МУГЖ, Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин, Э.Батжаргал нар “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний финалын шатанд шалгарчээ. Тэмцээний эцсийн шалгаруулалт ирэх зургаадугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. Уг тэмцээн хоёр жилд нэг удаа Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффид зохион байгуулагддаг бөгөөд тухайн газрынхаа нэрээр ихэд алдаршсан олон улсын тэмцээн юм. Дашрамд дуулгахад МУГЖ Э.Амартүвшин 2015 онд тус тэмцээний эцсийн шатанд шалгарч, улмаар үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан билээ.
Month: March 2017
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод модот буланд зохиогдох “Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр энэ сарын 3, 4-нд болно. Мөсний баярын үеэр морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа, мөсний сүмо зэрэг тэмцээн болох ба сумдуудын албан байгууллага, нутгийн төлөөлөл, иргэд оролцох аж.
Түүнчлэн мөсөн хотхонд саатаж, мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхон, цаа буга, бөөгийн урц, хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм байна.
Налайхын бичил уурхайчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гуравдугаар сарын 20-ны өдрөөс уурхайн амуудыг түр хааж, нүүрс олборлолтыг зогсоохоор болжээ.
Өвлийн улиралд газар хөлдүү байх үед нүүрс олборлоход харьцангуй аюул багатай ч хавар газар гэсэх үед уурхайн гүнд нуралт үүсэх магадлал өндөр байдгаас жил бүрийн гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нүүрс олборлохыг хориглодог.
Одоогоор тус дүүрэгт есөн компани гэрээний дагуу нүүрс олборлож байгаа юм байна. Тэдгээр компаниуд хувь хүмүүстэй гэрээ байгуулан аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын асуудлыг хариуцан ажилладаг ажээ.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явуулах өдрөөс 120 хоногийн өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох ёстой. Үүний дагуу хоёрдугаар сарын 24-нд Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар тушаал гаргаж Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвсэл 6.8, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн засал номууд хурж эхэллээ. Хаврын тэргүүн сард Гандан хийдүүдийн унших номын жагсаалтыг танилцуулж байна. Шинийн 1-15-нд “Чойн-пүрэл- жон- а” буюу номын эрд хувилгаан үзүүлсэн (их дүйчин) хурал болно. Шинийн найманд “Их манал” , “Маналын дончод” , ”Дарь-Эхийн мандал шива” хурна. Шинийн 10-нд Манбадацанд; “Жигжид” , “Гомбо” , “Гонгор” , “Шанлай” , “Данжан” хурна. Шинийн 11-нд “Дүйхор” , “Чогор” , “Сагар” , “Дүлцо”’-той хурна. Мөн Манба дацан хийдэд шинийн 14-нд “Бэхэн ганжуур” хурах бол шинийн 15-нд “Сандуйн жүд”, “Сожон” хурах тул сүсэгтэн олныг хүрэлцэн ирж ном даган баясахыг урьжээ.
Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар өнгөрсөн сарын 10-ны өдөр зохицууллаа. Зээлийн сангаас мэдээлэл хязгаарлахад дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэв. Үүнд: нэг жилээс илүүгүй хугацаатай, анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан байх.
Энэхүү шийдвэр нь Монголбанкны зүгээс авч буй нэг удаагийн бодлогын арга хэмжээ бөгөөд санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой юм. Учир нь сөрөг зээлийн түүхтэй иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Энэ нь бага дүнтэй, зээлийн сөрөг түүхтэй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэл дарамт болдог. Иймд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийнхүү анхаарчээ.
Санхүүгийн зохицуулах хороо өөрийн албан ёсны www.frc.mn цахим хуудсаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зарладаг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг мэдээлдэг боллоо. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасны дагуу гишүүн орнуудын хүлээх үүргийн нэг юм.
Ингэснээр санхүүгийн зах зээлд оролцогч иргэд, хуулийн этгээдүүд тус цахим хуудасны “Мөнгө угаах, терроризмтой тэмцэх” цэсээс дээрх жагсаалттай танилцаж болзошгүй эрсдлээс сэргийлэх боломжтой болсон байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар банк, ББСБ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, нотариатч нар сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэгтэй хуулийн этгээдүүд аж. Эдгээр хуулийн этгээдүүд тус хуулийн 7.2-т заасны дагуу хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ тухай 24 цагийн дотор Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж байхыг санууллаа.
Хөдлөх эд хөрөнгө
болон эдийн бус барьцааны тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Нийтдээ долоон бүлэг, 59 зүйлтэй уг хуулиар барьцааны баталгаажилт,
барьцаалагчийн давуу эрх, барьцааны талуудын эрх үүрэг, барьцааны эрх
хэрэгжүүлэх асуудлуудыг зохицуулж өгөөд байгаа юм. Ингэснээр иргэний
гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсвэл
ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах
эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл,
бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд
хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл болж байна. Хууль хэрэгжиж
эхэлснээр иргэд, ААН-үүд оюуны өмчөө барьцаалан зээл авдаг болох юм.
Тодруулбал, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус зүйлээ барьцаалж, зээл гаргуулах
хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Хуулийн гол өгөөж нь бизнес эрхлэгчид,
тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх
боломж нээгдэхэд оршиж байна. Иргэдийн барьцаалсан хөдлөх эд хөрөнгө болон
эдийн бус хөрөнгийн мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгэнэ. Цахим мэдээллийн
санд бүртгэсэн иргэн, аж ахуйн нэгжийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн талаархи
статистик мэдээг сар, улирал, жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, холбогдох
эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргийг Бүртгэлийн байгууллага хүлээж байгаа
юм. Цахим мэдээллийн сан нь улсын хэмжээнд нэгдсэн, нийтэд нээлттэй байх бөгөөд
интернэтэд холбогддог бүх хүн цахим сангаас мэдээлэл авах, хайлт хийх боломжтой
юм байна.
Замын цагдаагийн алба иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчуулах зорилгоор баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Сар шинийн баяраар буюу Битүүн, Шинийн 1,2,3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Дээрх тоон мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 46,9 хувиар, зам тээврийн осол 31,3 хувиар, гэмтсэн хүн 18 нэгжээр буюу 27,2 хувиар тус тус буурч, амь нас нь хохирсон хүний тоо 8 нэгжээр буюу 2,3 дахин өссөн судалгаа байна. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөн.
Замын цагдаагийн алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн.
Тухайлбал:
1. 2017.02.26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газраас Дарханы чиглэлд H.5ton маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla маркийн автомашинтай мөргөлдөж 2 том хүн, 2 хүүхдийн амь нас хохирсон.
2. 2017.03.01-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд асфальтан замд М жолоочтой H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 17 настай Э-н амь нас хохирсон.
Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.
Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ. Тодруулбал, гуравдугаар сарын 2-ний өдрийн 08 цаг 07 минут 31 секундэд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 6 км-ийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв өргөрөг 48.81, уртраг 106.59 аж.