БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа. Түүнийг АН-д саяхан орсон гэх мэдээлэл тархаад байгаа юм.
-Таныг АН-д буцаад ирлээ гэлцэж байна. Та АН-д хэзээ оров. Өөрөө хүсэлт гаргав уу, эсвэл танд санал тавив уу?
-Би АН-ыг үүсгэн байгуулалцсан. Анхны улс төрийн Удирдах зөвлөлийн гишүүн байсан. АН-ын санхүүжүүлэгч байсан. Зохион байгуулагч хийж явлаа. АН-ын бодлого, хийж буй ажилд шүүмжлэлтэй хандахдаа хандаж, хамтарч ажиллах ажлыг хийгээд ирсэн. АН-д орно гэдэг ойлголт миний хувьд байхгүй байх аа. АН-ын хөгжлийг сэргээхэд гар бие оролцох уу үгүй юу гэдэг байна. Би ямар шинээр орж буй залуучууд шиг биш.
-Тийм ээ. Таныг ардчилсан хувьсгалын үед Волга автомашинаараа үйлчлэхээс эхлээд намыг санхүүжүүлж байсныг тань мэднэ. Та өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд болсон АН-ын VI их хурал дээр намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ албан ёсоор илэрхийлж байсан?
-Аливаа зүйлийг цаг хугацаанаас нь түрүүлж мэдэх гээд байх хэрэггүй. Үйл явдлыг болсных нь дараа ийм зүйл болжээ гэж сэтгүүлчид мэдээлэх хэрэгтэй болов уу.
-БНН-ын даргын албан тушаалыг танай ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо орлон гүйцэтгэж байгаа тухай сая өөрөөс нь сонслоо л доо?
-Одоохондоо нууц. Хэлэхгүй. За өөр.
-АН-ын даргыг сонгох сунгааны үеэр та С.Эрдэнийг дэмжиж ажилласан гэсэн. Та хэрхэн дэмжиж ажиллав?
-1990 оны өөрчлөн байгуулалт ардчиллыг бий болголцож явсан хүн намынхаа гал голомтыг аваад явах нь зөв байх. Эрдэнэ намын дарга байх нь зөв гэж бодож байна. Батзандан бол саяхан АН-ын гишүүн болсон байх жишээтэй. Аливаа зүйлд уламжлал гэж байх хэрэгтэй. Нэг дүүргийн намыг нам шиг болгоод авч яваа хүн төв намынхаа ажлыг өөд татаад явчих хамгийн боломжтой нь Эрдэнээ л харагдаж байна. Энэ намын түрүүчийн дарга нар намаа нам биш болгочихсон, хурлаа ч явуулдаггүй байсан. Одоо АН намын гишүүдээ идэвхжүүлэн намын гишүүдээсээ дарга нараа сонгодог нээлттэй нам болж байна. Би үүнийг дэмжиж байна.
-АН-ын дарга С.Эрдэнэтэй та хэр дотно танилууд билээ?
-Нэгнээ мэдэлгүй яахав. Хотод нэг дор өсч, ажиллаж амьдарсан.
-Таныг АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүний нэг гэж яригдаад байгаа. Танд нэр дэвших сонирхол байгаа л биз дээ?
-Намайг хүндэлж, итгэл үзүүлж нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтад оруулсанд баярлалаа. Би Ерөнхийлөгч болно оо гээд дур зоргоороо шийдчихдэг ч асуудал биш. Аль намаас хэзээ, яаж, сонгуульд оролцох уу үгүй юу гэдгээс эхлээд шат дамжлага, дэс дараалал бий.
-Та 2005 онд БНН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Та Ерөнхийлөгчид нэр дэвших амбицаа ил илэрхийлж ирсэн. Энэ цаг үед таны улс төрийн тэр хүсэл эрмэлзэл чинь хэвээрээ юү?
-Монгол Улсын хувь заяа, монгол хүний эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулан хамгаалах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль маш хариуцлагатай сонгууль. Манайхан сүүлийн үед улс төрийн сонголтыг дэндүү хариуцлагагүй шийддэг болсон. Сая МАН асар их амлалт өгч гарч ирлээ. Би өрсөлдөгч нь ч байлаа. Одоо тэр амлалт хаачив. Амлалтаа биелүүлэх гэтэл Олон улсын валютын сан биднийг хийлгээгүй гэж хэлэх гэж байна уу. Уучлаарай, сонгогдохдоо амласнаа биелүүлж чадахгүй бол огцрох ёстой. Оронд нь нийгэм, эдийн засгийн амьдралын бодит үнэнийг хэлж байсан хүмүүсийг улс төрд оруулах хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед маш хариуцлагатай Ерөнхийлөгч гарах хэрэгтэй. Гурван сая хүнийг эрүүл саруул, ажил хөдөлмөртэй, эдийн засгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай улс орон болгох, үүнийг хийж чадах аавын хүү гарах ёстой. Сонгууль бол хүн болгоны хариуцлагын үр дүн юм. Тав, аравхан мянган төгрөгөнд хууртаж саналаа өгөөд яав. Үнэндээ Ардын намын үзэл суртал, хөгжлийн бодлогод үнэмшиж сонголтоо хийгээгүй ш дээ. АН-ын хувьд алдаа оноо бий ч хийсэн бүтээн байгуулалт, барьж буй бодлого нь МАН-ынхаас хавьгүй илүү. Бондын зээл гээд л байгаа, үнэндээ дийлэнхийг нь Ардын намын харьяатай хүмүүс зээл болгоод л авчихсан байна лээ. Нийтээрээ улс төрийн үзэл бодол, сонголтоо хийх чадвартай болох хэрэгтэй байна даа.
-Та өнгөрсөн 27 жилийн турш улс төрийн сонгуульд тасралтгүй оролцож ирсэн. УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгаас нэр дэвшсэн. Ялагдлын шалтгаанаа та юу гэж дүгнэдэг вэ?
-МАН асар их мөнгө тараасан нь нууц биш. Иргэдийн данс руу 10 мянган төгрөг хийж байсан. Одоо иргэд маань сонгуулиар авсан тэр авлигалаа эргээд мянга, мянган хувь дахин нугалж татвараараа төлөх гэж байна. Бид үүнийг шүүмжилж хэлж байсан уу гэвэл хэлж байсан. Нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг эрс шинэчлэх, хариуцлагатай болгох хэрэгтэй байна гэдгийг хэлсэн боловч ард түмэн сонсоогүй. Зөвхөн 10 мянган төгрөг хэрэгтэй байна аа гэж гүйлдэцгээсэн.
-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тангараг өргөх ёслолд танай Бүгд найрамдах нам албан ёсны урилгаар оролцсон гэдэг үнэн үү. Та энэ арга хэмжээнд явсан уу?
-Тийм ээ. Тангараг өргөх ёслолд оролцсон.
-Д.Трамп гарснаар дэлхийн болоод манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ. Та юу гэж харж байна?
-АНУ дэлхийн төв. Дэлхийн бүх корпораци АНУ-ынх. Эдийн засагт хамгийн том байр суурь илэрхийлж байгаа. АНУ-ын эдийн засаг нь нэг хэсэг унаж, сул дорой байсан бол Трамп эдийн засгийг хүчтэй болгоно. АНУ цаашдаа дэлхийн тэргүүлэх орон болж явна. Америк хүний ашиг орлого, амьдралыг улам сайжруулна гэсэн зорилтыг тавьж байгаа. АНУ-ын гадаад бодлогоос хамаарч дэлхийн бусад бүх улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал нөлөөлөх болчихоод бүгдээрээ тэр хүний бодлогыг хүлээгээд сууж байна. Тэр хүний бодлого ойлгомжтой. Улс гүрнээ илүү хүчтэй болгох, нөлөөллөө цар хүрээтэй болгох зорилт тавьж байна.
-Д.Трамп бид хоёрт төстэй зүйл бий гэж та ярьсан байдаг бил үү?
-Гүндалай тэгж ярьсан болохоос би адил төстэй гэж ярьсан удаагүй ээ. Би Трампын хажууд жижигхэн хүн шүү дээ. Трамп дэлхийн хэмжээний удирдагч болж байна.
-Ер нь та хоёрт намын чиг баримжаа, үзэл баримтлал болоод хэлж буй үг, үйлдэл нь төстэй байдал байна уу үгүй юу?
-Адилхан ч гэж дээ, яахав. Улсаа хөгжил дэвшилтэй хүчтэй улс орон болгоё. Хүмүүсээ ажилтай, орлоготой, хариуцлагатай болгоё гэж ярьж байгаа нь ойролцоо л байгаа байх л даа. Трампын ярьж байгаа зүйл Путины ярьж байгаатай ч адилхан. Хэн нь ч бай аугаа их улс орноо сэргэн мандуулъя, хүчтэй хөгжил дэвшилтэй болгоё гэж зорьж байна.
-Та эдийн засгийн хөгжлийн тухай ярьж хэлдэг хүний хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засагт ямар үр дагавар гарахыг хэлээч?
-МАН хэлэлцээр хийсний үр дүн. Ер нь тав, зургаан сарын өмнө энэ хэлэлцээрийг хийж дууссан байх ёстой байсан. Цаг хугацаа асар их алдсан. Хувийн ашиг сонирхлоо бүрдүүлэх гээд энд тэндээс зээл хайгаад гүйгээд байсан. Зээл нь бүтээгүй. Олон улсын валютын сан Монгол Улсын төлөө санхүүгийн хариуцлага, сахилга баттай болгоё гэж байхад нь тэрийг нь үл тоогоод тойроод гүйгээд байхаар чинь Валютын сан улам чангална. Хэрэв санал тавьсан энэ хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхгүй гэсэн бол манай гадаад валютын тооцоог хаачихна. Одоо гаднаас зээл тусламж авахдаа Олон улсын валютын сантай зөвшилцөх хэрэгтэй болж байна. “Евро” бонд, “Чингис” бонд, “Самурай” бонд зэрэг гаднаас оруулж ирсэн том том зээлийг ард түмэн аваагүй, дарга нар, хэдхэн томоохон аж ахуйн нэгжүүд хуваагаад авчихсан. Худалдаа хөгжлийн банк нь гэхэд Монголбанкнаас 360 сая ам.доллар авчихсан байх жишээтэй. Ер нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авснаар ойрын 20 жилдээ эргээд ашиг олж чадахгүй. Өрөн дээрээ өр нэмээд л тавьчихсан. Манай улсын эдийн засгийн хямрал төрд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Монголын төрийг хариуцлагатай болгохын тулд ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Харамсалтай нь хариуцлага үүрэх ёстой дарга, албан тушаалтнууд биш Монголын ард түмэн нуруун дээрээ үүрч гарахаар болж байгаа нь эмгэнэл.
-Иргэдэд мэдэгдэхүйцээр ямар нөлөөлөл үүсэх бол?
-Татварууд нэмэгдэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэх байх. Аж ахуйн нэгжүүд тэр чигээрээ дампуурах биз. Одоо ч цалингаа тавьж чадахгүй хэмжээнд байна. Нийгмийн амьдрал хүнд болно. Иймээс гадаадад оффшор бүсэд хийсэн мөнгийг оруулж ирж улсын өрийг төлөх хэрэгтэй дээ.
-Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэний давуу сайн тал нь юу байдаг юм?
-Дарга нар улсаас хулгай хийж чадахгүй. Эдийн засаг ил тод болно. Мөнгийг хэрэгтэй, хэрэггүй зүйлд үр гамгүй зардгийг багасгана. Олон дарга нарын тоо хэмжээг багасна. Хямрал өнөөдөр гэнэтхэн болчихоогүй юм. Сүүлийн 15 жил нийгэм, эдийн засаг, улс төрийг авч яваа улс төрийн хүчний үйл ажиллагааны үр дүн. Хэрвээ ашигт малтмалын үнэ өссөн байх үед томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулчихсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Эдийн засгийн том төслүүдийг дарга нар хувьдаа авах гэж улалзтал хэрэлдэж зодолдоод эргэлтэд оруулаагүй. Жишээлбэл, Таван толгой дээр Ухаа худагийг тасдаж авахын төлөө эдийн засгийн эргэлтэд оруулаагүй. Төмөртэйн, Баянголын ордууд байна. Цаашдаа бид улсын капитализм байх уу, хувь хүний хөрөнгөн дээр тулгуурласан зэрлэг капиталын замаар явах уу гэдгээ зайлшгүй шийдэх хэрэгтэй. Улсын капитализм байгуулсан улс орны жишээ байна. Том том аж ахуйн нэгж нь төрийнхөө мэдэлд харьяалагддаг. Тэр том төслийнхөө орлогоор иргэдийнхээ нийгмийн амьдралыг жигд өөд нь татдаг. Гэтэл манайх чинь хувь хүн улсын баялаг ордуудыг авчихаад жаахан ашиг олоод ирэхээрээ татвараа төлөхгүй, олсон мөнгөө гадаадад аваачаад хийчихэж байна. Тиймээс улс томоохон төслүүдээ хурааж авах хэрэгтэй. Төр заавал муу менежэр байдаг биш. Хяналтаа сайжруул, менежмэнтийг нь хамт олонд нь өг. Сайн ажиллавал ашгаас нь таван хувийг нь шагнана гэдэг байдлаар ч юм уу, урамшууллын системээр ажиллуулж болно. Ер нь нэг хүн ганцаараа баяжиж яах гээд байгаа юм. Нийтээрээ хөрөнгөжих тухай ярья. Нэг жишээ татахад, УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан гэдэг нөхөр хямралаас гаргах хандив гээд 100 сая төгрөг тэвэрч гүйгээд л байсан. Тэр хүний нүүрсний ордыг хурааж авах хэрэгтэй ш дээ. Дэлгэрсайхан оффшорт мөнгөтэй л гэсэн. Ард түмний өмч баялгийг шанагадаж авчихаад тэр яагаад данхалзаад байгаа юм бэ. Төмөртэйн ордыг Дэлгэрсайхан бий болгочихсон юм уу. Социализмын үед хайгуулыг нь хийчихсэн ард түмний л өмч. Хударгагүй, ёс суртахуунгүй байдлыг нэг тийш нь болгомоор байна. Нийтийнхээ төлөө нэг нь зүтгэдэг тогтолцоо руу орох цаг ирсэн. Тэгээд ч олон хүний амьдрал хүнд хэцүү байхад мөнхийн ус уучихсан юм шиг ганцаараа тэр их мөнгөөр яах гээд ч байгаа юм, ойлгодоггүй юм.
-Та эдийн засгийн хөгжлийн тухай олон жилийн өмнөөс ярьдаг байсан. Одоо ч ярьсаар л байна. Таны үгийг яагаад сонсдоггүй юм гэж танд бодогддог уу?
-Эрх мэдэлтнүүдэд хууртдаг тоглоом маань явсаар үнэнтэй нүүр тулаад зогсч байна. Иргэд, аж ахуйн нэгж, банк, улс нь бүгд өртэй, өрийн сүлжээнд орчихсон. Цаашдаа бүгдээрээ худлаа зүйлээр явах боломжгүйд хүрчихлээ. Миний хувьд улс орны өмнө хийх ёстой улс төрийн ажил хариуцлага эрх үүргээ хэд дахин давуулан биелүүлж байгаа. Би 25 жилийн турш бодит үнэний тухай хэлж, чадах ядахаараа л тэмцэлдлээ. Нийгэм, эдийн засгийн амьдралд ийм эрсдэл үүсэхийг тав, арван жилийн өмнөөс сануулан хэлсэн. Даанч тоогоогүй. Хүмүүс компьютерийн араас шүүмжлэхдээ арслан барс шиг. Түүнийхээ оронд гараад жагс л даа. Харсаар байтал нүхэнд унагасан хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлагыг нь хүлээлгэ л дээ. Хүлцэнгүй бөгөөд хямдхан сонголтыг чинь далимдуулаад улстөрчид хэрээсээ хэтэрч байна. Тиймдээ ч үүнийхээ горыг ард түмэн биеэрээ амсахдаа туллаа. Сая сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Одоо МАН-ын мөрөөдөл Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихъя гэж бодоод байх шиг байгаа юм. Африк. Садам Хуссейн шиг нэг намын тогтолцоотой, нэг хүний дарангуйллыг бий болгох гэж байна. Тийм учраас сонгуулиар улс төрийн тэнцвэржилтийг бодох хэрэгтэй. Иргэд ухамсартай хандах хэрэгтэй. Ямар ч байсан МАН-аас дэвшсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж болохгүй шүү. Би ингээд хэлэхээр дахиад л үгэнд орохгүй байх даа тээ.
-Та АН-ын гишүүнчлэлээ сэргээж намд орсон гэдгээ яагаад нууцлаад байгаа юм. Нууцлах учир шалтгаан байна уу?
-Амны бай болоод яахав. Шийдвэр гаргачихвал тэртэй тэргүй хэлчихнэ. Одоо таамаглал хэвээр нь үлдээе.
Б.ДОЛЗОДМАА