Categories
мэдээ соёл-урлаг

У.Уранчимэгт үүнээс өөр “нууц” байж болоогүй юм байх даа…

Нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа “Миний нууц” киног үзлээ. Нэрнээс нь харахад жүжигчин У.Уранчимэгийн тоглосон Хандмаагийн дүрд ямар нэг нууц байна гэж төсөөлөгдөнө. Кино эхлэхэд ялдамхан, намбатай, 40 гаруй насны компанийн захирлын эхнэр Хандмаа нөхрийнхөө ажил дээр урт цагаан даашинз дэрвүүлэн орж ирэхэд цэвэрлэгч бүсгүйчүүд атаархаж, жиг жуг хийцгээж байгаа нь харагдана. Хоёр цэвэрлэгчийн залуу нь жүжигчин А.Ганчимэг, харин нөгөөх нь жүжигчин Д.Ганцэцэг. Киноны турш буланд нуугдаад бувар бувар хийх хоёр хулгана шиг л хогийн шүүрээ барьж, энд тэнд зогссоор дууссан даа. Хажуугаар нь бяцхан хов хутгах гэж үзнэ. Гэхдээ гэм хоргүй юм даа.

За ингээд киноны гол үйл явдал руу оръё. Киноны гол баатар нь мэдээж Хандмаа түүний нөхөр Түшиг буюу Ц.Цэрэнболд хоёр. Тэд бие биендээ хайртай. Хэдий эхнэр нь нэг хүний биед хоёр янзын хүн орших сэтгэлзүйн хүнд өвчтэй болсон ч нөхөр нь эхнэрээ жаргалтай байлгахын төлөө бүхнийг хийнэ. Кино эхлэхэд нэг залууг хэдэн хүн хөөж буй дүр зураг гарна. Өнөөх залуу нь яг Хандмаагийн хувцас үзэж байсан дэлгүүр рүү орж таараад, түүний амыг нь даран “Дуугүй бай, тэгвэл чамайг яах ч үгүй” гэж хэлнэ. Ингэснээр Алтангинж хэмээх залуугийн баян хүүхнээс мөнгө салгах ажиллагаа эхэлнэ дээ.

Нэг удаа Хандмаа ердийнхөөрөө сайн эзэгтэйн дүрд хувилан хоёр хүүгийнхээ сагсны бэлтгэл дээр очиход нь Алтангинж араас нь хүрч ирэн тэвэрч авна. Эхлээд тэр огт танихгүй царайлдаг ч багынх нь дурсамжийг нь сануулсан нэгэн нэрийг сонсоод нэгэн биеийн нөгөө хүн нь сэргэж “Алтангинж минь чи юу, би мөнгөн гинж чинь байна” гэснээр тэд яг л залуу хосууд шиг гадуур эрх дураараа зугаална. Гэвч маргааш нь сэрээд л энгийн уйтгартай гэрийн эзэгтэйн дүрд шилжин бүхнийг мартаж орхино. Түүний ээдрээтэй амьдралын багын хөндүүр дурсамж нь юу болоод насан туршид нь мартагдахгүй дагах сэтгэгдэл үлдээснийг та киногоо үзээд мэдээрэй. Ямартай ч багын найз Алтангинж хэмээх анхны хайрынх нь эмгэнэлтэй түүх түүний сэтгэлийг хоёр хувааж, хоёр өөр хүнийг бий болгочихсон нь үнэн.

Эцэст нь Хандмаагийн өвчин хүндэрч, хүнд хэлбэрт шилжсэнээр өөрийгөө сахиусан тэнгэр гэж итгэн, анхны хайр Алтангинжээ сэтгэлдээ ургуулан дүрсэлсээр өндөр байшингийн оройгоос нисч байгаагаар кино төгсдөг.

Гэхдээ киноны тайлбарт ийм өвчтэй хүн Монголд байхгүй гэсэн. Байхгүй юмыг юунд байгаа юм шиг хийсэн юм бол доо. Сүүлийн үед Монголд үйлдэгдэж байгаагүй гэмт хэрэг элдвийн хүнд сэдвээр кино хийх боллоо гэж Цагдаагийн ажилтны ярьж байсан нь санаанд орлоо. Эхлээд үе үехэн нулимс дуслуулж сэтгэл гэгэлзүүлэн догдлуулж бас хөгжөөж байсан кино маань сүүлдээ сэтгэцийн хүнд өвчтөний ердийн л нэгэн түүх мэт санагдсан нь харамсалтай. “Хувьсал”-ын өмнөх кинонуудыг бодвол хийсвэрлэл нь хэтэрчихэв үү л гэж бодогдохоор. Драмын жүжигчид болохоор драмаа л тоглох ётсой юм болов уу даа. Уг нь өөр төрөлд хүч үзвэл үзэгчдэд илүү сонирхолтой байхсан. Өмнө нь ч “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинон дээрээ галзуу солиотой шахуу эмэгтэйн дүрд тоглосон. Энэ удаад ч Хандмаа хэмээх бүр солиорсон эмэгтэйн дүрд тоглолоо. Түүнд үүнээс өөр дүрийг найруулагч Д.Галбаяр зохиогоод өгчихөж чадаагүй юм байх даа.


Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд-2017” мөсний баяр боллоо

Хөвсгөл аймагт жил бүр далай ээждээ хүндэтгэл үзүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Хөх сувд-2017” олон улсын мөсний баярыг Хатгал тосгоны доод модот буланд 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү баярт гадаадын 70 гаруй, дотоодын 10 мянга гаруй аялагч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл оролцсон байна.

“Хөх сувд-2017” олон улсын мөсний баярт ОХУ-ын уран гулгагч Аннагийн мөсөн дээрх уран гулгалтын үзүүлбэрийг олон иргэд талархан хүлээн авчээ. Тэрээр уран гулгалтаар 4 дэхь жилдээ хичээллэж байгаа бөгөөд дэлхийд алдартай Хөвсгөл нуурын мөсөн дээр өөрийн үзүүлбэрээ үзүүлсэндээ баяртай байгаагаа хэлж байлаа. Мөн Хангарьд хоккейн клубын тамирчдын үзүүлэх тоглолт, 30 гаруй чаргатай нохой, зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд олон байсан нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.

Энэ удаагийн мөсний баярт 5 орны элчин сайд болон төлөөлөгчид оролцож, гадаадын болон дотоодын жуулчид өмнөх жилээс нэмэгдсэн, хүрэлцэн ирсэн зочид 2 өдрийн турш тэмцээн наадамд оролцож Хөвсгөл нуурын мөсөн дээр эрүүл агаарт амарч тухалжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран хаан их сарьдгийнхаа өвөрт, хатан тунгалаг далай ээжийнхээ мөсөн дээр Хөх сувд-2017 олон улсын мөсний баярыг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж баярыг зорин ирсэн иргэд хоёр өдрийн турш байгалийн сайхныг бишрэн хамтдаа баярлаж, хийморь юугаан сэргээлээ.

Categories
мэдээ спорт

Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд О.Хангай түрүүллээ

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, МАН-ын хороо, Биеийн тамир спортын газар, Морин спорт уяачдын холбоо хамтран 03 сарын 05-ны өдөр Ард түмнийхээ эрх чөлөө, жаргалын төлөө тэмцсэн анхны долоо хийгээд түүхэнд алдар гавъяагаа мөнхөлсөн аугаа тэмцэгчдийг дурсан хүндэтгэсэн Эх орончдын өдөр, МАН-ын 96 жилийн ойн баярыг тэмдэглэлээ.

Энэхүү баярын үйл ажиллагаа Галданбошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж, аймгийн Хөгжимт Драммын Театрт МАН-ын 96 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулсан баярын хурал хийж, хүндэтгэлийн концерт тоглосон юм.

Үүнээс гадна Аман худаг хэмээх газарт их нас, азарга, соёолон морьдын уралдаан болсон ба хүчит бөхийн барилдаан Биеийн тамир спортын ордонд болсон юм.

МАН үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, эх орончдын өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд Буянт сумын харъяат, “Од” группын бөх, аймгийн арслан О.Хангай, Дуут сумын харъяат, аймгийн арслан С.Ганхуяг, Мөнххайрхан сумын харъяат, аймгийн арслан Б.Баянмөнх нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдлаа.

Барилдаанд Буянт сумын харъяат, “Од” группын бөх, аймгийн арслан О.Хангай түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэж, шөвгийн дөрөвт Чандмань сумын харъяат, 12 жилийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Г.Ариунболд нар шалгаран үлдлээ.

Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдаж, үзүүрлэсэн аймгийн арслан О.Хангайд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: Сонгуулийн хороо шүүх эрх мэдэл рүү халдаж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсонтой холбогдуулан АН-ыг төлөөлөн Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл:

Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон асуудал хууль бус юм. Хүчээр албан тушаалыг булааж авч болохгүй. Энэ бол Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Сонгуулийн зургаан тойрог дээр маргаантай зүйл байхгүй. Сонгуулийн хуулийг зөрчсөн зүйл гараагүй байна гээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад энэ зургааг Сонгуулийн хороо эсрэгээр нь сонгуулийн явцад мөнгө тараасан гэж шийдвэр гаргасан. Тэгэхээр сонгуулийн хороо шүүхийн эрх мэдэл рүү халдаж байна гэсэн үг юм. Манай хоёр хүн Н.Гарамгайбатаар, Н.Батбаяр нарын тухай сэтгүүлчийн асуултад хариулахад үнэхээр харамсалтай зүйл болсон. Энэ бол хэлмэгдэлтийн үеийг сануулж байна. Яг Цагаансарын үеэр ээж аавтай нь золгуулахгүй сэтгэл санаагаар нь дарамталж хэлмэгдүүлж байна гэж үзэж байна гэв.

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай:

Бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. АН-ын нарийн бичгийн дарга болсоор анх удаа та бүхэнтэйгээ уулзаж байна. Баянзүрх дүүрэг дээр АН 22 суудал авч, МАН 19 суудал авсан. Сонгуулийн хороо зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзсэн. Гурван шатны шүүхээр яваад энэ шийдвэр хууль зүйд нийцэхгүй байна гээд хүчингүй болгосон. АН-ын нэр дэвшигчдийг хасах тухай 60, 64 гэж хоёр тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслэж Хотын дарга Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон нь хууль бус юм. Одоо энэ тогтоолоо хүчингүй болгож байх шиг байна. Цуглаанд оролцсон хамгаалагч цагдаа нарын хувьд дүрэмт хувцасанд нь нэр байгаагүй. Тэгэхээр эрх баригчдын гар хөл болсон гэж үзэж болохоор байна. Энэ талаар Цагдаагийн дарга Энхтөрд хариу өгөх шаардлагыг өнөөдөр хүргүүллээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БЗД-ийн Засаг даргыг томилсон С.Батболдын захирамжийг шүүхээс түдгэлзүүлжээ

Нийслэлийн Засаг дарга Су.Батболд хэвлэлийнд мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа “Баянзүрх дүүргийн 41 тойргийн 35 тойрогт сонгууль маргаангүй явагдсан бол зургаан тойрогт маргаан үүссэн. Дээрх суудалд нэр дэвшигчдийн талаарх шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би хүлээцтэй хандсан. Дүүргийн ИТХ асуудлаа шийдэх ёстой гэж таван сар хүлээсэн. Саяхан хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийн Сонгуулийн хорооноос “Зургаан тойрогт дахин сонгууль явуулах ёстой” гэсэн шийдвэр гарсан. Тиймээс олонх нь болох 35 төлөөлөгчийн саналыг харгалзан гаргасан ИТХ-ын шийдвэрийг үндэслэн Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар батламжилсан. Миний гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй, үүнийгээ би хаана ч хамгаална.

Харин өнөө өглөө нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон захирамжийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна гэсэн. Би УИХ-ын гишүүн байсан хүн. Шүүхийн өмнө гаргасан шийдвэрээ нотлох болно. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна. Тиймээс миний гаргасан захирамжийн үйлчлэл зогсож байна. Захирамжийн үйлчлэл зогссон учир хуучин нөхцөл дахиад сэргэнэ гэлээ.

Сонгуулийн шинэ хуулийн дагуу Баянзүрх дүүргийн маргаантай байгаа зургаан тойргийн сонгууль ирэх аравдугаар сард дахин явагдана гэдгийг нийслэлийн Засаг дарга тайлбарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Төв болон говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орно

7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зорчих хөдөлгөөнийг нээлээ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу энэ сарын 3-5-ны өдрүүдэд дээрх аймгуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм.

Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнээс бусад аймаг суманд малын гоц халдварт өвчин тархах эрсдэлтэй байсан аж. Харин уг хязгаарлалтыг цуцалж, өнөөдрөөс тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болголоо. Гэхдээ мах, малын гаралтай түүхий эд тээвэрлэх нь хориотой байгаа юм гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Mongolia Cold 2017” болно

Алтны салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 17-нд болох гэж байна. “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гарц хайх, алтны олборлолт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм.

Ирэх 10 жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.8-40.0 тонны хооронд хэлбэлзэж алтны салбарын экспортын орлого 2020 онд 1177.9 сая ам.доллар, 2025 онд 1564.7 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. 2015 онтой харьцуулахад алтны экспортын орлого 2020 онд 26.7 хувиар, 2025 онд 68.4 хувиар тус тус нэмэгдэх төсөөлөлтэй байна. Алтны орд газруудыг төлөвлөсөн хугацаанд ашиглахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах агаад эдгээрт банкны зээл, бонд болон бусад эх сурвалжийг ашиглах, алтны томоохон төслүүдэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Алтны салбарын олборлолт, үйлдвэрлэл болон борлуулалттай холбоотой хууль эрх зүйн тогтвортой орчинг бий болгох замаар алтны хайгуул болон олборлох салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэн, эрэл хайгуулын ажил эрчимжиж, алтны нөөцийн хэмжээг тогтвортой өсгөсний үр дүнд жилд олборлох алтны хэмжээ 20.0-47.7 тонн хүртэл нэмэгдэж, нийт 353.2 тонн алт олборлох тооцоо гарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Март-8”-д зориулсан урлаг соёлын тоглолтууд

Монголын эмэгтэйчүүдийн хамгийн том баяр “Март-8” удахгүй тохиох гэж байна. Хайртай хосуудын баяр өмнөх сард болоод өнгөрсөн. Түүний дараа Цагаан сарын баяр болж хотол түмнээрээ сайхан шинэллээ. Харин одоо охид, эмэгтэйчүүдээ баярлуулах цаг хаяанд иржээ эрчүүд минь. Энэ өдөр урлагийнхан маань ч сэтгэл харамгүй баярын тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Та бүхэн доорх тоглолтуудаас дуртайгаа үзэж сонирхоорой!

“ҮЗЭСГЭЛЭНТ МИНЬ” ТОГЛОЛТ 3 САРЫН 8-НД КОРПОРАЙТ КОНВЭЙШН ЦЭНТР-VIP ТОГЛОЛТ

МУГЖ Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” тоглолт зохион байгуулагдах юм байна. Тоглолтод урилгаар Хар сарнай хамтлагийн ахлагч Амараа, Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн нар оролцоно. Сүүлийн үед хит болсон “Үзэсгэлэнт минь”,”Найз” “Толин хул” зэрэг дуунуудаа хүргэх болно.

Билетийн үнэ: 108.000 төгрөг


“ЭХ ҮРИЙН ДУУ” ТОГЛОЛТ 3 САРЫН 6-НД “МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ”-НД

МУГЖ дуучин Энхзул, хүү Чинбаярын хамтарсан “Эх үрийн элбэрэл” тоглолт тав дахь жилдээ зохион байгуулагдана.

Билетийн үнэ: 20.000 төгрөг


“ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ” ТОГЛОЛТ 3 САРЫН 7, 8-НД “МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ”-НД

Монгол бөхийн өргөөнөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үртэй хүн жаргалтай” тоглолт 3 сарын 7, 8-нд 2 өдөр дараалан тоглогдоно. Тоглолтод МУГЖ Чулуунхүү, МУГЖ Ширмэнтуяа, МУСТА Эрдэнэтунгалаг, Төрмандах Гансувд, Батмэнд, Чулуунчимэг нар оролцоно.

Билетийн үнэ: 15.000 төгрөг, 20.000 төгрөг


“УЯНГА ШАГЛАА” ТОГЛОЛТ МУСТА ДУУЧИН БУРМАА 3 САРЫН 7, 8-НД “АСА ЦИРК”

МУСТА дуучин Бурмаа 3 сарын 7, 8-ны өдрүүдэд АСА Цирк-д тоглоно. “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дууны сайхан Юндэн”, “Усны тунгалаг тамир” зэрэг дуунуудаа хүргэхнээ.

Билетийн үнэ: 20.000 төгрөг


“МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН” ТОГЛОЛТ 3 САРЫН 9-НД ГАНЦХАН УДАА “УБ ПАЛАС”-Т

Энэ бол Монголын ээжүүдийн үзэх дуртай № 1 тоглолт. Тоглолтод урилгаар АЖ Самбуу, МУГЖ Батсүх, Чулуунхүү, Батбаяр, Вандан Дуламсүрэн, Сийлэгмаа, Ганзориг, Банрагч, Мөнхбат, Жавхаасайхан Үүрийнтуяа, Төрмандах Гансувд зэрэг зохиолын шилдэг дуучид оролцох юм байна.

“Миний ээж хөөрхөн” тоглолтын онцлог нь хүрэлцэн ирсэн 3000 ээж сэтгэлээ нийлүүлэн дуулах тэр торгон агшинд Таны ижийн зураг дэлгэц дүүрэн гарч гэнэтийн бэлэг барина. Та хөөрхөн ижийтэйгээ авхуулсан зургаа UB palace-ын касс болон 1900-1905-ын хүргэлтийнхэнд хүлээлгэн өгөөрэй гэж зохион байгуулагчид хэлж байна.

Энэ мартын баяраар ижийтэйгээ цуг үзэх хамгийн сайхан тоглолт “Миний ээж хөөрхөн”.

Билeтийн үнэ: 13.900 төгрөг, 18.900 төгрөг


“САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙ” 3 САРЫН 7, 8-НЫ ӨДӨР “УБ ПАЛАС”

“Сайхан Монгол бүсгүй” нийтийн дууны тоглолт. Тоглолтод урилгаар МУГЖ Бат-эрдэнэ, МУСТА Чинболор, Чулуунбаатар, Батсайхан, Чулуунчимэг нар оролцох ба билетийг УБ паласын билетийн касснаас захиалах боломжтой.

Билетийн үнэ: 15.000 төгрөг


“ХАМАГ МОНГОЛЫН ИЖИЙ” ТОГЛОЛТ ГУРАВДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР УДБЭТ-Т

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид болох Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, СТА Ш.Наранчимэг, Б.Энхнаран нарын хамтарсан “Хамаг Монголын ижий” тоглолт гуравдугаар сарын 8-ны 18.00 цагаас тоглогдоно.

  • Хаана: УДБЭТ
  • Хэзээ: 2017.03.08
  • Тасалбарын үнэ: 50.000

3 САРЫН 7-НЫ ҮДЭШ УЛААНБААТАР ЧУУЛГАД “ХАЙР” ТОГЛОЛТ

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин, “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг энэ сарын 7-ны үдэш чуулгын тайзнаа Монголын сайхан ээж нартаа зориулан “Хайр” тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолтыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хийж байгаа бөгөөд ихэвчлэн Хайлааст, Чингэлтэйн ээжүүдийг хамарч байгаа аж.


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРААС ГУРАВДУГААР САРЫГ 6, 7, 8-НЫ ӨДРҮҮДЭД У.ШЕКСПИР “РОМЕО ЖУЛЬЕТТА” ЖҮЖИГ

Улсын драмын эрдмийн театраас гуравдугаар сарыг сонгодог жүжгийн өдрүүд болгосон. Үзэгчдээ дэлхийн сонгодог бүтээлээр амьсгалах болсон театрын уран бүтээлчдийн тоглолтын салхийг У.Шекспир “Ромео Жульетта” жүжиг хагалах юм. Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан тус жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдөр тоглох юм байна. Харин энэ жүжгийн гол дүр болох үзэсгэлэнт Жульеттад шинэ жүжигчин тоглохоор болжээ.

У.ШЕКСПИР “РОМЕО ЖУЛЬЕТТА”

  • III.6-ны 19.00, III.07, III.8-ны 14.00, 19.00 цагаас

Categories
мэдээ нийгэм

Тайлбарлагч Э.Балжинням Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ

Монгол Улсын хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ.

Э.Балжинням 10 жилийн турш 1000 гаруй тоглолт тайлбарласан гэдэг. Тухайлбал, “Английн премьер лиг”, “ЕХБХ-ний аваргуудын лиг”, ” Европын АШТ”, “Хөлбөмбөгийн ДАШТ” болон Монголын хөлбөмбөгийн “Хүрхрээ лиг”, “Пепси лиг” зэрэг тэмцээн уралдааныг тайлбарлан үзэгч олонд хүргэдэг.