Categories
мэдээ нийгэм

Нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хандсан нээлттэй хаалганы өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг өнөөдөр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, харьяа газруудын арга хэмжээгээр үргэлжилнэ. Үүнд Монголын Хүүхдийн ордон, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Гэрлэх ёслолын ордон, Хүүхдийн халамж, асрамжийн зэрэг байгууллагууд оролцох аж. Өдөрлөгийн үеэр байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэхээс гадна иргэдэд шууд үзүүлэх боломжит үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг хүргэж, сэтгэлзүйн зөвлөгөө, хуулийн зөвлөгөө өгөх юм. Арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 11.00-16.00 цагийн хооронд болно.

Нээлттэй хаалганы өдөрлөгт:

Монголын Хүүхдийн ордон

Монголын Хүүхдийн урлан бүтээх төв

Гэрлэх ёслолын ордон

Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор

Хүүхдийн зуслангууд

Хүүхдийн халамж, асрамжийн байгууллагууд

Нийслэлийн 9-н дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг хориглолоо

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 35 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.

“Түймрийн аюултай үе” буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Улсын хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын онцгой комиссын болон ОБЕГ-ын даргын албан даалгавар гарсан.

ОБЕГ-аас албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн ой, хээрийн түймэр болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг хориглосон БОАЖ-ын сайдын тушаал гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Асасекирюү Б.Дашням иргэншлээ солихыг хүсчээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Асасекирюү Бадарчийн Дашням иргэншлээ сольж Япон улсын иргэн болох хүсэлтэй байгаа аж.

Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний ояката болохын тулд ийм шийдвэр гаргажээ.

Тэрбээр өдгөө макүшита зиндаанд барилдаж байгаа юм. Б.Дашням иргэншлээ сольсноор Монголоос ояката болж буй гуравдахь бөх болох юм.

Categories
мэдээ нийгэм

Бор гөрөөсний цус халдварт өвчин үүсгэх аюултай

Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд тустай хэмээн яг өдийд ан авд гарах нь бий. Гэтэл гөрөөсний цус ууснаар аюулт халдварт өвчинөөр өвдөх магадлал өндөр гэнэ. Тиймээс хууль бус ан хийж, өөрсдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан анхааруулжээ.

Бор гөрөөсний цусанд аюулт халдварт өвчин үүсгэдэг babesia venatorum гэх нэг эст шимэгч амьдардаг байна. Энэ нь хачгаар дамжин гөрөөсний цусанд орж, халдварладаг нь тогтоогджээ. Манай эрдэмтэд япончуудтай хамтран судалгаа хийгээд Монгол оронд тархсан хачигнаас дээр дурдсан шимэгчийг илрүүлсэн байна. Гөрөөсний цус ууж, нэг эст уг шимэгчээр халдварласан тохиолдолд цус багадах эмгэг үүсдэг, мөн дэлүү, чөмгөнд бүрэлдэх улаан эсийн тоо буурдаг гэнэ.

Гөрөөсний экологи, эдийн засгийн үнэлгээ 230.000-400.000 төгрөг бөгөөд хууль бусаар агнавал үүнийг хоёр дахин нэмэгдүүлж төлдөг.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цахим хуудас зохион бүтээх уралдаанд урьж байна

Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА болон Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан MKIT сургалтын төв нь Монголын Мэдээлэл Технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор IT-ийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, IT-ийн бизнес эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Тус сургалтын төв нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Мэдээллийн технологийн газартай хамтран IT-ийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой баг болон хувь хүнийг дэмжих Бизнес Инкубатор төслийн хүрээнд цахим хуудас зохион бүтээх, дизайн гаргах тэмцээнийг зохион байгуулж байна.

Уралдааныг зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагууд:

  • MKIT сургалтын төв
  • Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА
  • Нийслэлийн Мэдээллийн технологийн газар
  • Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар

Тэмцээний агуулга:

  • Өгөгдсөн логонд тулгуурлан өөрийн бүтээлч сэтгэлгээг харуулсан худалдааны цахим хуудсын wordpress темплет зохион бүтээх.

Оролцогчдын ур чадварыг шалгахын тулд бид бүтээлд дараах шаардлагыг тавьж байна:

  • Компани болон бүтээгдэхүүний танилцуулга хэсэгтэй байх.
  • Бараа захиалах алхмаас эхлэн төлбөр тооцоо хийгдэх алхам хүртэлх бүх үе шатуудыг агуулсан байх гэх мэт.

Бүтээлийг шалгаруулахдаа дараах зүйлсийг харгалзана.

  • Шинэлэг санаа, уран сэтгэмж
  • Өгөгдсөн хугацаанд хийгдсэн эсэх
  • Бүтээлийн загвар, дизайн
  • Бүтээл бүрэн ажиллагаатай байх (wordpress админ хуудаснаас шаардлагатай тохиргоог хийдэг байх)
  • Бэлэн plugin болон темплет ашиглахгүй байх
  • Дизайны онцлог, хөгжүүлэлт, нэвтрүүлэх боломж.

Анхаарах зүйлс:

  • Өөр хүний өмнөөс шалгаруулалтанд оролцох боломжгүй бөгөөд бүтээлийг оролцогч баг болон хувь хүнийг төлөөлж буй хүний жинхэнэ нэрээр хүлээн авна.
  • Бусад адил төрлийн шалгаруулалтын бүтээлүүдээс хуулбарлах, өөр хүний бүтээл болон нэрийг хулгайгаар ашигласан нөхцөлд бүтээлийг шалгаруулалтанд оролцуулах боломжгүй.
  • Өмнө нь арилжаалагдсан, одоо ашиглагдаж байгаа бүтээлийг шалгаруулалтанд оролцуулах боломжгүй.
  • Оролцогч нь нэгээс олон тооны бүтээлийг ирүүлэх боломжтой бөгөөд нэг баг болон хувь хүн нэг л удаа сонгогдох боломжтой. Иймээс олон тооны бүтээлийг ирүүлэхдээ бүтээл тус бүрийг бүртгүүлэх шаардлагатай.
  • Тэмцээнд ирүүлсэн бүтээлтэй холбоотой бүх хууль зүйн хариуцлагыг оролцогч хариуцах бөгөөд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийг зохион байгуулагч тал эзэмшинэ.
  • Шалгаруулалтанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгуурыг хангасан бүтээл байхгүй тохиолдолд шилдэг бүтээл шалгаруулахгүй бөгөөд шагналын агуулга өөрчлөгдөж болно.

Хамрах хүрээ:

  • Мэдээлэл Технологийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой,
  • Цахим хуудасхөгжүүлэх, цахим хуудсын дизайн гаргах чадвартай,
  • Бүтээлч нээлттэй сэтгэлгээтэй хүн бүхэн оролцох боломжтой.

Уралдааны хугацаа:

  • Бүтээл хүлээн авах хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл.
  • Шүүлтийн хариу гарах өдөр: 2017 оны 5 дүгээр сарын 15
  • Шагнал гардуулах өдөр: 2017 оны 5 дүгээр сарын 19

Жич : Шагнал гардуулах ёслолын хугацаа нь зохион байгуулагчдын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болно.

Шагналын сан:

  • Тэргүүн байр (баг болон хувь хүн): 2 сая төгрөг
  • Дэд Тэргүүн байр (баг болон хувь хүн): 1 сая төгрөг
  • Шилдэг 3-н байр (баг болон хувь хүн): тус бүр 500 мянган төгрөг
  • Нийт шагналын сан 4,500,000 төгрөг

Жич: Шалгаруулалтанд тэнцсэн баг болон хувь хүнд дараах боломжуудыг олгоно:

  • Бизнесийн дэмжлэг болон компаниа бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • MKIT сургалтын төвөөс нэг жилийн турш бизнес инкубатор төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэх
  • Оффисын өрөө, компьютер, сүлжээгээр үнэ төлбөргүй хангах
  • Гэрээнд үндэслэн MKIT төвөөс сар бүр үйл ажилгааны зардал (300,000₮-500,000₮) олгоно.

Цахим хуудас зохион бүтээх, дизайн гаргах уралдаанд хэрхэн оролцох вэ?

  • Бүртгэлийн маягт бөглөх (MKIT.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой.)
  • Бүтээлийг CD/USB-ээр авна.
  • Бүтээлийг MKIT сургалтын төв дээр хүлээн авна.

Холбоо барих:


Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр, Б корпус, 2 давхарт MKIT сургалтын төв

Утас: 70122999, 70122979

Цахим хуудас: www.mkit.mn, https://www.facebook.com/mkitcenter/

mkit.center@gmail.com

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл маргааш эхэлнэ

Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна.

Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм.

Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр буюу маргааш болох нийслэлийн Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болон энэ сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар оюутан цагдааг бүртгэх аж.

Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Таван толгойг зөв хөдөлгөж чадвал иргэдэд 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг олгох боломжтой болно

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Тодотголыг ОУВС-гийн шаардлагаар хийж байгаа. Зардлаа тана гэсэн шаардлагад хэр нийцүүлэв. Танасан гэж ярьж байгаа ч гэлээ наад зах нь сайдуудын багц нэмэгдсэн байна лээ.

-ОУВС-тай хамтарч ажилласнаар бид төсвийн сахилга батаа сайжруулж хөгжлийн зөв замд ороход нэг алхам хийлээ л гэсэн үг. ОУВС-гаас төсвийн зардлаа хас, орлогоо нэмэгдүүл, алдагдлаа бууруул гэсэн шаардлагыг тавьсан. мөн арилжааны банк, концессын гэрээнүүд, монголбанкинд олон улсын аудит хийлгэх шаардлагыг тавьсан байгаа. Эдгээр шаардлагыг хангахын төлөө ажиллаж байна. Сайдын багц 400 сая төгрөгөөр нэмэгдсэн асуудал бол Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн асуудлыг төсөв дээр татан авч сайдуудын багцад нэмж тусгасантай холбоотой. Бидний боломж, бололцоо ийм байгаа нь нөхцөл байдалд их нөлөөлж байна.

-Ингээд төсвийн тодотголоо баталчихаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах урьдчилсан бэлтгэлээ хангалаа гэсэн үг үү. Хөтөлбөр хэзээнээс албан ёсоор хэрэгжиж эхлэх бол, мөн эхний хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?

-Энэ сарын 28-нд ОУВС-тай тохиролцох захирлуудын хурал болно. Эхний ээлжинд Японы Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр 850 сая ам.доллар зээлж байгаа. Энэ зээл 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй байх юм. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулна. Харин ОУВС-гаас орж ирэх 400 сая гаруй ам.долларыг манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглах юм. Харин бусад донор орнуудаас орж ирэх зээлийг тодорхой төсөл, хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөж байгаа.

Японы зээлийг УИХ-ын дарга өнгөрсөн сард тус улсад айлчлах үеэрээ шийдвэрлэсэн. Японы төрийн дээд удирдлагуудын хувьд ОУВС-д заавал хамрагдах, олгох гэж байгаа зээлийг авч, эдийн засгаа тогтвортой байлгах, төсвийн алдагдлыг бууруулах талаар анхаарч ажиллах чиглэл өгсөн. Мөн улс төрийн тогтвортой байдал, гадаад улс орнуудтай хийсэн гэрээ хэлцэлдээ эзэн болж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулж байна лээ. Одоо бид энэ тал дээр анхаарч ажиллахаас өөр аргагүй. Хаа хаанаа хичээх хэрэгтэй.

-Манай хоёр улс иж бүрэн түншлэлтэй. Ойрын хоёр жилд хамтран аижллах төсөл, хөтөлбөрийн талаар яригдсан уу?

-Энэ жил хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байна. Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд гуравдагч хөрш болох Япон улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг улам гүнзгийрүүлэн, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байдаг. Монгол Улсын тогтвортой хөгжил, Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө эрхэм үйл хэрэгт Япон улс хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг айлчлалын үеэр илэрхийлж байсан. Бидний харилцаа стратегийн түвшинд хүртлээ өргөжин хөгжиж байгаа. Тиймээс үр ашигтай олон сайхан төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдлээ хэмээн ойлгож байна. Тухайлбал, нүүрс, химийн цогцолбор үйлдвэр байгуулах, нар салхи, хүрэн нүүрсний нөөцөд тулгуурлан зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчийг судлах боломж Монголд бий. Тав, арван жилийн дараа эдийн засгийн үр ашиг өгөх боломжтой төсөл хөтөлбөрт хамтран ажиллах асуудлуудыг хөндсөн.

-Японы айлчлалын дараа Бангладешт олон улсын парламентын холбооны чуулганд оролцоод ирсэн. Тэнд ямархуу хурал, уулзалт болов?

-Эмэгтэйчүүдийн санхүү, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чуулга уулзалт болсон. Манай улсын зүгээс хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийг төрийн болон төрийн бус байгууллагын санхүүгийн үйлчилгээ, дэмжлэгт өргөн хамруулах нь тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлагын нэг байдаг. Тиймээс мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн ядуурлыг бууруулах шаардлагатай гэсэн санал оруулсан. Уг хуралд манайхаас гадна 14 орон өөрсдийн саналыг дэвшүүлэн хэлэлцэхэд бидний дэвшүүлсэн санал дэмжигдсэнд баяртай байгаа. Мөн энэ арга хэмжээтэй давхцаад эмэгтэй парламентчдын 25 дугаар чуулган болсон юм. Үүнд би УИХ-ын эмэгтэй гишүүдээ төлөөлөн оролцоод ирсэн.

-Өнгөрсөн сард манай улс “Чалко” компанийн өрийг төлж дууссан. Одоо Таван толгойн уурхайг яаж хөдөлгөх юм бэ?

-Олон жилийн хугацааны өр төлбөрийг барагдуулсан. Одоо Таван толгойн зүүн цанхийн нүүрснээс орж ирэх ашиг, орлого цэвэр улсын төсөвт орж ирнэ. Өнгөрсөн хугацаанд нэг тонн нүүрсний үнэ 71.5 ам.доллар хүрсэн. Энэ бол тендер нэрээр биш ил тод нээлттэй сонгон шалгаруулалтаар, зөв менежмэнтээр нүүрсний үнийг өсгөж, нээлттэй зарчмыг баримтлах нь зөв гэдгийг харуулсан гэж бодож байгаа. Гэхдээ одоогоор уурхайн асуудал гишүүдийн хэлэлцэх асуудлын хүрээнд орж ирээгүй байгаа учраас яаж хөдөлгөх талаар мэдээлэл алга байна.

-Таван толгой дотоодын мэдэлд байхаар дэд бүтэц, төмөр замын асуудлаа шийдэж чадах болов уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт таван мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан шүү дээ. Тэдгээрээс гол ажил нь дэд бүтэц, төмөр зам. Одоо төсвийн алдагдлаа нөхөх хэмжээний зээл авч байна. Эдийн засаг сэргэх байх гэсэн найдлагатайгаар төсвийн тодотголоо баталлаа. Иймээс мега төслүүдийг энэ жилээс эхлэх бол яалт ч үгүй хөрөнгийн эх үүсвэр чухал шаардлагатай болно. Ямар эх үүсвэрээр хэрхэн яаж баригдах асуудлыг нээлттэй ярилцах байх. Мэдээж ямар нэгэн байдлаар дотоодын мэдэлд байх асуудлыг чухалчилна. Гэхдээ нөөц боломжоо сайтар тооцох чухал болчихоод байна.

-МАН 1072 ширхэг хувьцаанд ашиг ноогдуулах талаар ярьсан. Энийг яаж хэрэгжүүлэх юм бол?

-Тухайн компани хэдий хэмжээний ашигтай ажилласан байна, түүнийгээ компанийнхаа ирээдүйн үр ашгаа өгөх хөрөнгө оруулалтад зарцуулах уу эсвэл ноогдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ хүртээх үү гэдэг асуудал ТУЗ-ийн шийдвэрээс хамаарна. Ямар ч байсан “Чалко” компанийн өрийг барагдууллаа. Одоо гэхдээ “Эрдэнэс Таван толгой” өөрөө маш их хэмжээний өртэй юм билээ. Тэр өрөө барагдуулах байх. Түүнээс давсан илүү хэсгийг нь төрд хувьцааны ноогдол ашиг хэлбэрээр хуваарилах болов уу. Хэрвээ ингэж чадвал иргэддээ 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг олгох боломжтой болно. Хэрвээ нүүрсний үнэ гадаад зах зээл дээр боломжийн байгаад урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж чадвал сайхан ирээдүй харагдаж байгаа. Бас гол асуудал нь компанийн үрэлгэн зардлыг танах, зогсоох, бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх нь юу юунаас илүү чухал.

-Таван толгойн үндсэн үйлдвэрлэл хөдлөх үед улсын төсөвт яаж нөлөөлөх бол, мөн үүнийг дагаад орон нутагт ямар хэмжээний ашиг өгч ажлын байр яаж нэмэгдэх вэ?

-Орон нутагт ажлын байр нэмэгдэх асуудлыг байнга ярьж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-г түшиглэсэн ажлын байр бараг нэмэгдэхгүй байна. Орон нутгийн иргэд “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Таван толгойн үндсэн үйлдвэрлэлийн асуудлыг авч үзэх ёстой. Хэрвээ энэ хөдөлбөл мэдээж улсын болон орон нутгийн төсөвт нөлөөлөлгүй яахав. Одоо гэхдээ орон нутгийн төсөв улстөрчдийн хараанд байгаа. Төсвийн тогтвортой байдал, доороос дээш чиглэсэн төсвийн бодлого, төсвийн төлөвлөлтөд бид анхаарлаа хандуулах цаг болсон.

-Уурхайн жолооч нар Хятадаас оруулж ирсэн мими гэх мансууруулах бодис хэрэглээд байгаа. Бараг дийлэнхийнх нь хэрэглээ болсон шиг байна лээ. Үүнийг цаашид хэрхэх вэ?

-Миний УИХ-ын чуулган дээр хөндөн ярьж, анхаарлаа хандуулж буй асуудлын нэг нь мими. Зөвхөн жолооч гэлтгүй иргэдийн ердийн хэрэглээ болж байгааг бид зогсоох хэрэгтэй. Чуулганы хуралдаан дээр яриад зогсохгүй ажил хэрэг болгож гүйцэтгэл үр дүнг тооцох хэрэгтэй. Манай аймгийн ЗДТГ-аас санаачлан бүх хууль хяналтын байгууллагуудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хэлэлцүүлэгт би өөрөө очиж оролцсон. Шат, шатны байгууллагаар дамжуулан хууль эрх зүйн орчинд тусгах, мансууруулах эмийн жагсаалтад оруулах хэрэгтэй. Энэ түвшинд Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавиад ажиллаж байна. Үүнийг бүрэн хориглох, хууль эрх зүйг сайжруулах хэрэгтэй.

-Өмнөговьчуудын санааг зовоож буй бас нэг асуудал нь Тост, Тосон бумбын нуруу. Б.Чойжилсүрэн сайдын уурхай дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж байна гэж шуугиад байгаа биз дээ?

-Тост, Тосон бумбын нурууг 2015 онд Засгийн газрын шийдвэр гарч хилийн цэсийг 100 мянга орчим га талбайгаар нэмэгдүүлсэн. Уг шийдвэрт би төдийгүй манай нутаг орныхон их талархалтай байгаа. Хэдий ийм ч уурхайн асуудал иргэдийг бухимдуулж байна. Би өнгөрсөн долоо хоногт Гурвантэс сумын иргэдтэй уулзаж Тост тосон бумбын шийдвэрийг танилцуулсан. Аймаг, сумын удирдлагууд Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төлөөлөл очиж хамтдаа газар дээр нь ажилласан юм. Иргэдийн хувьд уурхайн олборлолт шинээр эхлэхтэй холбоотой асуудлыг эсэргүүцэж байгаа. Санал бодлоо ч бидэнд хэлсэн.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч хэн ч биш болж, Ерөнхий сайд улсаа удирдана

-ҮНДСЭН ХУУЛЬД ИЙМ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА-

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тогтоолыг баталсан билээ. Санал асуулга зургаан сэдэвтэй. Эхнийх нь УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах тухай ажээ. Энэ дотроо Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгохыг тусгасан байна. Мөн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах аж. Санал асуулгын хоёр дахь сэдэв нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой. Монгол Улсын Төрийн тэргүүний эрх мэдлийг хумьж, зөвхөн бэлгэ тэмдэг төдий байхаар санал оруулжээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. Улиран сонгогдохгүй. Төрийн тэргүүнийг бүх ард түмнээс биш УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох хувилбар санал асуулгад тусгагджээ. Төрийн тэргүүний зарим бүрэн эрхийг өөрчлөх саналд түүний хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах юм байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдэв нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэхэд чиглэгджээ. Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус болгож, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох гэнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх нь ээ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглосон заалтыг Үндсэн хуульд нэмж оруулах юм байна. Мөн дөрөв дэх санал нь засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх.

Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Үндсэн хуульд бэхжүүлэх гэнэ. Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох аж. Мөн санал асуулгад төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлуудыг тусгасан байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэнэ.

Санал асуулгад багтсан бас нэг сэдэв бол хоёр танхимтай парламент байгуулах асуудал. Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага нь УБХ гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах юм байна. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан дээрх саналуудын талаар Үндсэн хууль судлаач, УБХ-ын гишүүн Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгыг зургаан сэдвийн хүрээнд явуулахаар болсон байна. Санал асуулгыг ямар байдлаар хийхийг эхлээд сонирхъё?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой. Зөвлөлдөх санал асуулга бол Монгол Улсын практикт хэрэглэж байгаа анхны алхам. Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санамсаргүй түүврийн аргыг хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд 1570 орчим хүнийг сонгосон. УИХ-аас баталсан санал асуулгын зургаан сэдвийн асуултыг Статистикийн үндэсний хороо боловсруулсан. Санал асуулгад оролцсон 1570 орчим хүнийхээ талыг нь дахин санамсаргүйгээр сонгоно. Ингээд 750-иад хүний дунд мэдээлэл солилцох уулзалтыг энэ сарын 29, 30-нд зохион байгуулна. Тэд зургаан сэдвийг гурав, гурваар нь энэ хоёр өдөрт хэлэлцэх юм. Санал асуулгад оролцогчдод хэлэлцэх сэдвийн дагуух материалуудыг урьдчилж өгч, мэдээллээр хангасан байна. Ингээд эхний сэдвээр илтгэгч танилцуулсны дараа 750 орчим хүн 15-аараа хэсэг болоод хэлэлцүүлэг явуулна. Тэгэхээр 50 орчим жижиг хурал болж, мэтгэлцээн өрнүүлнэ. Дараагаар нь санал асуулгад оролцогчдын асуултад экспертүүд хариулах юм. Харилцан мэдээлэл солилцсоны үндсэн дээр харанхуй тавьсан асуулгад 750 хүн хариулна. Бэлэн болсон материалыг тусгай программынхаа дагуу Статистикийн үндэсний хороо эцсийн дүнг нь гаргана. Олон нийтийг төлөөлөх Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн маань тус байгууллагаас гаргасан тайланг үндэслэн УИХ-д зөвлөмж, санал хүргүүлнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал гарах юм бол УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том комисс байгуулах юм. Энэ комисс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах жинхэнэ текстийн бичнэ. Агуулга нь ерөнхийдөө энэ зургаан сэдвийн хүрээнд тодорхойлогдоно. Комисс байгуулагдах юм бол төслөө боловсруулж таарна. Төслийг УИХ батална.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ бүх ажлыг зохион байгуулах уу?

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдгийг баталбал Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь нийт ард түмэнд санал асуулга явуулах юм. Хэрэв нийт ард түмний 50-иас дээш хувь нь зөвшөөрөх юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

-Манай улс парламентын тогтолцоотой. Санал асуулгад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хувилбар яригдаж байгаа юм байна. Үндсэн хууль судлаач хүний хувьд та энэ саналд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хомс байна. Янз бүрийн давхцалууд их байгаа. Судлаачид ч үүнийг хэлдэг. Амьдрал дээр ч харагдаж байна. Жишээлбэл, манайх парламентын засаглалтай улс гэдэг утгаар Ерөнхий сайдаа УИХ нь томилдог. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг сулруулж байгаа хамгийн ноцтой зүйл нь бусад сайд нарыг толгой дараалан Их хурлаар хэлэлцэж томилдог явдал. Энэ эрх мэдлийг Ерөнхий сайдын гарт нь өгье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, кабинетаа өөрөө мэдэж бүрдүүлдэг байх асуудал л даа. Харин батламжлах эрх нь Ерөнхийлөгчид байна. Сайдуудаа томиллоо гээд оруулахад Ерөнхийлөгч батламжилдаг байх. Хамгийн чухал зүйл бол эрх мэдлийг тэнцвэржүүлэх замаар бага эрх мэдэлд нь их эрх мэдэлтэйгээ тараах. Тэрэндээ хариуцлага тооцох тухай механизм байдаг л даа. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбогдоод дараагийнхаа Ерөнхий сайдыг томилж чадахгүй удвал Ерөнхийлөгч парламентыг тараадаг механизмыг бүрдүүлье гэдэг санаа явж байгаа юм. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс Ерөнхийлөгч зулгаагаад байдаг асуудал бий. Ялангуяа парламент Ерөнхийлөгч хоёр нэг нам давамгайлбал бие биедээ хайртай байдаг. Хуваарилсан эрх мэдлийг Ерөнхийлөгч рүү өгчихдөг. Ийм асуудал байна. Ялангуяа Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх шийдвэрт хориг тавьдаг эрх мэдэлтэй. Тийм болохоор хууль санаачлаад давхиад байдаг. Үүнийг нь хасъя гэж байгаа юм. Өөр нэг яригдаж байгаа зүйл бол Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй байна. Энэ тохиолдолд улс төрийн хавчилга үүсэх эрсдэлтэй. Тиймээс Ерөнхийлөгч чиглэл өгдгийг болиулах тухай санал асуулгад явж байгаа.

-Ерөнхийлөгч хэн ч биш, зөвхөн бэлгэ тэмдэг төдий болж, Ерөнхий сайд улсаа удирдах хэмжээний бүрэн эрх мэдэлтэй болох нь ээ?

-Тийм. Парламентын бүгд найрамдах улсын шинж маягтай болно. Ерөнхийдөө бүх эрх мэдэл Ерөнхий сайдад очно. Гэхдээ Ерөнхийлөгчид ч тодорхой хэмжээний эрх мэдэл үлдэх болов уу. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн даргаа хийх байх.

-Ерөнхийлөгч шүүх засаглал талдаа шууд томилгоо хийх эрхтэй байдаг. Энэ эрх мэдэл нь хэнд шилжих вэ?

-Санал асуулгад шүүхийн томилгоог тодотгох асуудал байгаа. Шүүхийн томилгоог нэг улстөрчийн гарт өгөхгүй байх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, ганцхан Ерөнхийлөгч өөрөө мэдээд томилоод байх биш. Механизмыг сайжруулах хэд хэдэн санал байгаа л даа. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тухайд тэнд хэн, хэн байх ёстой юм бэ гэдэг асуудал бий. Одоо шүүгчдийг УИХ-д танилцуулаад л томилчихдог. Тэгвэл шүүгчдийг парламентад танилцуулахад Их хурал дэмжсэн нөхцөлд томилдог асуудлыг хөндсөн санал байгаа.

-Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгох санал байна лээ. Энэ хувилбар нь манай улсын нөхцөлд хэр тохиромжтой вэ?

-Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгоно. Тухайн иргэн төрийн тэргүүнээр нэг удаа л сонгогдоно. В.Путин, Д.Медведев хоёр дундаа түр завсарлагаатай сонгогдоод байдаг шиг байдал гаргахгүй гэсэн үг л дээ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналд Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгохыг нь болиулах заалт орсон байна лээ. Тэгэхээр олонхи болсон намаас Төрийн тэргүүн шууд сонгогдох юм биш үү?

-Санал асуулгад байгаа нэг эгзэгтэй зүйл нь энэ юм. Их хурлын 76 гишүүн, аймаг нийслэл, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүд гээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчийг сонгох хувилбар орж ирсэн. Үүний муу тал нь Ерөнхийлөгч аль намаас сонгогдох нь тодорхой болчихож байна. Сонгууль явуулаагүй байхад аль намаас дэвшсэн Ерөнхийлөгч сонгогдох нь тодорхой болох дутагдалтай. Сайн тал нь гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гээд томоохон хөрөнгө гарахгүй байж болох юм.

-Улс төрийн тогтолцооны замбараагүй байдлыг улс төрийн намууд бий болгосон. Үүнийг яаж засч, сайжруулах уу?

-Санал асуулгад төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх тухай сэдэв бий. Энэ бол нэлээд маргаан дагуулах, болгоомжтой хандах асуудлын нэг. Парламентын эрх мэдлийг өөр тийш нь шилжүүлэхэд үүний хариуд хуулиар хамгаалагдсан өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах тогтолцоог УИХ-д бүрдүүлэх эрхтэй гэсэн яриа байсан. Энэ асуудал бол ойлгомжгүй хэлбэрээр санал асуулга дотор ороод ирсэн. Их л сайн боловсруулагдсан юм орж ирж байна гэж бодож болохгүй. Алийг нь дэмжих үү, алийг нь хасах уу гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэй.

-Манай улс хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжвэл иргэдийн хяналттай төр бий болно гэж судлаачид үздэг. Санал асуулгад дээд, доод танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах сэдвийг багтаасан байна лээ. Харин та ямар бодолтой байна?

-Монгол шиг хүн ам цөөтэй, их газар нутагтай оронд засгийн ажиллах чадвар хурдан байх шаардлагатай. Энэ бол чухал үзүүлэлт. Харин ийм бие биеэ хүлээсэн хоёр танхим зохисгүй. Ард түмний санаа бодлыг тандъя гэсэн зорилгоор хоёр танхимтай парламентын тухай сэдвийг санал асуулгад оруулсан байх. Хоёр танхимтай парламентын түүх бол төлөөлөгчдийн танхим нь нийтийн эрх ашгийг хамгаалдаг нь. Түүхэндээ дээд танхим гэдэг бол нэлээд нөлөөтэй, баячуудын эрх ашгийг хамгаалах зорилготой бий болсон байдаг. Тиймээс хоёр танхимтай болоход Үндсэн хуулийг шинээр бичихээс өөр арга байхгүй. Нэг танхимтай байлаа гээд нийтийн эрх ашиг хохирно гэдэг нь өрөөсгөл юм.

-Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх сэдвээр санал асуулга явуулах юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Үндсэн хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр аймаг, нийслэлд хуваагдана. Аймаг нь дотроо суманд, сум нь баг болж задардаг. Нийслэлийн хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Үндсэн хууль батлагдахаас өмнө Дархан, Эрдэнэт нь улсын чанартай хотын статустай байсан. Улаанбаатарын дараа орох энэ хоёр том хот аймгийн дотор байрладаг. Эрдэнэт бол Булган аймгийн, Дархан нь Сэлэнгэ аймгийн нутагт багтдаг. Байгалийн баялгийг ашиглах асуудал үүсч байсан болохоор 1992 оны Үндсэн хуулиар нутаг дэвсгэрийг нь одоогийнхоор хуваасан. Аймгийн төвүүд жижиг ч гэсэн хотууд мөн шүү дээ. Гэтэл одоо сум нэртэй болсон. Тосгоныг бүр мартсан. Тэнд суурин иргэншлийн элементийг ямар нэгэн байдлаар орхигдуулсан. Одоо үүнтэй холбогдуулаад санал асуулгад улсын чанартай хотыг санал болгож байна. Дархан, Эрдэнэт хоёрыг улсын чанартай хот болгоно гэж байна. Энэ бол 1992 оныхоо зовлон руу эргээд очъё гэж байгаа юм. Харин аймгийн төвүүд бол хот байх ёстой. Нэг аймагт хэдэн ч хот байж болно гэдэг ийм асуудал ороод ирсэн байх жишээтэй. Энэ бол Их хурал дээр ороод ирсэн санал. УИХ хагалуулъя гэдэг байдлаар уг санал асуулгыг оруулж ирсэн байх. Ер нь санал асуулгад багтсан зургаан сэдэв бол Үндсэн хуулийг ингэж өөрчилье гэсэн санааг агуулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, учир зүйг нь олоод аль болох зөв сонголт хийх нь ач холбогдолтой.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү хаданд гарах үе буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг ажиг

ЭХЛЭЛИЙН ОРОНД

“Ноосоо тушаачихлаа, ажлаасаа халагдаж, авгайгаасаа салчихлаа” гэдэг монгол хэнэггүй зангаар ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдахын өмнө Төсвийн тодотголоо баталчихлаа, тулчихаад байсан өрнүүд түр амсхийлгэж байна гэж болохоор үе ирэв үү дээ. Гэтэл бас биш юм аа. Нөгөө Ерөнхийлөгчийн сонгууль хаяа хатгаад ирчихжээ. Дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр сар гаруйхан хугацаа үлдээд байна. Намуудын дотор гэлтгүй нийгэмд энэ удаад хэн, хэн нэр дэвших бол, хэн дараагийн Ерөнхийлөгч болох бол гэсэн яриа хөөрөө ч дуулдаад эхэлжээ. Ардчилсан намынхан дотоод сонгуулиа дөнгөж хийгээд дуусчихсан, ерөнхийдөө шинэчлэл тун давгүй боллоо гэж өөр хоорондоо ярьж байгаа дуулдана. Зарим нэг газар нь сонгуулийн дүн гарахгүй, бусад хорооддоо сураггүй байсан нөхөд төгсгөлийн хайрцгийн саналаараа өм цөм ялаад эхэлсэн гэсэн шүүмжлэлийг эс тооцоход АН-ын бодлогыг тодорхойлох бүрэлдэхүүн хэсэг нэлээд өөрчлөгдсөн. Хуучин дарга нарыг нэр дэвшүүлэхгүй байхаар зориуд бодлого гарсны хүчинд бас ч шинэчлэлийн салхи орлоо гэх хүмүүс байгаа. Нөгөө талаас фракцууд нэр бүхий хүмүүс араа хөлөө нэмэхийн тулд нэлээд анхаарч ажилласан гэх яриа ч сонстсон. Юутай ч даргаар очсон хүмүүс нөлөөллөө алдахгүйн тулд ҮЗХ-оо хуралдуулахгүй олон жил болдог тэр гажиг энэ удаад засагдлаа. С.Эрдэнэ дарга намын дотоод сонгуулиа хийж, АН-ынхан ялагдлын дараахь шинэ хүмүүсээр хүч сэлбэв. Мэдээж 389 гишүүний 30-40 хувь нь Шонхор фракц гэгдэж буй. Харьцангуй хүчний хуваарилалт тэнцүү хуваагдлаа гэж ажиглагчид үзэж байна лээ. МҮДН тоогоо багахан ч гэсэн нэмж, МоАХ, мөн Нэг ардчиллыг багтаасан МОАН гэхчилэн дараалжээ. “Алтан гадас”-ын хүч илэрхий суларсан ч бас ч гэж төлөөлөл нь багтжээ. АН-ынхан ийнхүү дотоодын асуудлаа цэгцэлж байгаа бол үлэмж олонхи болсон гэгдэж буй МАН-ынхан УИХ дотроо багагүй хагаралтай суугаа. Гэхдээ үүнийг хагарч байна гэхээсээ зүй тогтол гэж болно. Улс орны томоохон асуудал дээр яах аргагүй хуваагдаж байгаа бөгөөд энэхүү хуваагдал бага багаар хураагдсаар цаашдаа юу дагуулахыг хэлэх аргагүй. 65 гишүүнтэй бүдүүн бүлэг гэхдээ нэг санаагаар бүгдийг шийдээд байна гэж ч юу байхав. Өчигдөр гэхэд олонхийн бүлгийнхэн Засгийн газар, сайдын сонирхол санаачилгаар томоохон асуудлуудыг шийдээд байдаг нь буруу гэж үзээд концессын гэрээ байгуулах эсэхийг Засгийн газар биш харин УИХ мэдэх ёстой гэсэн шийдвэрт хүрчихлээ. Ер нь бүлэг дотроо Засгийн газрын оруулж ирсэн бүрийг сайн гэж гар өргөн шийдэхгүй, харин нэлээд шахаж ажиллах ёстой хандлага давамгайлаад байгаа ажээ. Тэр нь ч өчигдрийн нэлээд ширүүн болсон бүлгийн хурлаас тод харагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “Чи Монголын Ерөнхий сайд юм уу, МАК-ийн Ерөнхий сайд юм уу” гэж загнасан аж. Ерөнхийдөө эрх ашигт үйлчлээд байгаа, ашиг сонирхолтой нөхдөө шүүмжлэх, бодлогыг нь унагаж анхааруулга өгөх хандлага эднийд давамгайлжээ. Энэ байдал ч цаашдаа нэлээд үргэлжилж, эргээд нам дотроо ч томоохон өөрчлөлтөд хүргэхийг үгүйсгэх аргагүй. Эргээд Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудалдаа эргэж орцгооё. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй байдагчлан өнөө жил 2013 оны сонгуулийн адил МАН, АН, МАХН гэсэн гурван намаас нэр дэвшигч тодрох боломжтой.

АН

АН-ынхан уг нь нэр дэвшигчээ сунгаагаар тодруулдаг уламжлалтай. Харин оны эхэнд намын даргаа сунгаагаар тодруулсан тэдний хувьд энэ удаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ “сунгахгүй”. Сунгаа энэ тэр нь ямар нэгэн хуулийн заалтыг санаатай хийгээд санамсаргүй зөрчсөн ялд унаж, алдаа гаргачих вий. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхгүй болчих вий гэсэн давхар, давхар болгоомжлолын үүднээс тэд сунгаанаас татгалзжээ. Тэгээд ч сунгаагаар өөр хоорондоо хэмлэлдээд юун цаашаа өрсөлдөх манатай нэр хүнд нь хог дээр үлддэгийг тооцоолсон байж болзошгүй. АН-д одоогийн байдлаар арваад хүн нэр дэвшихээр дуулдаад байгаа. Хамгийн анх АН-аас экс дарга Н.Алтанхуяг нь нэр дэвшихээ илэрхийлсэн билээ. Одоо ч тэр байр суурь дээрээ хатуу байгаа аж.

Түүнээс гадна Э.Бат-Үүл, Лу.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Б.Баабар нар нэр дэвшихээ илэрхийлсэн. Мөн Г.Батхүү, Р.Амаржаргал, Х.Баттулга нарыг нэр дэвших хүмүүс гэгдэж буй. Ер нь бол маш олон хүн нэр дэвших санаа зүүж байна. Өнөөдрийн байдлаар АН-д хэн нэр дэвшихийг шийдэх гурван хүн бол С.Эрдэнэ, З.Энхболд, Х.Баттулга нарыг гэж үзэж байгаа. Саяхан бүрэлдсэн ҮБХ-ны 70 хувийг “Шонхор”, МоАХ бүрдүүлж байгаа гэж үзвэл үнэхээр энэ гурван хүн мэдэж таарна. Хэрэв Женко Х.Баттулга үнэхээр хүсч байвал түүнд ногоон гэрэл асна. Э.Бат-Үүлд боломж бас бий. Д.Дорлигжав өөрийнхөөрөө пиараа хийж “Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно” гэж хэвлэлийн хурал хийж байгаагаас харвал бодитойгоор үүнд тэмүүлж байгаа нь харагдана. Харин Б.Баабарын “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” гэсэн нийтлэл намынхан байтугай ард иргэдэд хүчтэй нөлөөлж чадсан. Нээрээ эрх мэдэлтэй байгаагүй, эрх мэдэлтнүүдийг хүний өөрийн нам гэлтгүй шүүмжилж чаддаг түүний төрийн эрх мэдлийг ашиглан өөрсдөдөө үйлчилдэг хүмүүсийн эсрэг хамтдаа тэмцье гэсэн нь олон хүнд таалагдсан. Гэхдээ намын дарга С.Эрдэнэ байгаа тохиолдолд өөрийг нь үргэлж шүүмжилдэг Баабарыг нэр дэвшүүлэх нь юу бол. Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн магадлалтай бас хүлээлттэй хүн гэж үргэлж яригддаг Р.Амаржаргал өөрөө ямар нэг байдлаар нэр дэвших эсэхээ илэрхийлээгүй байгаа. Гэхдээ түүнийг АН-аас нэр дэвшигчдийн хураангуйлсан жагсаалтад дээгүүрт байна гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа. Хэрэв намаасаа гарч чадвал хамгийн шанстай нэр дэвшигч нь үнэн. АН-ын шинэхэн дарга С.Эрдэнэ ялагдлыг буухиалан үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдгийг батлан харуулах Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай оролцох талтай. Хэдийгээр хэвлэлээр түүнийг эрх баригчидтай хуйвалдан сул хүн хаяж өгч магадгүй хэмээн хардаж байгаа ч С.Эрдэнэ гэдэг хүний өөрийнх нь зан чанар бууж өгөх дургүй учраас юу л бол. Харин олон эрх ашгийн огтлолцол дээр хүнээ тодруулах болов уу. Р.Амаржаргалтай адил намаасаа гарч чадвал хүчтэй нэр дэвшигч болно гэгдэж байгаа хүн Н.Алтанхуяг. АН-ынхны унасан нэр хүнд сөрөг хүчин болоод ч өсч чадахгүй байгаа ч олон нийтийн дунд Н.Алтанхуяг ажлыг хийж чадсан Ерөнхий сайд гэсэн имижтэй. АН-ын хувьд тухайлсан судалгааг хийгээгүй ч судалгааны байгууллагуудын гаргасныг анхааралтай ажиж байгаа гэсэн. Түүгээр бол Р.Амаржаргал, Н.Алтанхуягаас гадна Х.Баттулгын нэр хүнд өндөр байгаа гэж гарчээ. Гэхдээ АН-ын нэр дэвшигчийн хувьд судалгаанаас гадна дэнчингийн мөнгөө төлөхөөс эхлээд шалгуур их бий. АН-ын даргын сунгааны дэнчин 250 сая төгрөг байсан бол нэр дэвшигчийнх 150 сая төгрөг болох сурагтай. АН-ынхан нэр дэвшигчдээ ирэх сарын 2 гэхэд бүртгэж дуусахаар төлөвлөсөн бөгөөд түүнээс наана мөрийн хөтөлбөрт юу багтах, нэр дэвшигчийг ямар журмаар тодруулахаа тодорхой болгох аж. Сунгааныхаа оронд аймаг, дүүргийн намын хороогоо сум, хорооны гишүүдээр өргөтгөөд хамгийн магадлалтай 2-3 нэрийг тодруулж, Их хурлаараа шийдэх төлөвтэй байна. Хуульд зааснаар нэр дэвшигчдээ ирэх сарын 2-6-ны хооронд тодруулах ёстой учраас намууд 5-6-наас нэр дэвшигчдээ тодорхой болгоно.

МАН

Нэр дэвшигч нь хамгийн тодорхой гэгдэж байсан МАН-д одоогоор юу ч тодорхой биш байна. Уг нь өнгөрсөн сонгуулийнхыг эс тооцвол МАН-аас намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг байв. Бас хэд хэдэн хүнийг өрсөлдүүлж биш тодорхой нэг хүний нэрийг явуулдаг байлаа. Харин энэ удаад хэрхэх бол. Уг нь МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвших нь тодорхой гэж намын энгийн гишүүд, олон нийт бодож байгаа. Өөрөө ч үүнийг нэлээд эртнээс тооцоолж бэлдэж байсан нь үнэн. Сүүлийн үед тооцоо жаахан өөр болж байж магадгүй байна. Нэр дэвшихийг хүсэх юм бол тэр шууд нэр дэвшигч болно. Хүсэхгүй бол Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын нэр бас байгаа. Батлан хамгаалах салбарт гараад байгаа асуудлууд нь Б.Бат-Эрдэнэ сайдыг нэр дэвших байтугай огцрох асуудлыг хөндөхөд хүрсэн учраас худлаа болж байх шиг байна. Ц.Нямдоржид Ерөнхийлөгчид нэр дэвших амбиц бий. Бас тэрбээр олон нийтэд нэр хүнд сайн байгаа ч намын удирдлагууд дэвшүүлэх нь юу л бол. Ер нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээр эртнээс тооцоолж байсан М.Энхболд даргыг юу тээнэгэлзэхэд хүргэв. Улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байгаагаас МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших магадлалтай болсон нь түүнийг болгоомжлоход хүргэжээ. Нэгэн үе сайн ойлголцол харилцаатай байсан хоёр Э Эрдэнэтийн 49 хувиас болж хоёр тийшээ харснаар гурав дахь Э-д нэр дэвших боломж гарч байгаа гэх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд суух хувьтай төрсөн хоёр Э буюу дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Тэрэлжид уулзсан тухай яриа МАН-ынхан дунд барим тавим яригдаж байна. Тэдний уулзалтаас болж М.Энхболд дарга Ерөнхийлөгчийн тамгыг барих боломжоо ашиглах эсэхээ бодож байгаа бололтой. МАН-ынхны хувьд АН-аас ялгаатай нь судалгааг тогтмол явуулж байгаа ажээ. Судалгаагаар Ц.Нямдоржийнх өндөр байсан хэдий ч тогтмол бус дээшээ, доошоо савлагаатай байдаг гэнэ. Харин намын дарга М.Энхболдынх аажим ч гэсэн өсч байгаа ялгаа байгаа дуулдсан. Сонгуулийн сурталчилгаа богино, ердөө 18 хоног байгаа тул савладаг рейтинг эсвэл хэт өндөр рейтингтэй орох аюултай байдаг. Санал авах хугацаа доош савласан үед таарвал ихээхэн эвгүй талтай. Ц.Нямдоржийнхтой адил байдал Р.Амаржаргал дээр гарч ирэх талтай гэдгийг судлаачид ярьж байна. МАН-ын нэр дэвшигчдийн байдал нэг ийм. Хэрэв намын дарга нь нэр дэвшихээ больсон тохиолдолд өмнө нь намын дарга хэрнээ нэр дэвших боломжоо ашиглаагүй Ө.Энхтүвшинд ирэх талтай. МАН-ын тухайтад АН шиг хүмүүс уралдуулахгүй нэг хүний нэрийг оруулж ирж магад. Бага хурлын тов ирэх долоо хоногоос зарлагдах сурагтай байна.

МАХН

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт нэр дэвших боломж яригдахтай зэрэгцээд хамгийн их хаданд гарч байгаа хүн бол О.Баасанхүү гишүүн. Оймсонд наалдсан бөөс үсрээд УИХ-д ороод ирсэн гэж хэлэгдэж байсан ч 2016 оны сонгуулиар намаасаа ганцаараа гишүүн болж чадсанаар МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлэх эрхийн бичиг болсон нь үнэн юм. Сүүлийн өдрүүдэд МАН-ынхан ч, АН-ынхан ч түүнийг намдаа урвуулах их аянд гарчээ. Орой болгон хоолны урилгатай байгаа гэх. Хэрэв тэр МАХН-аас гараад аль нэг намд нь элсвэл МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд уралдах эрхгүй болно. Үнэндээ гудамжинд явсан О.Баасанхүүг ингэж томрох боломжийг гаргаж өгсөн хүний хувьд Н.Энхбаяр дарга тэсэлгүй түүнийг урвагч энэ тэр гээд уурлаад авсан сурагтай. Одоогийн байдлаар О.Баасанхүү ямар зан гаргаж, ямархуу шийдвэрт хүрэхийг хэн мэдэхэв. Харин нэр дэвших боломж яригдаж эхэлсэн цагаас хойш Н.Энхбаяр нуувчинд орох маягтай нам гүм байгаа юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирчихсэн байхад намууд бужигналдахгүй байгаа нь сүүлийн үед яригдаад байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалтай ямар нэг байдлаар холбоотой гэж үзэгсэд байна. М.Энхболд дарга үнэхээр өөрөө нэр дэвших байсан бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг сонгуулийн дараа хийх байсан бас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ингэж шахахгүй байх талтай билээ. Харин өөрөө нэр дэвших бодлоо орхисон учраас энэ өөрчлөлтийг хийх гээд байж магадгүй юм. Нөгөө намуудаас нэр дэвшихээр ярьж байсан хүмүүсийн эрч саарсан нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл шууд хумигдахтай холбоотой гэж таамаглаж болох. Ярьж байгаа хувилбараар Ерөнхийлөгч ямар нэгэн томилгоо хийхгүй, хууль санаачлах эрхгүй болно гэхээр жинхэнэ утгаараа бэлгэ тэмдэг болно. Нөгөө шүүгч, прокурорыг томилдог нь алга болно гэсэн үг шүү дээ. Харин Ерөнхий сайд УИХ-аас томилогдмогцоо өөрөө кабинетаа бүрдүүлдэг, цаашлаад УИХ-ыг ч тараадаг эрх мэдэлтэй болгох талаар хөндөж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг чадамжгүй гэж үзвэл тарааж, сонгуулийг наана нь зохион байгуулж өөрөө нэр хүнд өндөр байвал ялалтыг авч, үгүй бол гудамжинд гардаг сонгодог парламентад байдаг хувилбар яригдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших, хэн хүсч хэн болихтой холбоотойгоор үйл явдал ийнхүү өрнөхөөр байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жагар: Туул гол руу жирийн иргэд очих ямар ч боломжгүй болчихсон. Ганц очдог байсан ард түмний талбайг хүртэл булаагаад авчихлаа шүү дээ

Б.Жагар зурган илэрцүүд“Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд шаардлага хүргүүлээд байгаа. Тус хөдөлгөөнөөс Туул голын эрэг дагуу хууль бусаар газар олгосон. Нам бүлэглэл дамжсан төрийн томоохон албан тушаалтнууд Туул голын эрэг дагуух газрыг өмчилж аваад байгааг эсэргүүцэж, газрын зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж. Энэ талаар “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагартай уулзаж ярилцлаа.


-Та бүхэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд Туул голтой холбоотой асуудлаар гурван төрлийн шаардлага хүргүүлээд байгаа юм байна лээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Туул гол таван аймгийн 37 сумын нутгаар дайран өнгөрч, 700 гаруй километр газарт урсдаг. Нийслэлчүүдийн ундны усны 90 гаруй хувийг хангадаг. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувийн ундны усыг бүрэн хангаж байна. Эрт цагаас өнөөдрийг хүртэл Туул гол түүхийн хуудсаар холбогдож ирсэн ач холбогдолтой гол. “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-өөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд Туул голтой холбоотой гурван төрлийн шаардлага хүргүүлээд байна. Туул гол Монголын ард түмний дундын өмч. Жилийн дөрвөн улиралд Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд Туул голын эрэгт очиж чөлөөтэй агаар амьсгалж, амарч зугаалах, гэр бүл, найз нөхдөөрөө тоглож, цагийг өнгөрөөх газар байх ёстой. Гэтэл нийслэлчүүд бид Туул голд очиж амрахын тулд хэн нэгэн компанийн өмчилж авсан газар, хашаагаар давж орж байна. Эрх мэдэл албан тушаалтай хүмүүсийн хууль зөрчиж өмчилж авсан газраар дамжиж орж байна. Нийслэлчүүд Туул голдоо сүүлийн хэдэн жилд очиж чадахгүй болчихсон. Хүн орох зай завсаргүй болтол нь эрх мэдэл бүхий хүмүүс хашаа хатгаад газрыг нь хууль бусаар өмчлөөд авчихсан байдалтай байна. Монгол Улсад өмчилж болдоггүй хэдхэн зүйл байдаг. Энэ нь газар нутаг. Хуулиар иргэн бүрт 0.7 га газрыг үнэ төлбөргүй эзэмших гэрчилгээ олгодог. Ингэхдээ тусгай хамгаалалттай бүс нутаг, Туул голын сав газраас өөр газарт амины зориулалтаар газар олгодог. Гэтэл Туул гол өөрөө гурван хамгаалалтын бүсэд хуваагддаг. Онцгой хамгаалалтын бүс 50 метр, эрүүл хамгаалалтын бүс 100 метр, Энгийн хамгаалалтын бүс 200 метр. Энэ гурван бүсэд хамаарсан газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд маш тодорхой хуулиндаа заагаад өгчихсөн. Туул голын эрэг дагуу гурван хамгаалалтын бүсийн самбар зоочихсон байдаг. Гэтэл үүнийг зөрчөөд холбогдох албан тушаалтнууд газрын гэрчилгээ олгочихсон. Туул голыг хэдхэн хүний өмч болгочихсон байдалтай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОюунхоролдТуул голыг чөлөөл гэсэн үндсэн шаардлага тавьж байгаа. Хэн нэгэн компанийн эрх ашигт халдаж хуулийн дагуу авсан газрыг нь булааж авах гээд байгаа зүйл огт биш. Нийтийн эзэмшлийн газрыг иргэдэд буцааж олгоё гэж шаардаж байгаа юм.

-Туул голын хойд эргийг тэр чигт нь Монголын томоохон компаниуд авчихсан. Хүн орох газаргүй болтол нь орон сууцны барилга барьчихсан байдаг юм байна лээ?

-Туул голын хойд эрэг дагуу “Номин холдинг” компаниас эхлээд олон зуун га газарт орон сууцны барилга баригдчихсан байна. “Номин холдинг” компани гэхэд их том хэмжээний газар хууль зөрчин авсан байдаг юм. Мөн Туул голд маш их байгаль, экологийн хохирол учруулсан. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр тэр хавийн хэдэн мянган бургасыг огтолсон. Бургасны доор ундны усны нөөц хадгалагдаж байдаг. Байгалийн хуулиар туул голын ус татарлаа гэхэд бургасны доор байгаа нөөц ус тэжээл өгч байдаг. Хүнээр ярих юм бол Туул голын нэг судас бургасан дор байсан гэсэн үг. Энэ мэт Монголын нэр нөлөө бүхий компаниуд тэр чигт нь авчихсан. Орон сууцны барилга хүн орох зайгүй барьчихсан. Харин Туул голын урд эргээр гэхэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Амарсайхан гэх эзэнтэй “Оюуны ундраа” компаниас эхлээд хууль бусаар газар аваад барилга барьчихсан. “М Си Эс” групп гэхэд Зайсангийн гүүрний хажууд тансаг хотхон барьчихсан. Тэр хотхонд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй улстөрчид амьдарч байна. Туул голын урд эргийг МАН, АН, МАХН-ын нэр нөлөө бүхий бүлэглэл хуваагаад авчихсан. Тэгвэл бид Байгаль орчин, аялал жуулчлалын яам Туул голын эрэг дагуух газрыг чөлөөлж, ард түмэнд хэрхэн үйлчилдэг вэ гэдгийг харах юм. Мөн Туул голын эрэг дагуух газрыг өмчилж аваад байгаа улс төрийн томоохон бүлэглэл бүхий хүмүүсийн нэрсийг ч гэсэн ил болгохыг шаардаж байгаа. Хэрэв яамны зүгээс олон нийтэд ил болгож чадахгүй бол бид тэр мэдээллийг ил болгож хүмүүсийн нэрсийг ил тод зарлана.

-Туул голын эрэгт хүрдэг ганцхан газар байсан. Хүмүүс “Ард түмний талбай” гэж нэрлээд байгаа газрыг нэгэн компани хувьдаа авчихсан гэсэн үнэн үү?

-Тийм ээ. Гурван сүүдрэвчтэй, жижигхэн тэгш талбайтай хэсгээр Туул гол руу ороод залуус эрэг дагуу зугаалдаг байсан. Өвөл, зунгүй хүмүүсээр дүүрэн байдаг газар. Тэгвэл тэр газрыг “Илчит хангай” гэх компани 800 метр газрыг авчихсан гэх мэдээлэл ирсэн. Бүр А.Намхай гэх хүн 2008 онд газрын зөвшөөрлийг нь өгчихсөн байсан. Түүнийг нь саяхан дахин сунгасан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Удахгүй ард түмний талбай дээр барилга байшин баригдах юм гэсэн. Энэ хавар хашаа хатгана гэж байна лээ. Өнгөрсөн намар тэр газарт хэд хэдэн удаагийн өрөмдлөг хийсэн байсан.

-УИХ-ын гишүүдээс эхлээд улстөрчид Туул голыг бүхэлд нь авч болж байгаа юм бол эгэл жирийн иргэдэд ч гэсэн газраас өгмөөр байна. Хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй биз дээ?

-Тийм. Өөрсдөө хууль баталдаг хүмүүс нь хуулиа зөрчөөд газар эзэмшиж болоод байхад яагаад жирийн иргэд авч болохгүй гэж. Туул гол авлига, хээл хахууль авагчдын нэг хэрэгсэл болчихоод байна шүү дээ. Гэхдээ жирийн иргэн бид Туул голын эрэг дагуу газар эзэмших хүсэлт өгөх юм бол та хууль зөрчиж байна гээд халгаахгүй шүү дээ. Иргэд бид ч хуулиа зөрчихгүй гээд газар авах хүсэлт ч гаргахгүй. Гэтэл төрийн томоохон албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа эрх мэдэлтнүүд эрээ цээрээ алдаж хуулийг уландаа гишгэж байна. Одоо Туул гол руу очдог нэг ч газаргүй болчихоод байна шүү дээ.

-Танай хөдөлгөөн Туул голыг аварч хамгаалах талаар хэдэн жил ажиллаж байгаа. Ямар нэгэн үр дүнд хүрсэн үү?

-Манай “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” арав гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь ч бас үе үеийн тэмцэгчид Туул голыг хамгаалах талаар тодорхой ажлуудыг хийгээд явдаг байсан. Манай хөдөлгөөний зүгээс олон жилийн турш Туул голыг хамгаалах талаар тэмцэл хийсэн. Энэ тэмцэл маань ч үр дүнгээ өгсөн. Хийсэн ажил, тэмцсэн тэмцлийн маань тод жишээ нь төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг бүрэн шийдвэрлүүлж чадсан. Хоёрдугаар асуудал гэвэл 2013 онд Засгийн газрын тогтоол гарч, нийслэл хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй арьс, ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргахаар болсон. Тогтоолыг бид бүхэн гаргуулж чадсан. Мөн нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл хоёр захирамж гаргасан. Энэ нь Засгийн газраас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх, Туул голын хамгаалалтын бүсэд хууль зөрчсөн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 84 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон. Харамсалтай нь төр засаг солигдож өнөөдрийг хүртэл Засгийн газрын тогтоол, нийслэл хотын Засаг даргын захирамж хэрэгжээгүй байна. МХЕГ-ын улсын байцаагч өнгөрсөн жилийн зургаан сарын дундуур арьс ширний үйлдвэрүүдэд шалгалт хийж, бүгдийнх нь үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан. Гэтэл улсын байцаагчийн тавьсан актыг зөрчөөд одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс Засгийн газрын тогтоол, Засаг даргын захирамжийг биелүүлж арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахыг Д.Оюунхорол сайдаас шаардаж байгаа.

-Туул голын эрэг дагуу хайрга олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоохоор болсон гэсэн. Үүнийг та юу гэх вэ?

-Цаасан дээр хэрэгжиж байгаа олон зүйл байна. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйл алга. Тогтоол захирамж шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь нам дамжсан бүлэглэлүүдийн гишүүд өөрсдийнхөө нэр дээр газар авдаггүй. Тодорхой хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр эсвэл өмнө нь хамааралтай байсан аж ахуйн нэгжүүдийн газар өмчилж авдаг. 2001 оноос эхлээд Туул голын эрэг дагуу ашигт малтмалын лиценз болон газар ашиглах, эзэмших гэрчилгээ авсан байдаг. Одоогоор Туул голын хамгаалалтын бүсэд зөвшөөрөл авсан 80 гаруй иргэн, компани байгаа. Эдгээр иргэн, компаниуд газраа түрээслээд явчихдаг. Ингээд зуу гаруй иргэн, компани байсан. Хайрга дайрга олборлож байгаа компаниуд горим журмын дагуу огт ажилладаггүй. Ашигт малтмалын газар гэх мэт эрх бүхий газраас хайрга, дайрга олборлох зөвшөөрөл авахдаа гэрээ байгуулдаг. Энэ нь зөвшөөрлийн талбайд 70 градус ухах ёстой байдаг. Гэтэл компаниуд 100 градусаар ухчихдаг. 70 градус ухсан тохиолдолд эргүүлээд техникийн боилогийн нөхөн сэргээлт хийж унаган төрхөнд нь оруулж болдог. Харин 100 градус ухахаар эргүүлээд нөхөн сэргээлт хийж болдоггүй. Ерөөсөө л ухсан нүх үлддэг. Ухсан нүхэнд барилгын хог хаягдал хийж булшилдаг. Байгальд хортой аргаар эргүүлэн булж байна. Туул голын эрэг дагуу яагаад лиценз авах дуртай байдаг юм бэ гэхээр олборлолт хийхэд зардал маш бага гардаг. Ерөөсөө л Туул голын хэвлийгээс шууд олборолт хийчихэж байгаа юм. Ингэж хэдхэн компани зардал хэмнэж хэдхэн төгрөгийн ашиг хүртэж байгаагийн цаана маш том экологи эдийн засгийн хохирол амсч байгааг хэлмээр байна. Хайрга өөрөө байгалийн хуулиар усаа шүүж байдаг шүүлтүүр нь. Туул голын хэсэг газарт бохирдсон усыг шүүх шүүлтүүр байхгүй байгаагаас болж бохирдсон ус урсаад байна. Ингээд Хан-Уул дүүргийн биокомбинат, Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн сумын нутгаар онц аюултай бохирдсон ус урсаж байна. Ерөөсөө л хүн, амьтан мал унданд хэрэглэж болохгүй болтлоо бохирдсон ус гэсэн үг. Бохирдсон уснаас мал ууж байна. Малын мах, сүү цагаан идээг нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэж байна. Энэ нь эргээд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал болон хувирч байна. Хуулиар хориглосон газарт зөвшөөрөл авна гэдэг цаанаа албан тушаал, авлига, хээл хахуулийн асуудал шууд яригдана. Өнгөрсөн сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд Туул голын эрэг дагуу хайрга олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоож байгаа талаарх мэдэгдэл хийсэн. Үүнийг дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Г.Сарангэрэл Туул голын асуудлыг бүрэн шийдсэн мэтээр иргэдэд буруу ухуулга сурталчилгаа хийсэн. Төр засаг Туул голыг авран хамгаалахын төлөө юу ч хийхгүй мөртлөө улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байна. Туул гол дээр ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүй. Зөвхөн компаниудын үйл ажиллагааг зогсоох талаар дөнгөж яригдаж эхэлж байхад асуудлыг бүрэн шийдчихсэн мэт ярьж байна. Энэ нь МАН Г.Сарангэрэл гишүүнээр дамжуулан Туул голоор улс төр хийж байгаа нь шууд харагдаж байна.

-Та бүхний тавьсан шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам биелүүлэхгүй бол яах вэ?

-Бид олон жил Туул голыг аварч хамгаалах талаар тэмцэл хийсэн. Бүр суулт хүртэл хийсэн. Бидний өгсөн гурван шаардлагыг биелүүлж Туул голын эрэг дээр байгаа албан тушаалтнуудын нэрсийг ил болгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Бид цөхөрсөндөө тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаа зүйл огт биш гэдгийг хэлмээр байна.