Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган Зөрчлийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатараас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын эргэлтэд тавих хяналт, өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гарагт хилийн боомтууд амарна

БНХАУ-ын олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдөр Монгол, Хятадын боомтууд амрах бөгөөд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу автозамын боомт ажиллана.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу амрах аж.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан хүн албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийллээ. Тэрбээр Baabar.mn-д өгсөн ярилцлагадаа “Ардчилсан намаас нэр дэвшинэ” гэдгээ зарласан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? гэсэн асуултад “Нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ” хэмээн хариулжээ. АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн гишүүдийнхээ дунд тавдугаар сарын 3-нд санал асуулга зохион байгуулна. Энэ санал асуулгад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Р.Амаржаргал, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Х.Баттулга нарын гишүүд оролцох бөгөөд хамгийн өндөр санал авсан нэг хүнийг АН-ын VIII их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулах юм.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Монголд генерал цол бий болсны ойн өдөр

Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ.

Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр 11:00 цагаас Чингисийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх юм байна.

Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг.

Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулах юм.

Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, бригадын генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян нарын алтан мөрдөст генерал цолтнууд төрөн гарсан билээ.

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс алтан мөрдөст генералууддаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэболдыг АН-ын нарийн нарийн бичгийн даргаар томиллоо

Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Үндэсний Бодлогын хорооны залуу гишүүдийн нэг Сүхбаатарын Эрдэнэболдыг томиллоо.

С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр 2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан. Сүхбаатар дүүргээс ҮБХ, болон Нийслэлийн намын хороонд сонгогдсон бөгөөд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байна.

С.Эрдэнэболд МҮОНРТ, Нээлттэй мэтгэлцээний холбоо, ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг газруудад ажилласан туршлагатай. 2016 оны 7 сард “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулалцаж анхных нь Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан. Мөн саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын даргыг анхан шатнаас сонгох сунгаанд 21 аймаг, есөн дүүрэгт уулзалт даргалагчаар болон АН-ын VII их хурлын тэргүүлэгч, Үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг даргалагчаар ажилласан байна.

Афганистанд түр хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан, бэлтгэл хошууч цолтой аж.

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын чиглэлийн 2500 ажлын байр зарлагдлаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 2500 орчим ажлын байр зарлагдлаа. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын хоёр давхарт болно. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна. Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ С.К.Шойгутай уулзлаа

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 6 дугаар бага хуралд оролцохоор Москвад ирсэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ОХУ-ын БХЯ-нд Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны ГХАГ-ын зөвлөх, Г.Лүндэн, Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар, Цэргийн атташегийн туслах, хошууч Г.Одбаяр нар оролцсон бол Оросын талаас Батлан хамгаалахын дэд сайд А.В.Фомин, ЦТХАХА-ны дарга Д.Е.Шугаев болон БХЯ-ны удирдлагын бүрэлдэхүүнээс оролцов.

Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн онд болсон 5 дугаар бага хурлаас хойших хугацаанд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд олон чухал үйл явдал болсныг тэмдэглээд ОХУ-ын БХЯ-ны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Мөн цэрэг-техникийн тусламжийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хугацаа сунгах, монголын насанд хүрээгүй иргэдийг Оросын Кадетын сургуульд сургах асуудал нааштай шийдвэрлэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Батлан хамгаалахын сайд хоёр улсын цэргийн сургуулиудын хооронд харилцаа тогтоох, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ОХУ-ын хил залгаа цэргийн тойргуудтай тогтоосон харилцааг идэвхжүүлэх, тусламжийн хүрээнд хүлээн авсан зарим техник, байгууламжийг ашиглахад мэргэжлийн дэмжлэг авах сонирхолтой байгаагаа мэдээлэв.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгу бидний урилгыг хүлээн авч, БХЯ-наас зохион байгуулж байгаа Олон улсын хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар тогтмол оролцож байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Батлан хамгаалахын сайдын санал болгосон асуудлуудад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан урилгыг талархан хүлээж авав.

Categories
мэдээ цаг-үе

Төв хорооны нарийн бичгийн дарга асан Ц.Балхаажав: Хийж бүтээх биш нийлүүлэх, худалдах, арилжих хэлбэрээр ашиг олох сонирхол нь өндөрссөн

МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан доктор профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Балхаажавтай ярилцлаа. Монгол Улсын хөгжлийн гол бодлогод гар бие оролцож явсан энэ эрхэм хүний үгийг өнөөдөр дуулах нь завшаантай хэрэг төдийгүй бодож тунгаах үгийг олонтаа хэлж байсан юм.


-Манай улсын хөгжлийн түүхийг ярихад Орос орны тухай ярихаас аргагүй түүхэн жим бидэнд бий. Хоёулаа үүнээс яриагаа эхэлье?

-XX зууны эхэнд манай улс хоцрогдмол, ядуу, дарлагдсан айл байхад Орос оронд хэрвээ хувьсгал ялаагүй бол, оросууд Монголыг дэмжих үзэл бодлоор хандаагүй бол Монгол Улс өдий зэрэгтэй байж чадахгүй байсан гэдэг ойлголтод хатуу зогсдог хүн, би. Орос улс Монголыг хамтын ажиллагааны том цэгээ болгож ижил тэгш эрхтэйгээр манай улсыг хөгжүүлэх бодлогыг явуулсан. Орос Монголд хэзээ ч муу уршиг тариагүй. Зарим хүмүүс ярьдаг л даа. Олон жилийн турш Монголыг өөрийн эрхшээлдээ байлгасан, Монгол Улс Оросыг дагасаар байгаад дэлхийн хөгжлөөс хоцорсон юм шиг ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Өнөөдрийг хүртэл Орос, Монголын харилцаа хамтын ажиллагаа хэвийн үзэл дээр тулгуурлаж, ойлголцлын сайн түвшиндээ байгаа. Монгол Улс хоёр хөрш болон бусад улс оронтой адил хэмжээнд харилцаж байж дэлхийн хөгжлийн түвшинд явахаас өөр арга зам байхгүй.

-Та бол улсын хөгжлийн бодлогод гар бие оролцож явсан гол хүмүүсийн нэг. Тухайн үед улсыг хөгжүүлэх ямар гол бодлого байв?

-Манай улс XX зуунд хөл дээрээ зогсохын тулд өөрийнхөө хүчин чармайлтыг бүх шатандаа гаргаж ирж чадсан. Үүнд Орос орны тусламж дэмжлэг үүрэг гүйцэтгэсэн тал бий ч монголчууд олон зууны туршид өөрийгөө авч ирсэн өөрийн гэсэн бор авдартай айл. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэл бодол, хүнийг хүн гэж үзэж хүндэлж харьцах соёлоос эхлээд барагдашгүй арвин, асар нөөцтэй бор авдартай айл. XX зуунд гурван зүйлд хөгжлийн шинэ шатанд гарч чадсан. Нэгдүгээрт, эрх чөлөө тусгаар тогтнол, хүний цаашдын ирээдүйг шийдвэрлэхэд бусад улс оронтой адил хэмжээнд бүрэн эрх чөлөөтэй болж чадсан. Манай улс бүрэн эрхт орон болж хувирлаа гэдгийг зарласан. Энэ зарлал дэлхийн сонорт хүрсэн. Олон улсын нэр хүндийг өөрийн хүчин зүтгэлээр ч олж авсан. Хоёрдугаарт, ямар ч улс хөгжихдөө хүн нь хөгжиж байж улс орноо авч явдаг. Манай улс хөгжихөд хүн ам цөөн, хүн амын эрүүл мэндийн түвшин доогуур, оюуны талаасаа хаагдмал, мэдлэг муутай байсан нь үнэн үү гэвэл үнэн. Улсын бодлогод хувьсгалын эхний үеэс хамгийн түрүүнд хүн амынхаа эрүүл мэндийг дээшлүүлэхэд Оросын туслалцааг бодитойгоор авсан. Хүн амын цөөн хэсэг нь бичиг үсэгтэй байсныг нийтээрээ бичиг үсэгтэй болгох бодлогыг явуулсан. Аливаа хүн тэгш эрхтэй, хамтын хүчин чармайлтаа зэрэг гаргахгүйгээр хөгждөггүй юм байна гэдгийг ойлгосон тул эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, хаан харцыг халж, иргэдийнхээ тэгш эрхийг хангаж өгсөн. Гуравдугаарт, эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн.

-Тухайлбал, иргэдээ хоол хүнстэй байлгахад хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гэхэд ямар бодлогыг баримталж байв?

-Хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуйг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр болохуйц тоо хэмжээнд хүргэх, малаас өгч буй ашиг шимийг бүрэн ашиглахад анхаарсан. Мал аж ахуйгаас гарч буй ашиг шимийг боловсруулах үйлдвэр байгуулж өөрөө өөрсдөө хийдэг болохыг зорьсон. Хийдэг болно гэдэг бол чадвар. Ингээд мал аж ахуй өссөн. 1990-ээд оныг хүртэл малын тоог 25 саяас дээш болгохгүй бас доош болгохгүй барих хатуу бодлого барьж байсан. Энэ нь тухайн үеийн хэрэгцээнээсээ хамаарч байсан талтай. Мөн манай улсын хөрсөн доорх баялаг, байгалийн баялаг, онгон дагшин нүүр царай өөрчлөгдөх ёсгүй юм, аль болох хадгалахыг хичээсэн бодлогыг барьж байсан. Хөгжил гэж чадах чадахгүй зүйлийг дэвэргэж байхын оронд олон жилийн туршид урт хугацаанд хойч үедээ өвлөн үлдээж ашиглах бодлого барьсан гэж үзэж байна. Хэрвээ байгалийн баялгийг ашиглая гэсэн бол одоогийнхтой адил тал талаас гадны хүч ороод ирэх байдал байсныг анзаарч байсан. Байгаль орчин, газрын хөрсөн дэх баялгийг маш хатуу чанга бодлого дор барих ёстой тухай баримт бичгүүдэд тусгагдсан байсан.

-Өнөөгийн улсын хөгжлийн бодлогыг хараад та юу хэлэхээр байна?

-Би XX зуунд хүнтэй ажиллах, хүний үзэл бодол, оюунтай харилцах ажлыг голлож хариуцаж ирсэн. Москвагийн улсын их сургууль төгсч ирээд философич багш, тухайн үеийн үзэл суртлын хэлтсийн эрхлэгч зэргээр нам, улс төрийн ажил хийж байсны хувьд улсын хөгжлийн бодлогыг хүний хөгжилтэй холбож ярих дуртай. Ер нь иргэд бодлогод захирагддаг. Улсыг улс шиг авч явах үүрэг юуны өмнө удирдлагын түвшний хүмүүст байдаг. Удирдлага, иргэн хоёрын эв нэгдэл, хамтын зүтгэл шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд би цөөнгүй ном бичсэн байна. Бодлогод захирагдах ёсыг 1990 оноос хойш олон нийт ч задгай хаялаа, дээд талдаа ч хөнгөн хандсанаас болж урьдны болж бүтэж байсан, алсдаа ч буруудахгүй захирах, захирагдах ёсны журам дэндүү суларч, задгайрсан. Хөгжлийн үүднээс авч үзэх юм бол улс орон урагшаа дэвших бодлогыг 1990 оноос хойш хийж чадаагүй. Ялангуяа эрх чөлөө гэдэг ойлголтыг сул ойлгосон. Яавал эрх чөлөөг бүрэн эдлэх ёстой юм, яаж хөгжих ёстой юм, улс орны ирээдүйн асуудлаа болгож зөв тавих ёстой юм, дэлхийн боломж туслалцааг ямар замаар авбал тус нөлөөгөө өгөх юм зэргийг нэгтгэн төвлөрүүлэн бодлого болгож тавиагүй. Өөрөөр хэлбэл, эмх цэгцтэйгээр бодлого болгож энэ улсыг яаж хөгжүүлэх вэ гэдгээ хийж чадаагүй. Эрх чөлөө, зах зээлийн харилцаа, гадаад улс орнуудтай харилцах харилцаа өргөн байх ёстой юм байна гэх мэтийг л ухаарч байснаас биш Монголоо гэсэн нэгдсэн бодлого болгож чадаагүйд хамаг учир байгаа юм. Харж байхад гаднаас дуурайх, хуулах, бусдын үгэнд орох, амарчилж, бэлэнчлэхийг л ялангуяа удирдах түвшний давхартаа их явуулжээ. Манай улсад бүтээх хүчин нь сулраад харин бүтээлийг, орлогыг ашиглах, хэрэглэх хүмүүсийн тоо хэмжээ нь нэмэгджээ. Талцан хуваагдах нь ихэсч, эв нэгдэл алдагдаж, бүтээн байгуулах чадвараа алдсан байна. Энэ нь зах зээлийг жинхэнэ утгаар нь ойлгож чадаагүйн хар гай.

-Үүнээс яаж гарах вэ. Улсаа яаж хөгжүүлэх үү. Та хүнээ хөгжүүлж байж улс хөгжих тухай олон ном бичсэн байдаг?

-Гадаад, дотоодод боловсрол эзэмшиж, сурч боловсорч байгаа ч хүний хөдөлмөрлөх идэвх нь буурчихсан. Гурван сая хүний тал хувь нь ажиллаж хөдөлмөрлөх боломжтой байхад ажилгүй, ажлын байргүй, аргацаасан шинжтэй ажилласан болдог, нэг хэсэг нь гадаадад гарчихсан зэрэг нөхцөл доош нь татаж байна. Улс оронд хүн хөгжлөө авч явж, улсаа сайхан хөгжүүлэхийн төлөө тэмцээд байхад улс нь хөгжихгүй байгаа түүх гэж ерөөсөө байдаггүй. Сүүлийн үед мөнгөөр бүхнийг шийднэ гэсэн ойлголт бүх нийтийн ойлголт шахуу болчихож. Бүхий л салбартаа хийж бүтээх биш нийлүүлэх, худалдах, арилжих хэлбэрээр ашиг олох сонирхол нь өндөрссөн. Хүнээ хөгжүүлэх бодлого нь ч хийсвэр байгаа зэргээс шалтгаалж улс орон хөгжихгүй байна л даа. Аливаа хүн хөдөлмөр, мэдлэг, соёл, хүмүүжил гэсэн дөрвөн чанар жигд сууж байж хөгждөг. Сургуулийн өмнөх нас болоод бага, дунд сургуулийн насны үед нь хүн гэдэг сэдэвтэй хичээлийг сургалтын программд оруулах хүсэлтийг би гаргаж төсөл хөтөлбөр боловсруулсан ч хэн ч анхаарч тоосонгүй. Угтаа хүн өөрийгөө эрт олж авбал улс орон хөгжинө гэсэн хөтөлбөр. Зүй нь багад нь хүнийг хүн болгох хичээлийг оруулчихсан бол хүн өөрийгөө эрт л олж авна. Хүнээ эхлээд хөгжүүлчихээд хүнээсээ улс нь ашгийг хүртдэг. Манайд чинь бэлэн хүний бодлого байхаас биш бэлтгэж хүнээ боловсруулах бодлого нь хоцрогдчихоод байна.

-Социализмын үед улсын хар хайрцагны бодлогыг ямар хүрээнд зангидаж байсан юм бэ?

-1980-аад оны дундуур оросын эрдэмтэдтэй хамтраад 2000 оныг хүртэлх хугацааны хар хайрцагны бодлогыг гаргаж төлөвлөсөн зүйл байсан. Байгалийн баялаг, мал аж ахуй, аж үйлдвэрлэлийг ямар чиглэл аргаар хөгжүүлэх вэ, хүнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, хүнээ хөгжүүлэх гэсэн дөрвөн том асуудлыг багтаасан боть ном орос хэлээр гарчихсан байсан. Тэр бол Монголын хөгжлийг ямар түвшинд аваачих уу гэсэн хар хайрцагны бодлого. Тэр хар хайрцгийг хэн ч сонирхоогүй, хэн ч ашиглаагүй. Урьд нь хөгжлийнхөө хар хайрцагны бодлогын хүрээнд юу хийгдэж байсныг жишээн дээр ярья. Мал аж ахуйг нийтийн болон амины аж ахуй гэж хоёр системтэй хувааж, хөгжүүлэх бодлого байсан. 25 сая малын найман сая нь амины аж ахуй байсан. Амины аж ахуйг дэмжиж, өсгөсөн малынх нь тоогоор нэмэгдэл өгөх бодлого барьж байсан. Мөн хүнсний үйлдвэрлэлийн аргачлалыг боловсруулж хүнсний программ гаргасан. Хүнсний бодлогоор малаас, газар тариалангаас хүнсний ямар бүтээгдэхүүн бэлтгэх үү, иргэд өөрсдөө хүнсний ямар бүтээгдэхүүн бэлдэн гаргах вэ, гадаад улсаас хүнсний ямар бодлого барих уу гэх мэт хөтөлбөрүүд байсан. Тэрхүү эдийн засгийн хөгжлийн бодлого ардчилал гарах, нийгмийн шилжилтийн үед хаягдсан. Тухайн үед ажлаа өгсөн нь хаяад явчихсан, ажлаа авсан нь ч үүнийг сонирхоогүй. Уг нь энэ дотор хөгжлийн хар хайрцагны бодлого явж байсан юм шүү.

-Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн хар хайрцагны бодлого гэж байна уу?

-Манай улсад өдгөө хөгжлийн хар хайрцагны бодлого гэж байхгүй байна уу даа гэж харагдаад байна. Уг нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын сейфэнд хар хайрцагны бодлого нь хадгалаастай байх ёстой. Ард түмэн нь ч бидний оролцоо үүнд байх юм байна шүү гэсэн мэдээлэл, мэдрэмжтэй байх ёстой ч энэ алга. Хэн албан тушаалд очсон нь өөрийн үзэл бодлын дурын бодлого ярьж байх шиг байна. Тэгээд ч 1990 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэр шиг баригдсан нэг ч үйлдвэр алга. Таван толгой, Оюу толгой гэх мэт хөгжилд нэмэр болохоосоо илүү хэрүүлийн алим болсон хөгжлийн саадыг харин бий болгоцгоосон нь нэгдсэн хөгжлийн бодлого байхгүйгээс үүдэлтэй болов уу.

-Урьд нь юун дээр алдаж байсан гэж бодогддог вэ?

-Хэт хязгаарлагдмал байсан. Капитализм, социализмын заагаар хүнийг ялгаварлан ханддаг байсан. Хүний оюун тархийг хэтэрхий дарж, хөгжихийн тулд урагшаа хөдлөх тухай биш байгаа энэ хэмжээндээ барьж байх нь зөв гэсэн баригдмал тал байсан. Гэхдээ нийгмийн бодлого нь буруу биш байсан юм шүү.


Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Тэтгэврийн насыг нэмсэн өөрчлөлтөд малчдын тэтгэврийн нас хамаарахгүй

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийг авах хүрээнд УИХ-аас төсвийн тодотголыг баталсан. Энэ хүрээнд тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэхээр боллоо. Намрын чуулганы төгсгөлд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах боломжтой болсон. Одоо тэгэхээр малчдын тэтгэвэрт гарах нас өөрчлөгдөж таарч байна уу?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2017 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай болсон. Тэр утгаараа УИХ-ын хаврын чуулганы эхэнд төсвийн тодотголоо баталсан. Ерөнхий зарчмын хувьд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тал дээр би эсрэг саналтай байсан. Манай орны хувьд ажилгүйдлийн түвшин нэлээд их байгаагийн дээр дундаж наслалт тийм ч өндөр биш. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дундаж наслалт 3.7 орчим сараар нэмэгдсэн судалгаа байдаг. Энэ бүгдээс аваад үзэхэд тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмнэ гэдэг нь өндөр байгаа юм биш үү гэдэг байр сууриа илэрхийлсэн. Нөгөө талаасаа тэтгэвэрт гарна гэдэг чинь ажлын байрыг чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа нэг хэлбэр. Залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа энэ үед тэтгэврийн насыг нэмнэ гэдэг хөдөлмөрийн бодлоготойгоо уялдах ёстой. Нэгэнт Засгийн газар ОУВС-гийн хэлэлцээрт орохдоо тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлнэ гэчихсэн болохоор бүлэг дэмжсэн. Тиймээс жилд зургаан сараар тэтгэврийн нас нэмэхээр батлагдсан юм.

2017 оны хоёрдугаар сарын эхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр малчдын тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах хууль батлагдсан. 2017 оны төсөвт тодотгол хийж тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээр болсон нь малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах асуудлыг хөндөөгүй.

-Тэгэхээр малчид эрэгтэй нь 55, эмэгтэй нь 50 настайд тэтгэвэрт гарах хэвээрээ гэж ойлгож болох уу?

-Хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг төсвийн тодотголын үеэр нэмэгдүүлсэн. Харин малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан хууль батлагдсан байсныг хөндөөгүй. Нэг үгээр хэлбэл, бусад хүмүүс жилд зургаан сараар тэтгэвэрт гарах нас нь нэмэгдсэн бол малчдад энэ хууль үйлчлэхгүй гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, малчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулиар шийдэгдсэн асуудал бол олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр нэмэгдүүлэн тооцдог байх юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл гэртээ асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгддөг байх, нийгмийн даатгалд хамрагдсан хэлбэрээсээ үл хамааран ээжүүд цалин хөлснөөсөө 100 хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг байх асуудлууд хуульчлагдан батлагдсан. Эдгээр хуулийн өөрчлөлт төсвийн тодотголоор хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, намрын чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон зүйл заалтууд төсвийн тодотголоор өөрчлөгдөөгүй.

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан, сая төсвийн тодотголоор тэтгэвэрт гарах насыг таван жилээр нэмсэн хоёр хоорондоо харшлахгүй юу?

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан хуулийн төсөл хэвээр үлдсэн.

-Зарим нь тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа асуудал зөвхөн төрийн байгууллагуудад хамааралтай гэх юм. Хувийн хэвшлийнхэнд ч бас хамааралтай биш юм уу?

-Тэтгэврийн насыг төрийн албанд болон хувийн хэвшилд ажиллаж байгаа гэдгээрээ ялгаатай гэсэн ойлголт байхгүй. Адилхан үйлчилнэ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр би хоёр санал хэлж байсан ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээний тодотгол гээд үүнд шахагдаад дэмжлэг аваагүй л дээ. Хуучин хуулиар эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай 60 настайдаа тэтгэвэрт гарах эрх нь нээлттэй. Олон хүүхэд төрүүлсэн ээж өөрөө хүсвэл 50 настай эсхүл 55 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой байсан. Үүнийг ажил олгогчид анзаараад заавал захиргааны санаачилгаар 50-тай ч юм уу, 55 настайдаа тэтгэвэрт гардаг байдлыг больчих. Өөрөө хүсээгүй бол шууд тэтгэвэрт гаргадаг байдлыг хорьсон заалт оруулж өгье гэсэн ч хэлэлцүүлгийн явцад яригдаж байгаад дэмжлэг аваагүй л дээ. 2017 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд би өөрөө санал гаргаж байгаад хоёр заалт тусгаж өгсөн.

Ерөнхий сайд, Засгийн газарт даалгасан заалтдаа өндөр насны тэтгэвэр нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэх, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж буй талаарх үнэлгээ, мониторинг, шилжилгээ, судалгааг жил бүр хийж холбогдох байнгын хороонд танилцуулж байхыг үүрэг болгосон. Нөгөөх нь тэтгэврийн нас нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг бууруулсан мониторингийн дүнг үндэслэн амьжиргааны түвшин буурч байгаа бол зайлшгүй өөрчлөх саналыг УИХд оруулж ирж байхыг Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороонд даалгасан заалттай тогтоолууд батлагдсан. Үнэхээр сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл хуулийн үйлчлэлийг зогсоох, өөрчлөлт оруулах эрх зүйн орчинг яаралтай Их хуралд оруулах эрхийг нь байнгын хороонд өгсөн.

-Төсвийн тодотголыг хэлэлцэж байхад цагдаа, онцгой, боловсрол, эрүүл мэндийн салбараас хоёр хүн тэтгэвэрт гарахад нэг хүн оронд нь авч байхаар болсон. Тухайлбал, биеийн тамирын багш, англи хэлний багш хоёр тэтгэвэрт гарлаа гэхэд яг аль мэргэжлийн хүнийг нь ажилд авах вэ гээд асуудал гарч мэдэх юм?

-Засгийн газраас оруулж ирсэн саналыг би дэмжсэн. Учир нь орон тооны цомхотгол хийх, томоохон бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэж ярьдаг хэсэг гишүүд байдаг. Тэдний нэг нь би. Томоохон бүтцийн өөрчлөлт хийж байж эдийн засгийн хямралтай үед төсөв мөнгө хэмнэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ эдийн засаг ийм хүнд байхад төрийн албан хаагчдыг олон мянгаар нь цомхотгохоо больё. Нэг талдаа төсөв хэмнэж байгаа ч нөгөө талдаа 2030 мянган төрийн албан хаагчийн цаана 5060 мянган хүний гэр бүлийн амьдралын асуудал сөхөгдөнө. Тиймээс эдийн засгийн хямралтай байгаа үед олон мянган хүний амьжиргааг дордуулж байснаас цалинг нь царцааж хэвээр нь төрийн албанд цомхотгол өндөр хэмжээнд хийлгүй явах сонголтын өмнө бид ирсэн. Хямралын үед олон хүнийг ажлаас халж болохгүй гээд хоёр дахийг нь сонгосон. Нөгөө талдаа таны хэлж байгаа үнэн. Нэг эмнэлэг дээр хоёр нарийн мэргэжлийн эмч зэрэг тэтгэвэрт гарахад оронд нь нэг аваад тэр хүн нь ачааллаа дийлэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тэр утгаараа уян хатан хандаж төсөв захирагч нар зохицуулж байхаар УИХын тогтоолд нээж өгсөн. Үүгээрээ шийдээд явах бүрэн боломжтой.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэхээр боллоо. ажил ол-гогчдод дарамт болох уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь хоёр талтай асуудал. Нэг талаасаа Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх зайлшгүй шаардлагатай. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх өөр нэг шалтгаан нь 1960 оноос хойш төрсөн иргэд нэрийн данснаас тэтгэвэр авах эрх нь үүснэ. Гэтэл 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл нь долоон хувь байдаг. Иргэн долоо, ажил олгогч долоон хувийг нь төлдөг. Тэтгэвэрт гарахдаа төлсөн 14 хувиасаа тэтгэвэр авна. Тиймээс нэрийн данснаас тэтгэвэр авах хүмүүсийн тэтгэвэр маш бага гарна. Харин 1960 оноос төрсөн хүмүүс одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэд адилхан 14 хувийн шимтгэл төлж байгаа ч тэтгэвэр бодуулж авахдаа доод тал нь цалингийн 45 хувь, дээд тал нь 85 хувиар тооцуулж тэтгэвэр авдаг. Тэтгэвэр бодож буй аргачлалаасаа хамаараад Нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэвэр, нэрийн данснаас авч буй тэтгэвэр хоорондын ялгамж асар их зөрүүтэй болчихож байгаа юм. Энэ утгаар нь авч үзвэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь зөв. Сөрөг тал нь ажил олгогчдод очих ачаалал ний нуугүй хэлэхэд нэмэгдэнэ. Ялангуяа манай аж ахуйн нэгжүүдийн 85 хувь нь ес хүртэлх ажилтантай, жижиг аж ахуйн нэгжүүд байдаг. Тиймд дийлэнх олонхи болсон жижиг аж ахуйн нэгжүүдэд сөрөг талтай.

Нөгөө талаас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ нийгмийн даатгалд хамрагдагсдын хамрагдалтыг нэмэгдүүлэх ёстой. Энэ миний зарчмын байр суурь. Байнга хэлдэг. Өнөөдөр улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа ч тэдний 48 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Нэг үгээр хэлбэл нийгмийн даатгалын гадна байна гэсэн үг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэхээсээ өмнө тэр 48 хувийг нийгмийн даатгалд хамруулах шаардлагатай.

Нэг талдаа нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа нь үнэнч нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл багагүй бий. Тэр мөнгийг зөвхөн арилжааны банкуудад байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах замаар арвижуулахаас өөрөөр хуримтлал бий болгодог механизм дутагдалтай байна. Бага ч гэсэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг санхүүгийн зөв менежмэнт хийх замаар хуримтлал үүсгэдэг байх шинэ тогтолцоо бий болгох хэрэгтэй. Энэ хоёр арга хэмжээг авч чадвал Нийгмийн даатгалын сангийн алдагдал буурах, нөгөө талдаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд ирэх ачаалал буурах юм.


Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (II)

О.Мангалын гэр бүл

Өглөө наран мандахад Баруун-Урт хотын гудмаар Бор эгч бид Баярцогт ахаар газарчлуулан О.Дашбалбар найрагчийн нагац ах Осорын Мангал гуайнхыг зорилоо. Төв талбайд жагсаалчдын хэдэн гэр бариастай. Цагаан хоолойгоор “Хонхны дуу” цангинаастай. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрх баригч нам болоод АН хоёроос тэнцүү тоотой нөхөд гарч, дахин сонгуулиар хайн хагалахаар гарсан ардчиллын нэг нөхрийг хүлээн зөвшөөрөөгүйгээс зөрчил үүссэн юм уу даа. Намын сурвалжлагаар биш номын харгуйгаар аялж яваа болохоор тэгтлээ сонирхсонгүй. Харин сэтгэлд “Ай, Баруун-Урт хот минь, чиний ариун хөрсөн дээр гучин наймхан насандаа тэнгэрт дэвшсэн агуу их найрагч Данзаннямын Шагдарсүрэн, дөчин хоёрхон насандаа бурхан зүг одсон Очирбатын Дашбалбар нар гишгэж явсан шүү дээ. Энд Дашбалбар анхны шүлгийн номоо аймгийнхаа хэвлэхэд хэвлүүлчихээд яаж баярлаж явсан бол. Гомбожавын Мэнд-Ооёо хүж барилдсан дүү Балбартайгаа Шар дөрөлж дээр ямархан уянгаар нэгнийхээ сэтгэлийн чавхдасыг хөглөж явсан бол” гэсэн уянгалаг ч гэмээр, уйтай ч гэлтэй асуулт аяндаа хөвөрч ирэв. Ийн бодохуй Дашбалбар найрагчийн эртээ нэгэн цагт бичсэн

“Эртний сайн нөхөр шиг Баруун-Урт хот минь

Эргээд л би шувуудтайгаа цуг чамдаа ирлээ

Үдүүлж, угтуулсаар дасал болсон онгоцны буудал

Үнэнч хань минь хүлээсээр л байв уу?

Найрагч Шагдарсүрэнгийн алхаж явсан газар,

Намрын шар өдөр тогоруудын гунигтай нутаг,

Насны багад хашааных нь буланд зогсож

Нар болсон охидыг хүлээж цөхсөн үдэш.

Олон жилийн хойно хайрын үг сонсож

Орчлонд дахин төрсөн юм шиг баярлаж явсан нутаг

Орь залуу түүнээсээ анх сонссон үг шиг

О.Дашбалбар нагац ах О.Мангал, хүү Д.Гангабаатар нарын хамт. 1983 он

Одоо ч надад дотно болоод үнэтэй Баруун-Урт минь” гэсэн шүлгийн мөрүүд санаанд орж ирнэ. Олон жилийн өмнө туурвисан бүтээл нь орчлонд үлдсэн байхад бичсэн эзэн нь хаашаа ч оддог орчлон юм бэ дээ. Багшийн цусан төрлийнхнөөс хамгийн өндөр настай нь цагдаагийн бэлтгэл хурандаа, эдүгээ наян хоёрны хавартайгаа золгоод буй Осорын Мангал гуай ажээ. Байрных нь гурван давхрын шатыг өгсөн ороход хаалга нь түгжээгүй онгорхой байх аж. Хот газрынханд айлын хаалга онгорхой байх гэдэг их л хачирхалтай санагдах биз. Мангал гуай наран талын жижиг өрөөндөө адар ширтэн амьсгаадан хэвтэнэ. Айлчнаа анхандаа таньсангүй бололтой толгойгоо өндийлгөн нэлээд удаан харснаа золгохоор очиход л “Өө, энэ чинь Борхүүхэн үү дээ, бэрийгээ ч танихгүй болчих гэж” гэнгээ монгол ёсоор орноосоо өндийн золгов. Гэрийн эзэгтэйн бие тавгүйрхээд өглөө эртлэн эмнэлэгт үзүүлэхээр оджээ. Дашбалбар найрагч “Зүүдний мөнгөн шувуу” номдоо нагац ах Мангалдаа зориулан

“Торойн зам уул уруудан бүдгэрсэн Дарьганга минь

Тогорууны булаг хавцал дундаас мэлмэрсэн Дарьганга минь

Том бага уулстай талын чинь элгэнд гүйж өсөв өө

Толгод дамжин эрхэлж бага насаа чиний тэнгэрт өргөл болгоё оо…” гэж нутгаа санаж гэгэлзсэн шүлгээ бичсэн байдаг. Мангал гуай “Дашбалбар чинь Дарьганга суманд сургуулиа төгсөх жилээ Хөгжим бүжгийн сургуульд орно гэж шалгалт өгөөд тэнцэж байсан юм. Тэр сургуульд явах гэж байтал тухайн үеийн дарга нар арын хаалгадаад өөрснийхөө хүүхдийг явуулчихгүй юу. Манай тэр чинь багын баахан шазруун хүүхэд байсан болохоор “Би Зөвлөлтөд трактор комбайны курст явна” гэлээ. Гайгүй юм бичдэг байсан юм аа, тэр үедээ. “Чи зохиолч болно гэчихээд тракторын курст явдаг нь ямар учиртай юм бэ. Тракторын тостой жолооч болоод чамд юм бичих ч зав гарахгүй” гэж аашилтал “Би техниктэй харьцахгүй, хамгийн гол нь орос хэл сурч ирнэ” гэдэг юм. Төгсөөд ирэхэд нь би аймгийнхаа автын байцаагч байлаа.

Хөдөө аж ахуйн газрын дарга Дамдиндоржид “Нэгдэл дундын амралтын газарт хуваарилаад өг” гэж захилаа. Орос багш нар нь “Энэ сурагч юм зохион бичих авьяастай” гэж тодорхойлолтонд нь бичсэн байж. Манай нөгөөх чинь хүүхэд юм болохоороо тэрүүгээрээ түрээ бариад данаганаад байхаар нь “Тэгдэггүй юм аа, чи. Хуваарилсан газар нь оч” гэж Нэгдэл дундын амралтын газрын дарга Дашжавт даатган явуулсан. Дарьганга сумын амралтын газрын зохион байгуулагчаар хоёр жил хэртэй ажиллахдаа амрахаар ирсэн яруу найрагч Мишигийн Цэдэндоржтой танилцан, шүлгээ үзүүлэн багш, шавь барилдсан юм билээ. Мишигийн Цэдэндорж “Сүхбаатарын зам” сонины ажилтан Бат-Өлзийд “Энэ хүүхдийг сониндоо авчих” гэж гуйж оруулснаар аймгийн төвд ажиллах болсон. Төлийн сурвалжлагад явуулсан чинь үхсэн хургаа пүнзэнд овоолчихсон айлын тухай, манай тэр чинь багын хурц хүүхэд болохоор “Төлөөрөө дарш хийсэн нь” сурвалжлага бичиж бөөн юм болж, Бат-Өлзийг асуудалд оруулж байсан юм. Аймгийн дарга Далай нөгөөх нийтлэлийг уншаад сүрхий таньдаг болчихсон хойно өрөөнд нь орж “Би ийм юм бичдэг хүн байгаа юм. Номоо хэвлүүлмээр байна” гэж. Далай ч чадалтай, авьяастай хүүхэд гэж таньсан юм байлгүй, дэмжээд “Залуу насны замнал” анхны номыг нь цөөн хувь хэвлэсэн юм уу даа. Номоо хэвлүүлээд хот руу явж Хотын Эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Цасчихэрээр дамжуулан Улаанбаатар хотын Эвлэлийн хороонд орсон санагдана” гэж хуучилтал найрагчийн гэргий хажуугаас “Төв аймгийн Залуучууд Сангийн аж ахуйд явна гэхээр нь би хүүхэд шуухадтай, чи очоод төвхнөчих. Араас чинь очъё гэтэл Монголын Эвлэлийн төв хорооны дарга, зохиолч Л.Түдэв гуай шүлгийг нь үзээд “Ийм авьяастай хүнийг хөдөө хөхрөөхгүй хө. Чи энд ажиллана аа” гэснээр Улаанбаатар хотын Эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж, Цасчихэр гуайтай танилцсан юм” гэж байна.

Найрагч гэргийн хамт

Мангал гуай дүүгийнхээ баялаг намтрыг хуваалцах зуур царай нь шаргалтан туяарч ам халах янзтай. “Тэндээсээ Горькийн сургуульд явж дүү минь дэлхийн мэргэдтэй номын авшиг буянаар танилцаж зөв замд орсон доо” гэж уужрасхийн санаа алдсанаа “Сүүлд бас л санаа зовоох юм гаргалаа. Нэг өдөр ажил дээрээ байж байтал З.Ооёобаатар өрөөнд ороод ирлээ. Нэг сонин үзүүлээд “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” гээд юм биччихэж, цаадахь чинь. Одоо яана аа ах аа, цагдаа шүүх гээд бөөн юм болно оо” л гэж байна. Тэр бичсэн нийтлэлээсээ болж Улс төрийн товчооны хурлаар орсон гэдэг юм. Ю.Цэдэнбал дарга тэгэхэд “Дашбалбар гэдэг чинь ийм их залуу хүн байдаг юм уу” гэж түймрийн дөл намжаасан байгаа юм. Тэр ч бүү хэл Намсрай гуай “Чи зөв юм бичиж. Цаашид ч зоригтой бичиж бай” гэснээр “Номон дээр гишгэсэн алдас”, “Ардаасаа нуусан ардын эмнэлэг” зэрэг нийтлэлээ бичсэн гэж байгаа. Ингэж л анх нэрд гарч эхэлсэн. Би ч багаас нь загнаж сурсан болохоор Их хурлын гишүүн болсон байхад нь ч “Тэр муу, энэ муу” гэж хүнийг нүдийг нь бүлтийлгэж чичилж загнадгаа боль” гэж аашилж байлаа. Хожим нэг ирэхдээ “Даадайгийнхаа үгэнд ороод хүн загнахаа больсоон” гэж байсан даа, дүү минь” гэснээ хоолой нь зангираад ирэв.

Биднийг ийн хуучилж суутал гэрийн эзэгтэй Адьяа ёхолсоор орж ирэв. Тэрээр аймгийнхаа эмнэлэгт олон жил сувилагчаар ажиллажээ. Ажлаасаа ирэхэд гэрт нь амьдардаг Дашбалбар дүү нь хоол ундаа ягшуулчихсан, аргал түлшээ базаачихсан, өөрийнхөө орны тэрүүхэнд гэрэл асаагаад ном уншаад сууж байдаг байсан тухай дурсахдаа тэсэлгүй нулимс бөмбөрүүлж “Тийм ч сайхан дүү минь ийм ч богино наслах гэж” гээд мэгшүүлэв. Настай хүний сэтгэл дэнслүүлсэндээ гэмших ч сэтгэл төрөх шиг. Тэгтэл харин Мангал гуай “Ах нь дүүгээ талийх үед энэ шүлгийг 1999 оны аравдугаар сарын 19-нд бичсэн юм” гээд бяцхан товхимол гаргаж ирэв. Янз нь яруу найрагч дүүгээсээ л нуудаг байсан болохоос шүлэг найргийн авьяастай нэгэн бололтой. Тэр шүлэг нь “Дүү минь та од байжээ” гэсэн нэртэй. Дүүгээ “та” гэдэг ямархан ч их хүндлэл дээдлэл юм бэ дээ?

“Хөх Монголын алдарт хүүг

Хөрст дэлхийдээ шингэхэд

Хөвөн үүлс бөхөлзөж

Хөвч тайга дүнсийнэ

Цагаан зандангийн үнэр

Цацлаа өргөсөн хүмүүсийн

Цадигийн их хүч

Цаашдын зорилгыг чинь хэрэгжүүлнэ

Үнэн дээдийн төлөө

Үхтлээ зүтгэсэн дээ, дүү минь

Үнэхээр цогтой эрдмээ

Үй олондоо үлдээсэн дээ

Газар шорооныхоо төлөө

Галтай цогтой тэмцэж

Гарамгай шударга зангаараа

Гайхагдаж явсан даа, дүү минь

Ард түмний ачит хүү

Амьдын орчлонд байхгүй ч

Наран мэт төөнөж

Од адил гялалзаж

Гал шиг дүрэлздэг дүү минь

Орчлонгоос яагаад явчихав аа?

Хүний ертөнцөөс уйдав уу

Хүслээ биелүүлээд буцав уу

Хар санаатанд хорлогдов уу

Хаашаа явчихав аа, дүү минь

Дарь овоогоо шүтэн

Дагшин Дуутдаа ивээгдсэн

Дарьганга нутгийн суут хүү минь

Дахиад бидэндээ ирээрэй”

Мангал гуайнхаас гараад морин жолоочтойгоо яривал Д.Ренчинханд ах маань төрсөн дүү, Сүхбаатар аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасандоржийнд амарч байгаа ажээ. Энэ Баасандорж хэмээх залуутай өнгөрөгч намар Алтан овооны энгэрт дотно сайхан танилцаж байснаа санав. Баруун-Уртын төв гудмаар алхаж явахдаа Очирбатын Дашбалбар хэмээх их найрагч хүний хорвоод ямархан их тод сайхан мөртэй амьдраа вэ гэсэн бодол тээж явлаа.

“Алив юм цаг цагтаа л

Алтан дэлхийд хүчин төгөлдөр

Цагаан сахалтай буурал өвгөд ч

Цагтаа бас л шуугиулж явсан…” гэж тэрээр насны давааны оройд гарсан нагац ахдаа зориулсан юм шиг санагдсаар байлаа.

Үргэлжлэл бий