Categories
мэдээ нийгэм

Гал түймэрт өртсөн иргэдэд хандив өглөө

БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймагт ажиллахдаа 3 сарын 28-ны өдөр гарсан гал түймрийн улмаас амьдрах орон байргүй болсон 9 өрхөд гэр гардуулан өгсөн бол Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивласныг ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

“ТРАНЗИТ МОНГОЛ-2017” форум болно

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран 4 дүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форумыг зохион байгуулах гэж байгаа аж. Манай улсын төмөр замын тээврийн коридор нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх нь төмөр замын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой учраас тус форумыг тун чухал арга хэмжээ гэж тодотгох хэрэгтэй юм. Форумд гурван улсыг дамнасан төмөр замын коридорт оролцогч төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил, гааль, хорио цээрийн байгууллагууд оролцож, асуудлуудаа өргөн хүрээнд хэлэлцэх аж.

2016 оны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2.3 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь нийт ачаа тээврийн хэмжээний 11 хувийг эзлэж байгаа ч, тээврийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж дотоодын нүүрс тээвэр, зорчигч тээврээс хүлээдэг алдагдлыг нөхөх, төмөр замын их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэхэд чухал дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн цаашид дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлснээр тээврийн орлогыг өсгөх, төмөр замын шинэчлэн сайжуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой болох юм. Улмаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийн жагсаалтад багтсан төв коридорыг цахилгаанжуулах, хос зам тавих төслийн эдийн засгийн үндэслэл болно гэдгийг салбарынхан хэлж буй.

Тиймээс ч ирэх 4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулагдах “Транзит Монгол-2017” форумын ач холбогдол өндөр гэдгийг тодотгох нь зөв байх. 2016 оны байдлаар БНХАУ-ын ДНБ-ий хэмжээ 11 их наяд ам.долларт хүрээд байгаа бөгөөд 2020 он гэхэд Европын холбоотой хийх худалдааны хэмжээг 1 их наяд, ОХУ-тай хийх худалдааны хэмжээг 200 тэрбум ам долларт хүргэх зорилт дэвшүүлсэн тухайгаа тус улсын Ерөнхий сайд Ли Көцян илэрхийлсэн байдаг. Тэгвэл дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бараа эргэлтийг хурдасгах шаардлагатай. Далайн тээвэр нь төмөр замаас 2-3 дахин их хугацаа зарцуулдаг учир БНХАУ нь “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Ази-Европыг холбосон төмөр замын тээврийн коридоруудыг хөгжүүлж хуурай газрын логистикийн сүлжээг сайжруулах бодлого баримтлан Хятад-Орос, Хятад-Европ болон эсрэг чиглэлд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг хөгжүүлэх, тогтмолжуулахаар ажилласны дүнд дээрх чиглэлд 2013 онд 80 буухиа галт тэрэг аялж байсан бол 2016 онд 1702 буухиа галт тэрэг аялж огцом нэмэгдээд байна.

Энэ зорилтын хэрэгжилтийг хангахаар БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос 2016 оны 10 дугаар сард “Хятад-Европ чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргаж 2020 он гэхэд чингэлгийн буухиа галт тэрэгний тоог 5000-д хүргэх зорилт тавиад байгаа бөгөөд тээврийн коридорууд, чиглэлүүд, ачаа илгээгч хотуудыг тодорхойлж авч хэрэгжүүлэх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээний талаар тусгажээ.

Түүнчлэн уг төлөвлөгөөнд Монгол Улсын төмөр замын коридорыг чингэлгийн буухиа галт тэрэгний төв коридороор тодорхойлсон ба 2016 онд төв коридороор 167 галт тэрэг дамжин өнгөрсөн нь хэдийгээр өмнөх онуудаас огцом өсөлттэй байгаа боловч нийт буухиа галт тэрэгний дөнгөж 9.8%-ийг эзлэж байгаа нь баруун коридор (Манжуур-Забайкальск боомт), зүүн коридортой (Алашанкоу-Достык боомт) харьцуулахад харьцангуй бага байгаа. Мөн УБТЗ-ын одоогийн хүчин чадлаар 2017 онд 400 галт тэрэг хүртэл, цаашид тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулснаар жилд 1000 чингэлгийн буухиа галт тэрэг хүртэл нэмэгдүүлэх нөөц боломж байгаа юм байна.

Тиймээс Монгол Улсын төмөр замын коридороор дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, мөн ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд тогтмол тээвэрлэдэг нефтийн бүтээгдэхүүн, мод, бордоо, химийн ачаа зэрэг дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж төмөр замын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын төмөр замын коридорыг Хятад, Оросын ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучлалын компаниудад сурталчлах, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын төмөр замын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил нэвтрэлтийг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тарифын бодлогын талаар “Транзит Монгол-2017” форум дээр танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хөөт-Бичигтийн төмөр замын ажлыг яаралтай эхлүүлэх талаар чиглэл өгөв

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаар салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, холбогдох арга хэмжээ авч, шийдвэрлэхээр боллоо. Тус хуралдаанаар харьяа байгууллагын удирдлагууд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулав.

Яам, агентлаг, аймгуудын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн 2016 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Зам, тээврийн хөгжлийн яам нэгдүгээрт орсон талаар салбарын сайд Д.Ганбат хуралдааны үеэр онцоллоо. Тэрээр цаашид анхаарч ажиллах, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тухайлбал, зам, тээврийн салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх талаар үүрэг чиглэл өгөв. Мөн автозамын төлбөр хураах цэгүүдэд хяналт тавьж, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.

Тэрээр Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим мэргэжлийн чиглэлийн багш, боловсон хүчин дутмаг байгаагаас боловсролын чанарт сөргөөр нөлөөлөх тул тус сургуулийг мэргэжлийн, дагнасан мэргэжилтэн бэлтгэдэг болгох зэрэг зөв гарц, шийдлийг олох нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ингэснээр зам, тээврийн салбарт бэлтгэгдэж байгаа боловсон хүчнүүддээ анхаарал хандуулж, тэднийг мэргэшүүлэх боломж бүрдэж буй юм.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат шуурхай хуралдааны үеэр уурхайн олборлолт, тээвэрлэлт болон боомтын үйл ажиллагааны үр дүнд ирэх долдугаар сард дуусах байсан “Чалко”-ийн өр өнгөрсөн долоо хоногт дууссаныг онцоллоо. Тиймээс цаашид “Хоногийн нэгдсэн график”-ийн дагуу дараагийн алхмуудад бэлдэж, бусад боомтын нүүрс тээвэрлэлтэд давхар анхаарч, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох албаныханд даалгав.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Хэнтий аймагт ажилласан талаараа танилцуулж, Дадал суманд түүхийн аялал жуулчлалын бүс байгуулахыг бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг хэллээ. Тиймээс Чингис хотоос- Дадал сум хүртэлх автозамын зураг төсөл, барилгын ажлыг судлахыг холбогдох дарга нарт үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхитай тэмцэх ажилд ТББ-дын оролцоог нэмэгдүүлнэ

“Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг нийслэлийн Цагдаагийн газрын хурлын зааланд үргэлжилж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас зохион байгуулж буй тус хэлэлцүүгээр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай ярилцаж байна.

Хэлэлцүүлэгт “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн захирал Ш.Лхагвасүрэн, “Хар тамхитай тэмцэх мэдлэг” ТББ-ын тэргүүн Б.Түмэнбаяр, “Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Мөнхтуяа, Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат зэрэг ТББ-ын төлөөлөл оролцож байгаа юм.

Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, зарж борлуулах, олон улсын хил дамнуулан тээвэрлэх, хэрэглэгчдийн зохион байгуулалттай бүлэг сүлжээ үүсч, энэ төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчид жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Өнөөдөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд болон оюутан, залуусын холбоодтой хамтран хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх арга замаа тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион явуулж байна” гэлээ.

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд ахиц гарч, гэмт хэрэг, зөрчлийн тоо бууруулах, хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг энэ сарын 7-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийг өргөтгөн Хар тамхитай тэмцэх газар болгон зохион байгуулсан билээ.

Хар тамхи нь хүн төрөлхтөнд маш их хор аюулыг авчирдаг тул улс бүр өөрийн хууль тогтоомжоороо хатуу хариуцлага оногдуулдаг. Манай улсын хувьд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, зарж борлуулсан тохиолдолд таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан.

Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял оноолоо

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр дуусч анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял, Я.Батсуурьт 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.

Харин шүүгдэгч, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан байна.

Мөн шүүгдэгч нараас 5.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргажээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын хариуг шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болжээ


Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 40 мянга орчим шалгуулагчид ЭЕШ өгдөг. Энэ үйл ажиллагааг технологийн давуу тал, цахим орчин ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “ШИЛЭН ТЕХНОЛОГИ” нэвтрүүлэх ажлаа танилцуулсан өдөрлөг болж өнгөрлөө. Тодруулбал шалгуулагч шалгалтаа өгч дуусмагц, шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг шууд мэдээлнэ. Өөрөөр хэлбэл шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно гэсэн үг. Тэгээд зогсохгүй эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернэтээр шууд хянах боломжтой болно. Өдөрлөгт 7000 орчим шалгуулагчид оролцож, ЭЕШ-ын тест бөглөж, тэр даруйдаа засагч машинд уншуулан хариугаа мэдэж авлаа. Оролцсон шалгуулагчид, эцэг эхчүүд бидний санаачлан нэвтрүүлсэн энэ үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилаа.

Өмнөх жилүүдэд шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээлдэг байлаа. Хөдөө орон нутгаас ЭЕШ-ын материалыг нэг цэгт татан төвлөрүүлж нэгдсэн журмаар засдаг процесс нь ийм урт хугацаа зарцуулдаг байжээ. Тэгвэл Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүнг хүлээж цаг алддаг үе өнгөрч, шалгуулагч шалгалтын хуудсаа бөглөөд, тэр даруйдаа засагч машинд уншуулж дүнгээ харах боломжтой болжээ.

Мөн ЭЕШ авах 50 цэгт камер байршуулж шууд дамжуулах аж. Тэгэхээр эцэг эх, багш нар интернэт ашиглан хүүхдээ шалгалтаа өгч байгааг, дуусаад засагч машинд уншуулаад, хариу дүнтэйгээ танилцаж байгаа гээд бүх процессыг хянах боломжтой болох юм. Нийт ЭЕШ өгсөн сурагчдын дүнг эрэмблэн жагсааж өгнө.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын шатрын тэмцээн болно

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шатрын “Ган үзэг 2017” тэмцээн энэ сарын 7,8-нд болохоор товлогджээ

Шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх нь уг тэмцээний зорилго бөгөөд “Үнэний төлөө” уриатай болох юм байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол туургатны шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцох ба шатарчдын тоо заагаагүй аж. Шатарчид талдаа 30 минутын цагийн хяналттайгаар Швейцарь системээр, долоон өрөг тоглох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР БҮС НУТАГТАА  ЖИШИГ БОЛОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭХууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 28-30-ны өдрүүдэд болсон “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдэвт Интерполын олон улсын форумд “ганзага дүүрэн” оролцлоо. Форумын эхний өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Зайед Аль Нахайяантай уулзаж, цагдаагийн алба хаагчдыг сургах чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан юм.Мөн форумын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток болон Интерполын сангийн Ерөнхийлөгч Элиас Мурр нартай уулзав. Интерполын сангийн Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтаар форумын хүрээнд танилцуулсан 7 төрлийн гэмт хэрэг болон мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бүс нутагтаа жишиг болохуйц төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Харин Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн уулзалтаар гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлж, цагдаагийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх хамтарсан сургалт зохион байгуулахаар болжээ. Мөн Үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтой тэмцэхэд чухал ач холбогдол бүхий Интерполын Файнд системд Монгол Улсын хилийн боомтыг холбох асуудлыг ярилцсан байна. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэхүү форумын “Цахим гэмт хэрэг бодит байдалд шинэ хэм хэмжээ тогтоох уу эсвэл арга барилаа түүнд нийцүүлэх үү” сэдэвт долдугаар салбар хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд энэ чиглэлд эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах, цахим аюулгүй байдлын тухай хуулийг холбогдох байгууллагууд батлуулахаар ажиллаж байна. Ингэснээр гэмт этгээдүүд хуулийн хариуцлагаас зайлсхийх боломжийг хаах зорилттой билээ. Хууль тогтоомжийг байнга шинэчилж, цахим гэмт хэргийн төрөл, зүйл бүрийг тусгайлан тодорхойлж, зааж байх нь чухал ач холбогдолтой юм” гэсэн юм. Дэлхийн 50 гаруй орны Дотоод хэргийн сайд нар оролцсон энэ удаагийн форум урьд урьдынхаас илүү үр дүнтэй боллоо гэж зохион байгуулагчид нь дүгнэж байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнгийн гэрээс 49 сая 400 мянган төгрөг хурааж авчээ

Г.Дэнзэнгийн гэрээс 49 сая 400 мянган төгрөг хурааж авчээ

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт эхэлсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.

Өглөөний 09.30 цагт эхэлсэн шүүх хурал шүүмжлэлээ сонсож дуусаад, шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх танхимд ороод байна. Иймд шүүхийн шийдвэр өнөөдөртөө багтаж гарах магадлалтай гэнэ.

Дашрамд дуулгахад Г.Дэнзэнг шалгах явцад түүний гэрт нэгжлэг хийсэн байна. Түүний ажлын өрөөний сэйфийг өөрөөр нь онгойлгуулж шалгахад 100 ширхгээр боосон гурван боодол 50 евро, есөн ширхэг 500 евро, 100 ширхгээр боосон 20 мянгатын дэвсгэр нэг боодол, гурван ширхэг 100 ам.доллар байсныг хураан авчээ. Тухайн үеийн еврогийн төгрөгтэй харьцах ханш 2300-2400, ам.доллар 2000 төгрөг байж. Тэгэхээр Г.Дэнзэнгийн гэрээс 49 сая 400 мянган төгрөг хураан авсан талаар прокурор хавтаст хэргийн материалыг танилцуулахдаа дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

149-р цэцэрлэгийн өргөтөл ашиглалтанд орлоо

Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго болон ажил хариуцсан мэргэжилтнүүд эцэг эхийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийхан, хүүхэд багачуудын хамт оролцлоо.

Дүүргийн 4 дүгээр хороонд байрлах тус цэцэрлэг нь 1958 онд байгуулагдсан, 100 хүүхдийн хүчин чадалтай, нийслэлийн ууган цэцэрлэгүүдийн нэг юм. Шинэ өргөтгөл ашиглалтанд орсноор 50 ороор хүчин чадал нэмэгдэж, зориулалтын урлаг, биеийн тамирын заалтай болж байгаа юм.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Тунгалаг 60 жилийн түүхтэй цэцэрлэг маань шинэ өргөөтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, хамт олныхоо өмнөөс дүүргийнхэндээ талархаж байна гэсэн юм.

Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа “….бид дүүргийн хөрөнгө оруулалтаар 3 дахь цэцэрлэгээ бүтээн босголоо, ийнхүү шинэ цэцэрлэгтэй болсноор энд сурч хүмүүжиж байгаа 250 орчим хүүхдүүд ая тухтай, тохилог орчинд суралцах болсонд баяртай байна. Мөн хүүхдийн төлөө гэсэн тус цэцэрлэгийнхээ хамт олон та бүхэнд, хүүхэд багачууддаа, эцэг эхчүүд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.