Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөмж

1. Өдрийг эрч хүчтэйгээр эхлүүл
“Эрт босвол нэгийг дуулна” гэдэг. Үр бүтээмжтэй байх талаар зөвлөмж, нийтлэл болгон л эрт босохыг чухалчилдаг. Мэдээж орой нь хангалттай эрт орондоо орсон байх ёстой. Ямартай ч сэрсэн даруйдаа шууд босож сурах хэрэгтэй. Босонгуутаа өдрийг эрчимтэй эхлүүлэх ямар нэг зүйл хийгээрэй: дасгал хөдөлгөөн хийх, гэрээ цэвэрлэх зэрэг. Ингэж өдрийг эхлүүлэх нь тэр өдрийн хэмнэлийг тогтоодог.
2. Ажиллах шаардлагатай байгаа бол цагаа төлөвлөж аль болох бага цаг ажилла

Амралтын өдрүүдэд амжуулах ёстой ажлуудаа болж өгвөл түр хойш нь тавь. Нэг мэдсэн Бямба гарагийн оройн 9 цагт дуусаагүй сууж байж магадгүй. Ажилдаа анхаарлаа хандуулах 1-2 цагийг яс гаргаад түүнийгээ дуусмагц ажил дууссан үгүйгээс үл хамааран нэгдэхийн өглөө хүртэл нөүтбүүкээ унтрааж сурах нь чухал. Ингэж чадахгүй байгаа бол зарим хүмүүс нөүтбүүкээ цэнэглэгч кабельгүйгээр нь авч яваад, баттерей нь дуусч унтрахаар нь ажлаа завсарладаг. (Мэдээж таны нөүтбүүк удаан барьдаг баттерейтэй байвал өөр зүйлээр цагаа баримжаалаарай)

3. Жижиг сажиг ажлаа амжуул

Үнэндээ ажлын өдрүүдэд хүмүүсийн хамгийн ихээр санаа зовоодог зүйлс нь өдөр тутмын хувийн жижиг сажиг ажлууд байдаг. Тэгвэл энэ амралтын өдрүүдийг энэхүү хийж амжаагүй жижиг зүйлсийг бүгдийг нь дуусгахад ашигла. Цаашид иймэрхүү ойр зуурын ажлуудыг, жишээ нь шүдний эмнэлэгт цаг авах гэх мэт 5 минутын дотор л хийж болох ажлуудыг тэр дор нь тухайн бүрт нь бүрэн хийж, дуусгаж сурах хэрэгтэй. Ингэснээр жижиг сажиг ажлууд овоорч, ажлын тань бүтээмжээс хойш татахаас сэргийлэх болно.
Categories
мэдээ улс-төр

2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд дараах зарчмуудыг баримтлан 2018 оны төсвийн төслийг боловсруулжээ.

Үүнд:

Төсвийн орлогын чиглэлээр

1. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасны дагуу татварын 2 дахь шатны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ.

2. Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан бааз суурийг нэмэгдүүлнэ.

Төсвийн зарлагын чиглэлээр

1. Төсвийн урсгал зардлыг тооцоолохдоо ОУВС-тай тохирсон зарлагын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах, инфляц, валютын ханшны өөрчлөлтөөс нэмэгдэх бараа үйлчилгээний зардлыг төсөвт тусгахаар заасан байна.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн төслийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь болохоор байгаа юм байна.

2018 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ ДНБ-ий 9.5 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай бөгөөд төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьд хүргэн бууруулж, төсвийн тэнцлийг тусгай шаардлагаас ДНБ-ийн 0.9 хувиар сайжруулахаар байна хэмээн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Цоглог” хотхоны өргөтгөлийн цутгамал шат нурж, хүний амь эрсэдсэн байна

MedeeMN - Үнэнийг мэдээлнэ-н зураг.

Орон сууцны доторхи цутгамал шат нурж хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Цоглог” хотхонд энэ осол гарчээ. Тус хотхоны өргөтгөл дотор, шатанд хүн дарагдсан байна гэсэн дуудлага энэ сарын 26-ны өдрийн 14:04 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, иргэн 25 настай, эрэгтэй Б дээр цутгамал шат нурж, улмаар дарагдаж нас барсан байжээ. Талийгаач чамархайныхаа зүүн хэсгээр шатны нурангид дарагдсан байсан аж. Онцгой байдлынхан цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

-АШИГЛАЛТАД ОРООД ГУРАВХАН ЖИЛ БОЛСОН ОРОН СУУЦНЫ ШАТ ЯАГААД НУРАВ-

Тус орон сууцны Баянгол дүүргийн 10-р хороолол “Материал импекс”-ийн хашаанд “Голден парк” хорооллын баруун талд баригдсан, нийт 16 давхар, 2014 оны 1-р улиралд ашиглалтад орсон. Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, цутгамал каркасан, хөнгөн блокон ханатай, Солонгосын “Тиссен” фирмийн цахилгаан шаттай, ISO-9001 стандартын вакум цонх, паркетан шал, хамгаалалтын төмөр хаалга, харуул хамгаалалттай.

Нэг давхартаа үйлчилгээний төв байрлахаар зохион байгуулж доороо нэгдсэн дулаан гараж, хүүхдийн тоглоомын талбайтай хэмээн яригддаг. Гэвч ашиглалтад ороод гурван жил болж буй энэ орон сууцны цутгамал шат нурсан нь тус хотхоны оршин суугчид барилгын чанарт эргэлзэхэд хүргэж, айдастай байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.

“Цоглог” хотхоныг 2007 онд байгуулагдсан, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт цаас борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний бүтээн байгуулагч “Буянпэл” ХХК барьж байгуулжээ. Тодруулбал тус компани нь Зайсанд “Цоглог-1” хотхон, Баянгол дүүргийн 4-р хороонд “Цоглог-2” хотхон орон сууцуудыг ашиглалтад оруулсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр оройн 23:00 цагаас 10 дугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн хучилт хийнэ.

Иймээс иргэд зорчигч та бүхэн дээрх хугацаанд өөр зам сонгон зочино уу. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Автобусны жолооч нар хүн тээвэрлэж яваа гэдгээ ойлгож, үүргээ ухамсарлаасай

“Улаанбаатар эрдэм” их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Цогзолмаа

Оюутан бидэнд автобуснаас өөр хямд төсөр, хурдан шуурхай унаа үгүй. Бараг л чиглэл, чиглэлийнхээ автобусыг харахаар танил дотно санагддаг гэхэд ч болно. Гэхдээ заримдаа автобусаа хүлээхэд маш их тэвчээр хэрэгтэй болдог. Би ХУД-ийн 19-р хороонд амьдран суудаг юм. Сургууль маань жаахан зайтай болохоор хичээл, чухал сургалт зэргээсээ хоцрохгүйн тулд аль болох л гэрээсээ эртлэн гардаг. Гэсэн ч автобус ирэхгүй бол бид гэрээсээ эрт гарсан ч гэсэн хоцрохоос өөр зам үгүй шүү дээ. Яахав хэдэн арван минут хүлээлгэсний эцэст хүсэн хүлээсэн автобус минь ирдэг л дээ. Гэтэл өнөөх автобус маань зорчигчдоо сууж амжив уу үгүй юу зэргэлдээх автобустайгаа уралдаад давхичихдаг. Заримдаа бүр түгжрэлтэй байгаасай гэж бодмоор санагдтал давхидаг шүү. Хажуудах автобус, машинуудтайгаа ёстой л сантиметрийн зөрүүтэй л явах нь бий. Оюутан бидэнд үргэлж таксидаад байх боломж нөхцөл байхгүй. Тиймээс яалт ч үгүй л хүлээлгэсэн ч, уралдаж хурдалсан ч автобусандаа суухгүй гээд яалтай билээ. Гэхдээ автобусанд такси шиг нэгээс хоёр хүн сууж явдаггүй. Суудлууд дүүрэн. Дээрээс нь хүмүүс зай завсар болгоноороо чихээстэй явж байдаг. Хэрэв муугаар бодоход айхтар аваар осол болвол хичнээн хүн бэртэж гэмтэж, хэр хэмжээний хохирол амсах вэ. Хүн бүхний ард гэр бүл бий. Тэгээд бодохоор аймшигтай санагдахгүй байна гэжүү. Гэтэл яагаад автобусны жолооч түүнийг ухамсарлахгүй байна вэ. Бас хэдий хэр хурдтай явж байгааг хянаж байдаг байгууллага гэж байдаг болов уу. Байхгүй учраас хүссэнээрээ хурдаа нэмээд уралдаж байдаг юм уу. Үүнийг хэлж чадахгүй маш олон хүн бий. Автобус хэт хурдлахад бариулнаас бариад зогсож байгаа хүмүүс хамгийн түрүүнд унах магадлалтай. Анзаараад байхад тэр хүн болгон л бухимдалтай байгаа нь царайнаас нь л илт харагддаг. Миний бодлоор төр засагт байгаа тэр хүмүүс автобусанд сууж үзээгүй олон жил болсон. Зарим нь мэдэх ч үгүй учраас энэ мэт зүйлст анхаарал хандуулахгүй байх л даа. Гэхдээ энэ бол яриад өнгөрөх асуудал биш гэж бодож байна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын 4.7 сая иргэн цэрэгт элсэхийг хүсчээ

Хойд Солонгос улсын 4.7 сая иргэн сайн дураараа цэрэгт элсэж, гаднаас ирэх аюулаас эх орноо хамгаалахыг хүссэн талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Дээрх иргэд бүгдээрээ АНУ-тай дайтахаас ухрахгүй гэдгээ илэрхийлсэн хэмээн тус агентлагийн мэдээлэлд дурьжээ.

Хойд Солонгос болон АНУ-ын дунд өмнө нь хэзээ ч болж байгаагүй таагүй уур амьсгал бий болоод буй юм. Пхеньян энэ долоо хоногийн эхээр “Цагаан ордны тэргүүнийг Дайныг эхлүүллээ” хэмээн мэдэгдэж, “Хилийн гадна эргүүл хийж буй АНУ-ын сөнөөгч онгоцыг сөнөөх болно” гэж мэдэгджээ. Цэрэгт элсэхийг хүссэн иргэдийг 1.2 сая нь эмэгтэйчүүд гэнэ. Тэд хүсэлтээ Засгийн газартаа хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Өглөө сэрэнгүүтээ хэзээ ч хийж болохгүй долоон үйлдэл

Өглөө сэрэнгүүтээ хэзээ ч хийж болохгүй долоон үйлдэл

Өглөөг яаж угтах нь тэр өдөр хэрхэн өнгөрөхийн илэрхийлэл болдог. Тиймээс өглөө сэрснээсээ авахуулаад ямар үйл хөдлөл хийж, орноосоо хэрхэн босох хүртэл тэр өдрийг хэр эрч хүчтэй, бүтээмжтэй өнгөрүүлэхийг илтгэж байдаг. Тиймээс энэ удаа уншигчдадаа зориулж, өглөө сэрэнгүүтээ юунаас татгалзсанаар өдрөө хэрхэн үр бүтээмжтэй өнгөрүүлж болохыг хүргэж байна.

1. “Snooze” товчийг хэзээ ч бүү дар!

Өглөө сэрэнгүүтээ хэзээ ч хийж болохгүй долоон үйлдэл

Өглөө сэрүүлгээ сонсон сэрсэн ч дахиад тавхан минут, аравхан минут унтчихъя хэмээн өөрийгөө хуурч, “snooze” товчлуурыг бидний ихэнхи нь дардаг. Үнэндээ ингэж эргэж унтсанаар бид эцэс төгсгөлгүй нойрны циклд ордог бөгөөд дахин сэрэх үедээ маш их ядарч, залхуу хүрсэн, эрч хүчгүй болсон байдаг. Тиймээс нойр судлалын мэргэжилтнүүд хэрвээ өдрөө эрч хүчтэй өнгөрөөхийш хүсч байвал ухаалаг утсан дээрх “snooze” товчлуурыг хэрэглэлгүй, сэрсэн даруйдаа босохыг зөвлөж байна.

2. Сэрснийхээ дараа удаан хэвтэх хэрэггүй

Өглөө сэрсэн даруйдаа орондоо хэвтэх зуураа хөл, гараа сунган суниа. Суниаж, сунгалт хийснээр сэтгэл санааг сайхан болгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдгийг та мэдэх үү? Харин орондоо үүнээс илүү бүү удаан хэвтээрэй. Буцаад унтмаар санагдаж, стрессний түвшинг нэмэгдүүлэх сөрөг талтай.

3. Өглөө сэрэнгүүтээ цахим хаягаа бүү шалга!

Өглөө сэрэнгүүтээ хэзээ ч хийж болохгүй долоон үйлдэл

Сэрэнгүүтээ цахим хаяг, мэйлээ шалгаснаар хийх ёстой чухал зүйлүүдийн чинь цагаас хумслах аюултай. Хурдхан шиг хальтхан харчихаад л босно гэж боддог ч үнэндээ бид өглөөний хамаг цагаа гар утсандаа зарцуулсан байх вий. Тиймээс яаралтай дуудлага, зурвас ирээгүй л бол сэрэнгүүтээ бүү утсаа шагай. Цаг хугацаанаас гадна өглөөний эрч хүчийг сорох муу талтай.

4. Ороо хураа!

Өглөө сэрэнгүүтээ хэзээ ч хийж болохгүй долоон үйлдэл

Өдрийг үр бүтээмжтэй, сэтгэл дүүрэн өнгөрүүлэх өглөөг хэрхэн угтахаас эхэлдэг бол өглөөгөө ороо хураахаас эхлээрэй. Яарч байгаа, завгүй гэх шалтгаанаар ороо хураалгүй гарч одох нь олонтаа. Гэхдээ ороо ч хураах хэдхэн минут, секунд өөртөө гаргаж чадахгүйгээр таныг яаж үр бүтээлтэй хүн гэж хэлэх вэ? Ороо хураах гэдэг маш энгийн ажлаа бүтээснийхээ дараа дараагийнхаа ажлуудыг ч мөн бүтээгээрэй.

5. Кофеноос татгалз!

Өглөө сэрэнгүүтээ хэзээ ч хийж болохгүй долоон үйлдэл

Хэрвээ та өглөө босонгуутаа кофе уудаг нэгэн бол энэ зуршлынхаа тухай эргэн харах хэрэгтэй болох нь.Учир нь өглөөний 8-9 цагийн хооронд хүний бие кортизол хэмээх энерги зохицуулагч гормоныг ихээр гаргаж байдаг. Тиймээс өглөөний 9:30 цагаас өмнө кофе ууснаар хүний эрч хүчийг бууруулдаг хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

6. Харанхуйд сэрэх

Хүний биеийн дотоод цаг харанхуйд мэдрэг байдаг. Хэрвээ та нарны гэрэл хараахан гараагүй үүед, эсвэл бүдэг гэрэлд сэрвэл хүний тархиний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нойр хүргэх болно. Тиймээс гэрэл муутай орчинд сэрвэл хөшгөө том гэгч нь онгойлгоод гэрлээ асааж суугаарай.

7. Зуршил бол бүх зүйл

Өглөө сэрэнгүүтээ хэзээ ч хийж болохгүй долоон үйлдэл

Эрдэмтдийн зөвлөснөөр, хүн өглөөгөө үр бүтээлтэй байлгахын тулд хүчээр олон жижиг ажил хийх нь таныг эрч хүчгүй болгож, өдрийн үлдсэн хэсэгт та ядарсан мэдрэмж авдаг байна. Үүний оронд өглөөдөө өмнөх оройноос нь эхэлж бэлтгэлтэй бай. Бэлтгэлтэй байхад өглөө заавал их зүйл хийж, тэр өдрийнхөө эрч хүчийг алдах хэрэг гарахгүй шүү дээ. Тиймээс аливааг цаг тухай бүрт нь хийн гүйцэлдүүлж, өглөөг зөвхөн хийх ёстой зүйлдээ л зориулж сураарай.

Categories
мэдээ улс-төр

“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийг шинэчилж байна

“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийг шинэчилж байна

Монголбанк жил бүр УИХ-аар батлуулдаг Төрийн мөнгөний үндсэн чиглэлийн баримт бичгийн төслийг 10 дугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барих үүрэгтэй бөгөөд өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга М.Энхболдод Төрийн мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа. Ирэх онд хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд дараах хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа ба үүнээс үүдсэн хэд хэдэн үйл ажиллагааг шинээр хийж хэрэгжүүлэхээр тусгажээ.

Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт 2017 онд олон хүнд сорилт тулгарч, амжилттай даван туулж байна. Өнгөрсөн оны энэ цаг үед хугацаа нь тулсан гадаад өр төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, макро эдийн засгийг тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон сорилтууд байсан ч эдгээрийг дан ганц дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх санхүүгийн чадавхи хангалтгүй байлаа. Иймд Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг сэргээх, доноруудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихын тулд Олон ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж, төсөв, мөнгөний болон бүтцийн шинжтэй гурван жилийн бодлогыг цогцоор нь тодорхойлж, хэрэгжүүлж эхлээд байна.

Макро эдийн засгийн бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлснээс гадна экспортын орлого өндөр цаг үе тохиож байгаа нь эдгээр бодлогын үр дүнд дэмжлэг үзүүлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, инфляци Төв банкны зорилтоос доогуур түвшинд байгаа төдийгүй төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал буурч, хөрөнгө ба санхүүгийн дансанд цаашид эерэг өөрчлөлтүүд гарахаар хүлээгдэж байна.

Эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүдийг бэхжүүлэх, банк, санхүүгийн системийн санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах шаардлага хэвээр байгааг харгалзан Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төслийг боловсруулан, танилцуулж байна.

Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд нийт 10 хуулийн төслийг хууль санаачлагчид уламжилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал Төв банкны бие даасан байдал, үйл ажиллагаа, засаглалыг олон улсын сайн туршлага, зарчимд тулгуурлан шинэчлэх зорилгоор Төв банкны тухай хууль, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарт итгэх итгэлийг хадгалах, банкны хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг банкны хууль тогтоомжид нэвтрүүлэх зорилгоор “Банкны тухай хууль”, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”, мөн активын удирдлагын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор “Активын удирдлагын тухай хууль”, валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгох, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор “Валютын зохицуулалтын тухай хууль”, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандарт, зарчим, шаардлагад нийцүүлэх, гадаад төлбөр тооцооны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийг шинэчлэх ажил хийгдэж байна.

Өнгөрсөн оны сүүлээс авч хэрэгжүүлсэн дунд хугацааны макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлж байгааг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харуулж байна. Энэ чухал цаг мөчид бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн идэвхжлийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том сорилтууд бидний өмнө хүлээгдэж байна.

Цаашид макро эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна. Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбулган: Рентгенээр харна гэдэг нь цацраг туяагаар шарж байна л гэсэн үг

Саяхан Монголын радиологийн нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран Дүрс оношлогооны эмч, техникчдийн үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Энэхүү чуулганаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар Монголын радиологийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Интервенционал радиологийн эмч, доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Дүрс оношлогооны эмч, техникчдийн үндэсний чуулганаар ямар асуудлууд хэлэлцэв?

-Монголын радиологийн нийгэмлэг 22 дахь чуулганаа хийлээ. Радиологи гэдэг нь дүрс оношлогоо, компьютер томографи, эхо рентген зэрэг аппаратын оношилгоог нийтэд нь хэлж байгаа юм л даа. Ямартай ч энэхүү чуулганд 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн эмнэлгийн эмч нар, рентген техникч, гадны зочид төлөөлөгчид оролцож мэдлэгээсээ хуваалцсан. Энэ удаагийн чуулганаар хүүхдийн оношлогооны асуудлыг хөндөж ярьсан байгаа. Дүүргийн болон хувийн эмнэлгүүд бага насны хүүхдүүдийг рентгенд их харж байна. Энэ асуудал их хурцаар яригдлаа. Мөн улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа аппарат, техникийн шинэчлэлтийн асуудлыг хөндсөн. Түүнчлэн чуулганаар цөмийн онош зүйн талаар хурал болсон. Энэ мэт асуудлыг чуулганаар ярилцсан.

-Хүүхдүүдийг рентгенд их харж байна гэлээ. Хүйтэн, сэрүүний улиралд хүүхдүүд ханиад хүрч, хатгаа тусах нь элбэгшдэг. Энэ үед эмнэлгийн байгууллагууд рентгенд харуулах шаардлагатай гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах шаардлагатай бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын цөмийн энергийн агентлагаас рентген аппаратын зураг авах, рентген харалт, компьютерт томографийн шинжилгээнд 0-5 насны хүүхдийг оруулахгүй байхаар зөвлөмж гаргасан байдаг. Учир нь рентген туяаны ачаалал нь бага насны хүүхдэд маш хортой. Дархлалын тогтолцоог маш их дарангуйлдаг. Мөн булчирхайлаг эрхтнүүд рентгенд маш мэдрэг байдаг. Рентгенээр харна гэдэг нь цацраг туяагаар шарж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр багаасаа л дархлалын тоглолцоо суларна. Булчирхайны үйл ажиллагаа алдагддаг. Гэтэл манайд өвлийн улиралд амьсгалын замын өвчин ихэсдэгтэй холбоотойгоор цээж рентгенд харуулах тохиолдол улам ихэсдэг. Эмнэлэгт хэвтэхэд нь, хэвтэж байх үед нь, гарахад нь рентгенээр хараад байдаг. Үндсэндээ хэдхэн хоногийн дотор л гурав, дөрвөн удаа рентгенд харуулдаг. Энэ нь ДЭМБ-аас гарсан дээрх зөвлөмжтэй зөрчилдөөд байгаа юм.

Иймээс эцэг, эхчүүд маань бага насны хүүхдээ олон удаа дээрх шинжилгээнд оруулахгүй байх, баталгаажсан стандарт, тун хэмжээ нь хэвийн үйлчилгээтэй эмнэлэгт хамруулах, эмнэлгээс эмнэлэг рүү шилжихэд рентген бүхий шинжилгээнд давтан оруулахгүй байх зэрэг нь хамгийн чухал. Түүнчлэн хүүхдийн эмч нарын мэдлэгийн түвшинг сайжруулах хэрэгтэй. Өмнө нь эмч нар маань заавал рентгенд харалгүйгээр чагнуураар л оношлочихдог байсан. Энэ аргаар оношлоод, эмчлээд болоод л байсан. Тэгэхээр эмнэлзүйн бодит үзлэгийг сайжруулснаар энэ асуудал шийдэгдэх боломжтой. Хэтэрхий их техникт хамааралтай, техникт найддаг болчихсон байна л даа. Зарим төрлийн техник, технологи, эм, тан бол хор болдог аюултай шүү дээ. Тиймээс бид үүнээс татгалзах хэрэгтэй юм.

-Насанд хүрсэн хүмүүст ч рентген туяа хор нөлөөтэй юу?

-Тэгэлгүй яахав. Рентген үүсвэртэй шинжилгээнд ороход тодорхой хэмжээгээр дархлааг нь сулруулж байдаг. Ядарсан байхад нь дархлааг нь сулруулаад байвал өвчин нь улам л гаарна гэсэн үг. Тэгэхээр манайд нэг асуудал байна л даа. Улсын эмнэлэгт үзүүлж байгаа хүн маш олон шинжилгээ өгдөг. Харин улсын эмнэлэг ачаалал ихтэй учир зарим тохиолдолд өвчтөнүүд хувийн эмнэлэг рүү шилждэг. Гэтэл хувийн эмнэлгийн зүгээс “Бид улсын эмнэлгийн шинжилгээг авахгүй. Бид өөрсдийнхөө хийсэн шинжилгээн дээр үндэслэнэ” гэдэг. Дахиад л рентген, компьютер томографи, цусны шинжилгээг өгдөг. Энэ бүхэнд л эрсдэл үүсч байдаг. Тэгэхээр хийсэн шинжилгээг хаана ч очсон хүчинтэй байх тал дээр анхаарах ёстой. Энэ хурлыг бид саяын чуулганаараа онцлон хэлэлцсэн.

Гэхдээ нэг зүйлийг онцлох нь зүйтэй байх. Бүх зүйлийг эмч, эмнэлгийн ажилтанд тохож болохгүй. Үүнд хувь хүний эрүүл мэнддээ тавих анхаарал халамж чухал. Өөртөө болон хүүхдэдээ ч гэсэн. Ханиад томуу, хатгаа, хоол боловсруулах эрхтний өвчлөл зэргээс хэрхэн сэргийлж болох талаар маш их зөвлөгөө заавар бий шүү дээ. Мөн 40-өөс дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх хэрэгтэй.

-Эхо үзлэг ч гэсэн хор нөлөөтэй юу?

-Рентген аппарат, хөхний томографи, харалтын аппарат, компьютер томографи зэрэг нь рентген туяагаар оношлогоо хийдэг. Харин эхо маань хэт авиа. Хор нөлөө нь харьцангуй бага. Хүний чихэнд сонсогдохгүй хэт авиан тусламжтайгаар биеийг нэвтэлдэг. Мөн MRI буюу соронзон резонанст томографи нь мөн адил хүний биед хор нөлөө багатай дүрсийн оношлогоонд тооцогддог.

-Чуулганы үеэр дүрс оношлогооны техникийн талаар хөндөж ярьсан гэсэн. Энэ тухайд?

-Би Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн даргын албыг хашдаг юм. Тиймээс Монгол Улсад байх радиологийн багаж, төхөөрөмжийн тухай багагүй мэдээлэл бий. Ерөнхийдөө хувийн эмнэлгүүдэд шаардлага хангасан радиологийн тоног төхөөрөмж байдаг. Харин улсын эмнэлгүүдэд харилцан адилгүй. Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар эмнэлэгт компьютер томографи байдаггүй. Тийм учраас өвчтөнүүд заавал хувийн эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэх шаардлага гардаг. Харин нийт 15 аймагт компьютер томографи байдаг. Гэтэл эдгээр аймгууд энэхүү техник хэрэгслээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байгаа. Үүнд боловсон хүчний чадамж, зургийг нь уншдаг эмчийн нөөц бололцоо бага байдаг. Томографийн шинжилгээ хийлгээд ирдэг л дээ. Гэхдээ тэр нь шаардлага хангаагүй байх нь олонтаа. Тийм тохиолдолд дахиад л шинжилгээнд орох шаардлага гарна. Дахиад л хордоно. Тэгэхээр оношлогооны чадамжаа нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй. Ер нь орон нутагт өдөрт гурваас дөрвөн хүн л компьютер томографийн шинжилгээ хийлгэдэг. Харин компьютер томографи байхгүй улсын эмнэлэгт өдөрт 80-100 хүн ирж байгаа. Үүнээс үүдэн маш их зардал, чирэгдэл үүсч байна шүү дээ. Ийм асуудлыг дотооддоо шийдэх бүрэн боломжтой. Түүнээс гадна улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа зарим аппарат, техникийн шинэчлэлтийн асуудлыг чуулганы үеэр ярилцсан. Тэдгээр аппаратуудын рентген цацрагийн тун хэмжээ өндөр байгаа. Үүнээс үүдэн эмчлүүлэгчид цацрагийн туяанд хордож байна. Мөн шаардлага хангахгүй аппаратаар үзлэг хийхэд оношийн алдаа их гардаг. Энэ бүгдэд зохион байгуулалтын асуудал хэрэгтэйгээс гадна төр зөв менежмент хийж өгөх нь чухал юм.

-Цөмийн онош зүйн тухай яриач?

-Цөмийн онош зүйн тасаг Улсын нэгдүгээр эмнэлэгт байдаг. Хавдар судлалын үндэсний төв дээр цөмийн туяа эмчилгээний тасаг байдаг юм. Нэг нь оношилж, нөгөө нь эмчилнэ. Цөмийн цацраг идэвх бүхий аппаратыг ашигладаг л даа.

Цөмийн онош зүй нь сүүлийн үед их хөгжиж байгаа салбар. Хавдар нь бусад эрхтэнд үсэрхийлж байгаа эсэхийг үзэж оношлох боломжтой. Мөн мэс заслаар эмчлэгдэхгүй өвчтнүүдэд туяаг ашиглан шарх эмчилгээнүүдийг хийдэг. Мэдээж мэс заслын эмчилгээ хийх боломжгүй гэхээр гурав, дөрөвдүгээр үе шатандаа орсон гэсэн үг. Тархи, уушиг, хөх, эмэгтэйчүүд, ясны хавдар зэрэгт шарлага эмчилгээг хийж байгаа. Мэс ажилбар шиг төгс эмчилгээ болж чадахгүй. Гэхдээ туяа эмчилгээ хийснээр амьдралын чанарыг уртасгах боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Биотехнологичид бактер, мөөгөнцрөөс түлш гаргах боломжийг хайж байна

Шинжлэх ухааны ололт амжилтаар нанотехнологийн салбар өдөр ирэх бүр улам баяжигдаж байгаа. Үүнтэй зэрэгцэн биотехнологи ч хүчээ авч байна. 2022 он гэхэд дэлхийн хөдөө аж ахуйн салбарт биотехнологи тэргүүлнэ гэсэн тооцоо гарсан байна. Ялангуяа АНУ, Европын холбоо, Япон, Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азид биотехнологи илүүтэй хөгжих хандлагатай байгаа аж.

Биотехнологи гэдгийг биологийн объектыг хувирган ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга, технологи гэж энгийнээр тодорхойлж болно. Биологийн объект гэдэгт амьд организм, тэдний эс, эд, бүрдүүлэгч нэгж хэсэг болох фермент, мембран гэх мэтийг багтаасан ойлголт. Биотехнологичид амьтан, ургамал, бактер, мөөгөнцөр гэх мэт ямар нэгэн амьд организмын ферментийн системийг ашиглан технологийн аргаар бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тэр нь хоол, эм, хувцас, компьютер гээд ямар ч бүтээгдэхүүн байж болно. Үйлдвэрт сүүг том тогоонд халааж ээдүүлж бүтээгдэхүүн хийдэг бол биотехнологичид тэр нүсэр том төхөөрөмжийг ажиллуулахын оронд сүүний бүрэлдэхүүн дэх ямар нэг уургийг нь аваад бактериа түүндээ үржүүлж бүтээгдэхүүн гаргаж авдаг гэсэн үг.

Олон улсын хэмжээнд биотехнологийн үйлдвэрлэлийн тэргүүлэх арван чухал чиглэлийг тодорхойлсон байна.

-Хүн төрөлхтөний хувьд сүүлийн 100 гаруй жил байгалийн баялгийнхаа тал хувийг хэрэглээд байгаа бөгөөд тэдгээрийг олборлох, боловсруулах, шатаахад их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байгаагаас дэлхийн дулаарал нэмэгдээд байна. Иймээс биотехнологичид тогтвортой үйлдвэрлэл явуулахад зохиомол биосинтез буюу бактер, мөөгөнцөр эсвэл ургамал зэрэг амьд биетээс түлш, химийн бодис, материал нийлэгжүүлэх боломжийг хайж байгаа аж.

-Өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн ам, тэдгээрийн элбэг хангалуун байдал нь хүн болоод мал амьтны хангалттай хоол тэжээл, төдийгүй биотүлшний шинэ эрэлт хэрэгцээг хангахыг шаардаж байгаа. Сүүлийн үед эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч генийн өөрчлөлттэй таримал нь энэ асуудлыг шийдвэрлэх гарц болж байгаа юм байна. Генийн өөрчлөлттэй таримал нь хуулиар зөвшөөрөгдсөн орнуудад ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өндөр өсөлтийг авчирч байгаа аж. Генийн өөрчлөлттэй таримлууд нь фермерийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хүн амьтны тав тухтай байдлыг хангаж, үр тарианы мөөгөнцрийн бохирдлыг бууруулдаг гэнэ.

-Дэлхийн гадаргын 70 гаруй хувийг далайн ус бүрхдэг. Шинэ төрлийн биоүйлдвэрлэл нь далайд ургадаг зарим төрлийн замгийг биотүлш болгон хувиргах боломжтой. Энэ нь газар тариаланд ашиглах газар хомс, усны нөөцтэй улс оронд энергийн эх үүсвэрийг шийдвэрлэх гарц болох аж. Түүнчлэн далайн усанд амьдардаг бактер, бичил замгуудыг генийн инженерчлэлийн аргаар бүтээмж өндөртэй болгон биотүлш, полимер материал үйлдвэрлэх чадвартай болгон өөрчлөх боломжтой гэж үзэж байна.

-Биоүйлдвэрлэлийн технологи нь аж үйлдвэрийн хаягдал биомассаас түлш, эрчим хүч, нэмүү өртөг бүхий химийн бодис үйлдвэрлэснээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хаягдалгүй болгох юм. Энэ нь үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын хувьд мөрөөдөл төдий зүйл байсан. Өртөг багатай түүхий эд тухайлбал нүүрсхүчлийн хий, метан, илүүдэл дулаан зэргийг ашиглах дэвшилтэт технологиуд нэвтэрч байгаа бөгөөд үүнээс гадна хаягдал усыг цэвэршүүлэх, хоргүйжүүлэх боломжууд нээгджээ.

-Нүүрсхүчлийн хий, нүүрстөрөгчийн молекул нь дэлхийн дулаарлын гол буруутан болоод байгаа. Сүүлийн үед амьд биетүүд нүүрсхүчлийн хийг хэрхэн ашиглаж байгаад анхаарал хандуулах болсон бөгөөд нүүрсхүчлийн хийг ашиглах биологийн энэхүү системийн хүчийг ашиглан нүүрсхүчлийн хий болон бусад материалан түүхий эдийг энерги, түлш, химийн бодис болон дэлхийд шаардлагатай материал үйлдвэрлэхээр эрдэмтэд инженерчлэл хийсээр байгаа аж.

-Биотехнологийн чухал нэг салбар бол эрүүл мэнд. Хөгшрөлтийн эсрэг олон янзаар тэмцэж байгаа энэ эрин үед нөхөн төлжүүлэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй. Энэ нь эд, эрхтнийг лабораторийн орчинд ургуулан биеийн эд эрхтэн өөрөөрөө нөхөн төлжих боломжгүй болсон үед мэс заслын аргаар шилжүүлэн суулгах арга юм. Эрдэмтэд эдийг төрөл бүрийн биоматериал ашиглан инженерчлэх аргыг нээсэн нь тулгуур эс ялангуяа pluripotent хэмээн нэрлэгдэх эс нь энэ салбарт өргөн боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байдаг гэнэ.

-Вакцин, эмчилгээ, урьчилан сэргийлэх арга ажиллагаа хангалттай хөгжсөн. Биотехнологи нь эдгээрийн гол цөм нь байсаар ирсэн. Эмчилгээний уураг ялгаруулах амьд биетийн төрөлхийн уургийг идэвхжүүлэх, тухайн өвчний эсрэг үйлчлэх дархлааны системийн тодорхой төрлийн эсийг идэвхжүүлэх, хөгжүүлэх, хүний эрүүл мэндийг дэмжих эсрэг биет болон нана бүтцийг хослолыг үүсгэх зэрэгт биотехнологичид анхаарал хандуулан ажиллаж байна.

-Өргөн хүрээг хамарсан халдварт буюу биологийн энэ аюулыг биотехнологи богино хугацаанд оношлох, эмчилгээний арга боловсруулах, дэлхий нийтийн шийдлийг боловсруулах хөрс суурь нь болж байгаа юм байна. Зорилгыг тодорхой болгон нанотехнологи, мэдээллийн технологийн ололттой хослуулснаар богино хугацаанд, нарийн, тухайн хүнд зориулсан өндөр үнэтэй бус оношлогоо, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

-Биотехнологийн анхдагч нь бичил биетийн бодис солилцоог ашиглан бохирдуулагч бодисыг арилгах биологийн нөхөн сэргээлт, биологийн процесс болон байгаль дээрх бичил биетний зохиомол өсгөвөр ашиглан ус, хөрсөн дэх биологи, амьд биетийн үйл ажиллагааг дэмжих нөхөн төлжүүлэлт, генийн өөрчлөлттэй зүйл ашиглан хөрс, усны бохирдлыг бууруулах зэрэг нөөцийг нөхөн төлжүүлэх цаашид чадавхийг нь сайжруулах боломжтой.

-Хүний генийн мэдээллийг бүрэн тодорхойлоход 13 жил, 1.5 тэрбум ам.доллар шаардагдсан бол өнөөдөр хүний генийг нэг өдөрт багтаан 1000 ам.доллараас бага үнээр тодорхойлох боломжтой болсон билээ. Баримжаагаар тооцоолбол хүний генийн мэдээлэл нь гурван тэрбум хос азотлог суурийн хэлхээ бөгөөд бид энэхүү азотлог суурийн дарааллаар хоорондоо ялгагддаг. Ирээдүйд шинэ төрлийн эм нь генетик ялгаа, суурийн дараалалд чиглэгдсэн байдлаар зохион бүтээгдэх бөгөөд генийн дарааллыг ашиглан эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.