Categories
мэдээ цаг-үе

Х.Цогтбаатар: Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг дэлхийн өвд бүртгүүлэхээр хөөцөлдөж байна

“ЗСБНХУ-ын ШУА, Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр “Пума империал” зочид буудлын хурлын танхимд боллоо. Хуралд ОХУ, Монголын палеонтологичдоос гадна Америк, Япон, Солонгос, Канадын эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавьсан юм. Хурлын үеэр ШУА-ийн палеонтологи геологийн хүрээлэнгийн захирал, доктор, үлэг гүрвэл судлаач Х.Цогтбаатартай ярилцлаа.

-Дэлхийн хүмүүс үлэг гүрвэлийн тухай сонирхох юм. Үлэг гүрвэлийн олдворууд хүмүүст юу хэлж чадах вэ. Тухайлбал, палеонтологичид үлэг гүрвэлүүдийн чулуужсан яс, мөрнөөс юу олж хардаг бол?

-Энэ тухай ярихад нэлээд холоос эхлэх хэрэгтэй болно. Палеонтологи гэдэг шинжлэх ухаан бидний мөрөө гаргаж байгаа дэлхий дээр хүн үүсэхээс өмнө ямар байгаль орчин, шим ертөнц байсныг судалдаг шинжлэх ухаан. Хүн өөрийнхөө амьдарч байгаа цаг үеийг судалж болж байна шүү дээ. Палеонтологийн онцлог бол газрын чулуулаг үе давхаргад хадгалагдсан эртний амьтны чулуужсан олдворт үндэслэж тухайн цаг үеийн шим ертөнцийн түүхийг бодит баримтад тулгуурлаж ийм байжээ гэдгийг тогтоодог. Ургамал, амьтны олон чиглэлээс палеонтологийн шинжлэх ухаан бүрддэг. Гэхдээ одоо энэ хурал дээр ч үлэг гүрвэлийн тухай онцгойлж яриад байгаа биз. Яагаад гэхээр, сээр нуруутан амьтны хөгжлийн түүхэнд (сээр нуруутан амьтанд хүн ч ордог) үлэг гүрвэл хамгийн урт хугацаагаар энэ дэлхий дээр ноёлогч бүлэг болж амьдарсан. Одоогоос 220 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. 65 сая жилийн өмнө бүрмөсөн сөнөсөн. Даруй 150-160 сая жилийн турш ноёлогч анги бүлэг болж амьдарсан амьтан шүү дээ. Хоёрдугаарт, сээр нуруутан амьтанд тохиолдож болох физиологи, генетикийн олон шалгуурыг үлэг гүрвэл дээр байгаль өөрөө туршсан байж болзошгүй үр дүнгүүд харагддаг юм. Хоёр хөл дээрээ явах нь сээр нуруутан амьтны хөдөлгөөний хамгийн дэвшилтэт хэлбэр. Хүн, сармагчин дэвшилтэт хэлбэр рүү ороод хоёр хөл дээрээ явж байгаа шүү дээ. Энэ нь үлэг гүрвэл дээр ч туршигдсан. Үлэг гүрвэл, одоогийн жигүүртэн шувуу хоёрын өвөг удмын холбоо ойрхон байсан гэдэг нь палеонтологийн шинжлэх ухаанаар тогтоогдож байгаа юм. Тийм учраас үлэг гүрвэлийн тухай тив дэлхийн эрдэмтэн судлаачид махран сонирхож судалж байдаг.

-Оросын эрдэмтэд 70 жилийн өмнө Нэмэгтийн хөндийд үлэг гүрвэлийн баялаг олдвор олсон гэдэг. Гэтэл хэдэн сая жилийн өмнө Нэмэгтийн хөндий гэдэг газар ямар амьдрал буцалж байсан бол. Та манай уншигчдад дүрсэлж хэлж өгөөч?

-Палеонтологийн судалгаагаар зөвхөн олдвор олоод тэр нь тийм амьтан байж, энэ нь ийм амьтан байж, тийм ургамал ургаж байж гэж ярих үе хойно хоцорлоо. Одоо бол иж бүрнээр нь судлаад өөрийн чинь хэлдгээр ямар цаг үе, орчин байв гэдгийг тодорхойлохын тулд олон талаас нь судалж байна л даа. Бидний ярьж байгаа Нэмэгтийн хөндийд илэрсэн эртний хурдас (чулуужсан олдворыг хадгалж байгаа үе давхарга, элс шороо) хуримтлагдах явцдаа тухайн үеийн амьтныхаа ясан бие, мах шөлний үлдэгдлийг булж дараад, хэдэн сая жил хадгалагдах явцдаа чулуужиж үлдэн, дараа нь элэгдэх явцад нь палеонтологич бид хайж олж сэргээн гаргаж ирж байгаа юм. Тийм цаг үеийг нь тооцвол Нэмэгтийн хөндийн одоогоос 70 сая жилийн өмнөх үеийн тухай ярьж байна. Ухаант хүн үүсэхээс даруй 50-60 сая жилийн өмнө амьдарч байсан амьтныг бид өнөөдөр зураг хөргөөр үзүүлнэ гэдэг палеонтологийн судалгааны үр дүн. Монголоос олдсон үлэг гүрвэлийн цаг үед их өөр байгаль цаг ууртай байсан нь тогтоогдсон. Нэмэгтэд чийглэг дулаан уур амьсгалтай, маш их цэнгэг устай гол мөрөн, нуур ихтэй, халуун орны бүсэд ургадаг ургамалтай үед үлэг гүрвэлүүд амьдарч байжээ. Үүнийг тааж байгаа юм биш. Шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Ургамал судлаачдын том баг манай хүрээлэнд бий. Тэр улсууд маань тухайн цаг үед ямар ургамал ургаж байсныг судалдаг.

-Юрийн галавын цэцэрлэг гэдэг шиг Нэмэгтийн хөндийн үлэг гүрвэлүүдийн амьдрал ийм байсан гээд харуулах боломжтой юу?

-Бид шинэ юм бодох ёстой. Тэнд хийчихсэн Юрийн галавыг бид энд Нэмэгтийн хөндийд авчраад хэрэггүй. Ер нь бол тэрнээс илүү содон юмс Монголын судалгааны үр дүнд гарч байгаа. Бидний эцсийн зорилго дэлхий дээрх уур амьсгалын өөрчлөлт, байгаль хэрхэн хувирч, ямар амьтан ургамалтай байсан гэдгийг судлах л асуудал. Шим ертөнц, эртний ургамал, амьтны түүхийг мэдэхгүй бол бид ирээдүйн тухай ойлгоход хэцүү болно. Өнөөдөр монголчууд жижигхэн юманд итгэж байна. Дэлхий сөнөнө гэхэд л олон хүн хотоос зугтаж, зусландаа очиж байна гэдэг чинь бид шинжлэх ухаанаасаа дэндүү холдсоны шинж шүү дээ.

-Зөвлөлтийн палеонтологийн экспедицээс ч өмнө 192О-иод оны эхээр Америкийн Байгалийн түүхийн музейгээс Монголд анх экспедиц зохион байгуулжээ. Америкийн судлаач, эрдэмтэн Рой Чапман Эндрюсын ахалсан баг үлэг гүрвэлийн яс, өндөг олсон. Засгийн газартай гэрээ байгуулсан гээд домог мэт түүх яригддаг?

-Манайхан юмыг хар талаас нь ярих гээд байдаг юм. Олон тэмээ ачаа аваад явчихсан гэцгээдэг. Ер нь юмыг гэгээтэй талаас нь харах хэрэгтэй. Ямар гэрээ хийгдэж байсныг би сайн мэдэхгүй. Яригддаг юмнууд бий л дээ. Одоо ч харилцан ашигтай байна гэсэн утгатай гэрээнүүд хийгддэг шүү дээ. Тэр үед Монголд палеонтологийн байгууллага гэж байсан биш. Тухайн үед Богд хаант Засгийн газартай гэрээ хийсэн байдаг. Тэр үеэр нь засаг төр өөрчлөгдөөд 1924 онд Судар бичгийн хүрээлэнтэй хийсэн гэрээ байдаг гэсэн. Ямартай ч тухайн үед Рой Чапман Эндрюсын ахалсан экспедиц Монголд судалгаа явуулахаар гэрээ хийсэн. Анх үлэг гүрвэл гэж яриагүй. Эртний хүний олдвор олох зорилготой экспедиц байж. Эртний хүний олдвор олж чадаагүй. Ер нь шинжлэх ухааны судлаачид эхлээд таамаглал дэвшүүлээд, түүнийгээ баталдаг учиртай. Эцэст нь үлэг гүрвэлийн олдвор олсон. Түүнийгээ үргэлжлүүлж судалсан юм билээ. 1925 онд маш том хүчээр үргэлжлүүлж судлах гэсэн ч хувьсгал гарсан учраас бараг л тагнуул гээд барьж авах шахсан шиг байдаг. Монголын нутгаас гарч, Хятадын нутагт 1930 он хүртэл ажилласан юм билээ. Олсон олдворынхоо тодорхой хэсгийг Монголд үлдээх тухай гэрээндээ тусгасан байдаг. Ер нь дэлхий нийтийн одоогийн жишгээр бол олдвор тухайн орны өмч гэж үздэг. Энд байхгүй зүйлийг тэнд очиж судлах гэх мэтээр түр хугацаагаар гаргадаг дүрэм журам бий л дээ. Сая илтгэл тавьсан Японы эрдэмтний яриаг сонссон байлгүй. Монголоос авч явж судалсан бүх зүйлээ ширхэг ч үлдээлгүйгээр буцааж тушаасан гэж ярьсан шүү дээ.

-Өмнөговийн Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг мөшгөж сонирхолтой дүгнэлт хийж байна лээ. Үлэг гүрвэлийн мөр олдсон газар нутгийг хамгаалалтад авсан гэсэн. Үлэг гүрвэлийн мөрний тухай илтгэл тавьсан япон судлаачийн багт та бас багтжээ?

-Үлэг гүрвэлийн яснаас олж авч чадаагүй мэдээллийг мөрнөөс нь олж мэдэх боломжтой. Чулуужсан яснаас нь үлэг гүрвэл хэр хурдан гүйдэг байсныг тогтооход хэцүү шүү дээ. Мөрнөөс нь жин, ааш араншин тэр бүгдийг тогтоож болдог юм байна. Бусад оронд байдаг мөрнүүдээс ялгаатай нь бидний хамгаалалтад аваад байгаа Шар цавын олдворт газарт нэг дор олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн байгаа юм. Түүгээрээ дэлхийд ховор. Манай мөрнүүд яг нэг цаг үеийнх, нэг үе давхаргаас мөр нь ясан биеийнх нь чулуужсан олдвортой цуг олддог. Үүгээрээ бусад үлэг гүрвэлийн мөрт газраас онцлогтой. Энэ онцлогоос хамаарч хамгаалах ёстой газар гэж үзэж байгаа юм. Бид энэ олдворыг хамгаалах үүрэгтэй. Энэ чинь зөвхөн Монголын өмч биш, дэлхийн өв. Дэлхийн бүх хүн үүний үр шимийг хүртэх ёстой. Тийм учраас Дэлхийн өвд бүртгүүлэх гэж бид хөөцөлдөж байна. Ингэхийн тулд өөрсдөө бид юм хийсэн байх ёстой. Төр засаг нь хамгаалж, мөнгө төгрөг, бодлого гаргасан байх учиртай. Манайхан зүгээр л харамлаад суудаг болохоос биш өөрсдөө хөдөлдөггүй. Төр засаг нь хэрэггүй юманд мөнгөө зардаг байдал олон жил үргэлжиллээ.

-Монголоос хамгийн баялаг үлэг гүрвэлийн олдвор олддог. Энэ олдворуудаараа Үлэг гүрвэлийн музей байгуулах боломж байгаа юу?

-Байлгүй яах вэ. Бид олон жил музей байгуулах гэж хичээж байна. Түүнийг нь улстөржүүлээд, самарч хаячихаад байх юм. Музей байгуулах тухай яриа хэлэлцээр явагдаж байсан ч хэн ч дэмжээгүй. Цахилгаан станц зогсох гэж байхад юун музей яриад байгаа юм гэх маягаар хойшлуулж байсан. Бид энэ тухай олон жил ярьж байгаа юм. Дийлдэггүй юм. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэж өчнөөн жил ярилаа. Хэдэн гэр кэмпээс өөр үзүүлж харуулах юм хийсэнгүй.

-Манай палеонтологчид дэлхийн хүмүүст шинээр юу санал болгож чадах вэ, энэ чиглэлийн судалгаа ямар түвшинд хүрээд байна?

-Монголын судлаачдын судалгааны бүтээлүүдийг гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хүлээж зөвшөөрч хэвлэж байна гэдэг чинь л дэлхийд оруулж байгаа бидний хувь нэмэр гэж үзнэ. Палеонтологийн шинжлэх ухаанд нэг олдворыг олоод судалгаа хийгээд, дэлхийн хэмжээнд танигдсан тухайн амьтны талаарх бүх судалгааны үр дүнг үүндээ оруулж, түүнтэйгээ харьцуулж дүгнэлт гаргаагүй бол хүлээн зөвшөөрч хэвлэхээ байсан. Дэлхийд байхгүй шинэ юм гэж Монголдоо хичнээн ярьсан ч дэлхий хүлээн зөвшөөрөөгүй бол худлаа болдог юм. Тэр утгаараа Монгол байр сууриа эзэлсэн.

-Өндгөө дарсан үлэг гүрвэлийн олдвор шуугиан дэгдээж байсан. Үлэг гүрвэл бүлээн цустай юу, эх амьтны зөн совин, мэдрэмж байсан уу гээд л?

-Үлэг гүрвэлийн судалгаа 1840-өөд оноос дэлхийд үүссэн гэж үздэг. Бусад салбартай харьцуулбал шинэлэг. Хоёр зууны турш хөгжөөд явсан. Эхэн үедээ ямар том амьтан бэ гэж судлаачид ч гайхдаг байсан. Бусад хүн ч гайхдаг байсан цаг үе бий. Одоо бол энэ бүхэн өөрчлөгдөж, шинэ технологийг судалгааны арга барилдаа хэрэглэж эхэлсэн. Ийм цаг үед үлэг гүрвэлийн эртний биологийн судалгаа чухал болсон. Тэгэхээр заримдаа ясыг нь олонгуутаа таамаглаад дүрсэлчихэж болно. Гэхдээ энэ амьтан яаж үржиж хөгжиж, юу иддэг, өөр хоорондоо хэрхэн харьцдаг байсныг хүмүүс мэдэхийг хүсч байгаа. Тийм учраас судлаачид тэрэн рүү орохоос өөр замгүй. Монголоос олдож байгаа олдворууд сайн хадгалагдсан байдаг. Маргаантай, нууцлаг, учир нь олдоогүй зүйлүүдийн учгийг тайлахад сайн хадгалагдсан материал дээр судалгаа хийх нь үнэнд ойртдог талтай. Хамгийн товчхон хэлэхэд, Монголын үлэг гүрвэлийн судалгааг өөрийнхөө судалгаанд оруулаагүй дэлхийн үлэг гүрвэлийн ямар ч судлаачийг хүлээн зөвшөөрөхгүй болсон. Хүмүүс бодохдоо нэг үлэг гүрвэлийг олоод судалгаа нь дуусчихсан гэж боддог. Тийм биш. Бидний дүгнэлт үнэн эсэхийг дараагийн улсууд шалгаад явна. Дуусашгүй судалгаа. Шинэ технологи, арга барилууд нэвтэрч байна шүү дээ. Тэр арга барилаар дахиад судалдаг.

-Палеонтологи биологич, геологич хоёрын завсрын мэргэжил гэсэн. Энэ хурал гэхэд л англи хэл дээр явж байна. Орос, япон, америк, канад, солонгос судлаачидтай хэл нэвтрэлцэх хэрэгтэй болно. Та өнөөдрийн түвшинд хүртлээ хэр урт зам туулсан бэ?

-Хэлэхэд хэцүү. Хүн бүр өөр байх л даа. Миний хувьд их урт зам туулсан. Би 1981 онд МУИС-ийн биологийн ангийг төгсөөд ШУА-д орсон. Эхний хэдэн жил музейтэй холбоотой тайлбарлах ажлыг хийдэг байлаа. Үлэг гүрвэлтэй хэсэг нь Байгалийн түүхийн музейд харьяалагддаггүй. ШУА-ийн Геологийн хүрээлэнд харьяалагддаг байлаа. Дөнгөж төгссөн хүүхэд музейд очоод үзмэрээ тайлбарлана гэдэг амаргүй. Их уншиж судалж байж хүнд юм ярих хэрэгтэй болно. Эхлээд энэ бол тэр гээд явдаг байсан. Дараа нь юм уншихгүй бол болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон л доо. Нэг мэдсэн үүнийг судлахгүй бол болохгүй гэдэг зам дээр очсон. Угаасаа палеонтологич хэлгүй бол явахгүй. Би ч шалихгүй дээ. Хагас дутуу ярьдаг хэдэн хэл байгаа. Палеонтологийн үндсэн хэл англи. Япон, хятадууд ч олон улсын хэмжээнд судалгаа хийе гэвэл англиар эрдмийн ажлаа хийнэ.

-Таны төвлөрч байгаа судалгаа юу вэ?

-Палеонтологич хүн нэг чиглэлээ бариад насан туршдаа ажиллах хэрэгтэй болдог. Орнитопод гэж бий. Өвсөн идэшт үлэг гүрвэлийн нэг том бүлэг л дээ. Тэр дундаа “Хөгжлийн бүдүүлэг хэлбэрийн нугасан хошуут үлэг гүрвэлийн хувьсал хөгжил” гэсэн сэдвээр доктор хамгаалсан юм. Энэ бол дуусашгүй судалгаа. Түүнээс гадна хэд хэдэн төрөл зүйл олж тогтоосон юм. Монголчууд даруухан ярьдаг. Гадаад оронд нээлт гэж үздэг юмыг бид олсон, шинээр тогтоосон гэх маягаар ярьдаг л даа. Тиймэрхүү маягтай явж байна. Энэ бүхнээ шинэ олдворуудаар баяжуулж батжуулна.

-Та үлэг гүрвэл судлаач хүн. Орчин үеийн амьтадтай хэр ойр байдаг вэ. Тухайлбал, та нохой, муур тэжээдэг үү?

-Миний мэргэжил биологич. Одоо бол эртний амьтантай олон жил ноцолдоод, орчин цагийн амьтадтай ойр дотно байхад хэцүү болчихлоо л доо. Амьтны хамраас цус гаргахгүй гэсэн зарчимтай.

Categories
мэдээ цаг-үе

Хишигтогтохын Алтангэрэл: Хөгжим бол хил хязгаар, хэл орчуулгын шаардлагагүй соёлын гайхамшигт гүүр

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэлтэй уулзаж хөөрөлдлөө. “Алтан намар” хөгжмийн наадмын 2006 оны тэргүүн болон 2005-2012 оны хөгжмийн шилдэг бүтээлийн шагналт эл уран бүтээлчийг Монголын хөгжмийн урлагийнхан андахгүй сайн мэднэ. Хэтэрхий даруухан тэрээр урын сандаа дуурь, бүжгэн жүжиг, симфони, концерт, сонат, дуулалт болон хүүхэлдэйн жүжгийн хөгжим, дан хөгжмийн 60 гаруй, дуулаачийн 20 гаруй бүтээлтэй уран бүтээлч юм.

-Өөрийг чинь Монголын хөгжмийн ертөнцөд нэртэй мөртэй хүн гэдгийг урлагийнхан сайн мэднэ. Гэхдээ та албан тушаалаа ашиглаад ч юм уу, тэгтлээ их олны танил болох гэж эрмэлздэггүй хүн шиг санагддаг?

-Би Хөгжим бүжгийн коллежийг төгсөн, Москвагийн Хөгжмийн их сургуулийг хөгжим судлаач-хөгжмийн зохиолчоор дүүргэсэн хүн. Миний хөгжмийн зохиомжийн багш бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав багш маань юм. Ерэн найман онд Шарав багшийнхаа гэрт очиж монгол ёсоор хадаг барьж, багш шавь барилдаж байлаа. Уран бүтээлийн хувьд гэвэл ерэн зургаан онд Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр курст байхаасаа хөгжмийн бүтээлүүд бичсэн. Морин хуур, баян хуур, төгөлдөр хуурын зэмсгүүдийг эзэмшсэн. Сүүлд ОХУ-ын анхны Хөгжмийн их сургуульд элсэн орж алдарт Борис Тищенкогийн удирдлага дор суралцсан. Энэ багшийнхаа удирдлага дор Нэгдүгээр симфонио бичсэн ч харамсалтай нь багш маань удалгүй бурхан болсон доо. Ер нь мэргэжлийн хөгжмийн зохиолчид дан хөгжмийн бүтээл дээр л суухыг боддог. Тиймээс сүүлийн хорь гаруй жилд жар гаруй дан хөгжмийн зохиол бичиж туурвиж.

-Та дуурь бичиж байв уу?

-“Ганц цагаан шувуу” гэж сюрреалист дуурь бичсэн шүү. Манайдаа анхны, ганц хүний сюрреалист дуурь л даа. Богд хаант Монгол Улсын зуун жилийн ойгоор урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулганы найруулга, зохиолч Б.Цогнэмэхийн цомнол “Ай Нанаа” дуулалт жүжиг бичсэнийг манай үзэгчид сайн санаж байгаа байх. 2014 онд ДБЭТ-ийн захиалгаар “Төгсгөлгүй” гээд танго балет бичсэн. Цаг үеэ аль болохоор дагаж төрөл жанрын хувьд ч залуусын хайр сэтгэлийн зөрчлөөс сэдэвлэн бүтээл туурвилаа. Танго бүжгийн хэмнэлээр гол хөдөлгөөнөө хийгээд балет хийсэн маань урлаг судлаачдын сонирхлыг татсан. Танго бол манай монгол үндэстний бүжиг биш шүү дээ.

-Латин-Америкаас гаралтай бүжиг гэдэг байх аа?

-Латин-Америк, Аргентиний бүжгийн тэр хэмнэл, аялгуугаар монгол хөгжмийн зохиолч яагаад бичиж болохгүй гэж хэмээн өөртөө асуулт тавиад хийсэн. Дуурийн театрын залуу бүжигчин, балетмейстр Эрдэнэжаргал гэдэг залуу сайхан найруулж тавьсан. Энэ танго балет маань сүүлийн хоёр ч жил тайзнаа тавигдлаа. Валентины баяраар хоёрдугаар сарын 14-нд тоглодог уламжлалтай болоод байгаа.

-Үндэсний хөгжимд зориулсан ямар бүтээлүүд байна?

-Үндэсний хөгжимд зориулсан зургаан ч том бүтээл байна. Морин хуурт зориулсан бишгүй олон зохиол бий. Нийтдээ жар гаруй бүтээл байна.

-Мэргэжлийн хөгжмийн зохиолчид дууны уран бүтээлийг жижиг гээд голоод байх шиг санагддаг. Таны хувьд дуутай юу?

-Би харьцангуй сүүлд дууны уран бүтээлд орсон. Мэргэжлийн уран бүтээлчдэд багш нар “Тайзны дуурь, балет, концертуудаа насны залуу дээр бичээд ав. Том уран бүтээлээ өөрийгөө шавхаад хийчихвэл дууны уран бүтээл бол гарын үзүүрийн л ажил” гэж захиж байсан. Сургуулиа төгссөнөөс хойш арав гаруй жил дууны уран бүтээл хийгээгүй. Өнгөрсөн жил харин “Морин хуур” наадамд яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн шүлгээр бүтсэн “Дарьгангын хээр тал” дуу маань нэгдүгээр байр эзэлсэн. Би аль болохоор цөөхөн атлаа даацтай уран бүтээл хийх юмсан гэж боддог. Одоогоор хорь гаруй дуу бичсэн байна.

-Улсын санд таны нэлээд олон уран бүтээл багтсан гэдэг байх аа?

-2007 оноос тасралтгүй зургаан жил дан хөгжмийн бүтээл минь шалгарч байсан. “Ай Нанаа”, “Ятгын концертууд”, “Морин хуурын сонатууд”, “Цасны мэргэдүүд” хэмээх морин хуур, төгөлдөр хуур, цохивор хөгжимд зориулсан концерт найраглал, “Хэмнэл” гээд цөөнгүй бүтээлүүд улсын санд хадгалагдаж байна даа.

-Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчийн албыг хашаад аль хэр удаж байгаа билээ?

-Би өнгөрсөн жил болсон Монголын хөгжмийн зохиолчдын арвангуравдугаар чуулганаар холбооны ерөнхийлөгчийн албыг аваад яг бүтэн жил болж байна. Манай холбоо бол Монголын хөгжмийн зохиолчид, мэргэжлийн удирдаачид, хөгжим судлаачид, хөгжимчид, дуучдыг багтаасан түүхтэй том байгууллага. Анх 1957 онд байгуулагдаж, алдарт хөгжмийн зохиолч Самбын Гончигсумлаа гуай даргаар сонгогдон 1983 он хүртэл нийт 26 жил удирдсан байдаг. Энэ байгууллага бол тухайн нийгмийнхээ урлагийн бүх байгууллагыг уран сайхны бодлогоор хангаж байсан. Улсын хэмжээнд гэхэд радио телевизээр ямар сонгодог хөгжим нэвтрүүлэх вэ гэдгийг, дотооддоо урлагийн мэргэжилтнүүдээ яаж бэлддэг байх вэ гээд өргөн хүрээг хамарсан асуудлыг хариуцдаг байсан. Одоогийнхоор бол Засгийн газрын агентлагийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байсан байгууллага. Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулагдсанаасаа хойш бүтэн жаран жилийн нүүр үзээд байна л даа. Энэ жаран жилийн хугацаанд үндэсний дуурь, дуулалт жүжгүүд, үндэсний симфони, үндэсний бүжгэн жүжгүүд, дан хөгжмийн бүтээлүүд гээд бүтэн жаран жил ард түмнийг дуу хуур, хөгжим бүжгээр цэнгүүлэн хөгжүүлж ирж. Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай 1983-1990 он хүртэл Монголын хөгжмийн зохиолчдын холбоог толгойлсон. Ерэн онд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал энэ байгууллагыг удирдсан. Миний хувьд тус холбооны ес дэх ерөнхийлөгч нь. Яахав, ажил авсаар бүх нийтийн хөгжмийн боловсролд анхаарч “Алтан зул” хүүхдийн дууны наадмыг зохион байгууллаа.

-Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гадаад харилцааг тэлэх ёстой гэж байсан. Энэ хүрээнд ямар ажил амжуулж байна даа?

-Гончигсумлаа гуайн үед манай холбоо Хятадын хөгжмийн зохиолчдын холбоотой ямар ч харилцаа холбоогүй байсан юм байна. Жараад онд Хятадад Соёлын хувьсгал гарснаар манай хоёр улсын харилцаа ч муудсан. Хоёр улсад болдог хөгжмийн наадмуудад хоёр талаас огт оролцож байгаагүй юм билээ. Харин ерээд оны эхээр шахуу Монголд болсон хөгжмийн наадмаар Өмнөд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга нь ирж, алдарт морин хуурч Чибулаг гуай эд нар ирж тоглож байсан байдаг. Харин Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбоотой харилцаа төдийлөн сайн байгаагүй.

-Өнгөрөгч зуны айлчлалаар харин Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбоотой харьцангуй зузаан харилцаа тогтоогоод ирэв үү?

-Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбооны даргын урилгаар манай төлөөлөгчид урд хөршид зочлоод ирлээ. Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбооны дарга Е Шиа Ган гуай бол нэрт хөгжмийн зохиолч, Бээжингийн Хөгжмийн их сургуулийн дэд ерөнхийлөгч, Бээжингийн Орчин үеийн хөгжмийн наадмын уран сайхны удирдагч, профессор цолтой, жараад насны мундаг хүн байна. Бид Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран ажилласнаар манай хөгжмийн бүтээлүүд урд их хөршид, олон улсын тавцанд гарах гүүр болж байгаа юм, нэг ёсондоо. Тухайлбал, Бээжинд болдог Орчин үеийн хөгжмийн их наадамд гэхэд АНУ, Герман, Европоос ирж оролцдог байхад бид хаяа зэргэлдээ мөртлөө тийм том наадам байдгийг ч мэдэхгүй сууж байна гэдэг учир дутагдалтай биз дээ. Саяын айлчлалаар жил бүрийн тавдугаар сард хоёр долоо хоногийн хугацаанд болдог тэр том наадамд Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх болсон маань том амжилт. Монгол үндэстнийхээ томоохон хөгжмийн зохиолчдын бүтээлийг аль болохоор олон улсын тавцанд гаргах л Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гадаад харилцааны гол чиглэл болж байгаа. Хөгжим бол хил хязгаар, хэл соёлын нөлөө байхгүй гайхамшигтай урлаг ш дээ. Улс орны нүүр царай чинь урлаг, спортдоо л байдаг. Манайхан спортоороо танигдаад байдаг, одоо урлагаараа, хөгжмөөрөө дэлхийд танигдах ёстой. Хятад, Орос хоёр эртнээсээ харьцаж ирсэн Монгол Улсын мөнхийн хөрш.

-Айлчлалд хэн хэн оролцоод ирэв?

-Монгол Улсын төрийн болон Чингис хааны одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Саруул биднийг Бээжин, Чонжун хотод хүлээж авлаа. Чонжун хотод Хубилай хааны үеийн Юань гүрнээс үлдсэн ууланд амьдардаг монголчуудтайгаа уулзахад сайхан байлаа.

-Жаран жилийнхээ ойн босгон дээр ирээд байгаа том байгууллагын ерөнхийлөгч хийхээр төлөвлөсөн ажлууд их л байгаа байлгүй?

-Гучин тав дахь жилээ зохион байгуулж буй “Алтан намар”, гучин настайгаа золгож байгаа “Морин хуур” наадмуудаа мэдээж сайхан зохион байгуулна. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн 100 жилийн ойд зориулсан хөгжмийн долоо хоног, Э.Чойдог гуайн 90 насны ойд зориулсан тоглолт, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн 90 насны ойг тэмдэглэх том ажлууд хүлээж байна даа.

Categories
мэдээ нийгэм

Намрын морин аялал болно

Намрын улиралд зохион байгуулагддаг ээлжит морин аялал энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Энэхүү аялалыг “Vivid travel club”-ээс монгол орны үзэсгэлэнт газруудаар баг групп болон аялах, холын олон өдрийн морин аялал болон өдрийн хөтөлбөрт морин аяллуудыг зохион байгуулдаг ажээ. Өдрийн аялалд 30-40 хүн оролцох боломжтой юм. Энэ аялалд нэгдэж Тэрэлж голын таван салаа, Туулын бэлчир, Хан Хэнтийн уулсаар намрын налгар өдрөөр гайхалтай байгалын үзэсгэлэнг шимтэн жинхэнэ монгол морьдоо унан аялах боломжтой ажээ.




Categories
мэдээ спорт

С.Мөнхбат: Эрхэмбаяр аваргыг хаячих байх гэж бодож өнөө жилийн наадмаар амласан

С.Мөнхбат зурган илэрцүүдМонгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.

-Энэ жилийн баяр наадам аварга, арслан цолтон төрсөн сайхан наадам боллоо. Ч.Санжаадамба анх удаа түрүүллээ. Энэ тухайд таны сэтгэгдэл…

-Монголчууд тусгаар тогтнол, эв нэгдлийнхээ баярыг Үндэсний их баяр наадмаараа тэмдэглэдэг гэж ойлгодог юм. Эрийн гурван наадмын чимэг болж эр бяр тэгширсэн хүчит бөхчүүд нь зодоглож түмэн олноо баясгадаг. Энэ жилийн наадамд үе тэнгийн минь бөх Ч.Санжаадамба маань түрүүллээ. Түүнийг төрийн наадамд түрүүлэхэд хэн ч маргахааргүй, яах аргагүй сайхан бөх. Түрүүлэх ёстой хүн нь түрүүлж л гэж бодож байна.

-П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын барилдааны талаар та юу хэлэх вэ?

-Тухайн үед би барилдаж байсан учраас сайн харж чадаагүй. Гэхдээ сүүлийн үед манай монголчуудад нутгархах үзэл хэт их байна. Арлын Японд манай монгол залуус сумо бөхөөр амжилт үзүүлээд, эзэгнэж л байна шүү дээ. Япончууд уурлаж, уцаарлахгүй л байгаа биз дээ. Ийм байдал байх хэрэггүй л гэж боддог юм. Тэр барилдааны тухайд хоёр ч удаа барилдаад шийдэгдсэн.

Эрхэмбаяр Мөнхбат зурган илэрцүүд

-Та наймын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг амласан. Эрэмбээрээ бол та амлах нь зөв. Гэхдээ аварга, аваргаа амласан нь үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Та яагаад Г.Эрхэмбаяр аваргыг амласан юм бэ?

-Наадмаас хойш энэ талаарх яриа чих дэлсэж л байна. Гэхдээ үндэсний бөх гэдэг бол хувь хүний спорт, амжилт байдаг. Тиймээс би өөрийнхөө амжилтыг л бодож ийм ам авсан. Ганцхан би ч биш дархан аваргууд гурвын даваанд нэгнийгээ амлаж л байдаг ш дээ. Эрхэмбаяр аварга бид хоёрын барилдаан хариуцлагатай даваа байсан. Тийм учраас би амласан. Давчих болов уу ч гэж харсан бас цааш цаашдын олон зүйлийг бодсон… Энэхүү сонирхолтой ярилцлагыг манай сонины бямба гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Categories
гадаад мэдээ

Елисейн ордны харуул хамгаалалтыг чангатгана

Елисейн ордны зурган илэрцүүд

Францын эрх баригчид Елисейн ордны харуул хамгаалалтыг чангатгах болжээ. Учир нь тус ордон халдлагад өртөж болзошгүй талаарх мэдээлэл ирснээс үүдэлтэй гэж “RTL” радиостанц онцолжээ. Францын Ерөнхийлөгчийн гол өргөөг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Парис хотын Цагдаагийн газрын мэдээлснээр “Тагнуулын албанаас Елисейн ордонд террор болж магадгүй талаарх мэдээлэл ирсэн” гэв. Үүнтэй холбогдуулан тус ордны цагдаа нарыг хоёр, хоёроор нь ээлжлэн харуулд гаргах тухай шийдвэр гаргажээ. Мөн харуул хамгаалалтын тоог ч нэмэгдүүлэх агаад цагдаагийн ажилтан болон цэргүүдийг буу зэвсгээр хангах юм байна.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Коммунист намын гишүүн Лю Юньшаньтай уулзав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзаж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилцлоо. Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжин, бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улс өнгөрөгч 7 дугаар сард Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад Хятадын Засгийн газраас зохих туслалцаа дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж, тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг сайнгүй байгаа энэ үед Хятад Улстай бодит хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан ашигтай хамтарч ажиллах, хоёр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийх шаардлагатай байгааг уулзалтын үеэр Ерөнхий сайд тэмдэглэв.


Categories
гадаад мэдээ

Дональд Трампын хөрөнгө 800 сая ам.доллараар буурчээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын хөрөнгө өнгөрсөн онд 800 сая ам. Доллараар буурч, 3.7 тэрбум ам.доллар болсон талаар “Форбес” сэтгүүл өчигдөр мэдэгджээ. Үүний гол шалтгааныг Нью-Йорк хот дахь үл хөдлөх хөрөнгийн бизнес нь ахиц муутай байгаатай холбон тайлбарлажээ. Тухайлбал, Манхэттен дүүргийн V өргөн чөлөөн дэх “Trump Tower”, “71 давхар”, “40 Wall Street” цамхаг, мөн “Mar-a-Lago” зэрэг хувийн клубийнх нь орлого буурсан байна. Нөгөө талаас тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компанит ажилд чамгүй мөнгө зарцуулсан нь нөлөөлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ боллоо

Өчигдөр орой “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр боллоо. Тус арга хэмжээнд “Никитон, “Камертон” хамтлаг оролцож, бүрэн хэмжээний тоглолтыг олон нийтэд толилууллаа. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд санаачилсан. Тэрбээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жил иргэддээ нээлттэй ажиллахаа мэдэгдсэн юм.

Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн. Нэгдүгээр хэсэгт “Камертон” хамтлагийн залуус “Явах цаг боллоо”, “Хэн ч уйдаагүй хайр” зэрэг хуучны дуугаа болон сүүлд гаргасан шинэ уран бүтээл болох “Асах гэрэл” зэрэг дуугаа хүргэлээ.

Харин хоёрдугаар хэсэгт “Никитон” хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Тус хамтлагийн дуучин Б.Батчулуун “Нууцхан сэтгэл”, “Хос хунгийн дууль”, “Нандин шүтээн” зэрэг хуучны дуугаа талбай дээр цугласан олонтой хамтран дууллаа.

Тоглолтын төгсгөлд “Камертон” хамтлаг “Арваннайман нас” дуугаа хүргэж, тус дууны аяыг “Никитон” хамтлагийн хөгжимчид тоглосон нь сонихон байв. Үүний дараа Нийслэлийн Засаг Дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар тус хоёр хамтлагийн дуучидтай хамтран “Сэтгэлийн жигүүр” дууг дуулснаар шоу тоглолтын арга хэмжээ өндөрлөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагналаа

МУБИС зурган илэрцүүдМонгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн ойг нь тохиолдуулан “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнав. Шагналыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан “Монгол Улсын Боловсролын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутнууд, ажилтан, албан хаагчид Та бүхэнд тус сургуулийн 65 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол УлсынЕрөнхийлөгчийн 2016 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 97 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсад дээд боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн өмчийн их сургууль-Монгол Улсын Боловсролын Их Сургууль өндөр үүдээ өргөөд 65 жилтэйгээ энэ жил золгож байна.

Улсын багшийн институт анх 8 багш, 200 гаруй оюутан, 2 мянга орчим ном бүхий номын сантайгаар 1951 онд байгуулагдаж байсан бол өнөөдөр бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулдаг, 14 мянга орчим оюутан, магистрант, докторанттай, 1,000–аад багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 190 мянга гаруй номын фондтой үндэсний их сургууль болжээ. Энэ бүхнийг бүтээн цогцлоосон амжилтын эздэд гүн хүндэтгэл илэрхийлье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэхийг уриаллаа

Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан өнөөдөр Туул,Сэлбэ гол (Дунд гол)-ын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг нийт 50 км газарт хийх гэж байна.

Цэвэрлэгээнд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, ТГСГЗ, УСУГ, “Жүр үр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон “Сэрүүлэг”, БХИС-ийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөлөл зэрэг нийт найман байгууллагын 2,000 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ үеэр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэсэн хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилтнууд ачиж, хогийн цэгт хүргэж асгах юм. Хатан Туулаа цэвэрлэх ажилд ард иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг уриалж байна.