Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2017 он гарсаар 322 удаагийн объектын түймэр гарчээ

sitend-logo2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9,8 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 45,3 хувиар өссөн байна.

01-31

Нийслэл хотод нийт 210 удаагийн гал түймэр гарч, 0,37 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 106 удаагийн гал түймэр гарч, 1,3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 1712 байгууллага, аж ахуйн нэгж, 9268 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 8632 зөрчил дутагдал илрүүлэн, 2761 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 448 заавал биелүүлэх албан шаардлага, 491 мэдэгдэл, 34 танилцуулга, 111 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 17 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 14,0 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 169 удаа, дадлага 97 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 112 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Объектын гал түймрийн талаар:

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах анги, гал түймрийн 339 дуудлага хүлээн авсанаас 212 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 203 удаа, 2 тасгийн хүчээр 9 удаа, үүнээс 146 гал түймрийг 30 минутанд, 24 гал түймрийг 30-60 минутанд, 41 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 620.3 тн ус, 210 л хөөс, 8383.7 литр шатахуун зарцуулж, 181 эрдэнэт хүний амь бие, 57 барилга, байшинг авран хамгаалсан байна.

Ой хээрийн түймрийн талаар: Дуудлага ирээгүй.

Гамшиг, ослын талаар:

Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 35 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 191 албан хаагчийн бүрэлдэхүүн, 33 автомашинтай гарч гамшгийн голомтод 192 цагийн үүрэг гүйцэтгэж, 1008 литр шатахуун зарцуулж, 65 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Шүүлэг авсан талаар:

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 2, салааны тархалтын сургууль 196, өдөр тутмын дасгал сургууль 1677, мэргэжлийн чиглэлээр 392, албаны чиглэлээр 205 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 26.159 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах шуурхай төлөвлөгөө 148, шуурхай карт 159-д баяжилт хийн тодотгож гал унтраах дасгалын нормчлолоор /давхардсан тоогоор/ онц 581, сайн 766 дунд 389, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 544, сайн 722, дунд 473, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 476, сайн 720, дунд 511, гал унтраах дүрмээр онц 589 сайн 676, дунд 471 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

Ажил дүгнэсэн дүнгийн талаар:

Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах аврах нийт 54 гал унтраах ангиас 2017 оны 01 дүгээр сард ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн 17 ангид “А”, 37 ангид “В” үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой орноор дахин шалгарлаа

Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны /The World’s Ten Best Distinations/ нэгээр дахин шалгарав.

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг “Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа орнуудыг байгаль орчин, зэрлэг ан амьдтыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг болсон билээ.

Монгол Улс 2016 онд шилдэг 10 орны нэгээр анх шалгарсан бөгөөд 2017 онд ийнхүү хоёрдахь удаагаа шилдэг 10 орны тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Кабо-Верде, Чили, Коста Рика, Доминика, Палау, Тонга, Уругвай, Вануату зэрэг орон шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Канад улсад сурч байсан монгол залуу бусдын гарт амиа алджээ

Канад улсад ахлах сургуульд суралцаж байсан 22 настай монгол залуу амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Хохирогчийг Б.И гэдэг бөгөөд гэмт этгээдүүд Б.И-г толгойн тус газар нь буудаж хөнөөгөөд эмнэлгийн үүдэнд үлдээгээд явсан байжээ. Гэвч хохирогч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барсан байна. Цагдаа нарын үзэж буйгаар хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарсан бөгөөд одоогийн байдлаар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Хохирогчийн ар гэрийнхэнтэй нь Гадаад харилцааны яамнаас холбогдон, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд гэр бүлийнхнийх нь хүсэлтээр талийгаачийн талаарх тодорхой мэдээллийг өгөхгүй гэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын сэтгүүлчид тайландын туршлагаас суралцав

Гадаад харилцааны яамнаас санаачлан зохион байгуулсны дагуу Тайландын ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-аас манай сэтгүүлчдэд зориулан “Олон улсын сэтгүүл зүй ба дипломат арга ажиллагаа” сэдвээр 2017 оны 1 дүгээр сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалт Тайландын Рангситын Их сургуульд амжилттай болж өнгөрөв.

Сэтгүүлчдэд зориулсан сургалтад Рангситын Их сургуулийн Олон улсын харилцааны болон Сэтгүүл зүйн танхимуудын багш, профессоруудаас гадна Тайландын Ерөнхий сайдын ажлын алба, Гадаад хэргийн яамны Мэдээллийн газар, мөн Тайландын Хааны гэрэл зургийн нийгэмлэгийн мэргэжилтнүүд ирж лекц уншив. Тухайлбал, Тайландын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч, дэслэгч-генерал Вийрачон Суконтапатипак (Deputy Government Spokesman Lieutenant General Weerachon Sukontapatipak) манай сэтгүүлчдэд зориулан төрийн албан хаагчид, ялангуяа гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын төлөөлөгчид хэвлэл, мэдээллийнхэнтэй хэрхэн харилцах талаар лекц уншиж, туршлагаасаа хуваалцав.

Сургалтын хугацаанд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн нийт төлөөлөгчдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол- Тайландын харилцааны талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулж, ярилцлага өгөв. Сургалтын төгсгөлд сэтгүүлчид Тайландын орон нутагт зочилж, түүх дурсгал, соёлын цогцолбор газруудтай танилцсан болно.

Энэхүү сургалт манай сэтгүүлчдийг олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх, түүнчлэн гадаадын төр, засгийн тэргүүн, өндөр албаны төлөөлөгчидтэй харилцаж мэдээлэл олж авах, ярилцлага хийх соёл, арга барилаас суралцах, мөн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой танилцаж, тэдгээрийг эзэмшихэд ихээхэн ач холбогдолтой болов.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон Хэнтийн уулсаар, 5-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулс болон говь, талын нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад О.Балжинням хамгийн өндөр оноо авчээ

“Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу бокс, жүдо чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт явагдаж байна.

Өнгөрсөн ням гаригт явуулсан Жүдо бөхийн шигшээгийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтын дүнг өчигдөр Биеийн тамир, спортын газрын харьяа Шигшээ багийн албанд танилцуулжээ.

Нийт есөн хүн оролцсон уг шалгаруулалтад дасгалжуулагч О.Балжинням хамгийн өндөр оноо авсан байна. Х.Эрдэнэт-Од, Х.Цагаанбаатар, Д.Баттулга, Г.Дашдаваа нар оноогоор удаалжээ.

Жүдо бөхийн холбоо эдгээр дасгалжуулагчдын авсан оноо, холбооны байр суурийг нэгтгэн, Шигшээ багт танилцуулсан тул удахгүй жүдо бөхийн залуучуудын болон насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчдын нэрс албан ёсоор тодорно.

Categories
мэдээ улс-төр

Туркийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Ахмет Язалд баяр хүргээд хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь хэлэхдээ хоёр талын харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаад талархалтай байдгаа дурдаад үүнд ТИКА байгууллагын гүйцэтгэсэн үүргийг онцоллоо.

Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Орхоны хөндий дэх Түргийн үеийн түүхийн дурсгалуудыг сэргээх, засварлах ажлын талаар хоёр талаас хамтран ажиллаж байсныг дурдав.

Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдлаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс өчигдөр Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвд болсон уг сургалтаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах болон Онцгой комисс, гамшгаас хамгаалах албадын удирдлагын чиг үүрэг, хэрхэн хамтран ажиллах тухай зэрэг мэдээллийг сонсов. Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням “Улаанбаатар хотын гамшгийн өнөөгийн нөхцөл, эрсдэл, эмзэг байдал”-ын талаар товч танилцуулга хийсэн. Мөн дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн тус сургалт арга зүйн төвийн гал унтраах болон газар хөдлөлтийн сургалт, дадлагын танхим, өндрөөс аврах үйл ажиллагаа, утаат орчны дадлага, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт явуулах тусгай тоноглол бүхий танхимуудтай танилцаж, үзвэрийн 3D бичил кино театрт Японд газар хөдлөлтийн үед NHK телевиз хэрхэн ажилласан тухай баримтат киног үзэж сонирхсон юм. Гамшгаас хамгаалах сургалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Болормаа шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардуулж, дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд,

  • 1.Болзошгүй гамшиг ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх
  • 2.Гамшиг ослын үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааны үед шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг бэлэн байлгах, татаж оролцуулах
  • 3.Гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулах, албан хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх
  • 4.Гамшиг ослын үеийн холбоо, зарлан мэдээллийн бэлэн байдлыг хангуулах, бүрэлдэхүүнийхээ хаягийн тодотголыг хийж ажиллах
  • 5.Ямар ч үед үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх (баяр ёслол, амралтын өдрүүд гэх мэт)
  • 6.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх 03 дугаар сард дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Энэхүү сургалтанд дүүргийн ЗДТГ болон хэлтэс, албадууд бэлэн байдлаа хангаж, идэвхи санаачилгатай оролцох хэрэгтэй гэдгийг онцоллоо гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн бүтээн байгуулалтад залуусыг оролцохыг уриаллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 2-ны пүрэв гаригт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулагдах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар пүрэв гаригт зохион байгуулагдах Ажлын байрны нээлттэй өдөрлөгийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж байдаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг өдөрлөгийн үеэр олон нийтэд танилцуулах юм” хэмээн НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр ярилаа.

НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын 50 хувь орчим нь амьдарч, ажиллаж байгаа том хот юм. Нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд үе үеийн залуус гар бие оролцож, манлайлж ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлага байгаа юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна” гэлээ.

Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр

Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):

  • Авто замын барилгын инженер
  • Давхар, зам гүүрийн инженер
  • Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
  • Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)
  • Хот төлөвлөлтийн эдийн засагч
  • Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
  • Эко хороолол, орон сууцны инженер
  • Үерийн далан сувгийн инженер
  • Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний mamage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх)

Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):

  • Хотын менежментийн менежер
  • Үл хөдлөх хөрөнгийн менежмент
  • Инновацийн удирдлага
  • Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
  • Төслийн удирдлага (Project Management Professional)
  • Хотын социологич
  • Хотын патентчин
  • Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)

Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):

  • Сэргээгдэх эрчим хүчний инженер
  • Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
  • Дендерлогич
  • Ногоон байгууламжийн төлөвлөгч
  • Цэвэрлэх байгууламжийн технологич – инженер
  • Байгаль орчны эрсдлийн удирдлага

Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):

  • Хотын санхүүч
  • Хотын эдийн засагч
  • Олон улсын мэргэшсэн аудитор

Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн үеэр харьяа агентлаг, нийслэл болон орон нутгийн өмчит газруудын мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн аль эсхүл одоо эдгээр мэргэжлээр магистрт суралцаж байгаа нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудас дахь “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж анкетаа бөглөн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянбүрдийн тойргоос зүүн тийш 150 метрт замын голоор хайс байрлуулжээ

2016 онд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр Их тойруугийн гудамж буюу “Баянбүрдийн зам”-д зам тээврийн ослын улмаас хоёр явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх замд автобусны буудал орчимд иргэд зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гардаггүйн улмаас зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг тул тус хэлтэс Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай хамтран Баянбүрдийн тойгоос зүүн тийш 150 метрт замын голоор хайс байрлуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

ЯВГАН ЗОРЧИГЧИД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО:

а/явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;

б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

в/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;

г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.