Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

tsag agaar зурган илэрцүүдЦаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Энэ сард агaaрын дундаж температур нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

БАРУУН ЗҮГИЙН НУТГААР: Энэ сарын сүүлчээр дулаарна

Баруун зүгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг дулаарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн. Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зүүн хойд, Завхан, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Завханы өмнөд, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

ТӨВИЙН НУТГААР: Уулархаг нутгаар нойтон цас орно

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөл, Сэлэнгийн зүүн, Архангайн хойд, Булганы баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээрихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногтийн дунд үеэр нутгийн хойд хэсгээрцас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТГААР: Ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Хэрлэн, Халх голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан.

Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна. Энэ сард Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

ГОВИЙН НУТАГ: Олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан

Агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, ГовьСүмбэрийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эх болон дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн. Харин гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Энэ сард Өмнөговийн баруун ба зүүн, Дундговийн зүүн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн цас, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед 16-18м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

”Атар өргөө” ногдол ашиг тараана

“Атар өргөө” ХК-ийн ТУЗ-ийн №01 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 300 төгрөг буюу нийт 52.2 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болжээ.

Энэхүү ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 30-ны дотор зохих журмын дагуу буюу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ын хуучин дарга Д.Пүрэвдаваагийн эд зүйлсийг гаргажээ

Өнөөдөр БЗД-ын засаг даргын томилгоотой холбогдуулан иргэд эсэргүүцлээ илэрхийлэн дүүргийн гадаа цугларсан. Иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй гэж цагдаа нарыг хамгаалалтад гаргасан байлаа. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэвлэлийн хурал хийж томилгооны үндэслэлийг тайлбарласан юм.

Одоогийн байдлаар хуучин Засаг дарга Д.Пүрэвдаваагийн эд юмсыг гарган зөөж байна. Түүний өрөөний камерийг таглаж ИТХ-ын төлөөлөгчид дотогш нэвтрэхийг өдөржин шаардсан ч оруулахгүй байсаар байна. Мөн сэтгүүлчдийг ялгаварлан телевизийнхэнийг оруулаад цахим мэдээлэл түгээх эрхтэй сайтуудын заримыг оруулсангүй гадаа үлдээсэн юм.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнх-Эрдэнэ: БЗД-ийн 41 төлөөлөгчөөс зургаа нь сонгуулийн хууль зөрчсөн гэсэн шүүхийн шийдвэр гарсан

Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсонтой холбогдуулан хотын захиргаанаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд оролцогчдыг Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэвлэлийн албаны дарга Э.Дагиймаа танилцууллаа.

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга н.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга н.Ганхүү, Төрийн захиргаа, удирдлагын газрын хэлтсийн дарга н.Ганболд, Хуулийн хэлтсийн дарга н.Даваажаргал нар оролцлоо.

Хурлаар Баянзүрх даргыг томилсон үндэслэлийг тайлбарлан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХУУЛИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

Нийслэлийн Засаг дарга өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон байгаа. Энэ шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар та бүхэнд товчхон тайлбарлая. 2016 оны 10-р сарын 19-нд нийслэлийн дүүргүүдийн сонгууль явагдсан байгаа. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх дүүргийн засаг даргын асуудал шийдэгдээгүй үлдсэн байсан. Учир нь сонгуулийн тухай хуулиар дүүргийн сонгуулийг шууд удирдан явуулах үүрэгтэй сонгуулийн хороо гэж бий. БЗД нь 41 төлөөлөгчтэйгөөс 35 нь хуулийн дагуу сонгуулийн үйл ажиллагаанд оролцож нэр дэвшиж ялалт байгуулсан. Зургаан нэр дэвшигч сонгуулийн хуулийг зөрчсөн байна гэсэн үндэслэл гаргаж ирсэн. Энэ үндэслэл Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, БЗД-ийн шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхээр өнөөг хүртэл маргаан явсаар байгаад хэдхэн хоногийн өмнө таван нэр дэвшигчээр эцэслэн шийдэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан БЗД-ийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргаж дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Б.Саруул, А.Түмэн-Насан, М.Мэндбаяр, Ш.Ганчимэг, Д.Уламбаяр нарын нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн нь шүүхээс тогтоогдсон. Эдгээр хүмүүс хяналтын хугацаанд давж заалдах эрхтэй байсан боловч давж заалдаагүй хугацаа нь өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан дүүргийн сонгуулийн хорооноос шийдвэр гаргаж холбогдох тойрогт дахин сонгууль явуулахаар боллоо. 2017 оны 10-р сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт энэхүү дахин сонгуулийг явуулах шийдвэр гаргасан байна.

Одоогийн байдлаар 35 төлөөлөгч бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон, 16 нь АН-аас нэр дэвшин сонгогдсон хүмүүс байгаа.

СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАВ

-Үлдсэн зургаан хүний асуудлыг шийдчихээд томилгоогоо хийж болоогүй юм уу, цагдаа нар яагаад нулимс асгаруулагч хэрэглэж байгаа юм бэ, хэзээ үүнийг хэрэглэх ёстой байдаг юм бэ?

-Цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагын удирдлагад нь хандаж тавих хэрэгтэй байх. Бид дүүргийн засаг даргын тамгын газрын байранд намууд иргэдийг өдөөн хатгаж үймээн самуун дэгдээж турхирч байгаад харамсаж байна. Үүнийг хуулийн хүрээнд шийдвэрлэх байх. Х.Пүрэвдаваа гэж хүн дөрвөн жил Засаг даргаар ажилласан. Одоо энэ үйл ажиллагаагаа зогсоогоочээ гэж хүсч байна.

-Ардчилсан нам илүү санал авсан шүү дээ, яагаад МАН-ын хүнийг томилж байгаа юм бэ?

-Би урьд нь хэлсэн. Эдгээр зургаан хүн сонгуулийн үеэр мөнгө, эд зүйл тарааж амлалт авсан байна гэдэг нь тогтоогдсон . Тиймээс дахин сонгууль хийхээр болсон. А.Эрдэнэсайхан гэж нэр дэвшигчийг ИТХ-д оруулах шийдвэр гаргасан байна лээ. Гэхдээ шалгагдаж байгаа.

-Тайван байдлаар шийдэх боломж байгаагүй юм уу, яагаад заавал дахин сонгуулийг 10-р сард хийх болсон юм бэ?

-Дахин сонгууль хэзээ явуулахыг дүүргийн сонгуулийн хороо л шийддэг. Сонгуулийн хуулин дээр сум, дүүргийн дахин сонгуулийн хугацааг сонгуулийн хороо шийднэ гэж байгаа. За өөр асуулт байхгүй бол баярлалаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Баруун БОЭТ-ийг бэхжүүлэх төсөл хэрэгжинэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бруссель хотноо ажиллах үеэрээ Монгол Улсын Засгийн газар Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Ховд аймаг дахь “Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар Бельгийн Гадаад хэргийн яам, ФИНЭКСПО, төслийн гүйцэтгэгч болох ЭфЭсИ интернешнл компаний төлөөлөлтэй уулзав.

Уулзалтын үеэр Эрүүл мэнд, спортын яам (хуучнаар) болон Бельгийн Вант Улсын ЭфЭсИ интернешнл компаний хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн Гүйцэтгэгчийн бараа болон үйлчилгээ нийлүүлэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталгаажуулав. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар уг төслийг 2 үе шаттай хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Төслийн нэгдүгээр үе шат 2017 онд, хоёрдугаар үе шат 2018-2019 онд тус тус хэрэгжинэ.

Төслийн хүрээнд Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн үйлдвэр суурилуулагдаж, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх сургалт, үндэсний телемедициний сүлжээ хөтөлбөр хэрэгжих юм.

Categories
мэдээ нийгэм

239 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ

Дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” 04 дүгээр тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” А/43 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газарт ажиллах Хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж Сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллалаа. Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 22 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

Хороод бэлэн байдлын зэрэгт шилжин, хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг ажиллуулан 2017-02-24-ний өдрийн 17.30 цагаас 2017-03-02-ны өдрийн 08.30 цаг хүртэл Засаг даргын Тамгын газарт 22, 1-19 дүгээр хороонд 239 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

Хороодын хариуцлагатай эргүүл жижүүрийн ажилд тогтмол хяналт тавьж, 1-2 цаг тутамд тогтмол мэдээлэл авч цагийн байдалтай танилцаж, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Онцгой комиссын хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд тогтмол илтгэж ажиллалаа гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил “ТӨГСБУЯНТ” зурхайгаар “Шинийн найман” гэж байхгүй

Шинийн найман зурган илэрцүүд

Төгс буянт болон одон орон талаасаа Монголчуудын уламжлалт сар шинийн баяр 2 сарын 27-нд тохиосон билээ. Харин монгол шар зурхайн ёсоор бол сарын өмнө болох бид шинэлэх байсан. Зурхайчид энэхүү зурхайн талаар ярихдаа, “Манжийн хааны үед зохиогдсон энэ зурхай нь Хятад Солонгос гээд дорнын соёлтой орнуудад хэрэглэгддэг. Харин Монголчууд эрт дээр үеэсээ Төгсбуянт зурхайгаар шар шинийн баяраа хийж ирсэн” гэж хэлж байна. Мөн энэ жил Төгс буянт зурхайгаар шинийн найман гэж байхгүй юм байна.

Монголчууд бид хаврын эхэн сарын 15-ныг дуустал засал номоо уншуулах сайн гэж билэгшээдэг бөгөөд шинийн 8, 15-нд бол бүр ч сайн гэж ярьдаг. Гэтэл энэ жилийн хувьд Төгсбуянтын зурхайгаар шинийн 8-ны өдөр тасарч, шинийн 7-ноос шинийн 9 рүү шууд шилжиж байна.

Монгол зурхайд билгийн тооллын өдрүүд давхарлах, тасрах, өдөр алсрах ёс түгээмэл тохиолддог. Өдөр тасарч, давхарлах нь сарны харагдах байдалтай холбоотой аж. Сар нэг одны гэр дээр хоёр хоног харагдах тохиолдолд өдөр давхарладаг. Харин нэг хоногийн дотор одны гэрийг алсалсан үед тэр өдрийг орхиж, алгасдаг гэдгийг зурхайчид тайлбарлажээ. Энэ нь билгийн хоногийн тоонд нөлөөлдөггүй. Зурхайн номонд өдөр давхар байвал урд өдрийг, тасарсан байвал хойд өдрийг нь авдаг ч энэ жилийн хувьд шинийн 8-ныг урагшлуулан тооцож ням гаригт шилжүүлж буй ажээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдаан болно

нэрэмжит барилдаан болно зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан болно.

Барилдаан энэ сарын 11-ний өдрийн 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн гадаа шинээр батламжилсан Засаг даргыг эсэргүүцэн ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргыг өнгөрсөн пүрэв гаригт хууль бусаар томилсонтой холбогдуулан иргэд эсэргүүцлээ илэрхийлэн өчигдрөөс эхлэн суулт хийн Баянзүрх дүүргийн гадаа жагсаж байна. Тус дүүрэгт өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуулиар АН-22, МАН-19 суудал авсан юм.

Гэтэл Хотын захирагч С.Батболд тус дүүргийн засаг даргаар МАН-ын гишүүн Э.Бат-Амгаланг томилсон юм. Үүүнийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэж байна. МАХН-ын гишүүд ч энэхүү жагсаалт оролцож байгаа аж. Иргэдийн бухимдаж буй гол асуудал нь Ардчилсан намын нэр дэвшигч илт давуу байдалтай ялалт байгуулсан байтал сонгогчдынхоо сонголтыг хүндэтгэхгүй яагаад өөрсдийн намын хүнийг томилж байгаа юм бэ гэсэн гомдол байв.

Цагдаа нарыг дайрч давшлах байдал урьдын адил үргэлжилсэн бөгөөд тэд ч ажлаа хийж байна, бид нар аль намын хүмүүс юу болоод байгааг мэдэхгүй байна, зүгээр л тушаал л биелүүлж байна хэмээн тамгын газар руу ордог хаалга руу хүн оруулахгүй хамгаалцгааж байв. Дотогш зарим зурагт хэвлэлийнхнийг оруулсан боловч цаанаас хүн хаалга онгойлгон тэр тэр хүмүүсийг оруул гэж зааж байв.

Жагсагчдын ихэнх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд дотор суулт хийж байсан хүмүүсийг нулимс асгаруулагч болон бороохой ашиглан албадан хөөж, чирч гаргаж байгаа нь сэтгэл хирдхийлгэм байлаа. Зарим хүмүүсийг хорьсон гэсэн мэдээлэл ч байна. Жагсаалд 300 гаруй хүн оролцон одоо ч үргэлжлэн эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Иргэдийг талцуулаад буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ыг зорьсон байна. Иймд иргэд түүнийг иртэл суултаа үргэлжлүүлж, тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөөд байгаа аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг зөрчлийг арилгана

Өнөөдөр “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”. Энэ хүрээнд ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг нийслэлээс Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран зохион байгуулж буй. Түүнчлэн хадгийг модонд зүүж гэмтээдэг, орчныг бохирдуулахаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран хэрэгжүүлж байна. Мөн нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин мэдэхүйн сургалтыг Шувуу хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа. Ногоон бүсийн зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир тавьж өгөх биотехникийн арга хэмжээг нийслэлд анх удаа хэрэгжүүлээд байна.

1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн юм. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас гаргасан судалгааны тайланд дэлхий дээр амьдарч байгаа зэрлэг амьтдыг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд нийт зэрлэг амьтдын 2/3-аас илүү нь устаж үгүй болох аюул нүүрлэж байгааг онцолжээ. Уг тайланд дурдсанаар 1970 оноос хойш загас, хоёр нутагтан, сээр нуруутан, хөхтөн болон шувууны 58 хувь нь хорогдсон байна. Ялангуяа ус, намгархаг газрын амьтдын тоо толгой хамгийн ихээр буурсан аж.

Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.