Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Батмэнд: Хээр хонож байгаа уулчдыг хөл гараа хөлдөөчих вий гэж бодож байсан болохоос тийм олуулаа “нүүчихнэ” гэж ёстой бодоогүй

Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ш.Батмэндтэй уулзаж ярилцлаа.


-Та Отгонтэнгэр хайрханы байгаль хамгаалагчаар хэдэн жил ажиллаж байна?

-Би Отгонтэнгэрийн өвөр дэх байгаль хамгаалагчаар 1996 оноос ажиллаад хорин хоёр жил болж байна.

-Уулнаа авирагчид хэзээ ирэв?

-Аравдугаар сарын 20-ны баасан гаригийн 22 цагийн орчимд ирсэн. Миний таних ахлагч жолооч нь Мэлхийн хонхор хүрч дөхөж хононо гэсэн юм. Тэгэхэд нь би “Дээшээ явуулахгүй ээ. Дээшээ хонуулдаггүйг чи мэдсээр байж ингэж болохгүй” гэтэл уулчдын ахлагч Сүрэнжав бууж ирсэн. Тэр хүний хувьд манай үүгээр олонтаа ирсэн, олон ч удаа уулан дээр гарна гэж надтай зөрөлддөг хүн. Би гаргахгүй буцааж байсан удаа ч бий. “Барааны газраас зориод ирэхэд хичнээн ч удаа буцаахав” гээд гаргаж байсан удаа ч бий. Гаргахдаа “Чи олон хүнтэй битгий ирж байгаач. Ганцаараа юм уу, нэг хоёроороо л гарч бай л даа” гэж гуйдаг л байсан.

-Өмнө нь хэдэн удаа ирж байсан юм бэ?

-Саяын ирэлттэй дөрөв дэх удаагаа ирж байгаа юм. Уржнан хавар дөрөвдүгээр сард тавин хэдүүлээ ирж байсан. Тэгэхэд би харуулын байрнаас хэтрүүлэлгүй буцаасан. Тэгэхэд сумаас цагдаа, багийн дарга нарыг нааш нэмэлт хүч болгож явуулж байлаа. Орой нь би талийгаачид “Энэ чинь монгол түмний шүтээн уул. Чи ээж аавынхаа толгой дээгүүр алхдаггүй биз дээ. Бурхан дээрээ сандайлж суудаггүй биз дээ” гэж хүртэл хэлдэг л байлаа. Саяын удаад хаашдаа хүчрэгдэхгүй, уулын оргилд гарна гэдгийг би мэдэж байсан. Надад машиныг нь зогсоогоод, түлхүүр багажийг нь хураагаад, машиныг нь нэгжээд байх улсын байцаагчийн эрх байхгүй шүү дээ. “Харанхуй шөнө муудалцаад яахав. Өглөө хоёулаа үүр цайхаар уулзъя” гэж би хэлсэн.

-Өглөө нь тэгээд уулзав уу?

-Тэд 05 цагт босоод унд хоолоо идэж уугаад 07 цагийн орчим явцгаасан. “Чи хэдэн эмэгтэй хүнтэй яваа вэ” гэхэд “Тав” гээд манайд таван эмэгтэйг хонуулсан байсан. Хоёр эмэгтэйгээ надаас нууж гадаа машинд хонуулсан юм билээ. Би тэднийг явсны дараа тусгай хамгаалалттай газрын дарга руугаа залгасан. Хагас сайн өдөр байсан болохоор утсаа нээхгүй, нэлээд залгаж байж авсан. Даргад би “Нөгөө хүн дайраад явлаа. Ямар арга хэмжээ авах вэ. Өнөөдөр уулын оройд хаашдаа гарахдаа гарна. Ахиж ингэж олон хүн дагуулж ирэхгүйгээр яриа тохиролцоонд хүрмээр байна. Та нар эргэж ирэхээр нь уулзаач ээ” гэсэн. Сумын Засаг дарга Амгаланбаатар руу “Орон нутгийнхан ууланд хүн гаргахад дургүйцдэг. Би ч дургүй хүний нэг. Цагдаа нартаа хэлээч ээ” гэтэл “За, ойлголоо” гээд утсаа унтраасан. Орлогч даргадаа, цагдаа нартаа хэлсэн л юм байна лээ. Тэд нь амралтын өдөр болохоор тэгээд өнгөрөөчихсөн юм билээ.

-Ууланд авирсан улсыг та тэр чигт орхичихсон уу, эсвэл анзаарч л байв уу?

-Байнгын дурандаастай байсан. Өдийд чинь уулынхаа оройд түрүүч нь гарчихсан, сүүлч нь гараагүй явсан ш дээ. (2017.10.25-ны 17 цагийн үед эл ярилцлагыг авсан болно. сур) Тэд чинь гурван хэсэг явсан юм. Би хөгшиндөө “Сүүлийнх нь хүмүүс буцахгүй бол дэндүү оройтох нь дээ. Одоо яадаг билээ. Тэр чигтээ зүтгээд байх юм. Харанхуй боллоо. Бууж ирэхдээ хэцүүдэх вий дээ” гэж байлаа. Алсын нар жаргахад л лав наашаа уруудаагүй юм. Хайрханы орой дээр маш их удацгаасан. Хүний олныхоо тоогоор зураг хөрөг авахуулж цаг нэлээд алдсан байх.

-Уулчдыг тэртээ тэргүй авирахыг мэдээд та ахлагчид нь юу гэж захьж байв?

-“Олон мөр битгий гаргаарай. Ганцхан газраадаа гараад тэр мөрөөрөө бууж ирээрэй. Энүүхэн хавьд хүртэл “Чи л энэ ууланд хүн гаргаж зуд турхан болгодог” гэж намайг багийн хурал дээр чичилж шүүмжилдэг хүн байгаа шүү” гэж хэлж байсан. Үдэш болсон бараа байхгүй. Үнээгээ ивэлгээд л байсан харанхуй боллоо. Харанхуй болсон хойно саяын хүмүүс осолддогийн наад талд бүдэгхэн гэрлүүд байхыг би дурандаад л байсан. Ер нь явсан хүний тооноос хагас нь л байна гэдэг нь гэрлийн багцаагаар мэдэгдсэн. Олон жил ажилласан болохоор төчнөөн хүн тиймэрхүү гэрэл байна гэдэг багцаа надад байлгүй яахав. Духны гэрлүүд нь нэг л цөөхөн бүдэгхэн харагдаад байсан юм. Эд бол хаашдаа ууланд асчихсан улс. Хонох нь тодорхой. Хөл гараа хөлдөөчих вий гэж бодож байсан болохоос “нүүчихнэ” гэж ёстой бодоогүй.

-Яачихна гэсэн бэ?

-Нүүгээд ингээд уначихна гэж. Шөнө 03 цагийн алдад гарч дурандсан чинь гэрлүүд нь нэг тодроод, нэг бүдгэрээд үзэгдэх төдий л юм харагдсан. Өглөө нь үүр дөнгөж тэмдэгрэхэд харахад бас л тэндээ байсан. 23-ны өдрийн 14 цагийн үед хоёр хүн нь түрүүлж ирсэн шүү дээ.

-Гурван жолооч нь хаа байсан юм?

-Урьд өдөр нь өглөө 07-д хүмүүсээ Бадар хундагын тэнд хүргэчихээд, хоёр машинаа орхиод, нэг тэргээрээ гурвуул ирчихээд манайд идэж уугаад өнжсөн. Харин орой нь нөгөө улсуудаа буугаад ирнэ гээд уулаад машин руугаа явцгаасан. Жолооч нар нь ч хээр хоносон юм. Жолооч нарын хоёр нь шинэ хүн байсан. Шөнө машинууд нь дохиод л байсан юм. Ууланд хонодогуудынх нь гэрэл болохоор хар, цагаан хоёрын зааг дээр байсаар байсан. (Цас, хадны заагийг хэлэв. сур)

-Та уулчдын ахлагчид “Урд Баян хайрханд л авирчихаач” гэж хэлсэн юм уу?

-Би саяын ирэлтээр нь ч хэлээгүй л дээ. Өмнө нь “Чиний хөлийн чинь ул загатнаад уулан дээр гарах гээд бодоод байдаг юм бол энэ хүрэн асга хоёр мянга гаруй метр байгаа. Энэ дээр нэг гарчихаад ахиад нэг гарчихвал яасан юм бэ. Тэгвэл хэмжээ нь болчихно ш дээ” гэж тоглоомоор хүртэл хэлж л байсан.

-Талийгаач Сүрэнжаваас өөр мэргэжлийн уулчин байсан бол уу?

-Мэдэхгүй юм, наадуулыг нь би ёстой танихгүй. Нэг улаан цамцтай, сахалтай залуу “Өмнө нь би энэ ууланд хоёр гурван удаа гарсан ч ийм айхавтар юм болчихлоо” гэхэд нь би “Чи урьд авирч явсан юм бол хамгийн эрсдэлтэй газар руу яагаад буудаг юм. Та нарт өглөө “Нэг замаараа гараад тэрүүгээрээ буугаарай” гэж хэлсэн биз дээ. Чи сонссон доо” гэхэд дуугай л байна лээ. Нөгөө амьд гарсан арвын нэг шүү дээ. Өдөр тугал малаа услах, морио ойртуулах, аргал түлш гэж явсаар гэртээ иртэл нэг фургон нь ирчихсэн байсан.

Хоёр хүн байсны эмэгтэй нь нэлээд уйлчихсан байхаар нь “За, тодорхой юм болж дээ” л гэж бодсон. Эрэгтэй нь нэлээд дуу муутай сууж байсан. “За юу болов, яав” гэтэл “Байхгүй ээ, зарим маань осолдчихлоо” гэсэн. “Ээ чааваас даа, хайран сайхан залуучуудыг та нар амийг нь үрэх гэж аваад ирж дээ, юу ч гэж хэлэх вэ дээ” л гэж би хэлсэн. Би өөр юм хэлээгүй.

-Ай, мөн ч хэцүү юм болжээ?

-Үлдсэн бусад нь цуварч ирсээр цугласан. Манайд хоносон эмэгтэйчүүдээс ерөнхий боловсролын захирал гэж байсан залуухан эмэгтэй байхгүй байна лээ, чааваас. Бас жаран хэдтэй хөгшин эмэгтэй байсан. Тэр бас байхгүй байгаа юм. Тэр хүн манай эхнэртэй зэрэгцэж хоносон юм. Өглөө хувцсаа өмсөхөд нь “Ишш, энэ муу юу бодож байгаа бол? Хүзүүндээ эрхи зүүчихээд энэ сайхан шүтээн дээр гарна гэж зүтгэж явах юм” гэж бодож байсан юм. Тэр хүнийг би уулын оройд гарна ч гэж бодоогүй л дээ. Энүүхнээд нэг жаахан өгсөж мөргөчихөөд буцах байх гэж таамаглаж байсан юм. Тэгэхнээ л хуу зүтгэсэн юм билээ.

-Отгонтэнгэр хайрханы оройд үхсэн адуу гаргаад хаясан гэсэн яриа байсан?

-Гадаадын нэг хүн ар өөд нь өгсөж ирээд уулчин Батмагнайд хэлсэн байдаг. Хоёр жилийн дараа бас нэг хэсэг улс гарч ирээд “Үхсэн адуу байна шүү” гэсэн. Оройнхоо ар руу 200 метрт нэг бор хээр адуу мөс рүү шигдчихсэн юм байна лээ. Тэр адуу өөрийнхөө хөлөөр өврөөсөө л лав гарах үндэс байхгүй. Хүний хүчин зүйлээр л гарсан. Сүүлд манай хамгаалалтын газрынхан хөлийг нь хөрөөдөж жижиглэн буулгаж авчирсан.

-Отгонтэнгэрт нэг онгоц сүйрсэн гээд байдаг даа?

-Би тэр үед 11-тэй хүүхэд байсан. Онгоцны жолооч нь Бороохой гэж хүн байсан. Багийн төв дээр онгоцоо буулгаад аргамжиж хоноход нь үзэх гэж Буянт голын урдаас давхин очиж байлаа. Морь үргээд болохгүй болохоор барааны газар уячихаад явган гүйж очоод айгаад байснаа санадаг юм.

Энэ Шар давааны ам дээр Заяын мүнсэл, Цогтбазар гэдэг хоёр хүн нэгдлийн хуц хариулж байхдаа онгоц сүйрснийг мэдсэн юм гэнэ лээ. Хэд хоног үргэлжилсэн сунжирсан бороо орж байсан. Манараа л, зөөлөндүү сайхан бороо ороо л, нэг сийрээ л, эргээд бүрхээд ороод байдаг байсан үе шүү дээ, тэр жаран хэдэн онд чинь. Онгоцны дуу гарч байгаад нэг нүргэлсэн хатуу дуу гараад чимээгүй болсон гэж бригадын даргад мэдээлсэн байгаа юм. Сүйрсэн онгоцыг тэр мэдээллийн мөрөөр эрсээр олсон юм шүү дээ.

-Тэр сүйрлийн үлдэгдэл цагтай гар хүртэл олдож байсан гэл үү?

-Улсууд тэгж яриад байдаг байсан. Нэг сайхан хромон гутал байхаар нь бариад авсан чинь тасархай хөл байсан, Жооной, Очирбат гэдэг хоёр хүн дуран олчихоод булаацалдаж байгаад асганы хөндий рүү унагачихаад алинд нь ч үгүй авч чадаагүй юм гэнэ лээ гэж намайг хүүхэд байхад ярьдаг л байсан. Тэр онгоцны сэгийг бүрэн цэвэрлэж чадаагүй юм гэсэн шүү. 2005 онд ч бил үү баахан уулчид ирж цэвэрлэсэн. Тэр үед би дөрөв таван эр хонио хоолонд нь хандивлаж л байлаа.

-Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газарт нэвтрэхэд нэг хүний хураамж хэд байх вэ?

-Монгол хүнээс 300 төгрөг, гадаад хүнээс 3000 төгрөг авдаг юм. Жилийн хураамж сүүлийн жилүүдэд хоёр сая долоо найман зуун мянган төгрөг хураачихаад байгаа шүү. Зундаа долоо найман мянган хүн ирнэ шүү. Гадаадын жуулчид зуу гаруй хүн ирнэ. Өдөрт 120 машин ирэх ч тохиолдол байна. Зундаа би гэртээ ч орох завгүй шөнийн 00 цаг хүртэл хаалган дээрээ зогсдог юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.31) нэгдсэн хуралдаан 11 цаг 08 минутад 64.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий 12 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн. Байнгын хорооноос хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын томьёолол бэлтгээд байгаа юм.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. Төслийн “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсэн 42 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Тухайлбал, төслийн 42 дугаар зүйлийн 42.1.13 дахь заалтыг “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой албан бус байр суурь илэрхийлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх”-ийг төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох санал дэмжигдлээ.

Мөн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, төслийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг “Тор орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол заримх бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Түүнчлэн төслийн 55 дугаар зүйлийг “55.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, “55.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавина. Нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

Байнгын хорооны санал дэмжигдсэнээр төрийн албан хаагч нь “ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгох”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”-аар болж байгаа юм. Мөн төслийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Мөн энэ хуулиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх, энэ талаар бодлого боловсруулагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий Засгийн газрын харьяаны төрийн албаны сургалтын байгууллага ажиллах юм байна. Харин Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд тэдгээрт Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурал зөвлөлийн гишүүдийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд нэг удаа улиран томилогдох эрхтэй байхаар зохицуулахаар болов.

Түүнчлэн төслийн 56 дугаар зүйлд “улирлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох” гэсэн агуулгатай 56.1.4 дэх заалт нэмэх, төслийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 89.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 89.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөн хуулийн 92.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.

Дараа нь Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төслийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг “төрийн тэргүүлэх үйлчилгээний алба” гэж өөрчлөн найруулж багш, эмч нарыг энэ ангилалд хамааруулах, харин төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “төрийн бусад үйлчилгээний алба” гэсэн агуулгатай 9.1.5 дахь заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй таван санал гаргасан үндэслэлээ тайлбарлаж үг хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд энэ хуульд ийм саналын томьёолол орвол түүхий болоход хүрнэ, харин салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хүрээнд энэ саналаа гаргаж хуульд тусгуулахад анхаарах нь зүйтэй гээд том хуулийнхаа ерөнхий агуулга, үзэл баримтлалыг эвдэхгүйн үүднээс саналаа татаж авахыг Н.Учрал гишүүнд санал болгосон юм. Мөн Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил ч ийм саналтай байгаагаа хэллээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал саналаа татаж авч буйгаа хэлээд энэ асуудлыг ажлын хэсэг дээр анхаарч сайн ярилцаад дахин оруулж ирвэл сайн байна, цаашдаа Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд энэ асуудлыг тусгуулахын төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.

Эцэст нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголоос БНСУ-руу 250 мянган төгрөгөөр зорчих үйлчилгээг санал болгов

Image result for Eastar Jet“Z24” компани Солонгос улсын ‘Easter Jet’ нислэгийн компанитай хамтран Монголоос БНСУ-руу 100 ам.доллар буюу 250 мянган төгрөгөөр зорчих маш хөнгөлөлттэй үйлчилгээг санал болгож байгаа тухай мэдээлэл хийлээ. Агаарын хөлөг 180 зорчигч тээвэрлэх багтаамжтай ба бүртгэл нь өнөөдрөөс эхэлж байгаа аж. Арваннэгдүгээр сарын 10-нд Монгол-Солонгос, 12-ны өдөр Солонгос-Монгол гэсэн нислэг үйлдэнэ гэлээ. Уг хөнгөлөлт хоёр талын нислэгт ижил үйлчилнэ. Мөн ажил хэрэгч хүмүүс “Z24” апп ашиглан тийз захиалах болон цуцлах боломжтой. “Z24” апп нь оператортой шууд холбогдох давуу талтай бөгөөд цаг алдахгүй, үйлчлүүлэгчдэдээ хурдан шуурхай үйлчлэх боломжийг өгч байна “ хэмээн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн З.Насанбат хэллээ.


Categories
мэдээ соёл-урлаг

“Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт болно

Image result for Б.ШаравТөрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт 11-р сарын 13-нд Соёлын төв өргөөнд болно. Хөгжмийн зохиолч Б.Шарав 1984 онд анх “Сэрсэн тал” бүтээлээ Үндэсний хөгжмийн найралд зориулан бичиж байжээ. Тоглолтын найруулагчаар удирдаач Н.Буянбаатар ажиллаж байгаа бөгөөд тоглолтод үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно. Мөн дуучин Ч.Энхтайван, Г.Ариунбаатар, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, тэргүүтэй дуучид уг тоглолтод оролцох ажээ.


Categories
мэдээ нийгэм

З.Өнөржаргал:Ажлын байрны хаалгыг зөвхөн гаднаас нь онгойлгохоор кодолсон аж ахуйн нэгж таарсан

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт З.Өнөржаргалтай хөдөлмөрлөх эрхийн асуудлаар ярилцлаа. Хүний эрхийн үндэсний комисс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа хийж, шийдвэр гаргагчдад санал хүргүүлсэн юм.

-Монголчууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхийн зах зээлд гаргах тухай ярьж байгаа. Ингэхийн тулд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг сахих шаардлагатай юу?

-Монголын эдийн засаг дэлхийн зах зээлд, ялангуяа Европын холбоо, АНУ зэрэг худалдааны гол түншүүдтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх нөхцөл тогтоосноор олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл болоод байгаа юм.

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гурван талт хэлэлцээний үр дүнд бий болсон буюу Засгийн газар, ажилчид, ажил олгогчдын төлөөллийг оролцуулан боловсруулсан эрх зүйн баримт бичиг юм. Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан учраас дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа. Тиймээс худалдааны түншүүдтэй хамтран ажиллахдаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг сахиж мөрдөх нь олон улсын зах зээлд нэвтрэх үндсэн нөхцөл болж, дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт нь ажилчдын боловсрол, ур чадвар, тогтвор суурьшил, хөдөлмөрийн бүтээмжид голлон суурилдаг. Эдгээр нь эргээд хөдөлмөрийн нөхцөл, хэм хэмжээнээс шууд хамаарах юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэхдээ нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн талаар судалгаа, дүн шинжилгээг тогтмол хийж, шаардлагатай санхүүжилт хуваарилах талаар зөвлөсөн байдаг.

-ХЭҮК-т хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдол их ирдэг үү?

-Хүний эрхийн Үндэсний Комисс нь Улсын Их Хуралд өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 удаагийн илтгэлдээ хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаар хөндсөн.

Шүүхийн шийдвэрийн статистик мэдээнээс үзэхэд иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн хэрэг маргааны дотор Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг маргаан сүүлийн жилүүдэд тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2008-2016 онд Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн 10430 маргааны 59.7 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан, 26.4 хувь нь цалин хөлсний маргаан эзэлж байна. Мөн манай байгууллагад хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар багагүй гомдол ирж байна. Тухайлбал, Хүний эрхийн Үндэсний Комисст 2008-2016 онд нийт 177 гомдол ирснээс 27 хувь нь ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, 14 хувь нь ажилд эгүүлэн томилохтой холбоотой шүүхийн шийдвэр биелэхгүй байгаа, 6 хувь нь ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр биелэсэн ч дахин ажлаас халагдсан тухай, үлдсэн хувь нь цалин хөлс, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын байран дахь дарамт зэрэг асуудлаар хандсан.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрлөх эрх хэр их зөрчигдөж байна вэ?

-Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр “Карьер хөгжлийн хүрээлэн” Төрийн бус байгууллагатай хамтран хувийн хэвшлийн салбараас төлөөлүүлэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох гэсэн дөрвөн суурь зарчмын хүрээнд судалсан.

Судалгаанд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний 59, ноос ноолуурын чиглэлийн 19, нийт 78 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-ын 1750 ажилтан, ажил олгогчдыг хамруулсан юм.

Судалгаанд оролцсон 1577 ажилтны 1089 буюу 69 хувь нь худалдаа үйлчилгээний, 488 буюу 31 хувь нь ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-ын ажилтнууд бөгөөд тэдгээрийн 27 хувь нь эрэгтэй, 73 хувь нь эмэгтэй байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт албадан хөдөлмөр эрхлэлт байна гэж үзсэн байна лээ. Ямар тохиолдолд албадан хөдөлмөр эрхлэлт болох вэ?

Албадан хөдөлмөр нь хувь хүний эрх чөлөө, эрхэм чанарыг үгүйсгэж байгаагаараа хүний үндсэн эрхийн зөрчил юм.

Албадан хөдөлмөрийн хэлбэрт сайн дурын үндсэн дээр ажиллахгүй байх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, эмзэг байдлыг буруугаар ашиглах, хуурч мэхлэх, өрийн барьцаа төлөөс болгох, ажилтны бичиг баримтыг барьцаалах, цалин хөлс олгохгүй байх, ажиллаж, амьдрахад хортой хүнд нөхцөл, илүү цагаар ажиллуулах зэрэг хамаардаг. Тухайн нөхцөл байдалд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь эсвэл хэд хэдэн шинж тэмдэг нэгэн зэрэг илэрвэл албадан хөдөлмөр гэж тодорхойлж болно.

Тухайн ажлын мөн чанар нь бус харин түүнийг гүйцэтгэж, гүйцэтгүүлж буй хүмүүсийн хоорондын харилцаа албадан хөдөлмөрийг бий болгодог. Түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн дагуу хууль ёсны гэж үзэх ердийн ажил үүргийг зөвшөөрөлгүйгээр, эсвэл шийтгэлээр сүрдүүлж гүйцэтгүүлсэн бол албадан хөдөлмөрт тооцно. Албадан хөдөлмөрийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон, цалин хөлсийг бүрэн ба хэсэгчлэн төлсөн эсэхээс үл хамааран өргөн хүрээнд ойлгоно.

Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрийн салбарт албадан хөдөлмөрийн хэлбэр илэрч байна. Тухайлбал, зарим ААНБ-ын хөдөлмөрийн гэрээнд ажилтан өөрийн боловсролыг гэрчлэх бичиг баримт, мэргэжлийн үнэмлэх зэргийг заавал ажил олгогчид хадгалуулах тухай заасан байна. Гэтэл судалгаанд оролцогчдын 41 хувь бичиг баримт барьцаалдаг гэж хариулсан байна.

Мөн сүлжээ дэлгүүрүүдэд цалин хөлс, өрөөр барьцаалах тохиолдол байгааг хэлж байна. Ажлын байрны хаалгыг зөвхөн гаднаас нь онгойлгож болдог байдлаар цоожилж, кодолсон ААНБ тохиолдсон нь ажлын байранд хязгаарлалт тогтоосон нэг хэлбэр юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хүүхэд ажиллаж байгаа хэрэг үү?

-Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрийн салбарт хүүхдийн хөдөлмөр өндөр хувьтай илрээгүй ч тодорхой хэмжээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 1.4 хувь нь 15-аас доош насны ажилтнууд байдаг, 4.6 хувь нь 16-17 насны ажилтнууд байдаг гэж хариулсан бол ажил олгогчид 15-аас доош насны ажилтан байхгүй, харин 16-17 насны ажилтан байдаг гэж 9.1 хувь нь хариулсан байна.

Харин экспертийн ярилцлагаар Орхон аймагт аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас 2016 онд 36 ААНБ-д үзлэг шалгалт хийхэд хоол үйлдвэрлэл, гэр хорооллын дэлгүүр, хүнсний захад 16 хүүхэд ажиллаж байсныг илрүүлсэн талаар хэлж байсан.

Ажлын байранд нь ямар нэгэн хэлбэрээр дарамт шахалт үзүүлж, ялгаварлан гадуурхах үзэгдэл илэрч байв уу?

-Ажлын байран дахь дарамт, ялгаварлан гадуурхалт ямар хэлбэрээр илэрч байгааг бид тодруулсан. Судалгаанд оролцогчдын 12.2 хувь нь хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжилдэг, 11 хувь нь хэл амаар доромжилдог, 9.6 хувь нь албан бусаар илүү цагаар ажиллуулдаг, 7.3 хувь нь ажлын байрны тодорхойлтод зааснаас өөр ажил гүйцэтгүүлдэг гэсэн байв. Эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварладаг гэж 5.5 хувь нь, боловсрол, нийгмийн гарал байдлаар ялгаварладаг гэж 2.5 хувь нь, биеийн гадаад байдал, эрүүл мэндээр ялгаварлаж харилцдаг гэж 2.3 хувь нь хариулжээ.

Салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээний салбарынхан хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжлэх, загнах, хэл үгээр доромжлох, хараах зэрэг тохиолдол их гардаг гэж үзжээ. Харин ноос ноолуурын салбарын оролцогчдын албан бусаар илүү цагаар ажиллуулдаг, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлдэг гэсэн хариулт худалдаа үйлчилгээний салбарынхнаас даруй 1.6-3.6 пунктээр өндөр байна.

Мөн хүйсийн хувьд эмэгтэйчүүд, насны хувьд 18-30 насны залуучууд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүүтэйгээр дарамтад өртдөг байна. Ялангуяа ажилтныг ажилд авахад ялгаварлан гадуурхалт илүүтэй тохиолддог бөгөөд үүнд насаар болон хүйсээр ялгаварлах байдал хамгийн өндөр хувьтай байна.

-Шинэ ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулж, цалин хөлс өгөхгүй бол Хөдөлмөрийн хуулиар торгох болсон байх аа?

-Бидний авсан судалгаанд оролцсон 1577 ажилтны 7 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаа гэсэн бол 30.4 хувь нь хөдөлмөрийн гэрээний нэг хувийг аваагүй байна. Харин ажил олгогчдын 59.7 хувь нь ажилтнууддаа хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгдөг, 16.1 хувь нь өгдөггүй, 4.8 хувь нь заримдаа өгдөг хэмээн хариулсан байлаа. Мөн анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, туршилтын хугацаагаар ажиллуулаад цалин хөлс олгодоггүй зөрчил гарч байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 12.4 хувь нь 14 хүртэл хоногоор гэрээ байгуулалгүй ажилласан гэж хариулсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд 2017 оны 4 сард туршилтын хугацаа, дагалдан, цагаар ажиллах зохицуулалтыг бий болгосон нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллах зөрчлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн 2017 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуульд Хөдөлмөрийн тухай хууль зөрчих ялгангуяа хүнийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй, нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй, эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, нийгмийн даатгалын, эсхүл эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүн, хуулийн этгээдэд торгууль оногдуулахаар зохицуулсан.

Зөрчил гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болон Зөрчлийн тухай хуульд заасан үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ. Өөрөөр хэлбэл зөрчил нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй байна.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-д илүү цагаар ажиллах нь түгээмэл байна. Судалгаанд оролцогчдын 55.5 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг, 18.8 хувь нь 31-40 цаг ажилладаг гэсэн байна. Мөн сард 360 цаг ажиллаж, 7 хоногт 90 цагаар ажиллах тохиолдол гарч байна. Судалгаанд оролцогч ноос ноолуурын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-д ажиллагсдын 60.5 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг ажилладаг гэж хариулсан бөгөөд судалгаанд оролцогчид дийлэнх нь “Энэ тохиолдолд илүү цагийн цалин хөлс олгодоггүй” гэжээ.

Тухайлбал ажилтныг хуульд заасан илүү цагаар ажиллуулах хязгаарлалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

-Таны хэлсэнчлэн илүү цагаар ажиллуулсан, илүү цагийн мөнгө өгдөггүй гэх мэт гомдлыг хаана гаргах ёстой вэ?

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид (хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч) нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдсөнтэй холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

-Энэ бүх зөрчлийг арилгахын тулд хэрхэх вэ?

-Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын талаар тусгаж, одоогийн хөдөлмөрийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан Хөдөлмөрийн тухай болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулиудыг шинэчлэх саналыг шийдвэр гаргагчдад хүргүүлсэн.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааны тайлан үр дүнгийн талаар холбогдох талуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Судалгааны үр дүнд гаргасан санал зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яамд, (Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам) ажил олгогч, (Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо) ажилтнуудын төлөөллийн байгууллагуудтай (Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо) хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ улс-төр

Словакийн Шадар сайд айлчилна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Душан Беллаг хүлээн авч уулзав.

Монгол Улс Европын холбоо болон гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Европын холбоотой байгуулсан Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа нь Словак Улстай харилцах харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байгааг Шадар сайд тэмдэглэв.

Хоёр орны улс төрийн харилцаа хэвийн ч эдийн засгийн салбарт анхаарал хандуулж, өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. 12 дугаар сарын эхээр Словак Улсын Шадар сайд П.Пелегрини тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлал үүнд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв.

Айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, бизнес форум зохиохоор төлөвлөсөн байна. Айлчлалын бэлтгэлийг хангаж, үр дүнд хүргэхийн тулд Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ЗТХ-ийн сайд Ж.Бат-эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас МУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцож хоёр талаас тавьж буй саналуудын талаар нээлттэй ярилцлаа. Элчин сайд Шин Хаймин “БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд МУ-д айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсоноор хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан. Зам тээврийн салбарт Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа 500 сая долларын хүрээнд Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км, Тосонцэнгэл Улиастайн 114 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хурдны авто зам төслийг барих ажлууд амжилттай хэрэгжиж байна. Дээрх төслүүдийг хугацаанд нь чанартай дуусгах, мөн Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын дэд бүтцийн төслийг анхаарч өгнө үү” гэж энэ үеэр хүслээ.

Ж.Бат-Эрдэнэ сайд “Хятадын коммунист намын 19 дүгээр хурал амжилттай хуралдаж “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд олон чухал асуудлуудыг хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Монгол Хятад хоёр улс бурхнаас заяасан мөнхийн хөршүүд. Олон зуун жилийн харилцаатай бидний хамтын ажиллагааг сайжруулахад зам тээврийн салбар чухал үүрэгтэй юм. Миний хувьд өмнө нь салбарын ТНБД-аар ажиллаж байхдаа БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хэд хэдэн төслийг хариуцан ажиллаж байсан. Эдгээр төслүүд монголын эдийн засагт нөлөөлөхүйц үр дүнгээ өгснийг энд онцлон дурдахад таатай байна.

Таван толгойт Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилтот ажлын нэг юм. Засаг солигдсонтой холбогдуулан ажлын хэсэг шинэлэгдэх тул энэ асуудлыг шинэ Ерөнхий сайд болон ЗГ-ын хэмжээнд ахин хэлэлцэнэ. Миний хувьд хоёр улсын ашиг сонирхлыг нэгтгэн төслийн хэрэгжилтийг хурдасгахад санал нэг байна. “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд МУ, БНХАУ-тай хамтран хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал ач холбогдлоороо азид тэргүүлэх чиглэлд тооцогдох Замын-Үүд-Алтанбулагийн хатуу хучилттай замыг барих. Төмөр замын салбарт дамжин өнгөрөх ачаа тээврийн чадавхыг сайжруулах, зүтгүүрийн вагоныг нэмэгдүүлэх, замын даац, чанарыг сайжруулах саналыг та бүхэн анхааралдаа авч дэмжин ажиллахыг хүсье. Төмөр замын шинэчлэлийг хийснээр тээвэрлэлтийн хүчин чадал 30 гаруй сая тн болж дээшлэх юм.

Мөн Таван толгойн орд газраас Гашуунсухайт-Ганцбоомтоор өмнө нь 1400-1600 орчим нүүрс тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байсан бол Хятадын талаас 400-500 болгон бууруулснаар урт дараалал үүсч, нүүрс тээвэрлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хүндрэл учраад байна. Иймд эрхэм Элчин сайд та энэ асуудалд анхаарч үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Бид та бүхний дэмжлэг туслалцааг бодит ажил болгоход хүндрэл чирэгдэлгүй аль болох шуурхай ажиллах болно. Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавиад байгаа Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй

Image result for Чуулган 2017

УИХ-ын чуулганы хуралдаан явагдаж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явууллаа. Үүний дараа Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавиад байгаа Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэнэ. Учир нь хоригийг Төсвийн болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа чуулганаар хэлэлцэх ёстой ажээ. “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх магадлалтай.


Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр хайрханд болсон эмгэнэлт осолтой холбогдуулан уулчидтай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Отгонтэнгэр хайрханд болсон эмгэнэлт осолтой холбогдуулан уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшиний санаачилгаар Төрийн ордонд зохион байгууллаа.

Уулзалтад Шадар сайдаас гадна БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн төв зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Тулга болон уулчдын 20 гаруй холбоо, клубын төлөөлөл, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш тэргүүтэй мэргэжлийн уулчид оролцлоо.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Ослоос эсэн мэнд үлдсэн уулчдын бие сайжирч байна. Тэдний маань хувьд сэтгэлзүйн хувьд их хүнд байгаа. Эмнэлгийн шаардлагатай тусламж авсан. Өнөөдрийн уулзалтад мэдээж тэд оролцох боломжгүй.

Өнөөдөр бид энд ямар байгууллага ууланд авирах зөвшөөрөл өгөх юм, сонирхогчид хаана, ямар өндөртэй ууланд гарах вэ, зөвшөөрлийг хэн, яаж олгохов зэрэг асуудлаар санал солилцоно.

Энэ удаагийн осол яг юу болсон талаар тухай бүрд нь бид мэдээлж байсан.

Осол болсон анхны дуудлага аравдугаар сарын 22-ны өдрийн 14.33 цагт ирсэн. 17 иргэнийг цогцсыг сүүлийн байдлаар аравдугаар сарын 25-нд Улаанбаатарт тээвэрлэн авчирсан. Онцгой комисс 7 удаа мэдээлэл өгсөн.

Эрэн хайх ажиллагаанд 300 шахам хүн, 30 техник, 2 нисдэг тэрэгтэйгээр ажилласан.

Цаашид уулчдын холбоодод хяналт тавих, даатгалд хамруулах чиглэлд төр, хувийн хэвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг сайн явуулах нь чухал байгааг харлаа. Энэ мэт хэд хэдэн бүлэг асуудал байна. Ямар нэгэн байдлаар зөвлөлдөх уулзалтыг урьдаас бэлтгэсэн зүйлс байхгүй. Цаашид бид яах вэ гэдэг дээр уулчид, төрийн байгууллага, та бүхний саналыг сонсохыг хүсэж байна.

Осол болсны дараа дараа Засгийн газрын хуралдаанаар 17 уулчин амиа алдсан асуудлыг хэлэлцэж, ууланд авирахыг зохицуулсан дүрэм, журам боловсруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарт үүрэг болгосон гэдгийг та бүхэндээ дуулгая” гэв.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ:

-Ууланд авирахыг хориглох биш хууль, журмын дагуу аялал хийхийг дэмжинэ. Гарч байгаа журмаа мөрдөх, хариуцлага тооцох асуудалд нэгдсэн ойлголттой болмоор байна. Журам, зааврыг өндөр уулын бүс, дундын бүс гэсэн хоёр ангиллаар гаргах төлөвлөгөөтэй байгаа.

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА:

-Уулын спорт бол аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн. Нөгөө талаас ард түмэн энэ спортоор хичээллэж байгаа тул манай яам мэргэжлийн түвшинд ажиллаж, олон талаас нь харж асуудлыг шийднэ.

ОРГИЛ ӨӨД” КЛУБЫН ТЭРГҮҮН H.АЛТАНХУЯГ:

-Манай клубээс нэг хүн амь эрсэдсэн. Дөнгөж сая хөдөөлүүлээд ирлээ. Уулчид маань Онцгой байдлын газартай хамтарч ажиллах шаардлагатай байна. Ууланд авирахыг хориглох биш хөгжүүлэх шаардлагатай. Уулын хормойд Онцгой байдлын аврагч байршуулах, хөтөч байрлуулах гэх мэт үйлчилгээг төлбөртэй байдлаар зохицуулж болно. Ингэхгүй бол ямар нэг эрсдэл гарлаа гэхэд Улаанбаатараас ирэх гэсээр байтал цаг алддаг. Миний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд анхааралдаа авах байх гэж найдаж байна.

АХМАД УУЛЧИН Ж.БАЯНЦАГААН:

-Би уулын спортоор хичээллээд 50 жил болсон хүн. Өнгөрсөн хугацаанд ийм харамсалтай тохиолдол гарч байсангүй. Монгол Улсад мэргэжлийн уулчин байхгүй, мэргэшсэн боловсролтой уулчид байдаг. Манайд уулын сургууль байхгүй. Угтаа бол ОХУ-д гурван жил суралцаад, хоёр жил дадлага хийж байж уулчин гэдэг мэргэжил эзэмшдэг. Ууланд явж байгаа хүмүүсийг бүртгэлжүүлэх, захиа даалгавар өгөх асуудал дутмаг байжээ. Ууланд авиралтыг төлбөртэй болгож, татварын системд нэвтрүүлэх талаас нь хэд хэдэн удаа оролдож үзсэн. Сангийн яаманд очоод гацдаг.

“2014 онд шинэчлэгдсэн Уулын спортын үндэсний холбоонд нэг ч уулчин хүн байгаагүй. Урьд хийж байсан ажлыг үргэлжлүүлээд явах байх гэсэн хүлээлт байсан. Тухайлбал бүртгэлийн асуудал дээр хэчнээн уулчин, ямар клубээс, хэнээр ахлуулж явах талаар нэгдсэн мэдээлэл, бүртгэл байдаг байсан. Үүний цаана спортын цол зэргийг олгох асуудал байдаг.

Саяын авиралтад хэн явсан нь мэдэгдээгүй бөгөөд хоёр дахь өдрөөсөө л нэрийг нь тодруулсан.

Холбоонд шинээр орсон улсууд тодорхой ажлууд хийсэн ч дутуу дулимаг байжээ. Уулчдад сургалт сурталчилгаа хийх, захиа даалгавар өгөх тал дээр дутуу байж гэж үзэж байна. Цаашид Засгийн газраас өндөр ууланд авирах талаар бодлого, чиглэл гаргаж, бичиг баримт боловсруулж өгөөч гэсэн саналтай байна.

Уулын спортоор хичээллэж байгаа залуусыг осол авааргүй байлгах хэрэгтэй. Өндөр ууланд авирч байгаа тохиолдолд байгальтайгаа л уралддаг. Өндөр ур, чадвар мэдлэгтэй байх ёстой. Ууланд авирч байгаад цаг хугацаа, орон зайгаа үнэлээгүйгээс болж алдаа гаргадаг. Бидний үед хагас цэргийн зохион байгуулалттай байдаг байсан. Дур дураараа явбал нэг мэдэхэд л ангалд амиа алдана. Илэн далангүй хэлэхэд манай залуу уулчид интернетээс мэдээлэл авчхаад ахмадуудынхаа үгийг үл ойшоох асуудал байгаа шүү”

УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Б.ТУЛГА:

-Ж.Баянцагаан уулчны хэлсэн мэргэжлийн уулчин байхгүй гэдэг шүүмжлэл бол үндэслэлгүй юм. Уулын спортын цар хүрээ тэлсэн байна. Энэ олон хүнийг ганцхан байгууллага хянах боломжгүй. Тиймээс бид сургалт, сурталчилгааны тал дээр сайтар анхаарах хэрэгтэй.

Манай холбоо 55 жилийн түүхтэй. Уулын спорт асар өндөр эрсдэл, хариуцлага байдаг. Үүнд хаданд авиралт, мөсөнд авиралт зэрэг спорт авиралтын төрлүүд мөн багтдаг. Спорт авиралтын төрлүүд олимпын төрөлд багтдаг. Уулчид маань нэн тэргүүнд хамтран ажиллах, үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага гарсан. Хүмүүсээ сургаж бэлтгэх тал дээр бид ажиллах ёстой. Тийм ч учраас манай холбооноос уулын гарын авлагыг хоёр жилийн өмнө гаргасан байгаа. Мөн дэлхийн уулын спортын гарын авлагыг орчуулж байна.

Уулын холбооны асуудлыг ярихад санхүүжилтийн асуудлууд гарч ирдэг. Одоогоор сайн дурын болон татварын санхүүжилт дээр төвлөрч байна. Төр засгаас гаргаж буй тогтоол шийдвэрүүд бодит амьдрал дээр хэр зэрэг хэрэгжих вэ гэдгийг бодож байх хэрэгтэй. Зүгээр л хорьчихоор уулчид хулгайгаар, авиралтын биш улиралд явснаар өөрсдөө эрсдэлд орох нөхцөл бүрддэг. Тиймээс энэ уулзалт төрөөс бүх уулчид дагаж мөрдөх нэгдсэн баримт бичгийг гаргахад чухал ач холбогдолтой гэж бодож байна” гэв.

ОБЕГ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т.БАДРАЛ:

-2015 оны ослын дараа бид уулчидтайгаа одоо яах ёстой юм бэ гэж ярилцаж байсан. Бид уулын холбоотой нийлээд 15 уулчин аврагч бэлтгэсэн. Олон улсын стандартыг ч судалж үзсэн. Одоо би саналаа хэлэхэд үнэхээр мэргэжлийн уулчид, холбоод байгаа бол бүгдээрээ нийлээд яаралтай ажлын хэсгээ байгуулаад дүрэм журмаа цэгцлээд явах хэрэгтэй байна. Тэр холбооныхоо асуудлыг дараа болцгоо.

Хоёрдугаарт, үнэхээр уулчид маань өндрийн авиралт хийхээр явах гэж байгаа бол Онцгой байдлын албандаа мэдэгдээд яв, бид хүмүүсээ аваачаад байрлуулчихъя. Бид бэлэн байгаа шүү. Гэхдээ жилийн дөрвөн улиралд тэнд байрлуулаад байх боломж байхгүй. Тиймээс Гангаамаа гавьяатын хэлсэнчлэн хэзээ хэзээ авирах боломжтой вэ гэдэг батлагдсан цагаа өгчих, маршрут, стандартаа өгчих. Тэгвэл бид аврагчдаа аваачаад байрлуулъя.

Мөн 2015 онд үүссэн асуудалтай холбогдуулаад Засгийн газрын тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Онцгой байдлын шинэ анги байгуулж байгаа. 36 уулчин аврагчийн бүрэлдэхүүнтэй. Одоо бидэнд та бүхний гаргасан батлагдсан маршрут, стандарт хэрэгтэй.

Түүнчлэн саяын осол дээр хамтран ажилласан, хамтран ажиллах санал тавьсан уулын холбоод, уулчдадаа маш их баярласан шүү. Одоо та нар ажлын хэсгээ байгуулаад, дүрэм журам, стандартаа гаргачих. Энэ тал дээр бид хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотын бодлого төлөвлөлтөд хөндлөнгийн үнэлгээ хийх туршилтыг эхлүүллээ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн (2015) хуулийн хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг хийх, цаашид бодлого боловсруулах, хэрэгжилтийг сайжруулахад ашиглахаар тусгагдсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Банкны хооронд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зурсан нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт эрүүл мэнд, боловсролын тулгамдсан асуудлуудтай холбогдох үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ гүйцэтгэх дэд төслүүдийг хамтран хэрэгжүүлж, тэргүүний туршлагыг орон нутгийн болон үндэсний түвшинд түгээх, үзүүлэн таниулахад хамтран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд нээлттэй зарласан дөрвөн ажлыг гүйцэтгэхээр шалгарсан Тунгаамал төв, Боловсролын хамтын ажиллагааны Нийгэмлэг, Хараат бус судалгааны хүрээлэн, Стратеги академи зэрэг ТББ-ууд өнөөдөр нийслэл, дүүргийн орон нутгийн удирдлага болон салбарын төлөөлөлд өөрсдийн боловсруулсан бодлогын хөндлөнгийн үнэлгээ хийх аргачлал, дизайнаа танилцуулан төрийн төлөөллийн санал зөвлөмжийг хүлээн авлаа.

Иргэдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх нийгмийн эгэх хариуцлагын чухал арга механизм болох бодлогын үнэлгээ хийх аргачлал боловсруулах талаарх чадавхыг бэхжүүлэх сургалт, зөвлөгөөг Дэлхийн Банкнаас эдгээр ТББ-ууд, төрийн албан хаагчид, судалгаа эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлд үзүүлэн цаашид уг санаачилгыг туршлагыг бусад салбарт түгээхийг зорин ажиллаж байна