Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх юм.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл Бямба гараг бүр ажиллана.

Categories
мэдээ улс-төр

Н.Оюундарь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийг бат бөх байлгах, эвлэрүүлэн зуучлахыг эрмэлзэж байгаа

Монгол Улсын Их хурлаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өнгөрөгч долоо хоногт баталсан билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдлаа. Нэлээд судалгаа хийсэн гэж байсан даа. Бэрхшээлтэй зүйлс юу байсан бэ?

-Ажлын хэсэг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт болон түүнийг зохицуулахад цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад ямар асуудал тохиолдож байгааг орон нутагт болон нийслэлийн нэг дүүрэгт судаллаа. Энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгэм, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөл ТББ-тай хамтран ажиллах, энэ хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн Австри улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил хэрхэн явагддаг талаар туршлага судалсан. Гэхдээ бусад орны туршлагаас өөрийн улсын соёл, ахуйд илүү их таарсан байдлаар авах нь зүйтэй гэж үзээд хуулиндаа нэмэлт өөрчлөлтүүд хийсэн. Энэ хууль өөрөө 46 зүйлтэй.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх парламент баталсан. Шинэ парламент татаж аваад дахин оруулж ирсэн. Өмнөх төслөөсөө юугаараа ялгаатай болсон бэ. Ер нь хүн бүрийн амьдралд хамааралтай хууль шүү дээ?

-Хүн бүрийн амьдралд хамаарал бүхий хууль гэдэгтэй санал нэг байна. Концепцийн чанартай нэлээд хэдэн өөрчлөлт орж байгаа. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл өөрөө их эмзэг асуудал. Салсан, нийлсэн гэр бүл, ах дүү, садан төрөл, эцэг эх, үр хүүхдийн хооронд болж байгаа зүйлээс эхлээд хамрах хүрээ нь өргөн. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар тэр дотоод нарийн эмзэг асуудал тул хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж өгсөн. Мөн гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх сувгуудыг тодорхойлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэгт тооцогдох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр Цагдаагийн байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгосон юм. Түүнчлэн хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах шинэ зохицуулалтыг нэмж, гэрч, хохирогчийг хамгаална, хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмж албан ёсны болгосон бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, зохицуулалтыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцахаар болж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хүчирхийллийг үүсгэгч суурь шалтгааныг арилгахад анхаарах болоод байгаа юм. Зарчмын зөрүүтэй олон саналууд орсны хамгийн чухал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд нийгэмд үзүүлж байгаа хор хохирол, хохирогчийн гэмтлийн зэргээс шалтгаалаад шаталсан арга хэмжээ буюу захиргааны зөрчил эсвэл гэмт хэрэг гэж үзэн авахаар болж байгаа.

-Яг ямар арга хэмжээ авах юм бэ?

-Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлийн штрик нэг, штрик хоёр гээд заалтуудаар эхний удаад захиргааны арга хэмжээ авах юм. Цаашид хүчирхийллийн шинжтэй үйлдэл давтан бүртгэгдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх тийм заалт байгаа. Мөн энэ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар хохирогч өргөдөл гаргасан л бол шүүхээр шийдвэрлэдэг байхаар тусгасан. Цагдаад өргөдөл гаргаад хянан шалгах явц явагдаж байхад хохирогч гомдлоосоо татгалзвал эвлэрсэн гэж үзээд шүүх хэргийг нь хаачихдаг байсан. Харин практик дээр ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын албан хаагч нар хохирогчийг ямар нэгэн байдлаар дахиж дарамталж байгаад өргөдлийг нь татуулдаг гэж ярьдаг. Хянан шалгах ажиллагаа хэсэг хугацаанд явагдсаны дараа дахин хүчирхийлэх хэлбэр давтагддаг. Энэ байдлыг таслан зогсоох заалтыг оруулж, хариуцлагыг сайжруулсан. Өмнөх хуулиар хэн, юу хариуцахыг эзэнжүүлээгүй байсан юм. Урьдчилан сэргийлэх ажлуудаас УИХ, Засгийн газар, хууль зүй хариуцсан төрийн захиргааны байгууллагууд юуг нь хариуцахыг нарийвчилж тусгасан. Эрүүл мэнд, боловсролын байгууллага, орон нутгийн засаг захиргааны хариуцах хэм хэмжээг нарийвчлан тусгасан.

-Манайхан яг ямар үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгох талаар мэдээлэл тун хомс байдаг. Энэ хуулинд ямар үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулж байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийллийг багтаасан.

Жишээ нь, эдийн засгийн хүчирхийлэл гэхэд эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгийг авчихаад өгдөггүй явдлыг хамруулсан байх жишээтэй. Хүүхэд нь гадуур тэнэж байхад аав, ээж нь хайхардаггүй зүйл бий. Цагдаагийн байгууллага хүүхдийг нь аль нэг газраас олж эцэг, эхэд нь хүлээлгэн өгдөг ч нэг, хоёр хонуулаад явуулчихдаг үл хайхарсан хандлага байсаар байна. Иймэрхүү байдлыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн сэтгэл санааны хүчирхийлэл гэдэгт багтчихсан гэж үзсэн учраас ажлын хэсгийн санал дэмжигдээгүй.

-Аав, ээжийнхээ тэтгэвэрийг зээлүүлж авахаас эхлээд хөгшчүүлийн амьдралд хүндрэлтэй зүйлс бий. Үүнийг хүртэл зохицуулж байгаа юм байна. Тэгвэл хуулийн ямар хариуцлага хүлээх юм бэ?

-Дээр дурдсан шаталсан хариуцлага гэдгээрээ явна. Эхний ээлжинд захиргааны зөрчил гэж үзээд хариуцлага тооцох ч удаа дараа давтагдаад, эцэг эх нь цайны ч сүүгүй сууж байхад тэтгэврийг нь авахуулаад архи дарс уудаг нөхдийг хорих хүртэл санкцуудыг суулгаж өгсөн.

-УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлэлцүүлгийн үеэр дорнын соёлтой манай оронд өрнийн хуулийг нэвтрүүлэхээр оролдож байна гээд шүүмжлэлтэй хандаж байсан л даа…

-Энэ удаагийн ажлын хэсэг болон өмнөх парламент ч гэсэн чамгүй хугацаанд нэлээд ажилласан хууль юм. Гадаадын олон хуультай харьцуулсан. Тэр утгаараа монгол ахуйд, нийцэх нь аль нь вэ гэдгийг бодолцсон. Монгол Улс өөрөө онцлогтой, суурьшмал болон нүүдэлчин иргэншлийн асуудлыг ч анзааран үзэж хуулийн төслийг баталсан.

-Өмнөх хуулиар гэмтлийн зэргээс шалтгаалж хариуцлага тооцдог байсан бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд гэмтлийн зэрэг байхгүй ч сэтгэл санааны хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж байна?

-Гэр бүлийн хүчирхийллийн хуульд яг ийм заалт байхгүй гэхдээ энэ нь Эрүүгийн хуультай нягт холбоотой. Бие махбодиор хохирсон хүн ялгаагүй сэтгэл санаагаар хохирдог.

Энэ үйлдэл нь давтагдсан бол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Харин бие махбодиор хохироогүй ч сэтгэл санаагаар хохирсон хүмүүс байдаг. Тухайлбал, бусадтай харьцахыг хориглох, сургуульд явуулахгүй байх, байнга мөрдөж мөшгөх гэх мэт хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх нь сэтгэл санааны хохирол. Эдгээрийг бид гэмт хэрэгт тооцох болсон нь хуулийн бас нэг давуу тал.

-Гэр бүлийн хүчирхийлэл болж байгаа тохиолдолд иргэд мэдээлэл өгөх үүрэгтэй болж байгаа гэсэн. Хэрвээ мэдээлэл өгөөгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хуулийн 46 дугаар зүйлд тэр чигээрээ хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага буюу төрийн албаны ажилтнууд төдийгүй жирийн иргэд хүртэл мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол торгох заалттай. Хуульд ялангуяа хохирогч, гэрчийг хамгаалах талын заалтыг нэлээд тусгаж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйл дээр дэлгэрэнгүй бий.

Ерөнхийдөө орон нутгийнхаа сум, дүүргийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй болгосон. Бүх шатны боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, хүүхэд гэр бүл хариуцсан ажилтан, баг, хорооны бусад албан тушаалтнууд, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний гэрээ гүйцэтгэж байгаа төрийн бус ажилтан ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсвэл үйлдэгдэж болзошгүй тохиолдлыг заавал мэдээлэх ёстой болсон л доо. Хэрэв цагдаа нь эзгүй байх юм бол орон нутгийнхаа Засаг даргад мэдээлж болно. Мэдээлэл өгсөн хүнийг аюулгүй байдлыг хуулиар хангана. Гэхдээ хүн хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсвэл болзошгүй нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй гэж хуульчилж өгсөн.

Мөн долоон төрлийн үйлчилгээг хохирогчид үзүүлэхээр хуульчилсан. Үүнд аюулгүй байдлыг нь хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл судлаачийн сэтгэлзүйн үйлчилгээ орж байгаа. Мөн нийгмийн халамж, эрх зүйн туслалцаа орно. Эрх зүйн туслалцаа гэдэгт өмгөөллийн үйлчилгээ багтана. Өмгөөллийн үйлчилгээ орж байгаа юм чинь мэдээж холбон зуучлах үйлчилгээ орчихож байгаа гэсэн үг. Энэ бүхэн үнэ төлбөргүй.

-Иргэд ч яахав үнэ төлбөргүй үйлчилгээ авлаа гэхэд гарах зардлыг нь хаанаас яаж зохицуулж байгаа юм бэ?

-Ирэх оны төсөв батлагдчихсан болохоор төсөвгүй гэсэн үг. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бидэнд 2017 ондоо ТББ болон Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд болон дотоод нөөц боломжоо ашиглан зохицуулах боломжтой гэсэн. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын даргын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл байдаг. Тэндээ тодорхой хэмжээний санхүүжилттэй тул түүнээсээ өгөөд байж болно гэсэн л дээ.

-Сэтгэл санааны хүчирхийлэл нотолгоо муутай. Тиймээс хэн нэгэн намайг хүчирхийлээд байна гээд бусдыг гүтгэх юм биш биз?

-Ийм зүйл гарч болзошгүй. Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үеэр гарч байсан жишээг хэлье. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад ирж байгаа гомдлын бараг 70, 80 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг юм билээ. Тиймээс цагдаагийн ажилтнууд давхар сэтгэл судлаач болчихдог. Үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу гэдгийг нь бараг мэдчихдэг болсон гэж ярьж байсан.

Бусад орнуудын туршлагыг судалж байхад сэтгэл санааны дарамтад оруулах асуудал хэзээнээс байсан. Таны асуусанчлан нотлох баримт муутай. Амьдрал дээр түгээмэл жишээнээс хэлье л дээ. Нөхөр нь эхнэртээ өөрийнхөө нэр дээр гар утас авч өгдөг. Өөрөө аваад өгчихсөн болохоор эхнэрийнхээ гар утсанд ирж, гарч байгаа дуудлагыг хянадаг. Үүнээс болж хардалт үүсч, мөрдөж, мөшгидөг байдал гадаад орнуудад их байдаг. Мөн хохирогчийг цагдаа дээр очно гээд яаж ул мөр, гэмтлийн зэрэг үлдээхгүй байх вэ гэдгээ хүртэл тооцдог гээд боддоо. Тиймээс нарийвчилж тусгасан.

-Өмнөх хуулиас ялын бодлого өөрчлөгдсөн үү. Ер нь гадаад улс орнуудтай харьцуулахад ялын хатуу, зөөлөн нь ямар болсон бол?

-Гэр бүлд эхнэр, нөхөр хоёр жижиг сажиг асуудал дээр маргах асуудал бишгүй тохиолддог. Нөгөө талаас аав ээж нь үр хүүхдээ хааяа нэг хүмүүжүүлэх зорилгоор таван салаа боов өгөх асуудал гарч л байдаг. Тэр болгонд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж байхгүй. Анхны өргөн барьсан төслөөр бол хүчирхийлэл үйлдсэн гэх этгээдэд эхний удаад ямар ч байсан захиргааны арга хэмжээ авъя. Удаа дараа болох юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэж байсан нь хэвээрээ байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийг аль болох бат бөх байлгах, эвлэрүүлэн зуучлахыг эрмэлзэж байгаа. Харин зарим орнуудад нэг удаа гар хүрсэн л бол шууд салгахыг зорьдог юм билээ.

Гол нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь зөвхөн эхнэр, нөхөр хоёрын асуудлыг зохицуулсан зохицуулалт биш. Ахмад настан, хүүхдийн асуудлыг нэлээд сайн суулгаж өгсөн. Хадам аав, ээжийгээ хүргэн нь дарамталдаг байдлыг ч зохицуулахаар хамрах хүрээг нь ч өргөтгөж амьдарч байгаад салсан гэр бүлийг хүртэл хамруулахаар тусгасан.

-Манайд хамтран амьдрагч гэдэг ойлголт бий. Хамтран амьдарч байгаад салсан хүндээ дарамт учруулбал энэ хуулиар зохицуулна гэсэн үг үү?

-Хамтран амьдарч байгаад дундаасаа хүүхэдтэй болсон ч салж сарних явдал элбэг байдаг. Хэрэв салсан хүн нь янз бүрийн дарамт үзүүлээд байвал нэг төрлийн хүчирхийлэл болно. Тиймээс хуульчилсан.

-Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хууль байна. Мөн ирэх жилийн долдугаар сар хүртэл хойшлуулсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль байгаа. Энэ хуулиудтай хэр уялдсан бэ?

-Одоо энэ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг гарсантай холбогдуулаад 2004 оныхоо хуулийг хүчингүй болгосон. Түүнээс гадна боловсрол, нийгмийн халамж, эрүүгийн гээд есөн хуульд өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр орсон. Эцсийн хэлэлцүүлгээр бас нэмээд холбогдох дөрвөн хуульд өөрчлөлт орууллаа. Хамгийн гол нь ял ногдуулах тэр асуудал дээр нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт нэлээд их орсон.


Categories
мэдээ нийгэм

Гэр музей болсон Жамбын Дашдондогийнх

Монгол Улсын төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайтай баасан гарагт холбогдож, хагас сайнд гэрт нь өнжихөөр тохиролцов. “Ахынх нь хотын төвд “Залуучууд” зочид буудлын ар талын байранд” гэсэн болохоор олоход тун амархан аж. Монгол хүний бэлгэшээл бодож морин цагт гэрт нь очвол төрийн соёрхолт маань хаалгаа нээж, уриалгахнаар бидний хувцсыг өлгүүрт тохож байна. Наран талын мухрын өрөөнд оруут зүүн талын ханаар нь дүүрэн дэлхийн хүүхдийн сонгодог зохиолчдын зураг хөрөг өрөөтэй харагдах бэсрэгхэн музейд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэх юм. Өнгөрөгч баасан гарагт тэр хоёрдахь том шагналаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас хүлээн авчээ.

Түүнийг хүүхдийн нэрт зохиолч Дамдинцоогийн Содномдоржийн нэрэмжит анхны шагналын эзнээр тодруулсан байна. Тэрээр сайдад “Би саяхан төрийн шагнал авсан. Багшийн маань нэрэмжит шагналыг уран бүтээлээ ид туурвиж байгаа залуу хүнд өгчих” гэж хэлээд бараагүй байна. Гэргий Тогтохын Хандсүрэн нь цай цүй болон гялав шалавхийнэ. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул буриад басхан маань хүүхдийн эмч мэргэжилтэй нэгэн бөгөөд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд олон жил ажиллажээ.

Дашдондог зохиолч улаан гэрэл асдаг хуруун чинээ дохиураа барьж гэр-музейнхээ зургуудыг тайлбарлаж өгч байна. Шведийн хүүхдийн нэрт зохиолч Астрид Линдгренээс нэгэнтээ ирүүлсэн шинэ жилийн мэндчилгээг зургийн хамт тайлбартайгаар тавьж. Астрид Линдгренийг манайхан “Дээвэр дээр суудаг Карлсон, Жаалхүү хоёрт тохиолдсон явдал” алдарт бүтээлээр андахгүй мэднэ. За тэгээд, Катерон Патерсон, Энэтхэгийн хүүхдийн зохиолч Манарона Жапе, Японы Мичио Маро, Канадын Маргерет Рүпс, Оросын хүүхдийн нэрт зохиолч Сергей Михальков, “Луугийн хүү Таро” зохиолоороо алдаршсан Японы хүүхдийн гарамгай зохиолч Мацутани Миёоко нартай авахуулсан зургуудаа томоор угаалгаж ханандаа өлгөсөн нь танин мэдэхүйн болоод маш олон талын мэдлэг мэдээлэл өгөхөөр аж. ЗХУ-ын төрийн дууллын үгийг зохиосон Сергей Михальков Ж.Дашдондогийг гэрт нь айлчилж очиход “Таны авьяаслаг шүлгүүд олон хэлнээ хөрвүүлэгдэхэд нүүр улайхгүй юм. Хүүхдэд зориулсан сайн яруу найрагч Монголд байдаг гэдгийг хүмүүс мэдэж аваг” гэсэн гарын үсэг бүхий тэмдэглэлийг ханандаа жаазлан хаджээ. Мацутани Миёокогийнд айлчилж очиход цагаан муур нь Дашдондог гуайг үнссэнд наран зохиолч ихэд баясан нүүр өгсөн гэх жишээний. Дашдондог гуайн аав Жамба бол Монгол Улсын хүндэт мэргэн харваач цолтой хүн байж. Тэрээр аав ээжийнхээ зургийг ихэд хүндэтгэлтэйгээр номын өргөөндөө залжээ.

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог төрөлх хэлээрээ 100 гаруй ном, гадаад хэлээр гуч гаруй номоо хэвлүүлсэн соён гийгүүлэгч хүн. Түүний “Ногоон морь”, “Алтан хөрш” зэрэг бүтээлүүд япон хэлээр, “Хар шувууны цагаан түүх” ном хятадаар, “Морьтой үлгэр” нь малайз, араб, солонгосоор, “Мазаалай” нь германаар орчуулагдан хэвлэгдсэнийг босоо тавиурт өрсөн нь өнгө алаглан нүд баясгана. Хүүхдийн зохиолчийн “Гэр” гэдэг үлгэрийг Дэлхийн шилдэг үлгэрийн санд худалдаж авсан гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнөх есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдүүдэд хичээл заахдаа эл үлгэрийг ашигласан гэж байна. Тэрээр гадаадад хэвлүүлсэн номуудынхаа орлогыг Нүүдлийн номын сандаа зориулж, эх орныхоо говь, хангай, хөвч тайга бүхий 330 сумд зочлон очиж хүүхэд багачуулд хүрч үйлчилжээ. Ж.Дашдондог гуай эцэг эхээс дөрвүүл бөгөөд айлын ууган хүү гэв. Дүү Цолмонбаатартайгаа хамтарч сая төрийн соёрхол хүртээд буй “Аав, ээж, би” номыг бүтээж байсан бол тэр сайхан зураач дүү нь тэнгэрийн оронд одсон гэнэ. Удаах дүү Ганбаатар нь орон сууцны цахилгаан шат угсардаг мэргэжилтэй хүн бөгөөд түүний хүү Алтантүрүүг “Танайд хоноё” нэвтрүүлгээр нь монголчууд андахгүй биз. Отгон дүү Ж.Сүнжидмаа нь Дэлхийн банкинд ажилладаг гэсэн.

Төрийн шагнал авснаас нь хойш хүүхдийн зохиолчийн босго овоо элэгдээд байгаа аж. Ах дүү нар, мэргэжил нэгт найз нөхөд нь ирэхээс гадна гадаад, дотоодоос утас шөрмөс, цахим захидал, зурвасаар баяр хүргэх нь их байгаа гэлээ. Түүний тухай “Тэмээтэй номын сан” судалгааны ном бичсэн уран бүтээлийн анд Маргарет Рүүпс гэхэд утасдаж баяр хүргэлээ гэж зохиолч их л баярлаж сууна. Тэрээр өнгөрөгч онд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон “Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд” номоо гаргасан нь нүдний гэм болоод байгаа бололтой. “Хүн хамгийн завгүй үедээ л хамгийн сайн зохиолуудаа бичдэг юм байна. Хүүхдийн хэвлэлийн редакцийн эрхлэгчийн алба хашиж байхдаа би овоо бүтээл хийсэн шүү” гэж хуучлах Дашдондог зохиолч “Аранзал зээрд” шүлгээ уншихдаа ширээн дээр морины явдлыг товшин сонирхуулав. “Хурга хурга чи яагаад хундан цагаан болсон юм бэ”, “Наашаа цаашаа”, “Дүүжин даажин” зэрэг зургаан шилдэг шүлгээ тэрээр “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаараа алдаршсан яруу найрагч Жан.Шагдарын захиалгаар ганцхан шөнийн дотор бичиж байжээ.

Нүүдлийн номын сантайгаа 330-аад сумаар оржээ

Арван долоохон настай байхдаа “Аргатай хүү” номоо 1958 онд хэвлүүлж байсан гэхээр аргагүй бахархалтай санагдана. Номын шагналын 500 төгрөгийг аавдаа илгээсэн баримтаа үзүүлсэн тэрээр “Би оюутан байхдаа жил бүр номынхоо шагналын мөнгийг аав ээждээ явуулсан хүн. Тэднийхээ ачийг хариулах гэсэн хүсэл минь намайг зохиолч болгосон байх” гээд инээмсэглэж байна. Цэрэг элсүүлж байгаа юм шиг газар газраас авьяастнуудыг цуглуулсан хүүхдийн их зохиолч Д.Содномдорж түүний багш ажээ. “Монгол Улсын хөдөлмөрийн Лодонгийн Түдэвт уран бүтээлийн ордон барьж өгье” гэж төвийн хэвлэлд олон жил бичсэн тэрээр нийслэл хотод Хүүхдийн номын сан байгуулах хүсэлтэй хүн юм. Төрсөн нутаг Булганы Бүрэгхангайдаа ойд уран бүтээлийн байшинтай агаад зундаа очиж дугуй унан зугаалахаас гадна өвөлд цана, тэшүүрээр ойр ойрхон гулгадаг болохоор бие хаа эрүүл энх, ухаан санаа саруулхан 75 насыг зоогложээ. Хананд нь өвөрмөц гитар харагдана. Гэргий нь гитар, өөрөө баянхуур тоглодог гэнэ. Түүний орос хэлнээс орчуулсан ном жараад орчим болж “Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж”, “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж” хэмээх хоёр ботийг эх барьж авчээ. Цаа буга унасан нэгэн зургийн түүхийг асуувал “Ар тайгын хүү” нэртэй номоо бичихээр Хөвсгөлийн Улаан-Уул суманд томилолтоор очиж байсан үе” гэж тайлбарласан.

Ж.Дашдондог Б.Ринчен, Д.Гармаа, Д.Содномдорж нарын зохиолчдын хамт.

1970-аад он

Биднийг ийн ярилцах зуур утас нь дуудаж байна. Тэрээр утсаар ярьсны дараа зурагтаа асаах зуураа “Готовын Аким найз маань ярьж байна. Миний оролцсон нэвтрүүлэг гарч байна гэнэ” гэлээ. Нээрээ ч “Сүлд” сувгаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Нацагийн Даваадашийн түүнтэй хөөрөлдсөн яриа гарч байна. Дашдондог зохиолчийн хүү Боролзой Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд ажилладаг. Удахгүй эрдмийн цол хамгаалахаар зүтгэж байгаа аж. Ж.Дашдондог гуай дэлхийн 28 улс оронд зохиол бүтээлийнхээ буянаар айлчилж зочилсон хүн. Тиймээс ч тэрээр АНУ-ын Сант-Луйс хотод хоёр удаа, энэтхэгт нэг удаа, Өмнөд Монголд хэд хэдэн удаа уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулжээ. Түүний бүтээлийн өргөө гэж тусдаа нэг цонхтой өрөө байна. Номын санд нь дэлхийн хүүхдийн зохиолчдын бүтээлүүд дүүрэн харагдана. Өрөөний хаалган дээр цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй хамт авахуулсан зургаа жаазлан хаджээ. Номын шүүгээний дээр эзэн богд Чингис хааны хөрөг залаатай. Төрийн соёрхол хүртээд удаагүй байгаа хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайнхаас явах болоход тэрээр их л тахимдуугаар хувцас өмсгөн өгөх нь аргагүй л соёлтой хүний шинж бүрэн төгс сэхээтэн юм даа гэсэн сэтгэгдэл үлдээсэн юм.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Ж.Баясах: Хятад боловсон хүчингүй, ОХУ мөнгөгүй энэ үед бид төслөө бариад гүйх хэрэгтэй

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ж.Баясах хятад судлаач, түүхч мэргэжилтэй. Тэрээр сургууль төгсөөд ШУА-д гурав, МУИС-д 34 жил ажиллаж, хоёр жилийн өмнөөс одоогийн албан тушаалд томилогджээ.


-Мэргэжлийн хүний хувьд хөршүүдийн маань харилцаа ямар түвшинд байна гэж үзэж байна?

-Хөршүүдийн харилцааны тухай ярихын тулд хоёр асуудлыг жишээлж болно. Эхнийх нь Эгийн голын усан цахилгаан станцын асуудал. ОХУ-ын Байгал нуурын 80 хувь Сэлэнгэ мөрнөөс тэжээгддэг гэж үздэг. Харин бидний барих гэж байгаа усан цахилгаан станц Сэлэнгэд цутгадаг Эгийн гол дээр баригдах учраас Байгал нуурын асуудал болчихоод байгаа юм. Яг нарийндаа Байгал нуурын бохирдол оросуудад өөрсдөд нь толгойны өвчин болоод байна л даа. Эргэн тойронд нь үйлдвэр барьчихаад түүнийгээ зогсоож чадахгүй олон жил болж байна. Намайг Орост оюутан байсан 1970-аад оны үед баригдсан далайн эрэг дээрх целлодны үйлдвэр өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ чинь байгальд хамгийн хөнөөлтэй үйлдвэр. Хятадууд хилийн татвар нэмлээ гэж байна. Мэдээж Далай ламын айлчлалтай холбоотой шүү дээ. Одоо хятадуудтай ярих асуудал багадаа л зургаан сар зогсонги байдалд орох байх. Харьцаа жаахан хүйтэрч л байна. Хөршүүдийн харилцаа иймэрхүү л байна даа.

-Та жаахан гутрангуй үзэлтэй хүн үү?

-Тийм шүүмжлэл бий. Гэхдээ юмыг дэндүү өөдрөг төсөөлж мухардсанаас бүтэхгүй бол яах вэ гэдэг хувилбартай байх ёстой гэж үздэг. Байдлыг байгаагаар нь харахын оронд нэг сайхан юм төсөөлчихөөд хэдэн арван жил нэг байран дээрээ дэвхцээд байж болохгүй биз дээ.

-Манай Ерөнхийлөгч хөршүүдтэйгээ сүүлийн жилүүдэд түүхэнд байхгүй дээд хэмжээний уулзалтууд хийсэн биз дээ?

-Гадна талдаа манай гурван улс маш сайн харилцаатай мэт харагдаж байгаа. Сүүлийн гурван жилд ОХУ, БНХАУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нар гурван удаа уулзсан. Энэ бол дээд түвшний уулзалтууд. 132 төсөлд гарын үсэг зурлаа. Төслүүдийг харахаар ОХУ, Монгол Улсаас нэг ч санал байхгүй. Хятадаас санаачилсан “нэг бүс, нэг зам” буюу “Торгоны зам” төслийн хүрээнд л санаачлага гараад байна.

-Яагаад Орос, Монгол санал гаргахгүй байна?

-Манай хоёр улсад мөнгө алга. Жишээлбэл Монгол Улсын экспортын ихэнх нь БНХАУ руу, импортын ихэнх ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүн. Манай экспортын ихэнх нь эрдэс баялаг. Саяхан нүүрсний үнийг нэг цонхны бодлогоор тогтоож, аман дээрээс 50 доллараар авахаар худалдахаар болсон. Гэтэл БНХАУ нүүрсний хэрэглээг багасгана гэж байгаа. Гэхдээ Хятадын хойт нутгаар хүйтэрдэг учраас нүүрс огт хэрэглэхгүй байж чадахгүй. Харин манайх зээлээс өөр саналгүй сууж байна.

– Орос, Хятадын харилцаа сайн байгаа биз дээ?

-Украины асуудлаас хойш энэ улсуудын харилцаа эрс сайжирсан. Оросууд дунд тусгалын пуужингийн технологио хятадад өгсөн. Энэ хоёр орон нэг туйлын эсрэг гэсэн үзэл ярьж байна. Энэ нь АНУ-ын эсрэг гэсэн үг.

– Орос, Хятадын харилцаа манайд ямар нэгэн ашиг өгөх үү?

-Би өгнө гэж бодож байна. Наад зах нь эдийн засгийн коридор байгуулах тухай ярьж эхэллээ шүү дээ. Хурдны авто зам барих, төмөр зам сайжруулах ажлаа хийж чадвал транзит тээврээс ашиг олох боломж бүрдэнэ. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ хоёр улс арван жилээс илүү түншлэхгүй л болов уу.

-Ашиг хүртэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

– Бусад буурай хөгжилтэй орнууд ашиг хүртэхийн тулд өдөр шөнөгүй төсөл бариад гүйж байна. Гэтэл хамгийн их ашиг хүртэх боломжтой манай улс таг дуугүй. Одоо хятадууд манай судалгааны байгууллагуудад хамтарч ажиллах санал тавьж байна. Өөрөөр хэлбэл аливаа төсөлд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй гэж үзэж байгаа.

– Яагаад гэнэт ийм санал тавих болов?

-Нэг Ван овогт Доржийн үлгэрт итгээд мөнгөө тавиад туучихдаг. Мөнгө ч үгүй, төсөл ч үгүй. Хятадын хууль чанга тэндээ асуудалд орно. Гэтэл төсөл яагаад хэрэгжээгүй гэвэл шинжлэх ухааны судалгаа, шинжилгээгүйгээс болсон байдаг. Аливаа төслийн судалгаа хийхэд санхүүжилт шаардлагатай. Түүнийг нь хятадууд гаргах боломжтой гэж мэдэгдэж байна. Оросууд харин энэ талаар чимээгүй байна.

-Хятадууд ОХУ-ын шинжлэх ухааны байгууллагад биш манайд ханддаг нь ямар учиртай вэ?

-ОХУ-ын шинжлэх ухааны байгууллагууд 70-80 хүнтэй. Хятад 7-10 хүнтэй шинжлэх ухааны хүрээлэн гээд сууж байдаг. Хятадууд шинжлэх ухааны судалгааны мэргэжилтнүүд багатай. Оросууд ихтэй. Гэхдээ манайд хэрэгжүүлэх төсөл дээр манайхан илүү ажиллах нь ойлгомжтой. Манай судалгааны байгууллагууд олон улсын түвшинд хүрсэн. Аливаа төсөл хэрэгжүүлэхэд судалгаа, санхүүжилт чухал. Гэтэл хятадууд боловсон хүчингүй, оросууд мөнгөгүй байна. Энэ үед бид судалгаа, шинжилгээтэй төслөө бариад гүйх хэрэгтэй.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ОХУ, БНХАУ-ын харилцаанд нөлөөлөх үү?

-Трампыг энэ хоёр улс дэмжсэн.

-Яаж?

-Хятадууд мөнгөөр, оросууд хакеруудаа оруулж дэмжсэн. Тэгсэн чинь Трамп гарч ирээд хятадын бараанд татвар ноогдуулах тухай яриад эхэллээ. Трамп хятадуудад ашиггүй болж байна. Оросууд эсрэгээрээ Трампыг магтаж байна. Оросын “НТВ” телевизийн “Место втречи” нэвтрүүлгээр орой бүр шахам магтаж байгаа. Гэхдээ Орост “Америкт ямар ч нам гарсан оросуудад тэгтлээ их нааштай хандахгүй” гэсэн шүүмжлэл бий. Трампыг Орос магтаад, Хятадууд шүүмжлээд ирэхээр хоёр орны харилцаанд цав үүсэх нөхцөл бүрдэнэ.

-Яагаад Хятад, Орос улсууд асар их нүүрсний нөөцтэй байж манайхаас авч байна?

-Хятад хүрэн нүүсний нөөцтэй ч коксжсон нүүрс бага. Орос өөрсдөө хүрэн нүүрсээ ухахгүй, манайхаас бага зэрэг авч байна. Хятад Австралитай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулчихсан.

-Хятадуудад түүхийн эдийн хилийн татварыг нэмэх эрх бий юу?

-Сангийн сайд байсан Даваасамбуу багшилж байгаа. Түүнийхээр олон улсын харилцаанд орон нутгийн удирдлага хоёр улсын худалдааны татварыг нэмэх ёсгүй.

-Яагаад Австралиас ачсан нүүрс Таван толгойгоос ачсан нүүрснээс хэд дахин их хэмжээгээр Хятадад зарагдаад байна?

-Хар ухаанаар бодвол Таван толгойн нүүрс илүү зарагдана. Гэтэл Австралиас нэг удаагийн тээврээр хагас сая тонн нүүрс ачаад усаар хөвөөд ирж байна.

-Та нэг хурал дээр “ХАА, аялал жуулчлал яриад, уул уурхайг тоохгүй байна” гэсэн шүүмжлэлд өртөж байсан.

-Олон жилийн өмнөөс нүүрсээ боловсруулж гаргаж байсан. Одоо манайхаас авсан нүүрсээ хятадууд уул шиг овоолчихоод угаагаад цааш гаргаад их хэмжээний ашиг олж байна. Гэхдээ бас нэг асуудал бий. Нүүрс угаахад ус их ордог. Хятадын манай нүүрсийг угааж байгаа Ухань хот бол ус ихтэй. Шар мөрний дэргэд байдаг хот. Нүүрс зарах хамгийн найдвартай зам бол эрчим хүч экспортлох. Хамгийн наад захын ашиг нь байгаль сүйтгэхгүй.

-Эгийн голын УЦС-ыг цааш хөдөлгөх ямар зам байна?

-Олон улсын судалгааны баг байгуулаад дүгнэлтийг нь дэлхий дахинд танилцуулах хэрэгтэй.

-Та гурван улсын хамтарсан хүрээлэн байгуулах тухай ярьсан.

-Би тийм санал тавьсан. Хятадууд зөвшөөрөөд, оросууд дуугүй суугаад байна.

-Ямар зарчмаар юу шийдэх байгууллага вэ?

-Хамтарсан төслүүд дээрээ судалгаа хийнэ. Гурван улс ээлжээр даргална. Хятадууд зөвшөөрөөд байдаг. Оросууд орлогч байх сонирхолгүй байгаа юм болов уу гэж ойлгоод байна.

-Таны хүссэнээр байгууллагатай боллоо. Оросуудаас эхний ээлжинд юу татах вэ?

-Оросуудыг эхний ээлжинд суурь судалгаанд татан оролцуулах хэрэгтэй. Оросууд шиг суурь судалгаанд сайн улс байхгүй. Техник эдийн засгийн үндэслэлийг оросууд маш сайн хийдэг. Хятадууд мөнгөтэй. Дунд нь зуучлах гүйлгээ ухаанаараа монголчууд сайн байхгүй юу. Энэ байгууллага энэ нөхцлийг бүрдүүлнэ. Хятадын мөнгийг оросын технологитой холиод бид төсөл хэрэгжүүлэх боломж байгаа юм.

-Шийдвэр гаргагчид шинжлэх ухааны байгууллагуудын үгийг хэр сонсох бол?

– Манай улс хар хайрцагны бодлогогүй болчихоод байна.

-Хар хайрцагны бодлого гэж юу вэ?

-Төрийн бодлого, алтан аргамжны гэж ярьдаг. Төрийн нэгдсэн бодлого гэж алга. Эсвэл хоорондоо талцаад, эсвэл дөрвөн жилээр төрийн бодлого өөрчлөгдөөд байдаг болчихсон. Гэтэл хятадууд таван жилээр төлөвлөөд түүнийг яг таг хэрэгжүүлж байна. Манайд төлөвлөгөө алга. Хөтөлбөр гэж ярьчихаад тэр нь хэрэгждэггүй. Хятадууд XIII таван жилийн төлөвлөгөөгөө өнгөрсөн жил баталлаа.

-Юу нь сонин байна?

-Маш сонин юм болсон. Хятадын Их хурлын байнгын хорооны дэд дарга ирж манай эрх баригчдад ирэх таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэ нь анх удаа болж байгаа үзэгдэл. Манай бүх намын төлөөлөл, судлаачдын бүрэлдэхүүнд танилцуулсан.

-Судлаачийн хувьд сонирхолтой мэдээлэл байсан уу?

-Төлөвлөгөөтэй бол танилцсан. Гэхдээ хятадуудтай ажиллахад нэг түвэгтэй асуудал байдаг. Тэдний судалгаа, статистик гэж ойлгомжгүй юм байдаг. Монголын статистик маш тодорхой байдаг бол хятадад хонь ямаа нь хэд байгааг мэдэх боломж байдаггүй. Бээжин, ӨМӨЗО, орон нутаг зөрүүтэй мэдээлэлтэй байдаг.

-Хонь, ямаагаа тоолж мэдэхгүй гэж үү?

-Жишээ нь хятад хэлэнд ямаа гэсэн үг байхгүй. Уулын хонь гээд явчихдаг. Таван хошуу мал гэхээр гахай, тахиагаа хамруулна. Түм, бум, живаа гэж ярина. Өвөрмонголчууд сая гэхээр ойлгохгүй. Маш түвэгтэй. Үүнийгээ олон улсын тоон системд шилжүүлэх хэрэгтэй. Би хятадуудад ийм л юм яриад байгаа юм.

-Японтой байгуулсан түншлэлийн гэрээ чимээгүй болсон уу?

-Хэдэн машин оруулж ирсэн байх. Энэ гэрээг байгуулахдаа бас судалгаа хийх хэрэгтэй байсан. Өмнө нь гэрээ байгуулсан орнууд яаж хэрэгжүүлэв, ямар ашиг олов гэх мэтээр эхлээд судалгаа хийгээд дараа нь байгуулах ёстой байсан. Гэтэл ямар ч судалгаагүй гэрээ байгуулчихсан хэрэгжилт нь тодорхойгүй байдалд орсон. Бид Эрээнийг хэдийнэ босгосон. Одоо Улаан-Үдийг босгож байна. Харин өөрсдөө бахь байдгаараа л байна даа.

Х.БАТТӨГС

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэмтдэдээ найдах нь савдагтаа даатгахаас дээр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат утаанаас салах аргыг ол гэж эрдэмтдэдээ даалгавар өгсөн. Шинжлэх ухаанд найдаж байгаа нь авууштай юм. Төр засаг сүүлийн 30 жил ингэж шинжлэх ухаандаа найдаж байсан тохиолдол гараагүй. Шинжлэх ухааны академи, эрдэмтэд нь тэрүүхэндээ л эрдмийн ажил хийж сууна уу гэхээс улс орондоо хэрэгтэй зүйл хийдэггүй, дэмий л төсвийн мөнгө үрдэг байгууллага гэж адлагдаад сүүлдээ энэ байгууллагыг татан буулгах дээрээ тулж байлаа шүү дээ. Харин Ерөнхий сайдыг үүрэг өгснөөс хойш манай эрдэмтэд цаг наргүй хуралдаж, гарц гаргалгаа хайж, тооцоо төлөвлөгөө гаргаж эхлэв. Ерөнхий сайд үүрэг өгснөөсөө хойш ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэхээ зарлачихлаа. Хэрэв гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл баригдаж, хатуу түлшний үйлдвэрээ барьчихвал түүхий нүүрс түлж, айл болгон утаа үйлдвэрлэхгүй байх боломжтой. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд ирэх намар гэхэд Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй болох юм гэсэн. Мэдээж үүний өмнө нүүрс түлэхгүйгээр дулаан байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Бусад улс орон эрдэмтдэдээ түшиглэж, шинэ нээлтээр нь урагшилж хөгжиж байна. Шинжлэх ухаанаа шүтэж байна. Гэтэл манайд Ерөнхий сайдыг эрдэмтдэд хандсаныг шоолж тохуурхах, ялангуяа, сошиалаар баалж, доромжилж байна. Цаг алдана, удна гэлцэв. Утаа бидэнд шинээр гарч ирсэн асуудал биш. Энэ талаар ярьж, бас тэмцэх гэж оролдож, утаагүй зуух, утаагүй түлшинд 60 тэрбумыг зарж, гэр хорооллыг барилгажуулах оролдлого хийсэн. Олон тэрбумаар нь мөнгө гаргасан. Цэвэр агаар сан гэж байгуулж үзлээ. Аль нь ч үр дүнд хүрсэнгүй.

Утаа дэлхийд ганцхан Монголд тулгарсан асуудал биш. Ийм асуудалтай тулсан, одоо ч тулж буй орнууд байна. Улс орнуудын утаатай тэмцсэн жишээ, утаанаас салах технологи зөндөө байгаа. 1952 онд Лондонд нүүрснээс голлон үүдсэн агаарын бохирдлоос болж хэдхэн алхмын цаадахыг харж чадахааргүй утаатай болсон гэдэг. Арван хоёр мянган хүн хорт утааны улмаас амиа алдсан гэдэг тоон судалгаа сүүлд гарсан байдаг. Зарим нь түүнээс олон ч гэж үздэг. Англичууд хамгийн түрүүнд хууль баталж, бохирдол бууруулах гэхээсээ утаанаас бүрэн салах ухаалаг системийг нэвтрүүлж чаджээ. Эрх баригчид нь хатуу түлшний хэрэглээг бууруулж, хот суурин газраас үйлдвэрүүдийг гаргаж, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн, агаарын хяналтын бүсүүдийг бий болгож, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлж. Бүх айлуудад Засгийн газрын дэмжлэгтэй тог бага зарцуулдаг, халаагч суурилуулан, пийшинг нь хийгээр ажилладаг плиткээр сольсон. Америкийн Пенсильвани мужийн Донора хотод агаарын бохирдлоос болж хөлбөмбөгийн талбайд тоглож байгаа тоглогчдыг үзэгчид нь олж харахааргүй хэмжээнд хүрч байв. Мөн л олон хүн амь эрсдэж, эмнэлэгт олноороо хүргэгдэж, олон мянган хүнд амьсгалын замын хүндрэл үүсч байжээ. Дээрх улсууд хамгийн эхэнд Цэвэр агаарын тухай хууль баталжээ. АНУ гэхэд хууль баталсныхаа дараа тооцоо судалгааны ажил хийж, агаарын бохирдлыг арилгах шинжлэх ухааны судалгаанд үндэслэн Хүрээлэн буй орчныг хамгаалах, агентлаг байгуулжээ. Энэ нь шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан агаарын чанарын стандартыг хэргжүүлдэг газар юм. Бусад улс орнууд агаарын бохирдлоос салахын тулд шинжлэх ухаанчаар хандан нүүрс шатаахыг багасгаж, салхин цахилгаан үүсгүүр, хосолмол цахилгаан үүсгүүр, нарны эрчим хүч, хэрэглэхийг зорьж байна. Мөн аль болох агаар бохирдуулдаггүй тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж, ашиглаж эхэллээ. Тэр ч бүү хэл рекламны самбаруудыг хүртэл хорт утааг идэгч материалаар бүрсэн байна. Нэг самбар нь хорин машины хорт хийг өөртөө шингээж авдаг аж. Урд хөрш Бээжинд л гэхэд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж дэлхийгээр нэг зарлаж байгаа ч манайх өнөөх Бээжингээс агаарын чанарын үзүүлэлтээр тав дахин, нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлтээр 80 дахин илүү байгаа аж. Бээжин хотын удирдлагууд агаарын бохирдол бууруулах төлөвлөгөөний хүрээнд хотдоо хэд хэдэн газар утаа сорогч сэнсэн цамхаг болон хүчин чадал сайтай утаа шүүгч тусгай хонгилууд хийжээ. Тэд мэдээж шинжлэх ухаандаа найдсан. Цаашид ч тийм байх нь ойлгомжтой. Илүү олон боломжит хувилбарыг гаргаж ирэх нь дамжиггүй. Төр нь зөв бодлогоор үүнийг нь дэмжиж ажиллаж байна.

Ер нь тэгээд Монгол Улсын Ерөнхий сайд ч утаанаас хамгийн хурдан салах боломж, бололцоог судал гэсэн болохоос шууд л шинэ нээлт хий гэсэнгүй. Нээлт хэрэв хийчихвэл сайн л даа. Гэвч тэр нээлтийг цаг хугацаа хүлээхгүй. Тиймээс шинжлэх ухаан технологийн ололт хаана байна, хэрэгжүүлж болох хугацаа тооцоо судалгааг хий л гэж байгаа биз. Шинжлэх ухаандаа найдах нь яаж ч бодсон эрүүл үзэгдэл. Бөө удган, шашин, 99 тэнгэр, Хан-Уулын алиа цагаан өвгөн, сум харваж хүслээ шивэгнэхээс хамаагүй өөр, бодитой юм. Монголын хувь заяаг ашиг харсан бизнесийн байгууллагууд, мунхаг харанхуй хоёрт даатгаад хэдий болтол явах билээ.

Бөө удганд итгэж, гал, уул ус тахиж, шашинжиж, сум харваж байхад нь инээж шоолох нь яалаа даа, нийтийн сүлжээнийхээн. Тэгээгүй атлаа хэдэн эрдэмтдэдээ үүрэг өгөхөөр инээж шоолж, доромжлох нь харин гайхал төрүүлж байна. Уул ус тахих, ард түмнийг мунхруулах шашинд автах нь ямар хор уршигтайг бидний өнөөдрийн амьдралаас харж болно. Дэлхийн хамгийн баялагтай улсын тоонд орох хэрнээ дэлхийн ядуу орнуудын тэргүүн эгнээнд, хамгийн аз жаргалгүй орны эхний эгнээнд тууж явах юм. Бидний амьдарч байгаа царай ийм л байна. Тэгтэл тахиж шүтэж, шашинжсанаараа сайн болдог бол өдийд Монгол гэдэг диваажин болчихсон байхгүй юу. Мунхаг тэнэг залхуугаасаа л ядуу байгаа биз дээ. Талаар дүүрэн малтай байж, өлсөж үхэж байвал бидний л хохь. Ухаантайхан, хөдөлмөрч байсан бол юу гэж түмэн зовлон тоочсон ард түмэн болж хувирах юм. Сүүлийн үед яригдаж буй нэг жишээг дурдахад Сулинхээрийн отрядыг чөтгөртэй гэж 150 тэрбумаар нүүлгэх юм ярьж байна гэнэ. Энэ юу болж байна. Шинжлэх ухаан дэлхийд хөгжөөд ангараг гариг дээр амьдрал хайж, робот ажиллуулаад, хиймэл дагуулууд оддын дунд ертөнцийн буман сониныг хайж, хүн төрөлхтөн өөр гаригт амьдрах оочер дугаараа авч байна. Тэд шинжлэх ухаанаар энэ бүхнийг нээж байгаа. Генетикийн инженерчлэл хийсэн дархлааны эсүүд хорт хавдрыг эмчилж эхлэв. Ургамлын генийг өөрчилснөөр тухайн ургамал өвчин тусахгүй зуд, ганг тэсвэрлэх чадвартай болж байна. Дахин ашиглах боломжтой пуужин хөөргөв. Роботууд бие биедээ зааж, харилцан мэдлэгээ хуваалцаж эхэллээ. Ди эн эй-ийн программын дэлгүүр нээгдэж, өөрийн эрүүл мэндийн эрсдэл болон онцлог шинжийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авах боломжтой болов. Тесла компанийн цахилгаан автомашинууд жолоочгүй явдаг боллоо. Дэлхий ертөнцөд энэ мэтчилэн шинэ, шинэ ололтуудыг нээсээр, бүтээсээр байна. Өнгөрсөн онд гэхэд л татах хүчний долгионы талаар нээлт хийж, хар нүх байдаг гэдгийн нотолгоог олж, сансарт байцаа ургуулж, тэрийгээ хүнсэнд хэрэглэж үзлээ. Бид харин од гаригсыг бурхан гэж эндүүрч, түүнийг танин мэдэхэд биш түүнд ид шид байгаа, сайн цацал өргөн, сайтар залбирвал нүгэл хилэнц арилна гэж бодож байх жишээтэй.

Улс орнууд хөгжиж, урагш тэмүүлж байхад бид ухарч, дундад зуун шигээ амьдрахыг номлож сурталдаад, түүндээ гүн автаж, төрийн хар хүмүүс нь төөрөлдчихсөн ард түмнээ мунхруулж байдаг. Бид савдагтаа найдаж эсвэл бизнесийн ашиг олдог байгууллагуудыг утаанаас салгахыг хүлээвэл тун мөдгүй устах нь. Ашиг хардаг байгууллага ашгаа л боддог юм байна. Утаагүй зуух үйлдвэрлэсэн компани ашиг олсноос Улаанбаатар утаагүй болсонгүй. Тэгэхээр шинжлэх ухаанд найдах нь яалт ч үгүй зөв.

Ерөнхий сайдын энэ алхам бол эхлэл. Цаашид ч олон ажлыг эрдэмтэд дээр төвлөрүүлж, шинжлэх ухаанчаар асуудалд хандаж байя. Эрэл хайгуул хийе. Шоолж шоглож байгаа өнгөрсөн зууны сэтгэхүйтэй хүмүүс минь энэ удаа дуугүй байж үз. Шүүмжлэхийг хэн ч чадна. Олон юм яримаар байвал утаагүй болгохоор ажиллаж буй хүмүүс рүү очиж ухаан санаагаа уралдуулан, бодол саналаа нэмэрлээрэй, харин.

Categories
мэдээ нийгэм

Нарантуул зах энэ сарын 4 хүртэл амарна

“Нарантуул” худалдааны төв өнөөдрөөс эхлэн энэ сарын 4-хүртэл амарна. Бусад зах худалдааны төвдүүд зөвхөн өнөөдөр амрах юм байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

“Хархорин” худалдааны төв нэгдгээр сарын 1, 2-нд амарна

“Нарантуул” худалдааны төв нэгдүгээр сарын сарын 4-н хүртэл амарна

“Бөмбөгөр” худалдааны төв өнөөдөр амарна. Маргаашнаас тогтсон хуваарийн дагуу ажиллана.

“Сандэй Плаза” худалдааны төв энэ сарын 1, 2-нд амарна.

Categories
гадаад мэдээ

Хүний амь аварсан арслан сургагч ажилдаа эргэн иржээ

ОХУ-ын нэрт амьтан сургагч В.Смолянец хоёр жил эмчлүүлсэний “Арслангуудын эзэнт гүрэн” программтайгаа цирктээ эргэн иржээ. Тэрээр хоёр жилийн өмнө машины ослоос хоёр хүн аварч өөрөө хүнд бэртэл авснаар циркийн тайзаа орхисон аж. Тэрээр “гэр бүл, найз нөхдийн хүчинд хөл дээрээ эргэн бослоо. Миний арслангууд намайг мартах бүү хэл санасан маягтай байна” хэмээн хошигножээ. Тэрээр одоо 43 настай аж.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 2-ны хүртэл эмнэлгийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана

Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн эмч, түргэн тусламжийн утаснууд бэлэн байдалд ажиллаж байна. Иргэд нэгдүгээр сарын 02-ны өдөр хүртэл дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байгаа аж.

Бүх нийтийн амралт болон баярын өдөр тохиож байгаа хэдий ч бага насны хүүхдүүдийн ханиад томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байгаа учраас бага насны хүүхдээ ханиад, томуугаас сэргийлэх, утсаар зөвлөгөө авахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Мөн хоолны хордлого бага насны хүүхдийн гүйлгэж халуурах дуудлага энэ өдрүүдэд ихээр ирж буй учраас вирусын гаралтай ханиад болон гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд чихэрлэг зүйлсээс аль болох зайлсхийж, бага насны хүүхдэд хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Башкирт согтууруулах ундааны хязгаарлалтын хууль хэрэгжиж эхэллээ

архи зурган илэрцүүд

Башкирт өнөөдрөөс согтууруулах ундааны хязгаарлалт хэрэгжиж эхэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр баталсан согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааг зохицуулах хуулиар эрх бүхий байгууллагын гаргасан цагаас хойш зарах үйлдвэрлэхийг хориглоно. Хязгаарлaалтын цагийн хэрэгжилтэд бүх хүчний байгууллагууд хяналт тавина. Бас нэг өөрчлөлт нь орон сууцны томоохон хороололд байрладаг олон нийтийн үйлчилгээний байгууллагад согтууруулах ундаа зарахыг хоригложээ. Энэ хуулийг тус автономийн Ерөнхий прокурор санаачилсан бөгөөд Башкирийн Улсын хурлын депутатууд санал нэгтэй баталжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын шөнийн цахилгаан үнэгүй боллоо

Засгийн газрын хуралдаанаас 2017 оны нэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21.00-06.00 цагт тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан юм. Тогтоолд:

  • Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах
  • Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох
  • Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх
  • Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ.

Эрчим хүчний хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм.