Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хичээлийн шинэ жилийн нээлт баасан гарагт эхлэх гэж байна.

Энэ өдөр нь бүх нийтийн амралтын өдөр биш учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 0,5-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Тарвага сэргээн нутагшууллаа

Монголын агнуур судлалын нийгэмлэг, Монголын мэргэжлийн анчдын холбоо, ЗӨСҮТөв, Жаргалант сумын удирдлага, Баянхонгор аймгийн ЗӨСТөв болон Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо, 25 дугаар телевиз хамтран Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эгийн даваа орчмоос 50 толгой монгол тарвагыг барьж Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Угалз-Тарамцагийн нуруу” Будант, Гурван овоотын бүс нутагт сэргээн нутагшуулах үйл ажиллагааг холбогдох эрх зүй, актын хүрээнд зохион байгууллаа.

Уг тарвага сэргээн нутагшуулах арга хэмжээг зохион байгуулахдаа Байгаль орчны сайд, шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2008 оны 120/51 дугаар тушаалаар батлагдсан “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх” журмыг мөрдөж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эхчүүд хавсарсан эмгэгтэй байх нь эхийн эндэгдэлд нөлөөлж байна

“Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгааг 2012-2015 онд хийсэн. Улсын хэмжээнд эндсэн 118 эхийн 87.3 хувь нь буюу 103 тохиолдол нь ямар нэгэн хавсарсан эмгэгтэй байсан бөгөөд эхийн эндэгдлийн шалтгаанд жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй эхийн эзлэх хувь өсөж байгааг уг судалгааны дүн харуулсан юм. Эмэгтэйчүүд жирэмслэхээс өмнө эрүүл мэнддээ анхаарч архаг хууч өвчнөө эмчлүүлэх, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарах учиртай.

Энэ шалтгаанаар Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нарт эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах, төрөлтийг удирдах онцлогийн талаар гурав хоногийн сургалтхийв.

Энэ удаагийнсургалтад 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нар хамрагдлаа.

“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэлэхдээ: Эх, нярайн эндэгдлийг бууруулахад зөвхөн эх барих, эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч нар төдийгүй дотор, мэс засал, эмгэг судлалын эмч нарыг чадавхижуулж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын ажлын уялдааг сайжруулах, багаар хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, өвчтөн шилжүүлэхдээ гараас гарт хариуцлагатай хүлээлгэн өгч хэвших шаардлагатай байгааг онцоллоо. Энэ сургалтыг зөвхөн тэнхмийн сургалт хэлбэрээр зохиохгүй, ЭХЭМҮТ-ийн Жирэмсний эмгэгийг эмчлэх тасаг, эрчимт эмчилгээний тасагт сургалтанд оролцогсод жижүүр гарч, тус тасгуудад эмчлэгдэж байгаа эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг үзэж, эмчилгээний арга барилтай танилцаж, төрөлт удирдахад оролцлоо.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов

Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болов. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги, БХЯ-ны Батлан хамгаалах бодлогын газрын захирал О.Изава тэргүүтэй хоёр улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Талууд Монгол, Японы гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, эдгээр салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн Ази, Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутгийн байдлын талаар ярилцаж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Нийтлэг үнэт зүйлс бүхий бүс нутгийн манай орлуулашгүй чухал түнш Япон Улстай Стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй энэхүү зөвлөлдөх уулзалтын ач холбогдол нь жилээс жилд өсөн нэмэгдэж буйг талууд тэмдэглэж, цаашид энэхүү механизмыг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсын ГХЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй буйгаа нотлов.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, АНУ, Япон Улсын ГХЯ-д хоорондын гурван талт уулзалт боллоо

Монгол, АНУ, Япон Улсын гурван талт ээлжит уулзалт 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талаас Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч Л.Стоун, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар тэргүүлж оролцов. Гурван талт уулзалтыг монголын тал даргалж явуулав.

Уулзалтаар гурван улсын нийтлэг эрх ашигт нийцүүлэн энэхүү механизмыг эдийн засаг, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр бэхжүүлж, үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, харилцан санал солилцов. Монголын талаас 2015 онд болсон гурван талт уулзалтаас хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд гарч буй өөрчлөлтүүд, гадаад харилцааны өнөөгийн байдал болон эдийн засгийн хамтын ажиллагаа, Ази, Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй Монгол Улсын бодлого, тухайлбал Улаанбаатарын яриа хэлэлцээ болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй бодлогыг оролцогч талуудад танилцуулав. Түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдал, энхийг сахиулах үйл ажиллагааны чиглэлээр талууд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улаанбаатарт анх удаа болж байгаа энэхүү уулзалт нь манай гуравдагч хөрш болох АНУ болон Япон Улстай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарын харилцааны асуудлаар санал солилцож, байр сууриа нэгтгэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох, нэгдмэл сонирхол бүхий асуудлаар олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах зэрэг харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын тоо нэмэгджээ

Улсын хэмжээнд 2017 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 269 хүний амь нас хохирчээ.Үүний дийлэнх нь буюу 209 нь орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас хохирчээ.

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн алба хаагчид “Оюутан-Тээвэр”, “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд Улаанбаатар- Дархан-Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто замд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, цаашид гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа аж.

Иймд хөдөлгөөнд оролцож байгаа эрхэм иргэд, жолооч та бүхэн замын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож, хурд хэтрүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцаллаа

batboldЯг одоо хотын дарга С.Батболд НЗДТГ-ын А зааланд автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийж байна. Тодруулбал, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцлах чиглэлийг хотын дарга холбогдох хүмүүст үүрэгдлээ. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажил хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зүүн эргэх асуудлыг бид туршиж үзлээ.

Мэдээж, дэлхийн хотуудын туршлага бий. Гэхдээ өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн зүүн эргэхийг хориглосон буюу 7 уулзварыг чөлөөлсөн нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй гэж үзэж байна. Тиймээс Ажлын хэсгийг саналаа татаж аваад, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлэн хэвийн хөдөлгөөнд оруулах чиглэл өгч байна. Иргэдийн дасал болсон хөдөлгөөний зүг чигийг өөрчлөхдөө бид олон нийтийн саналыг сонсох ёстой. Олон нийт энэ өөрчлөлт үр дүн багатай байна гэсэн үнэлэлт дүгнэлт өгч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1, 2-нд ихэнх нутгаар бороо орно

Есдүгээр сарын 1-нд нутгийн баруун хагаст, төвийн аймгуудын ихэнхи хэсгээр, 2-нд ихэнхи нутгаар бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2017 оны 08 дугаар сарын 30-ны 20 цагаас 08 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Салхи 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр, 3,4-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Ц.Энхжин эх орноо төлөөлөн Дэлхийн мисст оролцоно

Г. Ганбат-н зураг.Монголыг Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өчигдөр дуусч, үндэсний ялагч тодорлоо. Есөн гоо бүсгүйгээс Цэвээндашийн Энхжин шалгарч Монгол Улсыг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд төлөөлөхөөр боллоо.

Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн.

Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг. байна.

Ц.Энхжин ярихдаа “Би ялагч болсондоо баяртай байна. Намайг дэмжиж байсан гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд, ажлынхандаа маш их баярлалаа. Энэ тэмцээнд түрүүлснээр эхлэл маань тавигдаж байна. Дараагийн урт аялалдаа өөрийнхөө хүч чадлыг бүрэн дайчлан дэлхийн титмийг эх орондоо авч ирэхийн тулд хичээн оролцох болно.

Хөрсний бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын айлуудын модон 00 болон хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуулиудын модон 00-ийг эко болгох ажлыг бодитой хэрэгжүүлнэ.

Дизайны мэргэжлийн давуу талаа ашиглан хөрсний бохирдлыг шийдэхэд бодитой хувь нэмрээ оруулна” гэлээ.

Ц.Энхжингийн амжилтууд:

  • “Хаврын Гоёл 2010”-ын шилдэг загвар өмсөгч
  • Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
  • Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
  • Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
  • Miss Mongolia 2015 дэд мисс, мисс спорт болж байсан.
Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алдсан гэв

Дорноговь аймагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал “Айраг сумаас хойш зургаан км-т, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозам дээр “Hоwо” автомашины хойноос “Toyota Crown” автомашин мөргөсөн гэнэ. Ийнхүү ослын улмаас Сайншанд сумын харъяат 41 настай эрэгтэй Б, 46 настай эмэгтэй С, зургаан настай эрэгтэй Б нар нас барсан гэв. Осол хэргийг тус аймгийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Тиймээс жолооч нарыг хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.