Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцов

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2017 оны 8 дугаар сарын 31-нд БНСУ-ын Бусан хотноо болж буй Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцов.

Дэд сайд ФЕАЛАК-ын сайд нарын уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ, Зүүн Ази, Латин Америкийн бүс нутгийн улсууд боломжтой бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэв.Тэрбээр Монгол Улс хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж ФЕАЛАК-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө, ФЕАЛАК-ын Сан, Бусаны Тунхаглалыг дэмжиж байгааг мэдэгдэв.

Дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай Кан Ген Хва, Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Марсело Фаурие, Парагвайн Гадаад хэргийн дэд сайд Оскар Кабелло Сарубби, Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Карлос Иказа Гонзалес нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Аргентин Улсын хоорондын хэлэлцээрт Дэд сайд Б.Батцэцэг, Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Марсело Фаурие нар гарын үсэг зурав.

ФЕАЛАК нь Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх яриа хэлэлцээний механизм юм. Энэхүү олон талт байгууллагад хоёр тивийн 36 орон хамрагддаг бөгөөд тэдгээрийн 16 нь Зүүн Азийн, 20 нь Латин Америкийн орнууд юм. ФЕАЛАК-ын энэ удаагийн Сайд нарын уулзалтад 20 шахам орон сайд, дэд сайдын түвшинд, мөн зарим олон улсын байгууллагын тэргүүн оролцов. Сайд нарын 8 дугаар уулзалтаар ФЕАЛАК-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, ФЕАЛАК-ын Сан байгуулав. Мөн уулзалтын дүнгээр Бусаны Тунхаглалыг гаргав.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн насны охид бүлэглэж дээрэм хийжээ

Related image

18 настай дөрвөн охин нийлж үе тэнгийнхнээ дээрэмджээ. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Модны-2-ын гэх гудамжинд явж байсан М гэх охиныг зодож, гар утсыг нь дээрэмдэн зугтсан байна.

Тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, телекамерын хяналтаар охидыг тогтоон, уржигдар саатуулсан гэнэ. Дээрэм хийсэн дөрвөн охины нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогджээ.Тэд өөр хэрэг үйлдсэн, эсэх нь тодорхойгүй байна.

Хичээлийн шинэ жил дөхөж, их дээд сургуульд сурахаар хөдөөнөөс ирээд төөрч, будилж яваа охидыг хотын энэ мэт “атаман”-ууд дээрэмдэх, гэмт хэрэг, садар самуунд уруу татах явдал гаргаж болзошгүй учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур яваад анхаарлаа хандуулах хэрэгтэйг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс сэргийлье

ИРГЭН ТА тарвагыг хууль бусаар агнах, агнасан тарвагыг зарах, хадгалах, тээвэрлэх; махыг хүнсэнд хэрэглэх, түүхий эд, эрхтэнийг эмчилгээний зорилгоор ашиглах зэрэг нь ТАРВАГАН ТАХАЛ өвчнөөр өвдөх ӨНДӨР ЭРСДЭЛИЙГ дагуулж байдаг тул дараах сэрэмжлүүлэгт анхаарлаа хандуулна уу !!!

Categories
мэдээ нийгэм

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хорооны нутаг дэвсэрт 2017 оны долоодугаар сарын 23-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, тус дүүргийн Засаг даргын захирамжаар 1 дүгээр голомтын бүсийг 22 дугаар хорооны “Баянголын ам”-д, 2 дугаар голомтын бүсийг 1 дүгээр хорооны “Халзангийн ам”-д тус тус тогтоосон. Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 39 хоногийн хугацаанд 30 өрхийн 168 үхрийг зориудаар устгаж халдварын голомт дахь нийт 1197760 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж гүйцэгтгэсэн. Тус бүсэд малын гоц халдварт өвчний шинж тэмдэг дахин илрэхгүй нөхцөлд 1 дүгээр голомтын бүсийн хорио цээрийн дэглэмийг 2017 оны есдүгээр сарын 2-ны өдөр, 2 дугаар голомтын бүсийн Хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 9-ний өдөр тус тус цуцлахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Морингийн давааны задгайд байрлах айлын 14 толгой үхрийн 2-т малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн. Улмаар дүүргийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 26-ны өдрийн захирамжаар тус бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд 744 өрхийн 2312 иргэн, 18 өрхийн 2100 толгой мал байна. Одоогоор ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, нийслэлийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ЗДТГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, “Гүнтэрэм” ХХК-ийн мал эмнэлэг, нийслэлийн Мал эмнэлэгийн газар зэрэг байгууллагын 67 ажилтан алба хаагч, 16 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Голомтын бүсэд нийт 17500 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэсэн бөгөөд хөдөлгөөнт, хяналтын 17 пост/ цэг/ ажиллаж байгаа” хэмээлээ.Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус асуудалтай танилцсаныхаа дараа гамшгийн голомт буюу хорио цээрийн бүсэд байгаа иргэдийн хоол хүнс, бусад хангалтын асуудлын санхүүжилтыг өөрийн нөөц хөрөнгөөс шийдвэрлэж, холбогдох албаныханд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхтайвны өргөн чөлөөгөөр зүүн эргэж эхэллээ

Энхтайваны өргөн
чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн өнөөдрөөс хэвийн үргэлжилж байна. Замын түгжрэлийг бууруулна гэж
үзэж төв зам дагуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг
нийслэлээс гаргаад байсан ч энэхүү шийдвэрээ өчигдөр цуцалсан.Тиймээс өнөөдрөөс
буюу есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд
оролцох ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотноо монголч эрдэмтэд, судлаачид, оюутнуудтай уулзлаа

Унгар Улсын нийслэл Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотын Eötvös Loránd-ын их сургуулийн Монгол, Төв Ази судлалын төвөөс зохион байгуулсан зуны их сургуульд оролцож байгаа монголч эрдэмтэд, судлаачид, оюутнуудтай уулзаж эрдэм судлалын ажлынх нь талаар харилцан ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 оноос Олон улсын Монголч эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хашиж байгаа билээ.

Мөн энэ арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Их Хурлын дэд дарга Лежак Шандор бараалхаж хоёр улсын соёлын харилцаа, монгол судлалыг хөгжүүлэх талаар ярилцсан юм.





Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан, сурагчид аа,

Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад аа,

Хүндэт эцэг эхчүүд ээ,

Та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт ерөөе.

Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, улс үндэсний хөгжил дэвшлийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, өрсөлдөх чадвартай бүтээлч монгол хүн бий болгоно. Түүнд хүрэх зам нь боловсрол билээ. Боловсролоор дамжуулан бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай иргэнийг хөгжүүлэх нь суралцагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, нийгмийн гишүүн Та бидний хамтын нэгдмэл үүрэг зорилт юм.

2017-2018 оны хичээлийн жилд улс даяар 798 сургуульд 578.9 мянган сурагч суралцана. Тэдгээрээс 252.7 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, 73.5 мянган хүүхэд 1-р ангид элсэхээр бүртгэгдээд байна. Түүнчлэн улсын хэмжээнд 96 их, дээд сургуульд 150 мянгаад оюутан суралцах юм.

Шинэ хичээлийн жилд 1250 ортой 14 цэцэрлэг үүдээ нээж, ерөнхий боловсролын 21 сургуулийн барилга шинээр ашиглалтад орж байна.

Монгол Улс нийт төсвийнхөө 17.3 хувь буюу таван төгрөг тутмын нэг төгрөг болох 1.1 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Цаашид суралцах орчин, сургалтын агуулга, үнэлгээний тогтолцоо, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа зэрэг өргөн хүрээг хамарсан боловсролын хөгжлийн бодлого, зохицуулалтыг улам боловсронгуй болгох, мэргэжлийн институцуудын чадавхийг бэхжүүлэх цогц бодлогыг бодлого шийдвэр, төсөв, санхүү, хууль эрх зүйн хүрээнд тасралтгүй дэмжин ажиллах нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын нэн чухал үүрэг байх болно.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тусгагдсаны дагуу эдийн засгийн өсөлттэй уялдуулан багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин хөлсийг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

Оюутан, сурагчид аа!

Та бүхний сурах эрмэлзэл, хариуцлагаа ухамсарласан зорилго хосолж байж амжилтад хүрнэ. Аливаа улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялгаас илүү хүмүүжсэн хүн байдаг нь улс орнуудын түүхэн туршлагаар нотлогддог. Тиймээс эрдэм төгс, хөдөлмөрч, хүнлэг иргэн болох нь Эрхэм дүү Та нарын эн тэргүүний зорилго байх ёстой юм. Зорилгодоо хүрэхийн тулд хичээн суралцагтун!

Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчид ээ!

Өөрийн эрдэм, оюуны их нөөцөө шавь нартаа харамгүй түгээж, ирээдүйн үнэ цэнэ бүхий хөгжлийн суурийг уйгагүй хөдөлмөр, зүтгэлээрээ үеийн үед цогцлоож ирсэн Та бүхнийг Монголын төр ямагт өндрөөр үнэлэн, хүндэлдэг билээ.

Монголын залуу үе боловсрол мэдлэг, өрсөлдөх чадвараа эх орондоо төдийгүй хилийн чинадад нотлон “Дэлхийн Монгол Иргэн” болох цаг үе ирж буйд баяртай байна.

Сайн шавь төрүүлэх нь улс үндэстэндээ Та бүгдийн оруулж буй үнэлж баршгүй том хувь нэмэр, юутай ч харьцуулшгүй чухал хөрөнгө оруулалт гэдгийг санаж, хичээн ажиллагтун!

Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.

Эрдэм ухаан түгэн дэлгэрч, эх орон маань хөгжин дэгжих болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ

ХУРЛЫН ДАРГАМИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2017 оны есдүгээр сарын 1 Улаанбаатар хот.

Categories
мэдээ улс-төр

Цахим төлбөр тооцоог хөгжүүлэх төслийг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ай Си Би компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Цахим, төлбөр тооцоо, гадаад худалдаа, тээвэр ложистикоор мэргэшсэн тус компани нь Монгол Улсад бэлэн бус цахим төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх саналаа илэрхийлж, боловсруулсан төслөө танилцууллаа. Бэлэн мөнгөний хэрэглээг халж орон даяар цахим төлбөр тооцооны сүлжээнд холбогдох боломжит шаардлагуудыг хангасан, бэлэн мөнгө хэрэглэдэггүй анхны улс болох боломжтой хэмээн тооцож байгаа аж. Цаг уурын байдал, иргэдийн цахилгааны хэрэглээ, төлбөр тооцоо, хүн амын ажиллах хүчний чадамж зэрэг нь дээрх үйлчилгээг нэвтрүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж байгаа гэв. Мөн хүн амын насжилт залуу, интернетийн хэрэглээ өндөр байгаа зэрэгч нөлөөлжээ.

Төсөл хэрэгжвэл 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 20,000 гаруй шинэ ажлын байр бий болно. Монгол улсын Ерөнхий сайд төсөлтөй танилцаад, дэлхий нийтэд шинэ тутам хэрэгжиж буй боломжит зах зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг дэмжинэ. Хэрвээ төслийг хэрэгжүүлвэл инженер техникийн ажилчдыг Монголчуудаас сургаж Монгол Улсад нь монголчуудыг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавина гэлээ.

Уг төсөл хэрэгжвэл 20,000 сервер бүхий бэлэн бус төлбөр тооцооны төвийн бааз бий болж, 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн МСҮТ-д зочилно

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт эхэллээ. Хичээлийн шинэ жилийн тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

Мөн өдөр 14.00 цагаас Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Эх хэлний өдөр

Related image

Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан билээ.

Ерөнхийлөгчийн зарлигт “Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон язгуур соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор,

  1. Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
  2. Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
  3. “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;

б/ “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг хэвшүүлж ажиллахыг уриалсугай.

4. Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай” гэжээ.