийн байдлыг өөрчлөх алхам хийхгүй юм бол энэ улс өнөөдөр дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо. Ядуурал гэдэг бол Монгол Улс ядуурдаггүй, Монгол Улсын иргэд нь ядуурдаг. Та нар дотор өргүй хүн бараг байхгүй байх. Бид ингээд арчаагүй байгаад байвал байгаад л байна.

Яагаад 1992 онд баталсан Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсын газрын дорх баялаг ард түмний өмч байна” гэж заачихаад түүнийхээ эзэн нь болохын төлөө тэмцдэггүй юм бэ? Яагаад лиценз нэрээр А4-ийн цаасаар гадна дотнынхон аваад, түүнийг өөрсдийнхөө баялаг болгоод, өөрсдөдөө зориулсан хууль батлуулаад байдаг юм бэ? Үүн дээр дуугараач ээ.

МҮОНРТВ гэж байдаг. Хувьчлагдаагүй салбар. Тэнд яагаад 7 хоногт нэг удаа, нэг цагийн “Эрдэмтдийн цаг” байж болдоггүй юм бэ? Яагаад эрдэмтэд МҮОНРТВ-ээр хэлэлцүүлэг хийж болдоггүй юм бэ?

Ийм зүйлийг яриад зоригтой дуугараад өгвөл би дэмжихэд бэлэн байна. Сэдэв бүр дээр би үг дуугараад байх болов уу гэж бодож байна. Миний санаа бол салбар салбараар багцлаад, жил бүр уралдаан зарлаад, эрдэмтдээ иргэддээ сонсгоод, зохион байгуулалтаа сайжруулахгүй бол ийм байдлаар явахгүй нь гэдэг нь тодорхой боллоо.

Миний хэлсэн зүйл бол салбар салбараараа зохион байгуулалтаа сайжруулъя. МҮОНРТВ-ээр эрдэмтэд дуу хоолойгоо ард түмэнд хүргэе. Тодорхой шагналын сантай, тэр сан нь Ерөнхийлөгчийн ивээл дор байдаг ч юм уу. Бид дуугарахгүй бол бидний цаана дуугардаг хүмүүс ялалт байгуулаад яваад байна.

Өнөөдөр Монгол Улс нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай болсонд бидний буруу их байгаа шүү. Баярлалаа, та бүхэнд. Амжилт хүсье” гэлээ.

Эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа

Үүний дараа эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан юм. Үүнд улсын хөгжил, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэл дэвшүүлэн, цаашид улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шинжлэх ухааны үндэсний чадавхийг бэхжүүлэх талаар цогц арга хэмжээ авах тухай эрдэмтдийн саналыг тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д. Рэгдэл “Улсын хөгжил, Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх нь”, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б. Энхбайгаль “Судалгаанд суурилсан төрийн бодлого: шинжлэх ухаан, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор, академич С.Нарангэрэл “Эрдэмтэн мэргэдээс суралцах монгол ухаан Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн ректор, МИДСК Их дээд сургуулиудын Консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга “Их сургуулийн судалгааны орчинд тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны чиглэл” зэрэг илтгэл хэлэлцүүлэв.

Мөн хүнсний аюулгүй байдал болон нийслэлийн утааг бууруулах талаар илтгэл сонслоо.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор ажил хийлгэе

Утааг бууруулах тухай илтгэлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Утааны асуудлыг одоо бид хивсэнцэр, дулаалга, зуух зэргээр шийдэх тухай яриагаа зогсооё. 1,5 сая төгрөгөөр өнөөдөр зуух, дулаалга авах айл байхгүй. Өнөөдөр ядуурал 66 хувьд хүрсэн. Ажилгүйдэл, ядуурлаас болж өнөөдөр утаа гарч байна.

Гол эх үүсвэр нь утаатай биш, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ёстой юм. Хөдөөнөөс олон хүн орж ирсэн. Ажилгүй, ядуу хүмүүс гэрт амьдарч байгаа. 2010 онд би ЗТБХБ-ын сайд байхдаа утаанаас салах талаар Турк, БНСУ, Англи, Япон гээд олон улсын туршлага судалсан. Бусад орнууд утаанаас яаж салсан бэ гэхээр ажилгүйдэл, ядуурлыг хамт алга болгосон. Яасан бэ гэхээр өөрсдөөр нь орон сууц бариулсан. Тэр орон сууцанд нь оруулаад өртгийг нь цалингаас нь моргейж маягаар суутгаад явсан. Үүнийг ярихаар эргээд бизнес рүү ордог. Бид 80-100 сая ам.доллартай тэнцэх утаагүй зуух гэдгийг Турк Улсаас оруулж ирж шахсан. Гал түлж л байгаа бол тэндээс утаа гарна. Энэ шийдлийг хөгжсөн орнууд бүгдээрээ үзээд туулаад гараад ирсэн.

Дэлхийн II дайны дараа 1946 онд Лондонд 4 хоног бүх хөдөлгөөн зогсож, машин явж чадахаа больсон. Угаартаж хэдэн мянган хүн нас барсан. Ингээд Конгрессоос газ хэрэглэдэг болъё гэсэн шийдвэр шууд гаргаад нүүрсний бизнесийг зогсоосон. Одоо бид түүн рүү явахгүй бол өнөөдөртөө гэж хойшлуулсаар 7 жил боллоо.

Дагуул хотуудыг байгуулъя. Улаанбаатар хот 500 мянган хүн багтахаар анх төлөвлөгдсөн. Ийм олон хувийн машинтай байна гэж тооцоолоогүйгээс зам нь нарийхан. Одоо нэг сая 200 мянгаас нэг сая 300 мянган хүн байна. Дагуул хотуудыг байгуулж, тодорхой нүүдэл гараад газар, хашааны үнэ хумигдаад ирэхээр дахин төлөвлөлт хийж болно.

Ийм шийдлүүд гаргасан боловч харамсалтай нь Монголын зовлонгоор баяждаг хэсэг бүлэг хүмүүс үүн дээр тоглоод, зуух шахаад гараад явсан. Тендэрүүдийг дандаа тэд авдаг байсан. Энэ шийдлүүдийг та нар сонсох юм бол утаатай холбоотойгоор би өөрийнхөө тавьж байсан, тухайн үед Засгийн газраар оруулж байсан шийдлүүдээ хэлмээр байна.

Ажилгүйдэл, ядууралтай холбоотойгоор утаа гардаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор бүтээн байгуулалтын ажил хийлгэе. 18-25 нас, 25-35 нас, 35-45 нас, 45-60 насны ангиллаар хүмүүсээр өөрсдөөр нь ажил хийлгэе. Орлоготой болоод ирмэгц орон сууцны компанид ажилд ороод түүгээрээ зээлээ төлөөд явъя. Компанийн эзэндээ хашаа, байшингаа бас тодорхой үнээр зарж болно. Компанийн эзэн тэнд дахиад орон сууц барина. Ийм шийдлүүд гаргасан юм. Харамсалтай нь шөнийн тариф, халаагуур гэх мэт арга ядсан зүйлээр яваад байна. Төрийн бодлого байгаа онохгүй байна. Үүн дээр бид саналаа нэгтгэх ёстой. Утааг бууруулах тал дээр хамтарч ажиллая. Над дээр хэдэн эрдэмтэд ирээд миний хийсэн дээр өөр өөрсдийн судалгааг гаргаад, 2018 онд утааг шийдсэн гэдгээр яагаад шагнал авч болдоггүй юм бэ? Ингээд сэдэв бүр дээр би хэлэхэд бэлэн байгаа шүү” гэв.

Эрдэмтэд нээлттэй хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчийн санаачилгуудыг дэмжиж байгаагаа хэллээ.



Categories
гадаад мэдээ

94 настай Элла Компбелл онгоцноос шүхрээр буужээ

АНУ-ын иргэн Элла Кэмпбелл гэгч эмэгтэй онгоцноос шүхрээр буусан талаарх мэдээлэл олон улсын анхаарлыг татаад байна. Тодруулбал, тэрээр 94 насныхаа төрсөн өдрөөр шүхрээр буухыг хүссэн юм байна. Түүний хүүхэд ач зээ нар нь эхэндээ санаа ихэд зовж байсан хэдий ч мэргэжлийн шүхэрчний хамтаар шүхрээр буулгах санааг дэмжин, эмчид үзүүлэн эрүүл мэндийн байдлаа хянуулсны дараа онгоцноос үсэрч болно гэсэн зөвшөөрлийг авчээ.

Түүний шүхрээр буулт хийж байгаа дүрс бичлэг Youtube цахим хуудаснаа тавигдсаны дараа маш их хандалтыг авсан байна. Энэ үйл ажиллагааг “Poconos Skydivers” шүхрийн компани зохион байгуулж хамтран ажиллажээ. Онгоц газраас дээш 3 мянган метрийн өндөрт нислэг хийж, улмаар энэ өндрөөс шүхрийн үсрэлтийг хийжээ.

Элла Кемпбелл өөрийн энэ зориг гаргаж хийсэн үйлдэлдээ маш их баяртай байгаа гэдгээ илэрхийлж, төрсөн сэтгэгдлээ үр хүүхдүүдтэйгээ хуваалцсан нь яг л эргээд залуу насандаа очоод ирсэн мэт мэдрэмжийг авснаа онцолсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулбал бид бууж өгснөөс өөрцгүй

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл яригдаж байна. Зарим гишүүдийн зүгээс нэмэлт, өөрчлөлт оруулах цаг үе нь биш гэж байна л даа. Банкны салбарт олон жил ажилласан хүний хувьд хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Банкны тухай хууль 1990 онд батлагдан гарсан. Он цагийн хүрдээр тооцвол уг хууль маань 27 нас хүрч байна. Тиймээс хууль цаг үеэ дагаад сайжирч байх ёстой л доо. Банкны тухай хууль өнөөдрийг хүртэл гурван том “зовлон” үзсэн байдаг. 1998-2000 оны Азийн хямрал манайд хүчтэй орж ирэх үед уг хуулийг эхний удаа сайжруулсан. 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн үед удаах нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм. Хууль өөрөө амьдрал дээр туршигдаад тэндээсээ даалгавар авч сайжирч байх ёстой.

-Өнөөдөр нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь мөн үү?

-Энэ цаг мөчид уг хуулийн юу нь болоод, юу нь болохгүй байгааг харж байж тухайн цаг хугацаан дээрээ тавих ёстой. Энэ удаагийн хуульд орж буй өөрчлөлтийн гол санааг хэлье. Өнөөдөр банкны системд эргэлдэж буй нийт хөрөнгийн 90 хувь нь ард түмний хуримтлал, ажил олгогчдын мөнгөн хадгаламж, гаднаас татсан хөрөнгө оруулалтууд байдаг. Тиймээс 90 хувьд хамаарч буй хувь хүн, аж ахуйн нэгжийн хөрөнгийн аюулгүй байдлын төлөө Монголбанк бодлогын шийдвэр гаргаж оролцдог. Энэ оролцоо нь зөв, хүчтэй байх ёстой. Үр дагавар нь хадгаламж эзэмшигч, татвар төлөгчдийн төлөө байх нь тэргүүний үүрэг.

Нөгөө талдаа банкны Гүйцэтгэх захирлуудаас эхлээд банкны эзэн, хувь нийлүүлэгч хүртэл банкируудын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл банкны нийт активын 10 хувийг эзэмшиж буй эзэн нь банк удирдах өндөр мэдлэгтэй, чадварлаг хүн байх ёстой. Амьдрал үүнийг шаардаж байна. Уг нь эдгээр өөрчлөлтүүд эрт хийгдэх байсан юм. Бараг хоцорч байна л даа. Манайхан өөрсдөө биеэрээ туулж байж ухаардаг. Цаг үе нь ОУвС-гийн хөтөлбөртэй давхацлаа.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих хүрээнд өнөө шаардлагууд дунд орж ирсэн байх аа?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ч орж ирсэн. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт зайлшгүй хийгдэх ёстой. Олон нийтийн дунд нэлээд яриа болж буй асуудал бол “Зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Төвбанкнаас тогтоож болно” гэсэн заалт болчихоод байна.

-Энэ тухай л танаас асуух гэж байсан юм…

-Орж ирсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг бүрчлэн уншихаар энэ тухай ямар ч заалт байхгүй. Уг зохицуулалт хаана орж ирсэн бэ гэхээр нэмэлт, өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулийн төсөл дээр орж ирж байгаа юм. Тэр нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “Зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Төвбанкнаас тогтоож болно” гэсэн ганцхан өгүүлбэр оруулахаар орж ирсэн. Харин банкны тухай хуулийн зохицуулалт дээр ийм заалт байхгүй. Дагаж орж ирсэн хуулийн заалт нь Төвбанкинд үүрэгжүүлсэн байна.

-Заавал ингэж банкны тухай хуультай зэрэгцэн орж ирэх нь зөв юм уу, тэгээд?

-Үүнийг хуульчид сайн хэлэх байх. Эдийн засгийн агуулгаараа нэг нь арилжааны банк болон Төвбанкны хоорондох харилцааг зохицуулах гээд байдаг. Дагаж орсон хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төвбанкнаас зах зээлийн захиргаадалтын арга хэмжээ авахаар орж ирсэн.

-Банкны тухай хуульд банкируудыг хариуцлагажуулахаар болж байгаа гэлээ. Ийм шаардлага байна уу гэсэн асуултууд цахим орчинд нэлээд явж байна л даа…

-Сүүлийн 20 орчим жилд тохиосон эдийн засгийн хямралуудаас болж миний мэдэхийн Монгол Улсын 11 банк дампуурсан. Энэ дүйвээнээр хадгаламж эзэмшигчид бараг хохироогүй. Ихэнхийг нь төрөөс барагдуулчихсан юм. Нэг үгээр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. Угтаа тэр мөнгийг банкны эзэд, чанаргүй зээлдэгч нараас гаргуулах ёстой биз. Дараагийн удаа эдийн засгийн болон банкны салбарт хямрал нүүрлэлээ гэхэд алийн болгон татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулах юм бэ. Тиймээс үүнийг урьдчилан харж эрсдлийн дохио өгөнгүүт төр хүчтэй оролцдог, зөөлнөөсөө хатуу хүртэл шат дараалсан арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Тэр зохицуулалтыг л хийж өгч байгаа юм. Банк бараг дампуурчихсан байхад Төвбанк арга хэмжээ авдаг байсан бол одоо урьдчилан эрсдэлд суурилж арга хэмжээ авна гэсэн үг. Судалгаан дээр суурилж энэ банк эрсдэлд орж магадгүй юм байна гээд урьдчилан арга хэмжээ авч хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг хамгаална. Тэгэхгүй бол энэ алдагдал нь хэтрээд татвар төлөгчдийн мөнгө рүү орохоос урьдчилан сэргийлж байгаа. Нөгөө талдаа энэ их хөрөнгийг удирдаж, менежмент хийж байгаа эздийн санхүүгийн хариуцлагыг нь өндөржүүлж байна.

-Банкны эзэд өнөөдрийг хүртэл хариуцлагагүй хандаж ирсэн гэсэн үг үү?

-Хариуцлагыг нь шат шатаар нь ахиулж байгаа юм. Систем маш хурдацтай өөрчлөгдөж байна. Банкны систем итгэлцэл дээр тогтдог байсан бол одоо технологи дээр тогтож эхэллээ. Технологийг дагаад банкны менежерүүдийн хариуцлага нэмэгдэж, хяналт сайн байх ёстой. Цаг хугацааны өөрчлөлт биднийг салбараа өөрчлөх, сайжруулахыг шаардаад байна. Харин зээлийн хүүгийн тухайд энэ мөнхийн сэдэв. Хурцаар яригдах ёстой. Банкны тухай хуулийн төсөл дээр ор тас хамаагүй зүйлийг нэмээд оруулж ирсэн.

-Төвбанкны зүгээс боловсруулсан хуулийн төсөлд байхгүй байсан заалтыг гишүүд нэмчихсэн гэж ойлгож болох уу?

-Төвбанк хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санаачлагч нь. Төвбанк өөрөө хууль өргөн барих статусгүй тул гишүүдээр дамжуулан өргөн барьсан. Харин гишүүд судалж үзээд бүрэн эрхийнхээ хүрээнд нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг оруулж ирсэн юм. УИХ дээр хэлэлцээд явна.

-Гэхдээ захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулах нь эрсдэлтэй байх. Зээл авч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд үүн шиг сайхан мэдээ байхгүй. Тиймээс жинг нь тааруулахын тулд нэлээд ажиллах байх, тийм үү?

– Гишүүд бүгдээрээ хууль өргөн барих эрхтэй. Гэхдээ захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулна гэвэл бид бууж өгч байна гэсэн үг. 27 жил бид зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх гэж зүтгэлээ. Харамсалтай нь бид зөв зохицуулалт руу нь хүргэж чадалгүй бууж өгнө гэж ойлго. Зээлийн хүүг бууруулахын тулд бид инфляциа, бодлогын хүү нам дор, тогтвортой байлгах хэрэгтэй. Уул уурхайгаа хамааралтай гэнэтийн шокуудад өртдөггүй, эдийн засгийн өрсөлдөх чадвар өндөр байх хэрэгтэй. Эдийн засгийн барометрууд нь тогтвортой байж зээлийн хүүгийн дээд хязгаар нь тогтмол зааж байх боломж бүрдэнэ. Ийм боломж одоогоор бүрдээгүй байна. Энэ нь эргээд банкны системийн тогтворгүй байдлыг үүсгэх магадлалтай. Бусад орнуудын жишгийг харж байхад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоочингуут бусад шимтгэлүүд нь өндөр болчихдог. Банк өөрөө бизнесийн байгууллага учраас алдагдалтай ажиллахыг бодохгүй. Зээлийн хүүгийн түвшин, инфляцийн түвшин, ханшийн түвшин гэдэг нь өнөөгийн манай эдийн засгийн тусгал нь. Өөрөөр хэлбэл санхүүгийн суурь өртөг өндөр байна. Тиймээс бид суурь өртөгтэйгээ ноцолдох ёстой.

Хамгийн том өртөг хадгаламжийн хүү. Хадгамалжийн хүү яагаад өндөр байгаа юм бэ. Банкууд хадгаламжийн хүүгээ буулгах сонирхолтой байгаа. Банкуудын сул чөлөөтэй хөрөнгө нь 40 хувьтай байна. Сул чөлөөтэй хөрөнгө нь 40 хувьтай байхад өндөр хүү төлж хадгаламжийг бариад байх сонирхол тэдэнд байхгүй.

-Буулгах боломж гарахгүй байна гэсэн үг үү?

-Өнөөдрийн жишээгээр Улаанбаатар хотын инфляци аравдугаар сард найман хувьтай гарсан. Улсын инфляци зургаан хувьтай гарч байна. Жилийн дотор долоон пунктээр нэмэгдээд ирж байгаа юм. Бодлогын хүү нь буураад 12 болчихоод байдаг. Засгийн газрын үнэт цаас нь буураад байдаг. Гэтэл доороосоо инфляци шахаад гараад ирдэг. Мөнгөний бодлогын хувьд бодлогын хүүгээ хааш нь залах вэ гэдэг том асуултын тэмдэг болж байна. Инфляци нь өөрөө ийм тогтворгүй савалгаатай байхад хадгаламжийн хүүг нэг, хоёр жилээр тогтвортой барих ямар ч боломжгүй болчихдог. Хэрэв хадгаламжийн хүүг 12 хувиас доош орууллаа гэхэд инфляци нэмэгдээд нөгөөхөөс нь даваад явчихна. Ингэснээр иргэд банкинд мөнгөө хадгалуулах сонирхолгүй болж мөнгө банкнаас зугтаж эхэлдэг. Тэгэхээр бид эдийн засагт нөлөөлдөг бусад суурь эдийн засагт нөлөөлдөг сувгуудаа тогтвортой барьж гэмээнэ зээлийн хүү буурах механизм бүрдэнэ. Эдийн засгийн суурь ойлголтуудаа зөв хөгжүүлж, үүн дээрээ ажиллах ёстой. Ажиллаж чадахгүй байгаа болоод захиргаадалтын арга хэмжээ рүү ордог. Энэ цаашаа ямар үр дагавартай байх вэ гэдгийг төсөөлөх аргагүй болж байна.

-Арилжааны банкууд ч гэсэн захиргаадалтын арга хэмжээгээр зээлийн хүү бууруулахыг дэмжихгүй л байх…

-Зээлдэгч нарын хувьд үнэхээр зээлийн хүү л буурч байвал болчих юм шиг гоё сонсогдож байж магадгүй. Тэр нь захиргаадалтын байна уу, уяраалтын байна уу ямар аргаар байх нь хамаагүй. Тэднийг буруутгах аргагүй. Гэтэл тэр шийдвэр дээр нь улс төрийн шийдвэр гаргаж нэг удаа аргалах гэж байгаад нуухаа авах гээд нүдээ сохлох вий. Эрсдэлтэй шүү.

-ОУВС-гийн зүгээс банкуудын активын чанарт үнэлгээ хийхийг зөвлөсөн. Үүнтэй уялдаж байгаа юу?

-Үүнтэй маш сайн уялдах ёстой. Зөв ч гэж бодож байгаа. Банкны системийн бүтцийн өөрчлөлт анх удаа яригдаж байгаа юм биш. 2010 онд энэ асуудал яригдаж байсан юм. Банкны системийн бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэлтийн төлөвлөгөөг Төвбанкнаас УИХ-д өргөн барьсан ч амжилттай явж чадаагүй. Харин энэ удаа эрх зүйн орчныг нь сайжруулж, зохицуулалтыг нь зөв хийж байж системдээ тэр дундаа олон нийтэд хохирол багатайгаар банкны системийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авах хэрэгтэй болж байна. Бид хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож чадахгүй байж ямар нэг тест хийлээ гэхэд цаасан дээр л үлдэнэ. Банкны системийн өрсөлдөх чадварыг сайжруулчихвал дараа нь ямар нэгэн хууль гарлаа гэхэд даван туулах чадвартай болно. Үүнийг нь өнөөдрөөс эхлэн бэлдэх ёстой. Даяарчлагдаж буй эдийн засгийн түвшинд олон улсын стандартад банкны систем маань хөл нийлүүлэн алхах нь чухал. Энэ бүхнийг хийхийн тулд бид цогц арга хэмжээнүүдийг авах ёстой.

-Төрийн ордонд худалдаа эрхлэгчид чуулсан. Тэдний зүгээс арилжааны 16 банкны зээлийн хүүг мөнгө хүүлэлт гэж тодорхойлсон. Энэ дарамтаас төр гаргаж өгөх ёстой гэж байсан. Зээлийн хүү яах аргагүй хаа хаанаа дарамт болж байна. Тэд банкны зээлийн хүү буурч байвал ямар ч арга хэмжээ авсан яадаг юм гэж байсан л даа…

-Зөв л дөө. Манай санхүүгийн өртөг өндөр байгаа. Энэ зөв шүүмжлэл. Үүн дээр бид бодлогын зөв арга хэмжээнүүдээ авах хэрэгтэй. Ямар үед захиргааны арга хэмжээ авах вэ, аль байгаа онилох вэ. Бид хүүг захиргааны аргаар бууруулж байснаас суурь өртгөө бууруулах ёстой. Хадгаламжийн хүү өндөр байгаа шалтгаан нь банкууддаа эх үүсвэр нь дутмаг байна. Тиймээс эх үүсвэрээ авахын тулд хадгаламжийн хүүгээ бууруулж чадахгүй өрсөлдөөд байгаа юм. Банкны систем рүү өөр өртөг багатай сул чөлөөтэй мөнгөн хөрөнгүүдийн урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялангуяа гаднаас орж буй хөрөнгө оруулалт, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний нэг суваг нь гадаадын хөрөнгө оруулалттай банк, сангууд, санхүүгийн байгууллагуудыг либералчилан оруулж ирэх ёстой.

Үүний нэг жишээ нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг ноднин надтай хамт 20 гаруй гишүүн өргөн барьсан. УИХ дээр хэлэлцэх шатандаа явж байна. Бид нэг боломжийг нь үүгээрээ нээж өгч байна гэсэн үг. Худалдаачдын хүлээлт, эрэлт хэрэгцээг ойлгож байна. Бүгдээрээ л тийм эрэлт хэрэгцээтэй байгаа.

-Ноднин Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нэг хэсэг хүчтэй яригдаад чимээгүй болсон. Зарим гишүүдийн зүгээс Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэдэг нэртэй банк бий. Үүнийг дэмжих гэж байна гээд шүүмжилсэн. Хуулийн төслөө хэзээ хэлэлцүүлэх вэ?

-Хуулийн төслийг өргөн барьснаас хойш ажлын хэсгийн гарт очсон. Миний зүгээс хуулиа түргэвчлүүлэх, хэлэлцүүлэх тал дээр анхаарч байгаа. Ажлын хэсэг нэлээд ажиллах шаардлага байсан юм байлгүй дээ. Удахгүй хэлэлцээд явах байх.

-Хууль батлагдлаа гэхэд гадны банкууд хөрөнгө оруулах эрх зүйн орчин бүрэн нээгдэх үү?

-Бид хууль эрх зүйн орчноо эхлээд бүрдүүлсэн байх ёстой. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байхад миний мэдэхийн гадны 5-6 банк хүсэлтээ илэрхийлсэн байсан. Одоо бол нэг ч байхгүй. Энэ хууль батлагдлаа гэхэд гадны банкууд уралдаад орж ирнэ гэж байхгүй л дээ. Горьдсоны гарз. Харин бид эрх зүйн орчныг нь бий болгосноор эдийн засаг сэргэх үед олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж биднийг тоовол гадны хөрөнгө оруулалтын банк орж ирэх байх гэж найдаж байна. Гэхдээ эдийн засаг руу зөв сувгаар оруулж ирэх ёстой.

-Ямар суваг билээ?

-Манай улсад хохиро учруулахгүй, богино хугацаанд өндөр ашиг хийгээд гардаг биш тогтвортой урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай. Нөгөө талдаа үндэснийхээ банкны системийн тогтвортой байдлыг тодорхой хэмжээнд хамгаалах арга замыг төрөөс заавал хийж өгөх хэрэгтэй. 1990-ээд оны сүүлээр зүүн европын орнууд зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор барууны том банкууд орж ирж үндэсний банкууд нь тэнцвэргүй өрсөлдөөнд байхгүй болсон гашуун туршлага бий. Манай үндэсний банкууд жижиглэнгийн зах зээл дээр түлхүү ажилладаг. Гэтэл манай зээлдэгч, бизнесийн орчны тэлэлт уул уурхайгаа дагаад маш хүчтэй явж байна. Ингэснээр манай банкууд тэлэлтээ хангаж чадахгүй болж эхэлсэн. 200 сая ам.долларын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж байхгүй. Тэгэхээр уг эрэлт хэрэгцээг хангаж чадах, татвараа төлдөг, банкны шинэ системийг дагаж ноу хау орж ирэхийн зэрэгцээ бид шинэ соёлд суралцана.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Өндөр алдагдалтай төсөв баталчихаад, зээлийн хүү бууруулна гэж байгаа нь хоосон улс төр

Эдийн засагч Ч.Отгочулуутай 2018 оны төсөв болон эдийн засгийн хэрэгжүүлж буй бодлогын бодит байдлын талаар ярилцлаа.


-2018 оны төсөв ямархуу багцаатай төсөв болов?

-Төсвийн зардал 10 жилийн өмнөхтэй харьцуулвал бараг 10 дахин өсчихсөн. 2018 оны төсөвт ч энэ идэвхтэй өсөлт хэвээр хадгалагдсан байна.Дэлхийн ихэнх орон бүсээ чангалж аль болох л хэмнэлт хийхийг эрмэлзэж байгаа. Гэтэл манайх эдийн засаг хүнд байна гэх атлаа төсвийн тэлсэн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа нь ирэх онд инфляци өсөхөд нөлөөлж мэдэхээр байна.

-Төсвийн алдагдал инфляцид яаж нөлөөлдөг юм бэ. Үр дагавар нь юу байх вэ?

-2018 оны төсвийн алдагдал өндөр буюу ДНБ-ий есөн хувьд хүрэхүйц алдагдалтайгаар батлагдаж байгаа юм байна гэж ойлгосон. Ёсчлон батлагдсан хувилбарыг олж үзээгүй л байна. Уг нь бүсээ чангалсан, зоримог төсөв байх болов уу гэсэн хүлээлт байсан ч бодит байдал дээрээ эсрэгээрээ нэг удаагийн нийгмийн халамж тараах гэх мэтээр аргацаасан зүйл ихтэй усархаг төсөв байна. Энэ төсвийг УИХ-д дахин сонгогдох сонирхолтой, жижиг тойргоос гарч ирсэн гишүүд баталсан. Тэр утгаараа гишүүд өөрсдийн сонгогдсон тойргоо тойглоход чиглэсэн бодлогоор төсөв баталжээ гэж харахаар байна. Ер нь улстөрчид тойрогтоо хийсэн ажил ихтэй болж харагдах сонирхолтой байдаг л даа. Үүнийг нэг талдаа буруутгах арга алга. Гэхдээ ингэж тойргийн баатрууд олноор гарч ирдгийн сүүдэр нь эдийн засгаа хорлож, унагаж байдаг. Өнгөрсөн 2008, 2012 онд гэхэд сонгогчдод амласан мөнгөө бэлнээр тараана гэснээс болж эдийн засгаа яаж хямраалаа. Сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд гаднаас урьдчилан мөнгө зээлж тараасан. Тэгтэл 2012-2016 оны хооронд зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд гурав дахин уналаа шүү дээ. Нөгөө урьдчилаад зээлээд авчихсан мөнгөнийхөө өрийг төлөх гэтэл баялгийн үнэ буурснаас болж мөнгө орж ирдэггүй зовлон эхэлдэг. Ингээд инфляци ба ханшны уналт үргэлжлэхээр төсвийн бодлого маань зөвхөн улстөрчдөд ашигтай харин жижиг, дунд үйлдвэрлэгчдэд нэн хортой болж хувирдаг. Учир нь инфляцийг бууруулах нэрийн дор бодлогын хүүг өсгөнө. Дагаад зээлийн хүү өсөхөөр хөрөнгө оруулалт бас хэрэглээ хумигдаж ажлын байр устана, ядуурал өснө. Ирэх оны төсвийн багцтай танилцаж байхад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулж буй зардал харьцангуй бага байсан. Харин төсвийн урсгал зардал нийт зарлагын багагүй хувийг эзэлж байгаа нь эдийн засагт сайн үзэгдэл биш. Инфляцийг өдөөсөн төсөв ажлын байрыг устгадаг. Ирэх 2018 оны төсөв ч инфляцийг тэжээсэн төсөв болчихлоо гэж харсан.

-2018 оны төсөв их л шуугиантай тэгсэн хэрнээ бодлогын хувьд их ойлгомжгүй батлагдаж байна гэсэн шүүмжлэл бий?

-Зөв шүүмжлэл. Энэ оны төсвийг хэлэлцүүлэг хийх хугацаа давчуу гэсэн нэрийдлээр шахаж яаран баталлаа. Уг нь төсвийг дөрвөн удаагийн хэлэлцүүлэгт оруулж нухацтай хэлэлцэж баталдаг. Олон нийтийн хэлэлцүүлэг, хяналт, оролцоо ч байх ёстой юм. 2018 оны төсвийн боловсруулалт, чанар талаас нь харахад сайн гэж хэлэхэд хэцүү.

-2018 оны төсвийн алдагдал өндөр батлагдсан. Төсвийн алдагдлыг багасгах боломж байсан уу?

-Төсвийн алдагдал нь инфляцийг тэжээж байдаг. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд мөнгөний нийлүүлэлт өсдөг. Нөгөө талаас төсвийн алдагдлыг өрөөр нөхөж байна. Энэ нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийж байна гэсэн үг. Ойлгомжтойгоор тайлбарлая л даа. 10 хүүхэдтэй айл байна гэж бодъё. Том хоёр хүүхдээрээ ажил хийлгэхгүй, гадаадад аялуулах эсвэл төрсөн өдрийн баярыг нь нүсэр тэмдэглэж, их мөнгө зарцуулж эрхлүүлээд байлаа гэж бодъё. Том хоёр нь аав, ээжээсээ нэхэж, шаардлага тавьдаг учраас тэдний амыг нь хаах гэж нялх хүүхдүүдийнхээ өмнөөс зээл аваад том хоёрыгоо өнөөдөр тансаглуулж байна гээд ойлгочих. Энэ тансаглалыг айлын бага хүүхдүүд том болсон хойноо төлнө. Төсвийн алдагдлын цаад утга учир нь дээрх хэлсэн жишээтэй дүйцнэ. Төсвийн алдагдал оргүй хоосноос бий болчихгүй. Ямар нэгэн байдлаар өр тавина. Тэр өрийг ирээдүй хойч үе маань төлнө. Та жишээ нь хүүхдийнхээ нэрийн өмнөөс тэгж их өр тавих уу. Энэ сахилга бат мөн үү. Сэтгэлгүй л байгаа хэрэг.

-Сүүлийн жилүүдэд Засгийн газраас бонд гаргаж байгаа нь эргээд макро түвшинд эдийн засгаа хумих байдлыг бий болгож байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Засгийн газрын бодлогоос инфляци хамаарна. Өнөөдөр банкууд бизнес эрхэлж буй хүмүүст зээл олгохын оронд амарчилж Засгийн газрын бондыг худалдаад авчихаж байна. Тэгээд дундаас нь өндөр хүү авдаг. Энэ нь банкны буруу биш, бодлого гаргаж буй улстөрчдийн алсын хараагүйг харуулна. Засгийн газрын бондын мөнгө татвар төлөгчдийн мөнгө болохоос биш УИХ-ын гишүүд, сайдын хармаанаас гарч байгаа мөнгө биш. Үнэндээ Засгийн газар бонд гаргасан нь өөрөө өөрсдийгөө хуурах хэрэгсэл болоод хувирчихсан учир сүүлийн хэдэн жил төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөг жишиг тогтчихлоо. Гэтэл дэлхийн эдийн засгийг доргиосон 2007, 2008 оны хямралын цаана баталгаа, барьцаагүй үнэт цаас гаргаж, эрсдлийг эрсдэлгүй мэтээр хаасаар явсны эцэст засаг хямарсан. Яг үүнтэй адил Засгийн газраас гаргаж байгаа бонд улстөрчдийн хүсэл хэрэгцээг хангадаг ид шидийн сав болж хувирсан. Гэтэл үүний цаана бодит эдийн засаг дээр эрсдлийг татвар төлөгчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үүрч, төлж байгааг хэн ч ярьдаггүй. Энэ нь манай улсын эдийн засгийг хямраах томоохон хүчин зүйлийн нэг. Ирэх жил Засгийн газар бонд гаргахгүй гэх баталгаа алга. Шинэ Сангийн сайдыг бизнесийн санхүүгийн эрх чөлөөг дэмжсэн, нийлүүлэгч талаа дэмжсэн байх болов уу гэсэн хүлээлт байсан ч бас л нэг удаагийн халамжийг дэмжсэн төсөв оруулж ирлээ. Эдийн засагт мөнгө, төсвийн бодлого хоёр харилцан уялдаа холбоотой байдаг. Гэтэл мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Төв банкны удирдлага нь гадаад валютын цэвэр нөөц, гадаад цэвэр актив хоёроо ч ялгахгүй мэдэгдэл хийдэг. Ингэж макро эдийн засгийн бодлогыг барьж буй хүмүүс санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу бодит байдлыг худлаа илэрхийлж, хэлснийхээ эсрэг зүйл ярьж байдаг нь зах зээлд сөрөг дохио өгдөг.

-Тухайлбал, эдийн засагт ямар дохио өгч байна?

-Монголбанкны гадаад валютын цэвэр нөөц хасах 400 сая ам.доллар гарлаа гэж өнгөрсөн жил зарлаад байсан. Гэтэл энэ нь гадаадын цэвэр актив байсан бололтой юм. Монголбанкны албан статистик тооноос харахад нөөц нь нэг тэрбум ам.доллар байсан. Бас тэр своп нь хэрэгсэл юм билээ. Нэг дор шууд төлдөг эд ч биш. Өөрөөр хэлбэл албан ёсны вэб хуудас рүү нь ороод харахаар өөр тоо, өөрсдөө тайлбарлахдаа огт өөрийг хэлж байгаа нь улс төр ч юм шиг. Мөн өнгөрсөн жил Сангийн сайд манай төсвийн алдагдал ДНБ-ий 30 хувьд хүрчихжээ, удахгүй 70 хувь хүрэх нь гэсэн мэдэгдлийг хийсэн. Тэр мэдэгдлийн дүнд манай улсын зээлжих зэрэглэлийг хоёр шатаар шууд бууруулчихсан. Төсөв, мөнгөний бодлого барьж буй албан тушаалтнууд эдийн засгийн бодит нөхцөл байдлыг хэлдэггүй, улстөржүүлж худлаа ярьдаг эсвэл хольж хутгаад буруу зөв хэлдэг нь цаад том агуулгаараа эдийн засгаа хорлоод байдаг. Төсөв, мөнгөний бодлогод улстөржсөн өнгө аясаар хандвал эдийн засаг хэзээ ч урагшаа явдаггүй. Төсөв мөнгөний бодлогын эцсийн хэрэглэгч нь зах зээлд оролцож буй хэрэглэгч, жижиг дунд үйлдвэрлэгч ард түмэн байдаг. Харамсалтай нь төсөв, мөнгөний бодлогоо улстөрчдийн өөрсдийгөө тодруулдаг чимэг эсвэл өрсөлдөгчөө балбадаг зэвсэг болгож хувиргасан. Энэ нь улс төрийг ч тэр, эдийн засгийг ч татаж унагаж байна. Манайхны жишээ татах дуртай Чили, Норвегид төсвийн бодлогыг боловсруулахдаа иргэдийн хяналтыг зайлшгүй оруулахаар хуульчилсан. Төсвийг тайлагнахдаа эдийн засгийн хараат бус зөвлөл байгуулж, улстөрчдийн оролцоогүйгээр мэргэжлийн хүмүүс төсвийг тайлагнаж байна. Гэтэл манайд Сангийн яамыг дээрэлхээд сурчихсан хэдхэн улстөрчид төсөв боловсруулдаг. Төсвөө хийхдээ өөрсдийнхөө мөрөөдлийн жагсаалтаа оруулж ирдэг, сонгогдох тухайгаа боддог, тэгээд эргээд өөрсдөө хянаж тайлагнадаг. Үнэндээ тэдний тансаглалыг төсөв даахаа больчихоод байна. Уг нь төсвийн бодлого ард түмэндээ хамгийн ойр, шилэн байх ёстой юм. Гэтэл манай улсын төсөв хэдхэн хүний гарт монопольчлогдсон гэмээр байна даа. Өнгөрсөн жил эдийн засаг хасах 1.7 хувьтай гарч байсан нь улстөрчдийн буруу мэдэгдлээс үүдэлтэйгээр хэрэглээний шок их нөлөөлсөн.

-Үүнээс гарах гарц юу байна вэ?

-Төсвийн шинэчлэл, реформ гэсэн гоё үгнүүд ч яах вэ. Гол нь эдийн засгийг эрүүл орчныг бүрдүүлэхэд улстөрчдийн эр зориг дутаад байна. Төсөв, мөнгөний бодлогын сахилга батыг сахиулахын тулд хийх реформ нь сонгогчдод заавал таалагдах алба байхгүй. Эрүүл эдийн засгийг дараагийн үеийнхэндээ яаж үлдээх вэ гэсэн алсын хараатай төрийн зүтгэлтэн алга байна. Хэрвээ 2020, 2030 оноос эдийн засгийн эрүүл орчныг бүрдүүлье гэвэл энэ жил зоригтой шинэчлэл хийхээс аргагүй. Дан ганц ОУВС ид шидийн юм шиг бүхнийг сайхан болгочихно гэж байхгүй. Алдагдалгүй төсөв батлах эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Манай улс гадаад өрийг эдийн засгийн 40 хувиас дээшлүүлэхгүй гэсэн хуультай боловч 60 хувь болгосон өнгөрсөн жил 88 хувь болгочихсон. Дүрмээ эхэлж зөрчих юм, тэгээд зөрчилгүй харагдахын тулд дүрмээ өөрчилчих юм. Ирэх 2019, 2020 онд сонгуулийн жилүүд эхэлчих учраас төсөв бүр долоон дор болж батлагдана. Үүнээс гарахын тулд тогтолцооны хувьд төсвийн бодлого дээр бие даасан хараат бус зөвлөлийг бий болгох хэрэгтэй. Тэгж байж сонгуулийн галзуурлаас төсвөө аварч чадна. ОУВС-гаас ч хөтөлбөрийн хүрээнд танайх төсвийн зөвлөлтэй бол гэсэн шаардлагыг манайд өгсөн гэж ойлгосон. Төсвийн зөвлөлийг байгуулахгүй бол, ер нь реформ хийхгүй л бол тэр аймагт төчнөөн төгрөгөөр зам тавихад мөнгө алга, багш нарт халамжийн мөнгө тараасан байна гэх тухай яриад хол явахгүй.

-Багш, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх бодит бололцоо байгаа юу. Тэдний цалинг нэмнэ гэсэн хүлээлт нийгэмд үүссэн байгаа?

-Цалин нэмэх бодит бололцоо байхгүй байна гэмээр харагдсан. Би төсвийн задаргааг харсан л даа. Урсгал зардал өндөр байна лээ. Өрийн үйлчилгээний зардал бас өндөр байна. Хичээгээд ямар боломж байна вэ гэж үзвэл хэрвээ зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаад төсөвлөснөөс илүү их хэмжээний орлого орж байгаа бол боломжтой байж болно. Багш нарын цалингийн фонд таван жилийн өмнө 30 тэрбум төгрөг байсан бол одоо 300 тэрбум төгрөг болчихсон байна лээ. Үүнийг 50 хувиар нэмье гэж үзвэл концесст төлөх гэх мэт өөр бусад зардлуудаа танаад 150 тэрбум төгрөг гаргая гэвэл болох л байх. Тэгэхдээ бодлогын хувьд зөвхөн багш нарын цалинг нэмчихлээ гэхэд нийгэмд хүлээлт үүснэ, цаашлаад бүгд барьцаж цалингаа нэмүүлэх гэнэ. Эмч нарын цалинг нэмэх ёстой гэж бас ярьж байгаа биз дээ. Тэгээд араасаа хувийн хэвшлийнхнийг чирнэ. Миний хувьд цалин нэмэхийн эсрэг байгаа юм биш. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр цалин нэмэгдэхэд юмны үнэ өсдөг зүй тогтлоос л айж байна. Дахиад инфляци өсч зээлийн хүү өснө. Зээлийн хүү өссөнөөр эдийн засаг хумигдана. Ажлын байр байхгүй болно. Ийм чөтгөрийн тойрогт орчихдог талтай. Цалин нэмж, зах зээлд шууд мөнгөөр шийдэх гэвэл чөтгөрийн тойрогтоо улам л шигдэж, хойч үедээ улам их өр үлдээхийн цондон болно. Тэгэхээр багш нарын цалинг 50 хувиар нэмэх нь боломжгүй зүйл болов уу.

-Энэ Засгийн газрын мөнгөний бодлогын гол хийх ойрын ажил банкны хүүг бууруулна гэгдээд байгаа. Энэ хэр бодитой хэрэгжиж чадах вэ?

-Зээлийн хүү өөрөө үнэ байдаг. Аливаа юм олдоц муутай ховор байх тусмаа үнэ цэнэ өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд инфляци харьцангүй тогтвортой байсан бол сая долоон хувьд хүрчихсэн байна. Манай улсын мөнгөний нийлүүлэлт жил болгон 10-11 их наяд төгрөгт багтдаг байсан бол одоо 14 их наяд болсон. Нэгхэн жилийн дотор мөнгөний нийлүүлэлт гурван их наядаар өссөн байна. Ингэж мөнгөний нийлүүлэлт өсч байгаа нь үнийг эргээд өсгөдөг. Үнэ өссөнөөр инфляци бий болно. Инфляци өсөхийн зэрэгцээгээр ам.долларын ханш нэмэгдэж байна. Шатахуун дизелийн түлшний татварыг нэмэх шийдвэрийг гаргачихсан. Энэ бүх нөхцөл байдлаас үзэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь зайлшгүй, бодлогын хүү өсөх нь гарцаагүй болох вий дээ.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг төсвийн бодлоготойгоо нийцүүлж хүчээр шийдэж болдог уу?

-Мөнгөний бодлогоороо УИХ инфляцийг найман хувиар бага байлгана гээд үүндээ зориулж бодлогын хүүг тохируул гэлээ. Нөгөө талдаа төсвийн алдагдлаа өндрөөр баталчихлаа. Үүний золиосонд жижиг, дунд үйлдвэр явна. Яагаад вэ гэвэл, Монголбанк инфляцаа барихын тулд бодлогын хүүг өсгөж л таарна. Өөрөөр хэлбэл ийм өндөр алдагдалтай төсөв баталчихаад аман дээрээ зээлийн хүү бууруулна гэж байгаа нь хоосон улс төр хийж байгаа л хэрэг. Төсвийн шинэчлэл явуулж зээлийн хүүг бууруулна гэдэгт үнэхээр итгэл төрөхүйц эдийн засгийн бодлогыг би л лав олж харахгүй байна. Манай улсын эдийн засгийн өсөлт маань бодитой өсөлт мөн үү эсвэл үнийн өсөлт үү гэдэг нь эргэлзээтэй. Эдийн засгийн өсөлтийг харахад нэлээд хувийг нүүрсний экспорт эзэлсэн байна лээ. Тэгэхээр яг иргэдэд хүрсэн амьжиргаанд нөлөөлөхүйц эдийн засгийн өсөлт биш болж таарч байна. Ялангуяа инфляци өссөн үед эдийн засаг өсч байна гэдэг нь өөрсдийгөө хуурч буй л хэрэг.


Categories
мэдээ цаг-үе

С.Дашдорж: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч” цолны сүүлийн шалгалтыг шавь нартайгаа хамт давсан нь сайхан хэрэг

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн ахлах багш С.Дашдоржийг “Багш” буландаа урилаа. С.Дашдорж тус сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ.Дараа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эдийн засгийн онолын магистр зэрэг хамгаалсан байна. Тэрбээр өдгөө төгссөн сургуульдаа долоо дахь жилдээ багшилж байгаа. Компанийн санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалт зэрэг хичээл ордог ажээ.

-Таныг Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цол авсан гэж сонслоо. Энэ тухай тодруулаач?

-Санхүүгийн олон улсын мэргэшсэн цол болох итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч (CFA) цолыг энэ жил авсан байгаа. Энэ шалгалт нь АНУ-д төвтэй, CFA институтээс явуулдаг, хөрөнгө оруулагчийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа байгууллагуудын мэргэжилтнүүд буюу хөрөнгө оруулалтын шинжээч, цаашлаад бусад оролцогчдыг нэгдсэн нэг ойлголттой болгох, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй байлгах үүднээс ийм цолыг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах шударга зах зээлийг үүсгэх зорилготой юм. Үндсэндээ гурван удаагийн шалгалт өгөөд, дөрвөн жилийн ажлын туршлагатай нөхцөлд цолоо авах боломжтой. Миний хувьд тэнхимээсээ энэ цолыг анх авсан гэдгээрээ онцлог.Энэ жил манай хоёр багш энэ цолыг авсан. Энэ шалгалтыг өмнө нь гадаадад очиж өгдөг байлаа. Ихэнхидээ ойрхноор нь Бээжинд өгдөг байсан. Ирэх оноос Монголд авахаар болж байгаа. Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч болж, карьераа ахиулъя гэсэн залууст шинэ боломж нээгдэж байна.

Монголд энэ цолыг авсан арав гаруй хүн бий. Миний хувьд зургаан шавьтайгаа хамт сүүлийн шалгалтандаа тэнцсэн. Шавь нарын маань ажлын туршлага нь хүрээгүй байгаа учраас цолоо хараахан аваагүй байгаа. Гэхдээ шавь нартайгаа хамт сүүлийн шалгалтаа давсан нь багшийн хувьд сайхан хэрэг.

-Та Монголд төгссөн бүтээгдэхүүн. Олон улсын цол авна гэдэг монгол сургууль төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг?

-Монголд сурсны давуу тал нь маш олон танилтай болдог. Төгсөгчид бие биенээ таньдаг. Энэ нь эргээд бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд маш том давуу тал юм. Монголд төгссөн ч олон улсын зэрэг цол авна гэдэг сул талаа нөхөх сайхан боломж. Зөвхөн CFA гэсэн ганц шалгалт байдаггүй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшихийг хүсч байгаа хүмүүс, даатгал, хөрөнгийн үнэлгээгээр мэргэшсэн хүмүүст зориулсан маш олон төрлийн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг мэргэжлийн цол, зэрэг бий. Монгол залуус сүүлийн үед энэ шалгалтуудыг зорьж өгч, цол авах болсон. Бидний хувьд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах боломж улам нэмэгдэж байгаа.

-Багшлахаас гадна эдийн засагчийнхаа хувиар ажилладаг уу?

-Сургуулиа төгсөөд шууд багшилсан болохоор номоо л барьдаг байсан даа. Манай компаниудын мэдээлэл хаалттай байдаг учраас дотоодын кейсүүдээр сургалт явуулах боломж багатай. Гэхдээ сүүлийн үед АПУ ХК, Сүү ХК, Говь ХК зэрэг компаниудын мэдээлэл нээлттэй болж байгаа. Гадаад сурах бичиг ашиглахаар дандаа гадны компаниудын кейс байж таардаг. Шууд багшилсан хүний хувьд практикт ийм байдаг гэж ярихад амаргүй.

Одоо цол зэрэг авч, багшлахын зэрэгцээ янз бүрийн төсөлд хамрагдаж, судалгаа хийж, өөрийгөө хөгжүүлэх боломж бий.

-Монголд олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч юу хийдэг вэ?

-Хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалтын шинжилгээ хийгээд, ямар хөрөнгө оруулалт хийвэл илүү оновчтой, энэ хүнд илүү тохирох вэ гэдгийг судалж, маш болгоомжтой, хянуур, үндэслэлтэй, ёс зүйтэй мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зорилготой цол гэж түрүүнд дурьдсан. Одоогоор уг цолтой монгол мэргэжилтнүүдийн хувьд бизнесээ тэлэхээр санхүүжилт авахыг хүссэн компаниудад гаднаас санхүүжилт олж өгөх чиглэлээр илүүтэй ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалтын санд ажиллах нь илүү тохирдог. Жишээлбэл, иргэдийн хувьд мэдээлэл, чадвар харьцангуй дутмаг байдгаас өөрсдөө шууд хөрөнгө оруулахад хүндрэлтэй. Тийм учраас эдгээр хүмүүсийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалт хийх боловсон хүчин бэлтгэгдэж байна гэж болно. Ялангуяа ирээдүйд хувийн тэтгэврийн сан гэх мэт хөрөнгө оруулалтын компанийн менежер болж ажиллах хүмүүс гэж ойлгож болно.

-Ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг ч мэргэжлийн бус хүмүүсийн хувьд амаргүй л дээ?

-Манайхан ашигтай хөрөнгө оруулалт гэж буруу ойлголттой явдаг. Үнэндээ энэ бол зорилготой хөрөнгө оруулалт байх ёстой. Бидэнд илүүдээ гарсан мөнгө байхгүй. Хүүхдийнхээ боловсролд зориулж, тэтгэврийн хуримтлалаа өсгөхөөр хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр алсыг харж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлд үүсч байгаа савлагаанаас огцом ашиг хийх хөрөнгө оруулалт руу нийтээрээ хандаад байж болохгүй. Урт хугацаатай оновчтой хөрөнгө оруулалт байх ёстой. Жишээлбэл Монголд байгаа хувьцаануудыг худалдаж авах нь маргаашийн огцом өсөлтөөс ашиг хүртэх гэхээсээ урт хугацаанд энэ компаниудаас өгөөж хүртэх хөрөнгө оруулалт гэсэн үг.

-Нэг сониуч асуулт байна. Шарк танк гээд шоу нэвтрүүлэг үздэг үү. Ингэх ёстой байсан юм даа гэх бодол орж ирдэг болов уу?

-Монгол телевизээр гарч байгаа Шарк танк нэвтрүүлгийг алгасахгүй үзэхийг хичээдэг. Мэдээж маш хэрэгтэй нэвтрүүлэг. Танд сайхан санаа байвал яагаад бизнес болгож болохгүй гэж. Хамгийн гол нь маш сайн төлөвлөх хэрэгтэй. Хэрэв тэр бизнес ирээдүйд үр өгөөжөө өгнө гэж үзвэл хөрөнгө оруулагч олддог юм гэдгийг харуулах зорилготой нэвтрүүлэг гэж бодож байна. Ер нь энэ нэвтрүүлгээс гадна жижиг, эхэлж байгаа бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх механизмууд бий. Монголд энэ механизмыг улам хүчтэй болгоход энэ нэвтрүүлэг чухал ач холбогдолтой.

Өөрт хэрэгтэй зүйлээ бүтээхээс бизнес эхэлж байгааг бид энэ нэвтрүүлгээс харж байгаа. Хэнд ч бизнесийн санаа төрж болно. Санаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Заавал том бизнес хийх албагүй. Бизнес хүнд хэрэгтэй, өгөөжтэй байх ёстой. Мэдээж Шарк танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулагчдын хувьд өөрөө ойлгож, хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулж чадна гэж үзэж байгаа бизнесээ сонгож буй болов уу. Нэвтрүүлгийн үеэр сонгогдоогүй байлаа гээд тэр бизнес огт явахгүй гэсэн үг биш л дээ.

-Та яагаад багш болсон бэ. Эдийн засагч байсан бол илүү өргөн хүрээнд ажиллах боломж гарах байсан биш үү?

-2011 онд төгсөх гэж байхдаа хоёр найзтайгаа хамт сургуулиа төлөөлж, Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Тэр үед надад сургуульдаа багшлаач гэдэг санал ирсэн. Тухайн үедээ өөр ажил хайж үзье гэж бодоогүй. Багшаар ажилласандаа харамсдаггүй. Багш хувь хүнийхээ хувьд хөгжих боломжтой. Хэрэв би мундаг багш бол өөрөө хөгжөөд зогсохгүй маш олон хүнийг хөгжүүлж чадна. Энэ нь эргээд мөнгөн бус үр өгөөжтэй. Багш болох сэдэл төрүүлсэн бас нэг зүйл надад хичээл зааж байсан Ц.Батсүх багш маань зааж, судалж байгаа зүйлээсээ кайф авдаг нь сайхан санагдсан. Тэр багш шигээ мундаг болох сон гэж зорьдог.

-Багш хүний жаргалыг мэдэрсэн үе байв уу?

-Анхны шавь нартайгаа бараг л найзууд шиг байдаг. Тэднээс хүндлэл мэдэрдэг. Асуудал гарахад багшаа гэсэн сэтгэлээр дэмждэг. Шавь нар маань амжилттай явааг харах маш их кайфтай. Миний заасан зүйл хэрэг болж байгааг харах сайхан. Манай сургуульд багшилдаг шавь бий. Гадаадын хөрөнгө оруулалтын байгууллагад шинжээч, арилжааны банкууд, уул уурхайн компаниудад ажилладаг, хувиараа бизнес хийж байгаа шавь нар бий.Хааяа уулзахдаа тэднээсээ маш ихийг сурдаг.

-Та өөрийгөө хөгжүүлэхэд хэр их цаг зарцуулдаг вэ?

-Хагас сайнд бас хичээл ордог учраас бүтэнд сайнд амардаг. Багшийн том хариуцлага хичээлийн бэлтгэл. Зааж байгаа чиглэлээрээ маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Ганц ном уншаад болчихгүй. Бодит байдал дээр юу болж байгааг мэдэхийн тулд янз бүрийн судалгааны ажил уншдаг. Нэг хичээлийг нэг удаа бэлтгээд болчихгүй. Тасралтгүй хөгжих шаардлагатай.

-Та онол үзсэн хүн. Харин Монголын эдийн засаг тоглоомын дүрэмгүй гэж ярьцгаадаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Гэхдээ энэ байдал аажмаар өөрчлөгдөж байгаа. Маш олон жишээнээс харж болно. Хүмүүс боловсрохын хэрээр мэдлэгтэй, чадвартай хүмүүс нь бизнесийг авч явж таарна. Монголд ийм юм чинь гээд боловсрол олгохгүй байж таарахгүй. Дэлхийтэй хөл нийлүүлэх том зорилго бидэнд бий. Дэлхийн хамгийн том зах зээлийн дэргэд байгаа гэдэг утгаараа ирээдүйд бидэнд маш том боломжууд үүснэ. Түүнд бэлэн байх ёстой.

-Судалгаа их хийдэг үү?

-Сүүлийн жилүүдэд Монголбанктай хамтрах, Санхүү эдийн засгийн их сургуулийн өөрийн дотоод санхүүжилттэй судалгаа, бизнесийн байгууллагуудын захиалгат судалгаанууд дээр ажилласан.

Categories
мэдээ цаг-үе

Төр өгөх юм чинь, юунаас айх вэ?

Ард түмнийг минь ахиад л залилжээ. Хямдхан машинтай болох гэж яваад гэнэдэж хөөрхийс. Хараажаар үүнд төр буруутай. Нэгдүгээрт, төр машины үнийг хямдруулаагүй нь нөлөөлж, хоёрдугаарт төр өдөр бүр иргэнийхээ гэрээр орж залилуулж байгаа эсэхийг нь шалгах ажлаа сулруулснаас болжээ. Хохирогчид ч хэлж байна. “Залилан хийх гэж байгаа этгээдийг урьдчилан мэдээлээгүй төрдөө гомдож байгаа ба хохирлоо нөхүүлж л таараа” гэдэг утгаар.

Үнэхээр ч татварын хуулиар далайлган хурааж авсан мөнгөөр тэдний хохирлыг барагдуулна. Татвар төлөгч бидний мөнгө энээ тэрээ хэмээн гомдол гаргаж цор цор гэх гээд байна уу? Чамайг өөрөө луйвардуулаад нөхөн төлбөр авахыг чинь хэн хорьсон юм бэ, хохь чинь.

Налайхын нүүрсний уурхайг төр албан ёсоор хаагаад удаж байна. Гэвч тэнд хууль бусаар уурхай ажиллуулж, байн байн дарагдаж аврах албаныхан очиж аварсаар, хөөрхий зарим нь тусламж авч чадалгүй хорвоог орхисоор. Заримдаа хүч мөхөстсөөр. Уул нь хууль зөрчин, хаагдсан уурхайг ашиглаж байгаа хүмүүс хуулийн өмнө буруутмаар. Үгүйгээр барахгүй, сүүлдээ “удаан аварч байна” гэж төрийг зандчих маягтай. Амьдрахын эрхэнд тэгж байгаа гэнэ.

Нийслэлд нүүж ирээд үерийн зам дээр гэрээ барина. Нүүлгэх гэхээр “буух газар байхгүй” хэмээн ярдаглана. Үерт автаад ирэхээрээ “Нөхөр төр, авраадах даа”, “За дахиад нэг гэр өгнө үү дээ”, “Эргээд эндээ буухгүй яах юм бэ, хотын төвд газар олдохгүй байхад”…

Гадаадын уул уурхайн компани, муу нэртэй хужаа нараас илүүтэй хөх толботой нинжа нар эх орны алтан хөрсийг орвонгоор эргүүлэн сэгсэрсээр. Гэвч тэд маань амьдрахын эрхэнд тэгж байгаа ба бэлэн зэхээний аз жаргалыг хуваарилан олгоогүй төр үүнд буруутай аж… Цаашлаад машин, орон сууц, хөрөнгө бэлэглээгүй төр буруудан буруудсаар. Монголын төр бэлэн мөнгө бэлэглэж эхэлснээр энэ бүхэн дуусахгүй. Цаашдаа “төрийн өгсөн мөнгөний шавхруу юу ч болохгүй учраас аргагүйн эрхэнд алт ухах, айл тонох” болно.

Бүхнийг бэлгэнд авч болно оо, гэхдээ нэг үнэнийг мэдсэн байгууштай. Хэрвээ чи аз жаргалыг бэлгэнд авах хүсэлтэй байгаа бол хариуд нь эрх чөлөөгөө бэлэглэх болдог энгийн дүрэм буй.

Монгол орон ардчиллын замаар ороод 21 жил улирчээ. Гэвч бид коммунист ёсоор аж төрсөөр байна. Коммунист дэглэм угаасаа ямар ч дутагдалгүй ба нийгэмд байгаа муу муухай бүхэн өөр сурвалжтай хэмээн тайлбарлана. Өөрснөө ямар ч өө сэвгүй байх ба алдаа эндэл, муу муухайгаа тийш нь чихнэ. Давж хүчрэхгүй, тайлбарлаж барахгүй, эсвэл хариуцлагаас нь мултрах гэсэн бүх зүйлээ тийш нь чихнэ. Төлөвлөгөө биелүүлж чадахгүй бол дайсан этгээд шургалаад хорлож байна гэж үзнэ. Тэгээд ажлаа сайн хийхийн оронд тэр дайсныг илрүүлж бут цохих кампани өрнүүлнэ.

Социалист нийгмийн үед аливаа дутагдлыг шүүмжлэн бичихдээ түүний шалтгааныг заахын сацуу, засах арга замыг нь зааж өгөх учиртай гэж шаардаж байлаа. Тэр үед сэтгүүлчдийн дунд ийм нэг оруулга байсан юм: “Төлийн хорогдол их байгаа явдал нь сахилга хариуцлагыг сулруулж, намаас дэвшүүлсэн зарчмын хоёр лоозонг чандлан сахиагүйгээс болжээ. Цаашид нөөц бололцоогоо ашиглан социалист уралдааныг өрнүүлэх замаар төлийн хорогдлыг багасгах талаар сумын намын үүр, хувьсгалт залуучуудын байгууллага идэвх санаачилга гаргах шаардлагатай” гэх мэт.

Өнөөдөр “Барууны оппортунистуудын явуулга”, “Хөрөнгөт нийгмийн үлдэгдэл”, “империализмын гар хөл бологчдын явуулга” гэхчлэнгийн бүх нийтийн зүхлийн орыг төр залгамжлан авчихаа юу гэлтэй байна. Ардчилсан большевикууд ч гэмээр юм уу, социалист ёсоор аж төрөнгөө капитализмын үр шимийг хүртэх оролдлого ч гэмээр юм уу? Эргэн тойрноо харахад судалгаа, эрдэм шинжилгээний материал дүүрээн, дүүрэн.

Манайд төр ба ард түмний зохистой харьцаа алдагдчихаад байна аа. Иргэд өөрийн хүсэл зоригоор төрөө байгуулаад, түүнээ хянаад явдаг жанжин шугамаас гуйвчихаад болох юм биш. Нэг бол төр нь дарангуйлаад ард түмнээ буудчихдаг. Эсвэл ард түмэн нь дарангуйлаад төр лүүгээ сум тавьчихдаг. Монголын төр ард түмэн хоёр хоорондоо таарахгүй болчихвол улс нь өөрөө арилахын дохио л доо. Ард түмэндээ ялагдсан төр ч төр биш, ард түмнээ ялласан төр ч төр биш.

Бүх юмыг амьдрахын эрхэнд, ядуурлын улмаас гэж зөвтгөсөөр. Ядуурал гуйланчлал нь гэмт хэргийн эх мөн нь мөн. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх эрх, гэмт үйлдлийг цагаатгах шалтгаан болохгүй. Ингээд цаашлаад явчихвал хоол идэж суугаа хүнийг алчихаад түүнийгээ “өлсөхийн эрхээр” хэмээн тайлбарлаж болно.

Эрх чөлөөнд нэг залгаас үг байдгийг бид залхуураад ч юмуу уншдаггүй. Тэр бол эрх чөлөөгөө эдэлснээс гарах үр дагавраа өөрөө хариуцах. Манай өвөг дээдэс ч сургасаар ирсэн. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж. Унахдаа уйлахгүй байх хэрэгтэйгээс гадна унахгүйгээр хөлд орох аргагүй.

Амьд болгон дур дураараа орших хүсэлтэй ч орчлон өөрөө дэг журам дээр тогтдог. Гариг эрхэс ч тэр. Дэлхий өөрийнхөө байр суурийг илэрхийлэн хурдаа хасдаг ч юм уу, сар ардчилсан байдлаар тойрог замаа өөрчилбөл нарны аймаг системээрээ сүйрч эхэлнэ.

Амьдрахын эрхэнд хийх, шунахын эрхэнд алдах хоёр тусдаа. Зальтай хүмүүс хүний амь зуух хүсэл дээр тоглодоггүй юм. Залилагч нар хүний шунал дээр тоглодог юм. Мөнгөө банкинд хадгалуулснаас хавьгүй их “үлгэрийн хүү”-гээр өсгөх шунал дээр хадгаламжийн хоршоонууд тоглосон. Одоо гурав дөрвөн саяар биш 300 хан мянгаар машин авчих “сонирхол” дээр ажиллаж. Шунахаа болиогүй цагт залилахаа болохгүй. Үнэгүй хоолтой хавх алга болноо гэж байхгүй. Орчлонгийн хавхыг түүж барах аргагүй, харин хавханд оруулдаг шуналаа дарчихвал хавх болгоныг сөнөөсөнтэй дүйнэ. Бурхан багшийн сургаалын нэгэн логик энэ.

Өнөөдөр иргэнээ залилуулахаас сэргийлж “Төр сануулаагүй, арга хэмжээ аваагүй” гэдэг асуудал гарч байна. Яг нарийндаа монголын төр анхааруулсаар л ирсэн. Хадгаламжийн хоршоонд мөнгийг ингэж өсгөх боломжгүй гэдгийг Монгол банк, бүр тэр үеийн ерөнхийлөгч О.Чулуунбат нь зурагтаар хэлээд байсан. Дараа нь хадгаламжийн хоршооны хэргийг шүүсэн нь үндэстэн даяарт өгсөн сэрэмжлүүлэг гэж үзэж болно. Дарагдаж үхэх аюултай учраас уурхайг хаасан нь бас л сэрэмжлүүлэг.

Өнөөдөр залилангийн шинэ сүлжээний хохирогчид төрөөс алдагдлаа нэхэж буй нь зөв юм. Тэд хадгаламжийн хоршооны хохирогчдоос юугаараа ч дор биш. Нэгэнт төрд ийм журам нэвтэрснээс хойш иргэнээ алагчлах нь зохисгүй. Түүнчлэн яаж ч алдсан нөхөөд өгдөг ачит төр байгаа цагт ард түмэн айх юмгүй зальдуулсаар байх нь лав.

Дашрамд нэг түүх ярья, та нар дуулсан ч байх. Хэдэн жилийн өмнө болсон явдал. Баруун Сахарт самуун ихээр гарсан тул тийшээ явахгүй байхыг Германы төр иргэддээ анхааруулжээ. Гэтэл чихгүй толгой оргисон хэдэн жуулчин тийшээ яваад барьцаалагджээ. Барьцаалсан этгээдүүд хүн бүрийн толгойг сая доллараар үнэлсэн байна. Германы төр мөнгө гарган иргэнээ аварчээ. Тэднийг эх орондоо авчирсан хойноо шүүгээд төр нь хүн бүрээс сая доллараа нэхэмжилжээ. Та нарт сануулсан уу, сануулсан. Амийг чинь аварсан уу, аварсан. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж болохгүй учраас эргүүлж авна аа гэх нь тэр. Германы төр муухай л даа. Манай сайн сайхан төртэй жиших юм биш.

Төр бол сайхан ч бай, муухай ч бай эх орны голомт, нийт үндэстний сүлд хийморь. Гэрийн голомтыг өшиглөх нь айлыг доромжилсон нүгэл. Төрийн голомтыг өшигчих нь үндэстнээ доромжилсон хилэнц. 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Бужиг, Пунцаг нарыг цаазаар авсан баримт байдаг. Нэг нь Шүүх яаман дээр агсам тавиад тулгыг нь өшиглөсөн байна. Төрийн халдашгүй ариун голомтыг өшиглөсөн учраас гэмт этгээдийг цаазлуулах ялтай гэмтэн хэмээн гэсгээжээ. Нөгөөх нь зарга шийдэхдээ төрөөс шийд гаргасан мэтээр бүлтэрч яваад “Хааны нэр барьсан” хэмээн яллагджээ. 2200 жилийн өмнө үүссэн, найман зууны тэртээ Чингис хаан бадруулсан төрийг 1911 онд сэргээн мандуулсныхаа дараа дархан, халдашгүй ариун байдлыг нь ийнхүү хамгаалж явсан баримт байдаг.

Иргэд дарангуйлагч төрд дургүй, хүчгүй төрд түүнээс ч дургүй. Эрх баригчид “нийслэлийнх нь зүрхэнд бааж шээгээд, үндэсний тахил шүтээн руу сум тавиад явсан улсыг олон түмэн жигшиж байна. Ямар ч хариу үзүүлээгүй нь зөв боллоо” гэж дүгнэж яваа дуулдана лээ. Үнэн ч биз. Гэхдээ юу юунаас илүү өнөөгийн төр барьж байгаа та нарыг минь жигшээд үлдсэн. “Үндэстнийхээ ариун шүтээнийг хамгаалж чадахгүй гутаалгадаг, 2220 жилийн ойгоо тэмдэглэж буй төрт ёсныхоо ариун орон зайг нүдэн балай доромжлуулдаг увайгүй, арчаагүй амьтдыг бид сонгожээ, дараагийн сонгуулиар бодууштай юм байна” гэсэн дүгнэлт хийгээгүй гэх үү?

Иргэдийг эх орныхоо төлөө амиа өгсөн л гэж ярьдаг. Эх орон гэдэг маш хийсвэр ойлголт. Үнэн хэрэгтээ өөрсдийнхөө байгуулсан, ариун нандин бүхнээ цогцлоосон төрөө л амиараа хамгаалдаг юм.

2011 оны зургадугаар сарын 22

Categories
мэдээ нийгэм

Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 30, Бархасвадь гариг. Билгийн тооллын 12, Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:20 цагт мандан, 17:08 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Төр өгөх юм чинь, юунаас айх вэ?” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Дуулианы эргэн тойронд Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн О.Батнасантай улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Энэ талаар улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгдсэн Засгийн газрын хуралдааны эргэн тойронд улс төрийн нүүрнээс үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо Төр өгөх юм чинь, юунаас айх вэ? нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины хэрэгт 36 хүнийг сэжигтнээр татан мэдүүлэг авсан талаар сонирхоорой.

Уламжлалт “Багш” буланд Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэлтэй ярилцлаа.

Монголыг бүтээлцсэн эрхмүүдийн талаар сонирхолтой нийтлэл хэвлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Зоригийн хэргийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо

Ц.Нямдорж: С.Зоргийн хэргийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцсэн билээ. Гэсэн ч асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаан хүртэл хойшлууллаа. Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийнэ гэж байсан ч Засгийн газрын хуралдаан хойшилсон учраас мэдээлэл өгөхгүй гэв. “Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байсан ч хойшлууллаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. С.Зоригийн хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэй учраас өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. С.Зоригийн хэргийн тодорхой хэсгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн улсын нууцаас гаргаж болох юм гэж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар зөвшөөрсөн гэх мэдээлэл ч бас байгаа юм. Хэрэв уг хэрэг нууцаас гарвал 15 000 хуудас материалаас 14926 хуудас нь нийтэд ил болох аж. Үлдсэн 74 хуудас нь уг хэргийг захиалагчтай холбоотой учир улсын нууцад хэвээр үлдээхээр болсон гэх мэдээлэл бий. Ямартай ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэнгүй.