Categories
мэдээ нийгэм

Цахим бүртгэлд 15725 хүүхэд бүртгүүлжээ

Image result for ЦэцэрлэгНийслэлийн хэмжээнд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл долдугаар сарын 24-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд 15725 хүүхэд бүртгүүлжээ. Энэ жил улсын хэмжээнд шинээр цэцэрлэгт хамрагдах буюу 2 настай хүүхэд 34000 гаруй байгаа. Нийт цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 12000 гаруй хүүхдийг сугалаагаар шинээр элсүүлэх боломжтой гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд 2 настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулах аж.

Цахим бүртгэлээр зөвхөн хоёр настай хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим хэлбэрээр хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас цэцэрлэгүүдэд цахим бүртгэл хийж өгөх туслах арга зүйч эцэг, эхчүүдэд туслаж ажиллах юм. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгүүлэхийн тулд иргэд 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд http://www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

Энэ нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирнэ. Харин өмнө нь цэцэрлэг хамрагдсан 3-5 насны хүүхдүүд болон зорилтот бүлгийн хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ наймдугаар сарын 21-нд бүртгэлээ хийлгэнэ.

•2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 08 дугаар сарын 24 -ний өдрийн хооронд зохион байгуулна.

•Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулна.

•Тухайн цэцэрлэг онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлж болох бөгөөд бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 223 цэцэрлэгийн 346 бүлэгт 11549 хүүхдийг шинээр элсүүлэн сургах юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн IQ-г гурваас дөрвөн оноогоор дээшлүүлдэг

Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжицгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллох нь буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж, хүүхдийн дундах өвчлөл ихэсч байна.

Ингэж буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүйд хүрч цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаатай холбоотой хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачид дүгнэжээ.

Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсан. Уг хуулийг олон улсын жишигт нийцүүлэх замаар шинэчлэн найруулж, 2017 оны тавдугаар сард “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль” болгон баталсан юм. Уг хууль эхийн сүүгээр хооллохыг дэмжих том алхам болсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй. Хуулиар эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан байна.

Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд оюуны итгэлцүүр (IQ)-ийг 3-4 оноогоор дээшлүүлдэг.

Эхийн сүүгээр хооллох нь улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөтэй. Эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн өвчлөл багасч, улмаар тухайн улсын эрүүл мэндийн зардлыг бууруулах ач холбогдолтой.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогч нар, цаашлаад бодлого тодорхойлогчид зэрэг олон хүмүүс эхийн сүүгээр хооллохыг хөхүүлэн дэмждэг, урам зориг өгөх учиртай.

Categories
мэдээ цаг-үе

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Улсын Их Хурлын хаврын чуулганаар баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн хуулиуд хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийн шинэтгэлийн гол ач холбогдол чухам юу байна вэ?

-Эрүүгийн хуулийн үг үсэг бүрийн цаана хүний амьдрал, хувь заяа бий. Зөрчлийн хуулийн тухайд ч ялгаагүй. Тиймээс амьдралд нийцэхгүй байсан, цаг үетэйгээ таарахгүй, хүний эрхийг хангах, хамгаалах тал дээр учир дутагдалтай, алдаатай байсан зүйлсийг засахын тулд энэ бүх шинэтгэлийг хийх нь зайлшгүй байсан. Бид шударга ёсыг хангах, хүний эрхийг хамгаалах тухай дээр дооргүй л ярьдаг. Тэгвэл тэр шударга ёсыг хангах нөхцөл, хүний эрхийг хамгаалах боломж хуулиар л дамжиж хэрэгжинэ. Хуулийн илд буруутанд ирээрээ гэсгээл үзүүлж, харин хууль зөрчөөгүй эгэл нэгэнд ишээрээ тулах тулгуур болох ёстой. Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт хууль заавал хэрэгждэг, хүн бүрт эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг зарчмыг баримтлахаар тодорхой тусгасан. Хууль заавал хэрэгждэг байна гэдэг чинь иргэдийн төрдөө итгэх итгэлийг нэмж байгаа хэрэг. Хэрэгжихдээ эрх тэгш, алагчлалгүй үйлчилнэ гэдэг чинь шударга ёс амьд оршихуйн үндэс. Тэгэхээр Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо, баримтлах чиглэлээ хоосон тунхаг биш бодит ажил болгохын тулд л эрх зүйн шинэтгэлийг, тэр дундаа Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэж үзсэн. Энэ зорилгодоо ч хүрлээ. Хүний эрх, эд хөрөнгийг хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх хүрээнд Эрүү болон Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг цогцоор нь шинэчилж УИХ-аас батлан гаргалаа.

Та зарим нэг тодорхой жишээ хэлээч. Тухайлбал Эрүүгийн хуульд ямар зарчмын өөрчлөлтүүд орсон бэ?

-Эрүүгийн хууль эрэмбэ, цар хүрээгээрээ Үндсэн хуулийн дараа ордог, Иргэний хуультай эн зэрэгцэх хэмжээний том хууль. Эрүүгийн хуулиар хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хүлээлгэх ял зэмлэлийг тодорхойлно гээд тодорхой заачихсан. Гэтэл энэ зорилтыг хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг тодорхойлох, нөхөн төлүүлэх явдал орхигдоод байгааг анзаарсан. Амьдрал дээр гэмт хэргийн хохирогч болсон иргэд гэмт хэрэгтэнд ял зэмлэл хүртээх гэхээсээ илүүтэй нэн түрүүнд өөрт учирсан хохирлоо бодитой тогтоолгох, нөхөн төлүүлэхийг л хүсдэг. Буруутай этгээд ч яахав ял шийтгэлээ аваад шорондоо явчихна. Харин хохирогч хохирлоо бүрэн нөхөн төлүүлж чадаагүйн улмаас давхар хохирдог, сэтгэл дундуур үлддэг. Өөрөөр хэлбэл хохирол гэдэгт гарсан бүх зардал, эд хөрөнгөд хийгдсэн хохирлын үнэлгээнд туссан дүнг тооцон хохирогчийн эрхийг нөхөн сэргээх ёстой.Гэтэл ингэж чаддаггүй байсан.Үүнээс болж гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдсэн ч хохирогчид гомдолтой үлдэх явдал түгээмэл байсан. Энэ асуудлыг бид засч чадсан. Шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хуулиар хохирол болон түүнээс үүдэн бий болсон хор уршигийг хамтад нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохоор болсон. Ганцхан жишээ хэлье. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд урьд нь зөвхөн баримтаар нотлогдсон эмчилгээний зардлыг хохиролд тооцдог байсан. Харин одоо бол тэр зардлаас гадна тухайн хохирогчийн ажил хөдөлмөр хийж олох байсан цалин, орлого, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигийг хохиролд нэмж тооцно гэсэн үг. Учирсан хохирлыг бүрэн зөв тогтоож, бүтэн төлүүлдэг байх нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцнэ. Мөн яллагдагч, шүүгдэгч, гэм буруутай этгээд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо хэрхэн яаж барагдуулж байгаатай ял шийтгэлийн бодлогыг уяж өгсөн. Үүнийг дагаад “Би хохирол төлж чадахгүй, зүгээр л ялаа эдэлчихье…” гэдэг хохирогчийг тавлаж байгаа мэт бусармаг байдал арилна. Нэг ёсондоо бид үүгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх эрх зүйн хөшүүргийг бий болгож чадлаа.

Хохирлыг дан ганц мөнгөн дүнгээр тооцож хэмжих нь хэр оновчтой байдаг юм бол. Амьдралд мөнгөөр хэмжигдэхгүй зүйлс бишгүй л олон байдаг шүү дээ.

-Яг үнэн. Өмнө нь хохирлын хэмжээг тооцоход мөнгөн дүнгийн хэмжээнээс хамаарч их, бага болохыг нь тодорхойлдог байсан. Гэтэл үнийн дүнгээрээ бага мэт боловч хохирогчийн хувьд амьдралаа залгуулдаг гол хэрэгсэл нь байсан эд зүйл, хөрөнгөөрөө хохирсон бол яах вэ гэсэн асуудал амьдрал дээр урган гардаг. Үүнээс болж амьжиргааны эх үүсвэргүй болж хохирсон тохиолдол ч бишгүй. Тиймээс хохирлын их, багыг тогтоохдоо үнийн дүнгээс гадна тухайн хохирогчийн хувьд ямар ач холбогдолтой, үнэ цэнэтэй вэ гэдэг талаас нь хандах ёстой гэж үзсэн. Энэ үндсэн дээр “ноцтой хохирол” учруулсан гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учруулсан байхыг ойлгож зүйлчлэлд хүндрүүлж авч үзэхээр болсон.

-Эрүүгийн хуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг биелүүлэх хүрээнд албадлагын болон эрх хязгаарлах арга хэмжээг цоо шинээр тодорхойлж өгсөн гэж байсан. Энэ талаар илүү тодруулж өгөөч…

-Бид ардчилсан нийгмийг байгуулах гэж байгаа бол аль болох шоронжуулах бодлогоос татгалзах ёстой. Гэмт этгээдийг хөнгөн гэмт хэрэг хийсэн байлаа ч шууд нийгмээс тусгаарлаад хорьж шийтгээд байх нь архаг гэмт хэрэгтэн бэлтгэх дамжаанд суулгаж байгаатай л адил хэрэг болно. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, засарч хүмүүжих тэр боломж бололцоог олгох ёстой. Энэ үүднээс шүүхээс гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг авахаар хуульчилсан. Мөн тухайн этгээдийн галт зэвсэг өмчлөх, эзэмших, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох зэрэг эрх хязгаарлах, сэтгэл заслын болон донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх албадлагын арга хэмжээг авахаар хуульд тусгайлан заасан юм. Үүнээс гадна хохирогчийн эрхийг хамгаалах, дахин гэмт хэргийн хохирогч болохоос нь урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн тухайн этгээд тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарласан эрх хязгаарлах арга хэмжээг шүүхээс авах хууль зүйн орчныг бүрдүүлээд байна. Ингэснээр шүүхийн шийдвэрийн хүмүүжлийн ач холбогдол нэмэгдэж, уян хатан, амьдралд илүү ойр болж байна. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэгт нь тохирсон шийтгэл оноох бололцоог олгож байгаа.

Та 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг 2002 оны хуулиас ч илүү шоронжуулсан хууль болсон гээд шүүмжлээд байсан. Шинэ батлагдсан хууль маань тэр алдааг засч чадсан уу. Ялын бодлогод яг ямар өөрчлөлт орсон бэ?

-Бидний боловсруулж батлуулсан шинэ Эрүүгийн хууль шоронжуулах бус харин хүмүүнлэг хууль болсон гэдгийг би баттай хэлнэ. Эрүүгийн хуульд ялын бодлогын хувьд бид эрс өөрчлөлт хийсэн. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бүрт сонгон хэрэглэх боломжтой байдлаар ялын төрлүүдийг хуульчилсан. Мөн түүнчлэн хорих ялын доод болон дээд хэмжээний интервалыг 6 сараас 1 жил, 1-5 жил, 2-8 жил, 5-12 жил, 8-15 жил байхаар холдуулсан. Ийм шинэчлэл хийгдсэнээр Эрүүгийн хуулийн ялын бодлого шоронжуулах бус гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн онцлог, оролцоо, хохирол төлсөн байдал зэрэгтэй уялдуулсан тохирох ялыг сонгон хэрэглэх бололцоог шүүхэд бүрэн нээж өгч байгаа юм. Гэмт хэрэг бүр өөр хоорондоо адилгүй. Санаа сэдэл, орчин нөхцөл, шалтгаан үр дагавар, түүнийг үйлдсэн этгээдийн хувийн байдал ондоо. Урьд нь ял шийтгэлийн хэтэрхий хатуу, хайрцагласан заалтаас болж шүүгч нь бараг буруу харж уйлж байгаад хүнд ял өгдөг, шүүгчийн шийдвэр уян хатан бус гав дөнгөтэй байсан үе бий. Үүнээс үүдээд л нөгөө ганц талх хулгайлсан хүүхэд авлигач этгээдтэй адил ял авлаа гэдэг шүүмжлэл өрнөж байв шүү дээ. Ямар ч байсан энэ алдаа хийдлийг шинэ хуулиар заслаа. Харин одоо Эрүүгийн хуулийн ялын бодлого зөв, оновчтой хэрэгжих гол үндэс нь хараат бус, шударга шүүхээс шууд хамаарна гэдгийг шүүгчид маань дор бүрнээ тунгааж, түүнийг мөрдлөг болгож ажиллах ёстой болж байна.

-Өсвөр насны хүнд ял оногдуулах тусгай зохицуулалт Эрүүгийн хуульд дутагдсаар ирсэн. Энэ нь эргээд насанд хүрсэн хүнтэй адилтгаж, цаашид засарч хүмүүжих биш харин ч мэргэшсэн гэмт хэрэгтэн болоход түлхсээр ирсэн л дээ. Энэ хийдэл арилсан уу?

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэндээ өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг цоо шинээр тодорхойлсон. Хүүхэд гэдэг чинь гэнэн цайлган амьтас. Тэд ихэнхдээ насанд хүрсэн хүмүүсийн түлхээс, хатгаасаар, гэнэн томоогүй зангаасаа болж, учирч болох эрсдэлийг бүрэн ойлгож, ухамсарлаагүйгээс гэмт хэрэгт холбогдох нь их. Монголын төр ийм алдаж эндсэн залуу үедээ засарч хүмүүжих, ухамсарлах бололцоог олгох ёстой. Бид энэ л зарчмыг барьсан. Алдсан дээр нь түлхээд, архаг гэмт хэрэгтэнтэй адилтган адлаад байх нь ерөөсөө буруу. Өсвөр насны хүнд оногдуулах ял нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан байх ёстой. Тэдэнд аль болох нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах нь чухал. Мэдээж шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлнэ. Гэхдээ ингэж хорьж хүмүүжүүлэхдээ сургалт-хүмүүжлийн тусгай зориулалт бүхий байгууллагад хорих юм. Уг тусгай зориулалтын байгууллагын нөхцөлийг хуулиар тогтоох бөгөөд гол зорилго нь өсвөр насны хүнд ерөнхий, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалт зохион байгуулж, хүмүүжүүлэхэд чиглэх юм. Түүнчлэн өсвөр насны хүний үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасган оногдуулж эхэлсэн.

-Та хувийн хэвшил, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна гэж их ярьдаг. Гэсэн хэрнээ шинэ Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд ял оногдуулах болсон нь бизнес эрхлэгчдэд, иргэдэд төдийлөн ойлгогдохгүй байна л даа. Хуулийн этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан, татан буулгаад байх мэтээр ойлгогдоод байна?

-Хуулийн этгээдэд ял оногдуулах тухай ойлголт нь Монгол Улсын Эрүүгийн эрх зүйд харьцангуй шинэ ойлголт. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 60 орчим гэмт хэрэгт хуулийн этгээдэд ял оногдуулахаар байсныг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа харин ч бууруулж тусгасан. Гэмт хэрэгт холбогдуулж, хуулийн этгээдийг хавтгайруулан татан буулгах гэж байна гэдэг тун өрөөсгөл. Эрүүгийн хуульд террор үйлдэх, террор үйлдэхэд бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийсэн бол хуулийн этгээдийг татан буулгана гэж заасан. Зөвхөн дээрх хоёр тохиолдолд л тухайн хуулийн этгээдийг шүүх татан буулгах ял оногдуулахаар байгаа. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд ял оногдуулах асуудлыг бүрэн зохицуулж чадаагүй л дээ. Хуулийн этгээд нэгдэх, нийлэх, татан буугдсан, хуваагдсан, гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газартай холбоотой харилцааг тэр чигээр нь орхигдуулсан байсныг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар бүрэн зохицуулалттай болголоо. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г тусгай бүлэг болгон оруулж хуульчилсан. Иймээс хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийг мөрдөн шалгах, ял оногдуулах ажиллагаанд ямар ч хүндрэл

-Эрүүгийн хууль батлагдсанаас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой болон эх орноосоо урвасан гэмт хэргийн ялыг хөнгөрүүлсэн, зарим нэг үйлдлийг бүр үгүй хийсэн гэх шүүмжлэл өрнөсөн. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол огт ор үндэсгүй зүйл. Зүгээр л хийрхсэн улс төржилт. Эрүүл ухаанаар бодоход хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаа, эх орноосоо урвах явдал чинь маш ноцтой гэмт хэрэг биз дээ. Үүнийг гэмт хэрэг биш гэж үзээд, ял шийтгэлийг нь хөнгөрүүлээд суух арилсан дотортой хүн байх уу. Бод доо. Хүн амын эрүүл мэнд, ирээдүйд болон улс орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байдаг маш ноцтой ийм гэмт хэрэгтэй Монголын төр хэзээд маш хатуу тэмцэж ирсэн, цаашдаа ч тийм байна. Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, худалдах болон худалдах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, боловсруулсан, тээвэрлэсэн, илгээсэн, хэрэглэх орон байраар хангасан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завшсан, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан зэрэг хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, худалдаатай холбоотой бүхий л үйлдлийг эрүүлжүүлж хатуу ял шийтгэхээр тодорхойлж өгсөн. Эрүүгийн хууль Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг хамгаалах баталгаа болж үйлчлэх ёстой. Иймээс эх орноосоо урвасан үйлдэлд хатуу чанга ял зэмлэл хүртээх ёстой. Эрүүгийн хуульд эх орноосоо урвах гэмт хэрэгт арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулсан ялыг бууруулаагүй, чанга хэвээр хадгалсан.Эх орноосоо урвах, гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг нь бүх насаараа хорих ялтай.

-Сүүлийн үед насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг дарамталсан, зодож нүдсэн, тарчлаасан гээд сэтгэл сэрдхийлгэсэн янз бүрийн л гэмт хэргүүд гарах боллоо. Ийм гэмт хэрэгтэй яаж тэмцэх вэ?

-Харамсалтай нь гэр бүл, ахуйн орчинд хүүхдийн эрх чөлөөнд халдах, хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн тухай гэмт хэргүүд нэлээд гарах болсон нь үнэн. Энэ талаар Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болон хүүхдийг шийтгэх гэсэн гэмт хэргийн төрлийг шинээр тодорхойлж хуульчилсан. Насанд хүрсэн этгээд хүүхдэд аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол гэмт хэрэгт тооцон хорих ялаар шийтгэхээр заасан. Хэрэв энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүргийг гэрээ, хэлцлээр хүлээсэн хүн үйлдсэн бол хүндрүүлэн үзнэ. Бид ялын бодлогоо ингэж тодорхойлсон. Гэм буруутай этгээдийг хатуу шийтгээд явна.

-Цагаан захтнуудын хэрэг гэгддэг авлига, албан тушаалын хэрэгт ногдуулах ялын бодлого яаж тодорхойлогдсон бэ? Эрх мэдэлдээ дулдуйдан татвар төлөгчдийн мөнгө завшсан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд хүлээлгэх ял шийтгэл чухам яаж чангарав?

-Төрд хүн ажил хийх гэж ирдэг болохоос ашиг олох гэж очиж хэрхэвч таарахгүй. Шинэ Эрүүгийн хуулиар авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг эрс чангатгасан. Илүү нарийвчилж зохицуулсан. Тухайлбал төрийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийг илүү нарийн тодорхойлсон. Мөн гадаадын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шинэчлэн томьёолж гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа. Ганцхан жишээ хэлье. Албан тушаалын гэмт хэрэгт хамаарах, нийтлэг үйлдэгддэг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг гэж бий. Энэ хэргийн тухайд онцолж хэлэхэд төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан, нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг саатуулсан, зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн асуудал хамаарна. Мөн төрийн өмчийн, төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан, улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсан тохиолдолд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хохирол шаардахгүй, үйлдэлээр нь гэмт хэрэгт тооцоод явахаар болсон. Ингэснээр төсвийн сахилга бат сайжирч, төрд хэрэгтэй, хэрэггүй зүйлсийгөндөр үнээр шахдаг, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг этгээдтэй хатуу хариуцлага тооцох боломж бүрдэж байгаа юм. Төрд түмний төлөө зүтгэнэ гэж ирчихээд илүү харж, билүү долоож, төсвийн хөрөнгө, төслийн мөнгөнд гар дүрвэл Эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү гэдгийг төрийн албан хаагч бүр хатуу санаж ажиллах хэрэгтэй.

-Шинэ батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх, аливаа хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль их чухал үүрэгтэй. Энэ хуулийн гол онцлог юу байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд юун түрүүнд шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах асуудал хамгийн чухал. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх учиртай. Түүний тулд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах нь энэ бүхний амин сүнс нь юм. Шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчим бол энэ процессын хуулийн гол ноён нуруу юм. Түүний зэрэгцээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэн гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүйхэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэх учиртай.

-Шүүхийн шатнаас эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаахгүй болсныг янз бүрээр л тайлбарлаж байх шиг байна л даа. Нэг хэсэг нь гэмт хэрэгтэн ял завшихаар боллоо гэх юм. Энэ тал дээр өөрийн тань байр суурь ямар байна вэ?

-Шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэнээс хойш шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүй болсныг би л хувьдаа хүний эрхийг хангах зарчмын том дэвшил болсон гэж үзэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шүүхийн аль ч шатнаас тодорхой үүрэг, чиглэл өгч эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг байсан. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцон ял өгсөн байсан ч Дээд шүүхээс доод шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгон нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эрхтэй байлаа. Шүүх бол зөвхөн шүүн таслах чиг үүргийг хэрэгжүүлэхээр л Үндсэн хуулиар тогтоож өгсөн. Шүүхээс гэм бурууг тогтоож ял өгөх эсхүл цагаатгах шийдвэрийн аль нэг нь л гарах ёстой. Түүнээс биш гэм буруугүй хүнийг гэм буруутай гээд нотло гэж байгаа юм шиг даалгавар өгөх, эсвэл гэм буруутныг гэм буруугүй гээд батлаадах гэсэн шиг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахын аль аль нь зохисгүй. Хуульд заасан үндэслэл, арга замаар цугларсан нотлох баримтад үндэслэн гэм буруутай эсэхийг тогтоох үүрэг л шүүхэд бий. Гэм буруугүйд тооцогдох зарчмын дагуу шүүх бүрэлдэхүүн өөрийн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгдэгчийг тухайн яллаж буй хэргийг үйлдсэн гэсэн урьдчилсан бодолтой шүүх хурлыг эхлүүлж хэрхэвч болохгүй. Гэм бурууг нотлох нь прокурорын үүрэг бөгөөд ямар нэгэн үндэслэл бүхий эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдэх ёстой. Шүүхэд мөрдөн шалгах, мөрдөн байцаах ажиллагаанд тодорхой чиглэл өгөх ямар ч эрх олгогдоогүй гэдгийг байнга санах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үе шаттай байхаар хуульчилж өгсөн. Энэ хэлэлцүүлгийн үеэр л шүүгч өөрийн санаачилгаар болон оролцогчдын хүсэлтээр өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх бололцоо олгосон эсэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаарх санал, хүсэлт байгаа эсэх, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн,хууль бусаар хязгаарласан тухай гомдол зэрэг 17 асуудлыг нягтлан шалгаж хуульд заасан шаардлагыг хангаагүй, хянан шийдвэрлэх хууль зөрчсөн, хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотлоогүй байна гэж үзвэл эрүүгийн хэргийг хэдэн ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж болно. Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой бүхий л асуудлыг нягталж, шийдвэрлэх боломжтой. Харин нэгэнт шүүх гэм бурууг тогтоох хэлэлцүүлэг эхэлсэн бол мөрдөн байцаалтад буцаахгүй байх тийм л хуультай болсон. Ингэснээр аливаа хэргийг түргэн түүхий шалгаж боосон болоод шүүхэд шилжүүлдэг хариуцлагагүй мөрдөн байцаагч, прокурор байхгүй болно. Энэ хэрээр мөрдөн байцаах ажиллагааны чанар ч сайжирна. Гэм буруутай бол шийтгэ. Нотлогдохгүй бол цагаатга гэсэн хоёр л зарчим үйлчилнэ гэсэн үг.

-Хүнийг гэмт хэрэгт холбогдуулж удаан хугацаагаар цагдан хорьдог. Гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд ойлгуулж зарлаж мэдээлчихээд гэнэт хэргийг нь хэрэгсэхгүй болгоод орхичихдог явдал амьдрал дээр цөөнгүй. Энэ гажуудал цэгцрэх болов уу?

-Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн яллагдагчаар татагдсаны дараа шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийнамь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэлбайгаа, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх,прокуророос дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг тохиолдолд авна. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэх талаар шүүх прокурор, яллагдагч түүний өмгөөлөгчийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж талуудыг мэтгэлцэх, нотлох баримт гаргах бололцоогоор ханган үндэслэлтэй гэж үзвэл зөвхөн шүүхийн шийдвэрээр цагдан хорино. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах бөгөөд яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүйгээр хуульчилсан байгаа.

-Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдахдаа багагүй маргаан дагуулсан ч одоо хэрэгжээд явж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш гаргасан хууль бүрийн төгсгөлд “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” нэртэй зүйл тусган төр өөртөө торгож шийтгэх эрх мэдлийг олгоод л байж. Зөрчлийн энэ хууль батлагдах хүртэл 460 орчим хууль, 970 орчим захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар иргэдээ, аж ахуйн нэгжээ, хөрөнгө оруулагчдаа торгох, шийтгэх эрхийг төрд өгч ирсэн.1500 орчим хэм хэмжээ тогтоосон эрхийн актын үйлчлэлд нийгмийн бүхий л харилцаа хамаарч, иргэн бүрийн алхам тутмынх нь үйл ажиллагааг зохицуулж ирсэн. Өөрөөр хэлбэл иргэн таны алхам бүр, үйлдэл бүр эдгээр актын аль нэгээр зохицуулагдаж байсан гэсэн үг л дээ. Тэгэхээр иргэд, аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчийн үйлдэл бүрт хамаарах актыг зөрчсөн бол 240 орчим хуулиар, 240 янзаар тодорхойлогдсон хариуцлагыг хууль сахиулагчийн үзэмжээр хүлээлгэж байж. Бид ийм л том төрийн хана хэрэм босгож. Хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэхдээ хүлээлгэх хариуцлагыг 240 янзаар тайлбарлан хэрэглээд, хэн нэгний үзэмжээр шийдээд байж болохгүй байсан хэрэг. Иймээс Зөрчлийн хуулиар бид тэдгээр зөрчлүүдийг нэг систем, стандартад оруулж, торгууль шийтгэлийн арга хэмжээг хэн хүлээлгэх, хэн хянах, эс зөвшөөрвөл гомдол гарган эрхээ хамаалах процессыг Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар тодорхойлж, хяналттай болгож өгсөнд л хуулийн гол мөн чанар, ач холбогдол оршиж байгаа юм.

-Зөрчлийн хуулиар баахан хүнийг л баривчилдаг болох нь гээд нэг хэсэг шуугисан. Яг ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Бас л худлаа хийрхсэн мэдээлэл. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэж үг байдаг даа. Тэгвэл манай зарим улс төрчид мэдэж байсан ч мэдэхгүй царайлж гөрддөг, амин хувийн явцуу эрх ашиг, атгаг санаандаа хөтлөгдөж хуулийг гуйвуулж тайлбарладаг болсны л нэг жишээ.Баривчлах шийтгэлийг Зөрчлийн хуулиар ердөө дөрвөн тохиолдолд 7-30 хоног хэрэглэх шаардлага байна гэж үзсэн. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл, жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол, халаасны хулгай хийвэл, танхайрах гэсэн дөрвөн төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулна. Гэр орныхноо зодож нүдээд, дайрч давшлаад, хүчирхийлэл үйлдээд байгаа этгээдийг баривчлахгүй байж таарахгүй биз дээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг зүгээр торгоод явуулчихаж болохгүй биз дээ. Энэ бүхний цаана өрөөл бусдын амь нас, эрүүл мэнд гэж бий. Тиймээс баривчлах шийтгэл оноох нь аюул эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Халаасны хулгай хийсэн нөхрийг торгоод өнгөрөх нь эгээ л торгуульд өгсөн мөнгөө дахиад хулгай хийгээд ол гэсэнтэй адил тэнэг хэрэг болно. Танхайрсан нөхрийг торгоод явуулах нь толгойг нь илсэнээс өөрцгүй л юм болж хувирна. Тийм болохоор дээрх дөрвөн төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оноох нь шударга ёсонд нийцнэ л гэж үзсэн юм. Зөрчлийн тухай хуульд 1600 зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг нарийн тодорхойлж өглөө. Зөрчил гаргагчийн зөрчлийн төрөл, хэр хэмжээнээс хамаарч торгох, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасахаар тогтоосон. Торгуулийн хэмжээг нэгжээр илэрхийлж, нэг нэгж 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгон 2 дахин бууруулсан. 2015 онд торгуулийн дээд хэмжээг 1 тэрбум төгрөг байхаар санал оруулж байсныг 100 сая төгрөг хүртэл болгон бууруулж баталсан юм. Нийт 1600 орчим зөрчлийн ердөө 40 хувьд нь одоо байгаа торгуулийн хэмжээг хэвээр хадгалж, 60 хувьд торгуулийн хэмжээг бууруулсан. Ингэсээр байтал торгуулийн хэмжээг хуугаар нь нэмлээ, баривчлах шийтгэлийг бөөнөөр нь оногдуулахаар боллоо гэж улайм цайм гөрдөөд байгаа улсыг ерөөсөө ойлгодоггүй юм. Тийм хүмүүсийн тэнэг үгэнд итгэхээр шинэ батлагдан хэрэгжиж байгаа хуулиа харчихвал тэнд цагаан дээр хараар биччихсэн бүх зүйл заалт нь бэлэн байж байгаа шүү дээ.

-Эрүүгийн болон Зөрчлийн хууль, дагалдах процессын хуулиуд нь ингээд шинэчлэн батлагдаж хэрэгжээд эхэлчихлээ. Үүнийг хэлбэрэлтгүй хийдэлгүй хэрэгжүүлэх гэдэг том ажил хүлээгдэж байх шиг байна.

-Яг тийм. Хууль батлагдана гэдэг нэг хэрэг. Түүнийг нэг мөр ойлгох, олон нийтэд сурталчилж таниулах, зөв хэрэглэх, хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх гэдэг чинь маш чухал ажил. Манай Хууль зүй, дотоод хэргийн салбар хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургалт сурталчилгаа явуулах ажилдаа аль хэдийнэ орсон. Тийм болохоор нэг их санаа зовохгүй л байна. Шударга ёсны тулгуур нь болсон эдгээр хуулийг заавал хэрэгжүүлэхийн тулд хууль сахиулагч бүр анхаарах учиртай. Иргэд маань ч эрхийг тань хамгаалж, эрсдэл аюул, алдаа эндлээс сэргийлэхэд тань тустай дээрх хуулиудын талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Эрх зүйн боловсролтой иргэд эрхээ зөрчүүлэхгүй, бас бусдын эрхийг ч зөрчдөггүй гэдгийг хаа хаанаа ойлгож ажиллах нь нэн чухал.

-Саяхан Монгол Улсын Засгийн газар Арбитрын томоохон маргаанд ялалт байгуулсан гэсэн мэдээ гарсан ч сонгуулийн дуулианд дарагдаад өнгөрөх шиг боллоо. Яг ямар учиртай маргаан байсан юм бэ?

-Бараг нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн арбитрын маргаанд бид ялалт байгуулж чадсан. Энэ бол эдийн засагт учирч болзошгүй байсан их том эрсдлээс сэргийлж чадсан баяртай үйл явдал. Монгол Улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгуулсан. Нэхэмжлэгч тал 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм билээ. Гэсэн ч арбитрын бүрэлдэхүүн Хятадын компаниудын энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан. Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн байсан юм. Энэ орд 250 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг. Монгол Улсын эрх бүхий байгууллага “Төмөртэйн хүдэр” ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчиж “Хустайн ерөө” ХХК-ийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэсэн боловч хүдэр хэлбэрээр БНХАУ-д экспортлож байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь 2006 онд хүчингүй болгосон байдаг юм. Гэтэл нэхэмжлэгчид болох БНХАУ-ын “Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компаниуд манай улсаас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар дээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох байсан бүх ашиг орлого болон арбитрын маргаантай холбогдон үүссэн бүх зардал бараг нэг тэрбум ам.долларыг нэхэмжилсэн юм. Харин Засгийн газар, манай хуульчид болон олон улсад нэр хүндтэй хуулийн фирмүүдийн хамтын ажиллагаа, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд энэ маргаанд бид ялалт байгуулж чадсан. Дашрамд дурдахад бидний шинэчлэн боловсруулж батласан Арбитрын хууль маань энэ мэт эрсдлээс хамгаалсан, олон улсын жишиг шаардлагад нийцсэн сайн хууль болсныг давхар тэмдэглэх хэрэгтэй.

-Сүүлийн үед Х.Баттулга Ерөнхийлөгч нэлээд улс төржсөн мэдэгдэл хийж, янз бүрийн шийдвэр гаргаж байна гээд байгаа. Танай намд ч ялгаагүй Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хариуцлагын асуудлыг хөндөөд эхэллээ. Ялангуяа намын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өгч дараагийн намын даргыг томилох ёстой гэж байна. Энэ хүрээнд зарим хүмүүсийн нэр ч яригдаад эхэллээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор та ямар байр суурьтай байна вэ?

-Би үүн дээр ганц л зүйлийг хэлье. Ер нь аливаа асуудлыг зөвшилцөл ойлголцолоор шийдэх ёстой. Хэрүүл талцал, хийрхэл хөөрхөлөөр хол явахгүй. Хэн нэг хувь хүний, хэсэг бүлгийн гэхээс илүүтэй эхлээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эн тэргүүнд тавих ёстой. Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй. Өеөдсөн эдийн засаг маань өндийж эхэлж байна. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Олон улсын валютын сан ч биднийг анхааралтай ажиглаж байна. Улс гэрээ нурааж талцахын уршгийг өмнөх жилүүдэд бид хангалттай амссан. Тийм болохоор тэр алдааг давтах эрх хэнд ч байхгүй. Итгэж сонгосон хүмүүсийнхээ эрх ашгийг урьтал болгож, эх орныхоо төлөө зүтгэж ажиллах цаг ирсэн гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

​Хямралын үед төв банкууд яаж ажилладаг вэ?

Грекээс эхлэлтэй Европын хямрал дэлхийг хэрсэн хэвээр байна. 2008 оноос хойшхи том хямралын эрч өнөөдөр ч сулраагүй. Хямралаас гарлаа гэж зарлаж буй АНУ асуудал олонтой, баргийн зүйлд савладаггүй урд хөршийн зах зээлд сайн, муу мэдээ хосолж байна. Хямралыг хохирол багатай давахад гол үүрэг гүйцэтгэдэг газрууд бол улс орнуудын төв банкууд. Хямралын үед төв банкууд нь сайн ажиллаж, зөв бодлого хэрэгжүүлж чадвал эдийн засагт буух сөрөг нөлөө нь багасдаг учраас анхаарахаас аргагүй өнцөг. Цэнхэр гаригийн эдийн засаг нь дажгүй улсуудын нийтлэг туршлагыг анзаарахад төв банкуудын анхаарч онилдог зүйл бол инфляци. Инфляцийг бага, тогтвортой түвшинд байлгах нь төв банкны онцгой үүрэг. За тэгээд мэдээж банк санхүүгийн салбарын найдвартай тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэж том үүрэг байна. Гэхдээ улс орон бүрийн эдийн засгийн бүтэц онцлог, гадаад эдийн засгийн орчноос хамаарах хамаарал харилцан адилгүй болохоор дотоодын эдийн засаг санхүүгийн салбарт эрсдэл учрах явдал гардаг. Төв банкууд ийм шалтгаанаар “Санхүүгийн салбараа хямралаас яаж хохирол багатай гаргах вэ. Хөдөлмөрийн зах зээлээ тогтвортой байлгах ямар гарц байна” гэж толгойгоо гашилгадаг юм.

2008-2009 онд дэлхийг нөмөрсөн хямралыг судлаач, шинжээчид жишээ татан ярьцгаадаг. Дэлхийн томчуудыг айлгасан тэр хямралын үеэр АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас эхлээд дэлхийн маш олон орны төв банкууд хямралын эсрэг уламжлалт болон уламжлалт бус гэж нэрлэгддэг бодлогуудыг хослуулан хэрэгжүүлж байж. Мэдээж улс орон бүрийн хэрэгжүүлсэн бодлого өөр өөрийн онцлогтой. Гэхдээ одоогийнх шиг эдийн засаг огцом уналтад орох эрсдэлтэй үед мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлийн зээлээр нэмэгдүүлэх аргыг түгээмэл хэрэглэдэг байна. Санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих замаар зээлийн тасалдлын эрсдлийг бууруулахаас гадна гадаад валютын хөрвөх чадварыг тогтвортой байлгах, валютын своп хэлцэл хийх замаар ханшийн эрсдлийг багасгах, ажлын байрыг тогтвортой байлгах гэсэн бодлогыг нийтлэг хэрэглэдэг нь 2008 оны хямралын түүхээс тод харагддаг.

Олон улсын валютын сангийн нэг судалгаа бий. Дэлхийн 40 орныг хамруулж хийсэн судалгаанаас нь иш татъя. Хямралын үед Хятад, Нигери, Унгар зэрэг орнуудын төв банкууд дотоодын зээлийн нөхцөл шаардлагыг зөөлрүүлж байж. Харин Чили, Израйль, Филлипин, Оросын холбооны улс, Мексик, Өмнөд Солонгосын төв банкууд банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихэд анхаарч байжээ. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих бодлогынхоо хүрээнд банкуудаас актив худалдан авах, банкуудад зээл олгох, банкуудад санхүүгийн эх үүсвэр байршуулах, мөнгөний зах зээлийн арилжаанд хүлээн зөвшөөрөгддөг зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтыг шинэчилж өргөжүүлэх зэрэг олон арга хэрэглэж байж.

Турк, Филлипин, Бразил, Чили, Энэтхэг, Унгар, Индонези, Серби, Өмнөд Солонгос, Мексикийн төв банкууд Засгийн газартайгаа хамтран хямралын эрсдлийг зөөлрүүлэхэд анхаарчээ. Энэ хүрээндээ төв банк хооронд болон төв банкнаас дотоодын банкуудтай валютын своп хэлцэл хийх замаар гадаад валютаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, гадаад валютын захад оролцох буюу инвервенц хийх замаар ханшийн огцом савлагааг зөөлрүүлэх зэрэг арга хэрэглэж байсныг Олон улсын валютын сангийн судалгааны багийнхан онцолжээ. Үүнээс гадна дотоодын арилжааны банкууддаа гадаадын зах зээлээс валютын эх үүсвэр зээлж татахад нь бодлогын дэмжлэг үзүүлэх, гадаадын валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах гэх мэт цаг үеийн арга хэмжээ ч авч байж.

Сая дурдсан бодлого арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд банк санхүүгийн салбарт болон бодит эдийн засагт учирсан эрсдлийг бууруулж учирч болзошгүй эрсдлийг тойрч гарсан улсууд олон байна. Хямралыг зөөлрүүлж ажлын байраа аль болох хадгалахыг хичээснээрээ хямралын дараа эдийн засаг тогтвортой тэлэх суурийг бүрдүүлж чадсан гэж Валютын сангийнхан дүгнэжээ. ОУВС-гийн судалгаанаас анзаарахад улс орнуудын төв банкуудын ихэнх нь Засгийн газартайгаа хамтарч бодлогын урьдач арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн байх юм. Засагтайгаа гар барьж, нэг сэтгэлээр зүтгэсэн төв банкууд учирч болзошгүй олон эрсдлийг тойроод гарчихаж. Хэрэв хямралын илүү том аюулаас сэрэмжилсэн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлээгүй бол эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт огцом буурч, банкны салбарт зээлийн гэнэтийн тасалдал бий болж гүнзгийрэх аюул улс орнуудыг хүлээж байсан гэж шинжээчид ярьдаг. Ингээд ч зогсохгүй банк санхүүгийн салбар системийн шинжтэй эрсдэлтэй нүүр тулах, хөдөлмөрийн зах зээлд маш олон тооны ажлын байр хоромхон зуур алга болж ажилгүйдэл огцом нэмэгдэх магадлал өндөр байсан гэж эдийн засагчид онцолдог.

Харин өмнө дурдсан аргуудыг хэрэглэсэн төв банкууд улс орноо хямралаас аятайхан аваад гарч чаджээ. Хямралын үед ирэх өдрүүдэд тулгарч мэдэх аюулыг зөөлрүүлсэн бодлого хэрэгжүүлээгүй, нэгэнт хямарсан хойно нь засах гэсэн оролдого хийсэн төв банкуудын хувьд муу түүх олон дуулддаг. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг шиг улсаа тэр чигт нь элгээр нь хэвтүүлж орхисон жишээ өчнөөнөөрөө бий.

2008 оны хямралын үеэр Wall street-ийн Bear stearns банк дампуурахад тулснаа зарлаж байсан юм. Тухайн үед АНУ-ын Холбооны нөөцийн банк Bear stearns-ийг хэцүү цагт нь дэмжиж санхүүжүүлсэн түүх бий. Тэр хямралын үед Германы Засгийн газар 500 тэрбум еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж, банкуудад туслах гурван том арга хэмжээ хэрэгжүүлж байв. Зээлийн баталгаа гаргаж өгснөөр банкууд харилцан мөнгө зээлэх боломжтой болж байж.

Эрсдэлтэй хэсгийг нь Засгийн газар хүлээн авч, банкуудыг өөрийн хөрөнгөө ихэсгэхэд тусалсан тухай мэдээ тэр үеийн хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. 2008 оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн аргаа хэрэглэсэн нь мөн л банкууд руу чиглэж байв. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0-0.25 хувь болгож бууруулснаар хялбархан мөнгөжих боломж банкуудад нээгдсэн билээ. Хямрал эхэлснээс жил гаруйн хойно буюу 2009 оны гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Сангийн сайд Гейтнер банкуудыг аврах төлөвлөгөөгөө танилцуулж байв. АНУ-ын засаг хувийн хөрөнгө оруулагчидтай хамтарч их наядаар тоологдох долларын муу зээлийг худалдан авах шийдвэр гаргаж байлаа. Энэ бол санхүүгийн зах зээлээ дэмжиж байж хямралын хүнд цохилтоос бултаж чадсан том жишээний нэг. Дахин түүх сөхье. АНУ-ын сангийн сайдын мэдэгдлээс гурван сарын дараа Европын төв банк “Зах зээлээ идэвхжүүлэхийн тулд” гэсэн тайлбартайгаар түүхэндээ анх удаа өрийн бичиг худалдан авсан удаатай. Энэ шийдвэрээс хоёр сарын дараа том банкууд хэдэн тэрбумын ашигтай ажилласнаа зарлаж, дэлхий эдийн засгийн хямралд баяртай гэж хэлсэн юм.

-“ОЮУ ТОЛГОЙ“-Н ОЛБОРЛОСОН
ХҮДРИЙН ХЭМЖЭЭ ӨСЧЭЭ

“Оюу толгой” компани 2017 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан, тоймоо гаргажээ. “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид анхны баяжмалаа дөрөв хүрэхгүй жилийн өмнө хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар улиралд гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэлээ. 2017 оны хоёрдугаар улиралд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд төвлөрч, гүний уурхайн бүтээн байгуулалтын эрчмийг хадгалахаар зорин ажиллаж байна” хэмээн онцолж байна. “Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад дэлхийн дундаж болох 1.2 шоо метрээс маш бага буюу ердөө 0.373 шоо метр ус ашиглажээ. Энэ оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийнх нь хэмжээ өмнөх улирлаас 3.5 хувиар өссөн байна. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолттой байсан ч зэс алтны үйлдвэрлэл буураагүй гэсэн мэдээллийг компанийн зүгээс өглөө. Туркойз хилл “Оюутолгой”-г 2017 онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа аж.

-АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 48 ТӨГРӨГӨӨР ЧАНГАРЧЭЭ

Монгол банкны мэргэжилтнүүд өнгөрсөн сарын голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт 20 хувьд хүрч, 13.5 их наяд төгрөг болжээ. Нийлүүлэлтийн дийлэнхийг төгрөгийн хадгаламж болон харилцах эзэлсэн байна. Нийт хадгаламжийн 64 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 19 хувийг иргэдийн долларын хадгаламж бүрдүүлж байгаа аж.

Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 872 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна. Иргэдийн зээл 839 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 51 хувийг хувийн хэвшилд, 47 хувийг иргэдэд, нэг хувийг бусад салбарт олгосон гэж Төв банкнаас мэдээллээ.

Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас нэг нэгж хувиар буурч, 6.2 хувьд хүрсэн байна. Чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч, 8.8 хувьд хүрэв. Хугацаа хэтэрсэн зээлийн 82, чанаргүй зээлийн 80 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Ипотекийн зээл дөрвөн их наяд 177.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91 916-д хүрчээ. Өнгөрсөн сард шинээр олгосон зээлийн 57 хувийг хөтөлбөрийн хүрээнд олгосон аж.Түрүү сард төгрөгөөр олгосон зээлийн хүү 20.3 хувь байж. Валютын зээлийн хүү 0.5 хувиар өсөж, 12.5 хувь болжээ.

Өнгөрсөн сард татсан хадгаламжийн хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.5 хувьд хүрсэн байна. Гадаад валютын хадгаламжийн хүү бага зэрэг буурч, 5.6 хувьд хүрсэн бол тухайн сард татсан валютын хадгаламжийнх огцом буурч, 4.3 хувь болж. Зургадугаар сарын эцэст Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хувь буюу 48 төгрөгөөр чангарч, 2349 болжээ.


Categories
мэдээ цаг-үе

​“Gangnam Style”-ийн түүхэн амжилтыг эвдсэн “See You Again” буюу “Дахин чамтай уулзахаараа”

Солонгосын реп дуучин PSY “Gangnam Style” дуугаараа интернэтийг байлдан дагуулан хамгийн олон сонсогчтой хэмээн ихэд алдаршсан билээ. Рэп дуучинг тухайн үедээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Бан Ги Мун хүртэл хүлээн авч уулзаж бүгд л түүнийг дуурайн бүжиглэж байсан.

Харин саяхнаас Уиз Халиф, Чарли Пут нарын зохиосон “See You Again” дуу “Gangnam Style”ийн амжилтыг эвдсэн тухай мэдээлэв.
“Furious 7” киноны саунтрек болох энэ дууг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн жүжигчин Пол Уоркерийн гэгээн дурсгал зориулан зохиосон аж. Одоогийн байдлаар 2896116159 хүн уг клипийг үзэж сонирхоод байна. Өөрөөр хэлбэл “Gang¬nam Style”ийн амжилтыг 1.5 саяар давуулсан бөгөөд энэ нь яахын аргагүй бас нэгэн том амжилт юм. Урлагийн ертөнцөд бас нэгэн шинэ амжилтыг тогтоосон “See You Again” нь 2015 онд анх сонсогчдын хүртээл болсон юм. Тун удалгүй Америк болон Европыг байлдан дагуулж 12 долоо хоногийн туршид “Billboard Hot 100”ийн жагсаалтыг тэргүүлжээ. Их Британи, Австрали, Австри, Канад, Герман, Ирлан, Шинэ Зеланд, Швейцарь зэрэг орнуудын чартад хэдэн долоо хоногийн туршид нэгдүгээрт бичигдсээр байна. Харин энэ амжилт нь аль зэрэг удаан сонсогчдыг байлдан дагуулах эсэх нь тодорхойгүй хэмээн судлаачид бичжээ
ВВС-гийн сэтгүүлчдийн бичсэнээр Америкийн алдарт жүжигчин Пол Уоркерийн дурсгалд зориулсан нь амжилтанд хүрэх нэг шалтгаан нь болсон аж. Дуууны клипийн гол баатар нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн жүжигчин. Клипийн хамгийн сүүлчийн хэсэгт Вин Дизель, Пол Уолкер хоёр хоёр тийшээ явж “Полийн дурсгалд” гэсэн үгээр төгсдөг.
“See You Again” дууны талаар ярихад жүжигчин Пол Уолкерийг дурдахгүй байхын аргагүй. Тэрээр “Furious 7” кинонд тоглож байхдаа зураг авалт дуусаагүй байхад буюу 2013 оны арваннэгдүгээр сард ослоор амь үрэгдсэн юм. “Furisious” кинонд Брайан О Коннерийн дүрийг бүтээсэн тэрээр олны танил жүжигчин төдийгүй загвар өмсөгч байсан.
Пол 1973 онд Калифорни мужид бизнесмен Пол Уолкер, загвар өмсөгч Шерил Крабтри нарын ууган хүү болон төржээ. Хүүхэд байхдаа л памперсийн сурталчилгаанд тоглосноос хойш телевизийн янз бүрийн нэвтрүүлэгт оролцож сурталчилгаанд хэд хэдэн удаа тоглосон. Мормон шашин шүтдэг гэр бүлд төрж өссөн тэрээр урлагт хүч үзэхийн сацуу спортоор идэвхтэй хичээллэдэг байсан нэгэн. 1994 онд “Tammy & The T-Rex” кинонд тоглосноос хойш хэд хэдэн дүрийг тун ч амжилттай бүтээсэн түүнийг Холливудын хамгийн ирээдүйтэй жүжигчний нэг гэж байсан. Кинонд тоглох урилга ч тасраагүй гэдэг. 2001 оноос эхлэн гол дүрийг бүтээх болж харин “Furisuous” кино Полыг улам алдаршуулж нэлээд хэдэн жүжигчин бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан удаатай.

“Furious 7”д тоглож байхдаа буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны тэр өдөр Пол Уоркер найз Рожер Родасын хамт “Reach Out Worldwide” сангаас зохион байгуулсан буяны арга хэмжээнд оролцжээ. Филиппинд нүүрлэсэн Хайян далайн шуурганд нэрвэгдэгсдэд туслах хандив цуглуулахад оролцсон байна.. Арга хэмжээ дуусаад найз Рожер Родасын хамт улаан өнгийн “Porsche Carrera GT” машинаар явсан байдаг. Харин замдаа машин нь жолоодлогогүй болсноос мод, шон хоёр мөргөж машин нь тэр дороо шатсан гэдэг. Лос-Анжелес хотын цагдаагийн газраас мэдээлснээр машинд явсан хоёр найз газар дээрээ нас барсан байна.
“See You Again” дууг 2015 онд “MTV Movie Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр дуучин Уиз Халиф, Чарли Пут нар найзынхаа гэгээн дурсгалт зориулан дуулсан. Харин клипний найруулагчаар Марк Класфелд ажилласан бөгөөд 2015 оны долдугаар сард YouTube-д байрлуулжээ.Уг бүтээлийг 2015 он “MTV VMA”ийн шагнал гардуулах ёслолоор шилдэг хамтарсан бүтээл, шилдэг хипхоп видео номинацид дэвшүүлсэн боловч шагнал хүртээгүй.
Найз минь, чамгүй өдөр яасан ч урт юм
Найз чамтайгаа дахин уулзахаар бүгдийг ярьж өгнө
Хэрхэн бүхнийг эхлүүлснээ бодоход бид ихийг бүтээж дээ
Дахин чамтайгаа уулзахаараа бүгдийг ярьж өгнө
Дахин чамтайгаа уулзахаараа гэсэн мөрүүдээс эхэлдэг дуу нь үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн юм.
Одоогийн байдлаар “See You Again” дууны хамгийн том өрсөлдөгч нь “Despacito” хэмээх дуу болж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа. 2017 оны нэгдүгээр сард сонсогчдын хүртээл болсон энэ дуу Пуэрто-Рикогийн хөгжмийн зохиолч Луис Фонсийн бүтээл аж. Энэ дуу YouTubeд “Gangnam Style”, “See You Again” зэрэг дуунуудын амжилтыг эвдэж чадах эсэхийг цаг хугацаа харуулах юм.

Categories
мэдээ спорт

Н.Насанбуян хүрэл медаль хүртлээ

Image result for Н.Насанбуян хүрэл медаль хүртлээ

Финландын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай хоёр бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо. Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна.

Тэмцээний 60 кг-ын жинд 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн байсан ч ашиглаж чадаагүй байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 120 кг-ын жинд Д.Эрдэнэтулга нар барилдана.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр С.Батцэцэгийн баатар цолыг гардуулна

Image result for С.БатцэцэгтЕрөнхийлөгч Х.Баттулга чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргасан. Тэгвэл өнөөдөр морин цагт Төрийн ордонд С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг гардуулан өгөх аж.

Ерөнхийлөгчийн зарлиг өнгөрөгч даваа гаригт гарсан бөгөөд С.Батцэцэг гадаадад бэлтгэлтэй байсан юм. Тэрбээр эх орондоо ирээд байна.

Энэ жил 27 настай С.Батцэцэгийн гаргасан амжилтууд Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын дунд анхдагч гэдгээрээ онцлог билээ. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл, 2010, 2015 оны дэлхийн аварга, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн юм.

Categories
мэдээ улс-төр

ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өчигдөр ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Коши Матай хэлсэн үгэндээ, дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч, улмаар төсвийн орлого биелсэн сайхан үр дүнд хүрч байна. Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг хэдий ч төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг онцгойлон анхааруулж байлаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга хэлсэн үгэндээ, Төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудалд санал нэг байна. Монгол Улсын Засгийн газар ОУВС хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллах шаардлагатайг онцлов. Уулзалтад оролцогчид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Авлига моодонд оров” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины нэгдүгээр нүүрнээс Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг дуудаж уулзсан талаарх мэдээллийг хүлээн авч уншаарай. Өнөө жил манай улс 126 мянган тонн ургац алдах төлөвтэй байна гэв. Мөн энэ нүүрнээс ипотекийн зээлийн журмын шинэчилсэн найруулга, Улаанчулуутын хогийн цэг дээрээс өдөр хоногоо залгуулдаг тарчигхан хүүхдүүдийг өөрийн үр шигээ хайрлан халамжилж, өсгөн хүмүүжүүлж буй М.Сарнайгийн тухай унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн асан Л.Цогтой хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлтээс илүү аюултай зүйлс амьдрал дээр бий болчихлоо” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Авлига моодонд оров” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Манай сонин зургаадугаар нүүрэндээ ард түмнийхээ үзэл бодлыг илэрхийлдэг “Хэлэх эрхийн индэр” булангаа уламжлалт ёсоор хүргэж байна. Эрхэм уншигч та манай сонины байран дээр хүрэлцэн ирж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сүүлийн үеийн гэмт хэргийн тойм болоод Солонгост буй монголчуудын гэмт хэргийн гаралт ихсэх болсон тухай сонирхон уншаарай.

Арванхоёрдугаар нүүрний “Өд бэх” булангаас Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Цог” сэтгүүүлийн эрхлэгч М.Саруулдалайгийн ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Уул уурхайтай улсын иргэн бүр мэдэх ёстой үндсэн ойлголтуудын тухай манай сонины 15 дугаар нүүрний “Танин мэдэхүй” булангаас унших боломжтой.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хэл яриа сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аппликейшн танилцууллаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшний туршилтын хувилбарыг танилцууллаа. Энэхүү аппликейшн хэл яриа сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгожээ. Энд мөн монгол дохионы хэл суулгасанаараа онцлог.

Бидний зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үндсэн хэрэгцээ хүсэл сонирхлоо илэрхийлэхэд дөхөм болж тэдний айдас ганцаардлыг багасгах явдал юм хэмээн тус агентлагийнхан тайлбарлав. Энэхүү бичил төслийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаа Австралийн сайн дурын ажилтан Жасинта Харфорд болон гадаад харилцааны алба, Мэдээлэл технологийн үндэсний паркд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтан Бенжамин Гибсон, Батхуяг нар хамтран бичиж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх дэмжлэг болох Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр хэрэгжүүлжээ. Аппликейшнийг хийсэн баг цаашид сайжруулан хөгжүүлэхээр зорьж байна.