Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Нэгэнт шийдсэн юм бол Засгийн газрыг дэмжсэн шиг дэмжээд ажиллуулмаар байна

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

АН-ын бүлэг өчигдөр өглөө хуралдахдаа ямар асуудал хэлэлцэв. Сангийн сайдад тавьсан Ерөнхийлөгчийн хоригт танай намынхан байр сууриа нэгтгэж чадахгүй байна уу. Мөн хоёр талцаж хуралддагаа хэзээ болих вэ?

-Нэгдүгээрт, хоёр талцаад 32, 33-аараа хуралдаад байгаа асуудал байхгүй. Миний баттай мэдэж буйгаар 33-ын бүлэг хуралдаагүй байна. Миний хувьд бүлгийн хурал дээр зарчмын байр сууриа илэрхийлсэн. Одоо бол Засгийн газар, УИХ гэж хуваагдаж болно. Шинэ засаг бүрдээд ажлаа хийж эхлэх хугацаа болсон. Тиймээс УИХ шахаж шаардах эрхтэй. Сайд болсон гишүүд өнөөдөр улс төр хийх хэрэггүй, ажлаа л хийг. Кабинетын зарчмаар асуудалд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Ингэж чадахгүй бол сайд болсны хэрэг юу байгаа юм бэ. Хэн ч тэднийг сайдаар ажиллаач гэж гуйгаагүй. Өөрсдөө л сайд хийж чадна, ажиллая гээд ажиллаж байгаа. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газар нийтлэг эрх ашгаа хараад ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газар нэгдмэл байр суурьтай байж чадвал Ерөнхийлөгчийн хоригт асуудал үүсэхгүй гэж харж байгаа. Яахав хориг дээр нэг зүйлийг хөндөж тавьмаар байна. Юу вэ гэвэл нөгөө л бидний ярьдаг тогтолцооны асуудал. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд анх удаа нэг сайдад хориг тавьсан асуудал үүслээ. Үүнийг хэрэв хүлээгээд авчих юм бол бүр эвгүй нөхцөл байдал үүсэх гээд байгаа юм. Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг хувийн саналаар дэмжинэ.

Тэгэхээр 60 гишүүнтэй хуралдлаа гэхэд 20 нь дэмжээд кноп дарчихвал УИХ-ын олонхоороо шийддэг нөхцөл байдал байхгүй болно. Дараа нь дахиад төсөв дээр хэсэгчлэн хориг тавьчихбал 20 гишүүн хүлээгээд авчих магадлалтай. Цаашлаад Ерөнхий сайдад хориг тавиад эхэлж магадгүй. Ингээд явсаар нийт кабинетын 70 хувьд хориг тавьчихбал яах вэ. Энэ бүхэн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлээд УИХ-д танилцуулна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Тэгэхээр уг асуудалд бодолтой хандахгүй бол цаашлаад эвгүй нөхцөл үүсгэх боломж бүрдэнэ. Ер нь манайхны гол алдаа бол бид үеийн үед хоёр Ерөнхий сайдтай явж ирсэн. Нэгийг нь парламентаас сонгож байгаа. Нөгөөдөх нь ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нэртэй Ерөнхий сайд.

Уг асуудлыг одоо шийдэх цаг болсон. Нэг бол бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж шуударъя. Ер нь аль нэг сонгодог хувилбар руу оръё. Тэгэхгүй бол засаглалын хямрал яваад байна. Ерөнхийлөгчид төсөв байдаггүй. Тиймээс аргаа барахдаа Засгийн газарт чиглэл өгч байна. Тэр чиглэлийг Засгийн газар дагахгүй бол Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд ямар нэг байдлаар бойкот хийж эхэлдэг. Бодоод үз л дээ. Яагаад Ерөнхийлөгч бүр Ерөнхий сайдтайгаа муудалцдаг юм. Яагаад Ерөнхийлөгч гарч ирсэн намтайгаа эргээд муудалцдаг юм бэ. Энэ бүх зүйл хувь хүнтэй ямар ч холбоогүй. Ерөөсөө л тогтолцоо буруу байгаагаас ийм зүйл болоод байгаа юм.

-Уг нь танай нам 65-уулаа УИХ-д сууж байна. Тогтолцоог өөрчлөх боломж танайд бий. Гэтэл юун тогтолцоо өөрчлөхтэй манатай байгаа юм биш үү. Жишээлбэл өнөө өглөө (өчигдөр) танай бүлгээс хоригийн тал дээр ямар шийдвэр гарсан бэ?

-Хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гарсан. Харин бүлгийн шийдвэр хэрхэн хэрэгжих вэ гэдгийг УИХ-ын чуулганаас л харна. Чуулган яаж шийдэхийг хэн ч урьдчилж мэдэхгүй.

-Хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан юм бол яагаад Төсвийн байнгын хороогоо хуралдуулахгүй байгаа юм бэ. 32-ынхон байнгын хорооны хуралдаа орж ирэхгүй таван цаг хүлээлгэлээ. Ингэж дотоод асуудлаасаа болж улс орны ажлыг хойш татаж болж байгаа юм уу?

-Төсвийн байнгын хорооны мэдээллийг би тодорхой мэдэхгүй байна.

-Ер нь төсвийг энэ сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Зарим гишүүн хориг хүлээж авна гээд бойкотлоод байгаа юм биш үү?

-УИХ-ын гишүүд чуулган, эсхүл байнгын хорооны хуралд орохгүй байдлаар бойкот хийж болохгүй. Яагаад гэхээр 76-хан УИХ-ын гишүүн ажиллаж байна. Байнгын хороон дээр л гэхэд наймхан хүн хуралдаа орж ирэхгүй бол ирц хүрдэггүй. Тэр хуралд ороод эсрэг санал өгөх үү, дэмжих үү гэдэг хувь гишүүний бүрэн эрхийн асуудал. Харин хуралд орохгүй байна гэдэг хууль зөрчиж буй асуудал болчихож байгаа юм. Хэрэв тийм гишүүн байгаа бол нэрийг нь зарла.

-Хаврын чуулган хаалтаа хийснээс хойш МАН-ынхан ер нь ажил хийв үү. Танай намын гишүүд ажлаа хийж байгаа юм уу?

-УИХ болон Засгийн газрын гишүүд ажлаа хийгээд явж байгаа. Ажил хийж байгаа эсэхэд ард түмэн тэртээ тэргүй дүнгээ тавина. 2020 онд багцаар нь дүгнэх байх. Тэрний төлөө бүгд ажиллаж байна.

Энэ Засгийн газар ч гэсэн өмнөхөөсөө илүү сайн ажиллах байх гэдэгт итгэлтэй байгаа. Хууль хяналтын байгууллагад тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарч эхэлж байгаад би хувьдаа баяртай байна. Өөрөөр хэлбэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хийж буй өөрчлөлтийг зөв гэж харсан. Одоо үүнийгээ цааш лавшруулаад ажиллах хэрэгтэй. Хөгжлийн банк, Эрдэнэтийн асуудлыг яримаар байна. Удахгүй ирэх жилийн төсвийг хэлэлцэнэ. Нэлээн гэрэл гэгээтэй төсөв болох болов уу. Яагаад гэхээр ОУВС-д ороод тодорхой хэмжээнд эдийн засгийг сэргээхээр чиглүүллээ. Одоо бол улс орны хөгжил рүү хандсан зүйлийг хийх ёстой. Тэгэхээр төсөв дээр бойкот байдлаар хандаж болохгүй.

-Та бүхэн намаа бодсондоо бүлгээ хуваагдаагүй гэж хэлж байгаа байх. Гэхдээ бодит байдал дээр хоёр нам болж хуваагдах хэмжээнд очсон байгаа нь үнэн үү. Хэт олуулаа болсны зовлонг танай нам амсаад байна уу?

-Миний хувьд нэг л зарчмын байр суурь баримталж байгаа. УИХ, Засгийн газар гэдэг тусдаа бүтэц. Нэгэнт шийдээд Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжсэн юм бол дэмжсэн шиг дэмж. Адаглаад 100 хоносны дараа хариуцлагын асуудал ярь л даа. УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдахгүй байвал хуралдаа орж ирэхгүй гишүүдийг нийгэмд зарлах ёстой. Хэн, хэн гэж гишүүн яагаад, ямар шалтгааны улмаас хуралдаа орж ирэхгүй байгаа юм бэ. Энийг та очиж асуу. Тэдэнд байнгын хорооны хурлыг бойкотлох эрх байхгүй. Үндсэн хуульд монгол төрийн ажил тасралтгүй явагдана гээд заачихсан байдаг. Хэрвээ УИХ болон байнгын хороон дээр үүсээд буй асуудлыг зохицуулж чадахгүй бол УИХ-ын дарга огцрох ёстой. Хэн нэгэн субьект хариуцлага хүлээх нь зөв биз дээ. УИХ-ын дарга тэрийг зохицуулж гишүүдэд арга хэмжээ авч болно. Нэрийг нь зарлаж болно. Ийм байдлаар хандаад цааш явах хэрэгтэй. Хэрэв хоригийн асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол би улс төрийн дараагийн үйлдэл рүү орно.

-Ямар үйлдэл байх вэ?

-Тэр хуралдаа орж ирдэггүй гишүүдийн нэрийг зарлана. Бүр болохгүй бол УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудал хөндөнө.

-Нэг үгээр хэлбэл УИХ-ын дарга муу ажиллаж байна гэсэн үг үү?

-Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна. Энийг чинь ажлаа сайн хийж байна гэж үзэж болохгүй биз дээ. Засгийн газар төсвөө өргөн барьчихсан байгаа. УИХ үүнийг баталж өгөх үүрэгтэй. Хуралдах ёстой хурал нь хугацаандаа явахгүй бол яах ёстой вэ. Тарахаас өөр аргагүй.


Categories
мэдээ цаг-үе

С.Тулга: Азийн орнуудын нэр хүндийг олон улсын сагсан бөмбөгийн талбарт монголчууд тахалдаг. Үүнийг Азид нүүр бардам хэлж чадна

Монгол Улсад аравдугаар сарын 27-29-нд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр болно. Энэхүү тэмцээний талаар Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа.


-3×3 сагсан бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болж байна. Олимпийн эрхийн оноо олгох гэдгээрээ их ач холбогдолтой, чансаа өндөр тэмцээн болох юм байна.

-Манай улсад олимпод оролцох төрөл буюу 3×3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа нь багийн спортын түүхэнд бичигдэхээр том үйл явдал юм. Энэхүү тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна сагсан бөмбөгийн ноён оргил улсууд болох Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. Монгол, Япон, Хятад, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн гэсэн 15 орны эрэгтэй эмэгтэй багууд оролцоно.Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Япон, Бахрейны шигшээ багуудтай нэг хэсэгт орсон.Эмэгтэй баг БНХАУ, Шри-Ланкын багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ. Тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай улсын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо 18:30 цагт Бахрейны шигшээ багтай тоглож, 20:15 минутаас хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.Монголд болж буй энэхүү тэмцээнийг бид Дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж байгаа мэт явуулах болно.

-Таны хувьд монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэхүү тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?

-Манай багийн бүрэлдэхүүнд дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсаж буй дөрвөн тамирчин тоглож байна. Багийн спорт болохоор чансаанд дэлхийн сая гаруй тамирчид жагсдаг. Үүнд манай багийн тамирчин Дөлгөөн 79-д, Цэнгүүнбаяр 80-д, Дэлгэрням 97-д эрэмбэлэгдсэн. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг шиг бид бүхэн нягт зохион байгуулалттай тоглохгүй бол болохгүй ээ.

-3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа. Тийм болохоор манай багийн хувьд илүү давуу талтай байгаа болов уу..

-Эх орондоо болж буй томоохон тэмцээн уралдаанд оролцоно гэдэг мэдээж хэрэг хөгжөөн дэмжигчдээс эхлээд давуу тал их л дээ. Нөгөө талаараа тамирчдын сэтгэлзүй их савалдаг. Энэ нь сул тал болж байдаг. Үүн дээр бид бүхэн анхаарах болно. Энэхүү тэмцээнд оролцохын тулд эрх авдаг. Азид 50 гаруй улс бий. Үүнээс 12 орны эмэгтэй, эрэгтэй 12 баг эрхээ авч оролцож байна. Манай улсын хувьд эрэгтэй нэг баг эрхээ авч оролцож байгаа бол эмэгтэй баг маань зохион байгуулж буй орны давуу эрхээр оролцож байгаа юм.

-Сүүлийн үед манай улсад багийн спорт сайн хөгжиж байна. Тэрхүү хөгжлийн түүчээ нь монголын 3х3сагсан бөмбөгийн баг, тамирчид гэдгээ яах аргагүй өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаараа харуулж чадлаа шүү дээ.

-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахдаа олон улсын чанартай 16 тэмцээнд багаа дасгалжуулж, оролцжээ. Ингэхдээ бүх тэмцээнээс манай баг, тамирчид медаль хүртсэн байна. Дэлхийн шилдэг арван хоёр багийн мэргэжлийн тэмцээнд Монголоос оролцож байгаа нь үнэхээр үсрэнгүй том амжилт. Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн багт Сербийн гурван баг, Америкийн хоёр баг, Латвийн нэг баг ордог. Эдгээр багийн араас Монголын хоёр баг орж байгаа нь бид дэлхийд гараад ирчихсэн гэсэн үг л дээ. Хамгийн гол нь бид багийн спортоор зөв бодлого, зөв менежмент явуулбал монгол хүний онцгой авьяасыг дэлхийд харуулах боломжтой юм аа. Орчин үеийн сагсан бөмбөгийн спорт гэдэг тоглогч талбай дээр гараад дураараа тоглолт үзүүлэхийг хэлэхгүй ээ. Юм өөр болсон. Бүгд нэг удирдлага дор маш сайн зохион байгуулалттай, тактиктай, төлөвлөгөө боловсруулж тоглодог болсон. Хамгийн сайн төлөвлөгөөтэй баг л хождог.

-Та бүхний ирээдүйн зорилго мэдээж хэрэг ирэх олимпод оролцож, амжилт гаргах болов уу. Энэхүү багийн спортоор олимпоос медаль хүртэнэ гэсэн итгэлийг ард түмэн хүлээлгэж буй.

-Тэгэлгүй яахав. Манай багийн хувьд олимпод оролцож, медаль хүртэнэ гэсэн том зорилго тавин ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр манай эрэгтэй баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хамгийн шилдэг, чансаа өндөр багуудын эгнээнд жагсаж байна. Монголчууд “Багийн спортоор энэ яваа насандаа дэлхийн аварга, олимпод оролцож, медаль хүртэж чадахгүй” хэмээн ярьдаг. Харин бид энэхүү боломжгүй хэмээн төсөөлж байсан бодлыг нь амжилтаараа удаа дараа батлан харуулж, өөрчилж чадсан. Энэ тэмцээний үеэр дэлхийн шилдэг 20 багийг олон улсад зарлана. Үүнд Монголын баг 17 дугаар байрт орсон. Энэ бол үнэхээр монголын багийн спортын түүхэнд бичигдэх үсрэнгүй том амжилт юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд гаргасан амжилтаараа бид дэлхийн 192 орны багаас 30 дугаарт нь эрэмбэлэгдсэн. Олон улсын мэргэжилтнүүд Монголын багийн амжилтыг хараад “шоконд” орсон гэдгээ хэлж байна. 3×3 сагсан бөмбөгийн спорт олимпийн нэгэн төрөл болсон. Монголчууд олимпод топ гурван төрөл гэгдэх чөлөөт, жүдо, боксоор оролцож, амжилт гаргадаг. Тэгвэл одоо энэ маань топ дөрөв боллоо шүү гэж хэлээд байгаа юм. Бид энэхүү спортыг өдий болтол хөгжүүлэхэд цэвэр өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр, сэтгэл зүрхнээсээ ажиллаж ирсэн. Цаашид ч ажилласаар л байна.

-Олон улсын томоохон тэмцээнүүдийг харж байхад зарим улсын шигшээ баг гадаадын легионер тоглогчийг багтаа оролцуулж, тоглоод байсан. Энэ тэмцээнд Европ гаралтай тоглогчид ирэх үү?

-Энэ тэмцээнд Катарын баг гурван Америк, нэг Серби тоглогчтой байгаа. Улс орнууд өөр орны нэртэй тамирчдыг өөрийн улсын иргэншилтэй болгоод л оролцдог. Тийм болохоор гадаадын легионер тоглогчид оролцсон цөөнгүй хэдэн баг энэхүү тэмцээнд тоглож байгаа. Харин манайх зөвхөн өөрийн орны тамирчтайгаа тоглоно. Азийн орнуудын нэр хүндийг олон улсын сагсан бөмбөгийн талбарт монголчууд гаргадаг болсон. Үүнийг бид Азидаа нүүр бардам хэлж чадна. Япон, Солонгосын багууд Европын багуудтай энэ тэнцүүхэн тоглож чадахгүй байгаа. Харин ганцхан монголчууд яг дөрвөн монгол тоглогчоороо л ширүүн өрсөлдөж байна.

-Монголын сагсан бөмбөгийн хэсэг тамирчид ийнхүү эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж байхад нөгөө хэсэг нь үүнийг үгүйсгэх хандлага ажиглагдаад байгаа. Та бүхнийг олон улсад амжилт гаргаад ирэхээр холбоо болоод төр, засгаас хүлээн авч уулздаггүй гэж сонссон. Та бүхнийг яагаад улсаас дэмжихгүй байна вэ?

-Тэр үнэн л дээ. Олон улсад, дэлхийд өндөр амжилт гаргаж, монголынхоо нэрийг дуурсгаж байхад биднийг хэн ч тоодгүй. Манай багийн залуусыг хүлээн авч, уулзаад баяр хүргэчихвэл, тэр чинь их урам зориг болно шүү дээ. Гэвч тэгсэнгүй. Хүлээн авч уулзсангүй гээд бид гутрахгүй ээ. Бид олон улсад очихдоо улаан, цагаан, ногоон намаас оролцож байна гэж хэлдэггүй. Бид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс л оролцдог. Бид хэн нэгнээс юу ч гуйгаагүй. Манай төр, засгаас багийн спорт угаасаа хөгжихгүй, тийм болохоор мөнгө зарлагадах шаардлага байхгүй хэмээн үздэг. Энэхүү үзэл бодлыг нь бид өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаараа няцаасан гэж бодож байна. Бид гадаад руу тэмцээн уралдаанд оролцох гэж өөрсдөөсөө мөнгө гаргаж, амжилт гаргаад ирэхээр улсдаа татвар төлдөг. Хамгийн гол нь жил бүр төр, засгаас Монголын спортод зориулан төсөвлөх 10 гаруй тэрбум төгрөгнөөсөө эдгээр амжилт гаргаж яваа залуусд замын зардал байг гэхэд аяга хоолны мөнгийг нь өгчихөж болно доо. Гэтэл өөр зүйл рүү энэ их мөнгө зүгээр л алга болж байдаг.

-Та бүхнийг заал, танхим, бэлтгэл сургуулилтаар хангаж байх ёстой Спортын төв ордон хэмээх том газар бий. Гэтэл энэ ордонд нэг удаа ч гэсэн бэлтгэл хийж үзээгүй гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд Спортын төв ордны зааланд “Нарантуул” захынхан, эсвэл аль нэг хөрөнгө мөнгөтэй хүмүүс, байгууллагын хамт олон ирж тоглодог болсон байна. Гэтэл Монгол Улсын шигшээ баг тамирчдаасаа мөнгө цуглуулж, өөрсдөө хөрөнгө босгож зааланд гуйж тоглодог. Яагаад бид Монгол Улсын нэрийг гаргахын төлөө мөнгө төлөх ёстой юм. Мөнгө гаргаж бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцоно гэдэг үнэхээр хүнд байна. Гэвч бид эх орныхоо төлөө, Монголын багийн спортын төлөө ингэж явахаас өөр арга алга.Бидэнд тус болдоггүй юм аа гэхэд саад битгий болооч ээ. Ардын, Ардчилсан намын Монгол Улс гэдгийг спортоосоо авч хаях шаардлагатай байна. Спортод нам, засаг ямар ч хамаагүй шүү дээ. Анх 2007 онд Монголд сагсны лиг ч байхгүй, тэмцээн ч болдоггүй л байсан. Тэр үед ажилчин залуусын лиг гэх тэмцээнийг зохион байгуулж байлаа. Тэр тэмцээнээс хойш сагсан бөмбөг улс даяар өргөжиж, өдгөө монголд сагс тоглодоггүй хүн гэж байхгүй болжээ. Хамгийн гол нь тухайн үед Монголын сагсан бөмбөгийн спортын төлөө нэг ч зүйлийг хийгээгүй, алга болчихсон хүмүүс өдгөө гэнэт орон дээрээс унасан юм шиг аймаар идэвхжсэн. Бүгд л сагсан бөмбөгийн спортод худлаа хайртай, дуртай болж, өөрсдөө өдий хүртэл өргөөд аваад явчихсан мэт л дүр үзүүлдэг. Ийм баймааргүй байна. Одоо том эрх мэдэлтэй, баян хүний хүүхэд “Gаваа надаа энэ тоглоомыг аваад өгөөч” гэж байгаа юм шиг монголын сагсан бөмбөгийн холбоогоор тоглоом хийж байна шүү дээ. Уг нь хамтдаа цугтаа явъя гэхээр “Та нар энэ салбараас холд оо, хэн ч биш байж” гээд дайрдаг. Бид өдий хүртэл зовж босгосон амжилт, өдий хүртэл хөгжүүлсэн сагсан бөмбөгөө хэн нэгэн эрх мэдэлтнүүдэд харж байгаад л өгчихмөөргүй л байна. Өгөх ч үгүй. Нэг үе арьсан бөмбөгөөр амьдрал шийдэхгүй хэмээн ярьдаг л байсан. Харин одоо манай сагсчид энэ спортоор явснаар амьдралаа хэнээс ч дутахааргүй аваад л явчихаж байна. Тухайн тамирчин спортоороо амьдралаа аваад явна гэдэг тэрхүү спорт өндөр хөгжсөний илэрхийлэл юм болов уу. Манай улсын спортын топ төрлүүд гэгдэх чөлөөт, жүдо, боксийн шигшээ багийн тамирчид сард 400 мянган төгрөг л авч байгаа. Харин манай сагсчид нэг багт тоглоход 15-20 сая төгрөг авч байна. Энэ бол амьдрал шүү дээ. Манайханд нэг ийм юм байна. Спортоо хөгжүүлнэ гээд Спортын төв ордонд костьюм өмсөөд л яваад байдаг. Би үүнийг их гайхдаг. Манай монголын спортын салбар социализмын дэглэмтэй яваад байгаа юм. Өнөө үед хүний наймааг хуулиар зөвшөөрч байгаа ганцхан салбар бол спорт шүү дээ. Тийм болохоор спортоо дэлхийн түвшинд аваачих нь чухал. Сүүлд нь хэлэхэд сагсан бөмбөг спорт гэдэг ямар Оюутолгой, Тавантолгой юм уу. Тийм болохоор одоо энэхүү маргаан, нам, засаг гэсэн худлаа хийрхлээсээ болих ёстой. Хатуухан хэлэхэд манай Монголын сагсан бөмбөгийг дэмжих ёстой дээд байгууллагууд энэ спортыг яг л бэлгэвч шиг л ашиглаж байна. Ийм систем Монголын бүх салбарт л байна. Харин үүнийг цэвэрлэж чадсан нь сагсан бөмбөгийн салбар юм.


Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж

-“ХАВАР НАМРЫН ЦАСАН САРХИАТ ХАРЛАГ ТАХЬ ШИГ ЭРЭЭН УУЛ”-ЫН ТЭМДЭГЛЭЛ-

Шавь Т.Очирхүү, Д.Төрбат нарын хамт

Шартын давааны хөтөл дээрээс Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдоржийн онгод билгийнх нь оргил шүтээн Эрээн уулыг харж зогсном. Их найрагчийн элгэн уяхан сэтгэлээр асгаруулан дуулсанчлан “Хавар намрын цасан сархиат харлаг тахь шиг Эрээн уул” нь яг л дүрээрээ тосон угтлаа.Цэцэн билэгт найрагчийг өлгийдөн авсан өврийнхангайн Бүрд бол Монгол Улсын төв цэг, хүйс нь болсон нутаг сан билээ. Даваа уруудан уулын хормой руу түших үест зүүн урдтай Их Монгол, Бага Монгол хоёр их уул намрын оройн хөхөмдөг туяанд тодрон харагдана. Их Монгол уулын энгэрийн цагаан нуурын хойморт Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар мэндэлсэн түүхтэй.

Тэртээ 1639 онд Улаанбаатар хотын суурийг энэ нутагт тавьжээ. Их найрагч өөрийгөө Монголын нийслэлийн дархан иргэн хэмээн өргөмжлөөд “Миний хондноос өмнө зүгт богино өртөөчийн газар Монгол Улсын төв цэг, умар зүг хугас үдийн шогшоонд эртний нийслэл Хархорум бий. Тэгэхээр би яах аргагүй улсынхаа төв голомтыг олж унасан хүүхэд” хэмээн эрэмшдэг нь ийм учиртай ажгуу. Монгол нэртэй уулс, Их Монгол хэмээн улс даяар алдаршсан алдарт аварга Хасын Шаравжамц, басхүүмонгол овогтон сууж асан түүх судрын улбааг бодохуйд цээжинд үнэнхүү бишрэл төрмөөр ариун дагшин газар шороо санагддаг билээ.

Намар оройн сэтгэл шанздах хайлган цагаар их найрагчийн нутгийг үгийн урлагийн эрхэм нөхдийнхөө хамт зорино, хэмжээлшгүй баяр байх нь аргагүй.

“Энэ жилийн намар урт байна

Ээрэм талд хөх униар сэнсэрч

Энгэр газар хөв ногоо хэнзэрч

Энэ жилийн намар урт байна

Тэр жилийн намар шиг урт байна

Тэртээх алс хулангийн тоос шиг манарч

Тэнгэрийн хаяанд хуурай үүлс хулжсан

Тэр жилийн намар шиг урт байна

Алтан наранд хэлхсэн юм шиг

Ангир шар өдрүүд араас цувж

Айраг найр хоёроо барж ядсан

Ай даа мөн ч урт намар байж шүү

Удахгүй өвөлжөөнд танайтай айлсана гэхээс

Уулын толгой будраасай гэхэд будрахгүй

Усны шувуу буцаасай гэхэд буцахгүй

Уртын дуу шиг уянгалсан урт намар байж шүү…” шүлгийг нь уншиж зүрхнийхээ тольтод нулимстай явлаа. Хөдөө сургуулийн дунд ангийн сурагч ахуйдаа “Монголын шилдэг яруу найраг” номоо энэ шүлгийг олж аваад, дэвтэртээ сурагч бэхээр хуулж бичээд цээжилж байсан сан. Тэгээд Арцын Улаан хадны дээшээ Их Арцын амны битүү ширэнгэд адуугаа хайж явахдаа уул хадандаа цангинатал уншиж явсан жулдрай юм би. Тэрхүү дүр зураг нүднээ үзэгдэж, унаж явсан морины хөлс амтагдах шиг болсон.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, Сүрэнхорлоо нарын хамт

“Урт намар”-аас улбаалан өнөө алдар суут “Чингис”, “Тусгаар тогтнол” шүлгүүд, “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан Богд” найраглалуудыг нь уншиж, ёстой л монгол найргийн гал дөл, үгийн урлагийн охь дээжсийг ханатал амсаж, жинхэнэ Пүрэвдоржоор өвчилж явсаан. Түүний эдгээр бахдам шүлэг найргийг нь цээжлээгүй, зүрхнийхээ чандад хадгалаагүй монгол хүн гэж үгүй болов уу.

Бүрд сумын төвийг зорьж яваа найрагчдын унаа алдарт Шарлингийн хөндийг огтлон, захаараа нимгэхээн болортон зайрмагтсан голыг нь гаталлаа. Энэхэн агшинд “Шаварт сайрын

Шар устай

Шандын голыг

Шарлин гэнэ

Хал үзсэн

Хадны хайлаас шиг

Хар өвгөнийг

Хас гэнэ

Хас гуайг унахад нь

Шарлингийн усаар угаасан гэнэ

Хас гуайг босоход нь

Шарлингийн усаар ундалсан гэнэ

Хар Хасыг угаалаа гээд

Шар Шарлин хар бололгүй

Шар усыг нь уулаа гээд

Хар Хас шар бололгүй

Өчнөөн жил

Өлзийгөө өгөлцөн

Өвгөн гол хоёр

Өөдөлж яваа юм…” хэмээн эхэлдэг монгол ханхалсан нүнжигт зохиол санаа бодол харван орж ирж байна. “Пүрэвдорж нэгэнтээ Монголын яруу найргийг Дашзэвгийн Сэнгээ үнэн амьдрал руу, Явуухулан уянга руу, Лхагвасүрэн ухаарал руу оруулсан гэж хэлсэн. Энэ дундуур өөрийг нь урлах руу гэж нэммээр санагдана. Энэ найрагч шиг цэцэн билэгтэй үгийн чөмгөнд урлаж бичдэг зохиолч Монголын уран зохиолын түүхэнд хорьдугаар зуунд гараагүй гэхэд нэг их хилсдэхгүй. “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Хөх даалимбан тэрлэг” зэргийг сор бүтээлүүд нь гэж үздэг хэдий ч “Шарлингийн хар Хас” найраглалыг монгол хүний ур ухааны хосгүй гүйцэтгэл гэж би хувьдаа боддог. “Шарлингийн хар Хас” найраглал нь Дэндэвийн Пүрэвдоржийн оргил бүтээл бөгөөд төгс төгөлдрөөрөө Микеаланжалогийн барималтай адилтгаж тодотгосон юм.

Энэ хүн Оросын гайхамшигт яруу найрагч Евгений Евтушенко, Андрей Вознесенский нартай нэг жилтэй бөгөөд амьдрал нь мөн тэдэн шигээ магтаалтай зэмлэлтэй, шагналтай шийтгэлтэй, нөхөртэй дайсантай “яруу найрагч хутганы ирэн дээгүүр ч өсгийгээрээ явж чадах”-ын бодит жишээ” хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолын нэрт мастер Ишдоржийн Цэрэнжамц хэлж билээ.

Пүрэвдорж гуайн ижий долоон хүүхэд төрүүлснээс эхний таван бүсгүй нь нярайдаа эндсэн юм гэдэг. Хоёр хүү тогтсоны том нь Пүрэвдорж, бага нь одон бөмбөгийн дасгалжуулагч Санжмятав.

“…Агтын зоонд цан хярсан

Арван тавны цагаан шөнө

Ангир сайхан ээжээн чилээж

Алгахан зайд чинь төрсөн билээ

Хажуу худгийн буурал хондонд

Хана шийрэлсэн буурь минь бий

Хүн төрлөө чамтай холбож

Хүй дарсан чулуу минь бий

Торойх тэрхэн чулуун дээр

Тоонын нүд шиг тэнгэр бий

Тоонын нүд шиг тэнгэр дунд

Тогтоож харсан од минь бий

Туяат тэрхэн одны дор

Тулгын дөрвөн чулуу бий

Тулгын дөрвөн чулуу тойрон

Туулайн бөжин мөр минь бий

…Эрээн ууландаа эзэн суусан

Хонгор ээжийн хүү билээ би

Эрээн уулнаас элэн ниссэн

Хоёр хараацайн нэгэн билээ би…” хэмээн бичсэн нь үнэн юм.

Алаг нүдэн Дашдорж хэмээх аав нь цас будагнасан тэр нэг өдөр орхиод явсан харууслын зураг намтарт нь бий. Тэр тухайгаа “1939 оны намар манайх Хотонт сумын нутагт шилжин сууж би ч нэгдүгээр ангид оров. Хотонтод манайх сумын дарга Дашдэндэв гуайнхтай нэг хашаанд. Гэргий нь Долгормаа гуай гэж сайхан зантай буриад эзэгтэй. Хоёр гэрээрээ орж гаран хоол ундаа хувааж эвт айлын хаяа нийлж хавар болгов. Би нимгэн дэвтэр, бал харандаагаар шагнуулаад хөл хөөрцөг болон гэртээ иртэл манайх нэг л биш ээ. Аав явах гэж байгаа бололтой. Миний шагналыг аав ээж хоёр нэг нэгээр нь авч байна. Аав намайг үнсээд, аав нь явлаа, аймгаас дуудсан хаана очихыг мэдэхгүй. Их удаан явах байх. Миний хүү ээжийнхээ үгэнд сайн орж, их номтой хүн болно шүү гэлээ. Гадаа цас будраад л. Аав хурдан буугаа үүрч, ээж хойноос нь дээж өргөөд хоцорлоо. Аавын бараа бурангуй тэнгэрт уусан шингэв. Орой нь манай хамар хашааны Дум хөгшин орж ирээд дүү бид хоёрын толгойг илснээ “Довдмаа минь, чи мөн ч арилсан дотортой хүн юм даа. Хоёр хүүхэдтэй чинь хаяад явж байгаа хүний хойноос сүү өргөөд хоцорч байдаг” гэхэд ээж “Яах вэ. Алт шиг хоёр алаг үр хайрлаад явж байгаа хүний зам нь өлзийтэй байг дээ, хөөрхий” гэж билээ. Би аавын бүр явсныг мэдээд годхийн гарч дуганын модон дээр газар шагайн суусаар харанхуй болгов. Ийнхүү манай амьдрал Хотонтын төвийн сайхь дуган мэт нуран унаж билээ. Хожим нь томчуулын ярианаас аав минь нөгөө айлын буриад эгч Долгормаатай нийлээд удаа ч үгүй салж, тэгээд хот руу явчихсныг там тум сонссон. Хар багын хань ижил, үр хүүхдээ орхиод аав минь жаргахаасаа зовох нь илүү байсан юм билээ. Эр хүн би хорвоогийн энхэл донхолд ядрах, задрах аль алиныг үзсэн хойноо аавыгаа өрөвдөж, хайрлаж яваад өөд болгосон” гэж өгүүлсэн байна. Сүүлд аав нь Гайтав, Ванган, Явуу, Эрдэнээ гээд олон зохиолчдыг хүү шигээ хүндэтгэн хайрлаж, тэд нь хамт ууж идэж, сэтгэл сэржим хоёроо хуваалцсан хүний л амьдралын хар цагаан түүхч байдаг юм билээ.

“Үүрийн цагаан туяа юу

Амар сайхан тал байна

Үерийн усны шаагиа юу

Амуу тарианы шаргиа байна

Санасан зорисон хэрэг бүтэх

Алтан шар зам тийшээ байна

Сайхан учрал зэрэг бүрдэх

Аяны жолоо дээшээ байна

Үүлсийн тэнгэр чөлөө юү

Уулсын цэнхэр даваа байна

Холын одны дохио юу

Талын хотын гэгээ байна…”,

“Сайхан аав сүргээ баяжааж

Саальчин ээж сүүгээ бялхааж

Найман зовхист хотлоор нэгдээд

Намайг чамайг нааш ир гэж байна

Залуу найзаа замд гаръя

Заавал тийшээ хамт явъя

Анхны шангаар үр амилж

Атрын шимээр түрүү өргөж

Намрын тал тариа атгаад

Намайг чамайг нааш ир гэж байна…” хэмээн Пүрэвдорж гуайн аян замын ерөөл шингэсэн дуунуудыг нь дуулсаар Шарлингийн голыг нь гаталлаа. Эл эрхмийг аян замд алжааж ядарна гэдгийг мэддэггүй араагаа гартал тас тас хөхөрч, амандаа гал зуусан бүргэд шиг явдгийг хэн хүнгүй л дурсдаг. Дуу гэснээс анхны бүтээл нь “Алтан намар” дуу гэдэг. “Алтан гургалдай” Аюушийн Загдсүрэнгийн хоолойд тааруулж бичсэн гэдэг. Театрт ороод Ванганы захиалгаар бичсэн юм гэнэ лээ. Захаас ямааны гурвын шалдан хаа авч шөлөнд нь шар будаа хийж буцалгаад, чихнийх нь хөлс дусагнасан тэр орой ижийнхээ галын дэргэд уг шүлгээ бичжээ. Тэгэхдээ Дашийн Мяасүрэнгийн аялгуунд зохируулж бичсэн байна. Ингэж л “Алтан намар”уран бүтээлийнх нь хараацай болон нисч, анхны шагнал болох хоёр зуун төгрөгөөр дотоод үйлдвэрийн хоёр хар чемодан авч байснаа найрагч бахархан дурсдаг.

Театрт орсон тухай нь сөхвөл, аавынх нь дүү Намжил тухайн үеийн Гэгээрлийн яамны орлогч байжээ. Пүрэвдорж гуайг шүлэг найраг оролддог гэж дуулаад театрын дарга Нямын Цэгмид гуайд аваачиж өгчээ. Алдарт “Богд” буюу Цэгмид гуай уран сайхны удирдагч Ламжавын Вангантай уулзуулсан байна. Өөрийнх нь хэлснээр театр руу үзэгчдийн хаалгаар бус жинхэнэ амьдрал өрнөж байдаг тэр талаас нь орж явчихаж. Хаана л бол дуулсан хуурдсан, будсан шунхадсан дуурь жүжиг сургуулилсан улс байх нь мэдээж.

“Тэнд халхын цоохор Цогт, энд Арслан тайж, Хулан хатан, наана нь Гүенбаатар, цаана нь Улаанмалгайт… дүрээрээ сүрдэхээс яах юм. Хийлч Цэрэндолгор урлангийнхан “Эно” гэдэг Эрэнноров ч байж л байсан. Нансалмаа ч болдог Хоролмаа ч болдог Пүрэвсүрэн ид гаарч байсан үе. Загдсүрэн, Цэвэлсүрэн хоёр гоцлож эхэлж, ардын жүжигчин Гантөмөр гэж шовх улаан хархүү театрын үүд дөнгөж татаад байлаа. Ичинхорлоо гуай, Хандсүрэн гуай бөөн намба. Цул авьяас баахан нэр хүнд заларч харагддагсан даа. Л.Намхайцэрэн, Л.Гаваа, Б.Дамдинсүрэн,С.Гончигсумлаа эд залуухан, театрын хаалгыг онголзуулдаг банди нар нь гэхэд хойно сурч байсан Л.Мөрдорж, Ц.Намсрайжав, Д.Лувсаншарав гээд бодохгүй юу” хэмээн ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтойгоо хүүрнэсэн яриа нь Цоодол найрагчийн “Шар тэмээний нутаг” номонд байдаг сан.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Халловены баярыг тэмдэглэхэд төр засгаас анхаарч баймаар юм” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн билээ. Чуулганы мэдээллийг манай сонины тэргүүн нүүрэнд хэвлэгдсэн “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нар идэж ууснаараа дуудалцан, худалч хулгайчдаа тулав” сурвалжилгаас хүлээн авч уншаарай.

УИХ-ын хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ширүүхэн маргалдсан юм. Нэг нэг рүүгээ элдэв үг шидэлцсэний дараа Ж.Мөнхбат гишүүн чуулганы танхимыг орхин гарах үед түүнээс тодруулга авсан, улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгдсэнийг сонирхон хараарай. Тэрээр “Би казиногоор орж гардаг байсан нь үнэн” хэмээн хэлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Гансаруулын “Халловены баярыг тэмдэглэхэд төр засгаас анхаарч баймаар юм” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Д.Трамп: “Ногоон карт” сугалаат хөтөлбөрөөс “ангижрах” хэрэгтэй гэв” мэдээг онцлон үзээрэй.

1986 онд нутаг нутгаас ирсэн хүүхдүүд МУИС-ын математикийн ангид элсэн орсон байна. Уг анги нь “Онц сурлагатнууд, Ардчилсан хөдөлгөөнд оролцогчидтой математикийн тавын “А” ангийнхан” хэмээх тодотголтой болжээ. Ийм мундаг нэг ангийнхны түүх арван хоёрдугаар нүүрэнд хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы арван гуравдугаар нүүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазартай хийсэн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр “Ээжийгээ мөнх байх юм шиг санаж ганц дүрс аваад хоцорчхоогүй л байгаа юм даа” гэж онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журамд нэмэлт өөрчлөлт орууллаа

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМД  НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийх шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлүүлэхээр боллоо.

Categories
гадаад мэдээ

Английн багууд аваргуудын лигид илүүрхэж байна

Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөвдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Тэмцээний “E”хэсэгт багтсан аваргуудын лигийн таван удаагийн аварга Английн Ливерпүүл “Энфилд” цэнгэлдэхдээ Мариборыг хүлээн авч 3:0-ээр хожсон байна. Улаануудаас энэ удаа Сала, Жан, Старриж нар гоодсон юм. Хэсгийн нөгөө тоглолтод Севияа Спартак Москваг 2:1-ээр хожсон юм.

“F” хэсэгт “Манчестер сити” “Наполи”-г талбайд нь 4:2-оор хожсон юм. Ситигээс энэ өдөр Отаменди, Стонес, Агуэро, Стерлинг нар гоолдсон бол Наполигоос Инсинэ Фрело Фило гоол оруулсан байна.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн

Бешикташ 1:1 Монако

Порто 3:1 Лейпциг

Бориусса Дортмунд 1:1 Апоэл

Тоттенхем 3:1 Реал Мадрид

Одоогийн байдлаар аваргуудын лигийн мэргэн буучдын жагсаалтыг Реал Мадридын Кристиан Роналдо зургаан гоолтойгоор тэргүүлж байгаа бол Тоттенхемийн Харри Кенэ таван гоолтойгоор удаалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 12а ангийнханд проектор, дэлгэцийн хамт гардуулж өглөө

Засаг дарга 12а ангийнханд проектор, дэлгэцийн хамт гардуулан өглөөСүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр 16 дугаар сургуулийн 12а ангийнханд проектор, дэлгэцийн хамт гардуулан өгөв. Энэ үеэр Засаг дарга “Та бүхэн хэдхэн сарын дараа сурагчийн ширээнээс оюутан болно. Хүүхэд бүр өөр өөрийн хүссэн мэргэжлээр суралцана. Мэргэжлээ маш зөв сонгоорой. Энэ бол хамгийн чухал сонголт” гэдгийг захилаа. Хоёр жилийн өмнө дүүргийн 50 жилийн түүхэн хөгжлийн тухай дурсамж хичээлийг тус ангийнханд заасан. Энэ үеэр хичээлд нь нэн шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн өгөхөө амласан аж. Амлалтаа ийнхүү биелүүлж, 12а ангийнхны хүсэлтээр Засаг дарга хувиасаа EPSON брэндийн проекторын иж бүрдлийг хүлээлгэн өгч, хичээл сурлагад нь өндөр амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сургуулиуд олимпийн хөдөлгөөнийг сурталчилна

Ерөнхий боловсролын сургуулиуд олимпийн хөдөлгөөнийг сурталчилнаСүхбаатар дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн захиралуудад “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Болзолт уралдааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд олимпийн танхимыг тохижуулж, олимпийн хөдөлгөөний түүх сэдвээр бага, дунд, ахлах ангийнхны дунд гар зургийн болон шүлэг, эссе бичлэгийн уралдаан зарлах, биеийн тамирын материаллаг бааз, орчин нөхцлийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Монгол Улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан таниулах, сурагчдад бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан өчигдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд хоёр үе шаттай болох юм. Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Categories
мэдээ нийгэм

‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хүүхдэд ээлтэй ‘’Баянзүрх’’Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ. НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд олгох, чанартай сургалтын орчинг бий болгох, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зэрэг зорилготой билээ.

Тэгвэл өнөөдөр ‘’Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ зорилтын хүрээнд 2017-2018 онд Баянзүрх дүүрэгт хэрэгжих үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Т.Баясах болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурийн төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн Б.Тунгалаг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Дашрамд мэдээлэхэд Улаанбаатар хотын 10 хүүхэд тутмын 1 нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Дүүргийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 74,4 хувь нь хамрагдсан бол Ерөнхий боловсролын сургуульд 99,8 хувьтай хамрагдаад байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн удирдлагууд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулж, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хэрэгжүүлж буй бодлогоо үргэлжлүүлж, хүүхдэд улам ээлтэй дүүрэг болохоо илэрхийллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд 150 дугаар ангийн алба хаагчид нэгдлээ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Эерэг амьдарцгаая уриатай” их хотын соёлыг түгээх “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяныг энэ оны аравдугаар сараас эхлэн “Эрдэнэ тав баг” ТББ-тай хамтран өрнүүлж байна.

Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ГБХЗХХ-тэй хамтдаа “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”-ыг сурталчлан таниулах үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 150-р ангийн 300 гаруй алба хаагчдын оролцоотойгоор зохион байгууллаа. Тус аяны урианд нэгдсэн алба хаагчид зөв арван дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм.

Энэхүү аяны хүрээнд зохион байгуулж буй цуврал сургалтуудад нийслэлийн 9 дүүргийн 1630 гаруй иргэн, оюутан залуучуудыг өргөн хүрээтэй хамруулж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.