Categories
мэдээ улс-төр

Сайд С.Бямбацогт БНХАУ-д айлчилна

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ирэх тавдугаар сард БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Хууль зүй яам болон Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай айлчлалын үеэр танилцана.

Энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг хангах асуудлын хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа.

Түүнчлэн Монгол Улсын ХЗДХЯ, БНХАУ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг дахь оффшор бүсийн эрх зүйн зохицуулалтын талаар туршлага судлах зэрэг асуудлаар ярилцав.

Categories
мэдээ спорт

Ж.Мөнхбат аварга чөлөөтийн ДАШТ-ий хүндэт зочноор уригдав

Францын нийслэл Парис хотноо наймдугаар сард болох насанд хүрэгчдийн Чөлөөт бөхийн ДАШТ-д хүндэт зочноор Ж.Мөнхбат аварга уригдлаа.

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбатын нэрэмжит 2017 оны өсвөр үеийн УАШТ өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болох үеэр түүнд урилгыг нь гардуулан өгчээ.

Ж.Мөнхбат аварга чөлөөт бөхийн ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсаны түүхт 50 жилийн ой тохиож байгаа учир чөлөөт бөхийн холбооноос ийнхүү хүндэтгэл үзүүлэв.

Ж.Мөнхбат аваргын гэр бүлийн зүгээс тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр 1967 оны Энэтхэгийн Делид болсон ДАШТ-д аваргатай мөр зэрэгцэн хамт оролцож явсан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ө.Эрдэнэ-Очир болон, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ нарт дурсгалын зүйл гардуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл зурган илэрцүүдЕрөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

1 дүгээр ангид бүртгүүлэх хүүхдүүд дараах материалыг бүрдүүлэх юм байна.

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар

-3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг

-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.

Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.

Categories
мэдээ нийгэм

29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын захирамжаар 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай мэдээлэв.

БСШУС-ын сайдын тушаалаар тус сургууль дээр үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, Засаг дарга дээрх шийдвэрийг гаргасан байна. Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Түүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлж байгаа аж. Харин тус сургуулийн багш нар сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна. Эцсийн дүгнэлт одоогоор гараагүй байгаа аж.

29 дүгээр сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчийг томилжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуульд шалгалт оруулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулсан гэв.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд З.Чинтүшиг Кувейт улсын угсаа залгамжлах ханхүүд бараалхав

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Угсаа залгамжлах Ханхүү Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер Ал-Сабахт 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бараалхав.

Энэ үеэр Элчин сайд З.Чинтүшиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Угсаа залгамжлах Ханхүүд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд Угсаа залгамжлах Ханхүү дэмжин туслана гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, Кувейт Улсын Засгийн газраас Монгол Улсад дэд бүтцийн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож ирсэнд Монголын ард түмэн талархалтай байдгийг онцлон тэмдэглэв.

Үүний хариуд Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Кувейт Улсын Засгийн газар Монгол Улсад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг нотлов. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Угсаа залгамжлах Ханхүүд эрүүл энх, сайн сайхныг хүсэв.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Монгол”-ын талаар хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр /2017.04.26 ээлжит хуралдаанаа хийж, найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай болон УИХ-ын даргын айлчлал, Олон улсын парламентын холбооны чуулганд оролцсон үр дүнгийн тухай хэлэлцэнэ. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх аж.

Мөн Гадаад харилцааны сайдын НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ж.МӨНХБАТ

2.

Улсын Их Хурлын даргын айлчлал, Олон улсын парламентын холбооны чуулганд оролцсон дүнгийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

3.

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл

Ц.МӨНХ-ОРГИЛ

4.

Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл

Ц.МӨНХ-ОРГИЛ

5.

Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлангийн тухай

Д.ОЮУНХОРОЛ

6.

Үндэсний хөтөлбөр батлах тухай

Н.НОМТОЙБАЯР

7.

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

8.

Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох талаар

Ц.МӨНХ-ОРГИЛ

9.

Гадаад харилцааны сайдын айлчлал, олон улсын чуулганд оролцсон дүнгийн талаар

Ц.МӨНХ-ОРГИЛ

10.

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцын талаар

А.ЦОГЦЭЦЭГ


Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 5-наас тариалалт эхэлнэ

Булган аймгийн тариаланчид ирэх сарын 05-ны өдрөөс тариалалтаа эхлэхээр газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөнөөс шийдвэрлэлээ. Энэ жилийн цаг агаарын төлөв, хөрсний гүнийн чийгийн байдлаас шалтгаалан тариалалтыг 10-15 хоногт дуусгах аж.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан: -Газар тариалангийн үйлдэрлэл эрхлэгчдэд технологийн зөвлөмж өгч, улсаас үзүүлж байгаа дэмжлэг, зээлийн хөнгөлөлттэй нөхцөл, цаг агаарын төлөвийн тухай мэдээллийг танилцууллаа. Энэ жилийн зөвлөлгөөнийг өргөн бүрэлдэхүүнтэй тариаланчдад мэргэжлийн болоод эрдэм шинжилгээний байгууллагын мэдээллээр хангахаар зохион байгуулахад анхаарсан. ХХААЯ, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөгчдийг оролцуулсан. Манай аймагт 80 гаруй аж ахуйн нэгж, 747 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Техникийн шинэчлэлийг 80 орчим хувь нь хийсэн байгаа. Тэгэхлээр тариалалтыг технологийн хугцаанд хийх нөхцөл бүрдсэн. Энэ хаврын тариалалтыг хийхэд тулгамдсан асуудал байхгүй гэж ярьлаа.
Газар тариалангийн талаар баримтлах бодлогоо тариалах талбайн хэмжээг нэмэхдээ биш нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цаг агаарын ямарч нөхцөлд тогтвортой ургац авч чаддаг хөрсний үржил шимийг хамгаалсан, бордоо ургамал хамгааллын арга хэмжээг ягштал баримтлан ургацын хэмжээг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахаар тодорхойллоо.
Энэ онд үр тариа 45.027 га-д тариалан 55044 тонн, төмс 509 га-д суулгаж 5600 тн, хүнсний ногоо 249 га-д тарьж 2985 тонн ургац хураан авах зорилт тавиад байна.
Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Монгол хэлээр зөв ярьж, бичихийн үндэс нь эх хэлээрээ сэтгэж сурах юм

Ахмад сэтгүүлч Ш.Цамбажав

Үг шиг хүчтэй юм байхгүй. Үгээр улс төр, нийгмийг босгож, унагаж чадна. Үгээр хүнийг алж, амьдруулж болно. Монголчууд сайн үг сарын хүнс, муу үг тэр өдрийн тээг хэмээн үгийн үнэ цэнийг маш ойлгомжтой хэлсэн байдаг. Үгийг сонгож хэрэглэнэ гэдэг том хариуцлага. Юу хэлэх гэж байгаагаа эхлээд бодох хэрэгтэй.

Дүрмээ дагахгүй бичиж ярина гэдэг хэлний мугуйдал болно. Монгол хэлээр зөв ярьж, бичихийн үндэс нь эх хэлээрээ сэтгэж сурах юм. Зарим хэвлэл мэдээллийн хэл, найруулга тун мөхсийн дээр өгүүлбэр бүхэн алдаатай байдаг. Тухайлбал, олон нийтийн телевизээр нэвтрүүлж буй зүйлийн хэл, найруулга, чанар чансаа бусад телевизийн үлгэр жишээ нь байх ёстой. Гэтэл МҮОНТ-ээр “Хүүхдийн 100 ортой, гурван хүүхдийн эмнэлгийн барилга барина”, “100 хувь үнээний цэвэр сүү”, “Та ямар ганган морио унаж гангардаг вэ?”, гэж ярьж, асуух жишээтэй. Мөн “Ийгл” телевизээр “Ерөнхийлөгчийн олгодог залуу эрдэмтэн” гэсэн нь залуу эрдэмтдэд олгодог Ерөнхийлөгчийн шагнал бололтой. Аман ярианы хэлэнд зохиомол, тодорхой утга санааг илэрхийлэх чадамжгүй, гаж үг, идэвхгүй хэллэг хэрэглэх нь ихэсжээ. Жишээ нь “аймар гоё”, “аягүй сайхан” гэсэн үгийг хэн хүнгүй хэрэглэж байна. “Амралтанд аягүй гоё байсан”, “Аймар сайхан санагдсан” гэнэ. Аягүй гэдэг нь тав тухгүй гэсэн санаа. Гэтэл ингэж ярихаар ямар ч утгагүй болж байна. Мөн хэлэнд орчуулж болохгүй гадаад зарим үгээр баяжих ёсон бий. Гэхдээ гадаад үгийг зөв, буруу хамаа бус хэрэглэх нь монгол хэлээ муу эзэмшсэний гэрч.

Эх хэлээ ядууруулах ажлыг бид хийж байна. Зөв бичиж, найруулах, ярих нь зөвхөн хэвлэл, мэдээллийн ажилтан төдийгүй бүх нийтийн алхам тутамдаа анхаарах онцгой асуудал. Сэтгүүл зүй хэмээх шинжлэх ухаанд шүүмж судлал ус агаар мэт хэрэгтэй учир энэ талаар тогтмол, тусгай хэвлэл гарах цаг болсныг молхи сэтгүүлч мунхаглан бодном.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН, О.ОРГИЛСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Хямралаас богино хугацаанд гарч чадвал тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсөвт тодотгол хийх төслийг УИХ-аар баталчихлаа. Төсвийн тодотголоо баталж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь чухал гэж байгаа ч тэдний шаардлагаар тодотгол хийх нь буруу гэсэн хандлага ч байсан. Та ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд маань өөрөө ОУВС-гийн шахалт шаардлагаар гэдэг үгийг хэлээд байгаа юм. ОУВС харин “Бид зарлагаа багасгаж, орлогоо нэмэгдүүл гэдэг шаардлага л тавьсан. Хэрхэхийг Монгол Улсын Засгийн газар шийднэ” гэдэг зүйл ярьсан байна лээ. ОУВС-гийн төсөл хөтөлбөр өмнө нь хэрэгжихдээ сайн байгаагүй талаар олон улсад нэлээд шүүмжлэгдэж байсан тул тэд өөрсдийн бодлогодоо тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан. ОУВС-гийн хөтөлбөрт орох шаардлага байна уу гэвэл байна. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнууд дэмжлэг туслалцаа үзүүлэх гэдэг нөхцөл байх шиг байгаа юм. Тиймээс хөтөлбөрт хамрагдсанаар улс орны нэр хүнд, эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд дэм болно гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газар “ОУВС тэгж шахсан учраас бид хөтөлбөрт орж байна” гээд зарим нэг нь “Бид уулзсан тэгж байна ш дээ” гэж яриад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар гэж байдаг юм бол тэр дотроо бүх зүйлээ ярих хэрэгтэй. Дараа нь Их хурал дээрээ хэлэлцээд ийм нөхцөлийг нь авъя, энэ нь бидэнд хүнддэж байна гээд ярих ёстой л доо. Харамсалтай нь ОУВС шахсан юм шиг яриад, тэд “Бид туслах гэж байгаа. Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлнэ” гэсэн хоёр байр суурь яваад байна. Энэ нь өөрөө ойлгомжгүй байдлыг бий болгоод байгаа хэрэг. Монгол Улс хөтөлбөрт хамрагдахдаа маш сайн тооцоо судалгаа хийж, цаашдаа хямралаас хэрхэн гарах вэ гэдгээ сайтар тооцоолох ёстой. Түүнээс биш ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар зээл авч эдийн засаг сэргэнэ гэдэг чинь логикоороо зөв биш. Анзаарсан бол би хэд хэдэн зүйлийг л хэлээд байгаа.

-Тэр нь юу юм бэ?

-Нэгдүгээрт, бид мөнгө шаардахгүйгээр нь хариуцлагын тогтолцоогоо сайжруулчихъя. Бүгдээрээ илүү цаг ажиллая. Эдийн засгийн хямралтай энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудад хөдөлмөрийн цаг үйлчлэхгүй шүү. Төрийн ордон 24 цаг гэрэлтэй байя. Хүн харахад мөнгө шууд орж ирэхгүй юм шиг хэдий ч хариуцлага, сахилга батаар олон зүйлийг бий болгох хэрэгтэй. Төрийн түшээд хариуцлагатай болоод ирвэл нийгэм хариуцлагатай болно.

Хоёрдугаарт, яавал зардлаа багасгах вэ. 2006-2016 оны хооронд төрийн алба 65 мянган хүнээр нэмэгдсэн. Төрийн албан хаагчдыг ажлаас нь халчихаар бүгд ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэдэг. Үгүй л дээ. Төрийн албанд ажиллаж байсан чадварлаг хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжтой. Төрөөр ажлаа үнэлүүлж, төрөөс цалин авах нь чухал биш. Өмнө нь агентлагууд гэхэд орлогчгүй, зарим нь нэг орлогчтой байдаг байлаа. Одоо гэтэл гурван орлогчтой болчихсон байх жишээтэй. Тиймээс төр өөрөө данхар бүтцээсээ хэрхэн салах боломж байна, түүнийгээ ашиглах хэрэгтэй. Үүнийг дагасан машин унааны зардал хэмнэгдээд ирнэ.

Гуравдугаарт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг яагаад нэмэгдэхгүй байна вэ. Тэр байгууллагуудыг бид яагаад үр ашигтай байлгаж болдоггүй юм. Зээл авчихаад өөрсдийгөө санхүүжүүлээд явж байгаа аж ахуйн нэгж байна. Тэр утгаараа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цэгцлээд зарахыг нь зарж борлуулаад, үр ашигтайг нь ажиллуулаад явах ёстой. Үүнийгээ хийх хэрэгтэй.

Юм хийж бүтээж байгаа хүмүүсийнхээ тэтгэврийн насыг уртасгах, унадаг автомашиных нь татварыг нэмэгдүүлэх нь зөв үү. Энэ хүмүүс чинь бүтээгчид. Гэтэл цаана чинь алтны төлөө дайн болж байна. Тиймээс алтнаас авах татварыг нь нэмэгдүүлье гэж Засгийн газар байгуулагдсаныхаа дараа зоригтой оруулж ирсэн ч Их хурал дээр дэмжлэг аваагүй. Үүнээсээ айгаад байдаг юм уу эсвэл алтныхны лобби тийм хүчтэй байдаг юм уу, алтны татварыг нэмэхгүй гэсэн. Монгол Улс сахилга хариуцлагыг хэрэгжүүлж л байгаа юм бол гаргасан грамм алт бүрээ тушаа. Тушаасан алтнаас чинь татвар төлнө. Гэх мэтчилэн боломжууд байхад үүнийгээ ашигласангүй. Шулуухан хэлье. Үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Татвар авах ёстой хүмүүсээс нь боломжийн хэмжээгээр нь татвар авъя. Татвар хэдий хэмжээгээр хуримтлагдана, төдий чинээ зөв хуваарилалт явагдана.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

-Нэг хэсэг нь бараг л тэр чигтээ татваргүй улс болно гэж зүтгээд нөгөө хэсэг нь татварыг бүр нэмэх хэрэгтэй гээд байх юм…

-Бид ямар ч татваргүй эсвэл халамжийн улс байж болохгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. ОУВС хөтөлбөрийг баталчих юм бол манайд мөнгө орж ирэх хандлага байна. Гэхдээ энэ мөнгө нь зүгээр “май” гээд өгчихөж байгаа мөнгө биш. Зээл шүү. Зээлийг аль болох бага хүүтэй аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж чадвал бид өрөө төлнө. Бүсээ чангалж, ходоодоо хоосон болгохоосоо өмнө төрд байгаа хүмүүс хийж байгаа ажлаа хоёр дахин илүү хийх л хэрэгтэй юм. Ингэж байж л улс орноо хүнд байдлаас гаргана. Энэ нь хариуцлага л даа.

-Та төсвийн тодотголд тийм ч таатай хандахгүй байгаа юм байна. Хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байсан л даа. Ард түмнийг унтаж байхад баталсан төсвийн тодотгол ард түмний нуруунд ачаа үүрүүлчихэв үү, төр бүсээ чангалчихав уу?

-Төсвийн тодотголыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд батлагдсан болохоор ард түмэн төсвийн тодотголыг батлах ёстой гэдэг сэтгэл зүйтэй байсан. Ард түмэн үүнийг ойлгох гэж оролдож байна. Орлогоо яаж нэмэгдүүлж, зардлаа хэрхэн багасгах вэ гэдэг дээрээ дутуу төсвийн тодотгол боллоо. Тиймээс сэтгэл тийм ч хангалуун биш байгааг нуугаад яахав. “Бид хоёр цагийн дотор төсвийн тодотголыг батлахгүй бол ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй боллоо” гэж Сангийн сайд ярьж байсан. “Ингэж цаг хугацаанд шахахаар нэг зүйл буруу болчихдог шүү” гэж шөнөөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хэлсэн. Миний байр суурь цагаан сар, наадам, шинэ жилээр шөнө дүл болтол хуралдаж шийдвэр гаргахдаа алдаа гаргадаг. Намайг байнгын хороогоо хуралдуул гэсэн болохоор хуралдууллаа. Гишүүд ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй гэж хэлээд хурлаа хийсэн. Ингэж цагийг нь тулгаж байхаар намрын чуулганы дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэж болох байтал шөнөөр ингэж шахаж хуралдуулах нь буруу гэдгийг нь Сангийн сайдад хэлсэн. Бид ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Богд хаан тамгаа дарчихаад “Би юу хийчихэв ээ” гэдэг шиг араас нь олон юм ярихаасаа илүүтэй батлагдсан төсвийнхөө хэмжээнд яавал хөтөлбөр үр дүнтэй болох вэ гэдгээ ярих ёстой. Хямралаас богино хугацаанд үр дүнтэй гарч чадвал дараа нь тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой. Бид үргэлж болохгүйгээ дуудаад байх юм. Болох хүртэл нь зүтгэх хэрэгтэй.

-Сөрөг хүчний зүгээс хүүхдийн мөнгийг таначихаад өөрсдийн зардлаа 404 тэрбумаар Засгийн газар нэмэгдүүлээд ороод ирлээ гэж шүүмжилж байгаа. Засгийн газар урсгал зардлаа танах боломж байгаагүй юу?

-Бодитой зүйл ярих хэрэгтэй. Хөгжлийн банкин дээр хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дээр авсан тул түүнтэй холбоотойгоор нэмэгдсэн зүйлс бий. Хөгжлийн банкин дээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөр Хөгжлийн банк, Засгийн газрын алинд нь ч байсан мөнгөө төлөх ёстой. Гэсэн ч Засгийн газар хэмнэх ёстой зүйлсээ хэмнэх хэрэгтэй байсан. Түүнээс биш 404 тэрбум төгрөгөөр нэмсэн гэдэг нь үнэнд нийцэхгүй.

-Долоон төрлийн татварыг нэмэх асуудал олны анхаарлыг татсан. Гэсэн ч татвар нэмэх нь зөв гэж Их хурал үзлээ. Татварууд ард түмний амьдралд дарамт болохгүй гээд байгаа л даа. Үнэн юм уу?

-Татвар нэмж болохгүй гээд байдаг ч үнэндээ бид бараг татваргүй улс болох хүсэлтэй шахам болчихоод байгаа нь буруу. Татвар нэмэх асуудлыг Засгийн газар зөв оруулаад ирчихвэл нэмэх газар нь нэмээд, хасах газар нь хасаад явах хэрэгтэй. Бид гарч байгаа алтнаасаа татвар авдаг болоход л бусад бүх нэмэгдсэн татварын орлогоо бүрдүүлчих боломжтой. Тухайлбал, хадгаламжийн хүүгээс татвар авна гээд байгаа ч ямар хэмжээний хадгаламжтай бол татвар авах юм, ямраас нь авахгүй юм гээд ялгах хэрэгтэй. Сайн, муу ямар нэгэн байдлаар хадгаламжиндаа ихээхэн хэмжээний мөнгө байршуулсан бол татварыг тодорхой хэмжээгээр нэмээд авчихад нэг их хохиролтой ч юм биш. Монгол Улс зээлийн хүүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Одоо бид хадгаламжийн хүүгээ харьцангуй багасгах хэрэгтэй. Манайхан хадгаламжийн хүү буурчихвал мөнгөө хадгалуулах хүн олдохгүй гэдэг. Үнэндээ манайхаас өндөр хүүтэй газар өөр байгаа юм уу. Бид хамгийн өндөр хадгаламжийн хүү төлдөг юм бол жаахан бууруулчихад бидний авах зээлийн хүү буурах боломжтой. Түүнээс биш Засгийн газрын оруулж ирсэн болгоныг бид буруутгаж, ус цацаад байж болохгүй. Үүнийгээ ард түмэнд зөв ойлгуулчихад хүлээгээд авчихна. Гэтэл өөрсдөөсөө эхлэх зүйлсээ эхэлчихэж чадахгүй байгаа болохоор ард түмэн дургүйцээд байгаа юм. Ямар ч Засгийн газар магтаал сайшаал хүртээд байх нь ховор байдаг. Бид зөв зүйлийг дэмжээд буруу зүйлийг нь засахын төлөө шахаж шаардах ёстой. Засгийн газрын хийсэн болгоныг болохгүй байна гэж шүүмжилдэг энэ арга барилаасаа ч салах ёстой. Энэ хорвоо дээр хар, цагаан хоёр л өнгө байдаг мэт талцдаг, зааглагддаг. Үнэндээ цаана чинь цэнхэр, ногоон, улаан, шар гээд олон өнгө байдаг юм шүү дээ.

-Бензин шатахууны онцгой албан татвар нэмэгдэх нь. Бензиний үнийн савлагаа ард түмний амьдралд хэрхэн нөлөөлдгийг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Та ямар бодолтой байгаа вэ?

-Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ бараг өсөхгүй болов уу гэж Засгийн газар тооцож, онцгой албан татварыг нэмэхээр оруулж ирсэн юм билээ. Олон улсын зах зээлд нефтийн үнэ өсөхгүй бол бага зэргийн татвар нэмлээ гэхэд манайд үнийн нөлөөлөл гарахгүй гэж үзсэн юм шиг байгаа юм. Үүнийг сайн мэдэхгүй байна. Бензин, шатахуунаар их оролдох нь сайн зүйл биш. Хамгийн эмзэг сэдэв бензин, шатахуун байдаг. Дуулианаар нь жаахан нэмлээ гэхэд дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг золигийн юм манайд болдог. Бид онцгой албан татварыг нэмэх, нэмэхгүйгээсээ илүү олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэрийн асуудлаа шийдэхгүй юм уу. П.Очирбат гуай газрын тосоор дээлээ мялааснаас хойш хэдэн жил өнгөрөв. Улс төр болохоор л нефтийн үйлдвэр барина, барихгүй гэдэг. Нефтийн үйлдвэр барина гэж ярьсан хүмүүс нь од болдог. Одоо тэр үйлдвэрээ барьчих л даа. Зарим нь нефть боловсруулах үйлдвэр барьж болно гэхээр нөгөө хэсэг нь болохгүй гэдэг. Боломжтой бол бид өөрсдийнхөө нефтиэр өөрсдийн үйлдвэрээ барих ёстой. Болохгүй бол түүхий нефть оруулж ирээд ч хамаагүй бензинээ үйлдвэрлэх шаардлагатай. Алдаршихын тулд нефтийн үйлдвэр ярьж болохгүй л дээ. Үр дүн гаргахын төлөө хийх ёстой.

-Автомашины онцгой албан татвар нэмэгдэж байна. Ялангуяа шингэрүүлсэн хийн болон хос хөдөлгүүрт автомашинуудын татвар илүү нэмэгдэж байна. Насжилтаасаа хамаараад приус машин гэхэд таван сая төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. Тавдугаар сарын нэгнээс хууль нь хэрэгжинэ. Ард түмэн унах унаагүй болох юм байна гэж ярьж байна л даа…

-Монгол төр гэж байгаа юм бол цаашид автомашины насжилт дээр анхаарал хандуулах ёстой. Гадны төмрийн хаягдал шахуу болсон машинуудыг оруулж ирсээр байх юм уу. Гэхдээ ард түмний амьдрал ямар байгаа билээ гэдгээ мартаж болохгүй юм. Иргэдийн амьдрал ахуй сайжирчихвал автомашины насжилтыг нь багасгаж болно. Үүнийг сайтар судлахгүй бол эмзэг асуудал юм билээ. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ бензин, шатахуун, автомашин руу орох нь зөв үү, алтны татварыг нэмэх нь зөв үү, хариуцлага руу орох нь зөв үү гэдгээ бид ялгаж салгах ёстой. Би татвар төлөх ёстой, байгалиа хамгаалах ёстой гэж ярьдаг хүн. Гэхдээ үүн дээр ингээд хоёрдмол сэтгэлтэй болчихоод байна. Бид хэзээ яаж нэмэх вэ гэдгээ бодох ёстой болчихоод байгаа юм. Нэг зүйлийг шүүрч авах биш Монголынхоо эдийн засгийг хамтдаа хөгжүүлэх хэрэгтэй. Бензин шатахуун, автомашины татварын асуудлыг сөхөөд ард түмэндээ хайртай хүний дүрээр популизм хийгээд явж болно. Гэхдээ би тэгэхгүй. Бид ард түмнээ ажилтай, орлоготой болгочихвол хэн олон жилийн насжилттай хуучин автомашин унахыг хүсэв гэж дээ.

-ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ. Энэ нь өнөө маргаашаа аргацаан суугаа бизнесийнхэнд хүндээр тусах байх даа?

-Та намайг татвар нэмсэн хүнд талаар нь яриулах гээд л асуугаад байна. Миний хувьд зарим зүйл дээр санал нэг байгаа ч заримтай нь санал нийлэхгүй байгаа, энэ Засгийн газрын. Төсвийн тодотголын хүрээнд хуулиуд батлагдсан. Их хурлаар хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулаад татвар нэмэхээр болчихлоо. Үүнийг хамгийн их шүүмжилж чадах хүн. Нэгэнт олонхиороо шийдээд хууль баталчихсан байхад ганцаарчилсан тоглолт хийх нь надад таалагдахгүй байна. Одоо нэгэнт Их хурал шийдсэн болохоор бушуухан хэрэгжүүлж, ард түмнээ ажилтай болго, олон улсын зээлүүдээ эргүүлэн төл. Олон улсын зах зээлд байгалийн баялгийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед боломжийг ашиглаж чадвал үр дүн гарна. Нэмсэн татвар болгоныг эсэргүүцэн ярьж болох ч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Хэд хэдэн боломж байсныг Засгийн газар анхаараагүй ч цаашид хэрэгжүүлэх ажилдаа анхаарах ёстой. Аль болох зөв үйлдэл хийхгүй бол төрийн томчууд тэр бүр ард түмний дунд очиж чаддаггүй болохоор тэдний бухимдлыг олж харахгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт иргэдтэй уулзаж байхад итгэл алдарсан нэг хэсэг байхад “Та нар идэвхтэй ажиллаж хонгилын үзүүрт гэрэл биш тэр гэрлээ нааш нь аваад ирвэл бид тэсээд гарахад бэлэн байна” гэсэн хэсэг ч байна. Нэмэгдсэн татвар болгон дээр шүүмжилж ярилаа гээд хууль батлагдсан болохоор үр дүн өөрчлөгдөхгүй. Тийм болохоор батлагдсан хуулиудынхаа хүрээнд л сайн ажиллах хэрэгтэй.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд эргүүлэн татсан. 800 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессыг хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Та ямар ч байсан ажлын хэсгийг нь ахлахаар болж. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид нийгэмд хэрүүлийн алим тарих зүйлсээ өөрсдөө хийгээд байгаа юм. Дахин хэлье, том бодлогоор нь энэ улсыг бид аятайхан аваад явчих юмсан. Тэгэхгүйгээр гэнэтхэн нэг сэдэв гаргаж ирээд шуурдаг боллоо. Концесс гээд баахан шуугиад сүйд хийчихсэн юм шиг л ярьдаг. Оффшор, Эрдэнэт, Таван толгой гээд сэдэв гаргаж ирээд бужигнуулдгаа болих цаг болсон. Манайхан “Нээрээ тэгчихсэн юм болов уу” гэж самгардаж явсаар 28 жил энэ улс дорвитой хөгжсөнгүй. Концесс дээр өөрийн байр суурийг хэлэхэд өмнөх концессууд ямар шугамаар явж ирснийг сайтар шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ концессууд нь хэчнээн тэрбумын өртөгтэй юм бэ гэдгийг тогтоох ёстой. Тэгэхгүй бол янз бүрийн тоонууд ярьж байна. Зарим нь өмнөх концессуудыг үргэлжлүүлж байна гэдэг. Нэг хэсэг нь сургууль, цэцэрлэг барихад концессоос өөр зам алга гэж байна. Засгийн газар нэг тайлбар хэлээд, Их хурлын гишүүд өөр тайлбар хэлээд байгаа байхгүй юу. Манай бүлэг хуралдаад ажлын хэсэг байгуулсан. Миний хувьд аль нь зөв, аль нь буруу юм гэдгийг тогтооход оролцъя гэдэг үүднээс ажлын хэсэгт орох санал гаргасан. Сүүлдээ та ахлаад яв гэсэн. Ажлын хэсэг энэ долоо хоногт шалгаад ирэх долоо хоногийн бүлгийн хурал дээр танилцуулна. Концессын жагсаалтыг Их хурлаар батална гээд байгаа юм. Үүнийг би зөвшөөрдөггүй. Миний хувьд хариуцлага үүрсэн газар нь хариуцлагаа үүрсэн шиг үүр. Ажлаа хийж чадвал дэмжинэ, чадахгүй бол хариуцлага ярина гэсэн байр суурьтай байна.

-Яг ямар ямар концессын ажлууд орж ирээд байгаа юм бол?

-Ажлын хэсэг шалгаж байгаа. Ирэх долоо хоногт мэдээлэл хийнэ.


Categories
мэдээ цаг-үе

Х.Болорчулуун гишүүн концессын асуудлаар Засгийн газрыг огцруулах санал оруулж ирнэ гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрөгч даваа гаригт хуралдсан ч мэдээлэл хийгээгүй. МАН-ын бүлгийн хуралдаанаар намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд орон нутагт ажилласан мэдээлэл сонсож санал солилцсон гэсэн даруухан хариултыг хэлж байсан ч үнэндээ концессоос болж Засгийн газар, УИХ хоёр тал болон муудалцсан байх юм. Бүлгийн хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн долоон төрлийн концессын асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хооронд үл ойлголцол үүссэн байна. Засгийн газрын зүгээс оруулж ирсэн автозам, эрчим хүч, сургууль, цэцэрлэг тэргүүтэй долоон төрлийн концессоо үргэлжлүүлэх ёстой гэсэн ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Болорчулуун нарын гишүүдээс эхлээд хүчтэй эсэргүүцжээ. Тэдний зүгээс үе үеийн Засгийн газар компаниудыг зүтгүүлэх эрх ашигт нэгддэг. Тэгж болдоггүй юм. Үзэлцэнэ шүү гэдгээ ч хэлээд авсан байх юм.

Нэр бүхий долоон төрлийн концессын ажил арван их наяд төгрөгийн өртөгтэй бөгөөд эрчим хүчний хоёр, автозамын хоёр, эмнэлгийн хоёр гэхчилэн концессууд багтжээ.

Харин бүлгийн гишүүдийн зүгээс “Засгийн газрынхан бидэнд мэдэгдэлгүй ар хударгаар концессуудаа хувааж авсан байна. Бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй” гэхчилэн Засгийн газрын гишүүд болон кабинетын тэргүүнд хаягласан ширүүн үгсээр бөмбөгджээ. Хариуд нь өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байсан дөрөв, шинээр гурван төрлийн концессын ажлыг үргэлжлүүлэх гэж байгаа талаар Засгийн газрын зүгээс тайлбар өгчээ. МАН-ын гишүүдийн уурласан гол шалтгаан нь эдгээр концессуудын жагсаалтад нэр бүхий сайд нартай холбоотой концессын ажлууд байсан тул бухимдсан байх юм. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Зарим концесс өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж эхлээд дуусаагүй байсан юм. Одоо үргэлжлүүлэхээр орж ирж байна” гэжээ. Мөнөөх жагсаалтад “МАК” компанийн эрчим хүчний шугам татах концессын ажил багтжээ. Энэ талаар хэвлэлийнхэн ч хэд хоногийн өмнө шуугиад авсан. Үүнийг батлах мэт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу “Чи Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК-ийн Ерөнхий сайд юм уу. Ингэж дураараа дургихаа болиорой” гэхчилэн нэлээд ширүүхэн үг хэлсэн талаар эх сурвалжууд хэлж байлаа. Сүүлдээ Засгийн газар, УИХ нь хоёр тал болж байгаад “ална, тална даа” тулсан сураг ч дуулдав. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессын асуудлуудад байр суурь нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн “Хэрэв Засгийн газар энэ мэтчилэн асуудалд хандаж, концессыг энэ чигт нь зүтгүүлэх юм бол Засгийн газрыг огцруулах санал оруулж ирнэ шүү” хэмээн бүлгийн хурал дээрээ мэдэгджээ. Энэ мэтчилэн бүлгийн гишүүдийн хооронд нэлээд ширүүн маргаан өрнөсний эцэст ямартай ч концессуудыг судалж үзэхээр болж ажлын хэсэг байгуулжээ.

МАН-ын бүлгийн хуралд “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэл хийжээ. Тэрбээр “Чалко” компанид төлөх ёстой өрийг өнгөрөгч сарын 30-ны өдрөөр тасалбар болгон төлж дууссан талаар ярьсан байна. Олон улсын зах зээлд нүүрсний үнэ өсч байгаа тул гэрээндээ цаашид өөрчлөлт оруулж борлуулах үнийг нь нэмэхээр ярьж байгаа ч “Чалко”-гийн зүгээс тийм ч таатай хандахгүй байгаа гэжээ. Гэсэн ч бүлгийн хуралд суусан гишүүд ашигтай ажиллах хэрэгтэй, 1072 хувьцааны асуудлыг шийдэх ёстой гэдгийг ярьсан талаар эх сурвалж өгүүлэв.

Э.ЭНХ