Categories
мэдээ цаг-үе

А.Эрдэнэбаяр: Эрх зүйн чадамжгүй энэ парламент тарах ёстой

“Өдрийн сонин”-ы 2017.09.28-ны пүрэв гаригийн №210(5777) дугаараас авч нийтлэв.

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Иргэний нийгмийн байгууллагууд эрх баригчдаар Үндсэн хуулийг батлуулахгүй байх саналыг илэрхийлэх боллоо. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг явуулж байгаа энэ цаг үед та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол Улс Үндсэн хуулийг батлахын өмнө 1990 онд 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суурь зарчмын өөрчлөлт хийсэн. Харин 1992 онд Үндсэн хуулиа өөрчилж, ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчилсэн төдийгүй энэхүү өөрчлөлт нь үндсэн хоёр агуулгатай ба эхнийх нь төрийн тогтолцоо, дараагийнх нь өмчийн харилцааг өөрчилсөн явдал байлаа. Гэтэл өнөөдөр энэ үндсэн хууль маань одоо цаг үедээ таарч, тохирч байгаа эсэх нь олон зүйл дээр эргэлзээ төрүүлж байна. Бидний оюуны тэжээл болсон “Үндсэн хууль нь нийгмийн ухамсрын толь болсон хууль байх ёстой”- гэж би үздэг. Тэр үүднээсээ бусад хууль тогтоомжууд ард иргэдийн төлөө үйлчилсэн байх ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх гэвэл бид ойлголтоо нэг болгох сайн харж, сайн бодох л шаардлагатай. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан. Одоогийн энэ Үндсэн хуульд УИХ-д суудалтай 76 хүн гар хүрэх эрх байхгүй. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар гадны нөлөө орох гэж байна. “Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа. Гэтэл гадны нөхдүүд “Та бүхэн энэ заалтаа Үндсэн хуулиасаа авч хаяач ээ” гэсэн яриа хэлэлцээ өрнүүлснийг МАН, АН-ын гишүүд бидэнд дуулгаж байна. Тиймээс тэд Үндсэн хуулийг өөрчилж буй нэрийн дор өөрсдийнхөө эрх мэдлийг давуугаар хадгалж үлдэж, ард түмний эрх мэдлийг боомилох газрын доорх баялгийг гадны нөхдөд өгөх гэсэн асуудал санаархалтай хийгдэж байгаа болохоор одоогийн эрх зүйн чадамжгүй Их хурал Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй.

-Энэ парламент яагаад эрх зүйн чадамжгүй гэж?

-Иргэний нийгмийн байгууллагууд, ард түмний ихэнх нь УИХ-ыг тарах ёстой үзэж байгаа. Тэд Оффшорын тухай, Зөрчлийн тухай хууль гэж өөрсдийгөө хаацайлсан, хамгаалсан хууль баталсан шүү дээ. Хууль батлагдсан өдрөөс өмнөх баялгийн мөнгө хулгайлсан ч бай, төрийн өмчийг шамшигдуулаад өөрсдөө хувьдаа зарцуулсан ч бай, түүнд дээрх хуулиар ял эдлэхгүй, торгууль эдлэхгүй байхаар гаргачихсан. Сая хүртэл 60 тэрбумын асуудлыг гэхэд хэрэгсэхгүй болгосон. Дуу хоолой нь нотлогдсоор гэрчүүд мэдүүлсээр байтал эвлүүлэг юм аа гээд гаргаад ирсэн. МАН-ын генсек ард түмнээсээ уучлал гуйж, УИХ-ын гишүүн дэд дарга Ц.Нямдорж нь 60 тэрбумын хэргийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл УИХ-ын гишүүд Монголын ард түмнийг басамжлан доромжилж байна. Энэ бол ард түмнийг боол мэт байлгаж, өөрсдөө төрийн сэнтийд энэ яваа насныхаа хугацааг дуусгах гэсэн увайгүй оролдлого.

Тийм болохоор 60 тэрбумаар санхүүжилт босгож бий болсон Их хурал хүчин төгөлдөр биш. Иймд тарах ёстой. Энэ парламентын байгуулагдсан цагаас эхлэн боловсруулсан, баталсан бүх хууль хүчингүй байх ёстой. Яагаад гэвэл өөрсдөө хууль бусаар байгуулагдсан юм чинь гаргасан шийдвэр нь ч хууль бус шүү дээ.

-Сүүлийн үед Их хурлын гишүүдийн ёс зүйн асуудал их шүүмжлэгддэг боллоо. Ялангуяа залуу гишүүд өөрсдийгөө удирдаж чадахгүй байж, төр удирдах гээд яваад байх юм аа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Улс төр гэдэг хэн ч сонгож болдог гоё мэргэжил гараад ирсэн байна. Хэн дуртай нь улстөрч болдог. Үүнийг хэн ч сонгож болдог мэргэжил. Энэ мэргэжлийг сонгосон хүн баяжина. Их хурлын гишүүнээр сонгогдчих юм бол хэн ч түүнд халдахгүй. Дээрээс нь хэнийг ч доромжилж болдог гээд ойлгочихсон. Ард түмний баялгийн мөнгийг хуйвалдааны чиглэлээр хувааж авч тийм эрх мэдлийг өөрсдөдөө үүсгэдэг. Монгол хүн бүр баялагаас тэгш хүртэх, эх орондоо элбэг хангалуун амьдрах, ажилтай орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх нэг арга бол эхний шатанд улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг халах, жалга довны үзлээс зайлсхийх шаардлагатай гэж үзэж байгаа. Одоо бид Монголоороо хийрхэж омогших биш, хийж омогших цаг хугацаа бидний өмнө тулгараад байна. Зөв тогтолцоог бий болгоход хүн бүрийн идэвх зүтгэл чухал юм.

Баян ядуугийн ялгаа ихсэх тусам энэ улсын эв түнжин алдагдах болно. Улс төрөөр монголчуудыг хүмүүжүүлэх биш өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх оронч үндэсний бахархалт үзэл санааг төлөвшүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай гишүүд маань өнөөдөр төрийн ордноос бандаашаа өмсөөд гарсан гэх асуудлаа мэдээлж байна. Төрийн ордны гадна ярьж болно доо. Тэрийг УИХ-ын Тамгын газар нь хүртэл хориглох хэрэгтэй. “Төрийн ордон дотор гаж зүйл хийснийхээ төлөө хэвлэлийн бага хурал зарлаж болохгүй” гээд хэлж болно шүү дээ. Тийм дуртай юм бол гудамжинд зогсоод хийж болно.

-Төрөө хүндэтгэхгүй байгаагийн л нэг илрэл биз дээ?

-Тийм. Төрийг хүндэтгэхгүй байна. Нөгөө үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд ойлгохгүй байна. Зөвхөн тэдний эрх ашиг намдаа үйлчилж байна.

Намын нэрээр намд хандив өгсөн, намд зальжин шударга юм шиг дуу хоолой гаргаж, даргын цүнх барьж гүйсэн нөхдүүд Их хурлын аль нэгэн тойрогт нэр дэвшээд гараад ирж байна. Үүнд ерөөсөө боловсрол хэрэггүй шүү дээ. Нэгэнт гараад л ирсэн юм чинь намын нөхдийнхөө төлөө, өөрийнхөө төлөө ажиллахаас өөр аргагүй. Ард түмнийг цагаан цаас мэт хэмжээнд аваачаад байгаа юм. Төрийн бүх салбарт улс төр гэдэг юм орчихсон болохоор Монгол Улсын хөгжил нь гацаад, ард түмний амьдрал доройтоод байгаа юм.

-Ер нь УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүст тодорхой цензур тавьдаг болмоор юм биш үү. Өөрсдөө төлөвшөөгүй ийм нөхдүүд улс орныг төвхнүүлэх асуудлыг ярих нь хэр зохимжтой вэ. Та эрх зүйч хүний хувьд ямар санаа оноотой байна. Дээрээс нь иргэний нийгмийн байгууллагууд нэгдээд Их хурлын залуу гишүүдэд зориулсан хуулийн төсөл санаачилбал яасан юм бэ?

Монгол хүний эрх ашгийн төлөө бид үргэлж дуугарна, тэмцэнэ.Өнөөдөр Монголын ард түмэн хаа сайгүй л шударга ёс хариуцлага алдагдлаа, тэр идэж уулаа, ингэж ч завшлаа гээд л амтай болгон ярих бөгөөд сүүлдээ шударга ёс, хариуцлага гэдэг үгийн үнэ цэнэ ойлгогдохоо байжээ. Нийгмийг бүхэлд нь сахилга хариуцлагатай болгох бодлогыг бид зайлшгүй боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харагдаж байна. Ер нь бол ардчиллыг анархи байдал гэж ойлгодог, ардчиллыг дур зоргоороо авирлах байдал гэж ойлгодог, хууль, дүрэм, журмыг үл хэрэгсдэг, улстөрчдөөс эхлээд хэлсэн ярьсан үг, ам ажил нь зөрдөгт нийгэм иргэд ихээхэн бухимдаж явдаг шүү дээ. Тиймээс бид Монгол төрийн эртнээс уламжилж ирсэн төрийн өмнө хүлээсэн үүргээ яг таг чанартай биелүүлдэг, биелүүлээгүй тохиолдолд төрийн албан тушаалтанд хатуу хариуцлага хүлээлгэдэг хууль журмыг хэрэгжүүлэх ёстой. Хүн төвтэй төртэй болъё л гэсэн үг.

Төрөөс хүлээлгэсэн итгэл найдвар, үүргийг төрийн албан тушаалтан шат шатандаа хатуу биелүүлэх ёстой. Төрөөс мөнгө олж баяжих явдал эрс нэмэгдсэн, ийм зүйлд дахин бусдыг уриалах, төрөөс мөнгө босгох боломж, шат шатны дарга нарт байдаг гэдэг үзэгдлийг давтах тохиолдолд тэр нөхрийг ажлаас халах бусдын өмнө цээрлэл хүлээлгэх цаг нь болсон.

Төр өмчтэй байж гэмээнэ хүчтэй байж улс төр, бизнесийн бүлэглэлээс ангид байж чадна. Төр сайн менежмент хийж чадах боловсон хүчинг ажилд авч, улс төрөөс ангид хуулийн хүрээнд ажил хийх боломжоор хангаж хамтран эх орныхоо хөгжлийн түүчээ нь болох хэрэгтэй. Ер нь намын ч бай, нам бус ч бай эцсийн эцэст Монгол эх орныхоо төлөө цохилох зүрхтэй эх оронч үзэлтэй нэгдмэл бодлогыг баримталдаг шударга хүн л төрийн бүх шатны байгууллагад байх ёстой гэж үздэг.

Тиймээс ийм байдлыг бий болгохын тулд хууль санаачлан, Их хурал болон бусад бүх шатны сонгуульд өрсөлдөгч нарт цензур эрх зүйн хүрээнд тавих шаардлага гарч байгаа нь илт байна шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы албаны дарга, яруу найрагч Н.Гантулга МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдлоо

“Өдрийн сонин”-ы урлаг, спорт чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулга Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

“Монголын зохиолчдын их хурлаар Удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай албанд томилогдлоо. Хамгийн өндөр санал авсан хүмүүний нэг болов. Их утга зохиолын ахмад үеийнхэн, идэр залуу дунд үеийнхэн, анд нөхөд, дүү нартаа ихэд баярлалаа. Яасан их итгэл хүлээлгэсэн, ямар их хүндэтгэл вэ гэж бодож сууна. Ерөн жилийнхээ ойтой золгож буй Зохиолчдын эвлэлийнхээ ачааны хүндийг үүрэлцэж, Монголын үе үеийн утгын их мэргэдийн шүншиг оршсон гэрэлт өргөөнд яруу найрагчдынхаа төлөөлөл болсондоо баярланам. Хийж бүтээхийн ирмүүн их хүсэл тэмүүллээр бялхан байна. Улс Монголынхоо оюун санааны тусгаар тогтнолын дархлаа болсон билгүүн авьяастнуудын минь алдар суу цагийн цагт бадрах болтугай. Удвал ахайтны санаачилсан уран зохиолын ордон улам дээшээ мандана аа. Хамтдаа зүтгэцгээе” хэмээсэн байв.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлээрэй

цасан шуурга зурган илэрцүүд

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор их цас орно.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас, ялангуяа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 07-ны 20 цагаас 10 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ахиухан хэмжээний нойтон цас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас,10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9-11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 12-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын сайд, сайн малчидтай “Сэхээтний” гэгдэх нэг ангийнхан

Зүүн гар талаас С.Бямбацогт, Д.Хосбаяр, М.Сүхбаатар нар. 1990 он

Алтайн өндөр уулс шигээ нэгнийгээ түшиж, алдрайхан насаа хамт өнгөрүүлсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сундуйн нэрэмжит Ховд аймгийн Чандмань сумын найман жилийн дунд сургуулийг 1982-1990 онд суралцан төгссөн 8а ангийнхныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Өдгөөгөөс гучин таван жилийн тэртээх тэр л гэрэлт өдөр бор хилэн дүрэмт хувцсаар ижилссэн бяцхан хөвгүүд, өнгийн туузаар гангарсан жаахан охид ижий аав, эгч, ах нарынхаа гараас хөтлөлцөн сургуулийн босго алхан орж, Жавзан багштай 1а ангид тохой нийлүүлэн суралцаж эхэлжээ. Тухайн үед Чандмань сумын дунд сургуулийг “Хөдөлмөрчдийн” хэмээн нэрлэдэг байж. 1а ангийн сурагчид дөрвөн намар, дөрвөн хаврыг элээсээр ахлах анги буюу тавдугаар ангидаа орж, олон нийтийн ажилд оролцож сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх болжээ. Тав, зургадугаар ангийн сурагчид зуныхаа амралтаар аргал түүж, намар хадлан хураах ажилд нийтээрээ оролцдог байсан гэнэ. Сургуулийн дотуур байрны хүнсийг бэлдэхийн тулд хавар төмс, хүнсний ногоо тарина. Ингээд намар болж төмс хураах ажилд сурагчид нийтээрээ оролцдог байжээ. Сургуульдаа а-гийнхан хамгийн дүрсгүй хүүхдүүдтэй хэрнээ урлаг, спорт, сурлагаараа үргэлж тэргүүлдэг манлайлагч анги байжээ. Энэ талаар ангийн охин Л.Бат-Орших “Манай анги сургуульдаа үймүүлж, шуугидгаараа алдартай байв. Охидууд нь ч хөвгүүдээсээ дутахааргүй дүрсгүйтнэ. Бүр ангидаа тоос манартал хөвгүүдтэйгээ барилдаж, ноцолддог байсан шүү. Гэхдээ спорт, урлаг, сурлагаараа сургуульдаа жил бүр л тэргүүлнэ. Сургуулийн аварга ангиар ч удаа дараа шалгарч л байсан. Би сургуулийн сурагчдын бүлгийн дарга хийдэг байлаа. Манай ангид сургуулийн захирлын, сумын Засаг даргын, намын даргын хүүхдүүд сурдаг. Тийм болохоор “Сэхээтний анги” гэдэг байсан юм. Багш нар юм л болвол биднийг “Дарга нарын хүүхдүүд юм байж, дүрсгүйтэж болохгүй” хэмээн загнаж, хатуу шаардлага тавина. Ер нь сурагч ахуй нас гэдэг хүн бүхний сэтгэлд гэгээхэн оршдог байх. Хичээлийн завсарлагаанаар аль нэг ангийг коридорт гаргаж дуу дуулуулна. Энэ ажилд манай анги их л дуртай, идэвхтэй оролцдог байв. Манай ангийнхны дуулах чимээ сумын төвд байх Захиргааны байр хүртэл сонсогддог байж билээ. Их л чанга дуулна. Цаг цагаараа гэдэг шиг үе үеэрээ байдаг. Нэгэн оны төгсөлтийнхөн гэхээр нэг амьтай болцгоодог юм байна” хэмээн дурсан ярилаа. “Сэхээтний” гэгдэх эдний анги наймдугаар ангиа гучуулаа Б.Мягмарсүрэн багшийн удирдлага дор суралцан төгссөн байна. Тэртээ хорин таван жилийн өмнө хонхны баяраа тэмдэглэн дуулан шуугиж явсан алдрай багын андууд нь өдгөө Ховд нутагтаа нэртэй хотол Монголдоо мөртэй, амьдрал тэгширч ажил үйлс нь дэлгэрсэн эрхэм хүмүүс болцгоожээ. Өнөө жил 8а ангийнхан төгсөлтийнхөө 25 жилийн ойгоо тэмдэглэсэн гэнэ. Эдний ангиас төрөн гарсан алдартнууд их. Үүнээс УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сандагийн Бямбацогт, хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч Л.Байгалмаа, Монгол Улсын сайн малчин А.Саруул, М.Нямсүрэн нарыг дурьдаж болох юм. С.Бямбацогт сайдыг Мянгад суманд дөрөвдүгээр анги төгсөх жил нь түүний аав Сандаг гуай Чандмань сумын Засаг даргын албанд томилогджээ. Ингээд хүүгээ тус сумын дунд сургуульд тавдугаар ангиас нь оруулсан нь энэ аж. Эдний ангийн дарга нь сургуулийн захирал Очирбатын хүү Ганбаатар байж. Харин Засаг даргын хүү буюу Бямбацогт сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга хийдэг байжээ. Тийм болохоор “А”-гийнхныг нь “Сэхээтний анги” хэмээн нэрлэх болсон байна. Манай улсаас энхийг сахиулах ажиллагаанд явсан хамгийн анхны эмэгтэй Л.Байгалмаа “Долдугаар ангид байхад монгол хэлний Мягмаржав багш сахилгагүйтлээ гээд охидуудаас Л.Бат-Орших бид хоёрыг манай ангийн ихэнх хөвгүүдтэй хамт самбарын өмнө гарыг нь өргүүллээ. Их л удаан зогсоосон юм. Хөвгүүд нь охидуудынхаа өмнө унаж, онигоонд орохгүйн тулд шүд зуун тэвчиж байсан нь тодорхой. Гэтэл үеийнхэндээ бяр, чадлаараа аархдаг манай ангийн ганц бөх Д.Сэргэлэн маань хамгийн түрүүнд хөлс нь гоожоод, унаж билээ. Ангийнхан бүгд л “пир” хийгээд л инээсэн. Хамгийн чадалтай, бяртай бөх нь уначихаар бусад нь ямархан их тэссэн нь тодорхой гэж бодсон уу багш биднийг суулгаж билээ. Хүүхэд насаа гэж, инээдтэй, хөгжөөнтэй дурсамжууд ихтэй шүү” хэмээв.

“Гэнэн багын тэр л сайхан үеэ дурсахаар эрдэм номын их өргөө болсон сургуулийн минь бараа харагдаж, анги танхимынх нь эгэл дотно дүр байдал бодолд ургаж, гагцхүү сургуульд л байдаг тэрхүү содон танхил үнэр сэнхийн үнэртэх шиг болдог юм аа” хэмээн бидэнтэй уулзсан “Сэхээтний” гэгдэх ангийн зарим нөхөд нь хүүхэд ахуй насандаа оччихсон мэт л дурсан ярьж байлаа.

Б.Мягмарсүрэн багштай 8а анги 1990 он

Categories
мэдээ нийгэм

ДХБ-ын “худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

ЗурагМонгол Улсын ГХЯ, ГЕГ хамтран ДХБ-ын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах асуудлаарх семинарыг өчигдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав.

Семинарт ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд “Монгол Улсын гадаад худалдааны бодлого ба Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” сэдвээр, Дэлхийн банкны Худалдааг хөнгөвчлөх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жерард Маклинден “Худалдааг хөнгөвчлөх нь –Дэлхийн банк группын өнцгөөс” сэдвээр илтгэл тавив.

Семинарт ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг тэргүүтэй ГЕГ-ын удирдлага, албан хаагчид оролцож “Худалдааг хөнгөвчилөх хэлэлцээрийн A; B; C категорийн заалтууд Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан байдал”, “Ялгавартай тарифын бодлогын хэрэгжилт: дүн шинжилгээ, цаашид хийгдэх ажлууд”, “Уул уурхайн салбар дахь тарифын өөрчлөлтийн Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл”, “Гаалийн хөгжлийн чиг хандлага: ДГБ-ын Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлж, санал солилцов. Энэ удаагийн уулзалт, семинар нь Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Categories
мэдээ нийгэм

14 настай хүүхэд байрны дээврээс үсрэхийг завджээ

ЗурагНийслэлийн Баянзүрх дүүрэгт гурван давхар байрны дээврээс үсрэхийг завдсан хэрэг өчигдөр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал тус дүүргийн 3 дугаар хороонд 3 давхар өргөтгөлийн байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 12:33 цагт МШУТ хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн 14 албан хаагч, 3 автомашинтай ажиллаж 14 настай, эрэгтэй Т гэх хүүхдийг дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж чаджээ. Хүүхдийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

200 гаруй иргэнд хууль, тогтоомж сурталчлав

ЗурагНийслэлийн Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдэд хууль сурталчлах нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-ын Хууль зүйн тасаг, Прокурорын газар, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран оролцсон юм. Нийт 200 орчим иргэн оролцож, дээрх байгууллагуудын үйл ажиллагаагаатай танилцаж, өөрт тулгараад буй асуудлуудаа хууль журмын хүрээнд шийдүүлэн, заавар зөвлөгөөг авсан байна. Түүнчлэн дүүргийн Тамгын газрын Хууль зүйн тасаг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн хууль зэрэг зарим шинээр хэрэгжиж байгаа хуулиудын талаарх мэдээллийг өгчээ. Мөн уг өдөрлөгийн үеэр Цагдаагийн хэлтсүүд хамтран жолоочийн эрх сэргээх шалгалтыг авч, жолооч нарт зориулсан тусгай хэрэгслийн үзүүлэнг гаргасан юм.

Харин Онцгой байдлыг хэлтэс гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын талаар өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авч, цаг тухайд нь арга хэмжээ авч, шийдвэрлэн ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Японд суралцах талаар мэдээллийн яармаг болж байна

Зураг“Японд суралцах тухай танилцуулга болон Мэдээллийн яармаг -2017” өнөөдөр Монгол-Японы төвийн байранд болж байна.

Мэдээллийн яармагаар хоёр өдрийн турш Монгол Улсад суугаа Японы элчин сайдын яам болон Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японы 11 их сургууль тус улсад суралцах талаар мэдээллийг өгөх юм. Яармагт Асахи их сургууль, Кэйо их сургууль, Олон улсын их сургууль, Осака аялал жуулчлалын их сургууль, Осака их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, Тооёо их сургууль, Тоокай их сургууль, Удирдлагын ухааны институт, Чюүоо их сургууль, Шибаүра техникийн их сургууль болон Шизүока мужийн захиргаа оролцоно.

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв 2009 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сард энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

“Засгийн газрын цом-2017” тэмцээн Буянт-Ухаа цогцолборт болж байна

ЗурагМонгол Улсын Засгийн газар, яамд, түүний харьяа байгууллагууд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын дунд уламжлал болгон зохиодог “Засгийн газрын цом 2017” тэмцээн эхэллээ.

Буянт-Ухаа спорт цогцолборт болж буй тэмцээнд нийт 30 гаруй байгууллагын 300 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байгаа юм. “Засгийн газрын цом 2017” өчигдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд үргэлжлэн, төрөл тус бүрийн алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна. Мөн багийн дүнгээр тэргүүлсэн хамт олонд “Засгийн газрын цом 2017” хүртээх аж.

2005 оноос хойш уламжлал болон зохиогдож ирсэн тэмцээнийг энэ удаад ЗГХЭГ-аас зохион байгуулж байна. “Засгийн газрын цом 2016”-г өнгөрөгч жил Эрчим хүчний яамны баг хүртэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн спорт өдөрлөгт иргэд идэвхтэй оролцож байна

ЗурагНийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос өнөөдөр бүх нийтийн спорт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулж буй бөгөөд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, холбоод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спорт клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын тэмцээнд оролцогч иргэд, Геронтологийн Үндэсний төвийн хамт олон зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

“UB SPORT”-2017 биеийн тамир, спортын өдөрлөг нь нийслэлийн өдрийг иргэдэд сурталчлах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой. Тус өдөрлөгөөр экстрим, ширээний теннис, хийн дасгал, спининг фитнесс, хөл бөмбөг, дугуй гэх мэт спортын төрлүүдийг иргэдэд сурталчлах үзүүлбэр үзүүлэхээс гадна спортын секц, дугуйлангийн хөнгөлөлттэй үнээр бүртгэл хийж байна. Мөн шатар, даам, шагайн наадгай, буухиа, олс таталт зэрэг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн хувьд спорт өдөрлөгт тун идэвхтэй оролцож байгаа бөгөөд ахмад тамирчдын хувьд төв талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл алхалт хийж байлаа. Нээлтийн ёслолын үеэр “Дуулиан-2020” сурагчдын хөлбөмбөгийн 12 дахь удаагийн тэмцээний гарааны ёслолын ажиллагаа болсон юм.