Categories
мэдээ нийгэм

1.7 сая төл бойжиж байна

Image result for төлУлсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай буюу 1.8 сая хээлтэгч төллөн 1.7 сая төл бойжиж байна хэмээн ХХААХҮ-ийн яамнаас мэдээллээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулбал 968.0 мянган төлөөр нэмэгдсэн бөгөөд гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж байна.

Өнгөрөгч оны тооллогоор Монгол Улс 61.5 сая толгой малтай болж, оны эхэнд 26.0 сая эх мал тоолуулсан бөгөөд жилд дунджаар 80 орчим хувиар төл хүлээн авдаг хэмээн албаныхан ярьж байна.

Дээрх тооцоогоор манай улс 20 саяас доошгүй төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарчээ. Мал төллөлт зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ спорт

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Image result for бөхийн барилдаанМонголын үндэсний бөхийн холбооноос ирэх дөрөвдүгээр сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ. Хуваарь ёсоор:

Дөрөвдүгээр сарын 02-ны 14 цагаас Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан.

Дөрөвдүгээрсарын 07-ны 16 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан.

Дөрөвдүгээр сарын 08-ны 14 цагаас Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.

Дөрөвдүгээрсарын 09-ний 14 цагаас “Сонгинохайрханы хишиг” Улс, аймгийн алдар цолтой Чансаа өндөр 128 бөхийн барилдаан.

Дөрөвдүгээр сарын 16-ны 14 цагаас Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан.

Дөрөвдүгээр сарын 23-нд Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.

Дөрөвдүгээр сарын 30-ны 14 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Ирэх бямба гарагт Сүхбаатарын талбайд ном солилцоно

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт төв талбайд зохион байгуулж байгаа билээ.

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг ирэх сарын 1-ны Бямба гарагийн 12:00-14:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү үйл ажиллагааны зохион байгуулалтыг улам сайжруулах үүднээс залуучуудын оролцоог нэмэгдүүлсний зэрэгцээ өдөрлөгт ирсэн эхний 200 хүнд гарын бэлэг бэлтгэсэн байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн сард номоо солилцохоор төв талбайд залуучууд болон зохиолчид ирсний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжийг олгосонд ихэд талархаж байсан юм. Түүнчлэн өдөрлөгт хүрэлцэн ирсэн 300 орчим иргэдийн олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байв.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт дахин нэг төрийн албан хаагч амиа хорлосон байдалтай нас баржээ

Image result for ЗавханЗавхан аймгийн Идэр суманд төрд 28 жил зүтгээд ажлаас халах тушаал гарсны өөр дээрээ бензин асган шатааж амиа хорлосон хэрэг нийгмийг цочроогоод байна. Тэгвэл тус аймгийн Тэс сумын Засаг дарга асан Д.Нямсамбуу өнгөрсөн долоо хоногт амиа хорлосон байж болзошгүй байдалтай оджээ. Энэ хэргийг Завхан аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Д.Нямсамбуу 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Засаг даргаар сонгогдсон юм байна. Гэвч сарын өмнө ар гэрийн шалтгаанаар Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаа өгчээ.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Тэс сумын Засаг дарга сумынхаа “Дооно” хайрханд хайгуул, олборлолт хийх уул уурхайн компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байсан юм байна. Энэ асуудлаар Говь-Алтай аймгийн сум дундын шүүхэд хандаж, Дооно хайрхан ууланд уурхайн олборлолт хийх компанийн талд шийдвэр гарсан боловч Засаг дарга давж заалдахаар дараагийн шатны шүүхэд хандах гэж байсан гэдгийг хэлж байна. Талийгаач амьд байхдаа “Би Засаг дарга байх хугацаандаа Дооно хайрханыг ухуулж чадахгүй” гэж ойр дотныхондоо ярьж байжээ. Түүний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ” нам албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Монголын хүний төлөө намыг энэ сарын 27-нд Улсын дээд шүүхээс бүртгэж авсан. Тус нам улсад бүртгэлтэй 25 дахь нам болсон гэдгээ өнөөдөр зарлаж, Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын хүний төлөө нам нь төрд тавих иргэний хяналтын тогтолцоог бүрдүүлэхээр уржигдараас албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Энэ үеэр МХТН-ын дарга Х.Бат-Ялалт хэлэхдээ, “Манай нам хүнлэг энэрэнгүй, хүн төвтэй иргэний эрх зүйт нийгмийг байгуулах зорилго тавьж ажиллана. Иргэний хяналтыг төрийн албан хаагчдын сахилга бат, ёс зүй, төрийх болон нийтийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоомжийн биелэлт зэрэг чиглэлээр хэрэгжүүлж эрх баригч намуудын сөрөг хүчин болж ажиллана” гэлээ.

Уг нам Анхдугаар их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 10-нд хийх бөгөөд 2042 онд ард түмнээрээ ажлаа дүгнүүлж цаашид ажиллах эсэхээ шийдэх аж.

Categories
мэдээ нийгэм

I эмнэлгийн эмч нар олон эмэнд тэсвэртэй нянгийн талаар мэтгэлцэв

ЭМЯ, ЭМХТ-өөс зарласан Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмч нар “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт уралдаант сарын аян зарласан юм.

Энэ хүрээнд эмч, эм зүйч нар “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдвээр мэтгэлцлээ.

Мэтгэлцээнд 40 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Уг аян дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл өрнөх ба оролцогчид хүн амын дунд нянгийн халдвар өргөн тархаад зогсохгүй, улмаар өвчин архагшихын гол шалтгаан болж байгааг иргэдэд танин мэдүүлэх сургалт болон бусад ажлыг зохион байгуулах юм.

Уг аянаар эмч, эмнэлгийн ажилчдад антибиотикийн нянгийн тэсвэрлэл үүсэхээс сэргийлж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийг эмийн зохистой хэрэглээ, ялангуяа нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээнд сургах, мэдээлэл өгөх зорилготой гэнэ.

Мэтгэлцээнд оролцогчид олон эмэнд тэсвэртэй нян үүсэх шалтгаан, түүнээс сэргийлэх, антибиотик эмчилгээний сонголт зэрэг мэдлэг сорьсон асуултад хариулсан юм.

Монголд төдийгүй дэлхий нийтэд олон эмэнд тэсвэртэй нянгийн асуудал нь хүний амь насанд хүрэх болтлоо аюултай түвшинд хүрсэн учраас иргэдийн эмийн зөв хэрэглээ, эрүүл мэндийн боловсрол, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар ажиллах шаардлага тулгарч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Малын бэлчээр дээрээс олсон уйгарын үеийн ваарыг БСШУСЯ-д хүлээлгэн өгөв

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр хөдөө, хээрээс олсон түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль тогтоомжийн дагуу төрийн өмчлөлд шилжүүлж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Дандар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн иргэн Г.Батгэрэл, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Г.Далай нарыг хүлээн авч уулзан талархал гардуулж, мөнгөн шагналаар урамшууллаа.

Н.Дандарын хувьд 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг, Жаргалан уулын орчмоос эртний хадны оршуулга олж, сумын дунд сургуулийн багш н.Энхтөрөөс дамжуулан мэргэжлийн судлаачдад мэдэгдэж, иртэл нь харж хандан хамгаалж байжээ.

Тэрхүү хадны оршуулгаас эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан руни бичээс бүхий хөгжмийн зэмсэг зэрэг ховор нандин олдворууд олдсон юм. Харин Г.Батгэрэл нь 2016 онд өөрийн эцэг өвгөдөөс уламжилж ирсэн түрэгийн үеийн ваарыг Монголын Үндэсний музейд, Г.Далай нь 2016 онд малын бэлчээр дээрээс олсон уйгарын үеийн ваарыг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн юм.

Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Палеонтологи, археологийн олдвор бол төрийн өмч, тэрхүү төрийн өмчийг олж илрүүлсэн бол төрд нь өгөх учиртай, сүүлийн жилүүдэд санаатай санамсаргүй олж илрүүлсэн зүйлсээ төрд өгөлгүй, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн зарж үрэх явдал багагүй гарах болсон, ийм цаг үед та бүхэн олон нийтэд үлгэрлэж сайн үйлс бүтээсэнд талархаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Уулзалтад БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд болон холбогдох бусад албаны хүмүүс байлцлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Туул голоос хайрга олборлохыг хориглолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг үл харгалзан зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг хотын дарга онцоллоо.

С.Батболд: Нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш уулын дайрга ашиглана

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэж байна. Олборлох зардал багатайгаар нь хайргыг илүү ашигладаг. Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байна. Энэ байдал нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд тодорхой газруудаар явж шалгалт хийсэн. Ялангуяа ХУД-ийн нутаг дэвсгэр дэх Туул голын сав газар түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн, нөхөн сэргээлт хийгдээгүй, нүд хальтрам байдал бий болсон байсан. Тиймээс бид цаашид нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно. Голын ай сав газар олборлолт хийхийг хориглосон 70 гаруй лицензтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ёстой. Үүнд НМХГ хяналт шалгалт хийгээд лицензийг нь цуцлах арга хэмжээ аваач гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Харин голын гольдрол буюу хуулиар заасан хэмжээнээс гадна олборлож байгаа 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ эдгээрт нөхөн сэргээлт хийх шаардлага хүргүүлж байгаа.” гэлээ.

Ашиглалт явуулж буй бүх аж ахуйн нэгж Байгаль орчны төлөвлөгөөний биелэлт буюу нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлэх ёстой. Гэтэл 2016 онд 88 аж ахуйн нэгжээс ердөө 14 аж ахуйн нэгж өгчээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинэчлэн тогтоосон. Цаашдаа энэ бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй гэдгийг хотын дарга мэдэгдлээ. Тэрбээр “Одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай зогсооно. Нийслэлийн суурьшлын бүсэд зөвхөн хүн эрүүл амьдрах орчныг л бүрдүүлэх ёстой.” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын дараагийн өгсөн гол мэдээлэл нь цаашид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад голын хайрга биш уулын дайрга ашиглах талаар байв. Энэ жилийн нийслэлийн худалдан авах ажиллагааны бүх ажлын даалгаварт барилгын болон замын ажилд зөвхөн уулын дайрга ашиглахаар заасан байна. Хотын удирдлагуудын зүгээс бүтээн байгуулагчид, худалдан авагчид, иргэддээ хандан уулын дайргыг түлхүү хэрэглэхийг уриалж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд дайрга олборлох зөвшөөрөл авч болохыг хотын дарга хэллээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “2016 онд хийсэн шалгалтаар нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй хийсэн 4 компанид 20 сая төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй 3 компанид 25 сая төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагааг зогсоох акт гарсан.” гэв.

Мэргэжлийн байгууллагын мэдээлж байгаагаар голын хайргыг угаах шаардлагагүй бөгөөд ангилж ялган 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм хэмжээтэй болгон шууд бетон зуурмагт хэрэглэдэг байна. Энэ нь хэдий зуурмагт ашиглаж болох боловч барьцалдах чанар муу авто зам болон барилгын механик, динамик үйлчлэлд бат бэх чадвараа удаан хадгалж чаддаггүй бөгөөд амархан хагарч, гэмтдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

А.Цогцэцэг сайд эмнэлэгүүдийн төлбөрт дээд, доод хязгаар тогтоох шаардлагатай гэв

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон дэд сайд Л.Бямбасүрэн нар Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад тус холбооны ерөнхийлөгч Б.Даш-Яндаг, зөвлөх О.Бямбаа болон гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нар оролцож салбарын удирдлагуудтайгаа саналаа солилцлоо.

Монгол Улсын гавьяат эмч Б.Даш-Яндаг гемодиализийн эмчилгээг төр хариуцдаг болсон нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ болсныг сайшаагаад, цаашид салбарын ачааллыг бууруулахад хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ажиллахаа хэлэв. Тэрээр цааш хэлэхдээ, эмч нарыг чадавхжуулах тал дээр хувийн эмнэлгийн эмч нарыг улсын эмнэлэгт дадлага хийлгэх, улсын болон хувийн эмнэлгүүдийн төлбөрт дээд, доод хязгаар тогтоох болон гоо сайхны жижиг мэс ажилбаруудын үйл ажиллагаанд хамтран хяналт тогтоох шаардлагатай байгааг онцоллоо.

Дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ хувийн эмнэлгүүдийн удирдлагуудын хуулийн мэдлэгийг сайжруулах тал дээр анхаарахыг хүссэн бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон санал гомдлууд ирж байгаагийн ихэнх нь өөрсдөө холбогдох хуулийн заалтуудаа зөрчсөнөөс болдог гэдгийг дурдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хот суурин газарт цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг Дэлхийн банк зөвлөв

Дэлхийн Банкнаас Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын талаар хийсэн судалгааны тайлангаа танилцууллаа. Уг тайланд алслагдсан орон нутгийн буюу малчин өрхийн хүүхдүүдэд гэр бүлд суурилсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах шаардлагатай хэмээн зөвлөжээ.

Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийг судлахад Монгол хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдал ихээхэн зөрүүтэй байгаа нь илэрчээ. Гэвч малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан гэр бүлд суурилсан тусгай сургалт, цэцэрлэгийн сургалтын материаллаг бааз болон үйл ажиллагааг сайжруулах зэрэг зорилтот арга хэмжээнүүд нь энэхүү зөрүүг арилгахад тустай гэдгийг тайланд онцолсон байна.

Бага насны хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах нь алсдаа эдийн засаг болоод нийгмийн ихээхэн үр өгөөжийг авчирдаг. Аль болох бага байхад нь чанартай боловсрол олгох нь хүүхдүүдийн цаашдын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, нийгмийн халамж үйлчилгээ бага шаардах, гэмт хэргийн хувь хэмжээ буурах, хөдөлмөрийн бүтээмж дээшлэх зэрэг үр нөлөөтэй байдаг” гэж Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон хэллээ. Тэрээр мөн “Өнөөдөр танилцуулж буй энэхүү тайланд Монголын ирээдүйг тодорхойлох боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар олон чухал зөвлөмжүүд багтсан” гэдгийг онцлов.

Монгол Улс сургуулиас өмнөх боловсрол- (СӨБ)-ын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ахиц гаргаж чадсан бөгөөд СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоо 2005-аас 2015 оны хооронд хоёр дахин өссөн байна.

СӨБ-ын хамран сургалт ийнхүү нэмэгдсэн хэдий ч бага насны хүүхдийн боловсролд хамгийн их хамрагдах хэрэгцээтэй байгаа бүлэг буюу хөдөөгийн малчид болон амьдралын боломж доогуур өрхийн хүүхдүүд харьцангуй бага хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бага насны хөгжлийн үр дүн болох сэтгэн бодох, хэл, нийгэм, сэтгэл зүйн ур чадварын үнэлгээг хийхэд хүүхдүүдийн чадвар өрхийн нийгэм эдийн засгийн байдлын түвшингээс хамааран хол зөрүүтэй байгаа нь харагджээ. Түүнчлэн бага насны хүүхдийн боловсролд зарцуулж буй төсвийн зарцуулалтын ихэнх хувь нь чинээлэг өрхүүдэд ногдож байна.

Хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын ялгааг арилгах боломжтой юм. Тайлангаас харахад гэр бүлийн гишүүд гэртээ ном унших, дуу дуулах, хамтдаа тоглох зэргээр хүүхэдтэй цагийг хамт өнгөрүүлэх нь хүүхдийн сэтгэн бодох чадварт ихээхэн үр нөлөө үзүүлдэг байна. Энэ нь алслагдсан орон нутгийн хүүхдүүдийн сургуульд орох бэлтгэлийг хангахад гэр бүлд суурилсан боловсролын хөтөлбөр чухал нөлөөтэй байж болохыг харуулж байгаа юм.

Энэхүү хөтөлбөр нь нүүдлийн гэр цэцэрлэг зэрэг хувилбарт сургалттай харьцуулахад хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг сайжруулан, ялгаатай байдлыг арилгахад хамгийн үр нөлөөтэй байна. Нүүдлийн гэр цэцэрлэг богино хугацаанд ажиллаж байгаа нь түүнд хамрагдсан хүүхдүүд ердийн цэцэрлэгт хамрагдсан үе тэнгийнхнийгээ гүйцэж хөгжих боломжийг бууруулж байна.

Мөн СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа хот суурин газрын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, хотын цэцэрлэгүүдийн ачааллыг багасгах үүднээс хот суурин газруудад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тайланд онцолсон байна. Гэвч хүүхдүүдийн цэцэрлэгт явах хугацааг уртасгах, илүү бага наснаас цэцэрлэгт хамруулах нь сургуульд бэлтгэгдсэн байдлын ялгааг багасгахад хангалттай биш юм. Иймээс цэцэрлэгийн санхүүжилтийг сайжруулах, илүү сайн сургалтын материалуудаар хангах болон ангид явуулах үйл ажиллагааны төрлийг нэмэгдүүлэх зэрэг цэцэрлэгийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн зорилтот хөрөнгө оруулалтуудыг уг тайланд зөвлөмж болгосон байна.