Баянгол дүүргийн XI хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:47 цагт ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах X анги ажилласан байна. Дуудлагын дагуу очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай нэг тонн багтаамжтай дөрвөн ширхэг халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар X ангийн II тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Үүнээс хордсон байж болзошгүй дөрвөн сартайгаас найман насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ
Month: October 2017
Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг энэ сарын 7-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ.
Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын А/686 дугаар захирамжийг хэрэгжүүлэх болон Монгол Улсын нийслэлийн өдрийг иргэдэд сурталчлах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулахад оршино. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, холбоод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спорт клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын тэмцээнд оролцогч иргэд, Геронтологийн Үндэсний төвийн хамт олон зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцох юм.
Иргэдийн дунд дараах тэмцээн, уралдааныг зохион байгуулна.
- Дугуй
- Сагсан бөмбөг
- Хөл бөмбөг
- Экстрим
- Шатар
- Үндэсний ширээний шагайн наадгай
- Ширээний теннис
- Гэр бүлийн буухиа
Мөн спортын төрлүүдийн чөлөөт үзүүлбэрийг талбай дээр зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шинэ хичээлийн жилийн эхний өдрөөс л оюутнууд “Номын сан хэзээ нээгдэх вэ?” гэж өдөр бүр асууж, хүлээж байна. Эрдэмд шамдсан залуусдаа дуулгах сайхан мэдээ байна. Номын сан аравдугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээлтээ хийхээр бэлтгэлээ хангалаа.
2014 онд номын сангийн барилгын шавыг нь тавьж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж, 16 тэрбум төгрөгөөр босгосон номын шинэ өргөөний 6 давхар шилэн барилга нь МУИС-ийн хичээлийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэв. Аливаа их, дээд сургуулийн хөгжлийн хэмжүүр, нүүр царай бол номын сан байдаг. 75 жилийн түүхтэй МУИС-ийн Номын сан 2017-2018 оны хичээлийн жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд нүүн орж, МУИС төдийгүй Монголын дээд боловсролын салбарын номын сангийн нүүр царай болохуйц эрдэм шинжилгээ, сургалт-судалгааны түшиц номын сан- мэдээллийн төв ийнхүү нээгдэж байна.
Номын сангийн шинэ барилгын В1 давхарт номын фонд, архив, 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр Brandshop, Coffeshop, 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, катологийн өрөө, лекцийн танхим, 5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлажээ.
Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим, болон багаар ажиллах өрөөнүүдтэй. Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтайгаас гадна оюутнууд суух чөлөөт орчин, тохь тухтай зай талбайг давхаруудад байгуулсан байна.
Номын сан 360 000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллана. МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд СиСи-д бүртгэлтэй үнэмлэхээр номын санд үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой.
Цаашид номын сангийн үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулахын тулд технологийн шинэчлэл хийх, бүрэн автоматжуулалтын RFID технологийг нэвтрүүлж, үйлчилгээг улам боловсронгуй болгох, зорилт тавин ажиллаж байна.
МУИС-ийн номын сангаас өөрийн харъяалалын бус уншигчдад үйлчлэх боломжийг судалж байна. Бидэнд урд нь гадны хүмүүст үйлчлэх боломж байгаагүй бөгөөд манай номын сангаар үйлчлүүлэх сонирхолтой хүмүүс багагүй байдаг. Иймд номын сангийн ачаалалаас хамааран хэрвээ боломж олдвол биднийг зориод ирсэн гадны хүмүүст тодорхой нөхцөлтэйгээр үйлчлэх боломжийг бүрдүүлэх зорилготой байгаа.
Мөн МУИС-ийн оюутнууд шалгалтын үеэр номын санд уртасгасан цагаар үйлчлүүлэх их сонирхолтой байдаг. Иймд ид шалгалтын үеэр МУИС-ийн оюутнууддаа зориулаад нэг уншлагын заалыг гарган, шөнөөр хичээллэх боломжийг бүрдүүлэх талаар бид төлөвлөж байгаа. Энэхүү төлөвлөгөө маань 24 цагийн номын сан бий болох гэж байгаа мэтээр ташаа мэдээлэл нийгэмд цацагдаад байгааг залруулая гэж тус сургуулийнхан ярилаа.
Энэ жил Улаанбаатар хотод хэд хэдэн ОУ-ын чанартай тэмцээн уралдаанууд болохын нэг нь Сонирхогчдын бодибилдинг фитнесийн ДАШТ юм. Ес дэх удаагаа зохиогдож байгаа уг тэмцээнийг Монгол Улс анх удаа хүлээн авч байгаа бөгөөд нийт 400 гаруй тамирчин оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа аж.
Дэлхийн бодибилдинг фитнесийн холбоо (WBPSF) –с тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд өөрийн гишүүнчлэлтэй 134 орны баг тамирчдыг нээлттэйгээр оролцуулдаг уламжлалтай.
Энэ жилийн тэмцээнд оролцогчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насны ангилалаар, 42 багц медалийн төлөө өрсөлдөх аж. Шагнал урамшууллын хувьд ангилал тус бүрийн ялагчдыг тодруулахаас гадна фитнес модель, бодибилдинг моделуудыг тодруулах юм. Tэмцээний гол шагнал нь Mr Universe юм. Энэхүү шагналыг бүх жингийн аваргууд дундаас тодруулдаг бөгөөд ДАШТ-ий хамгийн нэр хүндтэй шагналд тооцогдоно.
Ес дэх удаагийн Сонихогчдын бодибилдинг фитнесийн ДАШТ маргааш Улаанбаатар Палас цогцолборын их танхимд эхлэх бөгөөд гурван өдөр үргэлжилнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
2. Мөн давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашиглахаар ОУВС-тай урьдчилан тохиролцсоны дагуу төсөвт тодотгол хийх шаардлага үүсчээ.
3. Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн аж.
4. Өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах шаардлагатай болсон.
5. Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгахаар байна.
6. Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шилжүүлэх” концессын төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахаар байгаа.
7. Дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ийн 0.5 хувиар сайжирч ДНБ- ий -9.9 хувь болж сайжрахаар байгаа тул тодотголыг өргөн барьсан байна.
Дорнод, Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Баянцагаан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 18:35 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт “Баян Сэмитал” ХХК-ийн эзэмшлийн 62-93 УНҮ улсын дугаартай “Пикаб” загварын хагас ачааны автомашин шатсан байна.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Ар толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 19:00 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт иргэн Б-гийн 700 боодол өвс, Э-гийн эзэмшлийн 66-29 ДОР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин шатсан байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Баруун бунхан” гэдэг газархээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 33 иргэн, нийт 57 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.05-ны өдрийн 07:05 цагт бүрэн унтрааж, тус сумын ИТХ-ын даргад хүлээлгэн өгчээ.
Өнөөдөр “Дэлхийн багш нарын өдөр”.
ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон 1994 онд зарласан билээ. 1966 оны энэ өдөр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж (Special Intergovernmental Conference on the Status of Teachers) “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг (The ILO/UNESCO Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргасан юм. Уг зөвлөмж нь багшийн мэргэжлийн олон улсыг стандартыг тодорхойлсон бөгөөд хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх чухал эрх зүйн баримт бичигт тооцогддог. Мөн 1997 оны 10 дугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 29 дүгээр чуулганаар “Их дээд сургуулиудын багшлах боловсон хүчний статусын тухай зөвлөмж”-ийг (The UNESCO Recommendation concerning the Status of Higher-Education Teaching Personnel) батлан гаргасан байдаг.
Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг юм. Мөн багш нарын өмнө тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхийг хичээж буй мөч билээ.
Энэ өдөр Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос МҮЭСТО-нд Монголын багш нарын Онц их хурал зохион байгуулах юм. Онц их хурал 09:00 цагт эхэлсэн байна. Мөн өнөөдөр15:00 цагт Монгол багш нарын Онц их хурлын төлөөлөгчид Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийх аж.
Багш нар цалингаа 1.6 сая төгрөг болгох шаардлага тавиад байгаа билээ.
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Тэрбээр чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэв.
Харин төгсгөлд нь нэг ноцтой үг хэллээ. У.Хүрэлсүх сайд “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэж өөртөө итгэлтэй тодотгов. Эндээс түүний амь насанд хэн нэгэн заналхийлсэн байж болзошгүй гэж ойлгогдоод байна. Хэрэв У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болох юм бол амийг нь хорооно шүү гэж сүрдүүлсэн бололтой. Манай улсын түүхэнд Ерөнхий сайдаар томилогдох гэж байсан хүнийг урьд өдөр нь хөнөөсөн харамсалтай үйл явдал болж байсан. Одоогоос 19 жилийн өмнө С.Зориг агсны нэр Ерөнхий сайдад яригдаж байхад зохион байгуулалттайгаар амийг нь бүрэлгэсэн хэргийг ард түмэн одоо ч мартаагүй. Энэ өнцгөөр харвал У.Хүрэлсүхийн хэлж байгаа үг үнэмшилтэй юм шиг сонсогдоод байна. Тэгвэл түүний амь насанд хэн халдах гэсэн юм бол. Сөрөг хүчний хувьд эрх баригчдын аль тал нь засгаа удирдаж, хэнийгээ томилох асуудал огтоос падлийгүй.
Ерөнхий сайдыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлээд дуусангуут огцорсон тал буюу МАН-ын “32-ын бүлэг” хамгийн түрүүнд мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдыг зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал” гэж хэлсэн. Тэд Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцоогүй гэдгийг цөм мэднэ. Гэхдээ Төрийн ордонд байсан юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг индэр дээрээс ноцтой үг хэлсний дараа “32-ын бүлэг” яагаад гэнэт гарч ирээд мэдэгдэл хийх болов. Ерөнхий сайдын амь насанд халдана гэсэн заналхийлэл энэ 32-ын бүлэгт байсан юм биш биз гэж хардагдахаар байна. Тэд Ерөнхий сайдын “Амиа алдахаас айхгүй байна” гэж тодотгосон үгийг айхавтар эмзэг хүлээн авч байгаа бололтой.
У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын хооронд хувийн тохироо байдаггүй л юм бол зарчимсаад байх асуудалгүй баймаар юм. Сонгуульд ялалт байгуулж УИХ-д 65 суудал авч олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөр бэлээхэн байгаа. Энд эрх баригчид сонгуульт хугацаандаа ямар бодлого, зарчмаар ажиллах тухай тов тодорхой тусгаж ард түмний саналыг авсан биш бил үү. Гэтэл өнөөдөр юун бодлого, зарчим алдагдах тухай яриад эхлэв ээ. Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөр нь хэнд ч хэрэггүй зүйл байсан юм уу. Тэрхүү зарчим бодлоготой “32-ын бүлэг” тохиролцохгүй гэх юм.
Энэ бүгд мань эрийн амь насанд заналхийлэл болох уу. У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд болох гэж яаравчилсан тал бий. Үнэхээр түүний амь настай холбоотой асуудал байгаа бол тагнуул, цагдаагийнхны шалгаж, тогтоох ажил. Харин У.Хүрэлсүх одоо Засгийн газрын тэргүүнээр томилогдож, Төрийн хамгаалалтад орсон болохоор юу юугүй түүх давтагдчихгүй байх л даа.
Ер нь Засгийн газрыг хуулийн хугацаанд нь байгуулж чадахгүй бол УИХ тарах ёстой. Улс төрийн өрнөлөөс харахад МАН ард түмний биш өөрсдийнхөө төлөө гүйлдэж байна. Байгаа зарчмаа үгүйсгэцгээлээ. Нөхцөл байдал тийм ноцтой хэмжээнд хүрсэн бол дахин улс төрийн аллага болохоос өмнө энэ Их хурлыг тараамаар юм. Хоолоо олж идэхийн төлөө нэгийгээ хөнөөгөөд юухэв дээ.
Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар мэндчилгээ дэвшүүллээ.
Уг мэндчилгээнд, “Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадууд та бүхэндээ , Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон өсгөж хөгжүүлэхийн төлөө эрдэм боловсрол, авъяас билиг, хүч чадлаа дайчлан ажиллаж буй Та бүхний улсынхаа хөгжил дэвшилд оруулж байгаа хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдэг билээ.
Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа ХХ1 зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхэндээ эрүүл энх, санаачлагч, бүтээлч байж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан үйлстээ улам өндөр амжилт олохыг хүсэн ерөөе” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулж өгөв.
ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Орос-Монголын хамтын ажиллагаа” эдийн засгийн форумыг удаа дараа амжилттай зохион байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.