Хэнтий аймагт нэг иргэн архинд хордож нас барсан байж болзошгүй хэрэг өчигдөр /2017.04.25/ гарчээ.Уг хэрэг архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглодог өдөр гарсан байна.
Сар бүрийн 25-ны өдөр Хэнтий аймагт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглодог боловч талийгаач найзуудтайгаа нууцаар архи худалдан авч уусан байжээ.
Мөн дээрх иргэнээс гадна архинд хордсон байж болзошгүй таван иргэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Тэдэнд хордлого тайлах эмчилгээ хийсэн гэх мэдээллийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ өглөө.
Нас барсан иргэний хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд ямар архинаас хордсон эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
Дээрх хэрэгтэй холбогдуулан Хэнтий аймгийн Засаг дарга захирамж гаргаж, архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.