Categories
мэдээ спорт

Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэв

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын хамт гардан авлаа. Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочид, тамирчид, эцэг эхчүүдэд хандан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай Жүдогийн академи байгуулагдаад нэлээд олон жил болж байна. Монголын өсвөр үе, залуучууд хүүхдүүд багаасаа хөдөлмөрч, тэвчээртэй болж бие бялдрын хөгжил нь сайжирч, интернэт орчинд бус, спорт зааланд цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд Жүдогийн академийн байгуулагдсан зорилго нь оршиж байгаа юм. Өнөөдөр цол ахиулж бүс гардуулах ёслол болж байна. Академийнхаа багш дасгалжуулагчид, хүүхдүүдэд баяр хүргэе” гэсэн юм.

Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, Олон Улсын жүдо бөхийн холбооны Энхтайваны хорооны дарга Николас Мэсснэр, Олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Грек улсын тамирчин Иллиас Иллиадис нар болон тамирчид, дасгалжуулагчид оролцсон юм. Бүс гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбооноос хийгдэж байгаа “Judo for the world” баримтат киноны багийнханд ярилцлага өгөв.



Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн төвд болов

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт 2017 оны 07 дугаар сарын 31-ний үдээс өмнө Баянхонгорт аймгийн төвд зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш уг төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг өрнөв.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв тус бүрийн танилцуулгыг төсөл хэлэлцүүлэгч баг хийсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын зарим заалт, хэсгийг өөрчлөх болсон үндэслэл, шаардлагын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна гэж заасан. Харин төслийн заалтад Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж тусгасан байгаа. Ингэснээр Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, хяналтын эрх мэдлийг бодитоор өргөжүүлэх, хууль бүтээх ажиллагааны чанарыг сайжруулна.

Түүнчлэн Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно гэж төсөлд тусгагдсан. Энэ нь Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангах, парламентыг бодит мэдээллээр хангах, иргэдэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлын бодит нөхцөлийг илрүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.

Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн саналыг сонссон юм. Тухайлбал, Баянхонгор сумын 1-р багийн иргэн Баттөр, Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж болно, харин бусад гишүүд давхар алба хашиж байгаа нь төрийн ажлыг алдагдуулж байна гэлээ. Түүнчлэн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд орон нутгийн 4-5 сумыг нэгтгэж, бүсчлэн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Шаргалжуут тосгоны иргэн Баярмагнай, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд “хот” гэдэг нэгж нэмэгдвэл тосгоныг хотын нэгжид хамруулах гэсэн санал хэлж байв. Учир нь одоогийн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд тосгон сумын нэгжид харьяалагддаг боловч хүн ам, газар зүйн хэмжээтэй харьцуулбал багаас том гэсэн санал хэлж байв.

Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэг амжилттай өрнөж, тус хэлэлцүүлэгт 390 иргэн оролцож, саналын хуудсаар саналаа өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

​Австралид доллар цутгаж, Монголд агаар бохирдуулсан метан хий​

QGC компанийн нүүрсний давхаргаас метан хий олборлож боловсруулах үйлдвэр

АвстралийQGC компанийн нүүрсний давхаргаас метан хий олборлож боловсруулах үйлдвэрОнгийнн Күйнсланд мужийн Вестерн даун бүсэд нүүрсний давхаргаас метан хий олборлодог QGC компанитай танилцах боломж өнгөрсөн хавар олдсон юм. Эдийн засаг, уул уурхайгаар бичдэг сэтгүүлчдэд ийм боломж олгосон газар нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ). GIZ-гийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга төслийн хүрээнд Монголын сэтгүүлчид Күйнсландад үйл ажиллагаа явуулж буй QGC-д зочилсон юм. “Бритиш газ”-ын дор байсан QGC өдгөө “Shell” корпорацид харъяалагддаг. Нүүрсний давхаргаас метан хий олборлож Хятад, Энэтхэг, Японд экспортолдог энэ үйлдвэр үүдээ нээснээсээ хойш Квийнсланд мужид 4.5 тэрбум ам.доллар оруулчихаж. Монгол төгрөгт шилжүүлбэл бараг 13 орчим их наядаар тоологдох асар том мөнгө. Бидний хувьд улсаараа хоёр жил амьдардаг мөнгөнөөс ч давсан хэмжээний долларыг австраличууд метан хийгээ зараад олсон гэсэн үг. Эхэндээ иргэдийнх нь цөөнх эсэргүүцэж, олонх нь гайхан хүлээж авч байсан метан хийн үйлдвэр өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөний машин болжээ. Австралид доллар цутгаж эхэлсэн нүүрсний давхаргын метан хий манайд харин агаар бохирдуулагчдын нэг байсаар байна. Нүүрс, байгалийн хий, нефть олборлож, үйлдвэрлэж тээвэрлэх үед их хэмжээгээр ялгардаг метан хий агаар мандалд 15 жил задрахгүй хадгалагддаг гэсэн айхавтар тоо бий. Бусад хүлэмжийн хийнээс аюултай энэ хий дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хийнээс 21 дахин илүү сөрөг нөлөөтэйг эрдэмтэд аль хэдийнэ баталчихсан. Австралид нүүрсний ордоо ашиглахаас өмнө метан хийгээ соруулж аваад мөнгө болгочихож байна. Агаараа бохирдуулахгүйгээр, дэлхийн дулааралд гэмтэн болохгүйгээр метан хийгээ өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадаж байгаа улсад Австралиас гадна АНУ, Канад, Хятад зүй ёсоор багтдаг.
Нүүрсний давхаргаас метан хийг нь соруулж авдаг үйлдвэр тийм ч нүсэр биш юм билээ. Авсаархан, цомхон үйлдвэрийн эргэн тойрны байгаль унаган төрхөөрөө байгаа нь анхаарал татаж байсан юм. Нүүрсний давхаргын хийг соруулж, гадагшлуулдаг цооногуудыг газрын гүн рүү өрөмдөн суурилуулж, шингэрүүлсэн хийгээ гүйлгэх хоолой татаад л нүүрснээс метаныг нь ялгаад авчихаж байна. Цэвэр ус алтнаас үнэтэй Австралийн хувьд нэг том асуудал байгаа нь гүний ус болж. Метан хий нүүрсний давхаргад их хэмжээний устай хамт байрладаг. Эхний удаад их хэмжээний ус ялгардаг бэрхшээл байдаг юм байна. Тэгэхээр цэвэр усны хомсдолтой говийн бүсэд орших Таван толгойн ордын метан хийг соруулж авахад мөн л ийм асуудал үүснэ. QGC ус цэвэршүүлэх байгууламж бариад энэ асуудлаа шийдчихэж. Уурхайн цэвэршүүлэх байгууламж хийн цооногоос гарсан усны 97 хувийг цэвэршүүлээд орон нутгийнхны хэрэгцээнд нийлүүлж байна. Манайд ч ингэж шийдэх боломж байгаа гэсэн үг.
Нүүрсээ олборлохоос нь өмнө давхаргынх нь хийг соруулж аваад эдийн засгаа босгох хэмжээний мөнгө олох боломж бидэнд бий. Манай оронд нүүрсний 300 гаруй орд илэрснээс 70 гаруйд нь геологийн хайгуул хийгдсэн. Нүүрсний тойм нөөц 172 тэрбум тонноор хэмжигддэг. Хайгуулаар тогтоогдсон нөөц гэхэд л 23.5 тэрбум тонн. Нүүрсний ордууд нийт нутаг дэвсгэрийн 80 хувьд жигд тархсан гэж геологичид онцолдог. Тэгэхээр ашиглаж амжаагүй ордууддаа судалгаа хийж хийн агууламж өндөртэйг нь эхлээд жагсаачих хэрэгтэй. Ийм ордуудын нүүрсийг авахаас өмнө метан хийн олборлолт заавал хийнэ гэсэн зохицуулалтыг хуульд тусгачихад л болоод явчихна.
Австралийн тухайд дэлхийд гэж яригдах компаниуд хөрөнгө оруулж, нүүрсний давхаргын метан хийг шингэрүүлж экспортолж байгаа. Бидэнд ч дэлхийн томчуудыг татах боломж бий. Азийн Монгол нүүрсний давхаргын метан хийгээр Хятадын өмнө гишгэж Орос, Канадын дараа жагсах өндөр магадлалтай гэж мэргэжлийнхэн ярьдаг нь оргүй үг биш. Хятадын нөөц 28 их наяд куб метр. Харин манай улсынх 17-43 их наяд куб метр байж магадгүй хэмээн яригдаж буй. Нүүрсний давхаргын метан хийн судалгааг аль арваад жилийн өмнө 2004 онд Канадын “Стормкат” компани хийж эхэлсэн байдаг юм. Америкийн “Норвест” компани ч нүүрсний давхаргын метан хийн тойм үнэлгээг хийсэн удаатай. 2009 онд геологич Дашцэрэнгээр ахлуулсан баг Хархираа, Онгийн голын нүүрсний сав газруудын нүүрсний давхаргын метан хийн тойм нөөцийг тогтоож байсныг бас дурдахгүй орхиж болохгүй. Инженер З.Төмөрбаатарын санаачилгаар эхэлсэн энэ ажлын дүнд судалгаа хийсэн сав газруудад 40-80 тэрбум шоо метрийн хийн нөөц бий гэсэн тойм таамаг гарч байсан юм. Австралийн “Голденхорд” компани Засгийн газрын хүсэлтээр Таван толгойн нүүрсний давхаргын метан хийн тойм нөөцийн судалгааг тус нүүрсний ордод сүүлийн гучаад жилд явуулсан геологийн судалгаа, хайгуулын ажлын үр дүнд тулгуурлан хийсэн нь саяхны явдал. “Голденхорд” 4.3-8.6 триллион фут шоо хийн нөөцтэй гэсэн тойм таамаг хийж байв. Эрлийн гэрээг “Голденхорд”-оос гадна дөрвөн компани хийсэн гэх мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газраас өгдөг. “Голденхорт”-ын хувьд нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр амжилттай яваа цорын ганц төслийн хэрэгжүүлэгч. Эрлийн гэрээгээ дуусгаад бүтээгдэхүүн хуваах гэрээний хэлэцээрээ эхлүүлээд явж байгаа. Засагтай тохирч за зүй болоод гэрээнд гарын үсэг зурчихвал шууд олборлолт нь эхлэх юм.
Амжилттай хэрэгжиж болохоор дараагийн төсөл бол Таван толгой. Таван толгойн нүүрсний давхаргын метан хийн чанарын үзүүлэлт маш сайн гарсан учраас өмнийн говийн нүүрсний орд хөрөнгө оруулагчдын хорхойг хөдөлгөөд эхэлсэн. Таван толгойн өөр нэг давуу тал бол Хятад гэсэн аварга зах зээл. Хийн хэрэглээгээрээ дэлхийд гэж яригддаг урд хөрштэй ойрхон байрладаг нь Таван толгойг моодонд оруулж байгаа. Солонгосын “Коргаз”-аас гадна Хятадын хөрөнгө оруулагчид ч Таван толгойг сонирхож эхэлсэн нь цаанаа ийм учиртай. Нүүрсний давхаргын хийн нөөцөд цэвэр метаны агуулга 0-30 хувь байвал доогуур, 30-80 хувь байвал дундаж, түүнээс дээш хувьтай бол сайн чанарын гэж үздэг. Сүүлд хийсэн судалгаагаар Таван толгойн уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ 84.5-92.5 хувьтай гарсан юм. Тэгэхээр ашиг хийх бүрэн боломжтой гэсэн үг. Хятадын “Жентон ойл энд газ” компани манайд метан хийн чиглэлээр хөрөнгө оруулахаа илэрхийлсэн ч түрдээ хүлээзнэсэн байдалтай байгаа юм билээ.
Технологи нь тодорхой, олборлолт, үйлдвэрлэл явуулж буй туршлага нь бэлэн, байгальд хал багатай, эдийн засгийг тэтгэхээр хэмжээний ашиг олдог нь батлагдсан, зах зээл нь хажууханд, хөрөнгө оруулагчид сонирхоод эхэлчихсэн ийм үед нүүрсний давхаргын метан хийгээ мөнгө болгох уг нь тийм хэцүү биш. Хүний нөөц нь бэлэн биш гэх мэт саад бэрхшээлийг засаг зүгээс тоочдог л доо. Гэхдээ хүний нөөц байтугайг импортолж болдог хавтгай дэлхийд ийм шалтаг үнэнд ойрхон сонсогдохгүй.
Товчхондоо агаарт хор болоод дэгдэж байгаа метан хийгээ мөнгө болгох сонирхол засаг зүгээс ажиглагдахгүй байна. Өмнөх засгийн үед “Эрдэнэс Монгол” компанийн дор “Эрдэнэс метан” гэж охин компани байгуулсан нь уг нь олзуурхам зөв шийдвэр. Харамсалтай нь засаг солигдсоны дараа “Эрдэнэс метан” компани нэр төдий үлдсэн нь гашуун ч гэлээ үнэн. Одоо “Эрдэнэс Монгол”-ын нэр дор мэргэжлийн бус хүн хариуцсан төдий ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүний алхааг эрчим хүч болгож, азотын ислийг сорж, агаар цэвэршүүлдэг Лондонгийн ухаалаг гудамж

Pavegen плитаны анхны хувилбар. 2012 он

Байгуулагдсан цагаасаа эрчим хүчний салбарт нээлт хийж, шинэ технологийг нэвтрүүлсээр олонд танигдсан Pavegen гэх компани бий. Дэлхийд Pavegen systems гэх нэрээрээ алдаршсан. Саяхан тус компанийн Лондонд туршсан бас нэг технологи нь дэлхийг шуугиулж эхэллээ. Pavegen-ийнхэн хүний алхалтыг эрчим хүч болгон хувиргах хавтан бүтээснээ зургадугаар сарын 29-нд Лондонгийн West End дүүргийн Bird Street гудамжинд байрлуулж ашиглалтад оруулсан нь ийнхүү олны талархлыг хүлээгээд байна. Дэлхий нийт Pave¬gen компанийн тохижуулсан гудамжийг Ухаалаг өргөн чөлөө, Эрчим хүчний өргөн чөлөө гэх мэтээр нэрлээд эхэлжээ.

Тухайн компани нь яг энэ технологи дээр сүүлийн хоёр жил ажилласан гэх ч 2012 оны Лондонгийн олимпийн үеэс л энэ төрлийн технологиудыг туршиж эхлээд байсан. Одоогоос таван жилийн өмнө “Хөдөлгүүрийн эрчим хүчийг кинетик энерги болгон хувиргах гибрид технологийг танилцууллаа” гэж судлаачид тэмдэглэж байсан бол зохион бүтээгчид “Урьд өмнө хэзээ ч байгаагүй тэжээлийн эх үүсвэр. Хүн төрөлхтөн үүнийг ашиглаж” эхэллээ хэмээн онцолж байв. Зохион бүтээгчид уг технологио “Хур тунадас хураах” зарчим гэж томьёолж, нэрлэж байлаа.
Үндсэндээ Pavegen плита буюу хавтанцрын гадаргуугийн тавин таван миллиметрийг хөдөлгөснөөр кинетик энергийг бий болгодог. Ингэснээр хүний нэг хөлийн даралтаас дунджаар зургаан ваттыг үйлдвэрлэж, хувиргадаг. Туршилтын хоёр долоо хоногийн хугацаанд Pavegen плита нь 20 киловатт-цаг эрчим хүчийг бий болгосон. Энэ нь шөнийн турш гудамжны гэрэлтүүлгийг бүтэн асаалттай байлгахад хангалттай хүрэлцэхүйц эрчим хүч гэсэн үг. Энэ технологи нь олон өндөр байшингийн сүүдэртэй буюу салхин сэнс, нарны зайн хураагуур ашиглах боломжгүй шигүү барилгатай хот, суурин газарт яв цав нийцсэн эд болжээ. Олимпийн үеэр гудамжны гэрэлтүүлгээс гадна зар сурталчилгааны дэлгэц, замын гэрэлт тэмдэглэгээ зэрэг эрчим хүч бага зарцуулдаг ламп, чийдэнтэй бүхий л зүйлийг цахилгаанаар хангаж байсан юм. Үндсэндээ, маш олон хүн алхаж явдаг газар хаана байна, тэнд энэ технологи илүү үр дүнтэй байдаг.

Хүний алхааг эрчим хүч болгон хувиргадаг Pavegen явган хүний зам. 2017 он

Таван жилийн өмнө хүний алхааг эрчим хүч болгох технологи нэг иймэрхүү түвшинд байлаа. Хамгийн гол нь Pavegen плита нарны зайн хавтангаас хэд дахин өндөр үнэтэй байсан явдал. Үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад нэгжийн үнэ буурах болно гэж итгэсэн зохион бүтээгчид хөрөнгө оруулагчидтай уулзах бүртээ нааштай хариу сонсч байжээ. Лондонгийн олимпийн үеэр Pavegen системийг ашиглаж, туршсанаар Баруун Лондонгийн Стратфорд хотын худалдааны төв гэх мэт томоохон пүүс компаниуд, арилжааны төвүүд өөрийн байрандаа энэ технологийг суурилуулах захиалга ч ихэссэнээр Pavegen системийн үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн байдаг.
Харин таван жилийн дараа буюу өнөөдөр Pavegen плита интерактив хавтан болон шинэчлэгдэн, улам хөгжиж Эрчим хүчний, ухаалаг өргөн чөлөө нэрийг дагуулан иржээ. Төслийг Лондонгийн Bird Street гудамжинд зургадугаар сарын 29-ний өдөр эхлүүлснээ Pavegen компани албан ёсоор зарласан. Хүмүүс гудамжаар явган зорчиход зам нь эрчим хүчийг гарган авна. Яг л Лондонгийн олимпийн үеэр туршсан шиг. Paveg¬en компани ухаалаг өргөн чөлөөг тохижуулахдаа зөвхөн явган хүний зам эрчим хүч үйлдвэрлэн гэрэл болгон хувиргадаг системээр шинэ технологио хязгаарлаагүй. Хүний алхаанаас олж авсан эрчим хүчийг агаар цэвэршүүлэгч, түлшний ялгаруулалтанд агуулагдах азотын ислийг сорогчийг ч байрлуулж өгсөн. Түүнээс гадна агаарын бохирдлыг 95 хувиар өөртөө шингээдэг будган гадаргууг ч Лондонгийн Ухаалаг өргөн чөлөөнд нэвтрүүлсэн байна.

Ухаалаг гудамжны ерөнхий систем

Мөн хамгийн бага эрчим хүч хэрэглэдэг Blu¬etooth дамжуулагчийг тэнд суурилуулсан. Очсон хүмүүс өөрийн утсандаа Эрчим хүчний, ухаалаг өргөн чөлөөнд зориулсан тусгай аппликейшнийг татаж авах ёстой. Уг аппликейшн зорин очсон зочны алхмуудыг тоолж, системд оруулах бөгөөд энэ нь өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулж буй бүхий л дэлгүүрийн ваучер болон хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгодог гэсэн үг. Өргөн чөлөөнд ирээд мянга алхсан бол тэр дэлгүүрээр тэдэн хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлнэ гэх мэтээр аппликейшн нь өөрөө хэлээд өгнө. Нэг ёсондоо хүмүүсийг Эрчим хүчний өргөн чөлөөгөөр ирэх сэдлийг төрүүлэх гол түлхүүр нь болж өгнө. Дэлгүүр ч орлоготой, хүмүүс ч хэмнэлттэй, ухаалаг гудамж ч эрчим хүчээр тасрахгүй байх системийг ингэж боловсруулж өгсөн байгаа юм. Лондон хотын захирагч Садик Хан Лондон хотыг ухаалаг хот болгох эхлэл тавигдлаа гэж зарласан нь ийм учиртай. Тус өргөн чөлөө тэр чигээрээ ухаалаг, орчин үеийн хүн төрөлхтний, суурин соёлд тулгамдсан бүхий л асуудлыг шийдсэнээрээ ухаалаг гудамж хэмээн нэрлэгдэж байгаа юм.

-НАРНЫ ЗАЙН ХАВТАНГААР ЯВГАНХҮНИЙ ЗАМ
ХИЙЖЭЭ-

Нарны зайн хавтангаар хийсэн явган хүний зам. Франц улс

Лондонгийн энэхүү ухаалаг гудамжны нээлттэй давхцаад Франц улсад бас нэгэн сонирхол татам гудамжны нээлт боллоо. Тэр нь нарны зайн хавтангаар хийсэн явган хүний зам. Нарны зайн хавтангаар явган хүний зам хийсэн гэхээр ойлгомжтой байх. Pavegen хавтанг үйлдвэрлэгсэдтэй нэг ижил зорилготой. Францын “Colas‘ Wattway” технологийн компани цаашид цэвэр эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдэхийн тулд нарны хавтанг явган хүний зам болгон хувиргах ажил дээр сүүлийн хэдэн жил төвлөрчээ. Ингэснээр сүүдэрлэх барилга цөөн, жижиг хотын гудамжны гэрэлтүүлгийн цахилгааны эх үүсвэрийг хангах боломж нээгдэж байгаа юм байна. Гэхдээ энэ технологид нэг их нээлт, ололт ороогүй аж. Нарны зайн хураагуурыг, явган хүний замын хавтан болгох шийдэл дээр нэмэх нь гадаргыг хагарч, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн явдал. Ердөө таван давхар силиконоор бүрж, хамгаалжээ. Ингэснээр хоногт 280 мегаватт цаг эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгийг танилцуулсан байна. Манай улсынхаар жишвэл сумын төвүүдэд илүү тохирох технологи бололтой юм.

Categories
мэдээ цаг-үе

А.Ариунзаяа: Дараагийн сонгуулиудаар сонгогчдын тоо зөрүүтэй гарахгүй

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.


-Сонгуулиар хүн амын тоо зөрсөн тухай олон мэдээлэл, маргаан гардаг. Энэ юунаас болдог юм бэ?

-Хэн нэг нь санаатай хүн амын тоог будилуулдаггүй. Байгууллагуудын харилцан уялдаа муутай байдал тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байгаа юм.

-Яг ямар байгууллагуудын уялдаа муу байна?

-Байгууллагын гэхээсээ илүү өнөөгийн тогтолцоо. Жишээлбэл нэг эх эмнэлэгт амаржаад гардаг. Эмнэлэгт шинээр төрсөн хүүхдийн хүйс, жин, төрсөн цаг, эцэг, эхийн нэр, эх баригч эмчийн нэрийг бүгдийг нь тэмдэглэсэн байдаг. Харин шинээр төрсөн хүүхэд гэрчилгээ аваад, хороондоо бүртгүүлснээр манай байгууллагын хүн амын бүртгэлд хамрагдана. Зарим нь зургадугаар сард төрсөн хүүхдээ наймдугаар сард бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байх жишээтэй. Зарим нярай бүртгүүлэхээсээ өмнө энддэг. Энэ тохиолдолд иргэний бүртгэлд огт бүртгүүлэлгүй өнгөрдөг. Бас нас барсан хүнийг эрүүл мэндийн байгууллага бүртгэдэг боловч мэдээлэл нь бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүн амын бүртгэлд ордог. Зарим нь огт бүртгүүлдэггүй. Энэ хугацаанд хүн амын тооны зөрүү гардаг. Гэхдээ тийм их хэмжээгээр зөрүү гардаггүй.

-Энэ байдлаас яаж гарах ёстой вэ?

-Бид олон улсын жишгийг дагасан тогтолцоог нэвтрүүлж байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллага, иргэний бүртгэлийн байгууллага, Үндэсний статистикийн хороо гурвалсан гэрээ байгуулах юм. Энэ гэрээгээр дээрх байгууллагууд нэгдсэн мэдээллийн сантай болно. Ингэснээр эрүүл мэндийн байгууллага шинээр төрсөн хүүхэд, нас барсан иргэдийн мэдээллийг шууд мэдээллийн санд илгээнэ. Харин иргэний бүртгэлийн байгууллага шууд дугаар олгоно. Ингэснээр цаг алдалгүй манай байгууллагын хүн амын бүртгэлд нэмэгдэж, хасагдаж бүртгэгдээд явдаг болно.

-Цаашдаа хүн амын тооны тухай мэдээлэл зөрөхгүй гэсэн үг үү?

-Цаг алдалгүй гурван байгууллага нэгдсэн мэдээлэл авч болохоор зөрөхгүй. Дээр нь олон улсын жишгээр эрүүл мэндийн байгууллага тухайн мэдээллийн санд мэдээлэл оруулахдаа шинээр төрөгсөд хаана, хэзээ төрсөн, нас барагсдыг ямар шалтгаанаар нас барсан зэрэг мэдээллийг өгнө.

-Хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Гэрээ, хэлэлцээрүүд хийгдсэн. Улам боловсронгуй болгоод, удахгүй хэрэгжүүлж эхэлнэ.

-Зарим төрийн байгууллагууд нийтийн хэрэгцээний мэдээллийг байгууллагын нууц гээд гаргадаггүй. Харин танай байгууллага нэгдсэн байдлаар гаргадаг. Ингэхээр нууцлах хэрэг байна уу?

-Эрхэлсэн асуудлынхаа хүрээнд яам, агентлагууд мэдээллийг манай байгууллагад ирүүлдэг. Бид нэгдсэн байдлаар мэдээллийг гаргадаг. Өнөөдөр олон улсын “нээлттэй засаглал”-ын тухай их яригдаж байгаа. Энэ нь төрийн мэдээллийн нээлттэй байдлын тухай ярьж байгаа юм. Нэгдүгээрт мэдээллийг нээлттэй, шуурхай олон нийтэд хүргэх, хоёрдугаарт мэдээллийн зөрүүг арилгах зорилго агуулж байгаа юм. Байгууллага мэдээллээ өгөхгүй байгаа нь байгууллага болон хувийн нууцын хуулиар зохицуулагдаж байгаа юм. Тухайн байгууллагын тухай мэдээлэл, манай мэдээлэл хоёр өөр л дөө. Жишээлбэл, тухайн байгууллагад ямар нэгэн мэргэжлийн хүн хэд ажиллаж байна гэдэг нь нууц байж болно. Харин улс орон даяар тийм мэргэжлийн хүн хэд байна гэдгийг бид нэгтгэж гаргадаг. Үүгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл, бидний гаргаж байгаа нэгдсэн дүн мэдээлэл байгууллага болон хувь хүний нууцыг хангасан байдаг.

-Нээлттэй засаглал төсөл олон улсад нэвтрээд хэрэгжсэн туршлага байна уу?

-Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжээд үр дүнгээ өгсөн. Одоо олон улсын чиг хандлага хөгжлийн түвшнээс үл хамааран энэ чиглэл рүү явж байна.

-Яагаад манайд өнөөг хүртэл хэрэгжихгүй байна вэ?

-Энэ төсөл өндөр техник технологийн түвшинд хийгдэх ажил. Өнөө л санхүүжилтийн асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа.

-Танай байгууллагын боловсон хүчин, бүтэц энэ төслийг хэрэгжүүлэх чадвартай юу?

-Манай байгууллагын боловсон хүчин олон жилийн туршлагатай. Манай ажилтнуудын дундаж ажилласан жил нь арав. Тогтвортой ажилласан боловсон хүчнүүд. Манай зургаан газрын дарга 9-30 жил ажилласан байна. Бид олон улсын хурал, семинарт оролцож байхдаа олон улсын түвшинд хүрсэн гэдгээ мэдэрдэг. Олон улсын мэргэжлийн байгууллагууд биднийг хуралд илтгэл тавиулах, байгууллагынхаа удирдах байгууллагуудад сонгодог. Мэдээж шинэ технологи нэвтрүүлэхэд мэргэ-жилтнээ сургалтад хамруулах, технологитой танилцах зэрэг ажил зохион байгуулна.

-Сонгуулиар мэргэжилтнүүдээ хуу хамахгүй юу?

– Сонгууль манай боловсон хүчинд харьцангуй нөлөөлөл багатай.

-Нэг эдийн засгийн ухааны доктор “Нэгдүгээрт шийдвэр гаргагчид эрдэмтдээ тоохгүй байна. Хоёрдугаарт статистикаа уншиж мэдэхгүй байна” гээд зурагтаар загнаж байсан. Хэр бодитой шүүмжлэл вэ?

-Би бодитой гэж бодож байна. Олон улсын түвшинд улстөрчид шийдвэр гаргахдаа статистикийн мэдээнд тулгуурладаг жишиг тогтсон. Ялангуяа өндөр хөгжилтэй орнууд, хурдацтай хөгжиж байгаа орны улстөрчид статистикийн мэдээг ойлгож, шийдвэрээ гаргадаг болсон.

-Танай байгууллага олон түвшний мэдээлэл боловсруулж чадаж байгаа юу?

-Нэгдүгээрт бидний уламжлалт мэдээллийн технологи хуучирч байгаа нь үнэн. Сарайсан олон тоо байдаг шүү дээ. Хоёрдугаарт мэдээлэл хүлээж авдаг тархи өөрчлөгдөөд байна.

-Олон жилийн турш манайхан статистикийн мэдээг мэргэжлийн хүн унших ёстой гэсэн уламжлал байгаа шүү дээ.

-Тийм уламжлал байсан. Одоо бид өөр хандлага руу явж байна. Бид мэдээллийг зөвхөн мэргэжилтэн биш хэн ч уншиж ойлгохоор энгийн түвшинд боловсруулна. Саяхан би Швейцарьт хуралд оролцсон. Яг энэ тухай л яригдсан. Хүний тархи мэдээллийн 90 хувийг нүдээр хүлээж авдаг болсон. Одоо нуршсан олон тоог уншуулах биш хараад л товч, тодорхой, ойлгомжтой байх мэдээлэл боловсруулах шаардлагатай болж байгаа юм.

-Суманд сумын Засаг дарга статистикийн мэдээллийг хариуцдаг гэдэг. Тэр дарга мэдээлэл боловсруулж барах уу, статистикийн мэдээлэл гэдэг нь УИХын шийдвэр гаргах гол тулгуур биз дээ?

-Мэдээж олон төрөл мэргэжлийн хүмүүс сумын засаг даргаар сонгогдсон байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд бид УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, яам, агентлаг, тамгын газрын статистикийн асуудал хариуцсан албан тушаалтнууд, сэтгүүлчдэд сургалт зохион байгуулсан. Бүх аймгийн сумдын дарга нарт сургалт зохион байгуулсан.

-Сургалтанд юу заах вэ?

– Мэдээллийг хаанаас, яаж авах, юунд ашиглах зэргийг заадаг.

-Танай байгууллагын мэдээлэл ямар нэгэн хязгаартай юу?

-Хязгаартай. Статистикийн хуульд заасан мэдээллүүдийг гаргана. Товчхондоо төрийн байгууллагын бүртгэсэн мэдээллийг олон нийтэд хүр-гэнэ. Үүгээрээ бусад мэдээллийн байгууллагаас ялгаатай. Статистикийн мэдээг өндөр хөгжилтэй орнуудад төр нь хариуцлага хүлээх учраас хамгийн найдвартай эх сурвалжид тооцдог.

-Танай гаргасан дундаж цалингийн хэмжээ байнга маргаан дагуулдаг. Ялангуяа цалин өссөн гэх нь олон хүний цухлыг хүргэдэг.

-Бидний зарласан дундаж цалин 800 мянга гэж тооцъё. Гэтэл олон иргэдийн цалин 300-400 мянга байдаг. Тэр хэмжээний цалин авч байгаа иргэд “Яагаад бидний цалин 400 мянга байхад, дундаж цалин 800 мянга байдаг юм бэ” гээд итгэдэггүй. Тэр тусмаа өнгөрсөн оноос хойш цалингийн дундаж 90 шахам мянган төгрөгөөр нэмэгдсэн гэхээр бүр ч итгэхгүй.

-Цалин нэмсэн тухай ямар ч мэдээлэл байхгүй шүү дээ.

-Хүмүүс мэдээллийг өөрсөд дээрээ хүлээж авдаг. Биднийг эрх баригчдыг сайхан харагдуулах гэж хуурамчаар өсгөж байна гэж шүүмжилдэг.

-Нууц биш бол дундаж цалингийн хэмжээг тооцдог аргачлалаа тайлбарлаж болно биз дээ?

– Нуух зүйл юу ч байхгүй. Бид цалингийн хэмжээг нийгмийн даатгалын байгууллагаас авдаг. Цалингийн шимтгэл төлсөн хэмжээ худлаа байна гэж байхгүй биз дээ. Хэн ч 500 мянган төгрөгийн цалин авчихаад 600 мянган төгрөгийн шимтгэл төлөхгүй. Энэ утгаараа авсан цалингийн хэмжээ баталгаатай гэсэн үг. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 37 мянган аж ахуйн нэгжийн ажилтан, ажилчид татвар төлсөн байна. 400 мянган иргэний цалингийн сангаас авсан мэдээллийг бид хүргэсэн. Хамгийн өндөр цалинтай салбар уул уурхай. Тэдний дундаж цалин 2.5 сая

шахам төгрөг. Хамгийн бага нь урлаг, тоглоом наадмын салбарын дундаж цалин 600 шахам мянган төгрөг. Дундаж цалин гэдэг нь хамгийн их цалин дээр хамгийн бага цалинг нэмээд хоёр хуваасныг хэлж байгаа юм.

-Өсөлтийн хувьд?

-Энэ жил уул уурхайн салбарын цалин нэмэгдсэн. Тэр тухайгаа тухайн байгууллага зарлах албагүй. Тэгэхээр дээд цалин нэмэгдэхээр дундаж цалин өссөн тооцоо гарна.

-Уул уурхайн цалин яагаад нэмэгдэв?

-Энэ тусдаа асуудал. Гэхдээ уул уурхайн баялгийн үнэ нэмэгдэх, гаднаас ажиллах хүчин бага орж ирэх, эсвэл өндөр мэргэжлийн ажилчдыг татах өрсөлдөөн гэх мэтийн олон шалтгаан байж болно. Ямар ч байсан цалин нэмэгдсэн гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэлээр батлагдаж байгаа юм.

-Энэ тооцоо олон улсын аргачлал мөн үү?

-Олон улсад дундаж ба голч цалин гэж хоёр янзаар гаргадаг. Дундаж гэдэг нь дээр тайлбарласан. Голч гэдэг бүх цалингаа эгнүүлээд 50 дахь хувь дээр хэдэн төгрөг авч байгааг тооцдог.

-Хэр их зөрүү гарах вэ?

-Өндөр зөрүү гарна. Энэ аргаар тооцвол голч дундаж цалин 600, дундаж цалин 900 мянган төгрөг болох жишээтэй. Одоо бид цалингийн дундаж ба голч хэмжээг зарладаг болно.

-Энэ хоёр тооноос статистикийн хувьд юу харж болох вэ?

-Зөрүү их байх тусам орлогын ялгаа ихэсч байгаа нь харагдана. Иргэдийн орлогын ялгаа нэмэгдэх нь баялгийн хуваарилалт шударга бус явагдаж байна гэсэн. Зөрүү бага байх тусам баялгийн хуваарилалт тэгш явагдаж байгаа нь харагдана.

-УИХ гэнэт ямаанд, хүүхдэд мөнгө өглөө, болилоо гэсэн шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргахдаа танайхаас тоо, судалгаа, санал зөвлөмж авдаг уу?

– Зарчмын хувьд Үндэсний статистикийн хороо УИХ-ын шийдвэрт нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Бид бодит байдлыг тоогоор л гаргаж өгнө. Тэр тооноос аль салбарт, ямар асуудал үүсээд тулгамдаад байгааг харж болно. Мөн гаргасан шийдвэр ямар үр дүнд хүрч, ямар нөлөө үзүүлснийг харж болно. Яг бидний гаргасан тоог УИХ ашигласан уу, шийдвэр гаргахдаа тооцсон уу гэдгийг бид мэдэхгүй.

-Хуулинд УИХ заавал ашиглах тухай ямар нэгэн заалт байхгүй юу?

-Байхгүй. Хуулинд статистикийн мэдээллийг буруугаар ашиглах, тайлбарлах, олон нийтийн дунд төөрөгдөл бий болговол тодорхой хариуцлага хүлээх заалт бий.

-Буруугаар ашигласан тохиолдол бий юу?

-УИХ-ын гишүүн хүртэл буруугаар ашиглаж улс төр хийсэн тохиолдол гарсан.

-Хариуцлага тооцсон уу?

-Янз бүрийн асуудал үүсдэг ч хариуцлага тооцсон тохиолдол байхгүй. Тэр хариуцлага бараг бэлгэдлийн чанартай юм.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

​Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ

Нийтийн тээврийн зурган илэрцүүд

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 31-ний 23:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.

Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:

– Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох

– Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох

– Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр тус төлөвлөлт хийгээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Жаран тэрбумын хэрэг нэг нь дуудаж асуугаад, нөгөө нь “хууль гаргахгүй бол болохгүй” гэж хэлээд өнгөрөх асуудал ч биш дээ” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Нэгдүгээр нүүрнээс “Улсын их дэлгүүр, “S Outlet”, хорооллын дэлгүүрүүд улирлын хямдрал зарлаж эхэллээ” өдрийн сурвалжлага болон, “Төр хувийн хэвшлээ жаахан дэмжчихвэл бидний хөл дор доллар хаа сайгүй л хөглөрч байна” эдийн засгийн тоймын эхлэлийг унших боломжтой.

Харин улстөрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр, “Би хуулийн байгууллагад гомдол гаргахаар нэлээд материал бүрдүүлсэн” хэмээн ярижээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрт сэтгүүлч Л.Мөнхтөрийн Жаран тэрбумын хэрэг нэг нь дуудаж асуугаад, нөгөө нь “хууль гаргахгүй бол болохгүй” гэж хэлээд өнгөрөх асуудал ч биш дээ” нийтлэл хэвлэгдсэн юм.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд: Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандахтай хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Ц.Мандах: “Эдийн засгийн хямрал нүүрлэхэд гэмт хэрэг эрс нэмэгддэг” хэмээн ярьсан байна.

Дэвжээ нүүрэнд өнөө жилийн наадмаар начин цолны болзол хангасан Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Бат-Эрдэнэ “Уран барилдаант харцага Ө.Даваабаатарыг давж улсын цолны босго алхсандаа баяртай байна” гэж ярьсан юм.

Мягмар гаригийн уламжлалт танин мэдэхүйн нүүрэнд “Помпейн сүүлчийн шөнө буюу Везуви галт уул”-ын тухай сонирхолтой нийтлэл хэвлэгдсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ