Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойн баяр тохиож байна

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.

1913 оны 3 сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг билээ. 2013 оны 03 дугаар сарын 06-нд “Шинэ толь хэмээх бичиг” сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүлзүйн өдөр болгон тэмдэглэх саналыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1992 онд ээлжит их хурлаараа гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэсээр ирсэн.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсдад баярын мэндчилгээ дэвшүүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программын хэрэгжилтийн явцыг эргэн дурсахад…

Өвөө минь амралтаараа Төв аймгийн нутагт. 2008 он

МАН (МАХН)-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн Нэгдүгээр орлогч дарга асан Монгол Улсын гавьяат эдийн засагч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Түмэнбаярын Рагчаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж Зорилтот цогцолбор программыг хэрэгжүүлэх комиссын орлогч дарга асан, техникийн ухааны доктор П.Баасанжав энэхүү дурсамжийг бичжээ.

МАХН-ын Төв хорооны 1985 оны X бүгд хурлаар баталсан хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программыг хэрэгжүүлэхэд аймаг, хотын нам, захиргааны байгууллага, яамдын ажлыг уялдуулан зохицуулах байгууллага зайлшгүй шаардлагатай болсон юм. Энэ байдалд дүгнэлт хийж Сайд нарын зөвлөлийн Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн асуудал эрхэлсэн байнгын комисс байгуулж уг комиссыг Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа удирдах болсон.Энэ комиссын орлогч даргаар миний бие томилогдож БНМАУ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программыг боловсруулж хэрэгжүүлэн, аймаг, хот, сум, районы зорилтот программаа боловсруулахад аргачлал заавраар хангаж ажилладаг байв.

Дээрх ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулахад Т.Рагчаа дарга биечлэн оролцож үнэлэлт дүгнэлт өгөн, цаашдын ажлын талаар чиглүүлэн удирдаж, үүрэг даалгавар өгч байлаа.

Тус комисс нь Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ албан байгууллага, иргэдийн туслах аж ахуйг хөгжүүлэх, дотоод нөөц бололцоо, байгалийн өгөөжийг өргөнөөр ашиглан хүн амын хүнсний хэрэгцээг хангах ажлын явцыг түргэтгэх зааварчилгааг холбогдох яам, тусгай газруудтай хамтран боловсруулж Намын төв хороо, Сайд нарын зөвлөлд оруулж шийдвэрлүүлж байв. Программын биелэлтийн явцыг яам, аймаг, хотод шалган, удирдлагын илтгэл сонсголыг нь хэлэлцэх, үзүүлэх сургууль, үзэсгэлэн худалдаа, сургалт семинар зохион байгуулж байлаа. Зорилтот цогцолбор программд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглэгдсэн “Хөдөө аж ахуйн таримлын үрийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Гахай, шувуу, туулайн аж ахуйг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” зэрэг тогтоол гарч байв. Тэдгээр тогтоолын заалт бүрийг хэрэгжүүлэхэд тус комиссын үйл ажиллагааг чиглүүлэхийн зэрэгцээ мөрийн хөтөлбөр болгон ажиллаж байв. Эдгээр ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Г.Рагчаа даргын маань зарчимч шаардлага, нэр хүнд ихээхэн түшиг тулгуур болж байсан юм. Үүний зэрэгцээ дараах яам, тусгай газрын үйл ажиллагааг удирдан, ажил төрлийн уялдааг нарийн уялдуулан зохицуулдаг байсан учраас тус комиссын ажил бүтэмжтэй байсан юм.

Тухайн үеийн:

-Улсын төлөвлөгөөний комисс, ХАА, Усны аж ахуй, Худалдаа бэлтгэлийн яамд, ХАА-н Нэгдлийн холбооны дээд зөвлөл, Ардын хянан шалгах хороо, Хөдөлмөр цалин хөлсний хороо, Ус цаг уурын албыг удирдах газар, Стандарт жин хэмжүүрийн газар, Улсын статистикийн төв газар, НТХ, СнЗ-ийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар.

Мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн нэг хүнд ногдох хэрэглээг зохистой хэмжээнд хүргэх талаар зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг товч дурдъя.

1. Мал бордох механикжсан талбай байгуулж малын тоо, жинг өсгөн нэмэгдүүлэх техник эдийн засгийн тооцоог хийж холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч боловсруулан нэгдсэн бодлого, чиглэлтэй ажиллав. Мал бордох цогцолборт хамруулсан малын тоо 1987 онд 1986 оныхоос 53,9 хувиар өсч, түүнд хамрагдсан малын амьдын жин 54,5 хувь буюу 2913.1 тонноор нэмэгдэж байв. Мөн Дорноговь аймгийн Сүмбэр сумын каракул хонины аж ахуйд хурганы зөвхөн арьсыг авч ашиглаад махыг нь хаяж байсныг зогсоож махыг нь хүнсний зориулалтаар ашиглахаар Сайншандын мах боловсруулах үйлдвэрт туршсан юм. Ингэж дотоод нөөц бололцоог ашиглан 80 хувийн хурганы мах, 20 хувийн гахайн толгойн махны орцтой царцаамаг, 5-20 хувьд нь хурганы махны орцтой хиам үйлдвэрлэж хүнсэнд хэрэглэсэн нь амжилттай болж үйлдвэрт нэвтэрч байлаа.

2. Махан бүтээгдэхүүний хүнсний хэрэглээний нэр төрөл, нөөцийг нэмэгдүүлэхээр ЗХУ-ын “Байгаль-рыбпром” нэгдэлтэй протокол үйлдэж 1986-1987 онд пельд, омуль загасны 12 сая гаруй түрс авч Дархадын Цагаан, Завханы Улаагчин, Өвөрхангайн Найман нуурт үржүүлэх ажлыг Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсны үр дүнд дээрх омгийн загас нутагших болсон нь 1988 онд явуулсан хяналтаар батлагдсан юм. Энэ ажлыг Доктор А.Дулмаа гуай гардан зохион байгуулж манай комисс бүх талын туслалцаа үзүүлж байлаа.

3. Саалийн механикжсан фермүүдийн үйл ажиллагаа, зохион байгуулалтад дүн шинжилгээ хийж фермийн барилгад засвар, тохижилт хийлгэх, тохилог зуслантай болгох, тэжээлийн ургамал тариалж ногоон бэлчээр бий болгох, шүүслэг тэжээлийн таримлыг өргөжүүлэн даршны ургамал тариалах, даршлах байгууламж барих ажлыг холбогдох яам, газруудтай хамтран хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлсэн сүүний хэмжээ 1987 онд 1985 оныхоос 4.7 сая литрээр буюу 15,7 хувиар өссөн юм. Мөн өвлийн улиралд сумын төвийн хөдөлмөрчид, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн сүүний хэрэглээг хангахын тулд сум бүрт үнээ, ингэний энгийн ферм байгуулж дотуур байрны сурагчид, цэцэрлэг, яслийн хүүхдүүд, эмнэлгийн ажилчид, эмчлүүлэгчдийг сүү, аарц, цагаан идээгээр хангах нөхцөлийг бүрдүүлж байсан билээ. 1987 онд нийт сум, нэгдлийн 80-аад хувь нь ингэ, үнээ болон ямааны сүү сааль ашиглаж байсан юм. 1988 онд сүү үйлдвэрлэлийн хэмжээ 311 сая литрт хүрч өмнөх оноосоо 20, 5 сая литр буюу 7,1 хувиар өсч улсын төвлөрсөн бэлтгэлд 49,2 сая литр сүү нийлүүлж байлаа. Ингэснээр нэг хүнд ногдох сүү улсын дунджаар 156 литр болж Улаанбаатар хотод 74, Дарханд 73, Эрдэнэтэд 72, Чойбалсан хотод 80 литр байсан юм. Аймгуудын төвийн хүн амын хэрэгцээнд саалийн механикжсан 17 ферм, 30 гаруй аж ахуйгаас 14,1 сая литр сүү нийлүүлж байсан юм. Энэ үед хуурай сүү импортоор авах хэмжээ эрс буурч, үндэсний үйлдвэрлэл хөгжиж байв. Зөвхөн 1988 оны статистикийн судалгаагаар үзэхэд ингэний сүү 2 сая, гүүний сүү 17,6 сая, бог малын сүү 30,7 сая литрийг ашиглаж хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд өөрчлөлт гарч байсан нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах ажлыг хариуцсан байнгын комиссын үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм.

4. Цөцгийн тосны үйлдвэрлэлд ч ахиц өөрчлөлт гарч, 1988 онд цөцгийн тосны 229 завод, 190 тасаг, сүү хүлээн авах 1410 тасаг ажиллаж, 4722 тонн цөцгийн тос үйлдвэрлэж байлаа. Мөн мах, сүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэн үлгэр жишээ бааз аж ахуй болгохоор Төв аймгийн Баяндэлгэр сум-нэгдлийг сонгон хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөөтэй ажиллаад, тус нэгдлийн саалийн механикжсан фермийн үнээг зохиомол хээлтүүлэгт бүрэн хамруулж хээл авалт, тугал бойжуулалт, нэг үнээнээс саах сүүний хэмжээг нэмэгдүүлэв. Сувай үхрийг бордож таргалуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад Хөдөө аж ахуйн дээд сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, ЭША болон багш оюутнуудыг татан оролцуулж хамтран ажиллалаа. Тус нэгдлийн саалийн механикжсан фермийн 100 үнээнээс бойжуулсан тугал 7-гоор нэмэгдэж, нэг үнээнээс саасан сүү 2355 литр, маханд тушаасан үхрийн амьдын жин 338 кг-д хүрч уг нэгдлийн ашиг орлого эрс нэмэгдэж байлаа.

5. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрчимжсэн технологи нэвтрүүлж томоохон Сангийн аж ахуйнуудад инженерийн хийцтэй услалтын систем барьж байгуулснаар 1986 онд 7200 га, 1987 онд 30400 га, 1988 онд 62700 га-д эрчимжсэн технологиор үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан нь нэг га-гийн ургац жирийн талбайнхаас 5-17 центнерээр илүү болж 1986-1988 онд хураан авсан газар тариалангийн бүтээгдэхүүн 1981-1985 оны дундажтай харьцуулахад үр тариа 210 000 тонн, төмс 42, 2 мянган тонн, хүнсний ногоо 16,2 мянган тонноор буюу 25,7-46,2 хувиар нэмэгдсэн юм. Мөн өрөмдмөл худаг, булаг шандыг түшиглүүлэн төмс, хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулж хүнсний нарийн ногоо өргөст хэмх, улаан лооль тариалах ажлыг өргөтгөх, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, эмнэлэг, сургууль, албан байгууллагуудыг мах, ногоо, хадгалах зоорьтой болгоход тус комисс анхаарч ажилласны дүнд 1987 онд 1443 албан газар, 4823 айл өрх төмс, хүнсний ногоо тариалж хүнсэндээ хэрэглэдэг болов.

6. Зорилтот цогцолбор программыг эрчимжүүлэхэд нам, улс, олон нийтийн байгууллагын оролцоог идэвхижүүлж хот суурин газар, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйд хүнсний өдөрлөгийг жил бүр зохион байгуулж аймаг, хотын төвд хүнсний зах ажиллуулж байсан нь зохих үр дүнгээ өгч байв. 1986-1987 онд яам, тусгай газар, аймаг, хот, сум, дүүрэг, албан байгууллага зэрэг 250 гаруй газарт зорилтод программын хэрэгжилтийн явцыг комиссоос холбогдох яам, олон нийт, хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж ололтыг бататгаж дутагдлыг арилгах ажил зохион байгуулж байв. Мөн аймаг, хотын комиссын тайланг жил бүр авч дүгнэн туршлагыг дэлгэрүүлэх, дутагдлыг арилгах ажил зохиож байв.

7. Засгийн газрын комиссоос зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, нийт иргэдийн хүч чармайлтын үр дүнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн материаллаг бааз бэхжиж байв. Зөвхөн 1988 онд гэхэд л хөдөө аж ахуйд 774.3 сая төгрөгийн хөрөнгө оруулж 460 мэгж бүхий гахайн байр, 13 мянган өндөглөгч бүхий шувууны байр, 400 үнээний саалийн механикжсан ферм зэрэг томоохон обьектуудыг ашиглалтад авч 671.6 сая төгрөгийн үндсэн фондыг шинээр ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн салбарын үндсэн фонд өмнөх оныхоос 1,4 миллиард төгрөгөөр нэмэгдэж,1986-1988 оны дундаж хэмжээ өмнөх 5 жилийнхээс 15.4 хувь, мал аж ахуйн бүтээгдэхүүн 13.5 хувь, газар тариалангийн бүтээгдэхүүн 19.7 хувь өссөн юм.

Энэхүү зорилтот цогцолбор программ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хүн амын хүнсний хангамжийг сайжруулахаас гадна үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, эрүүлийг хамгаалах, нийтийн аж ахуй зэрэг нийгэм соёлын өргөн хүрээтэй асуудлыг хамарч байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. Хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудад дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг ашиглах, ундаа, зайрмаг, сүү, цагаан идээ, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар ахиц өөрчлөлт гарч байсан. Тус комиссоос санаачлан 1987 онд Өмнөговь, Дундговь, Говь- Алтай, Хэнтий аймгийн төвд хүнсний шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж Өлгий хотод мах боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж байв. 1987 онд амтат ундааны үйлдвэрлэлийг 17.4 сая литрт хүргэж өмнөх оныхоос 400 мянган литрээр, цагаан идээг 55 тоннд хүргэж 2.2 мянган тонноор, төрөл бүрийн талх, нарийн боовны үйлдвэрлэл 200 тонноор тус тус нэмэгдэж байв.

8. Хөдөөгийн хүн амын нийгэм аж ахуйн нөхцөлийг сайжруулах зорилтын дагуу 1987 онд Дорноговь, Сүхбаатар аймагт ахуйн үйлчилгээний комбинат, бусад аймагт ахуйн үйлчилгээний 19 төвийг ашиглалтад оруулж хөдөөд ахуйн үйлчилгээний ажлын байр 436-гаар нэмэгдэв. Хөдөөд амины орон сууц барихад шаардагдах материалыг холбогдох яамны захиалгыг үндэслэн жил бүрийн төлөвлөгөөтэй уялдуулан хуваарилж барилгын зарим чухал материалыг хөнгөлөлттэй үнээр худалдах, банкны зээл олгох ажлыг хэрэгжүүлж байв. Гэрийн мод, мотоцикль, цув, үстэй дээл, халуун сав, радио хүлээн авагчийн зай, жижиг оврын цахилгаан үүсгүүр зэрэг 54 нэрийн барааны 61.2-100.0 хүртэл хувийг малчдын хэрэгцээнд зориулан “Малчдын зориулалттай бараа” гэсэн тусгай тэмдэг бүхий падаантайгаар орон нутгийн худалдаа бэлтгэлийн ангид тээвэрлүүлж байв. Зөвхөн 1987 он гэхэд л хөдөөд Ерөнхий боловсролын 6.3 мянган суудалтай 18 хичээлийн байр, 1.5 мянган ортой 16 дотуур байр ,1.0 мянган ортой 14 цэцэрлэг ашиглалтад орж байлаа. Тухайн үед дотуур байранд суух шаардлагатай малчдын хүүхдийн 90.2 хувь буюу 67 мянган хүүхэд дотуур байранд хамрагдаж байв.

Энэ бүх ажлыг уялдуулан зохицуулж зохион байгуулах, үр дүнд хүргэх, ард иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэхэд Т.Рагчаа даргын удирдаж байсан Хөдөө аж ахуйг хөгжүүлэх хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программын хэрэгжилт хариуцсан байнгын комиссын үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Жич:

Мах, сүүний анхдугаар аянг зохион байгуулж буй өнөөгийн Засгийн газар, хэрэгжүүлэгч эрхмүүд, тухайн үеийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программ– ын хэрэгжилт хариуцсан байнгын комиссын үйл ажиллагааг, холбогдох хүмүүстэй нь уулзаж сонирхон судалж, авах гээхийн ухаанаар хандаасай хэмээн мунхаглав.

Дурсамжийг нийтлүүлсэн үр хүүхдүүд нь

Categories
мэдээ цаг-үе

А.Нямдолжин: Орос, Монголын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд төмөр замын асуудал чухал

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хөрш орон, стратегийн түншлэлийн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, док-тор профессор А.Нямдолжинтой ярилцлаа.


-Монгол, Оросын найрамдалт харилцааг сэргээхэд ямар ажлууд хийгдэж байна?

-1990 онд ЗХУ задарч, манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор харилцаа, хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилсны дараа хоёр ул-сын харилцаа нэлээд эрчимтэй сэргэж эхэлсэн.Энэ нь Монголын уул уурхайн салбар дэлхийн томоохон гүрнүүд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлсэнтэй холбоотой. Ийнхүү Асгатын мөнгөний орд, Таван Толгойн нүүрсний орд, Дорнодын ураны ордыг ашиглах, зөвлөлтийн үеийн нөлөөг сэргээхэд анхаарлаа хандуулах болсон.

Өнөөдөр Монгол-Оросын харилцааны стратегийн түншлэлийн түвшинг тодорхойлсон дөрвөн тулгуур баримт бичиг байна. Тухайлбал, 1993 оны нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Оросын хооронд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2000 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан “Улаанбаатарын тунхаглал”, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр байгуулсан “Москвагийн тунхаглал”, 2009 оны наймдугаар сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай Тунхаглал” юм. Хоёр орны харилцааны эрх зүйн үндэс болсон эдгээр тулгуур баримт бичиг нь хоорондоо нягт харилцан уялдаатай, бие биеэ дэс дараалан нөхөн баяжуулж ирсэн.

Монгол, Оросын өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмолжин, улс төрийн түвшний харилцаа маш сайн явж байна. Гэвч хоёр орны харилцаанд шийдвэрлэвэл зохистой хэд хэдэн тулгамдсан асуудлууд бий. Тухайлбал, эдийн засгийн харилцаа байна. Гэтэл манай хоёр орны эдийн засгийн харилцаа нь улс төрийн түвшний харилцаа шиг сайн байж чадахгүй байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд Оростой хийсэн худалдаа тасрахгүй алдагдалтай явж ирсэн. Зөвхөн 1993 онд эерэг гарсан байдаг. Худалдааны алдагдалд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол Монгол Улс Оросоос нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг импортлон авдаг явдал юм. Монголоос гарч байгаа экспортын бүтээгдэхүүн цөөн нэр төрлийн бараа гардаг. Иймд бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, Монголын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох махны экспортыг нэмэгдүүлэх нь чухал. Сибирийн хүн ам Монголын махны гол худалдан авагч, хэрэглэгч байсаар ирсэн ба ойр байгаа энэ боломжоо бүрэн хэмжээнд ашиглахын тулд мал эмнэлэг, хорио цээрийн асуудлыг боловсронгуй болгож, стандартын шаардлагыг хангах явдал чухал. Украины хямралтай холбоотой Оросын эсрэг өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээг ашиглахад ч оройтойгүй байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулан тариф болон тарифын бус саадыг арилгах замаар худалдааны алдагдлыг бууруулах боломжтой. Энэ хүрээнд Монголын Талын зам, Оросын Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын Торгоны замын эдийн засгийн бүсийг уялдуулан эдийн засгийн коридорт хамтран ажиллах зэрэг олон шинэ боломжууд гарч ирж байна.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал олны анхаарлын төвд байгаа. ОХУ-ын зүгээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлсэн асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-“Эрдэнэт” бол эрт орой хэзээ нэгэн цагт Монголд ирэх нь тодорхой байсан. Олборлолт хийгдэж байгаа, хэвийн ажиллаж байгаа үйлдвэрийг хувь заяагий нь шийдүүлэхээр өгч байгаа нь Оросын талд ашигтай байх, нэр хүндээ бодсон ч гэсэн нөөц нь шавхагдсаны дараа хаяж гарснаас дээр л дээ. Тэгээд ч тийм үнэтэй худалдаагүй, Орос улсын эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд гадаадад байгаа зарим жижиг үйлдвэрүүдээ зарах шийдвэр гаргасан тэрний нэг нь энэ болов уу. Ер нь бол Орос улс 2000 онд үйлдвэрт оруулсан хөрөнгөө, ашгаа хийчихсэн. Тэгэхдээ 49 хувь шилжсэн цаг хугацаа, арга зам, дараах үйл ажиллагаанууд урьдаас төлөвлөгдсөн байх магадлалтай.

-Тэгвэл төмөр замын асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Оросууд төмөр замаа хятадуудад зарна гэж яригдаад байна?

-Орос улсын хувьд төмөр зам бол хэзээнээсээ стратегийн өндөр ач холбогдолтой салбар байсаар ирсэн. Монголын төмөр зам баригдах гол шалтгаан ч гэсэн энэ геополитикийн өндөр ач холбогдолтой. Тиймээс Хятадад зарах гэж байгаа гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, зарвал маш юмаар сольж таарах байх. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч муугаар нөлөөлөх асуудал. Монгол орны хөгжил төмөр замтай шууд холбоотой учир төмөр замын шинэчлэлийн асуудал их яригдаж байна.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2014 оны есдүгээр сарын 3-нд Монголд Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, хамгийн багадаа 890 сая ам. долларын өртөгтэй төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах, хос болгох ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцсон.

-Хоёр улсын төмөр замын гэрээний шинэчлэлд юу, юу тусгах вэ?

-БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ямар ч татвар төлдөггүй цорын ганц аж ахуйн нэгж юм. Тиймээс юуны түрүүнд гэрээнд өөрчлөлт оруулж татвар төлдөг аж ахуйн нэгж болох хэрэгтэй. Манай улсын төмөр замын өнөөгийн байршил маш тохиромжгүй байдаг. Хот дундуур явсан төмөр зам нь Улаанбаатарын дэд бүтцийг тэлэхэд саад учруулдаг. Тэгэхээр төмөр замыг Богд уулын араар тавиад хотын байршлыг томруулж, чөлөөлөх асуудал яригдана. Техникийн шинэчлэлүүд хийгдэж байгаа ч гэсэн одоогийн түвшинд хүрсэн хангалттай шинэчлэлүүд хийгдэхгүй байгаа. Энэ талын шинэчлэлийг хийх нь хамгийн тулгамдсан асуудал. Төмөр замыг хос болгох, цахилгаанжуулах, бараа эргэлтийг нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр Орос, Монгол, Хятадыг дамнасан эдийн засгийн коридорын үр өгөөжтэй болоход нөлөөлөх нэг хүчин зүйл болж чадна.

-Монгол Улс Хятадын “Нэг бүс-нэг зам” бодлогын гадна үлдчихээд байгаа юм биш үү?

-Монгол Улс маань хоёр хөрштэйгөө газар нутгийн маргаангүй. Шашин хоорондын мөргөлдөөн байхгүй. Далай ламын айлчлал, дуучин С.Амармэндийн оросуудтай муудалцсан асуудал зэрэг нь хэдийгээр жижиг асуудал мэт боловч энэ нь цаад улсдаа үндэстэн, ард түмний дургүйцлийг төрүүлж магадгүй. Манай улс хоёр хөрштэйгөө харилцах дараа дараагийн харилцаанд нөлөөлж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, зээл тусламж болон уулзалтын товууд тодорхой хэмжээгээр хойшилж байна. Аливаа асуудал гарахад сошиал ертөнцийнхөн дураараа цуурч, сөрөг мэдээллүүдийг цацахгүй байх нь зүйтэй.

-Эгийн голын усан цахилгаан станцыг барихад Хятадын тал хөрөнгө мөнгийг нь шийдээд өгье гэдэг. Харин Оросын талаас Байгал нуурын экологийн асуудлыг хөндөн тавьдаг. Сая Ц.Мөнх-Оргил сайдын айлчлалаар хоёр улсын эрдэмтдийн зөвлөл байгуулж, асуудлыг шийдэх нь зүйтэй гэж тохиролцсон байна. Манайх ямар бодлого баримтлах ёстой вэ?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил бүрийн арванхоёрдугаар сард Холбооны хуралд илгээлт тавьдаг. 2016 оны илгээлтдээ В.Путин Байгал нуурын экологийн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй гэж улсынхаа түвшинд тавьсан. Эндээс харахад манай баруун бүсийг хангаж байгаа цахилгааныг Орос хангаад өгье. Эгийн голын усан цахилгаан станцаа барихаа больчих гэсэн хандлага ажиглагдаж байна л даа. Хэрэв ийм тохиролцоонд хүрвэл маш хөнгөлөлттэй үнээр баруун аймгуудаа цахилгаанаар хангачих юм бол заавал Эгийн голын усан цахилгаан станцыг барих шаардлагагүй. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар Байгаль нуурын усны түвшин багасна гэдэг асуудал яригдаж байгаа нөхцөлд аль аль талдаа ашигтай байх үүднээс шийдэх нь зүйтэй.

-Орос Хятад руу нийлүүлэх хоолойгоо Монголоор тойруулчихлаа.Одоогийн тавьж байгаа шугамаар дамжуулж буй хий Хятадын хэрэгцээг хангаж дийлэхгүй тохиолдолд гурав дахь хувилбар нь Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах гарц байгааг зарим судлаачид ярьдаг. Манай улс энэ тал дээр ямар идэвх санаачилга гаргах ёстой вэ?

-Хийн хоолойн хамгийн сүүлийн хувилбар бол Алтайн хязгаараас Казахстан Монголын хооронд 56 км-ийн зайтай нутгаар Шинжаан Уйгар луу тавих хийн хоолойн асуудал байгаа. ОХУ-ын бодлого бол тэр хавийн газар нутаг нь түвэгтэй, хад асга ихтэй. Техникийн талаас нэлээд асуудалтай. Бодлого талаас нь харахад хийн хоолой тавих асуудал Монголыг тойрсон нь Оростой ямар нэг асуудлыг тохиролцоход манай төр засгийн удирдлагуудын хэлсэн амандаа хүрэхгүй, тэдний итгэлийг алдчихсан юм болов уу гэж харж болохоор.Оросын хувьд Монголын ашиг сонирхлыг харж үзэхээс илүү Хятад хийгээ хаагуур яаж авна гэдгээс шалтгаалах байх. Хятад улс 2020 он гэхэд Баруун бүсээ ядуурлаас гаргах том зорилт тавьчихсан байгаа.

-Д.Трамп ялснаар Орос, Америкийн харилцаа сайжирна гэж байгаа. Монголд ямар өгөөжтэй байх бол?

-Оросууд бол Д.Трампын ялалтыг нааштайгаар хүлээж авсан. Манай улс бол хоёр хөршийнхөө харилцааны тэнцвэр дээр оршин тогтносоор ирсэн. Хэрэв Орос, Америкийн харилцаа сайжирлаа гэхэд Орос, Хятадын харилцаа сулрах хандлагатай. Орос, Хятад сүүлийн 20-иод жилд маш нягт харилцаж ирлээ шүү дээ. Энэ харилцаа сулрах юм бол манайд таагүй нөлөө үзүүлж болох хандлагатай. Мэдээж хэрэг хоёр орны харилцааны тэнцвэрийг хадгалж үзэх, Америкийн зүгээс Хятадын талаар, Ази Номхон далайн бүс нутгийн баримталж байгаа бодлогоос харж байж энэ асуудал яригдах байх.

-Орос, Монголын боловсролын салбар хэрхэн өргөжиж байна вэ?

-Монгол Улсаас ОХУ-д анх оюутан суралцуулж эхэлсний 95 жилийн ой, Орост сургууль төгсөгчдийн “МАВСУЗ” холбоо байгуулагдсаны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ер нь ОХУ-аас Монголын оюутнуудад тэтгэлгээр суралцуулах квотынхоо тоог жил ирэх тусам нэмж байгаа. 1995 онд Орос, Монголын хоорондын боловсролын салбарын хэлэлцээрийг байгуулж эхлэхэд 34 оюутан тэтгэлгээр суралцуулж байсан бол өнөөдөр энэ тоо 450 болсон байна. ЗХУ-д 60-аад мянган оюутан сурч, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн. Үе үеийн монголчуудын нийгмийн бүх салбар дахь ололт амжилт, их үйлс, бүтээл улс орноо хөгжил, дэвшлийн шинэ шатанд гаргасныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Шведүүдийг талцуулсан Трампын зөгнөл

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Шведийн талаар хэлсэн зөгнөл нь биелсэн хэмээн www.dailymail.co.uk-т онцолжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Флорида муж улсын иргэдэд хандан үг хэлэхдээ “Лалын шашинтай долоон орны иргэдэд виз олгохоо зогсоохгүй бол Европын орнуудад болсон аймшигтай үйл явдлууд манайд ч нүүрлэж мэднэ” гэв. Тэрээр ийн ярихдаа Европын орнууд дахь дүрвэгсдийн хямралыг жишээ болгожээ. Д.Трамп “Та бүхэн эргэн тойрноо хар даа. Герман улсад юу болж байна. Өнгөрсөн шөнө Швед улсад яав. Тус улс олон дүрвэгч хүлээн авснаар аюултай байдалд ороод байна. Брюссель хотноо юу болсныг бид мартаж болохгүй. Мөн Парист ч гэсэн. Галт зэвсгээр зэвсэглэсэн этгээдүүд галзуу мэт аяглаж, олон хүний аминд хүрснийг санах хэрэгтэй. Дүрвэгсдээс болж дэлхий даяар юу болж байна” хэмээсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн уг мэдэгдлийн дараа шведүүд олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан нутагт нь болсон үйл явдлын талаар жиргэж эхэлжээ. Тэд Д.Трампын хошин шогийн өндөр мэдрэмжтэйг онцолж байв. Харин Шведийн Гадаад хэргийн яамнаас “Манайд нөхцөл байдал тайван байна. Д.Трамп ямар ч баримт нотолгоогүйгээр худал мэдэгдэл хийлээ” гэжээ. Мөн АНУ-ын Төрийн департаментаас Д.Трампын хэлсэн үгийн талаар албан ёсны тайлбар хийхийг шаардсан байна. Шведийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч К.Акселсон “Д.Трампын гэнэтийн мэдэгдэл нь манай улсын нэр хүндэд маш сөргөөр нөлөөлсөнд бид сэтгэл дундуур байна” гэжээ.

ҮЙЛ ЯВДАЛ ХЭРХЭН ӨРНӨВ?

Д.Трампын хэлсэн үгийг батлав гэлтэй Шведийн нийслэл Стокгольмын дагуул хот болох Ринкебю дүүрэгт өнгөрсөн даваа гарагт үймээн дэгджээ. Дүрвэгсэд замдаа таарсан дэлгүүрүүдийг тонож, галдан шатаасан хэрэг хэд, хэд бүртгэгдсэн байна. Мөн зарим этгээд хэв журам сахиулагчид руу чулуу шидэж, танхайрчээ. Жагсаалыг тараах үүднээс цагдаа нар нулимс асгаруулах хий ашигласан аж. Цагдаагийнхан Ринкебю хотын метроны буудал орчмоос олон улсад эрэн сурвалжлагдаж байсан хойд африк гаралтай этгээдийг баривчлах үеэр дүрвэгсэд эсэргүүцэл илэрхийлснээс үймээн дэгджээ.

Эрх баригчдынх нь “толгойны өвчин” болоод буй Ринкебю дүүрэгт сомаличууд олноороо амьдардаг аж. Тус дүүргийг “Жижиг Могадиша” гэх нь бий. Түүнчлэн “Аль-Шабаб” бүлэгт элсэгчдийн гол төв ч гэдэг. Ринкебю дүүрэгт 2010 онд үймээн дэгдэж байжээ. Тухайн үед цагдаагийн газар руу дүрвэгчид халдсан байна. Шуурхай арга хэмжээ авч чадсанаар хурцадмал байдал намжсан юм. Харин энэ удаагийн үймээнд хичнээн хүн оролцсон нь тодорхой бус аж. Ямартай ч тус улсад байдал хурцадмал байгаа. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын зөгнөл биеллээ гэж зарим нь үзэж байгаа ч өөр нэг нь энэ нь өдөөн хатгасан хэрэг гэж шүүмжилжээ. Үүнтэй зэрэгцэн Д.Трампын зөгнөлийн талаар интернэт хэрэглэгчид янз бүрээр бичих болсон байна. Зарим нь “Бид Д.Трампын мэдэгдлийг шоолсон. Гэтэл тэр үнэн ярьжээ. Хэрвээ бид илүү ухаантай байсан бол түүний хэлснийг анхаарч, аюулгүй байдлаа хангах ёстой байв. Одоо бүгдээрээ Д.Трампын мэдэгдлийг үргэлж чих тавин сонсож байя” гэжээ. Гэтэл түүнийг шүүмжлэгчид ч олон байгаа аж. Тухайлбал, нэгэн интернэт хэрэглэгчийн онцолсноор “Д.Трамп л дүрвэгсдийг буруу зүйлд өдөөн турхирсан. Швед улс дүрвэгчдийг хүлээн аваад олон жил болж байна. Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд ганц ч удаа биднийг гонсойлгох зүйл хийж байгаагүй. Гэтэл Д.Трампаас болж тэд илүү зоригтой, өөрсдийгөө батлан харуулахыг хичээж байна” гэжээ.

Статистик судалгаагаар 9.5 сая хүн амтай Швед улсад 200 мянган орчим дүрвэгч амьдарч байна. Дүрвэгчдийн тоогоороо ч тус улс Европтоо тэргүүлсээр буй. Мөн “Лалын улс” бүлэглэлийн гишүүн болсон жихадистуудын тоогоороо ч эхний байранд жагсчээ. Зөвхөн 2015 онд гэхэд 160 мянган дүрвэгч хүлээн авсан аж. Цагаачдын урсгал нэмэгдсэнээр Швед улсад гэмт хэрэг газар авах болсон байна. Мөн шведүүд эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцэн нэг бус удаа жагсаал зохион байгуулаад буй. Харин цагаачдын урсгалыг бууруулах үүднээс хилийнхээ харуул хамгаалалтыг чангалсан байна. Мөн сайн дураар тус улсыг орхих хүсэлтэй дүрвэгчдэд мөнгө төлж байгаа аж.

Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос Японы эдийн засгийн онцгой бүсэд пуужин харважээ

Тив хоорондын баллистик төрлийнх байж болзошгүй пуужин өнөөдөр өглөө Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж Японы ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдсэнийг CNN дамжууллаа.

АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлснийг Пхеньян өдөөн хатгалга, цаашид дайралт хийх бэлтгэлээ базааж байна гэж мэдэгдсэн юм. Үүний хариуд ийнхүү дөрвөн ч удаа баллистик пуужин харвасан гэж шинжээчид дүгнэж байна.

Хойд Солонгосын Хойд Пёнган муж дахь Тунчан-ригаас орон нутгийн цагаар даваа гаригийн 07.36 цагт харвасан пуужин 1000 км орчим зай туулаад, Япон тэнгист газардсан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм. Энэ дагуу БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё-ан өнөөдөр өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хуралдахаар болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өнөө жил уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйнхан ч эдийн засгийг тэтгэнэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Танайд өнжье” буланд “Монголын нууц товчоо”-г удам дамжин судалж буй монголын нэрт эрдэмтэн Гаадамбын хүү Билгүүдэй оролцлоо. Түүнтэй хөөрөлдсөн ажил амьдралынх нь арвин туршлага, амттай түүхийг даваа гаригийн дугаарын эхний нүүр болон 13-р нүүрээс унших боломжтой.

Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн гуай төрийн өндөр одон медаль аваад удаагүй байхад нь манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар гэрт нь зочилжээ. Түүнтэй хөөрөлдсөн утга зохиолын хийгээд яруу найргийн сонирхолтой ярилцлагыг 1,12,15-р нүүрээс уншаарай.

Улс төрийн нүүрэнд Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал Э.Анартай хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Мөн Монгол Улсын гавьяат эдийн засагч Ш.Батбаяртай хийсэн “Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг” ярилцлага улс төрийн буланд нийтлэгдлээ.

Баримт, үйл явдлын 7-р нүүрт “Мими гэдэг нунтаг бодис хэрэглэгчдийн тоо өсчээ” нийтлэл хэвлэгдлээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэж, Америкийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ

АНУ-ын Колумбус хотод “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын 1-4-нд болов. 28 дахь удаагийн тус тэмцээнд 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер, ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэж, Америкийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ амжилт нь тус тэмцээнээс хүртсэн Монголын тамирчдын анхны медаль юм. Тус тэмцээн нь Олон улсын бодибилдинг фитнессийн холбооны чансаагаар хоёрт эрэмбэлэгддэг нэр хүндтэй тэмцээн юм.

Г.Дорж “Arnold classic international 2017”-д түрүүллээГ.Дорж “Arnold classic international 2017”-д түрүүллээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар хорих 461-р ангид өлсгөлөн зарлажээ

АТГ-аас өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтуудын санхүүжилтыг шалгаж эхэлсэн. Үүнд “Чингис бонд”, “Самурай бонд”-ын санхүүжилтийн мөнгийг юунд зарцуулсан, Хөгжлийн банкаар дамжуулан олгосон бүтээн байгуулалтын хөрөнгийг нөлөө бүхий албан тушаалтнууд хувьдаа завшсан байж магадгүй гэсэн хэргүүд орж байна.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарыг АТГ-аас өнгөрсөн сарын 21-нд хорьсон билээ. Мөн түүний хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Б.Гарамгайбаатарыг Н.Батбаяраар дамжуулан хүүгийнхээ компани болох “Монроуд” компани руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгааг албаны эх сурвалж онцолж байсан. Тухайлбал тэрээр ЗГ-ын 124-р тогтоолыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа батлуулсан байдаг. Тэгээд уг тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөгийг хүү Г.Тэнгисийн зам барилгын “Монроуд” компани руу өгөх шийдвэр гаргасан байдаг аж. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяртай холбоотой нэгэн компаний данс руу “Монроуд” компаний мөнгө орсон байж болзошгүй баримт олджээ. Мөн Н.Батбаярыг ЗГ-ын тогтоол гаргуулалгүй УИХ-р огт батлуулалгүй дур мэдэн Хөгжлийн банкаар дамжуулан хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн, Яармаг дахь орон сууцны хорооллын зураг төсөл зэрэг гурван ч асуудлаар давхар шалгаж байгаа гэнэ.

Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна. Гэвч Б.Гарамгайбаатар хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан мэдээ байна. Тэрээр өөрийн хийсэн хэргийг хууль ёсонд харшлаагүй гэж үзэж байгаа бололтой.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Хятад улс 2020 он гэхэд ДНБ-ээ хоёр дахин нэмэгдүүлнэ

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн тавдугаар чуулган өнөө өглөө Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэллээ.

Чуулганы нээлтийн үеэр тус улсын Ерөнхий сайд Ли Көцян засгийн газрын ажлын тайланг өргөн барьсан байна.

Уг тайланд дурдсанаар, БНХАУ 2017 онд эдийн засгаа 6.5 хувиар өсгөх зорилт тавьжээ. Энэ нь өнгөрсөн оны зорилтоос 0.5 хувиар бууруулсан үзүүлэлт юм.Мөн тус улс эдийн засгаа өсгөх зорилтыг гурван жил дараалан бууруулж байгаа нь энэ аж.

Нэг хүнд ногдох ДНБ-ийг 2020 он гэхэд 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна гэж Хятад улсын удирдагчид мэдэгдээд, “Ингэхийн тулд 2020 он хүртэл эдийн засгаа наад зах нь 6.5 хувиар өсгөх шаардлагатай” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Д.Энхзул хүүтэйгээ “Эх үрийн дуу” тайлан тоглолт хийнэ

МУГЖ Д.Энхзул сүүлийн жилүүдэд хүүтэйгээ хөтлөлцөн тайзыг чимэх болсон. Ээж хүү хоёр хамтран дуулж, хэд хэдэн удаа хамтдаа тоглолтоо хийж сонсогч түмнээ баярлуулсан.

Тэгвэл энэ удаад ээж хүү хоёр дахин хамтарсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа базааж явна. Тэд удахгүй тохиох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Эх үрийн дуу” нэртэй тайлан тоглолтоо хийхээр болжээ.

Тоглолт Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 6-ны 19:00 цагт болох юм байна. Тоглолтод дуучдын шалгармал болсон дуунууд эгшиглэх бөгөөд ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг хүрэлцэн ирж нэг үдшийг хамтдаа дуулж өнгөрүүлэхийг урьж байна.4