Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр манай 3 жүдоч ДАШТ-ий татамид гарч барилдаж байна

ЗурагБудапешт хотноо үргэлжилж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д АТАШТ-ий мөнгөн медальт, ДЗАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Б. Ганхайч нар хүч үзэх бол эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар барилдана.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д 47 тамирчин барилдах бөгөөд ОУХМ Б.Мөнгөнчимэг Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, олимпийн мөнгөн медальт Францын Клариссе Агбегньенугын тэргүүлж буй “Д” хэсэгт орж, эхний тойрогт Энэтхэгийн тамирчинтай барилдана. Харин ОУХМ Б. Ганхайчын хувьд олимп, дэлхийн аварга Австрийн Тина Тристинъякийн тэргүүлсэн “А” хэсэгт орж эхний барилдаанаа Киргизийн тамирчинтай хийх юм. Түүнийг ялвал БНСУ-ын жүдоч хүлээж байгаа.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ний V байрын шагналт, Азиийн хошой мөнгөн медальт ОУХМ О.Ууганбаатарын жинд нийт 66 тамирчин хүч үзэх бөгөөд манай бөх эзэн орны залуу тамирчин Атиллаа Унгваригийн тэргүүлсэн “Д” хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Хятад, БНСУ-ын жүдочдын ялсантай хүчээ сорино.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчдад хичээлийн хэрэгсэл, цүнх бэлэглэлээ

2017-2018 оны хичээлийн шинэ жил болж буйтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр өнөөдөр /2017.08.31/ тойргийнхоо буюу Дархан сумын 4-9, өргөө багийн нийт 50 гаруй бага ангийн сурагчдад хичээлийн хэрэгсэл, цүнхийг бэлэглэлээ.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зорилтод бүлгийн өрхүүдэд дэмжлэг үзүүлж, хүүхэд багачуудад сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлсэн энэ ажлыг Улсын Их хурлын гишүүн маань 2 дахь жилдээ зохион байгуулж байгаад эцэг эхчүүд болон сурагчдын зүгээс талархан хүлээн авч байна.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр:- “Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орчин нөхцлийг сайжруулахын тулд Улсын Их Хурлын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх жилүүдэд цэцэрлэг, сургуулийг шинээр нэмж байгуулахаар хэлэлцэж байгаа.” гэлээ.
Өнгөрсөн хичээлийн жилд Дархан хотод 25 цэцэрлэгийн шинээр ашиглалтад оруулсан юм. Харин энэ хичээлийн жилд Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийг өргөтгөх, сургуулийн дутуур байрыг засварлах зэрэг боловсролын салбарт хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 3.6 км автозам дахь 7 уулзвараар зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосон. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ замын хөдөлгөөний чигийг өөрчилсөнийг эргэн хэвийн үргэлжлүүлэх чиглэл өглөө. Энэ дагуу маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06 цагаас эхлэн Энх тайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосон 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрсэнгүй гэж дүгнэж байна. Тиймээс өнөөдөр ажлын хэсгийг энэ саналаа татаж, маргаашнаас хэвийн хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ энэ арга хэмжээ бүхэлдээ буруу байгаагүй. Хөдөлгөөнийг удирдах программ дээр замын ачаалал буурсан харагдаж байгаа ч иргэдийн сэтгэл зүй бэлтгэлгүй байсантай холбоотой. Иргэдийн дадал болсон хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө иргэдийн санал дээр тулгуурлах учиртай. Цаашид ажлын хэсэг иргэдийн саналд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй.” гэлээ.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөв

Цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгой анхаарч, хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, 3 дугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөл мөн хийхээр төлөвлөж байна.

Хотын даргын зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

-Улаанбаатар дахь хүргэлт, түгээлтийн цагийн хуваарийг хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхаар өөрчлөх,

-Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр хувийн автомашин унахгүй, нийтийн тээврээр зорчдог байх,

-Хувийн дунд сургуулиудын сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаж, албаны машинаар хүүхдээ зөөдөг байдлыг халах,

-Нийслэлийн агентлагуудыг хотын дэд төвүүд, захын дүүргүүдэд шилжүүлэх,

-Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах, цаашид Улаанбаатар хотод хувийн их, дээд сургууль нэмж байгуулахгүй,

-Нийтийн тээврийн маршрут, буудлыг боловсронгуй болгоход анхаарах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ял шийтгэлийн тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас олгохоо болив

Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын тушаалаар “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам”-ыг гаргаад байгаа юм. Журамд заасны дагуу цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг ирэх есдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн олгохоо болих юм байна. Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлжээ. Иймээс ажилд томилогдох, визанд орох гэх мэт цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндсэн шаардлагуудынхаа нэг болгож байсан үйл ажиллагаа үгүй болох аж.

“Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам”-аас:

Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ.

Журмын 6.1 -д мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд эргүүлд гарна

Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, НИТХ, Нийслэлийн Боловсролын газар хамтран эцэг эхийн эргүүлийг энэ жил есдүгээр сарын 1-нээс эхлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Монголын Сурагчдын Холбооны дарга н.Сэргэлэн “Есдүгээр сарын 1-нд эцэг эхийн эргүүлийг гаргаагүй сургуулиудад хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд зарлана. Урд жилүүдэд зарим сургуулиуд гаргахгүй хайнга хандах тохиолдлууд гарч байсан. Эцэг эхийн эргүүлүүд энэ жил шүгэлтэй байна. Урд нь шүгэлгүй дохио өгдөг байсан. Мөн эцэг эхийн эргүүлүүд зам тээврийн осол, эндэгдлээс сэргийлж ажиллана. Эцэг эхчүүд эргүүлд гарахаасаа өмнө заавал 5-6 минутын бичлэг үзэж байж гаргахаар болсон. Өнгөрсөн жилийн хувьд өдөрт 1,400 гаруй эцэг эхийн эргүүл ажиллаж байсан. Эцэг эхийн эргүүл гарсанаараа сургуулийн ойр орчимд болох дээрэм, гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлдэг. Энэ жил бага насны хүүхдүүд замаар гарахаасаа өмнө баруун гараа өргөж, хөдөлгөөнд оролцох гэж байна гэдгээ жолоочид мэдэгдэх тал дээр бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эцэг эхийн эргүүлүүд та бүхэн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ иргэний үүргээ гүйцэтгэж байгаа юм шүү” гэж байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа

Засгийн газрын хуралдаан 2017.08.31-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

ОФФШОР БҮСЭД ХАМААРАХ УЛС, НУТАГ ДЭВСГЭРИЙН ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа.

Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтов.

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна.

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.

АШУҮИС-ИЙН АМГАЛАН ДАХЬ ӨРГӨТГӨЛ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн.

Цогцолбор ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжрахаас гадна 12 мянга гаруй оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын төвийн А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурах юм.

Мөн Монгол Улсад оношилж, эмчилж чаддаггүй 33 өвчний 15-ыг нь эх орондоо оношилж, эмчлэх боломж бүрдэн гадагшаа урсах валютын урсгал буурна гэж Засгийн газар үзэж байна.

Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлын эхлэл нь энэ өргөтгөл болж байна. Цаашид их, дээд сургуулиудыг чиглэл чиглэлээр нь захын дүүрэг, орон нутагт шилжүүлэх ажлыг судалж, бодлого боловсруулж танилцуулахыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт даалгав.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ТАВ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэхээр болсон байна.

Тав дахь удаагийн хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрхзүйн зохицуулалт боловсронгуй болж, аюулгүй ажиллах хандлага, соёл төлөвшин, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бэхжин, ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлага дээшилнэ гэж Засгийн газар үзлээ.

Өмнөх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2012-2016 онд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, сурталчилгааны тогтсон арга, хэлбэрийг төлөвшүүлэх, Үндэсний болон салбар хороо, орон нутаг дахь Зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, үйлдвэрлэлийн ослын статистикийн тогтолцоог шинэчлэх зэрэг олон ажил хийжээ.

Энэ хугацаанд үйлдвэрлэлийн 1854 осол бүртгэгдэж, 1948 хүн өртөн 273 нь амь насаа алдсан байна. Өнгөрсөн онд гэхэд л улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 332 тохиолдол бүртгэгджээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2012 онд хөдөлмөр эрхэлж байгаа 10 хүнд үйлдвэрлэлийн ослын 3.9 тохиолдол ноогдож байсан бол 2016 онд 2.9 болж буурсан байна.

Нийт ослын 44 хувь буюу 146 нь Улаанбаатар хотод, 21 хувь нь буюу 70 нь төвийн бүсэд, 13 хувь буюу 43 нь хангайн бүсэд, 9 хувь буюу 30 нь баруун, зүүн бүсэд гарчээ.

ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТӨСВИЙН ТОДОТГОЛД ТУСГАНА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд “Газар тариалангийн техникийн шинэчлэлийн төсөл”-ийн явцын талаар сайд П.Сэргэлэн танилцуулав.

ОХУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэ төслийн хүрээнд нийлүүлэх 10 сая ам.долларын техник, тоног төхөөрөмжид ногдох гаалийн албан татварыг энэ оны төсвийн тодотголд тусгахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Дээрх төслийн хүрээнд үрлүүр, сийрүүлүүр, үтрэмийн машин, хадлан, тэжээл бэлтгэх техник, үр тарианы комбайн худалдан авч газар тариалан эрхлэгчдэд нийлүүлээд байна. Гэвч энэ хавар, зуны ган, хэт их халалтын улмаас ургац алдаж, төлөвлөсөн буудайн 54, хэрэгцээт гурилын 52, төмсний 74, хүнсний ногооны 45 хувийг хангах урьдчилсан төлөв гарч байдлыг хүндрүүлжээ.

“Газар тариалангийн техникийн шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлснээр жилд 48 мянган га талбайд уринш боловсруулах, 15.6 мянга га-д үр тариа тариалж 27 мянга гаруй га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураан авах техникийн боломж бүрдэх юм.

Мөн жилд 54.6 мянган тонн үр тариа, 50.4 мянган тонн ногоон тэжээл хураан авч эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхийг зорьж байна.

МОНГОЛЧУУД АРГЕНТИНД ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэд нөгөө улсын нутагт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Ойрын өдрүүдэд болох “Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны Дээд хэмжээний уулзалт”-ын үеэр энэ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

Гадаад харилцааны яам харилцан зорчих асуудлыг зөвхөн дипломат болон албан паспорт эзэмшигчдээр хязгаарладаг байсныг өөрчилж, энгийн паспорт эзэмшигчдээ аль болох түлхүү хамруулахаар бусад улстай хэлэлцээ хийж байна.

ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СПОРТЫН ХОЛБОО УЛААНБААТАР ХОТОД АВАРГАА ТОДРУУЛНА

Ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод Дэлхийн цэргийн спортын холбооны “Зүүн Азийн орнуудын жудо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн болох гэж байна. Тэмцээний бэлтгэл ажлын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, 2015 онд БНСУ-д болсон VI их наадамд манай тамирчид спортын найман төрлөөр оролцон зургаан алт, 12 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж 117 орноос 16 дугаар байрт шалгарч байсан юм. Мөн онд АНУ-д болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн бол 2016 онд Швейцарь Улсад болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.

Дэлхийн цэргийн спортын холбоо нь 136 орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энх тайван тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор ажилладаг байгууллага юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүлэглэн дээрэм хийдэг 16-20 насны таван этгээдийг баривчилжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид бүлэглэн дээрэм хийдэг 15 настай гурван этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бол өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрэмдэх хэрэг бүлэглэн үйлддэг 16-20 насны таван этгээдийг баривчлан шалгаж байна.

Тэд “Чи манай дүүг зодсон хүүхэд мөн байна, чамайг нүүрэлдүүлнэ” гэж насанд хүрээгүй хүүхдүүдийг дагуулан байрны орц болон эзэнгүй газар аваачиж гар утас, эд зүйлийг нь дээрэмддэг ажээ. Тэд 20 гаруй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандах хэрэгтэй гэнэ.

Нийслэл хотод оны эхний найман сард 438 дээрмийн хэрэг бүртгэгджээ.

Categories
мэдээ спорт

Бодибилдингийн баг тамирчид тивийн АШТ-ээс 12 медаль хүртжээ

Зураг

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо наймдугаар сарын 20-26-нд зохион байгуулсан 51 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна.

Энэхүү амжилтын эзэд болон Монголын бодибилдинг фитнессийн холбооноос өнөөдөр Спортын төв ордны Хурлын танхимд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн тивийн АШТ-нд Азийн 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдөж шилгүүдээ тодруулжээ. Монгол улсын баг тамирчид нийт 12 медаль хүртэж, дөрвөн тамирчин шагналт байр эзэлсэн бөгөөд эмэгтэй баг мөнгөн медаль, цомын эзэн болсон байна. Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг энэ тэмцээнээс алтан медаль хүртсэнээр Ази тивийн хошой аварга болов. 2017 оны Ази тивийн АШТ-д Монгол Улсаас 23 тамирчин, гурван олон улсын зэрэглэлтэй шүүгч оролцсон юм.

Дашрамд сонирхуулахад, Монголын бодибилдинг фитнессийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 15-16-нд болно. Эндээс шалгарсан 60 гаруй тамирчин 2017 оны 10 дугаар сарын 5-9-нд Улаанбаатар хотноо “УБ-паласе”-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Манай улс энэ удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг хоёр жилийн өмнө БНХАУ-тай өрсөлдөж Улаанбаатарт хийхээр болсон юм. БНХАУ нь бодибилдинг фитнессийн спортоор хичээллэгчдийн тоогоор хүн амд ноогдох хэмжээгээр бага буюу Монгол Улсын хувьд хүн амын тоонд хуваахад өндөр хувьтай гарсан учраас давуу эрх авч Монголд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ыг ирэх пүрэв гарагт хуралдуулахыг шаардлаа

ЗурагНИТХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд НИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх есдүгээр сарын 7-нд зарлан хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийв.

НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 16 гишүүн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурж, наймдугаар сарын 17-нд өргөн барьсан. Уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ыг өнөөдөр зарлах байсан ч хуралдаагүй юм. Үүнтэй холбогдуулж дээрх төлөөлөгчид мэдээлэл хийж, дахин шаардлага гаргаж байгаа аж.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “НИТХ жилийн дотор юу хийв, ялангуяа НИТХ-ын тэргүүлэгчид ямар ажил хийв гэдэгт зарим төлөөлөгчид саналаа нэгтгэж байгаа. Хүн амын 50 орчим хувь нь байнга оршин сууж байгаа нийслэлийн хувьд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал олон гарч ирдэг. Энэ бүхнийг НИТХ буюу түүний чөлөөт цагт НИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцэж, нийслэлийн харьяа байгууллагууд, удирдлагуудад чиглэл өгч ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлд шүлхий гарсан, агаарын бохирдол эхлэх гэж байна, хичээлийн шинэ жил эхэллээ, өвөлжилтийн бэлтгэлийг хангах шаардлагатай гээд олон асуудал тулгамдаад байхад НИТХ-ын чуулганыг товыг гаргахгүй байна. Мөн НИТХ-ын 16 төлөөлөгч дэмжиж гарын үсэг зурсан НИТХ-ын Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх цаг үеийн шаардлага тулгарч байхад өнөөгийн удирдлагууд огт сонсоогүй мэт сууж байгаад харамсаж байна. Тиймээс иргэдээ төлөөлөн сууж байгаагийн хувьд НИТХ-ын Тэргүүлэгчдэд шаардлага хүргүүлж байна” гэв.

НИТХ-ын дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг. Энэ нь өнөөдөр таарч байгаа ч хуралдаан болоогүй нь нийслэлийн иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчиж, НИТХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байгааг шүүмжлэв. Тиймээс НИТХ-ын чуулганыг ирэх есдүгээр сарын 7-нд яаралтай зарлан хуралдуулж, бэлтгэл ажлыг хангах шаардлагыг дээрх нэр бүхий 16 төлөөлөгчийн гарын үсэгтэйгээр хүргүүлж байгаа юм байна.

Дашрамд дурдахад, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нэгдэж буйгаа наймдугаар сарын 21-нд мэдэгдсэн. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд 50+1 саналаар уг асуудлыг дэмжсэн тохиолдолд НИТХ-ын даргыг огцруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашин хулгайлан замын хөдөлгөөнд оролцож байсан хэргийг илрүүллээ

Лхагва гаригт Замын цагдаагийн албанд нийт 390 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын 283 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт зургаан хүн гэмтэж, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

Нийт гэмтэж бэртсэн хүний хоёр нь 11-18 насны хүүхэд ба явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Мөн “Suzuki swift” маркийн автомашиныг иргэн И хулгайлан замын хөдөлгөөнд оролцож байх үед нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч илрүүлэн саатуулсан байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн зургаа, мөргөлдөх хэлбэрээр хоёр осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.