Categories
мэдээ улс-төр

Г.Эрдэнэбат Соёл урлагийн газрын дарга боллоо

Г.Эрдэнэбат зурган илэрцүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэд хэдэн томилгоотой холбоотой асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөлжээ.

Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилов.

Categories
мэдээ цаг-үе

Ганц удаагийн хялмаа мөн ч олон даргын багийг хуулж байна

Улаанбаатар хотод хоёр хоног цас хялмааллаа. Ардын үгээр бол адууны сагагаар татах төдий цас орох шив дээ. Энэ бол Монголын өвөлд байнга л тохиолдох байдаг л нэг үзэгдэл. Европын хотуудын өвлийг ямар гэж санана. Нэг метр, хоёр метр цас орлоо гээд л метр метрээр нь хэмжин ярьдаг. Харин манай хотод орсон ганц удаагийн хялмаа мөн ч олон даргын багийг хуулж байна.

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр бол нийслэлийн аж ахуйн бүхий л асуудлыг хариуцах ёстой хүн. Хотын зам талбай, цэцэрлэгжилт, цэвэрлэгээ, дулаан хангамж, тохижилт үйлчилгээ гээд энэ бүгд түүнээс хамааралтай. Гэтэл хотын зам мөсөн каток шиг байна. Хүмүүс өдөрт хэдэн арваараа хөл, гараа хугалж, эмнэлэг ачааллаа дийлэхээ болилоо. Улаанбаатар мөсөн гулгуурын талбай болсон нь түүнтэй хамаатай. Энэ нөхөр “Атга давсаа хаагуур цацахаа бид мэднэ” гэдэг. Лавшруулаад асуухаар “Битгий унгас алд” гэж загнах юм. Энэ хотын менежер нөхөр өөрийнхөө жинхэнэ хийх ажлаас есөн шидээр бултаад байна. Уг нь түүний хийх ажил нь яг энэ юм шүү дээ. Дүн өвлийн хүйтэнтэй золгоход нийслэлчүүдийг дааруулж бээрүүлэхгүй халуун дулаан суулгаж, гудамж замуудад халтирч, гулгуулахгүй байх үүрэгтэй. Хахир хатуу өвлийг өнөтэй давах өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс бүрэн хангасан байх ёстой. Гэтэл тэрээр өөрийнхөө хийх үүрэгт ажил, албат хариуцлагаа ухамсарлахын оронд “Тэнгэрийг бид захирч чадах биш” гэж бачуурах юм. Э.Бат-Үүлд 13, минийх дээр 13-хан орчихлоо гэж тачаадаж байх шиг. Өнгөрсөн үдэш “ТВ-9” телевизээр ярьж байгааг нь үзээд мэл гайхаж цэл хөхрөв гэгч боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын ерөнхий менежер хүн “Битгий унгас алд” гэхийг сонсох нь ээ Монголд урьд өмнө үзэгдэж, дуулдаагүй хачирхмаар үзэгдэл болов.

Бид ийм л хүмүүсийг төрд гаргаж иржээ. Тэдний жинхэнэ царай багных нь ард ийм л байна. Түүн шиг багаа хуулагчдын дотор Мишээл Энх-Амгалан гэнэ үү, Мишээдэг Энх-Амгалан ч гэл үү УИХ-ын залуу гишүүн байна аа. Төрийн түшээ хүн ард түмэнд ёс зүйгүй, хүйтэн сэтгэлээр хандахыг хараад яах гэж ийм нөхдийг сонгов оо гэсэн бодол төрөв. Эрхэм гишүүн “Тэр муусайн зун жолооч болсон хүмүүс халтиргаатай замд машин түгжээд байна. Тэдний буруу” гэж загнаж байх юм. Зуны дулаан улиралд жолоо барьж сурсан хүн өвөл машин унаж болохгүй гэсэн хуульгүй. Ингэж л хуулиас давж илүү үглэж байна тэд. Бас болоогүй ээ, дээрээс нь “Зуны дугуйгаа сольж чадахгүй ядарсан юмнууд замын хөдөлгөөнд гай боллоо” гэж нэмнэ. “Мишээл” гэдэг том группт ажилладаг танд зуны дугуйгаа солих нь үдийн будаа идэхтэй адил байх. Харин маргаашийнхаа талхыг яая даа гэж байгаа ард түмэнд бол хэцүү асуудал. Зуны дугуйгаа өвлийнхөөр солих нь хэтэрхий тансаглал болоод байна.

Эрхэм төрийн түшээдийн ард түмнээ адалж, зандрах үүгээр зогсохгүй ээ. Бүр ч эвгүй нь “Ард түмэн гараа хумьчихаад биднийг тэг, ингэ гээд загнаад элдвээр хэллээ” гээд дургүйцэн сэгсчин давхиж байна. Бид гараа хумьж зогсох гэж та нарыг сонгосон. Үүнийг та бүхэн мэдэх үү. Ард түмэн сонгуулийн өдөр гараа хумихгүйгээр та нарыг дугуйлж зурсан. Тиймээс та бүхэн сайн ажиллах ёстой. Ингэж бодон тэднийг сонготол үгүй юм гэнэ. Харин ч тэд зүгээр л бидний дарга гэж шоудаж, ард түмнээ удирдаж байгаа мэт жүжиглэж байна. Сан идэж салхи залгилж давхих юм гэнэ дээ. Ёстой гайгүй байлгүй. Тэгж ярих юм бол ард түмэн та нарыг шаардаж эхлээ ч үгүй байна шүү.

М.МӨНХ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр Япон, нэг Со

НЭГ. ДАМДИНСҮРЭНГИЙН ЯПОН

Япончуудын тухай анхны эерэг ойлголтыг бидэнд анх өгсөн хүн бол Ц.Дамдинсүрэн гуай юм. Түүний “Японд очих замын сүүлчийн тэмдэглэл”-ийг саарал хавтастай “Түүвэр зохиол”-оос нь анх уншиж, тэнд “дайсан самурайнуудаас гадна хүн шиг л хүн амьдардаг бололтой юм байна” гэх төсөөлөл бий болж байж.

Хөрөнгөтөн буюу албан ёсны дайсан орны тухай, дээр нь Халхын голд байлдалцаж явсан Японы тухай сайхнаар бичих осолтой. Осолтой гэхсэх юмгүй, угаасаа боломжгүй. Ийм учраас, Ерөнхий сайд болох гээд байгаа нэг улстөрч нь дайнд дуртай бүр ч горьгүй хүн бололтой гэхчилэнгийн, нам засгийг тайтгаруулсан үг үсэг бий л дээ. Шүлгийн түүвэр гаргахад хүртэл МАХН ба Монгол-Зөвлөлтийн найрамдлыг магтсан зүйлс оруулахгүй бол батлаж өгдөггүй байсан цаг болохоор аргагүй биз. Тэр түүвэрт “Арлын годгор чөтгөр, Азийн ноён болох гэж…” хэмээн эхэлдэг “Японы самурай” хэмээх айхавтар шүлэг нь ч бий. Дамдинсүрэн гуай нэг гараараа нам засагтаа “Японы самурай” хэмээх шүлэг бичиж өгөөд, нөгөө гараараа хүн шиг л хүн амьдардаг Япон орныг бидэнд нээж өгсөн байлаа. Уг тэмдэглэлд, атом цөмийн зэвсэг эсэргүүцэх олон улсын хуралд оролцох гэж ямар хүнд зам туулсан тухай, Японд монгол хэл судалдаг оюутнууд байдаг тухай, тухай тухай…гарна.

Япончууд байгууллагаа сурталчилсан чүдэнз хийгээд, бэлэглээд явдгийг уншаад хэрвээ тийшээ очвол янз янзын зурагтай олон гоё хайрцагтай болох юм байна гэж бодогдож байв. Бас нэг мэргэлдэг хэрэгсэл их сонирхол татаж байв. Мөнгө хийхээр нэг саваа гозосхийж гарч ирэх ба тэнд төлгийн бичиг байх аж. Дамдинсүрэн гуай саваагүйтэн түүгээр мэргэлж үзсэн болтой байдаг. “Та итгэмтгий сайн боловч муу хүн таарч хуурах аюултай” гэх маягийн юм гарсан гэдэг бил үү дээ.

Хөрөнгөтөн оронд үзсэн юмаа муулах нь социалист ертөнцийн төлөөлөгчийн албан ёсны үүрэг учраас мэргэний багажийг капиталистуудаас гэнэн ардыг мөлжих хэрэгсэл хэмээн тэмдэглэсэн нь бий. (Тэр үг одоо ч манайд үнэнээрээ байна) Мэргэ төлгө хориотой социалист лагерын сурагч хөвүүнд тэр их сонин санагдсан.

Дамдинсүрэн гуайн тэмдэглэлээс нэг чухал зүйл мэдэрсэн юм. Тэр нь, япончууд миний анх төсөөлж байсан шиг өглөө сэрэнгүүтээ л “За, өнөөдөр хэнийг алдаг юм билээ” гэж боддог мангаанууд биш юм байна гэсэн эргэлзээ. Тэмдэглэлээс харахад их эрдэмтэнтэй уулзсан олон хүн, түүний дотор монгол хэл сурч байгаа оюутнууд нь “бидэнтэй л адилхан хүн” гэдэг нь мэдэгдээд байв. Энэ бяцхан эргэлзээ бол социалист ертөнцийн хязгаар нутгийн сурагч хөвүүний хувьд гайхалтай нээлт байсан бололтой.

Дамдинсүрэн гуайн тэмдэглэлээс, сурагч миний бие Японы тухай өөрийн төсөөлөлтэй болсноос ч болсон юм уу “Япон-Монгол ярианы дэвтэр” худалдан авч байлаа. Алмаас гэж сонин нэртэй хүний зохиосон, зориудаар ч юм уу, царай зүс муутай хэвлэсэн ном сумын дэлгүүрт байсан юм. Яг тэр үед Алмас судалдаг Равжир гэдэг хүн манай суманд ирж, хязгаар нутагт “Христос дахин мэндэлсэн”-ий дайтай бужигнасныг ч хэлэх үү. Алмаас, Алмас хоёрыг ялгахтай үгүйтэй жаалуудад номын автор сонин санагдсаныг ч бас хэлэх үү?

Дотуур байранд амьдардаг сурагч миний бие өөрийн “бизнес”-ээр тэр номыг худалдан авсан бөлгөө. Учир юув гэхээр ийм юм, сумын дэлгүүрт архины лонх аваачиж тушаагаад оронд нь ном авч болдог байв. Түүнчлэн архийг нь уухаас лонхыг нь уудаггүй байсан томчуудын хишиг буян ч бас мөн. Дашрамд дурдахад, манай үеийнхэн архийг ашиглаж сурахаасаа өмнө лонхыг нь ашиглаж сурсныг дуулгахад таатай байна.

Тэндээс анх “Кон ничива” (Орос хэлний “ничего” гэдэгтэй яасан адилхан юм бэ гэж бодогдож байв) буюу “сайн байна уу”, “Ваташива, монгору жин дэсү” буюу “Би монгол хүн байна”, өөр бас нэг өгүүлбэр тогтоогоод өнгөрсөн. Мартагдсан өгүүлбэр нь монголоор бол “Тээр тэр харагдаж байгаа юм юу вэ” гэсэн утгатай байсан санагдана.

Харин “Соёонара” гэдэг үгийг “Хүний мөр” киноны “өгөр толгой” Гүрсэдээс сурсан байдаг. Яагаав, Японы тагнуулч Гүрсэд дайсан руу морз цохиж холбоо бариад л төгсгөлд нь “Аригато”, “Соёонара” гээд байдаг. Амь наана, там цаана яваа тагнуулчид холбоо барихдаа шифрлэсэн мэдээгээ бушуухан шидчихээд нуугддаг. Харин мань Гүрсэд “баяртай, дараа баяртай уулзъя” гэхчилэнгээр ёсорхож явдаг уужуухан дотортой тагнуул шүү. Төв шуудан дээр очиж Японы эзэн хааны тагнуулын албатай ярих захиалга өгөөгүй нь их юм.

Хэрвээ би улстөрч байсан бол “Ирээдүйд Японтой харилцаа сайжрахыг зөгнөж мэдээд, нууцаар япон хэл сурч байсан” хэмээн ярих байв. Даанч би эгэл хүн учраас хүмүүс үнэмшихгүй. Хүмүүс бие биенийхээ худал ярихыг андахгүй атлаа улстөрчдийг худлаа ярихаар үнэмшдэг нигууртай.

Гэхдээ, “зогс буудлаа”, “гараа өргө” гэхчилэнгийн үгийг японоор тогтоосонгүй, миний үеийнхэн гярмаан хэл үзээгүй атлаа “Хээнди хоох” гэж мэддэг л байсан гээд бодохоор. За даа, тийм өгүүлбэр мөнөөх ярианы дэвтэрт байгаагүй л хэрэг байх даа.

ХОЁР. СОСОРБАРАМЫН ЯПОН

Өнөөгийн япончууд монголчуудыг ойлгохыг маш их чармайдаг, харин манайхан тэндээс жаахан юм хусахыг тэднээс дутахгүй чармайдаг. Ер нь бол, хоёр тал адилхан чармайдаг.

Харин Сосорбарам Монголын урлагийг Япон оронд чамгүй сурталчлахыг чармайдаг. Тэрээр үндэсний урлагийн янз бүрийн хамтлагаар “театр”-аа бүрдүүлэн арлын орноор олонтаа аялжээ. Саяхан, “Билгийн ундарга” театрынхан “Их Монгол” хамтлаг, бас ах дүү хоёр уртын дуучин Ч.Батмэнд, Ч.Батмөнх нар, за тэгээд бүжигчин, бүжиг дэглээч Я.Энхгэрэл гээд авьяастнуудыг дагуулан Японд тоглолоо л доо. Үндэсний урлагийн авьяастнуудын хувьд хөөрхөн бизнес. Гэхдээ дөрвөн тоглолтын хоёрынх нь орлогыг буяны үйлст хандивлачих юм. Мөнгийг нь яг тоолоод өгч байхыг энэ хоёр цийдмэрээрээ хардаг юм байна. Дуулахнаа, ганц энэ ч биш гэнэ. Тээр жил, нөгөө айхавтар цунами болдог газарт буяны тоглолт хийж, хүн ардын сэтгэлийг уртын дуугаар амирлуулжээ. Зүтгэж босгосон, асарч өсгөсөн, ачилж өргөсөн бүхнээ нь нэг л агшинд арилан бүрлэхийг үзсэн тэр хүмүүс одоо ч хэвийн энгүүн амьдралын хэмнэлдээ орж чадахгүй шаналж, бэтгэрч явдаг юм гэнэлээ. Хайртай юмнаасаа салахын хэцүүг хүн төрөлхтөн мэддэг ч, хайртай юм бүхнээсээ зэрэг салахын гашууныг хэн л төсөөлөх билээ? Хаа холын хүн зовлон гунигийг нь нимгэлэхээр ирж, мөнх бусын орчлонгийн мөн чанарын тухай өвөг дээдсийнхээ гүн ухааны аялгууг хайлан хэлж өгөхөд тэд чамгүй тайтгарсан гэх юм. Монголчууд зөвхөн хандивлуулагч, өрөвдүүлэгч, бэлэг хүлээн авагч төдий байхаа больж хэр чинээгээрээ, байгаа юмаа хуваалцагч болсныг харж явлаа.

Тэр хэрээр нь япончууд Сосорбарамыг мэддэг, таньдаг болсон байна. Д.Сосорбарамын зохиосон “Жамаас” дууг Японы алдарт дуучин А.Яширо гэдэг эмэгтэй дуулж байхыг төв телевизээр нь харлаа. Тэр хүн өнгөрөгч зун Монголд ирж дуулсан ба уг нэвтрүүлгийг үзэгчдийн хүсэлтээр давтан үзүүлсэн юмсанж.

Монгол үндэстний урлаг соёлыг амилуулах, хорвоогийн хүн ардад түгээх үйлсээрээ Д.Сосорбарам нэрд гарсан. Өөрөө ч “Дэлхийн язгуур урлагийн маэстро” цолтой. Манай язгуур урлагийн шинэ залуу олон хамтлаг, уран бүтээлчийг тэрээр дэлхийн дэвжээ рүү хөтөлсөн нэгэн. Хэд хоноод би нутаг буцаж, Со үлдлээ. Тэрээр мөнөөх, Японы алдарт дуучинтай хамтарсан тоглолтыг найруулах гэрээн дээрээ ажиллах, завсраар нь С.Беккетийн “Года-г хүлээхүй” жүжигт оролцон тоглох…гэхчилэнгийн ажилтай үлдлээ.

ГУРАВ. ЯПОНГҮЙ СОСОРБАРАМ

Манайхан Сосорбарамыг үндэсний урлагийн зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын тугчийн нэг, өөрөө дарга болохгүй мөртлөө өөрийнхөө дарга нарыг айхавтар хангинадаг нөхөр гэхчилэнгээр чамгүй мэднэ.

Ардчилсан хувьсгал гэснээс 90 оны хувьсгал бол манай ард түмний бүтээл. Нэг хэсэг нь амь биеэ хайрлахгүй зориглон босч, нөгөө хэсэг нь уухайлан дэмжиж явсан. Бас зарим нь дэмжээгүй ч гэсэн эсэргүүцээгүй. Эсэргүүцэхгүй байна гэдэг бол том дэмжлэг байсан юм шүү. Ялангуяа “Дайсан этгээдийг илчилж, нугаслан дарахын оронд чимээгүй байж өөгшүүлнэ гэдэг бол дайсантай эвсэхтэй агаар нэг” гэж үздэг коммунист дэглэмтэй оронд. Мэдээж, ардчиллыг үзэн ядагсад, улайран ээргүүцэгчид байсаан, байсан.

Ардчиллыг олуулаа хийсэн болохоор ардчиллын зүтгэлтнүүд олон өнгөтэй. Санаж сэдсэн их үйлсээ, манлайлан хэрэгжүүлэх боломж олохын тулд засаглалийн эрх мэдэлд хүрч яваа ч хүн олон. Ерөөсөө, “коммунист нам төрийн удирдагч”-дыг унагаад оронд нь “ардчилсан нам төрийн удирдагч” болох гэж явсан ч юм уу гэж бодогдмоор нь ч бас байна. Тийм хүмүүсийг хараад “МАХН-д элсээд, намын үүрийн товчоо-аймаг, хотын намын хороо-намын төв хороо-улс төрийн товчоо гэсэн чиглэлээр карьер хөөж болох байтал, заавал ч үгүй хувьсгал хийж түвэг удах ямар хэрэг байсан юм бол” гэж бодогдмоор байдаг.

Харин нөгөө хэсэг нь өөрийгөө нээх боломж олох гэж ардчиллын төлөө явсан. Өөрийнхөөрөө амьдарч, эрх дураараа сэтгэх гэж зөнгөөрөө боссон хүний нэг нь Догмидийн Сособарам (бидний хэлдгээр Со) юм. Социализмын торонд хоригдсондоо бачимдаж, үзэл суртлаар жиргэн насаа барахын оронд өөрийнхөөрөө, гуагласан ч хамаагүй дуугарах гэсэн хүмүүсийн нэг нь тэр. Авьяас билгийн даль жигүүрээ намын үүрийн даргад баглуулахын оронд өөрийн хүслээр элин халин дүүлэх гэж байж ядаж явсан улсын нэг.

Тэр ардчиллын буянаар хүссэн юмаа олж аваад, билиг авьяасын огторгуйд элин халин яваа авьастнуудын нэг болж чадсан. Авах юмаа авснаа мэдэж, үүнээс цааш өөрөөс нь хамаарна гэдгийг ч харсан хэрэг. Тийм болохоор дарга дурга болох гэж давхидаггүй. (Та минь, “Дарга болдоггүй учраас сайн хүн” гэх гээгүй шүү. Дарга болсон сайн хүн зөндөө байна, цаагуур чинь) Харин, юу хүсч байснаа санадаг, юунд хүрснээ мэддэг цөөхөн хүний л нэг юм, манай Со.

Харин өөрт нь эрх чөлөө, боломж олгосон тогтолцоог хачин соргог ажиглаж байдаг, сортоотой нэгэн. Хэрвээ ардчилалд аюул учирвал, түүний тэмцэж олсон боломж, өөрийнхөөрөө элин халих эрх чөлөөнд аюул учирна гэсэн. Тийм болохоор үе үе зурагтаар “сүгсэгнэж” ардчиллын зарчмыг хамгаалж харагддаг нь ийм учиртай.


Categories
мэдээ улс-төр

​ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ

Холбоотой Зураг

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ. Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн статистик мэдээлэл байдаг.

Үзэл баримтлалын төсөлд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, татварын бодлогоос гадна хотын оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой тусгажээ. Нийслэл хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэсэн эрс шинэчлэлийн шинжтэй эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг шуурхай болгох арга замуудыг тодорхой болгоод байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хот тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай болсон нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа. Гэтэл дүүрэг учир сумтай адил статустай байдгийг өөрчилж аймагтай ижил статустай болгох юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ 2000 хүнтэй сумынх шиг биш аймгаас авдаг үйлчилгээтэй ижил түвшинд хүрнэ гэсэн үг юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар засаг захиргаа, дарга нарын эрх, үүргийг л хуульчилснаас бус иргэний үүрэг гэдэг зүйл огт тусгагдаагүй юм. Үүнийг өөрчлөхөөс гадна тогтоосон стандартаа хаа хаанаа хатуу мөрдөн хамтын хүчээр эрүүл, аюулгүй, амгалан тайван хоттой болохыг зорьжээ. Төвлөрлийг сааруулах чиглэлээр багагүй зүйл хийхээр төсөлд тусгасан байна. Тухайлбал нийслэлийн дагуул хотод шилжин байнгын үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 40 хувь, нийслэлийн дэд төвүүдэд бол татварыг таван жилийн хугацаанд 40 хувиар хөнгөлөхөөр тусгажээ. Мөн дагуул хотод шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 15 жил, дэд төвүүдэд бол 10 жил татвараас чөлөөлөх боломж бүрдэх юм.

Хууль батлагдсанаар нийслэл хот үнэт цаас гаргах, газрын бирж ажиллуулах, Засаг дарга газар өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх, барилга барих зөвшөөрөл олгохдоо иргэдийн Нийтийн Хурлын саналыг заавал авч байх зэргийг тусгажээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шинэчилнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна.Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна. Автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын тухай хуультай болно

хууль зурган илэрцүүд

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу салбарын яамнаас боловсруулснаар 16-40 насны залуучууд анх удаа бие даасан хуультай болох юм. Статистикаас үзвэл 2015 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 42.9 хувийг 16-40 насны залуучууд эзэлдэг байна. Уг хуулийг баталсны дараа Засгийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм. Судалгаанаас үзэхэд залуу 10 өрх тутмын нэг нь түрээсийн байранд амьдардаг бөгөөд залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг баталснаар залуу гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулав

Түрээсийн орон сууц хөтөлбөр зурган илэрцүүд“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байна. Иймээс эдгээр орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга нар Засгийн газарт ирүүлж байсан юм.

Үүнийг үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт баригдсан 70 м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүллээ. Дээрх 360 айлын орон сууцны барилгыг барихад зарцуулсан зээлийн төлбөрт шаардагдах 30 тэрбум 286 сая төгрөгийг хянаж тодотгон улсын төсөвт үе шаттай тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав. Зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэн 360 айлын орон сууцны түрээсийн төлбөрөөс бүрдүүлэхээр боллоо. Одоогоор 1000 гаруй өрхийг төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамруулах боломжтой байгаа нь хүсэлт гаргасан иргэдийн 37 орчим хувь юм.

Categories
мэдээ эдийн-засаг

​Автобензинийн үнэ нэмэгдэхгүй

Холбоотой Зураг

Сүүлийн үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон юм.

Сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 30-33 ам.доллараар буурч байгаа сайн талтай ч, долларын ханшийн өсөлт нь нефть импортлогч компаниуд санхүүгийн алдагдалтай ажиллах, зах зээл дээр жижиглэнгийн үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт дахин тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталлаа. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Х.Бадамсүрэнг дэд сайдаас чөлөөллөө

Засгийн газрын хуралдаан зурган илэрцүүдЗасгийн газрын ээлжит хуралдаанаар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөллөө. Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилов.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

ДОХ-ын эсрэг өдөр зурган илэрцүүдЖил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2015 оны байдлаар дэлхий дээр 36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа судалгаа гарчээ. Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 35 хүн нас бараад байгаа бол бусад нь халдварын эсрэг эмчилгээ хийлгэж байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тиймээс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2477 төгрөгтэй тэнцлээ

ам доллор зурган илэрцүүдӨнгөрсөн сард 2720 төгрөгтэй тэнцээд 250 төгрөгөөр буурсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд тогтвортой байсан. Тэгвэл ам.долларын ханш өчигдрөөс бага зэрэг өсчээ. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2470 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд 2477 төгрөгөөр зарж байна.