Categories
мэдээ цаг-үе

Х.Цогтбаатар: Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорт өгвөл манай эрдэмтэд гудамжинд гарна

-ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ , ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН “АЖЛЫН БАЙРЫГ МИНЬ БУЦААЖ ӨГӨЧ” УРИАТАЙ ТАЙВАН ЖАГСАЛ ХИЙВ-

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнууд өчигдөр “Ажлын байрыг минь буцааж өгөөч” гэсэн уриатай тайван жагсаал зохион байгууллаа. Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Дээрх тушаалыг хүчингүй болгож, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнуудыг тайван ажлаа хийлгэхийг шаардаж жагсаал хийж байгаа нь энэ аж. Тус хүрээлэнгийн ажилтнууд тайван жагсаалын үеэр “Өнгөрсөн оны хавраас эхлэн ажлаа тайван хийж чадахаа байсан. Эрдэм шинжилгээний ажил хийхийн тулд сэтгэл санаа тайван байх ёстой. Гэтэл байраа Баянзүрх дүүргийн прокурорын газарт алдаж байгаа гэдгийг сонссон цагаас хойш ажлаа тайван хийж чадахгүй болсон. 50 гаруй жилийн түүхтэй Монголын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнуудыг гудамжинд хөөж гаргаад прокурорын байгууллагыг оруулах гэж байгаа нь байж болзошгүй асуудал” гэв. “Ажлын байрыг минь буцааж өгөөч” гэсэн уриатай тайван жагсаалыг ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн хоёр мянга гаруй эрдэмтэн, судлаач дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурсан байна. Мөн Засгийн газар Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорын газар төгөх шийдвэрээ цуцлахгүй бол Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос ирэх сарын 10-нд “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаалыг төв талбайд зохион байгуулах гэнэ.

“ЭРДЭМТЭД МААНЬ БАЙРАНДАА САНАА ЗОВООД ХЭЗЭЭ ГУДАМЖИНД ГАРЧИХ ЮМ БОЛ ГЭСЭН АЙДАСТАЙ СУУЖ БАЙНА” ГЭВ

Өмнөх Засгийн газар ямар учир шалтгааны улмаас шинжлэх ухааны салбарын байрыг прокурорын газарт өгөх шийдвэр гаргасан талаар Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай ярилцлаа.


-Ямар учраас танай хүрээлэнгийн байрыг прокурорын газарт өгөхөөр болсон юм бэ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай хүрээлэнгийн байрыг Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн прокурорын газарт өгөхөөр болсон байсан. Энэ тогтоолыг бид судалж үзсэн. Ямар нэгэн тогтоол гаргахад судалгаа явуулж, яам тамгын газраас заавал асууж, саналыг ёстой байдаг. Засгийн газрын бусд бүх тогтоол ингэж л хийгддэг. Гэтэл тухайн үеийн Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр бидэнд энэ талаар огт мэдээгүй юм шиг зүйл ярьж байсан. УИХ-ын сонгууль болох гэж байсан болохоор өмнөх Засгийн газар янз бүрийн асуудал хийсэн байдаг юм байна лээ. Яагаад гэнэт Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурын газарт өгөх болсон талаар хэд хэдэн тухайн үеийн Засгийн газрын томоохон албан тушаалтнуудтай уулзсан. Тэдгээр хүмүүс “Танай хүрээлэнгийн байр их том зүйлийн өрөнд явчихлаа даа” гэж хэлж байсан. Энэ бүгдээс харахад манай хүрээлэнгийн байрыг прокурор төгсөн асуудал огт судалгаагүй. Хуйвалдааны маягтайгаар тухайн үеийн Засгийн газар прокурорын газарт байр олж өгөх гэж их сандарч байсан зүйл харагдаж байгаа юм. Өнөөдрийг нөгөөтэйгүүр хүний хэрэгцээний хамгийн чухал зүйл болох орон байраар оролдож эхлэнэ гэдэг дэндүү даварсан хэрэг гэж бид үзэж байгаа.

– Та бүх өнгөрсөн жилийн зургадугаар сард Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж байсан байх аа?

-Бид ч байраа булаалгаж байгаатай холбоотойгоор нэлээд эсэргүүцэл үзүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ тогтоолоо татаж авлаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг татан буулгаж байна гэж албан ёсоор мэдэгдсэн. Бүр албан тоот бичиг хүртэл манай хүрээлэнд хүргүүлсэн юм. Бид ч асуудал нэг тийшээ шийдэгдлээ гэж үзсэн. Гэтэл дараагийн Засгийн газар гарч ирээд Засгийн газрын 270 дугаар тогтоол хүчингүй болоогүй байна. Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой ажлууд дунд явж байна. Үүнийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Ингээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүдийг Засгийн газарт тавьж эхэлсэн.

-Засгийн газарт танай хүрээлэнгээс ямар үндэслэлүүд тавьсан байдаг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улс дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр эхний 20-т ордог орон. Үүнийгээ дагаад манай улсын газар нутгийн геологийн бүтэц, тогтоц гээд бүх зүйл дээр дэлхийн геологийн шинжлэх ухаанд бодитой томоохон байр суурь эзэлдэг. Хэдэн жилийн өмнө гадаадын судлаач нар манай улсад ирээд шинжилгээ хийгээд хэрэгтэй зүйлсээ аваад явдаг байсан. Өөрөөр хэлбэл, манай орны геологийн салбарт хоноцын сэтгэлгээгээр ханддаг байсан. Харин одоо бүх зүйл өөр болсон. Үндэсний эрдэмтэд бий болж, онолын талаас шинжилгээ хийдэг болсон. Геологийн шинжлэх ухааны талаар ярих юм бол олон салбартай. Түүний жижигхэн хэсэг нь суурь судалгаа хийдэг асуудал юм. Мөн байр байшингаас гадна их чухал асуудал нь эрдэмтдийг бэлтгэх асуудал. Одоо л энэ салбар учраа олдог болж байна. 40-50 жил гэдэг нэг хүний л амьдрах нас шүү дээ. Өнөөдөр манай хүрээлэн 200-300 жилийн түүхтэй геологийн хүрээлэнгүүдээс дутахааргүй судалгаа шинжилгээ хийдэг болсон. Санхүүжилтийн асуудлаас эхлээд олон саад бэрхшээлийг даван туулж, өнөөдрийг хүртэл хөгжиж байгаа шинжлэх ухааны газарт халдаж байгаа нь харамсалтай байна.

-Засгийн газар тогтоолоо хэрэгжүүллээ гэхэд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнууд хаашаа явах вэ?

-Шууд л гудамжинд гарна шүү дээ. Бидэнд очих газар үнэндээ байхгүй Палеонтологи, геологийн хоёр хүрээлэн нийлсэн. Ингээд хоёр байртай юм. Нэг байр нь лаборатори шүү дээ. Тэр лабораторийг Засгийн газар ч бариад өгсөн юм биш. Бид өөрсдөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байж гадаадын хөрөнгө оруулалтаар бариулсан юм. Засгийн газраас нэг ч төгрөг гаргаагүй. Тэр газарт Монгол Улсын эртний амьтан ургамлын сан хөмрөг хадгалаатай байгаа. Зай гаргах ямар ч боломж байхгүй. Анхнаасаа хэдхэн хүнс уух зориулалттай байр. Дээр нь тэр болгон олон хүн байх боломжгүй. Палеонтологийн олдворуудыг хүний эрүүл мэндэд хортой химийн элемент ашиглаж янзалдаг. Өөрөөр хэлбэл, хортой нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Үе үеийн Засгийн газар тэр лабораторийг өргөтгөж өгнө гэж төсөвтөө оруулдаг. Гэвч өнөөдрийг хүртэл өргөтгөлийн барилгын төсвийг батлаагүй л байна. Олдворуудаар дүүрчихсэн байдалтай л байна. Гэтэл манай хүрээлэн 80 гаруй ажилтантай шүү дээ.

-Байраа прокурорт өгөх гэж байгаатай холбоотойгоор судалгааны ажлуудад нөлөөлж байна уу?

-Шинжлэх ухааны ажлыг маш тайван орчинд хийх ёстой байдаг. Ямар нэгэн хууль дүрэм бусад зүйлээр барилгүй чөлөөтэй сэтгүүлж байж шинжлэх ухааны сод бүтээлүүд гардаг шүү дээ. Гэвч өнөөдөр эрдэмтэд маань байрандаа санаад зовоод хэзээ гудамжид гарчих бол гэсэн айдастай сууж байна. Засгийн газрын 270 дугаар тогтоолоос болж палеонтологийн шинжлэх ухааны салбар ухралтад орох нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл бид энэ салбарынхаа судалгаа шинжилгээгээр дэлхийд гуравт ордог хүрээлэн шүү дээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүрээлэн байр савны асуудал яриад сууж байх үнэндээ хүнд байна. Энэ удаагийн тайван жагсаалыг ШУА-аас зохион байгуулж байгаа зүйл биш. Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хийж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Өмнөх Засгийн газрын гаргасан тогтоолыг одоогийн Засгийн газраас хүчингүй болгож өгөөсэй гэж олон эрдэмтэн хүсч байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Алимаа: Ховдын даншигт Балсан тайжийнхны үр удам гэж уригдан оролцсон

Г.ЖАМЪЯН (МУГЗ)

“Ажилчны район”-оороо овоглож явдаг ахмад их эмч Ц.Алимаатай ярилцаж байна. Энэ хүн бол Ховд аймгийн Цэцэг сумын Ард Аюушийн хөдөлгөөний нууц удирдагч Гомбожав тайж буюу олноо Номинаа тайж хэмээн алдаршсан цогт эх орончийн удмын хүн.


-Хоёул яриагаа жаахан дээрээс эхэлмээр байна. Таныг “Цэцэг нуурын дугуйлан”-гийн удирдагч олноо Номинаа тайж хэмээн алдаршсан цогт эх оронч Гомбожав тайжийн гуч гэж сонссон юм байна. Эндээс яриагаа эхэлбэл сонин болов уу?

-Миний аав Цэнд-Аюуш Ховдын Цэцэг сумынх. Ээж Дашзэвэг Ховдын Чандмань сумынх. Аавын тал бол “Цэцэг нуурын хөдөлгөөний” удирдагч, олноо Номинаа тайж хэмээн алдаршсан Гомбожав гэж хүний үр сад юм билээ. Миний өвөг эцэг Балсан тайж бол Номинаа тайжийн хүү. Ховддоо төдийгүй улсдаа нэртэй уяач, монгол адуу судлаач хүн байсан. Балсан тайжийн таван хүүгийн нэг нь миний аав Цэнд-Аюуш. Хамгийн бага хүү нь хүний эмч Б.Норпил гэж байгаад саяхан таалал төгссөн.

-Таны өвөө Балсан тайж нэртэй уяач, хурдан морь судлаач, Монголын хурдан морины анхны судрыг зохиосон хүн гэж дуулсан. Тэр судар та нарт хадгалагдаж байдаг уу?

-Өвөө маань хурдан морины судрыг муутуу цаасан дээр бийрээр бичсэнийг би үзэж байсан. Дүү маань Ц.Дамдинсүрэн гуайн гэр музейд хадгалуулсан гэдэг юм. Одоо тэндээ байдаг эсэхийг мэдэхгүй.

-Хэдийд билээ дээ, саяхан Ховдын даншиг наадмыг Балсан тайжийнхны нэрэмжит болгон өргөн дэлгэр зохион байгуулахад та гэр бүлээрээ уригдаж оролцсон сураг байсан. Энэ тухайгаа сонирхуулах уу?

-Их өргөн дэлгэр сайхан наадам болсон. Олон зуун морь уралдаж, бөх барилдан, газар газрын хурдан хүлгүүд тоосоо өргөсөн. Бөх, сурынхан ч Монгол орны нутаг бүрээс очиж сүр жавхлантай болсон шүү. Балсан тайжийнхны үр удмыг урьдчилан судалж, биднийг урьсан. Бид даншиг наадмын айргийн тавын морь, зарим бөхийг байлсан. Тав хоногийн даншиг наадам өндөрлөсөн ч бид нутагтаа хоргодоод долоо хоног нутаг усаараа аялсан.

-Нутаг сайхан байв уу? Та чинь ер нь хаана төрсөн хүн юм дээ?

-Би Чандмань сумын Алаг-толгой гэдэг газар өвгөн аавынхаа намаржаанд мэндэлсэн гэдэг юм. Нутгийн ах дүү нар миний төрсөн газрыг зааж өгөөд, бууцан дээрээ очиж хөрвөөдөг байгаа. Сүрлэг их уулсын өвөр бэлд, мээмний товч шиг хөөрхөн толгой бий. Дуунд хүртэл мөнхөрсөн тэр хөөрхөн толгой, энгэрийнх нь бууц миний тоонот юм билээ. Нутаг гэдэг сонин шүү. Би ханиад хүрч халуураад тав муутайхан очсон чинь булгийнх нь уснаас балгаад л эв эрүүл болсон.

-Алаг-толгой гэж нэг л их сэтгэлд хоногшсон нэр байх юм, юусан билээ?

-Миний нутаг чинь дуу хуурын орон шүү дээ. “Алаг-толгойн энгэрийг адуу нь бүрхээд гарлаа”… гэх буюу “Барайгаад байсан Баянхайрхан” гэхчилэн, та зөндөө л дуулаа биз дээ. Миний нутаг чинь ардын дуу, алдартай дуучдын өлгий нутаг юм.

-Одоо хоёул Алаг-толгойн охин аймаг сум алгасаад Улаанбаатарт хүрээд ирсэн түүхийг сонсвол сонин болов уу?

-Балсан тайжийнханд би нэлээн энхрий хүн ирсэн юм билээ. Норпил ах над Алимаа нэр хайрлаж, олон хүүгийн дунд охин ирлээ гээд ах дүүс маань бүгд л өвөр гар хоёроо дамжуулж өсгөсөн гэдэг юм. Хүний хорвоод ирээд сар гаруйхан болж байсан улаан нялзрай амьтныг, хөгшин ээж Баярхүү очиж шуудангийн машинаар долоо хоног явж авчирсан гэдэг. Тэгээд л “Хүрээний хүүхэн” болсон доо.

-Таныг “Хүрээний хүүхэн” гэхээсээ илүү “Ажилчны районы Алимаа” л гэх юм билээ. Энд жаахан тогтож ярилцах уу?

-Миний амьдралын дөч гаруй жил энэ Хан-богд хайрхан, хормой залган орших ажилчны районтой холбоотой явж ирсэн болохоор тэгж нэрлэдэг байх л даа. Би энэ олдмол овогтоо хайртай. “Ажилчны” гэхээр нэг л сэтгэлд дулаан, төрсөн гэрээс минь өөрцгүй санагддаг юм даа.

-Сургуулиа хаана төгслөө?

-1972 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. Хөдөө ганцхан жил ажиллаад л энэ хонхорт насыг элээж байна даа.

-Хөдөө хаана ажиллаж байлаа?

-Төгссөн жилээ хөдөө явсан. Эрүүлийг хамгаалах яамны боловсон хүчин Өвөрхангай аймгийн Хужиртын рашаан сувиллын эмчээр томилж байгаа юм. Хотод суувал ч суух л байсан байх. Миний аав Цэнд-Аюуш чинь насаараа Боловсролын яамны боловсон хүчний хэлтэст ажиллаж байгаа. Ээж ч бас хотын байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан үе. Дээгүүр доогуур хөөцөлдөөд хотод сууя гэвэл болох л байсан байх. Манайхан чинь угаасаа л нам төрийн бодлого дагаж явсан хүмүүс. Аав, ээж хоёр минь: “Эмч болох гэж их дурласан хүн, хөдөө явж амьдрал үзсэн нь дээр” гээд Хужиртын хуваарийг шууд дэмжиж байгаа юм. Би ч өөрөө хөдөөгийн амьдрал үзье гэж шийдсэн. Тэгээд л муу чемоданаа чирээд Хужиртын рашаан сувиллынхны машинд суучихаж байгаа юм даа.

-Хотын охин, хөдөөгийн эмнэлэгт эмчээр очоод ёстой л “Нийслэл хүү” болов уу?

-Арай ч үгүй ээ. Төөргөөрөө их сайн хүмүүсийн дунд очсон. Жилийн дөрвөн улиралд амрагчид цуваад, тэднийг хүлээж авна. Тэдний эрүүл мэндийг хариуцна гэдэг чинь амсхийх чөлөөгүй ажил. Хажууд сум дундын эмнэлэгтэй. Тэнд “бурхан” эмч нар ирээдүйн ардын эмч Нямхүү, их эмч Дашдаваа нар ажиллаж байлаа. Ажлын зав чөлөө л гарвал сум дундын эмнэлэг рүү гүйнэ. Нямхүү эмчиийг дагалдан мэс засалд хүртэл оролцоно. Гар хурууны үзүүрт гэсэн үг. Тэндээс их юм сурсан даа. Нэг үгээр хэлбэл, би танхимд таван жил суралцаж их эмч болоод, Хужиртад нэг жил ажиллаж, амьдралын их сургуулийг дүүргэсэн.

-Хөдөө ажиллаад баймаар байв уу?

-Хөдөө ажиллахад сайхан байсан. Жилийн дараа намайг дотрын эмчийн нарийн мэргэжлийн курст Улаанбаатарт ирүүлж байгаа юм. Курс төгстөл намайг янз бүрийн газар ажиллуулах яриа гарч Монголын үйлдвэрчний эвлэл болохоор Оргил, Улаанбаатар сувилал хоёрынхоо аль нэгэнд эмчээр ажиллуулах, Эрүүлийг хамгаалах яам болохоор Ажилчны районы эмнэлэгт эмч болгох, янз бүрийн л санал гарсан юм билээ. Тэгээд яам дийлж Ажилчны районы эмнэлэгтээ эмч болгосон. Тэгж л би гэдэг хүн одоогоос 44 жилийн өмнө энэ хайрхан уулынхаа ар хормойд хатан туулынхаа хөвөөнд, чагнуур зүүж цагаан халаат нөмөрсөн өнөр бүлийн нэгэн болж билээ. Энэ бол миний хүсэл биелсэн газар. Хүүхэд байхдаа хүүхэлдэй чагнаж байсан мөрөөдөл минь биелсэн газар.

-Одоо бол Хан-уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл. Монголын анхны эмнэлгүүдийн нэг, ажилчдад зориулагдан байгуулагдаж байсан энэ эмнэлэгт бараг хагас зуун жил ажиллана гэдэг ховорхон хувь заяа байх. Та анх ажилд орсноо одоотой зүйрлэж нэг харвал ямар байна?

-Манай эмнэлэг чинь 1933 онд аж үйлдвэрийн комбинатын ажилчид, анхны том комбинатыг барьж байгаа барилгачдад зориулан баригдсан юм билээ. Нэг бага эмч, нэг асрагчтай хоёулхнаа ажиллаж байсан гэдэг. Бага эмчээр нь орос эмч О.Ф.Сидорова, асрагчаар нь Т.И.Никольская нар ажиллаж байв. Намайг ажилд орох үед эмнэлэг маань их өргөжсөн байсан. Нэгдсэн эмнэлгээс гадна найман хороондоо хэсгийн эмчтэй, том үйлдвэрүүд цехийн эмчтэй болсон байсан. Ж.Сэд, М.Ядмаа дарга нарын үед энэ эмнэлгийн босго алхаж байсансан. Эхлээд Ноосны үйлдвэрийн нэгдэлд цехийн эмч, дараа нь Ажилчны районы яармагийн хэсгийн эмч гэхчилэн эмнэлгийн хамгийн жижиг нэгжээс нь эхэлж ажилласан.

-Ингэж хөдөө ажиллаж, хотын хамгийн захаас нь ажлын гараагаа эхлэхэд таны хэлдгээр амьдралын их сургууль болсон байх даа?

-Тэгэлгүй яахав. Намайг цех, хэсгүүдэд ажиллаж байхад өнөөдрийнх шиг хангалт байсан биш. Бискээ бариад, нохойд хөөгдөөд, Яармагийн харанхуй гудамжаар ч жирийнэ шүү дээ. Яалтай билээ, сонгосон зам, өргөсөн тангараг минь тэр юм чинь. Хэдэн жил ингэж явтал намайг Ажилчны районы нэгдсэн эмнэлэгтээ дотрын эмчээр ажиллуулах болсон. Өвчтөнүүд маань бараг л миний танил даа. Өнөөх л яармагийнхан, нэхмэлийнхэн, үйлдвэрүүдийн маань ажилчид.

-Удалгүй дарга болгоод л дэвшээд явчихаа биз дээ?

-Нэг өдөр манай эмнэлгийн дарга Ядмаа өрөөндөө дуудлаа. Айж хулгасаар орсон чинь шууд л дотрын тасгийн эрхлэгч болгосон тушаал уншаад, ажлаа хүлээж ав гэдэг байгаа. Эсэргүүцэх, тайлбар тавих ч хугацаа өгсөнгүй, “явж болно” гээд гаргачихсан. Дотрын тасаг гэдэг чинь нэр хүндтэй олон эмч ажилтнуудтай, өнөр хамт олон байсан.

-Та чинь миний л мэдэхийн, Ажилчны районы эмнэлгийн дарга байсан. Олон жил болсон байх аа?

-Дотрын тасгийн эрхлэгчээр дөрвөн жил ажиллаж байтал амбулаторийн эрхлэгч, дараа нь эмнэлгийн дарга буюу ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албыг хорин хэдэн жил хашаад тэтгэвэртээ гарсан. Өвчин хууч байхгүй болохоор өөрөө ч зүгээр сууж чаддаггүй. Энд тэндээс бас утасдаад “Хүрээд ир. Гар нийлж ажиллая” гэх юм. Тэгээд “Амарсанаа гүнж” клиник сувилалд гурван жил эмчээр ажиллаж байлаа. Би танд нэг зүйлийг сонирхуулъя. Олон жил уячихсан морь замд хүүхэд нь уначихаад байхад замаасаа гаралгүй, зогсолгүй хурдалсаар барианд орж байдаг даа. Олон жил нэг газар ажилласан эмч хүн чинь яг түүн шиг болчих юм. Тэтгэврээ тогтоолгоод нэг л сайхан амрах юм шүү гэсэн чинь тэгдэггүй юм байна. Өглөө нэг л их ажилтай хүн шиг эртэлж босно. Нэг мэдэхнээ эмнэлэг дээрээ оччихсон байна. Өнөөх тасаг палаатаараа ормоор санагдана. Тэгэж байтал хэн нэг нь “Алимаа эмч минь ирчихэж. Үзээд өгөөч” гэнэ. Өвчин зовлон ярьж баахан хугацаа авна. Тэр нь надад жаргал юм даа. Заримдаа ч, энэ цагаан халаат, чагнуур хоёр, надад өгсөн бурхны хишиг юм болов уу гэж бодно шүү дээ.

-Таны анх ажилд орж байсан Ажилчны районы эмнэлэг таныг даргаар ажилласан хорь гаруй жилийн дотор ямар боллоо гэж бодож байна?

-Шинэ сайхан байртай болсон. Салбар хэсэг, өрхийн эмнэлгүүд биеэ даан томоохон эмчилгээ үйлчилгээний газрууд боллоо. Эмнэлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэрэгслээр хангагдсан нэгдсэн том төв болж чадлаа. Эмнэлгийн ажилтнуудын мэдлэг мэргэжил, ёс суртахууны хэм хэмжээнд асар их дэвшил гарсан гэж бодож явдаг. Энэ бүхэн бол зөвхөн удирдаж байсан миний ач гавьяа биш, манай эмнэлэгийн эвсэг, бүтээлч хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим гэж бодож явдаг. Энэ ярилцсан завшаанаа ашиглан Хан-уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хамт олондоо, эрүүл энх, ажил хөдөлмөрийн их амжилт хүсэн ерөөе.

-Та бараг зуугийн тал насаа Монголын анагаах ухааны хөгжилд, тэр дундаа ажилчин ангийн өнөр их гэр бүлийн эрүүл энхэд зориулжээ. Таны хөдөлмөрийг төр засаг хэр зэрэг үнэлж байв?

-Бишгүй л шагнуулж байсан даа. Хамгийн сүүлд 2006 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан.

-Гэр бүлийн амьдралаа сонирхуулах уу?

-Миний хань С.Гантөмөр насаараа батлан хамгаалах албанд зүтгээд гавьяаныхаа амралтанд гарсан буурал хурандаа бий. Охин Г.Мөнхзул “Очир ундраа” группт худалдааны захирлаар ажиллаж байна.

-Таны тухай гарсан нэг онигоорхуу юмаар ярилцлагаа өндөрлөе. Яармагийн гэр хороололд сурталчилгаанд явсан нэг нөхөр “Алимаа эмчтэй явах сайхан юмаа. Хашаанаас үсчиж байсан нохой Алимаа эмчийг дуугарахаар боргоохоо болиод цаашаа яваад өгөх юм. Хан-уулынхны нохой нь хүртэл Алимаа эмчийг таньдаг” гэсэн яриа гарсан байсан. (Алимаа эмч инээснээ)

-Би чинь эмч хүн учраас намчирхаад, улстөржөөд байдаггүй юм шүү дээ. Төрийн ажлаар хэнд л бол тус болохыг хичээдэг. Хамт явж ажил үйлсийг нь бүтээлцэх алийг тэр гэхэв дээ. Би Хан-уулынхныхаа нохойд ч юу юм, нялх балчраас нь өтөл буурлуудад нь хүртэл танигдаж, хүндлэгдэж явахсан гэж хичээдэг байлаа даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянзүрх дүүргийн гадаа шинээр батламжилсан Засаг даргыг эсэргүүцэж зарим иргэд өлсгөлөн зарлаж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргыг өнгөрсөн пүрэв гаригт хууль бусаар томилсонтой холбогдуулан иргэд эсэргүүцэж уржигдраас эхлэн суулт хийн Баянзүрх дүүргийн гадаа жагссан байна. Тус дүүрэгт өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуулиар АН-22, МАН-19 суудал авсан байдаг.Гэтэл Хотын захирагч С.Батболд тус дүүргийн засаг даргаар МАН-ын гишүүн Э.Бат-Амгаланг томилжээ. Үүүнийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэж байгаа аж. МАХН-ын гишүүд ч энэхүү жагсаалтад оролцож байсан. Иргэдийн бухимдаж буй гол асуудал нь Ардчилсан намын нэр дэвшигч илт давуу байдалтай ялалт байгуулсан байтал сонгогчдынхоо сонголтыг хүндэтгэхгүй яагаад өөрсдийн намын хүнийг томилж байгаа юм бэ гэсэн гомдол байв. Өчигдөр цагдаа нардайрч давшлан ажлаа хийж байна, бид нар аль намын хүмүүс юу болоод байгааг мэдэхгүй байна, зүгээр л тушаал биелүүлж байна хэмээн тамгын газар руу ордог хаалга руу хүн оруулахгүй хамгаалцгааж байсан гэнэ. Дотогш зарим зурагт хэвлэлийнхнийг оруулсан боловч цаанаас хүн хаалга онгойлгон тэр тэр хүмүүсийг оруул гэж заасан байна.Жагсагчдын ихэнх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд дотор суулт хийж байсан хүмүүсийг нулимс асгаруулагч болон бороохой ашиглан албадан хөөж, чирч гаргасан байна.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ыг зорьсон байна. Жагсаалд 300 гаруй хүн оролцон одоо ч үргэлжлэнэсэргүүцлээ илэрхийлж, дөрвөн иргэн өлсгөлөн зарлаж байв. Иргэд тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн Ш.Батхишиг ярихдаа “Манай дүүрэгт өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуулиар АН-22, МАН-19 суудал авсан байдаг. Энэхүү сонгуулийн санал хураалтын үр дүнг МАН хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас л Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргыг томилж, батамжилчихаж байна ш дээ. Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлахдаа ажлын хэсэг, комиссууд ирэх ёстой шүү дээ. Гэтэл шууд л цагдаагийн хүчээр орж ирээд Дүүргийн тамгын газрын байрыг эзэлж авлаа. Энгийн иргэд, ард түмэн л зүгээр сууж байхад л газ үнэртүүлэн нулимс асгаруулагч, бороохой ашиглан албадаж, хүч хэрэглэсэн учраас маргаан дэгдээн үүссэн юм. Иймээс л дотор байсан хүмүүс хууль бус зүйл хийж байна гэж хэлсэн. Тэгээд томилгооны хуурамч бичиг авч ирсэн байсан. Ингээд л бид эсэргүүцэл илэрхийлсэн юм. Баянзүрх дүүргийн иргэд эсэргүүцэж байна. Хамгийн гол нь иргэдийнхээ сонголтыг хүндэтгээч ээ. Зөв боловсон, шударга ажиллаач ээ. Хуулийн хүрээнд ажиллах ёстой гэж хэлмээр байна. Ирээдүй хойч үеийнхээ төлөө зөв шударга ажиллаж, бодолтой байгаач ээ. Мөн бид зөв үнэний төлөө тэмцсээр байна. Үнэн бодитой зөв шийдвэр гаргах хүртэл тэмцэл үргэлжилнэ” гэсэн юм.

Харин өлсгөлөн зарлаж буй Баянзүрх дүүргийн XIX хорооны иргэнЖ.Батцэнгэл “Орон нутгийн сонгууль болсноос хойш бүх асуудлаа шийдвэрлэчихсэн. Анхдугаар хуралдаанаар шийдэх асуудлаа шийдвэрлээд Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн. Дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдаваа, ИТХ-ын даргаар Ш.Ганчимэгийг сонгосон. Ингэж анхдугаар хуралдааны шийдвэрээр Д.Пүрэвдаваа даргыг Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэхэд батламжлах боломжгүй гэсэн хариу өгсөн. Дараа нь дахиж хуралдаад нэр дэвшүүлээд явуулахад батламжилж өгөхгүй дөрөв таван сар болсон юм. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийнхээ хүрээнд төсөл мөнгөө батлаад өчигдрийг хүртэл Засаг, төрийн үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхэд Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Баянзүрх дүүргийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлж, шинээр Э.Бат-Амгалан гэдэг хүнийг нэр дэвшүүлж, томилох шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь Дүүргийн ИТХ-ын 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдрийн тогтоолыг үндэслэн гэж гарсан байдаг. Тодруулбал,МАН-ын 19 төлөөлөгчийн 16 нь хуралдаж шийдвэр гаргасан юм билээ. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хууль, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Орон нутгийн иргэдийн эрх мэдлийг яаж хэрэгжүүлэх үү, ИТХ хэрхэн хуралдах талаар тодорхой зааж өгсөн байдаг. Тэгэхээр энэ нь хууль зөрчиж байгаа. Учир нь хуралдсан байдал нь буруу, ямар ч тамга тэмдэг байхгүй, хурлын ирцгүй шийдвэрийг үндэслэж хүсэлт, батламж гаргасан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Бид 24 цаг өлсгөлөн зарлаж байна. Цаашид үнэн бодитой шийдвэр гаргахгүй бол өлсгөлөнгөө хурц хэлбэр рүү шилжүүлнэ. Баянзүрх дүүргийн иргэдийн сонголтийн төлөө тэмцэнэ. Өчигдөр цагдаа нар иргэд рүүгээ дайрч, давшилж байгаа нь их сэтгэл эмзэглүүлж байлаа. Зарим иргэд болон жирэмсэн хүнийг айлгаж, сүрдүүлсэн юи. Жирэмсэн хүний бие нь нэлээд эвгүйрхсэн. Тэдгээр хүмүүс одоогоор эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийм аюулт, бусармаг зүйл хийж болохгүй гэж хэлмээр байна. Үнэн зөв шийдвэр гаргах ёстой.” гэж ярилаа.

Б.Уранчимэг

Categories
мэдээ нийгэм

Уран зохиолын ном эрэлттэй байна

NOM

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг гурав дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ сарын ном солилцох өдөр -5-7 хэмийн хүйтэн байв. Энэ үеэр номыг шимтэн уншдаг иргэд нийслэлийн төв талбайд цуглаж, өөрт таалагдсан номоо хоорондоо солилцож байсан юм. Тухайлбал, буддаг, үлгэрийн, нум сум харвах тухай, уран зохиолын, түүхийн, бодлогын ном гээд олон төрлийн номнуудыг эгнэн тавьсан байв. Өдөрлөгт Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон харьяа дөрвөн номын сангаас нийтдээ 400 гаруй ном авч ирсэн гэдгийг УБХНТНС-гийн Ном бүрдүүлэх тусгай үйлчилгээний тасгийн эрхлэгч З.Төгсжаргал хэллээ. Тэрээр “Хүмүүс өөрт байгаа номоо уншчихаад дэмий хадгалаад байдаг. Тиймээс бусадтайгаа солилцож, янз бүрийн сонирхолтой номнуудыг уншиж, найз нөхөдтэй болж байгаа юм шүү дээ” гэсэн юм.

Харин А.Ангараг гэх залуу “Алтайд” романыг сураглаж байлаа. Тэрээр уран зохиолын сонирхолтой ном л олж уншмаар байна гэдгийг онцолж байв. Ном солилцож буй О.Туяа хүссэн номоо авч унших гэж байгаадаа баяртай байна. Ийм ном солилцдог өдрийг зохион байгуулж байгаад бахархаж байна” гэв. Өдөрлөгт ирж буй иргэдийн тоо сар бүр нэмэгдэж, номын төрөл, чанар үүнийгээ даган сайжирч байгаа гэнэ. Уран зохиол, түүхийн ном хамгийн эрэлттэй байдаг бол дунд сургуулийн сурагч, тэтгэврийн насны ахмадууд энэ үеэр их цугладаг аж.

Categories
мэдээ нийгэм

Циркийн жүжигчин Т.Номуунбаатар дэлхийн шинэ рекордыг тогтоосон байна

Т.Номуунбаатар зурган илэрцүүд

Олон улсын циркчдийн X фестиваль ОХУ-ын Ижевск хотод зохион байгуулагдаж байна. Тус наадамд манай циркчид амжилттай оролцож байгаа гэнэ. Тухайлбал, жүжигчин Т.Номуунбаатар нүдэндээ боолттой агаарт дөрөв эргэн дэлхийн шинэ рекордыг тогтоожээ.Тэрээр гурван жилийн өмнө агаарт зургаан удаа эргэж байсан бөгөөд энэхүү амжилтаа өдгөө ганцаар эзэмшиж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ардын жүжигчин А.Очирбат таалал төгсчээ

Төв аймгийн Бүрэн сумын уугуул олноо “Тунгалаг тамир” киноны Итгэлт баян хэмээн алдаршсан Монгол түмний суу билигт авьяаслаг жүжигчин А.Очирбат гуай таалал төгсчээ. Тэрбээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төржээ. 1950 оноос Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн байна.

Ардын жүжигчин А.Очирбат нь 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 20 гаруй уран сайхны кинонд тоглосон. “Баавгай дуулах дуу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга” зэрэг жүжгийн зохиол бичиж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэх ёслол маргааш болно

Мөргөлийн эгшиг зурган илэрцүүдМанла бурханд тахил өргөх, “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэх ёслол маргааш буюу энэ сарын 5-ны 12.00 цагт Манба Дацан хийдэд болно.

Одоогоос 17 жилийн өмнө Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн. Ингээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая хийжээ. Энэ үеэс хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлж, Манла бурханд тахил өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон аж.

Энэ жил Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэхээс гадна Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун нарын шилдэг бүтээлүүдийг толилуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын удирдлагад уриалга хүргүүлжээ

Холбоотой Зураг

Нийслэлийн засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ардчилсан намын удирдлагад уриалга
хүргүүлжээ.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатар, Дорнод аймаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байна

Мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа тул Сүхбаатар, Дорнод аймаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр оройн 18:00 цагаас эхлэн ням гаригийг дуустал хязгаарлаж байгаа аж.

Түүнчлэн дөрвөн аймгийн 17 хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Хорио цээрийн дэглэм 21 хоногоос 3 сар хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Адъяасүрэн: Худалдааны хуультай болбол пирамид хэлбэрийн сүлжээний бизнесүүд цэцэглэх боломжгүй

Монгол Улсад худалдааны салбарыг зохицуулах бие даасан хууль гэж байдаггүй. Уг нь энэ салбарын эрх зүйн орчныг хангах хуулийн төслийг мэргэжилтнүүд боловсруулсан боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй аж. Гурван ч Засгийн газрын нүүрийг үзэж буй Худалдааны тухай хуулийн төслийн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Экспортыг дэмжин хөгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Манай улсад худалдааны салбарыг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл хууль батлагдаагүй юм бол?

-Ер нь Монгол Улс 1921 оноос эхлэн анхны гадаад худалдааны хэлэлцээр хийж ирсэн түүхтэй. Мөн Хоршоологчдын хууль 1950-иад оны үеэр гарч байсан юм билээ. Тэгэхээр худалдааны салбарыг зохицуулах бие даасан хууль гэж өнөөдөр алга. Харин худалдааны салбарын явуулж байгаа үйл ажиллагааны харилцааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 50 гаруй хууль, эрх зүйн актаар зохицуулдаг. Гэхдээ эдгээрийн уялдаа холбоо нь тийм ч сайн хангагдаагүй. Тиймээс Худалдааны тухай хуулийн төслийг 2008 оноос Худалдаа үйлдвэрлэлийн яам гэж байхад боловсруулж ирсэн боловч батлагдаагүй байна. Тэрнээс хойш 2010 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьж байсан. Дараа нь 2012 онд Аж үйлдвэрийн яам байхад мөн л энэ хууль зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс дахиад ажлын хэсэг байгуулж байв. Ингээд хуулийн төслөө 2015 онд Засгийн газарт өргөн бариад, УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжсэн. Тэр үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар худалдааны салбарыг зохицуулах хуулийн төсөл өргөн барьсан байсан. Энэ хоёр хуулийн төслийг нэгтгээд нэг төсөл болгож оруулж ир гэсэн үүргийг Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн юм. Дахин ажлын хэсэг байгуулагдаж, хоёр хуулийн төслийг нэгтгээд байнгын хороонд танилцуулахад хэлэлцэхийг дэмжсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулаад байтал өмнөх парламент хаалтаа хийсэн. Шинэ засгийн газар байгуулагдаж худалдааны салбарыг хариуцсан яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгаа. Энэ яам бас өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулж, манай улсад худалдааны хуулийн хэрэгцээ шаардлага ямар байгаа талаар судалгаа явуулж байна. Статистик тоогоор Монгол Улсад 28 мянган аж ахуйн нэгж, хуулийн этгээд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Бид эхний ээлжинд үүний арван хувьд нь орон даяар түүвэр аргаар судалгаа авч байна. Өнөөдрийн байдлаар санал асуулгын хариуг нэгтгэж байгаа. Улаанбаатарт болохоор ажлын хэсгийн нэг бүрэлдэхүүнд багтах МУИС-ийн баг хэрэглэгч талаас нь судалгаа авч байгаа. Тэгэхээр 1000 гаруй санал асуулгыг дүгнэн үзэхэд 98 хувь нь худалдааны салбарыг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай гэжээ. Иймд энэ хуулийг батлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрж болохоор байгаа юм.

-Хэрэв хууль батлагдвал худалдааны салбарыг хэрхэн зохицуулах вэ. Төслийн тухай товчхон танилцуулахгүй юу?

-Олон улсын практикаас харахад худалдааг зохицуулахдаа энэ салбарт оролцогчдын уялдаа холбоо маш чухал. Өнөөдөр 50 гаруй улс худалдааны бодлоготой, бие даасан хуультай байдаг юм байна. Жишээлбэл, манай хойд хөрш ОХУ гэхэд худалдааны зохицуулалтын том хуультай. Энэ нь аль болохоор хэрэглэгч талыг, дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалсан байдаг. Тэгвэл урд хөрш маань гадаад худалдаагаа дэмжих зорилготой Гадаад худалдааны тухай хуультай байна. Цаашлаад Япон, Тайланд, Их Британи, Болгар, Австри, Сингапур зэрэг улсууд худалдааны хуультай байна. Бид эдгээр худалдааны харилцаатай байгаа түнш улсууддаа мөрдөгдөж байгаа тэдгээр хуулиудыг нь судалж үзсэн. Энэ тал дээр Гадаад харилцааны яам ч түлхүү ажилласан.

Өнөөдөр манай улсад гар дээрх буюу үүргийн худалдаа, жижиг, дунд бизнесийг эрхлэгчдийн худалдааг зохицуулах ямар ч хууль байхгүй. Тэгэхээр хуулийн төслийн гол зорилго нь Монгол Улсын худалдаанд тавигдах шаардлага юм. Дээрээс нь худалдаа эрхлэгчдийн эрх үүргийг зохицуулна. Мөн тэднийг төрөөс хэрхэн дэмжих, хөнгөвчлөх, хамгаалах зэргийг тусгасан. Бас ТББ-уудын оролцоог хангаж, худалдааны бүртгэлийн системтэй.

-Хэрэглэгчдийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ. Хэрэглэгч бол хаан гэсэн уриатай үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчид маань “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн хатуу журамтай. Энэ байдлыг яаж шийдэх бол?

-Манай улсад мөн л хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хуультай. Тэгэхээр энэ хуулийн төсөлд одоо зохицуулагдаж байгаа хуулиудынхаа уялдаа холбоог хангаж өгөхөд чиглэн боловсруулна. Худалдаанд тавих шаардлага гэж байдаг. Улс орон бүр өөрийн гэсэн стандарттай. Хэдийгээр манай улсад стандарт байгаа ч гэсэн өнөөгийн зах зээлийн шаардлагыг хангадаггүй. Энэ бол худалдааны тухай суурь хуулиа боловсруулаад, тодорхой үе шаттай санал асуулга явуулаад ажлын хэсгийн маань хийчих ажил биш. Олон талт хэлэлцүүлэг хийж байж нэгдсэн бодлогоо тодорхойлно. Тухайлбал, жижиглэн худалдаа эрхлэгчид, гадаад худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан олон шат хэлэлцүүлэг явуулна. Тэд ямар эрх, үүрэгтэй байхыг хуулиндаа тусгана. Мөн худалдаанд оролцогч томоохон компаниуд, дараа нь ахмад экспертүүдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Хэрэглэгчид, төрийн бус байгууллагуудынхаа саналыг ч хуульд тусгана. Хамгийн гол нь хэрэглэгчдэд худалдааг хөнгөвчилсөн заалтуудыг оруулах юм. Ингээд ирэхээр Худалдааны тухай хууль маань олон талын оролцоог хангасан хууль болж гарч чадна.

Олон улсад мөрдөгдөж байгаа зарчмаар бол тухайн бараагаа хэрэглэгч 24 цагийн дотор буцаах эрхтэй байдаг. Манай томоохон маркетууд үүнийг хэрэгжүүлж байна. Гэхдээ барааг буцааж авахдаа хэрэглэгчээс нэг ч төгрөгийн суутгал авах ёсгүй.

-Хэрэглэгчдэд худалдааг хөнгөвчилнө гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу. Мөн сүүлийн үед онлайн худалдаа нэлээд дэлгэрсэн. Энэ асуудалд хэрхэн анхаарсан бэ?

-Энэ худалдааны суурь хуулиа дагаад Цахим худалдааны хууль, Дистербютерийн хууль, Хамгаалалтын тухай хууль гарч ирнэ. Үүн дээрээ тодорхой зааж өгнө.

-Гадаад худалдааг яаж зохицуулах юм бэ?

-Гадаад худалдааны гол үндсэн зохицуулалт нь тариф, тарифын бус арга хэмжээ байдаг. Үүнийг гадаад худалдааны гэрээ, дэлхийн олон улсын байгууллагуудын хэлэлцээрийн хүрээнд зохицуулна гэсэн үг. Монгол Улсад ердийн, хөнгөлөлттэй, нэн тааламжтай гэсэн гурван төрлийн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Тарифын бус арга нь тусгай зөвшөөрөл, лиценз, эрүүл ахуйн техникийн зэрэг зохицуулалтууд байна. Худалдааны хууль нь дотоодын зах зээлийг хамгаалах бас өөр арга хэмжээг авч болно. Энэ нь тарифын арга хэмжээ байна.

-Манайд нэг ойлгомжгүй жишиг тогтсон. Тэр нь шатахууны үнэ өсөнгүүт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Гэтэл шатахууны үнэ буурахаар тэдгээр нэмэгдсэн бараануудын үнэ дагаж буурдаггүй. Үүнийг зохицуулах механизмыг хуулийн төсөлд тусгасан уу?

-Эрэлт, хэрэгцээ ямар байхаас үнийн бодлого үйлчлэх ёстой. Гэхдээ тодорхой стратегийн бараан дээр хяналт тавина. Тэрнээс үнийг барихгүй.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн импортын бараанаас өндөр үнэтэй байдаг. Уг нь дотооддоо түүхий эд нь хямд өртөгтэй байхад амандаа орсон үнэ хэлээд сууж байх юм. Энэ байдалд ямар арга хэмжээ авах вэ?

-Тариф, тарифын бус зохицуулалт хийнэ. Үүнийг Хамгаалалтын арга хэрэгслийн тухай хуулиараа зохицуулна. Бид Худалдааны тухай хуультайгаа хамт үүнийг давхар боловсруулна.

-Төрөөс худалдааны салбарыг яаж дэмжих юм бэ?

-Төрийн оролцоог багасгана. Төрийн оролцоог хангахад ямар нэг дэмжих, хөнгөвчлөх үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудад шилжүүлнэ. Дээрээс нь төрийн оролцоо ямар тохиолдолд байх вэ гэхээр дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах үүднээс тодорхой бодлого хэрэгжүүлж болно. Тарифын арга хэмжээ авч болно. Мэдээж хэрэг энэ хуулинд олон дэглэмүүд байдаг.

-Сүүлийн үед пирамид хэлбэрийн сүлжээний бизнес цэцэглэх боллоо. Хэрэв манай улс худалдааны тухай хуультай болбол хүмүүсийг хууран мэхэлсэн луйвар орж ирэх боломжийг нь хааж чадах уу?

-Ер нь бол эдийн засгийн хямралтай үед пирамид маягийн мөнгө өсгөх луйвар гарч ирдэг. Учир нь манай зах зээлд худалдааны салбартай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй учраас хүний тархи угаасан ийм луйвар орж ирэх бүрэн боломж нь байгаад байна. Жишээлбэл, одоо яригдаад байгаа “G-Time” сүлжээ гэхэд хэзээ ч Орос, Хятад руу орж чадахгүй. Учир нь тэнд хуулиараа хориотой байгаа.

Худалдааны хууль батлагдвал бүртгэлийн нэгдсэн системтэй болно. Ингэснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлж, стандарт мөрдүүлэн ажиллуулах юм. Ингэснээр ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн солилцдоггүй мөнгө өсгөх маягаар явагддаг сүлжээний бизнесийг хааж чадна.