Categories
арын-нүүр булангууд мэдээ

Юу ч хийсэн шүүмжлэх дон шүглэжээ, монголчуудад

Image result for Шөнийн гэрэлт гудамжШөнийн гэрэлт гудамж нэртэй аятайхан ажлыг хийв. “Ёстой дэмий юм хийж байх юм. Зам хаагаад. Ядаж энэ нэг юм аа арай уртхан болгочихгүй дээ. Гэрэл нь унжаад будаа болж байна лээ, хайран мөнгө” гэсэн хэл ам дагуулав. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам бүхий гүүрэн гарцтай болов. “Ямар урт юм бэ. Аятайхан зураг гаргаад хийчихгүй, бөөн мөнгө идэж уугаа биз” гээд араас нь мянган шүүмжлэл дагалаа. Нийслэлд өнгө үзэмж нэмчих санаатай хэдэн хөшөөг хотын төвийн гудамжинд байрлуулжээ. “Тамтаггүй өндөр үнээр бий болсон байна. Утгагүй хөшөө босголоо. Үхснийх нь аз жаргалтай Улаанбаатар” гэсэн хэл амыг дагуулав.

Монголчууд ер нь юу ч байсан хамаагүй шүүмжилдэг, хараар буддаг сэтгэлзүйн гажигтай болсон бололтой. Сайн ч зүйл хийсэн, муу ч юм хийсэн заавал араас нь муулдаг заваан сэтгэхүйтэй болжээ.

Уг нь тэр хөшөөнүүд нь бидний жишээ болгон ярих дуртай гадаад орнуудын гудамжинд хэдэн арваараа байдаг. Иргэдээ осол аюулгүй зорчуулахын тулд хийсэн гүүрэн гарцууд хаа сайгүй бий. Компьютерийнхээ ард шигдэж суугаад хамаг бүхнийг харааж суудаг, хар бодлоороо будаж байдаг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс л харин монголчууд бидний тулгамдсан асуудал боллоо. Улсын нийслэл, их хотод гэрэл гэгээ нэмэх хийц донж нь таарсан аятайхан хөшөөг харин ч олныг хийх хэрэгтэй.

Ядаж л хүмүүсийн зургаа авахуулах боломжийн зүйл болно. Ямар өчнөөн тэрбумаар авто замын аюулгүйн тойрог дээр нохойны хөшөө барьж байгаа биш. Одоо санаагаар болдог бол нийслэл хотод хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн нэмж байгуулмаар байна. Бас хотыг тойроод ганц нэг ч болов нуур цөөрөм бүхий зугаалгын газартай болмоор байна. Иргэдэд зугаалж алхах газаргүй болчихоод байгааг хотын дарга нар дээр дооргүй анхаарч ажил болгох хэрэгтэй. Мэдээж ямар ч дарга нар гараад юу ч хийсэн үй түмэн шүүмжлэлийн бай болно. Тэр бүхэнд гомдож тунирхаад байлгүй ажлаа зоригтойхон хиймээр байна. Улаанбаатар гадаадын нүсэр хотуудын хажууд үгүй ээ мөн авсаархан хот шүү дээ.


Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд эрхэм элчин сайдад Монголд ажилласан хугацаандаа хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг, яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, Батлан хамгаалахын атташе Майкл Доршнер нарын албаны бусад хүмүүс байлцлаа.

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгаснаар Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан тэр цагаас хойш хоёр орон батлан хамгаалах салбарт дээд, дунд түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургууль дадлага зохион байгуулах зэрэг чиглэлээр харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож, дэлхийн бусад улс орнуудад энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлтээрээ танигдаж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд энэхүү үйл хэрэгт АНУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа бас нэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолсон.

АНУ-ын Зэвсэгт хүчинтэй жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй энхийг сахиулах ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиуд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, бие биесээс харилцан суралцах зэрэг боломжийг олгож байдаг чухал арга хэмжээ болохыг талууд онцоллоо. Түүнчлэн, АНУ-ын засгийн газар, Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн АНУ-ын цэргийн сургууль, дамжаанууд төдийгүй бүс нутгийн орнуудад зохион байгуулагддаг сургалт дамжаануудад хамрагдсанаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг үүрэг гүйцэтгэх хугацаандаа батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн үнэлж Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны” хүндэт медалиар шагнасныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гардуулж өглөө.

Categories
гадаад мэдээ

Зимбабве улсын ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхийг уриалав

ЗурагЗимбабве улсад хүн амины хэрэг нэмэгдэх болсонтой холбоотойгоор цаазын ялыг сэргээхийг дэмжиж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе дахин илэрхийллээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Тус улсад цаазын ял хүчин төгөлдөр байгаа боловч цаазын ялыг гүйцэтгэдэг ганц зандалчин 2005 онд тэтгэвэрт гарснаас хойш нэг ч хоригдлыг цаазлаагүй байгаа аж. Одоогоор тус улсад цаазын ял сонссон 80 хүн байна. Ажилгүйдлийн түвшин 90 хувиас даваад буй тус улсад удаан хугацаанд эзэнгүй байгаа цаазын ял гүйцэтгэгчийн орон тоонд 50 гаруй хүн өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл байна.

Р.Мугабе өчигдөр нийслэл Хараре хотод мэдэгдэл хийхдээ “Манай улсад хүчингийн хэрэг, хүн амины хэрэг эрс нэмэгдэх боллоо” гэж хэлээд, цаазын ялыг сэргээхийг засгийн газартаа, хүний амьд явах эрхийг хүндэтгэхийг ард түмэндээ уриалжээ.

Саяхан тус улсын Зүүн Машалонад мужийн Мутоко хотод Ромын католик шашинт нэгэн эмэгтэйг хүчирхийлж, хөнөөснийхөө дараа цогцсыг нь далан руу шидсэн гутамшигт хэрэг гарсныг өдгөө 94 настай Ерөнхийлөгч Р.Мугабе дурдаад “Энэ мэт харгис балмад хэрэг үйлдсэн этгээдүүдэд хамгийн хатуу ял шийтгэл оноох хэрэгтэй байна. Цаазын ялыг сэргээе. Хүн хүнээ хүндлэхгүй болж байна. Тэд нэг нэгнийгээ алж талж байна. Бид үүний төлөө улс орноо чөлөөлсөн гэж үү?” гэжээ.

Зимбабве улсын 2013 онд баталсан Үндсэн хуулиар 18-аас доош насны болон 70-аас дээш насны эрэгтэйчүүд болон бүх эмэгтэйг цаазын ялаас чөлөөлжээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэв

ЗурагУИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлж, Eрөнхийлөгчөөс Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцэж байна.

Eрөнхийлөгчийн хоригийг EТГ-ын дарга З.Энхболд байнгын хороонд танилцуулав. Тэрбээр “Хоригт 30 гэр бүлийн асуудалд орж ирснийг хүмүүс их шүүмжилж байна. 30 гэр бүл байтугай 3400 гаруй лицeнз эзэмшигч байгаа” гэв.
Хоригтой холбогдуулан гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асууж, хариулт авч байна.
Байнгын хорооны хуралдаанд 19-өөс 14 гишүүн оролцож, ирц 73.7 хувьтай байгаа юм.
Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар 3.0” дуу шинэ клиптэй боллоо

Дуучин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар” дуу 21 жилийн дараа дахин цацагдлаа. Тэрбээр “Cosmic Ariunaa” шинэ цомгийнхоо төслийг эхлүүлээд байгаа бөгөөд шинэхэн цомогтоо 2181 оныг уран зөгнөсөн “Утасны чинь дугаар 3.0” дуугаараа фенүүдийнхээ сонорыг мялааж байна.

Энэ удаа “Утасны чинь дугаар” шинэчилсэн найруулгад дуучин Т.Ариунаа “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай хамтран дуулжээ. Мөн түүний шинэхэн дууны клипийг “Хаган фильм” студийн хамт олон бүтээсэн байна. Харин хөгжмийн найруулгыг “Ocean Grey” студийн уран бүтээлчид хийжээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээжээ

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан. Бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээ маргааш болно.

Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имижийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлыг хийх зорилгоор уг бэлгэ тэмдгийг бүтээв.

“Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдэг нь нийслэлийн иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сэтгэлд эерэг дурсамж үлдээн, хотын гудамж талбайн өнгө төрхөд нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх бүтээн байгуулалт боллоо.

Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг байна. Харин тус бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм.

Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг “Б.Ц.Х.Ц” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд U, L, B, T үсгүүдийн хэмжээ 170 см бол бусад үсгүүд 108 см, нийт урт нь 1025 см ба суурь нь 20 см хэмжээтэй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшүүлэх турших үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежмент, бодлогын хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хорооны сонгогдсон орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах үйл ажиллагааг хэвшүүлэх туршилтын бодлогын төслийг тус дүүргийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Өдөр тутам удирдан хэрэгжүүлэх, хяналт тавих, талуудад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх байгууллагаар “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ нь хамтран ажиллаж байгаа юм.

Тус бодлогын хүрээнд 3R болон хог хаягдлын хууль дүрэм, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэхэд талуудын үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлж өгөх зорилгоор сургалт зохион байгуулагдаж байна. 2017 оны арван хоёрдугаар сарын сүүлчээр туршилтын төслийг үнэлэн дүгнэж хог ангилан ялгалтын талаарх жишиг загварыг тодорхойлно

Categories
мэдээ спорт

Ж.Амарболд: Эхний ээлжинд УАШТ-ээ түрүүлж, ирэх жилийн ДАШТ-нд оролцмоор байна

Монголын жүдо бөхийн 60 кг-ын тамирчид Дэлхийд хэзээнээсээ алдартай. МУГТ Д.Нармандах, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар нар энэ жинд олимпийн медалийг эх орондоо авчирч байсан нь үүнийг илтгэнэ. Бид энэ удаа эдгээр шилдэг тамирчдын халааг авч амжилттай барилдаж буй залуу тамирчин Ж.Амарболдтой ярилцсан юм. Тэрээр 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ оны залуучуудын ДАШТ-эээс хүрэл медаль хүртээд байгаа юм.

-Бөхийн жүдо барилдааны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.

Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорват улсын Загреб хотод болж өнпдөрлөлөө. Тэмцээний 60 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргаар финалдсан Б.Мягмардорж бид хоёр оролцсон. Миний хувьд зургаан барилдаан хийж хүрэл медалийн болзол хангасан.

ДАШТ-нд ямар медальд хүртэх зорилготой явсан бэ. Хийсэн барилдаануудынхаа талаар яриач.

-Би энэ жилийн тухайд ямар нэгэн бэртэл гэмтэлгүй бэлтгэл тун сайн байсан. Тийм ч учраас түрүүлэх зорилготой эх орноосоо мордсон. Тэмцээний өмнө Х.Цагаанбаатар багштай залуучуудын шигшээ баг Био Комбинатад эрчимжүүлсэн бэлтгэлд гарсан. ДАШТ-ээр группийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны тамирчинд ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Пан Амеркийн аварга Бразилын тамирчинг ялж медалийн тавцанд зогссон. Тухайн тамирчны бичлэгийг барилдааны өмнө үзэхэд баруун үүрдэг, үүрсэн хүнийг шиддэг, сөхөж үүрдэг олон төрийн барилдаантай тамирчин байсан.

Ж.Амарболдын хувьд 2017 он амжит бүтээлийн жил болж өндөрлөж байна. Оны эхэнд анх удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн бол залуучуудын ДАШТ-нд хүрэл медаль хүртлээ.

Тиймээ. Надад ээлтэй жил байж өнгөрч байна. Ах нартайгаа эн тэнцүү өрсөлдөж анх удаагаа улсын аваргадаа түрүүлэсэн. Энэ амжилт надад илүү хөдөлмөрлөх юм бол олимп тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль ойрхон байна гэдгийг ухааруулсан шүү. Тэр ч утгаараа залуучуудын дэлхийн аваргаас медаль хүртлээ гэж бодож байна. Улсын аваргад түрүүлсний дараа насанд хүрэгчдийн шигшээ багт орсноор илүү хариуцлага нэмэгдсэн.

Улсын аваргын хагас шигшээ барилдаанд Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшинтэй барилдаж гурван ваззари үнэлгээ авч хожсон. Тухайн барилдааны талаар ярихгүй юу. Багш нар тань яаж барилдахыг зөвлөж байсан бэ?

Бэлтгэл сайн байсан тул сандарч тэвдээгүй. Өөрийнхөөрөө л барилдана гэж төлөвлөж байсан. Багш нарын хувьд хэвтээ барилдаанд анхаарч, санасан мэхээ даацтай хийж барилдахыг зөвлөж байсан. Барилдаан төлөвлөж байснаар үргэлжилж миний талд шийдэгдсэн дээ. Харин УАШТ-ий дараахан болсон МУГТ Д.Цэрэнхандын нэрэмжит тэмцээний үеээр Д.Амартүвшинтэй барилдахад сандарч байсан шүү. Гавьяат нэг ялагдсан юм чинь дараагийн барилдаандаа илүү бэлдэж ирсэн болов уу гэсэн айдас төрж байсан.

Дэлхийн томчуудаас ямар бөхчүүдтэй гар зөрүүлж байсан бэ?

-Улсын аваргад түрүүлсний дараагаар улсаа төлөөлж гранпри болон грандслам тэмцээнүүдэд оролцох боломж нээгдсэн. Улмаар Дэлхийн шилдгүүтэй барилдаж эхлэсэн дээ. Миний хувьд 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Рустам Ибраевтай хүч үзэж нэмэлт цагт торгуулиар хожсон. Киргизстаны нэр дээр барилддаг Оросын Отар Бестаев гээд шилдгүүдийг ялж байлаа.

-Жүдо бөхтэй хэрхэн холбогдож байсан бэ?

Миний хүргэн ах сонирхогчидын сүмогийн Дэлхийн хошой аварга н.Наранбат, нагац ах н.Алтан-Уяа хоёр маань спорт руу хөтөлж байсан. Энэ хоёр ах маань анх МУГТ Д.Батбаярын нэрэмжит “Ирээдүйн аварга”-ууд гэж тэмцээнд гуч хүрэхгүй кг жинтэй байхад маань оролцуулж байсан юм. Энэ тэмцээндээ амжиттай оролцож түрүүлсэн . Үүний дараа Ц.Шийрэв багш маань надад “чи жижигхэн биетэй юм чинь жүдо барилд” гэж хэлсэн. Ингээд л “Спортын төв ордон”-д багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж эхлэсэн дээ. Эхний нэг жилийн хугацаа амар байгаагүй. Хоёр гурав хоног бэлтгэлд яваад л сар орчим алга болчихдог хүүхэд байсан. Харин үеийнхэн маань амжилт гаргаад эхлэхээр “би яагаад болохгүй гэж” гэсэн бодол төрж өөрийгөө дайчилж эхэлсэн дээ. Тэгээд гурван жил орчим болж байж анхны хүрэл медалиа МУГД Ч.Насантогтх багшийн нэрэмжит тэмцээнээс авч байсан даа. Түүнээс өмнө бол эхний тойрогтоо ялагдчихдаг байсан.

Ямар мөрөөдөлтэй жүдо гэх их айлд орж ирж байсан бэ?

Өнгөрсөн жил олимпийн наадамд оролцдог ОУХМ Ц.Цогтбаатар, надтай улсын аваргад финалдсан Б.Мягмардож бид гурав багын найзууд. Бэлтгэлийн дараа гурвуулаа харьж явахдаа олимп дэлхийн аварга болно. Хамтдаа нэг байранд хөршүүд болж амьдарна гээд л мөрөөдөөд алхдаг байсан. Энэ мөрөөдөл маань удахгүй биелэх байхаа. Ц. Цогтбаатар маань олимп дэлхийн дэвжээнд барилдаад үзчихлээ. Б. Мягмардорж ч гэсэн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж дэлхийн оюутан залуучуудын универсад наадам эх орноо төлөөж оролцож том амжилт гаргах боломжтой гэдгээ харуулсан. Хамгийн гол нь хэн маань ч замын голоос шантарч татамигаа орхилгүй их үзүүлэхээр бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна даа.

Анх олон улсын ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Анх 2014 оны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэгдүгээр тойрогтоо Японы тамирчинд нэгдүгээр тойрогтоо ялагдаж байсан. Тэр Япон маань сая залуучуудын Дэлхийн аваргад түрүүлсэн. Би тэр тамирчинтай барилдчих юмсан гэсэн хүсэл их байсан ч чадаагүй. Миний хувьд энэ жил бэлтгэл илүү байсан болохоор ялаад “даагаа нэхчих” юмсан гэсэн бодолтой байсан юм.

Өөрийн тань хувьд залуу тамирчин. Дэлхийн шилдгүүдээс ямар тамирчнаас үлгэр дууриал авдаг вэ?

-Би сурах юм их байгаа болохоор олон тамирчин байгаа. Анх барилдааныг нь биширч байсан бөхчүүд гэвэл Японы тамирчин олимпийн гурван удаагийн аварга Тадахиро Намура, Солонгосын Ван Ки Чун нар байна. Одоо үед барилдаж байгаа тамирчдаас Шохей Оногийн барилдааныг үзэх дуртай. Эдгээр тамирчдын барилдааны бичлэг үзэж арга барилаас нь сурахыг эрмэлздэг.

Ж.Амарболдын барилдааны онцлог юу вэ?

-Би ихэвчлэн энгэр ханцуйны барьцнаас гол барилдаанаа гаргадаг. Барилдааны онцлог гэвэл хүний хийсэн мэхийг мэдэрч хариулт мэх сайн хийдэг. Мөн уян хатан чанаараа өрсөлдөгчөөсөө давуу талтай гэж өөрийгөө боддог.

-Бөхийн удамтай юу?

Яг тийм тодорсон тамирчин байхгүй ч аав, ах нар маань аймгийнхаа хэмжээнд чөлөөт болон самбо бөхөөр сайн барилдаж медаль хүртэж байсан юм билээ.

-Цаашдаа ямар мэх сурч өөрийнхөө барилдааныг баяжуулья гэж төлөвлөж байна вэ?

Өнөө цагт дан мэхэнд үнэлгээ алддаг дэлхийн хэмжээний тамирчин гэж байхаа больсон. Тиймээс угсраа, давхар мэх сурахгүй бол хүн хожиход хэцүү болсон доо.

– “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг” гэдэг шүү дээ. 2020 оны олимпийн наадмын талаар юу гэж бодож байна.

Олимпийн наадам болоход гурван жилийн хугацаа л үлдсэн байна. Мэдээж манай жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн тул хэн өөрийгөө илүү дайчилж, бэлтгэл сургуулилтаа хийсэн нь оролцох байх. Олимдод оролцож амжилт үзүүлэхийн тулд хичээнэ дээ.

Таны барилддаг 60кг-ын жингийн дотоодын өрсөлдөөний талаар.

-Олимп дэлхийн медальтай шилдэг тамирчид байдаг тул дотоодын өрсөлдөөн ширүүн байдаг. Олон улсын тэмцээний л дайтай өрсөлдөөнтэй явагддаг. Тиймээс дотоодоосоо шалгарч тив дэлхийд өрсөлднө гэдэг амаргүй даваа. Миний хувьд хамгийн чухал тэмцээн улсын аварга байдаг даа.

Ж.Амарболдын зорилго юу вэ?

Олон зорилго байгаа. Миний хэт алсын том зүйл бодохоосоо өмнө насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилтай оролцож гадагшаа барилдах эрх авмаар байна. Үүний дараа олимп дэлхий гээд том зүйл ярьж болох байх. Өмнөх даваагаа даваагүй байж хэт алсын юм яриад байж болохгүй . Өнөөдрийн хувьд эхний зорилго маань ирэх оны насанд хүрэгчдийн Дэлхийн аваргад оролцох л байна даа.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд чөлөөт цаг тун бага байдаг. Хааяа нэг арван жилийн ангийнхантайгаа нийлж кино үздэг. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө “Маш нууц” гэж кино үзсэн юм байна.

Багшийнхаа талаар?

Ц.Шийрэв багшийг маань хүмүүс ард түмний гавьяат гээд л нэрлэдэг. Шавь нар нар олон бөхийн төрөлд амжилт гаргаад явж байна. Өнгөрсөн жилийн олимпод л гэхэд ОУХМ Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг, Л.Отгонбаатар, Б.Тэмүүлэн гээд гарынх нь шавь нар эх орноо төлөөлж өрсөлдсөн.

За дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга болоод ирэхэд тань дахиад уулзья.

-Баярлалаа,хичээнээ . Энэ завшааныг ашиглаад багш нар болон бэлтгэлийг маань хангаж өгдөг тамирчдадаа талархал илэхрхийлье.Мөн намайг дэмждэг гэр бүлийнхэндээ баяладаг шүү. Миний аав ээж их сэтгэл хөдлөл багатай хүмүүс. Сая залуучуудын Дэлхийн аваргаас медаль хүртээд ирэхэд юу ч болоогүй юм шиг л хүлээж авч байсан. Магадгүй надаас надаас илүү том амжилт хүлээдэг байх.

О.Дашням

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинээр танилцуулагдах шилдэг 5 автомашин

Toyota Camry/Camry Hybrid

Ford Expedition

GMC Terrain

Kia Stringer

Audi Q5

Тоyota Camry нь америкт хамгийн их борлуулагддаг автомашин билээ. Тэгвэл энэхүү загварын шинэчлэгдсэн хувилбар нь ирэх онд нээлтээ хийнэ. Онцлох зүйл гэвэл хөдөлгүүр нь сайжирч шинэчлэгдсэн V6 хөдөлгүүртэй байх боломжтой бөгөөд 2,5 литрийн цилиндэртэй юм. Мөн стандарт аюулгүй ажиллагааны олон технологитой хийгдэж байгаагаас гадна дотор салон болон гаднах дизайнийг нь бага зэрэг өөрчилсөн ажээ. Энэхүү камрри нь сонгодог классик болон спортлог загваруудыг шингээж хийгдсэн. Дээрээс нь мэдээж Toyota Safety Sense-ийн дэвшилтэт цахим аюулгүй ажиллагааны аппарат, жолоодлогын тусламжийн технологи нь стандартын дагуу бүтээгдсэн аж.

Энэ намар худалдаанд гарч буй Форд экспидишн автомашин нь технологийн хүч чадал сайтай, аюулгүй ажиллагааны технологи, драйверийн тусламжийн бүхэл бүтэн хувилбарыг агуулсан. Мөн Apple CarPlay болон Android Auto-г дэмждэг хамгийн сүүлийн үеийн SYNC 3 infotainment системтэй. Зургаан USB портуудтай бүгд бүхээгт байрладаг бөгөөд зорчигчид нь тусгай зориулалтын 4G LTE холболтоор өгөгдлийг татаж авдаг мөн Wi-Fi-т холбогдож болох ажээ.

Энэхүү алдарт загвар нь дахин дизайн хийгдэж илүү зоримог харагдах болсон. Гэвч гол өөрчлөлт нь урд хөдөлгүүрийн таганд нуугдаж буй. Учир юу гэвэл түүний гурван хөдөлгүүртэй турбо нь 1.6 литрийн turbodiesel хэмнэх боломжтой. Мөн шинэ бензин хөдөлгүүртэй турбо нь nine-speed автомат хурдны хайрцагтай.

Киа магадгүй өндөр үзүүлэлттэй спорт тэрэг үйлдвэрлдэггүй байх. Гэвч Америкт худалдаанд гарах Kia stringer Дэтройтын авто шоунд өөрийгөө харуулсан. Учир нь тус загвар хоёр мотортой сонголтыг санал болгож байгаа бөгөөд үүнд хос турбо бүхий 3.3 литрийн V6 хөдөлгүүрийг санал болгож байна. Тус автомашиныг 5.1 секундэд 62 км / цаг хүртэлх хурдыг гаргах хангалттай хүчтэй гэж тооцоолж байгаа аж.

Энэхүү шинэчлэгдсэн Ауди Q5 загвар нь шинэ үеийн загваруудаас илүү хурдан бөгөөд хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдал, infotainment технологийг ашигладаг. Мөн дөрвөн цилиндртэй турбо, долоон шатлалт автомат хурдны хайрцаг, 5.9 секундэд 60 миль хүртэлх хурдыг авах чадамжтайг нь бишрэх хэрэгтэй. Мөн тус тэрэг хамгийн сүүлийн үеийн Ауди технологийг ашиглан, 12.3-инчийн тохиргооны видео дэлгэц бүхий уламжлалт багажны самбарыг орлуулдаг Виртуал Cockpit-ийг ашигладаг. Аудитын MMI нь бүхэлдээ мэдрэгчтэй ба интерфэйс нь дуу, цэс гүйлгэх хүрд оролтоос гадна, гар бичмэл таних технологи ашиглан infotainment системийг хянах боломжийг олгодог юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

1500 тарваганы арьс тээвэрлэж яваад баригджээ

Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид 1500 тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсан гэмт хэрэгтнүүдийг саатуулжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэр ТЭЦ 4-ийн ойролцоох үйлдвэрийн замаар явж байсан микро автобусыг нууц ажиллагааны мэдээллийн дагуу өнгөрсөн сарын 31нд шалгасан. Шалгалтаар 1500 ширхэг тарваганы арьс тээвэрлэж явсан нь илэрсэн” гэсэн юм. Тарваганы арьс тээвэрлэж явсан хүмүүс “Бид энэ арьсыг

“Эмээлт” захаас авчирсан. Хятад хүмүүс л зөөгөөд өгчих. Мөнгө өгнө гэхээр нь тээвэрлэж явсан юм” хэмээн мэдүүлжээ. Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр хэргийг шалгаж байгаа цагдаа нар 1500 тарваганы арьс хууль бусаар худалдаж авсан хятадуудыг шалгах ажлыг хийж эхэлжээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа учир БНХАУын хэдэн иргэнийг шалгаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн өөр нэг үүсээд буй асуудал нь 1500 ширхэг тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсан гэмт хэрэгтнүүдийг Зөрчлийн тухай хуулиар 150 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх хуулийн заалттай аж.

Э.БААТАР