Categories
мэдээ нийгэм

Б.Арго Үндэсний сүлжээтэй болохыг уриаллаа

“Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Арго фэйсбүүк, твиттерийг хааж, хяналттай үндэсний сүлжээтэй болох, боловсролын шинэчлэл хийж, багш нарын цалинг нэмэх боломж, хөдөлмөр эрхлэлт ба ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

Б.Арго хэлэхдээ “фэйсбүүк болон твиттерийг хааж, үндэсний хяналттай бие даасан сүлжээтэй болох талаар саналаа хэлье. Энэ сүлжээнүүд давуу талтай ч муу тал бий. Хүүхдүүд хичээл хийхээ болилоо. Судалгааны байгууллагын мэдээллээр, хүүхдүүд өдөрт 4-5 цаг гар утастай харьцаж байна. Өөрт хэрэгтэй мэдээллийг авахын тулд эмх замбараагүй олон мэдээлэл дунд байгаа. Гэр орны ажил ч хийж чадахгүй болж байна. Хоёрдугаарт, гэр бүлийн харилцаа хүйтэн болж байна. Авгай, нөхөр хоёр өөр өөр өрөөнд ороод алга болчихдог.

Монголд болсон харамсалтай явдал ч гэсэн фэйсбүүкээс болсон гэж бодож байна. Тэр хүмүүс фэйсбүүкээр дамжиж танилцсан. Фэйсбүүк байгаагүй бол тэд амьд байх байсан”. Энэ яваандаа хүмүүсийг дайсагнуулж, эмх замбараагүй байдал үүсгэхийг үгүйсгэхгүй. Би фэйсбүүк, твиттер гэх хорт сүлжээг хааж, регистрийн дугаараар бүртгүүлдэг, хэлсэн болгон нь эзэнтэй байдаг үндэсний хэмжээний сүлжээтэй болох хэрэгтэй гэж бодож байна.

Хоёрдугаарт, Монголын багш нар олон жил бага цалингаар ажиллаж байна. Улс орны эдийн засаг хэцүү байгаа ч төсвөөс мөнгө гаргахгүйгээр багш нарын цалинг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой. 2009 онд би БСШУЯ-нд давхар санхүүжилтийн аргыг санал болгож байсан. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийг хураамжтай болгох. Хүүхэд намар 9 сард сургуульд орохдоо 50 мянган төгрөг, хавар тарахдаа 50 мянган төгрөг тушаадаг байж болно. 2,000 хүүхэдтэй сургуульд жилдээ 200 сая төгрөг цугларч байгаа юм. 50 багшаар бодоход нэг багшийн цалин дээр 400 мянган төгрөг нэмэгдэж байна. Тэртээ тэргүй багшид цэцэг, набор зэрэг ач холбогдолгүй бэлэг авч өгдөг” гэв. Мөн ажлын зургаан өдөрт шилжих хэрэгтэйг ч онцоллоо.
Categories
мэдээ нийгэм

“Чээж” биш “Цээж” гэж бичнэ

Image result for монгол хэл сурах бичигБСШУЯамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд 2011 онд зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болон олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм. Эргэлзээтэй бичигддэг 700 орчим үгэн дээр санал солилцож, эцсийн шийдвэрт хүрч, тухайн үеийн БСШУ-ы сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Эхэндээ багагүй шүүмжлэл дагуулж байсан журамласан үгсийг одоо дийлэнх нь мэдэж, даган мөрдөх болсон.

Харин 2017 оны хичээлийн жилээс эхлэн эдгээр 700 үгнээс “чээж” хэмээх үг утгын алдаатай болсон гэж үзэж хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргалаа. Уг шийдвэрийн дагуу энэ жил шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдэд “цээж” хэмээн залруулж бичсэн гэж Төрийн хэлний зөвлөлөөс мэдээлэв. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар “цээж” гэж бичнэ хэмээн сурагчдад зааж эхэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах Ерөнхий сайдын хүсэлтийг судалж, эргэн танилцуулах болно гэдгээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч хэллээ.

Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв.

Дэлхийн банк өнгөрсөн 25 жилийн хугацаанд 817,2 сая ам. долларын санхүүжилт бүхий 134 хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

В.Путиныг “хөнөөх гэж байсан” хэрэгт буруутгагдсан залуугийн эхнэр халдлагад өртөн амиа алджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “хөнөөх гэж байсан” гэж буруутгагдаж байсан Чечень залуу Украины нийслэл Киев хотоос холгүй орших газарт халдлагад өртөн шархадсан бол түүний эхнэр нь амиа алдсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээлжээ.

Украины ДХЯ-ны зөвлөх Антон Еращенко өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Даваа гарагт автомашин руу нь үл таних этгээдүүд гал нээснээр Адам Осмаев шархдаж, эхнэр нь амь үрэгдлээ” гэжээ.

А.Осмаев бол Ерөнхийлөгч В.Путиныг хөнөөхөөр хуйвалдаж байсан лалынхны нэг гэж Оросын албаны хүмүүс 2012 онд мэдэгдэж, түүнийг шилжүүлэн өгөхийг Украинаас хүссэн ч Киев татгалзаж байжээ.

2017 оны зургадугаар сард А.Осмаевыг Киев хотод явж байхад нь мөн хөнөөхийг завдаж байсан байна. Халдсан этгээдийг А.Осмаевын эхнэр нь буудан шархдуулж байжээ.

Энэ хос нь Украинд нэлээд нэр хүндтэй хүмүүс аж. Тэд Донбассын бүсэд Оросын талыг баримтлагчдын эсрэг Украины армийн явуулсан ажиллагаанд сайн дураараа оролцож байсан гэнэ.

Даваа гарагт болсон халдлагын хариуцлагыг одоогоор хэн нэгэн, ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байна.

Киев хотын ойролцоо Украины хууль тогтоогч Игорь Мосийчук дэлбэрэлтэд өртөн шархадсанаас нэг долоо хоног хүрэхгүй хугацааны дараа энэ хэрэг боллоо. А.Осмаевын эхнэр нь И.Мосийчукийн зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ.

Киев хотод сүүлийн жилүүдэд нөлөө бүхий улс төрчид болон сэтгүүлчдийг онилсон халдлага, дэлбэрэлт үйлдэх нь нэмэгдсээр байна.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч ажиллана

НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын 12 дугаар хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр, “Нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагуудын ажиллах хүчийг улам нэмэгдүүлж, гүйцэтгэлийн чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлснээр богино цаг хугацаанд харьцангуй бага хөрөнгөөр зорилго, зорилтдоо бид хүрч ажиллах боломж байна. 2018 оны Үндсэн чиглэлийн төсөлд 410 ажил арга хэмжээг хийж, хэрэгжүүлхээр тусгажээ. Төлөвлөж буй ажлыг хэрэгжүүлэх гадаад дотоод санхүүгийн эх үүсвэр боловсон хүчний нөөц бидэнд багагүй бий. Тиймээс цаашид бид ажилтан албан тушаалтан нэг бүрээс ажлын хариуцлага биелэлт, эцсийн үр дүнг шаардаж, төрийн албаны бүтэц, ажиллах хүчийг хүнд суртлын бааз биш төр түмний хэргийг шийдвэрлэх гарц, ажлын гүйцэтгэлийн чадавх болгоход анхаарч шат, шатанд хяналт тавьж ажиллана. Бид ирэх жилд хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх нийслэлийн төсвийн зарцуулалтыг оновчтой болгох замаар оршин суугчдад ээлтэй олон төсөл, хөтөлбөрийг харьцангуй бага зардлаар хэрэгжүүлхийг гол чиг шугамаа болгон ажиллах ёстой” гэлээ. Тэрбээр ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа ийнхүү онцлон танилцуулж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын нийслэлийн үүргийг гүйцэтгэж буй Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн амин чухал асуудал нь эрх зүйн орчны шинэчлэл. Үүнийг УИХ, Засгийн газар анхааралдаа авч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хотын асуудлыг тусган бүх нийтээр хэлэлцэж байгааг та бид сайн мэднэ. Үүний зэрэгцээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ч УИХ-аар тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ чухал асуудалд нийслэлчүүд бид туйлын санаачилгатай, хариуцлагатай хандах учиртай.

Нийслэлийн эрх зүйн чадамж хэрхэн тодорхойлогдож, яаж хэрэгжихэээс иргэдийн амьдрал, хот тосгоны тогтвортой хөгжил, цаашлаад бусад аймаг, орон нутаг төдийгүй эх орны ирээдүйн хөгжил бүхэлдээ хамаарна.

Хотын үндсэн хууль хэмээн өргөмжлөгддөг “Хотын ерөнхий төлөвлөгөөний концепцийг боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангах”-аар үндсэн чиглэлд тусгасан байна. Энэ ажилд 450 сая төгрөг зарцуулна. Бидний одоо мөрдөж буй ерөнхий төлөвлөгөө 2020 оноор дуусгавар болж 2021 оны эхнээс шинэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх ёстой. Хотын дунд, урт хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах нь бидний хэнтэй ч хуваалцах учиргүй, алдах эрхгүй үүрэг билээ. Бэлтгэлээ хангах ажилд нэг жил шаардах юм бол боловсруулах хэлэлцүүлэх батлуулах нөр их ажилд хоёрхон жил хүрэлцэхгүй. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор энэ талаарх тайлбар дүгнэлтээ хийж байр сууриа илэрхийлэх нь зүйтэй байна.

Нийслэлчүүд бидний өмнө тулгамдаад буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх гол эх үүсвэр болсон төсвийг оновчтой төлөвлөх хотын хөгжлийг урьдчилан харсан бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай байгууллага дундын бүртгэл мэдээллийн бааз суурь дээр тулгуурласан төрийн нэгдмэл бодлого шийдэл үр дүн агаар мэт чухал байна.

Монгол Улсад Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог байгуулах тухай үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор баталснаар нийслэлийн түвшинд энэ чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа. Гэхдээ бодит амьдралд нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагууд ил тод байдлыг бий болгох асуудалд хэт хойрго байгаа. Үүнээс мэдээллийн сангууд нь харилцан холбогдоогүй хоорондоо хөрвөх боломжгүйгээс шийдвэр гаргах үйл явц удааширдаг. Үүнээс үүдэн төсвийн хөрөнгө оруулалт оновчтой бус төлөвлөгдөж, төрийн ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгцээтэй газраа хүртээмжгүй, төр иргэн хоорондын харилцаа холдож, хүнд суртал нэмэгдэж нарийн зохион байгуулалттай авлига, хээл хахууль үржиж хөгжих, нөхцөлийг бүрдүүлсээр байна. Иймд хариуцлагаа чанд ухармсарлаж төрийн залгамж чанар ой санамжийг цаг ямагт бэхжүүлэн ажиллаж, нийслэлийн бүх шатны үйл ажилалгааг иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгоход онцгой анхаарал хандуулан, үг үйлдлээ нэгтгэж ажиллах нийгмийн захиалгыг биелүүлэх ёстой.

Нийслэлий эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг илүү оновчтой бөгөөд тодорхой болгох, нийгмийн захиалга болсон олон арван асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд чиглэсэн дараах асуудлуудыг ирэх оны зорилтод тусган, яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Үүнд

  1. Хот байгуулалт дэд бүтцийн норм стандартаас эхлээд нийгмийн эрүүл мэнд, боловсрол нийтийн үйлчилгээ, хүнсний хэрэглээ, цаашлаад амьдрах орчин, гудамж талбай, иргэд оршин суугчдын аюулгүй байдал зэргийг хангахтай холбоотой хотын хөгжлийн цогц стандартыг шинээр боловсруулж бүх салбарт нэвтрүүлэх ажлыг нийслэлд эхлүүлэх
  2. Нийслэлийн ногоон хөгжлийн тусгай санг байгуулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулахад нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх
  3. Утаа, агаарын бохирдлын эх үүсвэр болсон зуух янданг хязгаарлаж, шинээр нэмэхгүй байх журмыг судлан боловсруулж хэрэгжүүлж нийслэл дүүрэг хороодын хэсгийн ахлагчдын агаарын чанарыг хангах, байгаль орчны байцаагчийн давхар үүрэг гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэх, утааны эх үүсвэрийн багагүй хувийг эзлэж буй бүх төрлийн нам даралтын зуухнуудыг 2018 онд багтаан төвийн шугамд холбох эсвэл бүрэн цахилгаан болгож ажлыг зохион байгуулж, шаардаж хэрэгжүүлж, хяналт тавих
  4. Байгаль орчинд их хохирол учруулдаг, агаар хөрсний бохирдол болон нарийн тоосжилт их үүсгэдэг, иргэдийн эрүүл мэндэд нэн хортой тоосго төмрийн үйлдвэрүүдийг нийслэлийн нутаг дэсвгэр, суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх
  5. Төрийн ажлыг түргэн шуурхай зохион байгуулах, төсвийг ур ашигтай зарцуулах, хүнд суртал авлига хээл, хахуулийг таслан зогсоох ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд хүнд суртал авлига хээл хахуулийг таслан зогсоох ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжих бүх төсөл хөтөлбөрийн тендер худалдан авах үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд нээлттэй дамжуулан олон нийтийн эрх ашиг их хотын ирээдүйн хөгжлийн зорилт, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах хүсэл зорилгод бүрэн нийцнэ. Санал болгож буй эдгээр ажлууд, дурьдсан зүйлүүдийг үзэл баримтлал гарц, шийдэл эерэг сөрөг үр дагавар хүрэх үр дүнгийн харьцуулалт судалгааг боловсруулан иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, НИТХ-аар энэ ондоо багтаан хэлэлцүүлэн шйдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн хэллээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн аяныг баянгол дүүрэгт эхлүүллээ

Нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аян Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт явагдаж дуусаад өнөөдрөөс Баянгол дүүрэгт эхэлж байна. Ингэхдээ Баянгол дүүргийн 7 хорооны 269 нэгж талбарт өмчлөх боломжтой гэсэн судалгаа гарсны дагуу 10 хоногийн хугацаатай тус дүүргийн иргэдийн газар өмчилж авах хүсэлтийг үндэслэн холбогдох материалыг бүрдүүлэн авах юм.

Аян эхэлснээс хойш 2 сарын хугацаанд хүн ам хамгийн ихээр суурьшсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 3631 өрх айлаар орж, 877 иргэний газар өмчлөх хүсэлтийг хуулийн дагуу бүрдүүлэн авч нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлээд байна.

Баянзүрх дүүрэгт газар эзэмшигч иргэдийн хувьд олон жил амьдарсан газраа баталгаажуулахаар 530 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 408 иргэн, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар 87 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхээр 188 иргэн, нийт 1213 иргэний хүсэлтийг дүүргийн Газрын албанаас захирамжийн төсөл бэлтгэн дүүргийн Засаг даргад өргөн барьсан боловч Засаг дарга захирамж гаргахгүй, иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь аяны явцыг удаашруулж, иргэд хуулийн дагуу газраа өмчилж авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай шаардлага хүргүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Толгойт, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өглөөний 05.00-10.30, орой 19.00-02.00 цагийн хооронд 3000 буюу гамшгийн хэмжээнд аль хэдийн хүрч Улаанбаатар хотын иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг Монголын эрүүл мэндийн байгууллага тогтоосон. ДЭМБ-ын судалгаагаар РМ2.5 тоосонцрын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулдаг гэж үздэг.

НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бид Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх 3 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг яаралтай ирүүлэх, олон нийтэд мэдээлэх талаар НЗД-ын орлогч, Нийслэлийн харьяа агентлагт албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй байгаагаас нь төсвийн мөнгө хэзээ, хаана ямар зориулалтаар зарцуулагдах нь тодорхойгүй, хотын удирдлагууд агаарын бохирдлын асуудалд ач холбогдол өгөхгүй байгаагийн тод жишээ юм.

НИТХ дахь АН-ын бүлгээс энэхүү асуудалд нухацтай хандаж үүсэн гарч буй нөхцөл байдалд тохирсон шийдэл олох, гамшигт нөхцөл байдлыг даван гарах оновчтой шийдвэрийг цаг алдалгүй НИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэж бид үзэж байна.

Иймд “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулах” асуудлаар НИТХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай зарлан хуралдуулахыг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд НИТХ-ын дарга, НЗД болон холбогдох албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг тавина гэдгээ үүгээр мэдэгдэе.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

Categories
мэдээ нийгэм

“Гаруда” бүтээн байгуулалтын дээд шагналын эзэд тодорлоо

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм.

2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнөсөн гэдгийг НЗД С.Батболд шагнал гардуулах ёслолын үеэр онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг төсвийн эсхүл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гэж ялгахгүйгээр өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулдаг. Жил ирэх тусам баялаг бүтээгчдийн хурц оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвараар их хотод өвөрмөц шийдэлтэй барилга байгууламж, дэд бүтэц тохижилт, нийслэлийн нэрийг олон улсад таниулах брэнд бүтээгдэхүүн цэцэглэн хөгжсөөр байна. Шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж, аз жаргалтай ирээдүйг үр хойчдоо үлдээхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа туйлын чухал юм. Тиймээс НЗДТГ хувийн хэвшлийнхэнтэйгээ үргэлж хамтран ажиллах болно” хэмээв.

Ингээд Нийтийн хоол, нарийн боовны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарт 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Серж интернейшнл” компанийн “Милая” сүлжээ “Нийслэлийн шилдэг брэндинг” төрөлд тэргүүлсэн юм. Хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, нарийн боовны худалдаа эрхлэгч Милая сүлжээг 2008 онд Монгол Улсад нэвтрүүлсэн бөгөөд эдүгээ нийслэлийн өнцөг, булан бүрт 20 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллгаа явуулж байна. Харин тус төрлийн Тусгай байрт “МОНХИМО” үйлдвэрийн “Адуу” брэнд шалгарав.

“Нийслэлийн шилдэг франчайзинг” төрөлд “Улаанбаатар Смарт Карт” шалгарсан. 2014 онд нийслэлийн нийтийн тээврийн салбарт дэвшилтэт тоног төхөөрөмж, цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Тус компани нийтийн тээрийн үйлчилгээний зорчих хөлс төлөлтийг бэлэн мөнгөөр хийдэг байсныг одоогийн цахим тогтолцоонд нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Харин “Нийслэлийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий үйлдвэр”-ээр барилгын салбарын анхдагчдын нэг болох “Хараа сүмбэр” компанийн Цийдмэг будгийн үйлдвэр шалгарлаа. Герман технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн тус үйлдвэр дэлхийн жишигт нийцсэн суурь цавуу, шингэн хар цаас, усан суурьтай будаг, төрөл бүрийн бетоны нэмэлт, модны лак, ус тусгаарлагч, радиотарын будаг зэргийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж буй юм. Түүнчлэн “Шилэн хийц” компанийн Хатаасан шилний үйлдвэр энэхүү төрлийн Тусгай байрыг эзлэв.
“Шилдэг автозамын бүтээн байгуулалт” төрөлд “Эко тогтол” компанийн бүтээн байгуулсан Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил тэргүүллээ. “Эко тогтол” компани 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тус бүтээн байгуулалтыг өрнүүлж, хуучин хоёр эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3 метр өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн юм.Тусгай байрт “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын гүйцэтгэсэн П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн 149 автомашины зогсоолын бүтээн байгуулалт шалгарлаа.

Мөн өнгө үзэмж, өвөрмөц шийдлээрээ “Хурд” группын барьсан үйлчилгээ, ажлын байрны чиглэлийн “Хаан банк” шилэн цамхаг “Шилдэг барилга байгууламж” төрөлд шилдгээр шалгарсан.Уг барилга Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлаж буй юм. Харин тусгай байрт саяхан ашиглалтад орсон МУИС-ийн номын сангийн шинэ барилга шалгарав.

Шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийгэм эдийн өөрчлөлт, шинэлчлэлийн эхлэл нь баялаг бүтээгчид байдаг. Баялаг бүтээгчид олон байхын хэрээр улс орон өргөжин хөгжинө. Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтууд Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөх боломж бүрэн бий. Тиймээс нийслэлийн удирдлагууд бизнес эрхлэгчдээ татварын орчин болон бусад бодлогын зөв шийдлээр дэмжих боломжийг эрэлхийлэх болно” гэлээ.

“Гаруда” нь нийслэлийн бэлгэ тэмдэг болох Хангарьд шувууг илтгэж буй аж. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжин алдар нэр нь тив дэлхийд мандан бадрах утга санааг агуулжээ. Мөн Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмбо тэмдэгтэй, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвших санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүр, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадамцэцэг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг илэрхийлэн могойг гишгэн зогсож буйг дүрсэлжээ.
Энэхүү шагналын эздийг нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан, техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ нь байгаль орчинд ээлтэй, ажлын байр олноор бий болгосон, эрүүл, аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын стандартыг хангаж, Улаанбаатар хот, дүүргүүдийн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан зэрэг шалгуураар тодруулдаг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: УИХ 30 гэр бүлийн талд уу, ард түмний талд уу гэдгийг туршиж үзэж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж хориг тавилаа. Хориг тавих нь зөв, буруу гэж хоёр янзаар яриад байх юм. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн хууль болон бусад хуульд Ерөнхийлөгчийн хоригийн тухай заасан байдаг. УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавьж болно гэсэн үг. Ардчилсан улс учраас Үндсэн хууль судлаачид Ерөнхийлөгчийн шийдвэрийг янз бүрээр ярьж болно. Ерөнхийлөгчийн тухайд ажлаа хийж байгаа. Нэгэнт Үндсэн хуулиар хориг тавих эрхтэй учраас болох болохгүйг хэн нэгнээс асуухгүй. Хамгийн сүүлд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн тухай хуульд хориг тавьсан байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ хуульд хориг тавихдаа УИХ-ыг авлигын гэмт хэргийг өршөөлд хамруулсан нь буруу гэж үзсэн. УИХ энэ хоригийг хүлээж авсан байдаг. Тэгэхээр хориг гэдэг бол тухайн Ерөнхийлөгчийн бодлогын илрэл. УИХ авлигыг хамруулаагүйдээ ямар нэгэн хууль зөрчөөгүй. Тэр нь тухайн үеийн Ерөнхийлөгчид таалагдаагүй гэсэн үг. Үүнтэй яг ижил тохиолдол Засгийн газрын томилгоонд гарч ирж байна. Ч.Хүрэлбаатар гэж УИХ-ын гишүүнийг Сангийн сайдаар томилохоор зөвшилцөх үед Ерөнхийлөгч эсэргүүцсэн саналаа хэлсэн. Үгүй гэсээр байтал УИХ баталсан. 30 гэр бүл гэдэг нэр томьёо сонгуулийн үеэр их яригдсан, хэн хэн байгаа вэ гэдгийг олон нийт өөрсдөө олцгооно биз. Сонгогчид “Байгалийн баялгийг лиценз нэрээр үнэгүй авсан хүмүүс улс төрд нөлөөлөөд байна. Та ерөнхийлөгч болоод энэ асуудлыг шийдээрэй” гэж захисан. Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүнээр ажилладаг л юм байгаа биз, гүйцэтгэх засаглал руу битгий орооч” гэдэг бодлогоо маш тодорхой илэрхийлж байгаа. Тиймээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон нь Ерөнхийлөгчид таалагдахгүй байгаа. Яагаад гэвэл өөрийнх нь бодлогын эсрэг яваад байна. Ерөнхийлөгч Үндсэн хуулиа биелүүлж байгаа. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх заалтад “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг нийтийн өмч” гэж бичсэн байдаг. Ард түмний баялаг, нийтийн өмч гээд биччихээд байхад яахаараа Чимэдийн Хүрэлбаатарын төрсөн ах Гантулга, Гансүх, зөвлөх К.Дэмбэрэл нар зараад мөнгийг нь авав?. Тэд Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг хоёр сая ам.доллараар зарсан байна. Нийтийн өмч юм бол би, бас чи мэдэх ёстой. Хоёр сая ам.доллараар зарчихаад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, алга болчихсон. Төрийн өмчид байгаа нэг муу амбаарыг ч заавал дуудлага худалдаагаар зарах хуультай. 1996 онд ТӨХ-ны дарга болоод тэр олон дэлгүүрийг дандаа дуудлага худалдаагаар зарж байсан. Гэтэл хоёр сая ам.долларын үнэтэй Хотгор шанагын уурхайг Ч.Хүрэлбаатарын ах нар бүтээгээгүй. Тэрийг байгаль бүтээсэн. Байгаль бүтээсэн зүйлийг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа заачихаад байхад яагаад зараад байгаа юм бэ. Ийм Үндсэн хууль зөрчсөн асуудал ярьж байгаа. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн бодлоготой санал нэг байх уу, үгүй юу гэдгийг шалгах юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ хоригийг хүлээж авсангүй л дээ. Гэхдээ энэ долоо хоногт Төсвийн байнгын хорооны хурлаар ороод дараа нь чуулганаар хэлэлцүүлнэ.

Нэг ёсондоо уИХ 30 гэр бүлийн талд байна уу ард түмэн, Ерөнхийлөгчийнхөө талд байна уу гэдгийг шалгана. Кноп дарах гишүүдийн нэрийг харъя. Байнгын хорооны хурал дээр надаас 30 гэр бүлийн нэр асуугаад байна лээ. Гурван сая иргэн гэдэгтэй холбогдуулж 30 гэр бүл гэсэн холбоо нэр үүссэн юм. түүнээс биш байгалийн баялгаар баяжигсад 30-аас хамаагүй их. н.Багабандийг хүртэл ярьж болно. оюу толгойн туз-д суугаад жилдээ 100 мянган ам.доллар авдаг. Багабанди гэж хүн тэнд сайн бизнес хийгээд 100 мянган ам.доллар авч байгаа юм биш. өрийн өмч нь 34 хувь байдаг учраас тэр хүн төрөө төлөөлж сууж байгаа. Томилгоогоор сууж байгаа учраас авсан мөнгөө улсад өгөх ёстой шүү дээ. Хэн нэг сэтгүүлч авьяас чадвараараа тухайн байгууллагынхаа д суугаад мөнгө авч болно. Гэтэл н.Багабанди гэж хүнийг төр төлөөлөөд сууж бай гээд өгдөг цалинг нь хувьдаа аваад явж байна. Хууль зөрчөөгүй ч гэлээ байгалийн баялгийг Багабанди хүртээд байна уу, Монголын ард түмэн хүртээд байна уу. Байгалийн баялгийг зараад хувьдаа авч байгаа нь ашигт малтмалын лиценз эзэмшиж буйгаар хязгаарлагдахгүй. 1997 онд байгалийн баялгаа лицензээр өгдөг хууль гарсан. тэр үед “Монгол улс байгалийн баялгаа эргэлтэд оруулж хөгжье” гэсэн шийдвэр гаргасан байх. үедээ нэг их буруудаагүй. Байгалийн баялгаа ашигласны дүнд олон үйлдвэр барьж тэнд нь ард түмэн ажиллах ёстой байсан. Гэтэл хорин жил өнгөрөхөд ганц оюу толгой гэдэг гадаадын уурхайгаас өөр зүйлгүй сууж байна. Тэр нь эцсийн бүтээгдэхүүн биш баяжмал гаргадаг. Жил бүр 20 тонн алт зэсийн баяжмал дотроо ялгагдахгүй гадагшаа гарч байна. 50 жил гарна.

Тэгэхээр 1000 тонн алт гадагшаа гарна гэсэн үг. 20 тонн алтыг өнөөдрийн үнээр үржүүлбэл 818 сая ам.доллар байгаа юм. Хэрэв Монголд алт хайлуулдаг үйлдвэр байсан бол жил бүр 818 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг гаргах эрх Монголбанкинд үлдэх гээд байгаа юм. Оюу толгойн гэрээний 3.21, 3.22 гэж заалт бий. Үүнд Монголд хайлуулах үйлдвэр байвал давуу эрхээр өгнө, Хятад руу баяжмалаа гаргахгүй гэдэг үүрэг рио Тинтод бий. Энэ заалт уг гэрээнд миний саналаар орж байсан юм. Гэтэл одоо болтол Оюу толгой зэс хайлуулах үйлдвэрээ барихгүй л байна. Тэгэхээр байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг Ч.Хүрэлбаатар шиг хүмүүсээр тоглуулж замхруулахгүй. Ядаж Засгийн газраас хол бай гээд байгаа юм. Ерөнхийлөгчийн бодлогыг УИХ хүлээж авах байх гэж найдаж байна. Цаашид ч гэсэн уул уурхайтай холбоотой хүмүүсийг Засгийн газарт битгий ажиллуул гээд байгаа юм. Лиценз нэрээр хэдэн цаас авчихаад, тэрийгээ хувийн өмч шиг үзэж байна. Таван толгой бол үүний сонгодог жишээ. Таван толгойд улсын хөрөнгөөр хайгуул хийчихээд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оффшорт бүртгэлтэй “Энержи ресурс”, Хятадын төрийн өмчит “Шинхуа” хоёрт үнэгүй өгөнгөө алдсан. УИХ дээр дөчин хэдэн гишүүн миний талд орж байж энэ балай юмыг зогсоосон. Яах аргагүй ард түмний хувьцаа орсон өмчийг үнэгүй бэлэглэхээ шахсан. Ийм улсуудыг 30 гэр бүл гээд байгаа юм. Түүнээс биш нэгдүгээрт, хоёрдугаарт гэсэн жагсаалт мэдээж байхгүй. Хайгаад байгаа бол Ашигт малтмалын газраас лиценз авсан мөртлөө дамлаж зардаг нөхдүүдээс хай.

-Шүүхээс гэм буруутай нь тогтоогоогүй байхад ингэж хэн нэгэн хүнд хориг тавьж болдог юм уу?

-Сайдаар томилоход заавал шүүхээс гэм буруутайгаа тогтоолгодоггүй. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол тэр хүн ялаа авах ёстой. Ах дүүсээрээ Монголын баялгийг зарчихаад Сангийн сайд хийж болно гэж бодохгүй байна. Заавал шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй юм чинь сайд болно гэж зүтгэж болохгүй. МАН дотор Сангийн сайдаар ажиллачих өчнөөн хүн бий. Хамгийн сүүлд батлуулсан төсвийн тодотголыг хар л даа. 55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байна. Энэ чинь зөв бодлого мөн үү. Би бол буруу гэж бодож байгаа. Ерөнхийлөгч мөн адил буруутгаж байгаа. 55 тэрбумаар арьс шир боловсруулах үйлдвэр байгуул л даа. Малчдын үнэгүйдээд байгаа түүхий эдийг авч боловсруул. Тэгэхгүйгээр зүгээр тараана гэдэг салхинд хийсгэж буйтай ижил. Улс орны санхүү хэцүү байна гээд хүүхдийн мөнгийг хасъя, “приус”-ын татварыг нэмье гэсэн. Тэгж ярьж байсан нь худлаа байж л дээ. Мөнгө байсан юм байна. ОУВС цалин нэмж болохгүй гэхээр нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байна гээд байгаа. Ялгаа байхгүй шүү дээ. Эмч, багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Мөнгө байхгүй гэж худлаа ярьж байж л дээ. Аль нь улс төр вэ, аль нь бодитой эдийн засаг вэ гэдгийг ард түмэнд харж байгаа байх. Хэн нь Үндсэн хуулиа дагаж байгаа, хэн нь 30 гэр бүлийн толгойг илж буйг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Та сая парламентыг тандахын тулд хориг тавьсан гэж хэллээ?

-Бодлогын асуудал байгаа юм. Ерөнхийлөгч уул уурхайн бизнестэй хүмүүсийг Засгийн газраас хол бай гэсэн. Энэ бол Ерөнхийлөгчийн байр суурь. Парламент үүнтэй санал нэгдэх үү, үгүй юу гэдгийг шалгаж байгаа юм.

-Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсан. Сайд нарын томилгоон дээр Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг ч гэлээ саналыг нь тэр бүр тусгадаггүй. Харин томилгоон дээр хориг тавьж буй нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа юм биш үү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хар даа. 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн байна. УИХ-ын “Засгийн газар гэдэг байнгын хороо” гэхээр болчихсон. Нэгийг нь хууль тогтоо, нөгөөг нь хэрэгжүүл гэж Үндсэн хуулиар ялгаж зааж өгчихсөн байгаа. Судлаачид гэх хүмүүс энэ алдааг яагаад олж харахгүй байгаа юм бэ. УИХ, Засгийн газрыг тусдаа үйл ажиллагаатай бай гэж Үндсэн хуульдаа зааж өгсөн мөртлөө нэг хүн хоёр алба хашаад байгаа нь хамгийн том зөрчил болж байгаа биз дээ. УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллахыг зөвшөөрсөн нь үнэн. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Одоо бол хэтэрчихсэн байгаа. Ийшээ гүйж хууль тогтоодог, тийшээ гүйж гүйцэтгэх засаглалд байгаа хүнийг юу гэх вэ. Үүнийг өөрчлөхгүй бол засаглал хоорондын ялгаа алга болоод байна. Яахав Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед үндсэн чиглэлийн яамны сайд УИХ-ын гишүүн байж болно гэж байсан. Сөрөг хүчин ч, ард түмэн ч зөвшөөрч байсан. Гэтэл 100 хувь УИХ-аасаа танхимаа бүрдүүлчихээр нэг “байнгын хороо” шиг болчихоод байна. Хоригийн хэлбэр дээр янз бүрийн зүйл яриад байна. Агуулгыг нь хар л даа. Ерөнхийлөгч сонгуулийн үеэр байгалийн баялгийг идэж уудаг улсуудаас салгана гэж ярьж байсан. Одоо амлалтаа л биелүүлж байгаа хэрэг. Энэ бол улс төрийн хориг. Ийм л бодлогын асуудал ярьж байгаа болохоос биш Ч.Хүрэлбаатарын ярьж буй шиг сонгуулийн үеийн өс хонзон яагаад ч байхгүй. Тэгээд ч хоригийг би биш Ерөнхийлөгч тавьдаг. Түүнээс биш З.Энхболд, Ч.Хүрэлбаатар хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй. Би ажлаа хийж байна, Ерөнхийлөгч, УИХ ажлаа хийж байна. УИХ хоригийг хүлээж авахгүй бол ард түмэнд ойлгомжтой болно. “МАН бол бүтэхгүй юм байна, Монголын байгалийн баялгийг авсан улсуудыг зөв гэх юм байна” гэдэг. Хотгор шанагын уурхайн лицензийг авахдаа нэг ч төгрөг төлөөгүй. Тэгсэн мөртлөө хэсэг хугацааны дараа хоёр сая ам.доллараар зарчихлаа. Энэ зүйлийг болохгүй гэж үзэж байгаа юм.

-Ерөнхийлөгч Засгийн газрын томилгоонд хориг тавиад байвал яваандаа институц хооронд үл ойлголцол үүсэх юм биш үү?

-Чи хэлбэртэй ноцолдоод байна. Агуулга талаас нь хар. Ерөнхийлөгч агуулга талаас нь харж байгаа. Засгийн газрын гишүүнээр хэн ч ажиллаж болно. Байгалийн баялгийг лиценз нэрээр үнэгүй авсан улсуудаас бусад нь ажлаа хийг. Энэ бол Ерөнхийлөгчийн бодлого. Үүнийг УИХ хүлээж авахгүй байж болно. Хүлээж авахгүй бол Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллана. Байгалийн баялаг зарсан мөнгөөрөө сонгуулийн авлига өгч байж УИХ гишүүн болжээ. Гэхдээ тийм хүн Засгийн газрын гишүүнээр ажиллахаа больчих л доо.

-Ингэснээрээ Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа юм биш үү?

-Ерөнхийлөгч өөрийнхөө Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа. Хүлээж авах эсэхийг парламент шийднэ. Энэ сайд надад таалагдахгүй байна, 30 гэр бүлийн төлөөлөл учраас хүлээн зөвшөөрөхгүй л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна. Та нарыг ядууруулж буй зүйлтэй тэмцэх гээд байгаа юм. Тиймээс УИХ өөрөө шийдэг. Хориг тавих эрх нь байгаа, УИХ хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг хүлээж байна. Үндсэн хуулийн суурь зарчим УИХ, Засгийн газрыг тусдаа бай гэсэн. Цаашид ийм кабинет битгий гараасай гэж үзэж байна. Ийм зүйлээ ярих ёстой болохоос биш нэг муу Сангийн сайдыг зөв буруу гэж маргаж байгаа нь цагийн гарз.

-Цаашид ийм жишигтэй болчих юм биш байгаа?

-Цаашид Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй хэвээр байна. Дараагийн хоригийг төсвийн тодотгол ирэхээр буюу 55 тэрбум төгрөг дээр тавина. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн бодлогоор энэ 55 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулах боломж байсан. Багш, эмч нарын цалинг сар бүр нэмэхийн оронд ийм аргацаасан зүйл хийж болохгүй. Ингэж ОУВС-гаа хуурч болохгүй. Алдагдаж буй байгалийн баялгийн мөнгөө оруулж ирээд цалингаа нэм. Эсвэл үйлдвэр байгуул. Өчнөөн хийх ажил байна. Энэ бол бодлогын ялгаа. Төсвийн тодотголыг ёсчилсноос хойш Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг. Тэр үед бид тав хоногийн дотор багтааж хоригоо тавина. Тавихаар ярилцаж байгаа.

Хотгор шанагын уурхайг зарсан баримт.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Үхэрнүүдэд” тэжээл өгч байхад урдаас сэждэг нь юу вэ

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тусламж өгөхөөр боллоо. Энэ нь эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэсний үр дүн юм. Мэдээж гал унтраах арга. Үүнийг нь эсэргүүцэж багш нар мэдэгдэл хийж байна. Тэд 50-иад тэрбум төгрөг дэмий үрэх нь гэлээ. Иргэдийн зүгээс ч ийм байр суурьтай хэсэг байгаа бололтой. Ингэхээр энэхүү 50 тэрбумыг тараахад нийгмийн тодорхой хэсэг дургүй байгаа бололтой .

Үүнтэй зэрэгцэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа твиттер хуудсандаа, “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй” гэж жиргэлээ. Монгол Улсын Боловсролын сайд Ц.Цогзолмаа үзэл бодол, үнэлэмж зүйрлэлээрээ Монголын багш нар бүгдээрээ үхэрнүүд юм байна гэж ажлаа авсан анхныхаа өдөр дүгнэв. Монголын ирээдүй хойч, залуу үе “үхэрнүүд”-ээр хичээл заалгаж байгаа бололтой. Сайд нь тэгж дүгнэснийг бичлээ шүү, тэрнээс манай сонин бол тэгж үздэггүй. Салбарынх нь сайд ингэж үнэлж жишиж байгаа юм чинь бусад сайд дарга нь “Энэ муу багш нар бол малнууд” гэж хэлэх байх л даа. Ингэхэд энэ төр засгийн албанд чинь ямар янзын хүмүүс очдог юм бэ. Тэнэг юм шиг яриатай, хаашаа хүмүүсийн бүрдэл вэ. Аль эсвэл ийм хэвийн бус хүмүүс байж байгаад төрийн өндөр албанд очихоороо өнөөх нь илэрч, мэдрэгдээд байна уу. Яаж ч бодсон бүхэл бүтэн улс орны Боловсрол, Шинжлэх ухааны сайд нь энэ салбарын гол цөм болсон, гол армийнхаа дайчдыг, бүр номер нэгдүгээрт байдаг хүмүүсээ “үхэрнүүд” гэж цоллох нь, зүйрлэж жиших нь эрүүл үзэгдэл мөн үү. Монголчууд эртнээсээ “Үхэр шиг тэнэг хог вэ” гэж ойгүй ухаан муутай амьтдыг хэлж ирсэн. Тэгэхээр тэнэг хүмүүс бол Монголын мянга мянган багш нар болж таарлаа. Мянга мянган “үхэрнүүд”-ийг маллах үүрэг Ц.Цогзолмаад оноогджээ. Зун болохоор орой таргалдаг, зуд болохоор хамгийн эхэнд ойчдог мал бол үхэр байгаа юм. Нийгэм эдийн засгийн хямралын үед нийгмийн “үхэрнүүд” /Боловсролын сайд Ц.Цогзолмаагийн жишиж зүйрлэснээр бичив.сурв/ хамгийн түрүүнд ширвэгдэнэ. Их эмгэнэлтэй байна, яагаад гэвэл удирдсан салбараа ингэтэл нь дорд үзсэн сайдтай болсон нь. Яахаараа Монголын төр сүүлийн үед хамгийн чухал салбартаа ийм сонин, сонин хүмүүсийг шилж сайдаар тавьдаг болсон юм бол, ерөөсөө ойлгохгүй байна.

Ц.Цогзолмаа нь гол армиа доромжилчихоод, устгачихаад, тэгээд яаж энэ салбарт ажил хийж, ахиж урагшлуулах гэсэн жанжин юм бол. Цэрэггүй жанжин фронтод давшдаг юм уу. Дуулаагүй л юм байна. Үндсэн армиа үхэр сүрэг гэж үзсэн энэ эмэгтэй энэ салбарт яагаад ч тэнцэхгүй юм байна. Одоо бол Монголын багш нар энэ хүний үгийг тоохгүй. Нохой хуцсан дайны ч бодохгүй. Тийм болохоор Ц.Цогзолмааг даруйхан солих хэрэгтэй болсон байна. Энэ хүн ч ингэж хэлсэндээ ичиж байгаа байлгүй дээ. Урдаас нь мянга мянган багш нар хараад зогсож байхад бүгдийг нь “үхэрнүүд” гээд хэлчихсэн байдаг. Мань хүүхэн Багш нарын баярын өдрөөр мэндчилгээ дэвшүүлэхдээ “Үхэрнүүд мэт багш нартаа…” гэж ирээд үгээ эхлэх үү. Үнэндээ өөдгүй үгээр Боловсролын сайд Ц.Цогзолмаа ажлаа эхэлж байна. Монголын боловсролын салбар ирэх хоёр жилдээ нар харахгүй байхаа.

Ер нь өнгөрсөн долоо хоногийн улс төр тэнэгрэлийнхээ дээд цэгт хүрлээ. ТЕГ-ын дарга Б.Хурц, ХЗДХ-ийн сайдынхаа эсрэг мэдэгдэл хийж, анх удаа олны өмнө ил гарч гийгүүллээ. Иймэрхүү дуу хоолойтой, өнгө хэмнэлтэй залуу байсан юм байна. Мөрдөн байцаах хэлтсийн дарга нь гэж бас нэг залуу ил гарч ирж “юм” ярилаа. Залуу дарга нар заазуур мэт ажиллаж иржээ. Улс төрчдийг ер нь гаргаахгүй хянаж байсан бололтой. Тусгаар тогтносон улс оронд Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга нь ийнхүү ил гарч ирж, ийм мэдэгдэл хийх нь тухайн улсад онц ноцтой байдал үүссэний илрэл байдаг дэлхийн практик бий. Аль ч улсын ТЕГ-ын дарга нь улс төрийн талаар гоомой мэдэгдэл хэзээ ч хийдэггүй. Нийгмийн сэтгэл зүй дэх хамгийн том итгэл үнэмшил, найдвар бол ТЕГ нь байдаг учраас энэ байгууллагадаа төр засгаас эхлээд энгийн иргэн нь хүртэл итгэдэг. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр ТЕГ-ын дарга Б.Хурцын мэдэгдэл нь сая томилогдсон ХЗДХ-ийн сайдыг юу хийсэн нөхөр вэ гэж эргэлзэхэд хүргэлээ. Ц.Нямдоржийг шалгах хэрэгтэй юм байна. Б.Хурц түүнийг бүлэглэлийн толгойлогч гэж хэлсэн. Улс төр-эдийн засгийн бүлэглэл үнэхээр бодитой байгаад Ц.Нямдорж оролцдог бол ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл. Гэтэл зөрүүлээд Ц.Нямдорж бас эсрэг мэдээлэл хийсэн. Б.Хурцыг бүлэглэлийн гол зохион байгуулагч гэж нэрлэлээ. Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан хүн бол Б.Хурц гэж хэллээ. Ц.Нямдоржийн ярьж байгаагаар бол Д.Энхбатыг европоос хулгайлж авчран шоронд хатааж, амь насаа алдсан асуудалд дэслэгч генерал Б.Хурцыг холбогдуулан шалгах хууль ёсны шаардлагатай болох нь. Энэ цаг мөчөөс эхлээд Б.Хурцыг ТЕГ-ын даргаар нэг минут ч ажиллуулж болохгүй юм байна. Сайдын баталж байгаагаар нөхөр бол улс төр-бизнесийн гэмт хэрэг хийж ирсэн хүн болж таарах нь.

Үнэндээ энэ хоёр өндөр албан тушаалтны биесээ үгүйсгэсэн мэдэгдлүүд нь тусгаар тогтносон Монгол Улсын хувьд юу болж хувирах нь энэ вэ гэж гаслахад хүргэв. Тэр хоёрын мэдэгдлийн дараагаас эхлээд Монголын Шүүх, Тагнуул, Прокурор, АТГ… гэхчлэн хуулийн байгууллагуудыг хамарсан хоосон орон зай, үл итгэлцэл, хардлага сэрдлэг, хүчгүйдэл бий боллоо. Монголын хууль хүчний салбарт үнэндээ хаос бий боллоо. Энэ нь тэгээд зориудын бодлоготой байна уу, сэтгэлийн хөөрлөөр хийгдэв үү. Тусгаар улсын хувьд хуулийн байгууллагуудад хоосон орон зай үүсэх нь хэнд ашигтай вэ. Ямар хүмүүс өөртөө ашигладаг вэ. Үнэндээ ард түмэн ийм цаг мөчид цагаан цаас баймааргүй байна. Бүгдийг олж харж, мэдэрч, хариуцсан эрх мэдэлтнүүдийг шахаж, эмхэлж цэгцлэх хэрэгтэй. Ингэх эрх үүрэг, том ажлууд Их хуралд, Ерөнхийлөгчид, ҮАБЗ-ийн өмнө байна. Та нар ажлаа хийгээч ээ.

Ганц хуулийн салбарт хий хоосон орон зай, хаос бий болчихоод байгаа юм биш. Салбар бүрт ийм хандлага бий болчихлоо. Өчигдрийн “Өдрийн сонин”-ыг хар. Сангийн сайд, Уул уурхайн сайд хоёр нь хоорондоо эрдэс баялаг, уул уурхай, газрын тосоо “манайх, танайх” гээд булаалцалдаад эхэлчихлээ. Ашигт малтмал, газрын тосны газрыг өөрсдийн мэдэлд байлгах тулаан ийнхүү эхэлсэн нь энэ салбарт хоосон орон зай бас үүслээ гэсэн үг. Энэ булаацалдаан дунд энэ салбар эзэн биегүйднэ. Ингэснээр хэнд ашигтай вэ гэдэг асуудал бас гарч ирнэ. Хаос бий болж буй салбар бүрт аль нэг бүлэглэл хожиж буй. Ингэж хоорондоо тэмцэлдэх нь эрүүл саруул үйлдэл мөн үү, шударга ёсыг тогтоох гэсэн үйл хэрэг мөн үү.

Сая Монгол Улсын 17 иргэн цаг бусаар амь насаа алдчихаад нийгэм даяараа уй гашуу болж, “Өдрийн сонин”-ы редакци л ганцаараа тэрхүү зах хязгаар уул хярд хэдэн сэтгүүлчээ аваачин, бодит мэдээллийг нийгэмд хүргэх гэж махаан зулгааж байхад хэн нь ч гарч ирэхгүй бүгсэн мөртлөө албан тушаал, эрх мэдлийн төлөө бүгд ил гарч ирж Монгол Улсыг хөлдөө чирч байгаа нь ичгэвтэр байна. Энэ бүхэн дээр нэрмээс болж, эхэнд дурдсан Боловсролын сайд Ц.Цогзолмаа Монголын эрдэмт багш нарыг үхэртэй зүйрлэсэн нь өөрийгөө бас нэг онигооны эзнээр нэмлээ. Боловсролын салбар одоо удирдлагагүйтэй адил болсон. Дээр нь Монгол Улсад баялаг бүтээж, мянга мянган хүнийг ажлын байраар хангаж, төсөвт томоохон татвар төлж буй хэдэн компанийн эздээ “Улсын хамаг баялгийг эзэмшсэн 30 гэр бүл” хэмээн нэрлэж, эхнээс нь нэр цохсон нь өнгөрсөн долоо хоногийн бас нэг увайгүйдэл, улстөр дэх тэнэгрэлийн туйл боллоо.

Шулуухан хэлэхэд шинээр байгуулагдсан Засгийн газар гарч ирэнгүүтээ салбар бүрт засаглалын хомсдлыг бий болгов. Заналхийллийг эхлүүллээ. Энэ бүгдэд хэн, хэрхэн цэг тавих вэ. Энэ байдал цааш үргэлжилвэл УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулахад хүрэх үү. Салбар бүрт, шат шатанд засаглал байхгүй болох нь энэ улс орон эзэнгүй, засаг захиргаагүй, хэн дуртай нь юу ч ярьж, юу ч хийж болох хэмжээнд очлоо гэсэн үг. Үүний хамгийн тод жишээ нь Монголын Боловсролын сайд нь нийгмийн хөтөч, түүчээ болсон оюун ухааны салбараа “үхэр”-тэй зүйрлэснээс харагдана. Үүнээс илүү тэнэгрэл гэж юу байх юм бэ. Зөвхөн энэ үгнийх нь эсрэг Монголын багш нар босох, жагсах хэрэгтэй. Суудлаас нь ховх татаж, хөөж явуулах хэрэгтэй. Эндээс л энэ их улс төрийн тэнэгрэлийг эмхэлж цэгцлэх, засч залруулах ажил эхэлнэ.