Дундговь аймгийн төвийн арван жилийн сургуулийн 10 А ангийг Л.Цэвээнравдан багштай 1977 оны төгсөгчдийн дурсамжийг энэ удаагийн “Нэг ангийнхан” булангаар онцолж байна. Тэд төгсөлтийн 40 жилийн тэмдэглэлт ойгоороо өнөөдөр амжилт бүтээл арвинтай уулзацгааж буй. Сурлага, урлаг, спортоороо аймагтаа гайхуулдаг байсан хүүхдүүдийн амьдрал ахуй, ажил үйлс нь өдгөө жигд сайхан явж байгаа юм билээ. Энэ ангиас инженер 12, багш ес, бага эмч ба сувилагч найм, нягтлан бодогч долоо, эдийн засагч, цагдаагийн ажилтан тус бүр хоёр, улс төрч-эдийн засагч, улс төрч-хуульч, цаг уурч, хүний их эмч, мал зүйч, цэргийн офицер, оёдолчин, иргэний нисгэгч-штурман гээд бүхий л мэргэжилтнүүд төрөн гарчээ. Тухайлбал, гүн ухааны доктор, профессор, МУИС-ийн багш М.Гантуяа, эдийн засгийн ухааны доктор, Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн А.Жаргалсайхан, шатрын дэд мастер Б.Мөнхцэцэг, цагдаагийн дэд хурандаа С.Энхээ, Т.Түвшинжаргал, “Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмж” Үндэсний холбооны тэргүүн Г.Батсайхан, Монгол Улсын Татварын зөвлөх, мэргэшсэн нягтлан бодогч М.Бадамханд, Модон тавилгын компанийн захирал Л.Бадамваанчиг, зөв хооллолтын судлаач Д.Бямбасүрэн нарын бахархалт хүмүүс байна. Л.Цэвээнравдан багшийн ангийнхан их нийтэч, эвсэг хамт олон байсан нь одоо ч тод харагддаг. Нэг нэгнийхээ баяр жаргал, амьдралын хүнд бэрх болгонд хамтдаа байж чадсаар иржээ. Тэднийг ийн нэгтгэж, нэг сэтгэлтэй болгож зангидсан хүн бол ангийн багш Л.Цэвээнравдан юм байна. Түүний тухай шавь нар нь “Багш маань жинхэнэ жентелмэн байсан. Жигтэйхэн үлгэр жишээч хүн. Бид бүхний амьдралыг жигдрүүлж, өөдтэй явуулж байгаа буянтан. Л.Цэвээнравдан багш биднийг төгссөнөөс хойш дандаа нам, улс төрийн ажил хийсэн байдаг юм. Дундговийн төвийн арван жилийн хичээлийн эрхлэгчээс Боловсролын хэлтсийн дарга, аймгийн орлогч дарга болж байсан.
Сүүлийн 20-иод жил аймгийн ЗДТГ-ын дарга хийж байгаад жилийн өмнө тэтгэвэртээ сууж байна даа. Тэрбээр төрд алба хашсан, олон жилийн туршлагатай сайн дарга. Ер нь хүн багшаасаа их жишээ авдаг юм байна. Багш маань биднээс арваадхан ах. Архи, тамхи хэрэглэдэггүй, гэр бүлдээ сайн аав, сайн хань. Урлаг, спортод авьяастай. Аливаад идэвх санаачилгатай, дайчин хүн болохоор багшийн маань тэр сайн чанарууд сурагчдад нөлөөлсөн. Багшийнхаа биеэ авч яваа байдалд бид үргэлж суралцдаг байсан болохоор манай ангийнхан одоо сайн сайхан явцгааж байна” гэж бахархалтайгаар ярьцгаав.
Тэд наймдугаар ангиадаа нэг анги болон бүрэлдэж, багшгүйгээр сургуулиа төгсчээ. Учир нь Л.Цэвээнравдан гуай хичээлийн эрхлэгч болж дэвшихэд, эдний ангийг өөр багшид даалгах саналыг сургуулийн захиргаанаас уламжилжээ. Тэгэхэд сурагчид зөвшөөрөөгүй бөгөөд багшийнхаа нэр дээр суралцах хүсэлт гаргасан байна. Ингээд Л.Цэвээнравдан багш хичээлийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон ч сэтгэл зүрх, анхаарал халамж нь байнга сурагчидтайгаа хамт байсан бололтой. Тэрбээр тооны багш байсан учраас 10 А-гийнхан “Тооч анги” гэж нэрлэгддэг байжээ. Энэ бол нэр төдий зүйл биш, үнэхээр сурагчид нь тоондоо мундаг байжээ. Тиймээс эдний анги улсын тэргүүний хувьсгалч залуучуудын эвлэлийн үүр, сургуулийн хөдөлмөрийн аварга хоёр удаа болсон байна. Мөн соёлч нөхөрлөлийн анги. Спортын, урлагийн тэргүүний анги болж байжээ. Аймагт их, дээд сургуулийн 42 хуваарь ирэхэд 22-ыг энэ ангийнхан авч байсан гэнэ. Гадаадын 10 гаруй хуваарь ирснээс ихэнхийг нь авч, бүгд гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцжээ.
Энэ ангийн охид, хөвгүүд толгой сайтайгаас гадна аливаа урлаг, уран сайхны ажилд идэвх санаачилгатай оролцож, тэргүүн шагналуудыг ёстой нэг түүх шиг болдог байжээ. Спортын чиглэлийн авьяастнууд болох Г.Отгон, Ц.Оюунбат, С.Төмөбаатар гурав хөнгөн атлетикийн зэрэгтэй аж. Аймагтаа дээгүүрт ордог хүүхдүүд байжээ. Дундын зайнд маш сайн гүйдэг Г.Отгон спортын мастерийн норм биелүүлэхэд хоёрхон дойль дутаж байсан гэнэ. Ц.Оюунбат болохоор ойрын зайнд гүйхээс гадна сагсан бөмбөгт гаргууд төдийгүй Монголын пионер сурагчдын хүрэл медаль авч байсан тухай нөхөд нь дурсав. Бас А.Жаргалсайхан, Д.Төмөрбаатар, М.Цэцэгчулуун зэрэг волейволчид бий. Тэд сургуулийн шигшээ багт тоглоод Монгол пионер сурагчдын спартакиадад оролцож байсан аж. Мөн эвлэлийн цом авч, бүсийн тэмцээнд байнга шалгардаг байжээ. Бас залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож шагналт байр эзэлнэ. Өөр нэг спортын мастер бол Б.Мөнхцэцэг аж. Тэрбээр шатрын дэд мастер зэрэгтэй. Аймгийн аварга хэдэнтээ болоод зогсохгүй Говьсүмбэр аймгийн аварга Чингэлтэй дүүргийн аварга болж байжээ. Түүнчлэн теннисчин Ш.Эрдэнэтуяа, Ж.Жаргалсайхан нар байна.
Дээрээс нь хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Цээл хоолойт С.Адьяабаатар, Т.Мөнхбат, Т.Түвшинжаргал, Г.Отгон, А.Мөнхчулуун, уран бичээч И.Нансалмаа, Ё.Цэцэгмаа, Цэрэндоржийн Цэцэгмаа, Ж.Мөнхцэцэг, номын их авшигтан Д.Бямбасүрэн, Д.Оюунчулуун, М.Гантуяа, Ю.Цэцэгсүрэн, бэрх ухаант Г.Батсайхан, Б.Мөнхцэцэг, Г.Алт, бодлогошрогч А.Жаргалсайхан, удирдахуйн авьяастнаар Л.Бадамваанчиг, И.Доржсүрэн, П.Оюунчимэг нарыг нэрлэжээ. Найруулгын авьяаст О.Батаа, Цэрэнчимэдийн Цэцэгмаа, Г.Эрдэнэтуяа, Г.Дарьсүрэн, алиа хошинч бөгөөд “амь оруулагч” М.Энхтайван, П.Нямцоо, П.Жаргалсайхан, Л.Оюунтунгалаг, Д.Батмөнх, уран гарт Н.Мягмарсүрэн, Н.Оюунчимэг, Н.Оюунцэцэг, А.Баяраа, энэрэхүйн сэтгэлт Г.Дагмид, Ё.Цэцэгмаа, Д.Хүүхэндүү, Г.Өлзийцэцэг, бүжигчин Ш.Эрдэнэтуяа, Ш.Мөнхцэцэг, Ж.Жаргалсайхан, хувьсгалч О.Сэлэнгэ, ёс төрч Ж.Оюунчимэг, В.Алтанчимэг, Ө.Чүлтэм, Ж.Пүрэвдорж, М.Бадамханд, биеийн тамирч С.Энхээ, М.Цэцэгчулуун, Ц.Оюунбат, С.Төмөрбаатар, Д.Төмөрбаатар гэх мэтчилэн хүүхэд бүрийг давуу чанараар нь тодотгожээ.
Хүүхэд бүрийн бага нас гэгээн дурсамж, цалгилсан хөөр баяраар дүүрэн байдаг. Тэр сайхан дурсамжийг хөглөж байдаг зүйл бол томоогүй балчир, насны дүрсгүй явдлууд. Бас болоогүй ээ, бие биедээ хоч өгч, хөгжилдөх нь элбэг. Эдний ангийн хүүхдүүдийг зан чанараас нь хамаараад хэрхэн хочилдог байсныг сонирхуулахад тооны багш Ю.Цэцэгсүрэнг бином гэж дуудна. Түүнийг тооны хичээлдээ сүрхий сайн байсан болохоор Ньютоны биномын томьёоны нэрээр хочилжээ. Мөн Ж.Оюунтунгалагийг нобель гэж нэрлэдэг байна. Тэрбээр хааяа тэмдэглэлийн дэвтэр дээрээ шүлэг бичдэг авьяастай хүүхэд байсан гэнэ. Надежда гэдэг хочтой хүүхэд ч байжээ. Наймдугаар ангид ороход нь орос хэлний багш Ж.Оюунчимэгийг “Орос хэлдээ сайжирч байгаа танай ангийн ганц найдлага шүү” гэж хэлснээр хүүхдүүд түүнийг “Надежда” гэж нэрлэжээ. Одоо хүртэл түүнийг ангийнхан нь Надеж гэж дууддаг байна. Мөн “Багадаа хашир мэлхий гэдэг хочтой байсан Д.Батмөнх ахлах ангид ороод Пөнгө нэртэй болж билээ. Яагаад ингэж нэрлэсэн нь сонин шүү. Нэрийг нь товчилсон дуудлага бололтой. Түүнчлэн голио онгоц хочтой Г.Алт хожим нисгэгч болж байлаа. Харамсалтай нь энэ сайхан хоёр найз маань биднийгээ орхиж, бурханы орон руу явсан даа” гэж андууд нь дурсан ярив.
Энэ удаагийн зочид маань түүхт 40 жилийнхээ ойн уулзалтад зориулж, дурсамжийн ном эмхэтгэжээ. “Таанат нутгийн андууд” хэмээх номдоо олон сайхан гэгээн дурсамжуудыг багтаасан байна. Жишээлбэл, М.Бадамханд “Наймдугаар ангид байхдаа сахилгагүй байсан юм шиг байгаа юмаа. Нэг удаа манай ангийнхан баруун зүүн лагериараа талцаж цасаар байлдаж, маргааш нь хөвгүүдийн чих нь хөлдөөд ус гоожчихсон, миний гарын чигчий хуруу хөлдөж, бээлийндээ байсан төгрөгөө хаясан нь санаанаас ер гардаггүй юм” гэжээ. Тэгвэл Д.Бямбасүрэнгийн дурсамжид “Сурлага хүмүүжил сайтай, ариун цэвэрч, нийгмийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалж, хаяхгүй гээхгүй, юмханаар юм хийж ашиглана гэдэг өндөр уриа лоозонтой сургадаг байв. Энэхүү уриа лоозон, заавар, зөвлөгөөг багш нар төдийгүй томчуул ч ярьж шаардана. Хэдэн сарын ч бай ах хүнээс сонссон дуулсан л бол түүнийгээ биелүүлэх, суралцах гэж хичээн мэрийдэг тийм хүүхдүүд явлаа. Хэрэв сурлагын дүн тааруу, ёс суртал, сахилга,хүмүүжил тааруу л байвал, тэдний тийм дэлдэн ч гэж байж магадгүй хочлон цоллох, анги хэсүүлэх, самбарт нэрийг нь бичих, байрны хүүхдүүдийн хоолыг хасах зэрэг шийтгэл байх тул ялангуяа охид бид их ичиж эмээдэгсэн. Аавынхаа нэрийг муугаар гаргуулахгүй хэмээн хэдүүлээ нийлж аваад л ёстой нэг хичээлээ хийцгээдэг байсандаа. Түүний ачаар хоёрдугаар ангийн намар ангиараа сурлага хүмүүжил сайтай тэргүүний хэмээгдэн Пионерт элсэцгээв. Монголын Пионерийн гишүүн болж улаан бүч намируулан, алаг бөмбөрийн нижигнэх цохилт дор алхалж явах дэврүүн хүслийг өвөрлөж байсан багачууд бидний урам их л нэмэгдсэн сэн. Гуравдугаар ангид дэвшихдээ охид бид мандолин, харин хөвгүүд гармони хөгжим дээр тоглоцгоодог болсон тул тэр жилийн сүлд модны наадам хачин гоё болж билээ” гэж тухайн он цагийн дурсамжаа жигтэйхэн тод гэгч нь дүрсэлжээ.
Уг дурсамжийн номд багш Л.Цэвээнравдан сурагчдынхаа тухай сэтгэгдлээ бичихдээ “Анх ангид ороход миний өөдөөс сонирхсон, сонжингуй харцаар ширтэх бөндийсөн хөөрхөн охид, хөвгүүдийн минь харц одоо ч сэтгэлд тодхон байна. Багшийнх нь хувьд анги хамт олонтойгоо ажиллах хамгийн сонирхолтой, бас бахархалтай ажил байсан. Учир нь хүүхдүүдийнхээ дунд ажил зохиоход эцэг эхчүүд, сурагчид, ангийн удирдлагууд их дэмждэг, ажлын үр дүнг сургуулийн захиргаанаас үнэлж урамшуулдаг байсан. Би ангийнхаа хүүхдүүдэд нэлээд дотноссон. Хүүхдүүд маань ч хүндэлж харьцдаг байсан. Үүний нэг тод илрэл бол есдүгээр ангид орох жил намайг хичээлийн эрхлэгч болгоод ангийг минь өөр багшид хариуцуулах тухай яригдахад хүүхдүүд маань 10 төгстөлөө багшийнхаа нэр дээр суралцах санал гаргаж, миний хувьд ганц 10 дугаар анги төгсгөсөн. Тэр нь та нар маань юм” гээд одоо бүгд амьдрал нь тэгш яваад туйлын их баяртай байдгаа илэрхийлжээ. Энэ ангиас төрийн дээд одон медаль Алтан гадсыг хоёр ч хүн хүртсэн байна. Багануурын уурхайн сантехникийн инженер П.Жаргалсайхан, математикийн багш мэргэжилтэй Ю.Цэцэгсүрэн нарын хийж бүтээсэн үйлийг төр үнэлж, хайр хишгээ ийнхүү хүртээжээ.
Аравдугаар ангиа 41-үүлээ төгсч байсан тэд өнөөдөр 37-уулаа болсон байна. Харамсалтайгаар хорвоог орхин одсон андуудаа байнга нөхөд нь дурсан санагалзацгаадаг юм билээ. Улмаар ар гэрийнхэнтэй нь холбоотой байдаг гэсэн. Энэ бол сэтгэл нэгтэй нэг ангийнхны сайхан чанар юм. Тэднийг ингэж ойртуулдаг нэг хүчин зүйл бол төгсөлтийн ойн баяр ажээ. Тэд хорин жилийнхээ ойг тэмдэглэснээс хойш тав, таван жилийн хугацаатай уулзацгаадаг болсон байна. Ингэж цугларахдаа багынхаа авьяасыг сэргээж, дуу, бүжиг, спортын төрлүүдээр баг болон өрсөлдөж, хөгжилддөг ажээ. Өнөө жилийн тэмдэглэлт ойд наймдугаар анги хамт төгссөн андууд нь ирж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзах юм байна. Нийт анги хамт олондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг зохион байгуулагчдын зүгээс хүсч байсан шүү.