Categories
мэдээ нийгэм

Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг хийж байна. Ажлын хүрээнд хүрээнд Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өчигдөр 23.00 цагаас энэ сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн хучилт хийх юм.

Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэв

battulgaМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг Монголын ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монголын ахмадын өдөр 10 дугаар сарын 1-нийг тохиолдуулан Монголын үе үеийн бахархал, үлгэр дууриал болж явдаг ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Ахмадаа хүндлэх, тэдний билэг сургаалийг сонсох нь монголчуудын зан чанар, өв уламжлал юм. Аливаа нийгмийн өсөлт хөгжил нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, гурван үеийнхний тасаршгүй хэлхээ, уялдаагаар л хэрэгждэг болох нь түүхээр нотлогдсон үнэн.

Тийм болохоор ахмадаа асарч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шийдвэр, шийдлүүдийг төр цаг үргэлж гаргаж, хэргжүүлж байх учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ямагт анхаарч ажиллах болно.

Ахмадууд маань монголчуудын хамгийн туршлагатай, хал үзэж юмсын ялгаа зөрөөг ойлгодог, мэдэрдэг болсон хэсгийнхэн болохын хувьд нийгмийнхээ амьдралд авч гээхийн ухааныг нэмэрлэж, улс орныхоо хөгжилд цаашдаа хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би гүнээ итгэдэг. Байгууллагууд, хамт олон бүр ахмадын өдрөөр буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдний арвин их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээс хойч үедээ өвлүүлэхэд анхаарч, санаачлагатай ажиллахыг уриалж байна. Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Улаанбаатар хот. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Image result for УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг уламжлалтай. Харин энэ жил 10 дугаар сарын нэгний өдөр амралтын өдөр таарсан тул нээлтийг хойшлуулж хоёрны өдөр нээхээр болсон билээ. Чуулганаар Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг хэлэлцэж эхлэх ёстой. Тэгвэл маргааш нээх чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. УИХ-аас өнгөрсөн хавар намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан юм.

УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТ

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Бусад гэсэн асуудлыг багтаажээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ маргааш хуралдана

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдана. Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

21-р хорооллын замыг маргааш нээнэ

Image result for 21-р хорооллын замыг маргааш нээнэ

Содон хорооллын хойд зам буюу 21-р хорооллын уулзварт зүүнээсээ баруун ордог замыг хааж засвар хийж байгаа билээ уг замыг маргааш буюу 10 сарын 02-нд нээгдэнэ гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас таван иргэн дэмжлэг авлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байгаа билээ. Энэ ч үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-г санаачлан байгуулсан юм. Энэхүү сангийн зорилго нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас төлүүлэн, тохилог орон сууцаар хангагдах явдал юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас анхны дэмжлэгийг 2017 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Одончимэг авч орон сууцандаа орж байсан бол дахин дөрвөн иргэн Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ хотын даргаас өнөөдөр гардан авлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б.Батбаяр, Д.Уянга, Б.Шинэбаяр, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Төрбаяжих нар ипотекийн зээлийн сар бүр төлөх төлбөрийг төлөх боломжтой, байнгын орлоготой ажил, хөдөлмөр эрхэлдэг боловч урьдчилгаа 30 хувийн хуримтлал бий болгох боломж байдаггүй байснаа учирлаж, Гэр хорооллыг хөгжүүлэх сан нэг талаас иргэдээ бодсон, нөгөө талаас барилгын салбараа дэмжсэн, нүдээ олсон хөтөлбөр болсныг хотын даргад хэлж байлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Д.Уянга хэлэхдээ “Би өмнө нь орон сууц худалдан авахаар их хөөцөлдсөн. Гэвч урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадаагүй учраас авч чадаагүй. Харин хотын даргын санаачилсан “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-д хамрагдаад 57 метр квадрат байрны төлбөрийн 30 хувийн дэмжлэг авч, өнөөдөр түлхүүрээ авлаа. Маш их баяртай байна. Нийслэлийн Засаг дарга болон удирдлагуудад баярласнаа илэрхийлье.” хэмээлээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15,000 орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, Энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Зээлийн өсөлт эдийн засгийн хэт халалтыг бий болгож болзошгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өргөн мэдүүллээ.

Эдийн засгийн идэвхжил сэргэж, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт, улсын эрсдэл буурч буй өнөөгийн нөхцөл болон хүлээгдэж буй цаашдын төлөвийг харгалзан банк, санхүүгийн системийн санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах шаардлагыг харгалзан төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан танилцуулж байна хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулгадаа дурдав.

Манай улсын худалдааны гол түнш орнуудын эдийн засаг хүлээгдэж байснаас хурдацтай өсч, экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улмаар гадаад худалдааны нөхцөл сайжирч байгаа нь эдийн засгийн гадаад орчин өмнөх жилүүдээс харьцангуй таатай орчинд шилжсэнийг илтгэж байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг 2017 оны эхний хагас жилийн байдлаар хүлээлтээс давж 6.9 хувиар өссөн төдийгүй ОХУ, Евро бүсийн эдийн засгийн өсөлт ч мөн адил хүлээгдэж байснаас өндөр байв. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнэ өнгөрсөн оны сүүлчээс эхлэн сэргэж, гадаад худалдааны нөхцөлд эерэгээр нөлөөлж байгаа юм байна.

Монгол улсаас 2017-2018 онд эргэн төлөгдөх гадаад өрийн төлбөрийг дахин санхүүжүүлж, гадаад төлбөрийн чадварын хомсдолыг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэж, цаашдын тогтвортой байдлыг төсөв, мөнгөний бодлогоор хангахаар бодлогын зорилтыг тодорхойлж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид болон зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын зүгээс Монгол улсын эрсдэлийн түвшинг бууруулан ирээдүйн хандлагыг нааштайгаар үнэлэх суурь болж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжин, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдэж эерэг түвшинд хүрсэн, хадгаламжийн долларжилт буурсан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн зэрэг нь эдийн засгийн төлөвийн талаарх эерэг хүлээлт зах зээл дээр давамгайлах хандлагатай болсон байна.

Хэдийгээр эдийн засагт эерэг үр дүн гарч, зах зээлийн эерэг хүлээлт бий болж байгаа ч богино хугацаатай хөрөнгийн дотогшлох хөдөлгөөн, нийт гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг шингээхтэй холбоотойгоор бодлогын сорилтууд бий болж байна. Тухайлбал, ашиг хонжоо хайсан, богино хугацаатай хөрөнгийн урсгалын нөлөөгөөр төгрөгийн ханш хэт чангарах, эх үүсвэр болон хөрөнгө оруулалтын хугацааны зөрүүний эрсдэл, зээлийн долларжилттой холбоотойгоор ханшийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Түүнчлэн, хөрөнгийн урсгалыг дагасан мөнгө, зээлийн өсөлт нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож болзошгүй тул макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэх, макро зохистой бодлогоор хөрөнгийн урсгалын зохицуулалтад анхаарлаа хандуулах нь чухлыг дурджээ.

Цаашид макро эдийн засагт одоогоор үүсээд буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх нь чухал болохыг төслийн танилцуулгад онцолжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ерөнхийлөгч Х.Баттулгадаа л найдаж байна даа…

Баянгол дүүргийн иргэн, Монгол Улсын зөвлөх инженер Д.Батаа

Монголчуудын хувь заяа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бараг л зөв тал руугаа шийдэгдсэн гэж дүгнэхэд болох байх. Миний бодлоор МАН-ын УИХ дахь 65 гишүүд хэсэг бүлгээр хуйвалдаж, Монгол Улсыг ч худалдахад бэлэн байх шиг байна. Түрүүчийн АН-ын засаглалын үед ч ийм байдалтай байсан. МАНАН цааш явах шинж алга. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж УИХ-ыг тараах хэрэгтэй. Тэр дундаа луйврын аргаар гарч ирсэн МАН-ын 65 гишүүнийг улс төрийн тавцангаас буулгах хэрэгтэй. Ард түмний итгэл найдвараар тоглож гүйцэж байгаа нөхдүүдийг үүнээс өөр яах билээ. Одоо хангалттай. Харин ард түмэн Ерөнхийлөгч таны талд шүү. Бид дэмжин зогсох, жагсахад бэлэн. Зууны мэдээ сонины 2017 оны наймдугаар сарын 16-ны дугаарт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу өгсөн ярилцлагадаа “Монголоо эв нэгдэлтэй болгоё гэвэл намуудыг татан буулгаж, намын гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй” гэсэн байна билээ. Тэгэхээр Ерөнхийлөгч та үүнийг хийж чадна. Бид танд найдаж байна.

Оюу толгойн хөрөнгө оруулагч тал 51 хувь, МУ-ын Засгийн газар 34 хувь, гэрээнээс ор тас алга болсон 15 хувийн ашгийг эрх мэдэлтнүүд оффшор дансандаа аваад суудаг юм бишүү. Сентерра Гоулд компанийн нууц ноёнтон Ерөнхий сайд асан Сү.Батболдын 100 орчим тонн алттай холбоотой асуудал тухайн он жилүүдэд Монгол Улсын прокурор, Цагдаагийн газрын дарга нараар ажиллаж байсан эрхэм ноёдын оффшорт байгаа мөнгийг хураан авах цаг хэдийнэ болсон. Ерөнхийлөгч та үүнийг асууж тогтоож ард түмнээсээ хулгайлсан, нуусан мөнгийг оруулж ирэх хэрэгтэй. Харин түүнийг ард түмэндээ зохих журмын дагуу “Хишиг” хүртээх болов уу гэж горьдож байна.

Монголчуудын эртний түүхийг уншиж үзэж судалж байхад халх ястнууд төр авч барьж явах чадвар сул байдаг. Хээл хахуульд идэгдэж, урваж шарвах, бие биенээ хэнд ч (манж) хамаагүй барьж өгдөг зан чанар халх ноёдын яс маханд шингээстэй байдаг. Энэ нь ч өнөөгийн Монгол Улсын хөгжилд асар муугаар нөлөөлж байгаа. Би үүнийг халх, дөрвөд буриадаар нь талцуулах гэж бичсэнгүй. Харин түүхийг уншиж судалдаг хэн бүхэн оюун ухаандаа тунгааж үзээсэй гэж хүссэндээ бичиж байгаа юм.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“ӨДРИЙН СОНИН”-Ы ШАРЛАСАН ХУУДАСНАА: Анхны зориулалтын жил

-Өдрийн сонин”-ы 2009.01.08-ны №004 (3081) дугаараас Төрийн шагналт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн нийтлэлийг хүргэж байна.


-ФЕЛЬЕТОН-

“Автомашины анхны зориулалтыг өөрчилбөл онцгой албан татвар ногдуулна” гэсэн мэдээ 2009 онд хамгийн түрүүн цацагдлаа. Ер нь манай нам төрөөс юмыг анхны зориулалтаас нь өөрөөр ашиглахтай хийх тэмцэл ихээхэн хурц болох төлөвтэй. Дээр үед хааныхаа нэр, тусгаар тогтнолоо сэргээсэн энээ тэрээгээр он тооллоо цоллодог байж. Төр гэрэлтийн хоёрдугаар он, Олноо өргөгдсөний гуравдугаар он гм. Бид үүнийг боловсронгуй болгож жил бүрт нэг цол бодож олдог болсон юм. Хүүхдийн жил, өшөө юу юуны билээ. Энэ уламжлалаа бид улам хөгжүүлж сар бүртээ бас цол бодож олох болсон. “Жолооч нар бүсээ зүүх сар”, “Хармайны хулгайн сар”, “Биеэ үнэлэгчдийн сар” гэхчилэн. Одоо бид долоо хоног ба өдөртөө цол өгөх тал дээр анхаарууштай байгаа юм. Харин олон түмэн нь оныхоо цолонд их хайхрамжгүй хандана аа. Харж л байгаарай. 2008 онд болсон явдлыг заяа нь “Хүнсний аюулгүй байдлын жил төрсөн хүүхэд” гэхчилэн нэрлэхгүй дээ. За даа “МАХН-ын цагаан байр шатдаг жил” л гэх байх аа даа. Хорвоо чи буруу нэрлэлтэд цадах болоогүй юу??? Ноднин жилийн оны цол нь “Хүнсний аюулгүй байдлын жил” байсан гэдгийг түрүүн ярьсан. Зарим ухвар мөчид хүмүүс төр засгаа энэ сэдвээр шүүмжилж байгаа нь үнэхээр харалган явдал. Өчнөөн хүн хордож нас барсан энэ тэрээ гэхийн өмнө оныхоо цолыг хар л даа. “Хүний аюулгүй байдлын жил” гэж байна уу, “Хүнсний аюулгүй байдлын жил” гэж байсан уу? Аан. Үнэхээр ч хүнсэнд аюулгүй жил болсоон, болсон. Идэхээр хордчихоод байсан болохоор хүмүүс бага идсэн. Хүмүүс бага идэхийн хэрээр “хүнсэнд учрах аюул” багасч, тэдний ихэнх нь хүнд идэгдэхээс аврагдсан. Энэ утгаараа “Хүнсний өөрийнх нь аюулгүй байдал”-ын жил бол байсан даа. Харин энэ жилийг аливаа юмыг анхны зориулалтаар нь ашиглах жил болгосон ба ажил ч ид эрч хүчээ авч байна. Дутагдлыг бага гэхгүй тэмцэж байгаа нь “анхны зориулалтын жил”-ийн далайцыг илтгэнэ. Баянгол дүүргийн хүчний байгууллага шүдэнзээр чихээ ухаж байгаа хүний регистрийн дугаарыг хурааж байхад, Чингэлтэй дүүргийн цагдаа нар “цаасны хавчаараар хумсаа цэвэрлэдэггүй дүүрэг болох” үүрэг авсан байх жишээтэй. Олон нийтийн байгууллагууд ч “зориулалтын юмыг зориулалтаар нь” хөдөлгөөнөөс хоцорсонгүй. Урчуудын хороо гэхэд л хөлөөрөө зурдаг зураач нараа дахин хүмүүжүүлж ”эрхтэн бүхнээ зориулалтаар нь хэрэглэдэг анги хамт олон болох” зорилт тавьжээ. Замын хөдөлгөөний дүрэм ч их өөр болж байгаа болтой. Одоо нэгдүгээр эгнээнд зогссон жолоочийг торгож байгаа нь улам гүнзгийрч цаашдаа хоёр, гуравдугаар эгнээнд машинаа тавибал торгодог болох юм гэсэн. Ингээд байвал зогсоолоос өөр ашин тавих газар олдох юм уу? Эрх чөлөө ч хумигдах юм байна л даа. Машинаар 100 км.цагаас илүү хурдалбал хурд хэтрүүлсэнд тооцохоо больж байгаа гэнэ. Баярлах болоогүй шүү хөөе. Ийм тохиолдолд хэтэрхий бага хурдтай ниссэн гэж үзэх ба “машиныг онгоцны зориулалтаар ашигласан” үндэслэлээр торгодог болно гэнэ. Саяхан манай цагдаа нар дөнгөж буусан онгоцны нисгэгчийг торгосон байна. Яриа их товч байжээ.

-Наадах чинь онгоц биз дээ

-Тийм

-Буухдаа газраар давхихыг чинь харсан гэрч байна. Хэсэг иргэн “Баярын үеэр үүрэн телефоноор мэссэж явуулж чадаагүй” хэмээн гомдоллосон биш буруудсан байна. Тэд “гар, хэл, хөл гурваа анхны зориулалтаар нь ашиглаагүй” гэсэн ноцтой үндэслэлээр онцгой албан татвар төлөөд харьжээ. “Анхны зориулалтын жил”-ийн хамаг хүнд ачаа Эрүүлийг хамгаалах яаманд ногдсон гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Он гараад төрөхийн эмч нар “хийсвэр” хийхээ бүүр больсон гэнэ. “Тухайн зориулалтын эрхтнийг зориулалтаар нь ашиглаагүй хэрэг”-т орохыг

ямар л эмч хүсэв гэж дээ. Аргагүй юм. Өвчтөнд бургуй тавьсан сувилагчийг “эрхтний анхны зориулалтыг өөрчилсөн” гээд дагуулаад гарахаар тэгэхээс өөр яах вэ дээ. Сувилагч эмэгтэйд “өвчтөнд буруу амаар юм уулгасан” гэх үндэслэлээр онцгой албан татвар ногдуулсан байна. Үүнийг харсан өөр нэг өвчтөн бөөлжиж чадахаа больчихжээ. Амныхаа анхны зориулалтыг өөрчилсөн асуудалд орно гэдгээ тэр мэдсэн байна. Хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын халдвараас хамгаалах төслүүд ч “анхны зориулалтын жилийн” эхний шалгуурт бүдэрчээ. Цаашлаад гэр ор луу ороод ирэхээр ярилт алга аа, “Анхны зориулалтын жил” ч юм дуулгана шүү.

2009.01.02

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Айлын ганц хүү Пүрэвийн Хорлоогийн үр, ач, зээгийн тоо дал хэдийнэ давжээ

(П.ХОРЛООГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД)

Төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл хоёрын зааг дээр оршдог Өшгөгийн нурууны өвөрт 1917 онд төрсний зуун жилийн тэгш ой энэ онд тохиож байна. Тэрээр 1933 оноос уран бүтээлээ эхэлж хүүхдэд зориулан “Хар унага”, “Говийн хүү”, “Багш” зэрэг олон зохиол бүтээл бичжээ, “Жаргалт хүүхдүүд”, “Алт, Мөнгө хоёр”, “Туулайн бөжин”, “Нарны туяанд” зэрэг ном хэвлүүлснээс гадна “Алтан үст охин”, “Багш”, “Шидэт толь” зэрэг жүжгийн зохиол бичжээ. Аав Пүрэв нь хар багад нь бурхан болсон бөгөөд Хорлоо Должин хэмээх ганц эгчтэй, эмч Чимэддолгор, түүхийн багш Бадам нарын хоёр бүсгүй дүүтэй аж. Аж үйлдвэрийн комбинатын анхны дарга, МХЗЭ-ийн Төв хорооны болон Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, эрхэм уран зохиолч цолтой нагац ах Улаан Пүрэв багадаа өнчирсөн тул тэд хамтдаа өссөн аж. Энэ ах нь 12 настай Хорлоо хүүг анх тэнхимд суулган эрдэм номын зүгт залсан буянтан гэдэг. Улаан Пүрэв 1937 онд хорин наймхан насандаа хилс хэрэгт хэлмэгдэн цаазлуулахад үлдсэн гэргий Дулмаа нь Мөнхбат аваргын гэргий Тамирын ээж, Хакухо Даваажаргалын эмээ юм билээ.

Хорлоо Хан хөгшин уулын хошууны тэнхим, Цэцэрлэг мандал уулын аймгийн бэлтгэл дунд сургуулийг дүүргэн, Багш нарыг бэлтгэх сургуулийг дүүргэн Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургуульд багшилсан түүхтэй. Энд жил гаруй ажилласан арван наймхан настай залуу Ховд аймгийн Манхан суманд сургууль байгуулахаар 1935 онд одсон байдаг. Манхан сумынхан их шооч, бэлэн цэцэн үгтэй хүмүүс тул залуу багш Хорлоод зориулан

“Хайлаар оёцтой цэнхрийн

Ханцуй ачтаа нарийн бэ

Халхын үр Хорлоогийн

Харц нь ачтаа уян бэ

Хоёроор эмжсэн цэнхрийн

Ханцуй ачтаа нарийн бэ

Хол нутгийн Хорлоогийн

Харц нь ачтаа уян бэ” гэсэн дуу хүртэл гарсан аж. Тэгэхнээ эл дууг түүний ирээдүйн гэргий Зэргийн голоор нутагтай захчин айлын охин Ноост зохион дуулсан байж. Ноост гуай Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны нягтлан бодогчоор олон жил ажилласан нэгэн юм билээ. Сэтгэл зүрхээ холбон тоонот гэрт толгой холбосон Хорлоо, Ноост хоёр өрх үүсгэж сум сунгаснаас хойш найман хүүхдийн эцэг эх болон өнөр бүлжив. Ууган охин Лхагважаваа гучин долоон оны гуцуу хөтүү тэр цагт өлгийдсөн нь орос хэлний багш мэргэжил эзэмшсэн байдаг. Удаахь охин Нарантуяа нь цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш, гутгаар охин Оюун нь дөчин гурван онд төрөв. Оюун франц хэлний орчуулагч, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн бөгөөд Парист амьдран, Сорбонны их сургууль дүүргэсэн манай шилдэг сэхээтнүүдийн нэг болсон юм. Түүний эр нөхрийг хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Сүхбаатар гэхээр манайхан андахгүй байх.

П.Хорлоо гэргий Ноостын хамт. 1960-аад он

Эдний дөрөв дэх Төгөлдөр хүү нь МУИС-ийн хуулийн ангийг гавьяат хуульч С.Нарангэрэлтэй нэг ангид суралцаж төгсчээ. Хүү Төгс нь Германд сургууль дүүргэсэн хөнгөн үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй нэгэн. Зургаа дахь охин Оюунчимэг бол Улсын багшийн дээд сургуулийг төгссөн орос хэлний багш. Аав ээжтэйгээ хамт амьдарч ачийн дээдийг нь хариулсан буянтан гэж ах эгч, дүү нар нь түүнийг нь ихэд хүндэлдэг аж. Долоо дахь охин Оюунцэцэг нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн хуульч хүн юм. Отгон охин Булганы хувьд 23 дугаар сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай нэгэн ангид суралцаж, Москвагийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн англи, франц хэлний багш мэргэжилтэн. Түүний нөхөр нь философийн шинжлэх ухааны доктор Ч.Энхбат юм билээ. Х.Булган 1991 онд УИХ-ын дарга Гончигдоржийн зөвлөхөөр ажиллаж байхдаа хориод улсын Үндсэн хуулийг орчуулж Бирагийн Чимид нарын албаны хүмүүст хүлээлгэн өгч байсан нь түүхнээ бичигдэх биз. Тэрээр одоо НҮБ, АНУ-ын Төрийн департментын гэрээт орчуулагчаар ажилладаг чадварлаг нэгэн.

Пүрэвийн Хорлоогийнх хэмээх эл өнөр айл 1958 онд Улсын их дэлгүүрийн зүүн талын нэгдүгээр 40 мянгатын I байрны гурван давхрын гурван өрөө байранд орсноос хойш өнөө ч ач зээ нар нь бужигнасан халуун голомт хэвээр аж. Пүрэвийн Хорлоо хэмээх айлын ганц хүү Зэргийн голын охинтой ханилснаас хойш ач зээ нар нь даруй дал гарчихаад байгаа нь хүний хорвоогийн нэгэн сайхан үйл гэлтэй. Охин Нарантуяагийнх нь хүү Ариунбатыг монголчууд телевизийн чадварлаг сэтгүүлч гэдгээр нь таних байх. Хорлоогийн зээ охин Баярманлай ЗХУ-ын Ленинград хотноо балетын сургууль төгсөж ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллан улмаар Монгол Улсын гавьяат жүжигчин болсон байна.

Ийм л бахархам түүх намтартай алдарт эрдэмтэн-зохиолчийн уугуул гал голомтоор зочлоход охин Оюунчимэг, Булган, зээ Ариунбат, Энхбат нар нь элгэн халуун сэтгэлээр угтсан нь сайхан. Тэд аав, ээжийнхээ тухай олон сайхан зүйлийг сэтгэл догдлон хүүрнэсэн. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг 2010 онд нэрт академичийн нэрэмжит болгосноос хойш үр хүүхдүүд нь аавынхаа нутгийг их зоримтгой болжээ. Нэрэмжит болгосны хойтон жил хайрт аавынх нь нүдэнд дулаахан хөшөө сургуулийн үүднээ боссон болохоор арга ч үгүй биз. Хорлоогийн гэргий Ноост гуай ардын хувьсгалтай нас чацуу бөгөөд ерэн насны босго даваад тэнгэрийн орондоо оджээ.

П.Хорлоо үр хүүхдүүддээ “Өнөөдөр хийх зүйлийг маргааш бүү дуусга”, “Толгойдоо хийсэн зүйлийг хэн ч хулгайлж чадахгүй” гэж захьдаг байсан төдийгүй үр хүүхдүүдийнхээ нүдэнд өдөрт ганц цаг ч буйдан дээр нойр авч байгаагүй их зарчимч хүн байж. Ямар сайндаа л эднийхэнд хөзөр, даалуу мэтийн тоглоом мэддэг хүн ганц ч байдаггүй гэхэв. Гэрийн эзэн өдөр ч, шөнө ч үргэлж л бичгийн ширээнээ шадарлан юм бичиж суудаг, үдэш хүүхдүүдээ унтахад монгол ардын үлгэр ярьж өгч нойрсуулдаг хэвшилтэй байсан гэж байгаа. Амралтын өдөр хүүхдүүдтэйгээ Улсын төв номын санд л өнждөг байж. Охин Булган “Аав минь гудманд хамт явж байгаад таарсан хүнтэйгээ их удаан яриад зогсчихно. Одоо бодоход хууч, үлгэр домог тэр бүхнийг л яриулдаг байсан байх. Гэртээ орж ирүүтээ л тэмдэглэл хөтөлдөг байсан” гэж ааваараа бахархаж байна. Оюун билгийн өндөр чадвартай П.Хорлоо зохиолч гарын ур дүйгээр ч их уран хүн байжээ.

Охин Х.Оюунчимэг, Х.Булган нар

Түүний сийлбэрлэсэн хорол, цацал, хүрдийг өнөө үр хүүхдүүд нь дээдлэн нандигнаж байгаагаа үзүүлэв. Юм сийлэх модоо бүтэн жилийн өмнө аваад хатаадаг байсан гэхээр ямархан нямбай чамбай хүн байсныг нь илтгэнэ. “Аавын 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал саяхан болж олон ч эрдэмтэн илтгэл тавьсан. Харин зохиолчийнх нь хувьд онцын үйл ажил зохиож амжсангүй, аав минь их олон талт амьдралтай хүн байж. Тухайлбал, Ази-Африкийн эв санааны нэгдлийн хорооны даргаар хорин жил ажилласныг нь үзэг нэгт Л.Хуушаан зохиолчоос өөр хэлэх хүнгүй боллоо” гэж охин Х.Оюунчимэгийнх нь хэлсэн үг хэн хүнд нэгийг бодуулахаар л санагдсан. Өнөөгийн монголчууд бид өмнөх үеийнхнээ тэгтлээ их ойшоохоо больчихсон ч юм уу, эсвэл эрдэнэ агуулсан авдрыг юу ч биш гэж үнэлэхээ байсны гор л энэ болов уу. П.Хорлоо “Миний баяр” зөгнөлт зохиолдоо охин Булганыхаа нэрийг оруулсан байдагчлан бүх хүүхдүүдийнхээ нэрийг “Адьяахүү” зэрэг зохиолдоо бүгдийг оруулсан ачтан аж. Түмэнд нэртэй, түүхэнд алдартай ийм л сайхан ааваараа өнөөдөр үр, ач, зээ нар нь бахдан бахархаж сууна.