Categories
мэдээ улс-төр

Б.Ганзориг: Цүнх баригчид төрийн ажлыг хийдэг болж, бусдынхаа үгийг сонсохоо больсон. Энэ бүхэнд цэг тавих цаг нь болжээ

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Б.Ганзоригтой ярилцлаа.


-МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дотроо бужигнаад эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй учраас ялагдал хүлээлгэсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцох нь зөв гэж байх шиг байна. Суулт хөдөлгөөн ил далд идэвхжээд эхэллээ?

-Намын үндсэн дүрмийн дагуу орон нутаг, УИХ, Ерөнхийлөгч зэрэг сонгуульд ялагдал хүлээсэн тухайн намын удирдлага огцорч хариуцлага хүлээх заалттай. Тэгэхээр дүрмийн дагуу намын гишүүд үзэл бодлоо илэрхийлж байгаа болов уу. Манай Баянзүрх дүүргийн хувьд мөн адил асуудал тавьж байгаа. Далд хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм алга. Бүгд л ил тод явуулж байна.

-2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд танай нам Мэргэжлийн Засгийн газар байгуулах зэрэг олон амлалтыг өгч байж гарч ирсэн. Засгийн эрх авсныхаа дараа бүгдийг эсрэгээр хийгээд эхэлсэн. Тэр нь ард түмэнд таалагдсангүй. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгээ тавиуллаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Улстөрч хүнийг байнга сольж байх хэрэгтэй. Мөн улс төрийн намыг ч гэсэн зөв бодлоготой зөв төлөвшилтэй болгохын тулд сайтар ташуур өгч байнга сануулж байх ёстой. 2012-2016 онд манай нам сөрөг хүчин байсан. Сөрөг хүчин байхын зовлонг намын анхан шатны байгууллагын жирийн гишүүд энэ намын төлөө явдаг бүх л хүн амссан, мэдэрсэн. 2012-2016 оны дөрвөн жилд МАН-ын байрнаас дөлдөг зугтдаг хүмүүс олон байсан шүү дээ. 2016 оны УИХ-ын сонгуульд ялж засгийн эрх авахын тулд МАН амьдралаас ургасан асуудалд ойр, зөв бодлого гаргаж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн гэж боддог. Сонгуульд ялахын тулд манай намын анхан шатны байгууллагаас аваад идэвхтэн сонгуультан бүгд л зүтгэсэн дээ. Тэгээд ялсан. Харин мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, ярьж хэлж байсан зүйлүүдээ засаг байгуулахаасаа эхлээд өөр зүйл хийгээд явчихсан болохоор энэ ард түмэн чинь тэнэг биш харж л байгаа. Засаг төрийн явуулж байгаа бодлого шийдвэр болгон шууд ард түмний нуруун дээр ирж байгаа болохоор хүмүүс таатай хүлээж авахгүй нь мэдээж. Ер нь тэгээд ч ялсан намын зовлон МАН-д ирсэн. Ард түмний энэ их итгэлийг ухаантай хөтлөөд даван туулах ажил хийсэнгүй. Дарга харж, даргыг дагаж ажил хийдэг. Цүнх баригчид төрийн ажлыг хийдэг болж, намын гишүүдийнхээ үгийг сонсохоо байсан. Намын анхан шатны байгууллагынхаа гишүүдийн үгийг тоохоо байж тэднийг зөвхөн санал авах сонгуулийн сурталчилгаандаа ашиглах зэргийг хийж ирлээ. Энэ бүхэнд одоо цэг тавих цаг болсон. Зүүн төвийн үзэлтэй манай нам хүн рүү чиглэсэн бодлоготой нам гэж ойлгодог, гэтэл хүнээ гишүүдээ мартаад байна шүү дээ. Бидэнд шинэ удирдлага, шинэ арга зүй, шинэ бодлого, шинэ мэдрэмж хэрэгтэй байна. Яг үнэндээ 2012-2016 оны засаг барьсан АН-ын алдааг бид давтаж байгааг олон түмэн байнга хэлж байгаа ярьж байгаа. Гэтэл яагаад манайхан үүнийгээ ухаараад нэг ч алхам хийхгүй байгаа нь сонин байна.

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МАН-ЫН ХОРОО Э.БАТ-АМАМГАЛАН ГЭЖ
ХҮНИЙ ХУВИЙН КОМПАНИ БИШ-

-Баянзүрх дүүрэг дээр ямар асуудал үүссэн юм бэ. Яагаад гэнэт гишүүд дэмжигчдийн холбоо нь идэвхжээд шаардлага болоод явчихав?

-Гэнэт гарч ирж байгаа зүйл бол огт биш аль 2012 оны орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн МАН ялагдал хүлээсэн цагаас эхтэй зүйл. 2012 оноос өмнө Баянзүрх дүүрэг хэзээ ч орон нутаг болон УИХ, Ерөнхийлөгчийн гэх мэт томоохон сонгуульд ялагдал хүлээж байгаагүй. Манай дүүрэг бол монгол улсын хэмжээнд бодлогын том дүүрэг шүү дээ. Улсын хүн амын арван хувь оршин суудаг гээд боддоо. Ийм том дүүрэг дээр дүүргийн намын хороо дандаа бодлогын алдаа гаргаж ирсэн. Намын анхан шатны байгууллага буюу үүрийн гишүүдийнхээ үгийг сонсохоо байсан. Хугацаат тайлан хурлаа хийдэггүй хийсэн ч мэдээллээ хүргэдэггүй. Анхан шатны байгууллагуудынхаа гишүүдээсээ санал авдаггүй. Дарга нарын бодлого гээд шууд тулгадаг дотоод сонгуулийн чөлөөт ардчилал байхгүй болсон байна. Сонгуульд нэр дэвших хүн нь өөрийн хүн биш бол намын хороонд мөнгө өгөөгүй бол унагаахын тулд элдэв нэр хоч өгнө, гүтгэж доромжилно, худал цуу үг тараана. Ах дүү хамаатан садангаараа намын хороонд ажиллаж байна. Хурлаа хий тайлангаа тавь гэж намын дүрмийн дагуу шаардлага тавиад орохоор намын хорооны хүмүүс маань уурлаж бухимддаг болж. Баянзүрх дүүргийн МАН-ын хороо ямар Э.Бат-Амгалангийн хувийн компани биш дээ. Одоо зүгээр хурлаа хийгээд өгчих хэрэгтэй. Авсан шигээ өгч чаддаг соёлтой байх хэрэгтэй.

-Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо дүүргийнхээ намын хороонд хугацаат шаардлага хүргүүлсэн байсан. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол та нар цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

-Наймдугаар сарын 05 нд манай холбоонд бичгээр хариу ирүүлэх ёстой. БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа бидний шаардлагыг авсан. Хурлаа хийхгүй бид шинэчлэл хийхгүй ээ гэвэл бид дараагийн шатны тэмцлийн хэлбэрийг сонгоно. Магадгүй Баянзүрх дүүрэг Э.Бат-Амгалан, Баярмөнх нарын хамаатан садан хамсаатнаас бүрдсэн хувийн компани шиг намын хороотой нөгөө талдаа жинхэнэ намын анхан шатны байгууллагуудаасаа бүрдсэн гишүүн төвтэй, гишүүн манлайлалтай намын хороотой ч болж болно ш дээ. Бид намын дүрмээ хэрэгжүүлж ялагдал хүлээсэн бол тайлангаа тавь, хурлаа хий, даргаа соль гэсэн албан ёсны шаардлага тавьсан.

-Аравдугаар сард Баянзүрх дүүрэгт орон нутгийн нөхөн сонгуульд таван хороо зургаан төлөөлөгч дээр явагдаж байж танай намын хорооны асуудал яригдах юм биш үү?

-Бид намын дүрмийн дагуу шаардлага тавьж байгаа. Намын дүрмэнд сонгуульд ялагдал хүлээсэн бол тухайн намын хороон дарга шууд намын даргын ажлаа өгөх заалттай. Гэтэл манай Баянзүрх дүүргийн МАН-ын хороон дарга Э.Бат-амгалан түүний бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 28 хорооны намын анхан шатны байгууллагуудынхаа гишүүдийг хууран мэхэлж байгаа. 2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүрэг дээр ямар ч нөхөн сонгууль болохгүй. Манай дүүргийн зарим хороодын сонгуулийн маргаан гурван шатны шүүхээр яваад улсын дээд шүүх дээр 2017 оны зургадугаар сарын 21-ний өдөр АН-ын талд шийдвэр гараад манайх ялагдсан байгаа. Үүнийг намын анхан шатны байгууллагын гишүүдээсээ нуугаад л яваа хүмүүс дээ. 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд ялагдал хүлээлээ дээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд том ялагдал хүлээлээ. Ийм байхад намын дүрмээ бариад хурлаа хийгээд тайлангаа тавиад жирийн гишүүдэд нь энэ намыг өгөх хэрэгтэй. Энэ хувийн компани шиг бодлого хэрэгжүүлээд явах юм бол Баянзүрхийн МАН хорин онд дахиад л ялагдана. Энд хэн хохирно гээч жирийн гишүүд л хохирдог юм. Хөлд нь зүтгэж ажиллаж ажиллачихаад дөрвөн жил ажилгүй үлддэг хүмүүс шүү дээ. Хорооны хэдэн хэсгийн ахлагчид маань намын гишүүд л хохирдог.

Улс төрийн зорилготой шаардлага жагсаал цуглааны ард ямар нэг улс төрч эсвэл бүлэглэл байж байдаг. Та нарын ард танайхаас сонгогдсон гишүүд ч юм уу эсвэл генсекээ огцор гээд байгаа М.Ганбаатар нар ч юм уу. Эзэд байгаа юу?

-Надад болон манай намын гишүүдэд хэн нэгний гар хөл болох ямар ч шаардлага байхгүй. Миний ард намын анхан шатны гишүүд дэмжигчид л байна ш дээ. УИХ-ын гишүүн ч байхгүй, тэр М.Ганбаатар ч байхгүй. Намын эгэл жирийн гишүүд байна. Би захиалгаар улс төр хийхгүй ээ. Надад бас үзэл бодол үнэ цэнэ гэж байна. Намын байгууллагыг төрд очих гүүр гишгүүр болгосон ашиг хонжоо олох газар гэж харж байгаа хүмүүсээс намаа цэвэрлэх нь зөв гэж боддог. МАН-ын мянга мянган жирийн гишүүд дэмжигчдийн нэг бол би юм. Надтай адилхан бодолтой хүмүүс манай намд олон бий шүү.

-Шинэчлэлийн асуудал шаардлагаас чинь болж Баянзүрх дүүргийн намынхан хороондоо зодолдсон гэж байсан. Та нар намын байрандаа очиж зодоон үүсгэсэн юм уу?

-Ямар ч зодоон болоогүй. Гишүүд дэмжигчдийн холбооны хурал Амгалангийн Жанжин клубт болсон. Энэ үеэр хурал эхлэхийн өмнө Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны ажлын аппаратын нөхдүүд маань хэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга нартайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж намын гишүүдийн хуралд суухгүй байх. Зарим гишүүдэд нь хурал цуцлагдсан, хурал хойшилсон гэх мэтээр зар тарааж аль болох хурал хийлгэхгүй байх гэж ирсэн л дээ. Тэгсэн ч тэд амжилт олоогүй.

Д.ДОРЛИГЖАВ

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх сургалт, хэлэлцүүлэг Хэнтий аймгийн төвд эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулсан тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Энэ талаар УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан билээ.

Тогтоолын дагуу УИХ-ын Тамгын газраас 7 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт явуулж, хэлэлцүүлэг хийж эхлээд байна.

Өчигдөр (2017.07.31) эхний баг болох /цаашид “төсөл хэлэлцүүлэгч” гэх/ Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эхний сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн төв Баянхонгорт зохион байгуулсан юм.

Ингээд хоёр дахь баг болох УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүгээр ахлуулсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2017.08.01) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулж байна.

Энэ үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулж байгаа юм. Өглөөний 09.00 цагаас үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилсэн сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд хамрагдлаа. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Өглөө эхэлсэн сургалтыг нээж Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Тулгуур Үндсэн хуулиа батлаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд дордуулсан гэж яригддаг долоон өөрчлөлтийг эс тооцвол өөрчлөлт оруулаагүй. Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт иргэдээ олноор оролцуулахыг зорьж байна. Энд саналаа өгсөн иргэдийн тоо бусад аймгуудаас илүү байгаасай гэж хүсч байна” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэлсэн юм. Тэрбээр “Нийгэм, эдийн засгийн том өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулиндаа тодорхой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тогтолцооны хувьд өөрчлөлт хийх шаардлага бий. Эцэг хуульд өөрчлөлт оруулаагүйгээс болоод УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргах бололцоо алга. Жишээлбэл, хэт улстөржилт, төрийн албаны тогтворгүй байдал, Ерөнхийлөгч, УИХ-ын давхацсан эрх үүрэг гээд олон тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд ард иргэдийн саналыг авах нь чухал” хэмээн онцолсон юм.

Дараа нь Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх П.Амаржаргал хариуллаа.

Асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явууллаа.

Ийнхүү сургалт өндөрлөлөө. Үдээс хойш 13.00 цагт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн дунд хэлэлцүүлэг явагдана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

​ Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2017.08.01/ боллоо.

Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо.

Хурлаар “Ногоон зээл”-ийн сан, өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны ачаалал бууруулах чиглэлээр хийж буй ажлын хэрэгжилт, явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.

2017 оны эхний хагас жилийн байдлаар гэр хорооллын 114,512 хэрэглэгчдэд 3,363 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлж, нийт 6363 өрхийг шинээр цахилгаан эрчим хүчээр хангаад байна гэж Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох танилцууллаа.

2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 43 хувьтай байна.

“Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний дөрвөн салбарт ажиллуулахад бэлэн болжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлын үеэр дараах чиглэлээр үүрэг өглөө. Үүнд:

– “Ногоон зээл”-ийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд,

– Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамжид холбох чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг Эрчим хүчний яаманд,

– Хорооны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг шуурхайлахыг онцгойлон анхаарч, намрын улиралд багтаан бүрэн биелүүлэхийг холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад үүрэгдлээ.

Мөн тэрээр “Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй. Утаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр утаатай тэмцэнэ гэж байхгүй” гэдгийг хэллээ.

Дашрамд дурдахад, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Ерөнхий сайдын захирамжаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон өргөжсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээр байрт эрэмбэлэгджээ

Холбоотой Зураг

СNN телевизээс гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн талаар Дундад Азийн улс орнуудын мэдээ, мэдээллүүдийн нэгдсэн портал болох www.ca-news.org сайт онцолжээ.

Тус телевиз өөрийн сайтад Монголын талаар: «Тус үндэстний амьдарч буй газрын тэнгэрт нууцлагдмал зүйлс их байна. Тэд бол маш их тэвчээртэй, эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэн. Нүүдэлчин амьдралын дүр төрхийг өдий хүртэл хадгалж, хөөмий тоглох, эсгий гэрт амьдрахыг илүүд үздэг. Гутал, дээл, малгайгаа арьсаар хийдэг. Энэ нь тэдний түүхэн мистик дүр төрхийг улам тодруулдаг. Бүргэдийг одоо хүртэл гэрийн амьтдын адил тэжээдэг» хэмээн бичжээ.

Хүчирхэг 14 үндэстний жагсаалтыг Бразилчууд тэргүүлж, Сингапур, Ямайкийн ард түмэн удаах байруудад, Америкчууд монголчуудын дараа буюу тавдугаар байрт жагсжээ.

Categories
мэдээ спорт

​Олон улсын спортын хүүхдийн VII наадам болно

Олон улсын спортын хүүхдийн VII наадам болно зурган илэрцүүдОлон улсын спортын хүүхдийн VII наадам энэ сарын 12-17-нд гурав дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид байт харваа, бокс, волейбол, жүдо, сагсан бөмбөг, таеквандо, теннис, футзал, хөнгөн атлетик, чөлөөт бөх, ширээний теннис гэсэн спортын 11 төрлөөр оролцох юм.

Уг наадамд оролцогч нийт тамирчид Олон улсын хүүхдийн Найрамдал төвд байрлах бөгөөд 6 хоногийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх ажээ. Олон улсын хүүхдийн спортын 7-р наадам нь хамгийн анх 2009 онд Улаанбаатар хотноо зохиогдож спортын 5 төрөлд 300 гаруй тамирчид оролцсон тоо байдаг. Жилээс жилд спортын төрөл, тамирчдын тоо болоод чансаа нь нэмэгдсээр байгаа бөгөөд өмнө нь Улаанбаатар, Улаан-Удэ, Хөх хотуудад тус бүр 2 удаа зохион байгуулагдаж байжээ.
Энэхүү наадмын гол зорилго нь Олимпын наадамд багтдаг спортын төрлүүдийг хөгжүүлэх, оролцох залуу тамирчдыг сонгон шалгаруулах түүнчлэн хүүхэд залуусыг спортоор хичээллэх хүсэл тэмүүллийг бий болгож, эрүүл ирээдүйг бүтээх юм. Энэ жилийн наадамд оролцох тамирчдын тоо өмнөх жилээсээ даруй 3 дахин нэмэгдсэнээрээ онцлог болж байгаа юм. Түүнчлэн наадмаас гадна насны хязгааргүй “Өртөөт Марафон” 8 дугаар сарын 13-нд зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зүүн хүрээ Дашчойлин хийдэд “Жахар цам” харайх ёслол болов

Зүүн хүрээ Дашчойлин хийдэд зуны адаг сарын шинийн 9 буюу өнөөдөр уламжлалт “Жахар цам” харайх болон сор залах шашны зан үйл боллоо.

Сүсэгтэн олон энэхүү билэгт сайн өдөр хүрэлцэн ирж, энэ болон хойд насаа даатган, муу үйл болгоныг тэвчин сайн сайхан бүхнийг даатган, нүглийг тэвчиж буяныг цаглашгүй ихээр хураах учиртай гэнэ.

Тус хийд 2003 онд “Хүрээ цам” ёслолыг анх санаачлан зохион байгуулсан бөгөөд өдгөө 15 дахь удаагаа цам гаргаж байна. Цам бүжиг хэрхэн дэлгэрсэн тухай цамын сурвалж бичигт дурдахдаа “Цаст Төвдийн орноо бурхны шашинг дэлгэрүүлэхээр анхны сүм дуган барихаар бэлдэх үед хар зүгийн лус савдгууд харшлан тотгорлож саад болсонд Энэтхэгийн их багш ловон Бадамжуннай нууц тарнийн ёсонд тулгуурлан, цам бүжгийг дэглэн гаргаж, улмаар цам бүжиглэх зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, Төвдөд бурхны шашин эрдэнийг дэлгэрүүлэхийн эхийг тавьсан” тухай тэмдэглэсэн байдаг.

Жахар цам нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл тул цам бүжиг хийх лам нар олон хоногийн өмнө Их аюулгагч Жигжэд бурхны үүднээс бясалгал дияан нянба дүва хийж, номын хүчээ лавшруулдаг уламжлалтай. Ийнхүү номын бүтээл хийсэн лам хуврагууд цам гарахаас дөрвөн өдрийн өмнөөс уг зан үйлд хэрэглэгдэх балин тахил, баг өмсгөл тэргүүтнээ адислан жанлав оршоох “Адислага” хэмээх хурал хурдаг ажээ.

Түүний дараах гурван өдөр жахар хэмээх эрлэг номун хаан Чойжил бурхны оршин залардаг хот мандал болон аливаа муу бүхний үндсийг тасдагч сорын балинг дүвлэн бүтээх жахар цамын хурал хурах ба өдөр бүр дотор цам гардаг.

Сүүлийн гурав дахь өдөр сая гадар цам гардаг байна.

Цамын эцэст аливаа муу бүхний үндэс болсон муу сэтгэлийг таслан дарахын бэлгэдэлтэй сорын балинг галд өргөснөөр жахар буюу хүрээ цамын зан үйл өндөрлөдөг.

Цамын зан үйлийг гүйцэлдүүлсэнээр орон нутагт ган зуд, гай гамшигийн хөнөөл амирлаж, хүрэлцэн ирсэн сүсэгтэн олныг зовлон зүдгүүрээс гэтэлгэж, амар амгаланг цогцлоох зорилготой юм гэж “Зүүн хүрээ” дээд сургуулийн багш, доктор Г.Мягмарсүрэн тайлбарласан юм.

Энэ жилийн “Жахар цам“-д сүсэгтэн олноор цугларсан бөгөөд Төвдөөс залуу лам нар хүрэлцэн ирсэн байлаа.

Б.ӨЛЗИЙБАЯР, С.НАРАНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

​Ургацын 40 хувийг алдах төлөвтэй

Ургацын далай зурган илэрцүүдЕрөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа.

Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, зуд болох зэрэг эрсдэл үүсэх төлөвтэй байгаа тул асуудал үүссэн хойно бус, үүсэхээс өмнө урьдчилан харж, төлөвлөж ажлаа хийх хэрэгтэй гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн танилцуулснаар нийт нутгийн 60 хувь гандуу, 24 хувь нь гантай байгаа бөгөөд ургацын 40 хувийг алдах төлөв үүсчээ. Ургац, хадлан бэлтгэх, мал өвөлжүүлэх, мах бэлтгэх, экспортлох чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулиар өмнөх хүн, нам нь солигдсон ч хүнс, хөдөө аж ахуйн бодлого үргэлжилж байх ёстой. Монгол хүн, монгол мал солигдохгүй” гээд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа “Шинэ сум” төсөл, ХАА-н бирж зэрэг ажлуудыг санаачлан хийж байсныг онцоллоо. Мөн Чингис бондын мөнгөнөөс мах, ногооны зоорь, хүлэмжийн аж ахуй зэрэгт зарцуулж байсан. Ингэж тариаланчдыг дэмжих ёстой. Газар тариаланг байгаль, цаг уурын нөхцөлөөс үл шалтгаалан усжуулах бүрэн боломжтой. Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстой санууллаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

​В,С вирусын эхний сарын эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ гэв

Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи веритас” эмчилгээ оношилгооны төв элэгний С вирус тоолох, В,С вирусын эхний сарын эмчилгээг үнэ төлбөргүй хийх болсноо дуулгаж, хэвлэлийн бага хурал хийв.

“Одоогийн байдлаар Монгол Улсад элэгний С вирусыг эмчлэх таван эм зарагдаж байна. Жишээ нь Хипсинат гэдэг эмийг даатгалаар 210 мянган төгрөгөөр хямдруулаад, 140 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Харин манай төвд ирснээр эхний сарын эмийг үнэ төлбөргүй авах юм. Элэгний С вирус 3-6 сарын хугацаанд устах боломжтой. В вирусын хувьд бүрэн эмчилдэг эм одоогоор дэлхий дахинд гарч ирээгүй. Тиймээс Тинофовер гэдэг эмийг бүх насаараа уух заалттай байдаг. Энэ эм нь 40 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд даатгалаас хямдруулаад 6000 төгрөгөөр худалддаг. Харин манай төвөөс эхний сарын эмийг үнэ төлбөргүй авах боломжтой” хэмээн “Хаппи Веритас” эмнэлэгийн зөвлөх, гавъят эмч Н.Чойжамц хэллээ.
Үнэгүй эмчилгээ оношилгоонд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн бүртгэл энэ сарын 1-ээс 15-ны өдрүүдэд тус төв дээр явагдах бөгөөд насны хязгаар заагаагүй гэнэ.

Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ж.Цэсэнг томилжээ

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Цэсэнг томилжээ.

Ж.Цэсэн нь УБИС-ийг сэтгүүлч, орчуулагч мэргэжлээр төгссөн. “Мянганы зууч” сонинд сэтгүүлч, редактор, орлогч эрхлэгч, “Ардчилал” сонинд Эрэн сурвалжлах албаны дарга, тоймч, ЗТБХБЯ-д сайдын хэвлэлийн төлөөлөгч

Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

​Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар дуу цахилгаантай, усархаг бороотой

дуу цахилгаантай, усархаг бороотой зурган илэрцүүд

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулав.

3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарах юм байна.