Categories
мэдээ нийгэм

Иргэд ХСИС-ийн сонсогчдод талархал илэрхийлэв

Хууль сахиулахын их сургуулийн бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэжээ. Энэ хүрээнд тус сургуулийн Цагдаагийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Ахлагчийн сургуулийн 1000 гаруй сонсогч хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-ныг дуустал Улаанбаатар хотод нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөнд хяналт тавих, замын түгжрэлийг бууруулах, ард иргэдийг амар тайван шинэлэх, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажилласан байна.

Мөн энэ өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид Нийслэлийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд үүрэг гүйцэтгэн гал түймрийн аюулаас сэргийлэх талаар сурталчилгаа явуулж, Аврах, гал түймэр унтраах ангиудад ажиллажээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын хүсэлтийн дагуу Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар дээрх хугацаанд сонсогчид үүрэг гүйцэтгэснээр нийтийн хэв журам сахиулах, замын түгжрэлийг бууруулах, иргэдийг амар тайван шинэлэх, гэмт хэргээс сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулсныг холбогдох байгууллага, иргэд сайшааж эхэллээ. Иймд иргэд Хууль сахиулахын их сургуулийн сонсогчдыг үүргээ маш сайн биелүүлснийг онцолж, цахим хуудсаар болон өөрийн биеэр Их сургуулийн удирдлага, багш, албан хаагчдад талархлаа илэрхийлсээр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд эсэргүүцлийн суулт болж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд эсэргүүцлийн суулт болж байна. Өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасан юм. Тус захирамжийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхи хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, өчигдрөөс ЗДТГ-ын байрандаа суулт зарлажээ. МАН-ын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд цагдаагийн дэмжлэгтэйгээр нэвтэрсэн байна. Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дотор талд шатан дээр суулт хийж байсан иргэдийг албадан гаргажээ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан, цахилгаан бороохой хэрэглэсэн талаар иргэд мэдээллээ.

Захирамж гаргасан Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХБНГУ-ыг зорьсон байна. Иймд эсэргүүцэгчид түүнийг иртэл суултаа үргэлжлүүлж, тодорхой шийдэлд хүрнэ гэцгээж байв.

Засаг даргын тамгын газарт өрнөж буй энэхүү үйл явдлын үеэр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал нь нийт 41 суудалтай. 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид 22, МАН-аас нэр дэвшигчид 19 суудал авсан. Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан зарим нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгосон асуудал шүүхийн шатанд яваа юм байна. Гэтэл нийслэлийн Засаг дарга С.Батболд Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжилсан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж эсэргүүцэгчид үзэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдах чимээ дуулдаж байна.

Уг хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганыг хэзээ зарлан хуралдуулах вэ гэдгийг хэлэлцэх юм.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ дахь намын бүлгийн дарга нараас гадна Байнгын хороодын дарга нар багтдаг. Тус зөвлөлийн шийдвэрийг үндэслэж, УИХ-ын дарга захирамж гарган, ээлжит бус чуулганы товыг зарлах ёстой.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Сар шинийн өмнө Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, дэмжсэн. Одоогоор Засгийн газар УИХ-д энэхүү төсвийн төслийг өргөн мэдүүлээгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Нэг дүүрэг, дөрвөн аймгийн 17 суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон.

Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон нь үргэлжилж байна.

Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тавигдсан хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжлэх боломжтой тул өвчлөл тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МУГТ Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр эхэлсэн. Уг тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртлээ.

Тэрбээр 97 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж алтан медаль хүртэв. Энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин хүч сорьсон.

МУГТ Э.Содномпилжээ “Рио 2016” паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдсөн. Паралимпоос хойш анхныхаа олон улсын тэмцээндээ оролцож ийнхүү бахдам амжилт үзүүллээ.

Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажиллав.

Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: ОУВС санхүүгийн секторыг эрүүлжүүлэх зорилготой. Түүнээс ард түмний амьдрал муудахгүй

Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа. Тэрээр Японы Сангийн яаманд дадлагажигчаар ажилласныхаа дараа Сангийн яамны Санхүүгийн бодлого өрийн удирдлагын газрын дарга, НҮБ-ын “Түмэн бүс” бүс нутгийн хөтөлбөрийн захирал, Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн удирдагч, ОУВС-гийн бүс нутаг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байжээ.


-Өнгөрсөн зунаас эхлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар ярьсан. Харин “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсон нь гэнэтийн мэдээлэл байлаа. Яагаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болчихов?

-ОУВС-тай хийх хэлэлцээрийн шатанд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар ярьсан шүү дээ. Ард түмэнд хэлсэн нь өнгөрсөн ням гариг болохоос биш. ОУВС маш олон хөтөлбөртэй. Тэдгээр хөтөлбөрөөсөө аль нь тухайн улсад тохирох вэ гэдгийг харилцан ярилцаж шийддэг. Эдийн засаг нь тогтворгүй байгаа улс орны Засгийн газрынх нь хүсэлтээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байгууллага. Түүнээс биш дэлхийн цагдаа шиг энэ зээлийг ав, тэр чинь болохгүй байна гэж тулган шаарддаггүй. Өнөөдрийн манай улсад хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр “Стэнд бай”-г бодвол илүү өргөн хүрээг хамарна. Нэг ёсондоо олон асуудлыг хамардаг гэдгээрээ “Стэнд бай”-гаас ялгаатай. “Стэнд бай” богино хугацааны хямралыг шийддэг. Харин манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд шийдэх боломжгүй. Дунд болон урт хугацаанд шийдэх асуудал болчихсон. Өвчнөөр яривал хүндэрсэн гэсэн үг. Ханиадаа эмчилж чадахгүйгээс болоод хатгаа болгочихсон асуудал яригдаж байгаа. Эмчлэхэд илүү урт хугацаа шаардана. Ерөнхийдөө өргөн хүрээнд асуудлыг шийднэ гээд ойлгочих. Зөвхөн төсөв, төлбөрийн балансаас илүүтэй эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, үр ашиг талаас нь харна. Ялангуяа санхүүгийн секторын бүтцийн өөрчлөлтөд нэлээн анхаарал хандуулна. Түүгээрээ бусад хөтөлбөрөөсөө ялгаатай. Хугацааны хувьд ч гэсэн 3-4 жилийн хугацаанд хэрэгждэг.

-Манайхан зөв хөтөлбөрөө сонгож чадсан уу. Хэр тохиромжтой хөтөлбөр вэ?

-Уг нь хоёр жилийн өмнө буюу намайг ОУВС-д ажиллаж байхад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж 1.5 тэрбум ам.доллар авах тухай ярьж байсан. Тухайн үед эдийн засгийн хямралыг бага дээр нь эмчлээгүйгээс болж өвчин хүндэрсэн байна. Монгол Улсын төсөв нэг үеэ бодвол гайгүй болчихож. Төсвөөс гадуурх зардал хумигдаж төсөвтөө суудаг болсон. Энэ бол сайн үр дүн. Тэгэхээр одоогийн хэрэгжүүлэх хөтөлбөр төсөвтэй айхтар зөрчилдөхгүй. Мөнгөний бодлого тал дээр асуудал бий. Гэхдээ бүр илүү асуудалтай нь санхүүгийн сектор. Санхүүгийн секторын 96 хувийг банк эзэлж байгаа. Гэтэл банкуудын активыг үзэхээр чанаргүй зээл маш их. Саяхан л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар ч банкны үйл ажиллагааны асуудал сөхөгдөж олонд харагдлаа. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас бид яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэтэл Засгийн газарт үүнийг шийдэх боломж алга.

-ОУВС-гийн уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гадныхны хараат болох нь гэх болгоомжлол иргэдийн дунд бий. ОУВС ил биш ч гэлээ далд байдлаар манай улсыг удирдах уу?

-Зээлийг зөв ойлгох хэрэгтэй. Хятадаас, эсхүл Япон, Орос, Солонгосоос зээл авч болно. Хоёр улс хоорондын зээл хатуу нөхцөлтэй байдаг. Жишээлбэл, манайх АНУ-аас “Мянганы сорилын сан”-гийн зээл авсан. Хариуд нь тус улсын энхийг сахиулах бодлогыг дэмжиж Ирак руу цэргээ явуулсан шүү дээ. Япончууд манай улсад жилдээ 50-60 сая ам.долларын зээл өгдөг тогтсон журамтай. Гэтэл шинэ нисэх онгоцны буудал барихад зориулж ямар учраас зээл өгсөн бэ. Тэднийг НҮБ-ын Аюулгүй байдлын хороонд ороход нь манай улс дэмжсэн болохоор тэр. Гэтэл ОУВС ч юм уу Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага зээл өгөхдөө ганцхан нөхцөл тавьдаг. Сахилга баттай, эрүүл бай гэдэг ганцхан нөхцөл тавина. Мөн улс хоорондын зээл ихэвчлэн төсөл хэлбэрээр орж ирдэг. Харин олон улсын байгууллагаас орж ирж буй мөнгө манай улсын төсөв рүү ам.доллараар орж ирнэ. Үүгээрээ маш их ялгаатай.

-Хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан байдлаар нэлээн хэдэн нөхцөл, шаардлага тавьж байна. Үүнээс улбаалж ард түмний нуруунд хэр их ачаалал ирэх вэ?

-Улсын төсвөөр дамжуулж татварын орлого өсөх ёстой. Нөгөө талдаа бидний хэрэглээг бууруулах шаардлага харагдаж байна. Бид өмнөх хэдэн жил үрэлгэн төсөвтэй, эдийн засгийн сахилга батгүй явж ирлээ. Өнөөдөр харин нийтээрээ үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг. Засгийн газар Засгийн газар шиг сайн ажиллах хэрэгтэй. Ард түмэн ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож хэцүү байдлаас гарахын тулд хичээж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар ч тэр, иргэд ч тэр ачааллыг үүрээд явахаас өөр арга байхгүй.

-Манай улсад тавьсан нөхцөл хэр хатуу шаардлага вэ. Бусад улс оронд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар жишигтэй байдаг юм бол?

-Эдийн засгийн онол гэж бий. Энэ онол их тодорхой стандарт, зарчимтай. ОУВС-гийн тавьж буй шаардлагууд эдийн засгийн онолд тулгуурласан. Тиймээс уг хөтөлбөрийг дэлхийн аль улсад хэрэгжүүлж байгаагаас болж нөхцөл өөрчлөгдөнө гэж байхгүй. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буй улс оронд яг л ийм нөхцөл тавина гэсэн үг. ОУВС гэдэг бол дэлхийн эдийн засгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Ядарч буй улс орнуудад туслалцаа үзүүлэх үүрэгтэй байгууллага. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг нь тэр. Түүнээс биш мөнгө хийдэг, аль нэг улсад бодлогын дарамт үзүүлдэг байгууллага огт биш. Ер нь эдийн засаг сайн ойлгодог хүмүүс Засгийн газарт тавьж буй гэрээний нөхцөлийг их эерэг хүлээж авч байгаа байх. Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгийг мэдэж байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол тухайн улс орон дампуурдаг гэсэн яриа бий. Үнэхээр хөтөлбөр хэрэгжүүлээд дампуурсан улс байдаг юм уу?

-Сөрөг яриа гарч л байна. Гэхдээ бодит байдлаа харах хэрэгтэй. Бид гаднаас зээл авч мөнгө босгох тухай л ярьж байгаагаас биш системийг эрүүлжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна. ОУВС тодорхой сахилга баттай санхүүгийн дэглэмийг тухайн оронд хэвшүүлээд буцаад гардаг байгууллага. Манай улс 2009 онд “Стэнд бай” хөтөлбөрийг маш богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Явахдаа бүр Монгол дахь оффисоо буулгаад “Үүнээс хойш танай улсад ирэхгүй байх. Амжилт хүсье” гээд явсан. Гэтэл хэдхэн жилийн дараа эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихлээ. Засаглаж чаддаггүй, бодлогоо хэрэгжүүлдэггүй, мэргэжлийн бус байгаагийн жишээ юм болов уу гэж дүгнэж байгаа.

-Дэлхийн хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд амжилт олоогүй улс байдаг уу. Ер нь амжилттай хэрэгжсэнийг илэрхийлсэн тоон үзүүлэлт бий юү?

-Өнөөдрийн байдлаар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд явж буй арав гаруй улс бий. Манайх 12 дахь улс нь болж байгаа юм билээ. “Стэнд бай” хөтөлбөрт найман улс хамрагдаж байгаа. Бүгд амжилттай хэрэгжүүлж байгаа. Ер нь ОУВС-гийн түүхэнд маш цөөн тохиолдолд үр дүн гарч байгаагүй. Ямар тохиолдолд үр дүн гарч байгаагүй вэ гэхээр тухайн улсын улстөрчид болон олигархиудын ашиг сонирхолтой холбоотой. Үр дүн гараагүй улс орон ОУВС-гийн буруу гэж ард түмнийхээ тархийг угаагаад байх шиг байдаг.

-Манай улсын бодлогод шууд нөлөөлөөд эхлэх үү?

-Ажлын хэсэг манай улсад ажиллаад гурван нөхцөл урьдчилан тавьж байна. Ипотекийн зээлийг Монголбанк хариуцаж байсныг болиулж Засгийн газрын мэдэлд өгөх нь зүйтэй гэсэн. Монгол Улсын төв банк мөнгөний бодлогыг барьдаг болохоос биш Засгийн газар шиг ажилладаггүй. Тиймээс үүнийгээ зогсоо гэсэн. Хоёрдугаарт, улсын төсөвтөө тодотгол оруулж үр ашиггүй зардлаа хэмнэж орлогын боломжоо нэмэгдүүл гэсэн. Гуравдугаарт, санхүүгийн секторт чинь шинжилгээ хийе. Бүх мэдээллийг ил болгооч гэсэн. Шинжилгээ хийсний үр дүнд ямар бохирдол, зүй зохисгүй зүйл байгааг тогтоож өөрчилье гэх гурван нөхцөл тавьсан. Эдгээрт ард түмэн дургүйцээд байх зүйл байхгүй. Улсын бодлогод ч нөлөөлөөд байх зүйлгүй. Яахав цөөн хэдэн тооны шалгуулах, мэдээллээ өгөх дургүй хүмүүс дургүйцэх байх.

-Бидэнд уг хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоох боломж бий юү?

-Төсвөө тана, мэдээллээ ил болго гэдэг ч юм уу, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд хөтөлбөр зогсдог.

-Хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд эдийн засгаа сэргээж чадвал ОУВС манай улсаас гарах уу?

-Цоорхой уутыг оёсны дараа мөнгө хийх хэрэгтэй. Улс мөнгөтэй болох эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь санхүүгийн сектор эрүүлжих.

-Өнгөрсөн ням гаригт урьдчилсан байдлаар нөхцөлөө танилцуулсан. Ирэх сард Захирлуудын зөвлөлөөр батлагдсан тохиолдолд нөхцөл өөрчлөгдөх үү?

-Эхлээд одоо өгсөн гурван нөхцөлөө биелүүлэх хэрэгтэй. Дараа нь гурван жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогодоо ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээ тохирно. Цаг хугацаатай уялдсан нөхцөлүүд гаргаж ирнэ гэсэн үг.

-Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталчихвал эхний санхүүжилт хэзээ орж ирэх вэ. Мөн ямар шат дараалалтай орж ирэх бол?

-Засгийн газар ОУВС-гийн тохиролцооны л асуудал. Ямартай ч төлбөрийн балансыг дэмжих зорилгоор орох байх. Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөр баталсны дараа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийж санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн татахыг ярих байх.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна, шатахууны онцгой татварыг нэмэгдүүлэхээр үнэ өснө гэхчилэн иргэдэд дарамт үүсэх байх. Хамгийн хүнд үе хэзээ байх вэ?

-ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлснээс болоод шатахууны үнэ өснө гэж ярьж болохгүй. Өмнө нь өсөж л байсан. Ер нь нэг зүйлийг ойлго. Хөтөлбөр хэрэгжсэнээр ард түмний амьдрал муудахгүй. Улсын эдийн засгийг сэргээх үндсэн зорилготой. Түүнээс биш ард түмэнд нь ачаалал үүрүүлж улсыг дампууруулах гээгүй. Иргэд хэсэгхэн хугацаанд л тэсчих. Нэгээс хоёр жилийн дараа үр дүн гарч эхэлнэ. Хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол үүнээс дор байдалтай болно шүү дээ.

-Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагааг ямар хүмүүс гардах юм бэ?

-Ажлын хэсэг гарна. Олон улсын төлөөллөөс баг бүрдэж ажиллана. Шаардлагатай бол манай улсад ирж ажиллана. Монгол дахь суурин төлөөлөгчийн газар мэдээлэл боловсруулах үүрэгтэй. Цаг тухай бүрт мэдээллээ солилцоод явчихдаг юм.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр ам.долларын ханш буурдаг жишээ бий. Энэ удаад яах бол?

-Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохыг зорьж байгаа шүү дээ. Тиймээс ханшийн хувьд ч гэсэн тогтвортой байлгах гэж зорино. Айхтар савлахгүй байх гэж бодож байна. Өмнөх удаагийн ам.долларын ханш буурсан нь хөтөлбөртэй уялдахаас илүү экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой. Энэ удаа гадаад нөхцөл байдал өөр байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Гарамжав: Намрын чуулганаар эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийж чадсан

УИХ- ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Намрын чуулган хааж гишүүд тойрогтоо ажиллаж байна. Чуулганыг хэр үр дүнтэй ажилласан гэж та дүгнэж байна вэ?

-Намрын чуулганы өмнө цаг үеийн тулгамдсан олон асуудал байсан. Ер нь хариуцлагыг мэдрүүлсэн, ухамсарлуулсан чуулган болсон гэж үзэж байна. Хамгийн түрүүнд эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарцыг олох хариуцлага хүлээж байлаа. Өр зээлтэй, гадаадын хөрөнгө оруулалт зогссон хүндхэн эдийн засгийг хүлээж авсны дараа бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болсныг бүгд мэдэж байсан. Эдийн засгийг тогтворжуулах өсөлтийг хангах зорилгоор хөтөлбөр баталлаа. Гэсэн ч өнөөдөр байдал хүнд байгааг бид харж байна. Төсвийн байгууллага бүх шатандаа сахилга хариуцлагатай, хэмнэлтийн горимд ажиллаж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухал. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгож тоног төхөөрөмжийг нь гаалийн татвараас чөлөөллөө. Ахмад настны тухай хуулийг шинэ оны өмнө баталсан. Уг хууль батлагдсанаар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа ахмадуудад “Насны хишиг” олгох юм. Удахгүй болох сар шинийн баярын өмнө 122 орчим мянган ахмад настан 20.5 тэрбум төгрөгийг гар дээрээ авч эхэллээ. Мөн тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 15 болгож бууруулсан гээд эдийн засгийн хүндрэлийн үед иргэддээ чиглэсэн шийдвэрүүдийг гаргаж чадсан үр дүнтэй чуулган болсон. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй, улс орны санхүү сайн биш байгаа ч нааштай зүйл ажиглагдаж байна. Манай улсын төсвийн орлого, тусламж энэ оны эхний сард 440 тэрбум, зарлага 465 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад төсвийн алдагдал 30 тэрбумаар буурсан. Гадаад худалдааны тэнцэл 151 сая ам.долларын ашигтай гарч экспорт 30, импорт 40 хувиар нэмэгдсэн байна. Боловсруулах аж үйлдвэр 20 орчим хувиар өссөн тооцоо бий. Ингэснээр хямралаас гарлаа гэсэн үг биш. Хүндрэл, хямралыг богино хугацаанд арилгачих зүйл биш гэдгийг бид харж байна.

-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны намрын чуулганы явцад нэлээд ачаалалтайажилласан гэж байсан.Хэлэлцсэн хуулиудаа бүгдийг нь батлуулж амжив уу?

-Намрын чуулганы хугацаанд манай байнгын хороо дунджаар 63.15 хувийн ирцтэйгээр 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 27 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл тавыг, сайдын мэдээлэл гурвыг сонсч, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг батлуулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай гээд салбарын томоохон хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Түүнчлэн гурван томоохон хэлэлцүүлгийг хийлээ. Мэргэжлийн байгууллагын төлөөллийг бүгдийг нь оролцуулан гарц шийдэл хайсан хэлэлцүүлэг хийснээр өнөөдөр асуудал шийдэгдэх боломж бүрдэж байгаа. Тухайлбал, “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хэлэлцүүлгээр тулгамдаж буй асуудал, бэрхшээл, хүндрэлүүдийн талаар үнэлэлт, дүгнэлт өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Зөвлөмж” гарган холбогдох газруудад хүргүүлсэн. Ямар боловч манай байнгын хороо нийслэлчүүдээ шинэ цэвэрлэх байгууламжтай болтол шахаж шаардаж ажиллах болно. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон”, “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” хэлэлцүүлгүүдийг хийсэн байна. Бэлчээрийг хамгаалахын тулд бие даасан хууль гаргах нь оновчтой эсэх, хуулиар зохицуулах бол бүс нутгийн онцлогийг хэрхэн харгалзах, уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог багасгах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн зөв эргэлтэд оруулах, газрыг ашиглах, эзэмших харилцааг нарийвчлан зохицуулах хэрэгтэй байгаа гээд салбарын олон асуудалд мэргэжлийн байгууллагынхан санал нэгдсэн.

-Танай байнгын хорооны хувьд Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг анхаарлын төвд авчирч чадсан. Цэвэрлэх байгууламжийн талаарх хэлэлцүүлгийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг байнгын хороогоорсонсоход үр дүн хангалтгүй байгаа нь харагдсан. Ер нь шинэ цэвэрлэх байгууламжтай болох найдвар хэр байна?

-“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хандсан зөвлөмжийндагуу хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг байнгын хороогоороо сонссон юм. Байнгын хорооноос гаргасан зөвлөмжид шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд үнэлгээ өгч, ажлын хэсэг байгуулах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулах, шугам сүлжээний үйл ажиллагаанд технологийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг хохирол багатай, цаг алдалгүй арилгуулах, цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд магадлагаа хийж, технологийн горимыг мөрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ажлын хэсгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд удаашралтай. Дээр нь төв цэвэрлэх байгууламжид байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгасан, судалсан нь хангалтгүй байсан юм. Мөн уулзалтаар Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүд Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзах үеэр Ёкохама хотын цэвэрлэх байгууламжтай танилцаж туршлага судалсан талаараа мэдээлэл өгсөн. Уг цэвэрлэх байгууламж тун энгийн зарчимтай бөгөөд байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологитой. Тухайлбал, өтгөн лагийг исгэж метан хий, эрчим хүч, барилгын материал болгон хувиргаж үйлдвэрээ төдийгүй бүтээгдэхүүнээ борлуулж ашгийг бий болгож байгаа үлгэр жишээг танилцуулж судлахыг зөвлөлөө. Гишүүдийн хувьд төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эрчимжүүлж, энэ жилдээ багтаан барилгын ажлыг эхлүүлж 2020 он гэхэд ашиглалтад бүрэн оруулсан байх шаардлагатайг ажлын хэсгийнхэнд анхааруулсан.

-Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Сар шинэ, Мартгээд олон баяр дараалаад дуусахад дулаараад утаа арилна. Өвөлтэй золгоход дахиад л агаарынбохирдлоо ярина. Сүүлийн үед хийж байгаа ажлууд хэр оновчтой гэж харж байна?

-Гамшгийн хэмжээнд хүрсэн утааныхаа асуудлыг монголчууд бид хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт тодорхой шийдэлд хүрэхээр санал санаачлага өрнүүлсэн өдрүүд өнгөрлөө. Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Ирэх өвөл дахиад л утаагаа яриад суух бус оновчтой шийдвэр, тодорхой ажлуудыг хийсэн байхыг иргэд хүсч байгаа. Нэгдүгээр сарын 01-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний үнийг тэглэхээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ боломжийг иргэд зөв ашиглах ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай хийж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулахын тулд шинэ дэвшилтэд технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

-УИХ-ын үр дүнд парламентад 45 гишүүн шинээр орж ирсэн. Та тэдний нэг. Таны бодлоор шинэ гишүүд хэрүр бүтээлтэй ажилласан бэ?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарьт тусгасан асуудлыг хэлэлцэж, бие даасан 22 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 175, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 15, гэрээ конвенц соёрхон батлах тухай хууль гурав, УИХ-ын 59 тогтоолыг баталсан байгаа юм. Парламентын гишүүдийн талаас илүү хувь нь шинэчлэгдсэн ч чадварлаг залуучууд орж ирсэн нь бахархууштай байгаа. Хууль тогтооно батлана гэдгийг гишүүдээс оюуны болон ажлын туршлага, чадвар шаарддаг. Тухайн хуулийг дарамт бус амьдралд эерэгээр нийцүүлэх, хөгжил дэвшилд хөтлөгч болгохын төлөө их зүйлийг уншиж судалж байна. Хуучин туршлагатай гишүүд шинэ гишүүдийнхээ туг, ноён нуруу нь болж ажиллалаа. Тэдний туулсан туршлага үг, үйлдэл бүрээс нь суралцах зүйл их байна.

-Намрын чуулган завсарлахаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-УИХ-ын чуулган хаасны маргаашнаас тойрогтоо ажиллаж байна. Намрын чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолыг сурталчилж, сонгогчдынхоо үгийг сонслоо. Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хувьд эрүүл мэнд, сургууль цэцэрлэг, цахилгаан, усан хангамжийн хүрэлцээ дутмаг гээд тулгамдсан асуудал ихтэй. Цэцэрлэгийн өргөтгөл, ус, цахилгаан хангамжийг сайжруулах, зам талбай засах, барих гээд олон ажлыг шат дараатай хийхээр төлөвлөсөн. Тойргийнхоо 110 дугаар цэцэрлэгийн сэрүүн өрөөний дээвэр, шал, дулааныг иж бүрэн засварлаж ариун цэврийн өрөөний санг шийдэж ашиглалтад хүлээлгэж өглөө. Ингэснээр 50-80 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдлээ. Цаашдаа ийм зураг төслөөр баригдсан цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг засварлаж өргөтгөхөөр ажиллаж байна. Мөн монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож байгаа үед тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Энэ дашрамд Монгол түмэндээ XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилдээ хотол олноороо дүүрэн жаргалтай, төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Б.Баасанхүү: Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сэтгэлгээний цар хүрээ маш сайн байдаг

Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургуулийн бага ангийн багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та хэдэн жил багшилж байна вэ?

-Би Ховд аймгийн уугуул хүн л дээ. 1986 онд Улаанбаатарт Багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр дүүргэсэн юм. Түүнээс хойш 30 гаруй жил аав, ээжийн алаг үрсэд сурсан мэдсэнээ түгээж явна. Нийт 400 гаруй шавьтай болсон байна. Миний гэр бүлд багш мэргэжилтэй хүн байдаггүй л дээ. Харин бага ангийн багш минь намайг энэ мэргэжилд дур сонирхолтой болгосон юм. Надаар хүүхдүүдийн тооны, цээж бичлэгийн гэх мэт дэвтэр засуулдаг байсан. Хүүхэд болохоор багш болчихсон юм шиг төсөөлөөд л засна. Энэ нь намайг багш гэх эрхэм хувь заяанд хүргэж дээ гэж бэлгэшээж явдаг.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Тухайн үед оюутнуудад томилолт өгдөг байлаа. Би Ховд аймгийн Манхан суманд хуваарилагдсан. Тэнд очоод бага ангийн багшаас гадна байрны багшийн үүргийг давхар гүйцэтгэж эхэлж билээ. Шинэхэн багш самбарын өмнө гараад л тэр олон бүлтгэнэсэн нүднүүдийг хараад би ямар их үүрэг хариуцлагатай мэргэжил эзэмшээ вэ гэж бодогдож байсан. Нэг бодлын би чадах болов уу гэсэн айдас төрж байсан шүү. Манай нэг багш “Эмч хүн нэг алдахад нэг хүн л ална, харин багш хүн нэг алдахад олон хүнийг алдаг” гэж хэлсэн нь санаанаас ердөө гараагүй.

Тиймдээ ч алдахгүйн тулд маш их хичээдэг байлаа. Шөнө конспектоо биччихээд л толины өмнө зогсож байгаад л ганцаараа ярина. Хүүхэд болгонд зориулж төлөвлөгөө боловсруулна. Хэн юун дээр анхаарах ёстой, хэнд юу гэж хэлэх зэргээ бэлдэнэ гэх мэт. Тухайн үеийн багш нар ч их сайхан хүмүүс байж. Залуу багш болохоор бүгд л туслахыг хичээдэг. Энэ хичээл дээр ингэдэг юм шүү, тэр аргыг хэрэглэвэл үр дүнтэй гээд л зөвлөдөг байж билээ. Би Манхан суманд хоёр жил ажилласан. Дараа нь Ховд аймгийн хуучнаар I найман жил буюу IV арван жилийн сургуульд багшлахаар болсон юм. 1988-2006 он хүртэл энэ сургуульд багшилж олон сайхан шавьтай болсон доо. Би 1992, 2003 онуудад багш нарын ур чадварын уралдаанд тогтмол II, III байр эзэлдэг байлаа. Мөн 1996 онд аймгийнхаа аварга багшаар шалгарч байсан. Би багш мэргэжлийг их сайхан цагаан мөртэй гэж боддог. Тиймдээ ч ажил үйлс минь бүтэмжтэй өөдрөг явдаг болов уу хэмээн баярлаж явдаг даа.

-Харин хэзээнээс энэхүү сургуульд багшлах болов. Хот, хөдөөгийн хүүхдүүд ямар ялгаатай байсан бэ?

-Би 1999 онос өнөөг хүртэл МННХ-ийн Соросын сангийн “Алхам алхам”-аар хөтөлбөрийн сургагч багшаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгаас хоёр багшийг шалгаруулж Улаанбаатарт багшлуулахаар болж байсан юм. Би энэ хөтөлбөрт шалгарч 2006 оноос эхлэн II сургуульд багшилж байна.

Хот, хөдөөгийн хүүхдүүд мэдээж ялгаатай байсан. Анх энэ сургуульд ирээд нэгдүгээр анги дааж аваад хичээл зааж эхлэхэд хамгийн их ажиглагдсан зүйл нь сэтгэлгээний цар хүрээ нь хөдөө орон нутгийн хүүхдээс ялгаатай байсан юм. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сэтгэлгээний цар хүрээ маш сайн байдаг юм билээ. Миний төсөөллөөр төв газрын хүүхдүүд сэтгэн бодох чадвар, цар хүрээ нь илүү байгаа болов уу гэж бодсон ч үгүй байсан л даа. Хөдөөний хүүхдүүд уул ус, цэлгэр тал нутагтайгаа ойр байгаа учир сэтгэх чадварт нь нөлөөлдөг байх. Харин хот газрын хүүхдүүд маань хаашаа л харна өндөр барилга, хотоос цааш юу байгаа нь тодорхой биш байдаг юм шиг. Энэ нь эргээд төсөөлөх, сэтгэн бодох чадварт нь нөлөөлдөг байж болзошгүй. Би буруу ажиглалт, дүгнэлт өгөөд байна уу гэж бодоод энэ тухай ахмад багш нартай ярилцсан л даа. Ихэнх багш нар маань хөдөө орон нутгийн хүүхдүүд илүү байдаг талаар хэлж байсан.

-Багш бүр өөр, өөрийн гэсэн арга барилтай байдаг. Таны хувьд?

-Багш хүн хичээлийг үр дүнтэй заахын тулд сургалтын аргуудыг маш сайн, оновчтой хэрэглэж байх ёстой. Хичээлийн аль үед нь ямар арга хэрэглэвэл үр дүнтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй. Миний хувьд багаар ажиллуулах арга хэрэглэхийг зорьдог. Хамтдаа аливаа зүйлийг хийж сурах, сэтгэх, эвтэй байх дадлыг бий болгохыг хичээдэг дээ. Мөн сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх сонирхолтой.

Ер нь багш хүн ямар ч хичээлдээ сэтгэл зүрхээ шингээж сайн бэлдэх хэрэгтэй. Нэгэнт энэ мэргэжлийг сонгосон бол энэ хэдэн хүүхдийн төлөө бүхий л зүйлээ зориулж чаддаг байх ёстой гэж боддог. Залуу багш нар ч үүнийг санаж явбал зүйтээ болов уу. Монголын боловсролын төлөө хамгийн их хувь нэмэр оруулж чадах хүмүүс бол сурган хүмүүжүүлэгчид бид шүү дээ.

-Сурагчдынхаа хувьд хамгийн их санаа зовниж явдаг зүйл юу байна вэ?

-Багш хүн ер нь ээжээс өөрцгүй л дээ. Шавь нарынхаа хойноос үргэлж л сураг, ажиг тавьж суудаг юм. Миний хамгийн анхны төгсөлтийн хүүхдүүд одоо 40 хүрч яваа хүмүүс байна. Гадаад, дотоодод мөн эх орондоо ч тэр ихийг бүтээж яваа залуус цөөнгүй бий. Яахав, багш хүний хувьд сайхан мэдлэг боловсрол, ур чадвартай хүн болж төлөвшөөсэй гэж үргэлж бодож явдаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөх гэж буй шавь нартайгаа таарах юм бол хичээл номоо хийж байна уу, ямар мэргэжилтэй болох гэж байна гээд бас зааж, зөвлөөд авна. Ерөнхий шалгалтаа өгчихөөд шавь нар минь гүйгээд ирнэ л дээ. Сайхан сургууль авсан бол баярлана, үгүй бол сайн хийхгүй гэж зэмлэнэ. Гэхдээ бас урам өгөх, сэтгэлээр дэмжихээ ч мартахгүй. Аав, ээжийн өврөөс гараагүй жаахан амьтад л бидэн дээр ирдэг болохоор их ойр, дотно болчихсон байдаг юм. Багш хүний чин хүсэл шавь нараа л сайн сайхан явахыг харах байдаг юм даа.

-Та одоо хэддүгээр анги дааж авсан байна вэ?

-Одоо нэгдүгээр ангитай байна. 46 сурагчтай л бужигнаж байна даа. Гэхдээ анх зургаан настнууд сургуульд орж байсныг бодвол хамаагүй өөр болсон шүү. Анхны зургаан настнуудынхаа гутал, хувцсыг нь өмсүүлэх, бие засуулах гээд бүхий л зүйлд нь хамт. Яг л цэцэрлэгийн багш шиг байдаг байлаа. Одоо бол өөр шүү. Надаас шалтгаалахгүй бүх зүйлээ зохицуулчихна. Тов хийтэл үзэл бодлоо илэрхийлчихнэ гээч.

-Хичээлээ ойлгож, тогтоох нь ямар байдаг бол?

-Зургаан настнууд мэдээллийг маш хурдан хүлээж авна. Энэ хэрээрээ маш хурдан мартдаг. Нэг шинэ хичээл заагаад л хоёр, гурав хоногийн дараа эргээд асуухад яг цоо шинэ юм сонсож байгаа мэт л харна шүү дээ. Тэгэхээр эцэг, эхчүүд маань хүүхдүүдийнхээ хичээлийг сайн давтуулж, ажиллах нь чухал. Хичээлийг нь сайн давтуулаад л байх юм бол хүүхэд чадваржина л гэсэн үг. Харин найман нас хүрээд ирэхээрээ аливаа зүйлийг гүн гүнзгий хүлээж авч, мартах нь удаан болчихдог. Мөн тэвчээртэй суугаад ч сурчихдаг. Зургаан настнууд дээд тал нь 25-30 минут сууна. Тэгээд л хөдөлгөөнд ороод, үймүүлэх гээд эхэлнэ дээ. Энэ үед нь л тоглоомын болоод алжаал тайлах аргуудыг ашиглаж байж дараагийн хичээлдээ орох хэрэгтэй.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаж байна.

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ, ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА

Бакалаврт – 20 суралцагч

  1. Цагдаагийн ерөнхий газар – 8
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар – 5
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 5
  4. Хууль сахиулахын их сургууль – 2

Магистрантурт – 7 суралцагч

  1. Цагдаагийн ерөнхий газар – 3
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар – 2
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 1
  4. Хууль сахиулахын их сургууль – 1

Адъюнктурт- 3 суралцагч

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар – 1
  2. Хууль сахиулахын их сургууль – 2

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

– Орос хэлний мэдлэгтэй;

– Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;

– Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан;

– 17-25 хүртэл насны.

БАКАЛАВРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. 1. Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:

– Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх

үнэлгээтэй ажилласан байх;

– Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

  1. 2. Иргэдэд тавигдах тусгай шаардлага:

– Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В

үнэлгээтэй суралцаж төгссөн, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд

сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.4 –аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

– Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.

МАГИСТРАНТУРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

– Бакалавр, захиалагч байгууллагад мэргэжлээрээ тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

– Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

– Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

– Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

АДЪЮНКУРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

– Магистр, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

– Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;

– Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;

– Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

– Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

– Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

Бүрдүүлэх материал:

– Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;

– Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;

– Бүрэн дунд сургууль төгссөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;

– Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;

– Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;

– Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;

– Төрийн албан хаагчийн анкет;

– 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;

– Бүртгэлийн хураамж 40.000 /бэлэн/ төгрөг.

Бүртгэл:

Бүртгүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл суралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад / ЦЕГ-ийн 509 тоот, ХСИС-ийн 625 тоот, ШШГЕГ-ын 204 тоот, ШШҮХ-ийн 404 тоот/ бүртгүүлнэ.

Утас: ЦЕГ – 70119963, ШШГЕГ- 70109962,

ХСИС- 70155015, ШШҮХ- 70113400/

Categories
гадаад мэдээ

Түвдийн хөлбөмбөгчдөд Америкийн виз олгохоос татгалзжээ

ЛОНДОН./ВВС/. Техас хотод болох спортын тэмцээнд оролцох ёстой байсан Түвдийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад АНУ-ын виз олгохоос татгалзжээ.

Тамирчдын ярьснаар, виз авах мэдүүлгэд дурдсан аяллын зорилго нь АНУ-ын Элчин сайдын яамныханд эргэлзээ төрүүлсэн аж.

Түвдийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн, АНУ-ын иргэн Кэсси Чилдерс шигшээ багийн 16 хөлбөмбөгчнийг дагуулан Дели дэхь АНУ-ын элчин сайдын яамны ярилцлагад оруулжээ.

“Бид энэ аяллыг хэдэн сарын өмнөөс төлөвлөж байсан болохоор би тун сэтгэл дундуур байна. Энэ тоглолт бол тоглогч бүрийн хувьд маш чухал. Түвдийн эмэгтэйчүүд чадвартай гэдгээ дэлхий дахинд харуулах алтан боломж байсан юм” гэж Кэсси ярьжээ.

Гэхдээ тамирчдад виз олгохоос татгалзсан нь лалын хэд хэдэн орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигтай холбоогүй болов уу гэж тэрбээр үзэж байна.

“Би ийм шийдвэр гарах вий хэмээн эмээж байсан. Түвдчүүдэд АНУ-ын виз олгохгүй байх тохиолдол олонтоо гардаг, учир нь тэднийг орогнол хүсч магадгүй гэж болгоомжилдог” гэж К.Чилдерс тайлбарлажээ.

Дээр дурдсан 16 тамирчны ихэнх нь Түвдийн дүрвэгсдэд олгодог Энэтхэгийн гэрчилгээтэй, тэдний хоёр нь Энэтхэгийн паспорттой байсан аж.

АНУ-ын албаны төлөөлөгч Assosiated Press агентлагт мэдэгдэхдээ “Америкийн эрх баригчид виз олгох албадын гаргасан шийдвэрт тайлбар өгдөггүй, харин Түвдийн талаар баримталж буй Вашингтоны байр суурь урьдын хэвээр байгаа. Түвд бол Хятадын нэг хэсэг мөн” гэжээ.