Categories
мэдээ цаг-үе

Д.Түвшинтөр: Би угаасаа хоолоо сойдог

Холбоотой Зураг

“Эмоци” продакшны захирал, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөртэй ярилцлаа.


-Та 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцож байгаа. Шоуны талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Мэдээж реалити шоу нэвтрүүлэг учраас өрсөлдөх ёстой. Гэхдээ миний хувьд нэвтрүүлэгт түрүүлэх бодол байхгүй. Мэдээж “Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг” шүү дээ. Та бүхэн нэвтрүүлгийн дундаас мэдэх байх л даа. Эмэгтэй хүн ямар арвич, хямгач, аливаад яаж ханддаг вэ гэдгийг харна байх. Мөн эрэгтэй хүн хэр үрэлгэн бэ гэдгийг ч бас харна. Ер нь эмэгтэй хүнтэй өрсөлдөх амаргүй юм билээ. Харин хоёр эрэгтэй хүн өрсөлдвөл боломжтой юм шиг санагдаж байлаа.

-Хүссэн зүйлээ идэж чадахгүй байх ямар байна вэ?

-Би угаасаа хоолоо сойдог. Учир нь их таргалахыг хүсдэггүй. Таргалснаар зүрх өөхөлдөг. Үүгээр ч тогтохгүй бүхий л өвчлөлтийн үндэс суурь нь таргалалтаас бий болдог гэж ойлгодог. Тэр утгаараа би хоолыг маш сайн сойж чаддаг. Тиймээс 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцоод айхтар өлсөөд байгаа юм алга.

-Хоолны дэглэмийнхээ тухай сонирхуулаач. Илүүдэл жингээс айдаг, зөв хооллолтыг эрхэмлэдэг хүмүүс сонирхох нь дамжиггүй…

-Би урлагийн хүн учраас үргэлж дэлгэц, тайзны өмнө гарч байдаг. Тэгэхээр биеийн формыг барихыг эрхэмлэдэг юм. Тийм ч айхтар бусдад зөвлөхөөр хоолны нарийн дэглэм бариад байдаггүй. Яахав өдөр сайн хоол иддэг. Заримдаа идэхгүй үе ч байна. Ер нь их цадталаа иддэггүй. Үргэлж чихээд байхгүй. Бас мэдээж өлсөж, цангаад яваад байна гэж юу байхав.

-“Эмоци” продакшны уран бүтээлчид энэ намар шоу тоглолт, кино гээд олон сайхан уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьж байгаа. Ер нь хэр амжилттай үргэлжилж байна вэ?

-“Эмоци” продакшн энэ намрын шоу тоглолтоо үзэгчдэдээ өргөн барьсаар байна. Сезоны тоглолт ч гэж ярьдаг л даа. Ямартай ч наймдугаар сарын 25-наас эхлэн үзэгчдэдээ хүргэж байгаа “Гоё өдөр” хэмээх шоу тоглолт маань амжилттай үргэлжилсээр байна. Тоглолттой зэрэгцээд “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 8-нд хийсэн. Кино театр, Соёлын төв өргөөгөөр зэрэг, зэрэг л уран бүтээлүүд маань үзэгчдэд хүрч байна даа.

-Шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа болов уу?

-Одоогоор шинэ уран бүтээлээ хараахан төлөвлөж амжаагүй байна. Харин “Гоё өдөр” шоу тоглолтоо орон нутгийнхаа үзэгчдэд хүргэхээр бэлдэж байгаа. Соёлын төв өргөөнд гарч байгаа тоглолт маань энэ сарын 27-нд өндөрлөх юм. Ингээд 28-наас эхлэн Багануур, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сайншанд, Бор-Өндөр, Чойр луу явна. Харин дараа нь хойшоогоо Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан гэсэн маршрутаар явах юм. Орон нутаг дахь аялан тоглолтоо өндөрлөөд арваннэгдүгээр сарын эхэн үеэр Өмнөдмонголд очиж “Гоё өдөр” шоугаа тоглоно. Ингээд л залгуулаад шинэ жилийн баярт зориулсан нэвтрүүлгүүдийн зураг авалт эхэлнэ байх.

-Та хошин урлагийн тайзтай холбогдоод хичнээн жил болж байна вэ?

-Сургуульд сурсантайгаа нийлээд 20 жил болж байгаа юм байна шүү дээ. Би 1997 онд СУИС-ийн кино, драмын ангид элсэн орж байлаа. Г.Нарансолонго маань ч гэсэн хамт элсэн орж байсан. Манай ангийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж багш дааж авсан юм. Нэгдүгээр курсээсээ эхлээд л шоу урлаг яаж үзэгчдэд хүрдэг талаар мэдэж, бага багаар сурч эхэлсэн дээ. Мөн оюутан байхдаа тайзны ард бужигнаж, олны хэсэгт ч тоглох үе гарна. Энэ бүгдтэйгээ нийлээд яалт ч үгүй 20 жилийн амьдрал минь тайзтай салшгүй холбоотой байсаар ирсэн байна.

-Таныг жүжигчин болохын тулд хоёр ч удаа конкурс өгч байсан гэж сонссон юм байна. Ер нь таныг жүжигчний мэргэжлийн юу нь ингэтэл нь их татсан юм бэ?

-Би багын хоёрхон л мөрөөдөлтэй хүүхэд байсан юм. Сансрын нисгэгч, эсвэл жүжигчин болох гэсэн л хоёр мөрөөдөлтэй. Харин дийлэнх бодол нь жүжигчин болохын төлөө хүсэж, тэмүүлж л дээ. Гэхдээ аравдугаар ангиа төгсөөд жүжигчнээс тэс ондоо мэргэжлээр сурсан. Түүндээ хүсэл, сонирхол байхгүй учраас орхисон л доо. Харин намайг 1996 онд бурхны оронд одсон Аси ах маань бэлдэж өгсөн юм. Тухайн үед М.Баярмагнай тэргүүтэй хэд, хэдэн жүжигчид элсэж орж байсан юмдаг. Гэхдээ би тэр жил тэнцэж чадаагүй. Гэтэл Аси ах маань “Зүгээрээ. Дараа жил маш мундаг, том найруулагч анги дааж авна. Тэгэхэд л тэнцчихвэл болно шүү дээ” гэж хэлж байсан. Тэр үг нь одоо ч гэсэн бодогддог юм. Ямартай ч ах минь алсыг харж, зөв хүний гарт халуун чихийг минь атгуулж дээ гэж баярлаж суудаг юм даа. Аси ахдаа болон Найдаа багшдаа үргэлж баярлаж явдаг. Миний өдий зэрэгтэй яваа минь Найдаа багшийн минь л гавьяа.

-Мөн таныг Ч.Найдандорж гуай “Х-ТҮЦ” продакшны босгоор алхуулсан гэдэг билүү?

-Тэгэлгүй яахав. 2001 онд төгсөөд л удаагүй байхад Найдаа багш маань “Хүрч ирж ажилдаа ор” гэж билээ. Тухайн үед “Х-ТҮЦ” продакшны захирал ч байлаа шүү дээ. Шавь нараасаа энэ л хошин урлагаар явах байх даа гэж харж байсан юм шиг байгаа юм. Миний хувьд гуравдугаар курст орсон жилээ Ш.Доржсүрэн буюу Дооёо ахын оронд их тоглодог байлаа. Дооёо ах Герман луу найруулагчаар сурахаар явж байсан үе л дээ. Тэрийг ч Найдаа багш эртнээс мэдсэн шиг байгаа юм. Амралтаараа ирээд л “Х-ТҮЦ”-ийн тоглолтыг хараад сууж байтал “Дооёогийн тоглолтыг сайн харж авна шүү. Удахгүй явна. Оронд нь чи гарна” гэсэн. Миний хамгийн их туршлага хуримтлуулсан үе бол яах аргагүй Дооёо ахын оронд тоглож байсан үе л дээ.

Энэ үеэс эхлээд л “Х-ТҮЦ” продакшныхаа олон ч уран бүтээлд оролцон тоглосон. Продакшны маань олон сайхан бүтээлүүд бий. Тэр дундаа дэлгэцийн сайн бүтээлүүд байдаг. Түүний нэг нь яах аргагүй “Сэргээш-1, 2, 3” гэж боддог. Эргээд үзэхэд хамгийн их дурсамжтай басхүү хөдөлмөр шаардсан бүтээл дээ. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад манай “Сэргээш”-ийг гүйцсэн хошин урлагийн дэлгэцийн бүтээл үнэндээ алга. Үнэхээр гайхалтай, дахин давтагдахааргүй бүтээл болж чадсан гэдэгт эргэлздэггүй. Тэр сайхан бүтээлд дүрээ мөнхөлсөн гэж бодохоор их сайхан санагддаг шүү.

-Та “Сайн, муу, хэрцгий гурав” хэмээх дэлгэцийн бүтээлд тоглож байсан. Таны хувьд эсрэг дүрд тоглоход ямар санагдсан бол?

-“Эсрэг дүрд сайн тоглож чадна, сурна гэдэг бол жүжигчин хүний авьяас, чадварыг улам өнгөлж байдаг. Ер нь хэдий адгийн муу хүн байлаа ч нэг сайн чанар байдаг юм шүү дээ” гэж мөн л бурхны оронд одсон Ардын жүжигчин Б.Дамчаа гуай хэлж байсныг ихэд олзуурхан сонсож байсан юмдаг. Тэгэхээр хэдий муу дүрд тоглож байгаа ч түүний сайн тал нь юу байна гэдгийг анзаарах нь чухал юм шиг. Амьдрал дээр ч тэр ямар ч муу хүн байсан нэг сайн чанар цухуйдаг шүү дээ. Цайлган, өглөгч, хүүхдүүдийг хайрладаг, эмэгтэй хүнийг хүндэлдэг гээд сайхан чанарууд нуугдаж л байгаа. Үүнийг нь л дүрээ бүтээхдээ олж харах хэрэгтэй юм билээ л дээ. Надад бол эсрэг дүр бүтээх амаргүй юм шиг санагдсан. “Сайн, муу, хэрцгий” уран сайхны кинонд тоглохын сацуу зургийн даргын ажлыг хариуцсан юм. Дүрээ ч бодох хэрэгтэй, даасан ажлаа ч амжуулах гээд их л завгүй, нөр их ажилтай өдөр, хоногууд байсан санагдаж байна. Энэ мэтчилэн жүжиглэхийн сацуу ганц, хоёр кинон дээр ажиллаж үзсэн. Өнгөрсөн оны шинэ жилээр үзэгчдэд хүрсэн “Гацуурхан” хэмээх дэлгэцийн бүтээлд өөрийн тоглох хэсгээ телевизийн багтай хамтарч найруулсан. Хүнийг яаж инээлгэх вэ, логик дараалал нь ямар байвал зүгээр вэ гээд их л зүйл бодох шаардлага гардаг юм билээ дээ.

-Аль нутгийнх вэ. Зуны дэлгэр цагт нутаг усаа зорьж амжив уу?

-Би Өврийн сайхан хангай нутгийн хүн л дээ. Саяхан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдүгээр арван жилийн тавин жилийн ой тохиолоо. Манай ангийнхан ойгоо тэмдэглэхээр нутаг руугаа зорьцгоолоо. Ангийнхан маань намайг явсангүй гээд тун дурамжхан байна шүү. Ямартай ч багштайгаа утсаар ярьж ойн мэндийг хүргэсэн. Ой арга хэмжээ өргөн дэлгэр, их сайхан болж байна гэсэн мэдээ л чих дэлсэж байна даа. Хэдий явмаар байв ч тоглолтоо орхиод явж болохгүй. Урлагийнхан “Гутлаа тайлах” гэж ярьдаг юм даа. Тэр нь ар гэрт нь ямар ч асуудал гарч, ээж, аав нь хорвоогоос одсон ч тайзнаа гарах ёстой гэсэн үг л дээ. Урлаг ийм л хатуу хуультай.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл тавуулаа. Би гурван сайхан хүүтэй хүн.

-Урлагаас өөр сонирхлыг тань татдаг, цаг заваа зориулдаг зүйл бий юү?

-Яг үнэнийг хэлэхэд өөр зүйлд сатаарах цаг зав тун бага олдох юм. Тоглолтын хажуугаар орон нутгийн тоглолт, Өмнөдмонгол руу явах асуудал гээд өдөр болгон л янз бүрийн ажил ундарч байна.

-Ингэхэд та уурлаж бухимдсан, стрессдсэн үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ?

-Ганцаараа тамхи нэрээд л суувал тайвширна шүү. Гэхдээ би аливаа зүйлд “сугаа өргөдөг” болчихсон. Жижиг, сажиг зүйл дээр хэрүүл маргаан гарвал хэдий миний буруу биш ч уучлал гуйгаад л өнгөрдөг. Ингэснээр би өөрийгөө тайван байлгаж байгаа юм. Хүнтэй хэрүүл маргаан хийлээ гээд надад аз жаргал, амар тайван байдал ирэхгүй нь лавтай. Тийм учраас сониныхоо уншигчдадаа ч гэсэн хэлэхэд аливаа зүйлийг дэвэргэж байснаас “сугаа өргөөд” л өнгөрөөчих хэрэгтэй шүү. Ер нь хэн хэнийгээ уучилж амьдрах, аядуу тайван байх чинь сайхан шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

“Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-т урьж байна

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Лайсэн Академи”-тэй хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-ийг 2 өдрийн турш “BLUE SKY” зочид буудлын DAIMOND зааланд зохион байгуулж байна.

Монгол Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн зорилго нь Япон улсад сургууль төгсөж ирсэн болон япон хэлтэй залууст эх орондоо ажиллах боломжийг олгох, оролцогч компанитай газар дээр нь танилцан, мэдээлэл авч, ажлын анкет бөглөх, тус улсад суралцах, ажилд орох зэрэг мэдээлэл зөвлөгөөг мэргэжлийг ажилтнаас үнэ төлбөргүй авахад оршино. Яармагт нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажил олгогчдын ирүүлсэн мянга гаруй ажлын байрны захиалга танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээллтэй ажлын байрны мэдээлэл хүргэж байна. “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-т ирснээр Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох, ажлын анкет бөглөж тухайн байгууллагатай танилцах боломж бүрдэх ба Япон улсаас их дээд сургууль, мэргэжлийн болон япон хэлний сургуулиудын багш төлөөлөгчид оролцоно. Тухайн сургуулийн багш нараас Япон улсад суралцахад шаардлагатай бүх мэдээллийг өөрийн биеэр орчуулагчийн тусламжтайгаар шууд авах ба гарын авлага бэлэглэнэ. Ингэснээр Япон улсад суралцах, аижиллах талаар мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй авч, японы хөрөнгө оруулалттай компаниудтай танилцах, ажилд зуучлагдах боломж бүрдэж байна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажил 89 хувьтай байна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Төв комисс өнөөдөр хуралдлаа.

Нийслэлийн Татварын газраас энэ сарын 27-ны өдрийн байдлаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 22.4 тэрбум буюу 88.12 хувь, агаарын бохирдлын төлбөр 950 сая буюу 92.93 хувь, авто зам ашигласны төлбөр 9.7 тэрбум буюу 86.79 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн 353534 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 88.12 хувь нь хамрагдсан байгаа талаар комиссын гишүүдэд танилцуулав.

Хурлын үеэр Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Татварын газрын удирдлагуудад даалгалаа. Мөн байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, 2018 оны татвар төлбөр хураалтын ажлын зохион байгуулалтыг сайжруулах, онлайн төлөлтийг туршиж нэвтрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын анхан шатны сургалт явагдаж байна

Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай хамтран ажиллах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн анхан шатны сургалт, Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 350 дугаар ангид явагдаж байна.

“Энэ сургалт нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, МУ-ын Засгийн газрын тогтоолд заасан цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын дагуу явагдаж байна. Дүйцүүлэх албан хаагчид Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжууд, үүрэг гүйцэтгэх үеийн журам, цэргийн анхан шатны мэдлэгүүдийг дээшлүүлдэг. Сургалтад хамрагдсанаар алба хаагчид нэгдсэн нэг удирдлага дор үүрэг гүйцэтгэх мэдлэгэ, туршлага нэмэгдэнэ” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Н.Энхбат ярилаа.

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэл бүрээр тогтоодог юм. Энэ жилийн хувьд нийслэлийн 9 дүүргээс 51 иргэн цэргийн дүйцүүлэх албыг хааж байгаа юм. Эдгээр иргэд 2 жилийн хугацаанд 180 хоног биеэр алба гүйцэтгэсэн байх шаардалагатай гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 300 мянга гаруй санал ирээд байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өнөөдөр (2017.09.29) төслийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар хийж, үндсэндээ дуусгавар болж байна. Гэхдээ улс төрийн намууд, эрдэм шинжилгээний болон олон нийтийн байгууллага дээр төслийн хэлэлцүүлгийг хийсээр байгаа. УИХ-ын Тамгын газар орон даяар зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж байна. Одоогоор 300 мянга гаруй санал ирээд байгаа. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ. Уг төслийг 2017 оны 12 дугаар сарын 15 гэхэд бэлэн болгоно. 2009 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримталж, энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулна. Төслийг УИХ-аар хэлэлцээд 51-ээс дээш гишүүн дэмжсэн нөхцөлд ард түмний санал асуулгаар иж бүрэн шийднэ гэж байлаа.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үр дүн, саналыг хэрхэн нэгтгэж байгаа талаар танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Уг хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 300 мянга гаруй саналыг хүлээж авсан. Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд нийт 70, нийслэл дээр 40 буюу нийт 110 комьютерт иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулж байна. Одоогоор 200 гаруй мянган иргэдийн саналыг цахим мэдээллийн санд оруулсан. Өөрөөр хэлбэл, 16 аймаг, нийслэлийн долоон дүүргийн иргэдээс ирсэн саналын хуудсыг цахим мэдээллийн санд оруулаад байна. Үүний зэрэгцээ эдгээр санал бүрийг архивын нэгж үүсгэн, хадгалж байгаа гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг амаргүй ажил. Өнгөрсөнд Үндсэн хуульд тулгалтын замаар дордуулсан долоон заалт шиг өөрчлөлтийг хийж болохгүй. Энэ амаргүй ажилд АН, МАН улс төрийн намууд зөвшилцөж ажиллах шаардлагатай байгаа. Энэ ажил ч хийгдэж байна гэдгийг дурдаж байлаа. Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн нэг жилээс эхэлсэн ажил биш. 4-5 жилийн өмнөөс парламентын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ярилцаж байсан. Иймд Үндсэн хуулийн хэрэгжилтэд олон улсын туршлага, онолын жишигтэй харьцуулсан дүн шинжилгээг Засгийн газар хийлгэсэн байдаг. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар орон даяар санал асуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэдгийг мэдээлэлдээ онцоллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран энэ сарын 28-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа сэдэвт” сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 60 гаруй сурагч оролцов.

Цаашид өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургачид болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Вэйд гараанд гарах эсэх нь надад хамаагүй

Саяхан гэрээгээ цуцалж, чөлөөт агент болмогцоо Кливлэндийн бүрэлдэхүүнд очсон Вэйдийн талаар хүмүүс янз бүрээр ярьж байгаа. Гараанд гарна, эсвэл гарахгүй гэх мэтээр. Тэгвэл үүнд түүний байрлалд тоглодог Жи.Ар Смит огт эмзэглэхгүй байгаа гэнэ. Түүний хувьд гараа эсвэл сэлгээнээс тоглох эсэх нь тийм ч чухал биш ажээ.

“Вэйд сэлгээнээс тоглох, эсвэл би сэлгээнээс тоглох эсэх нь баг хүчирхэг болох боломжийг бүрдүүлж байгаа нөхцөлд ямар ч хамаагүй. Одоохондоо би гараанд гарах боломжтой байгаа гэдгээ л мэдэж байна. Би одоо 14 дэх жилдээ энэ лигт тоглож байна. Өмнө нь янз бүрийн зүйл үзэж байлаа. Одоо бол гараа эсвэл сэлгээнээс тоглох нь надад үнэхээр хамаагүй” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

Ямартай ч Вэйдийг ирсний дараах хоёр бэлтгэлд Смит хоёуланд нь гараанд гарсан юм байна. Тус гараанд түүнээс гадна ЛэБрон Жэймс, Жэй Краудэр, Дэрик Рөүз, Кэвин Лаав нар багтсан байсан гэнэ.

Улирал эхэлтэл 3 долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл хэн нь гараанд гарч, хэн нь сэлгээнээс тоглохыг Бостон Сэлтиксийн эсрэг хийх нээлтийн тоглолтод харах л үлдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ӨДРИЙН СОНИН”-Ы ШАРЛАСАН ХУУДАСНАА: Хоёр намын төлөө биш хоёр сая гаруй монголчуудынхаа төлөө зүтгэх хүнийг хайцгаая

“Өдрийн сонин”-ы 2009.01.05
ДАВАА
№001 (3078)

Related imageХуучин шинэ оныг холбосон дуулиан бол яах аргагүй Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх өөрөө огцрох өргөдлөө өгсөн явдал байлаа. А.Батсүхийг Монголын эдийн засгийг хөмөрч, мөнгөний бодлогоор нь наадчихаад ажлаа өгч байна гэх нь байхад “Хөөрхийг шахаанд мөлх үүлнэ гэхээр айгаад өргөдлөө өгч байгаа юм” гэлцэх хүмүүс ч бас байна. Аль аль нь л үнэний ортой мэт санагдана. Зүв зүгээр ажиллаж байсан банкны системийг хямралд оруулж нэг банкаар нь тоглочихоод байгаа түүний бодлогыг сайн гэх хүн олдохгүй л байх. Ам.долларын ханшийг өөрсдөө эхэлж хөөргөдчихөөд унагаах гэж сандраад л, инфляцийг чинээнд нь тултал өсгөчихөөд арга барахдаа “Бид инфляцийг ониллоо” хэмээн мөрийн хөтөлбөр шиг юм амлаж, арилжааны банкуудаар зугаагаа гаргаж байгаа Монголбанкны ерөнхийлөгч бараг огцорсон нь дээр. А.Батсүхийг өмөөрч болохгүй олон шалтгаан байгаагаас хамгийн сүүлчийнх нь Анод банк юм. Тус банкинд “яс баригчаа” томилчихоод дараа нь хадгаламж эзэмшигчдийг нь хурдан ирж мөнгөө аваарай хэмээн уриалан дуудаж, нийт төчнөөн хадгаламж эзэмшигчид амжилттайгаар мөнгөө татлаа хэмээн онгирдог ямар банкир байх билээ дээ. Огцорч болох энэ бүх шалтгаан дээр нь түүнийг улс төрийн сэдлээр зайлуулахыг хүсэгчид бас дуу хоолойгоо нэмэрлэсэн нь ч үнэн байх. Их л дээрээс, Ерөнхий сайдын хавиас түүнийг өөрөө огцрохыг шахсан гэж арай худал хэлэхээргүй албаны эх сурвалж мэдэгдсэн. Уг нь Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын дарга санал болгосноор УИХ-аас томилдог. Гэхдээ А.Батсүхийг огцрох өргөдлөө өгөх хүртэл Засгийн газраас шахсан л гэдэг. За аль нь ч байлаа өнгөрсөн хэрэг. Харин эрх баригчид зул сарын оргилуун дарстай хундага харшуулж байхдаа дараагийн Батсүхийг хайж эхэлжээ. Дарга нарт тоогдож шалгуур үзүүлэлтийг нь хангах хүн бол МАХН болон Ардчилсан намын аль алиных нь үгэнд ордог хоёр үзүүртэй зүү шиг нөхөр байх ёстой аж. Аль алинд нь долигонож, бөмбөг шиг бөөрөнхий байх УИХ-д сонгогдсон эрхмүүдээс хор гүйлгэж хов хутгагсад даанч олон. Тэдэнд хүрэхгүй газар, мэдэхгүй томилгоо гэж үгүй. УИХ-ын гишүүдийг хөдөлж ядаж байхад л хамгийг нь мэдээд шийдчихдэг хачин жигтэй хүмүүсийн үйл хөдл өл, үг хэл гүйцэгдэхээ байсан гэж зарим түшээ шагширч байна.

Дэлхийн санхүүгийн хямралын сүүдэрт дайрагдан элэгнээсээ жиндэж яваа монголчуудын хувь заяаг аврах, мөнгөний зөв бодлого баримтлах, арван хэдхэн арилжааны банкаа дампууруулчихгүй шиг толгой мэнд аваад явчих хүнийг намууд мэдэж томилно гэдэг даанч хэцүү. Ард түмний амьдралыг нам гэдэг вакуумжуулсан варьены шил шиг юманд даатгана гэж бодохоос өр нухам үйл болжээ. Бодоод үз л дээ. Нам гэдэг чинь ингэхэд юусан билээ. МАХН болон Ардчилсан намын толгойд Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл гэсэн арваадхан хүн бий. Тэднийг үнэд оруулж даган баясаж, мөнгө төгрөгөөр бордож түүнийхээ хариуд ард түмний хөрөнгөөс гэдсээ мэдэхгүй идэж байдаг хоёр зуугаад хүн бас буй. Тэднийг л нам гээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо томилох Монголбанкны ерөнхийлөгчийг хоёр зуун хүний төлөө зүтгэж хоёр намд таалагдах долдой юу, хоёр сая таван зуугаад мянган монголчуудын төлөө зүтгэх мэргэжлийн хүн байх уу гэдгийг сонгох болох нь. Энэ сонголтыг УИХ-ын гишүүд хийх болно. УИХ-ын гишүүд хэдийгээр нам намаас сонгогддог ч гэлээ варьены шилэнд ороод бусдаас тасарсан хэдэн дарга нараа сөрж дуугардаг, үнэний талд зогсож чаддаг хүмүүс бас бий. Тэд нэг удаа нийлж байгаад Монголбанкны ерөнхийлөгчөөр хоёр намын төлөө биш хоёр сая гаруй монголчуудын төлөө зүтгэх Батсүхийг олоод тавьчихвал зүгээр юмсан.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Categories
мэдээ нийгэм

Олон улсын нисэхийн салбарын мэргэжилтнүүд Монголд суралцлаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Нисэхийн сургалтын төв хамтран Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д хүлээн зөвшөөрөгдсөн “Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн” олон улсын сургалтыг эх орондоо анх удаа амжилттай зохион байгуулж гадаад мэргэжилтнүүд сургалтыг баталгаажуулсан эрхийн бичгээ өнөөдөр гардаж авлаа.

Энэхүү олон улсын сургалтыг зөвхөн Монголын ИНЕГ олон улсад зохион байгуулах эрхийг эзэмшиж, сургалтын хөтөлбөрөө ОУИНБ/ИКАО/-аар баталгаажуулснаар ийнхүү анх удаа олон орны нисэхийн салбарын мэргэжилтнүүд Монголд суралцах эхлэл тавигдаж байгаа юм.

Энэ удаагийн сургалтад Австрали, Бүгд Найрамдах Бангладеш Ард улс, Непал Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүд ирж хамрагдсан байна. 14 хоногийн сургалтын зорилго нь агаарын навигацийн өгөгдлийн сүлжээнээс түүхий өгөгдөл боловсруулхаас эхлэн эцсийн хэрэглэгчдэд бэлэн мэдээлэл түгээх хүртэлх бүх үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход чиглэгджээ.

Ингээд НМҮА-ны дарга Д.Ариунгэрэл, Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Гангэрэл болон сургалтад хамрагдсан олон улсын зарим мэргэжилтнүүдээс сургалтын талаар тодруулга авснаа хүргэж байна.

Categories
гадаад мэдээ

Хью Хефнерийн хөрөнгө хэнд өвлөгдөх вэ?

“Playboy” сэтгүүлийг үндэслэгч гурав дахь эхнэртэйгээ гэрлэхийн өмнө түүнийг гэрлэлтийн гэрээнд гарын үсэг зуруулан 31 настай модель хөрөнгөөс өвлөхгүй байхаар болгожээ. Олон нийтийн сүлжээгээр “Америкийн сүүлчийн натуралын” үхэлд гашуудаж байх зуур барууны хэвлэл мэдээлэл хэн түүний хөрөнгийг өвлөх вэ гэж бичиж байна. 2012 оны сүүлийн мэдээгээр “Playboy” эзэнт улсыг үндэслэгчийн хөрөнгө $43 сая доллар байжээ. Гэхдээ, сэтгүүл нь дэлхийн 20 оронд хэвлэгдэн гарч байгаа учраас компанийн тэмдэгтэй бүтээгдэхүүний жилийн худалдаа нь нэг тэрбум доллараас илүү гардаг учир энэ хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн байх талтай. Хьюгийн гурав дахь эхнэр Кристал Хефнер түүнийг нас барах үед фейсбүүкээс салаагүй суусан гэх мэдээний дараа олон нийт түүнийг шүүмжилж байна. Модель асан Кристал Хефнер тэр үеийн зарим мэдээллээ сүлжээнээс авсан байна. Кристал Хефнер нөхрийнхөө үхлийн дараа түүнд бэлэглэсэн том очир алмазан шигтгээтэй хуримын бөгж болон бэлгэнд авсан бусад эд зүйл, цуг амьдарч байхдаа худалдан авсан эд зүйлээ л өөртөө үлдээх эрхтэй ажээ. Харин түүний хөрөнгийг гурван хүү нь хуваан авах тухай гэрээслэлд нь өгүүлжээ. Мөн охинд нь зохих хувь очно. Хөрөнгийн зарим нэг хэсгийг тэрээр Өмнөд Калифорний их сургууль зарим нэг буяны байгууллагад өгөхөөр гэрээслэлдээ бичсэн байна.

Хью Хефнерийн хөрөнгө хэнд өвлөгдөх вэ?

Хью Хефнер 75 насны ойгоо тэмдэглэж байгаа нь (Канны, 2001 он)

Хью Хефнерийн хөрөнгө хэнд өвлөгдөх вэ?

Хью Хефнер ба Кристал Харрис нар хуримынхаа өдөр